Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 169

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, шүүгч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

           

Нарийн бичгийн дарга Т.Оргилтунгалаг,

            Улсын яллагч Д.Нямсүрэн,

            Шүүгдэгч Г.Хаш-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нарыг оролцуулан,

 

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт холбогдсон Ганбаатарын Хаш-Эрдэнэд холбогдох 201725030188 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эцэг эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 20-28 тоотод оршин суух хаягтай, төрөөс авсан гавъяа шагналгүй, Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 490 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулсныг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай Чонос овгийн Ганбаатарын Хаш-Эрдэнэ (РД:ШБ81021477)

 

нь 2016 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 02 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "UB" караокед "толгой руу цохилоо" гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Д.Хишигбаярын нүүрэн тус газарт пивоны шилээр цохиж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед яллах, цагаатгах болон бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс мэдүүлэхдээ:-Бид нар наймуулаа 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нэг шил архи уусан байсан. Би нэг их согтоогүй. Тус караокед Сүхбаатартай тааралдсан. Тэр надаас зээлсэн мөнгө увуулж, цувуулж өгснөөс бид хоёр бааранд маргалдсан. Би Сүхээг цохьсон чинь тэр намайг цохьсон. Гэтэл 2-3 хүн намайг тал талаас цохьсон. Миний барьж байсан шил хананд ойгоод хагарсан. Миний чихний ар, хөл хавдсан байсан. Намайг шүүх эмнэлэгт үзүүл гэсэн боловч би үзүүлээгүй. Хишигбаяр намайг эхэлж цохьсон. Би 2,0 сая төгрөг өгсөн. Хишигбаярыг хагалгаанд ороод гарвал мөнгө өгнө. Зодолдсоны дараа тэр үүдэнд зүгээр сууж байсан. Үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.  

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Хишигбаяраас мэдүүлэхдээ:-2016 оны 12 дугаар сарын 26-ны 23 цагийн орчим найз Сүхбаатарыг дуудахаар нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрладаг "UB" караокед ирсэн. Уг караокед ирэхэд Сүхбаатар 1 эмэгтэй найзын хамт 4 тоот өрөөнд сууж байсан. Тэгээд бид нар үйлчлүүлж байгаад 02 цагийн үед гарах гэж байх үед Сүхбаатар утсаар ярихаар гадагшаа гарсан бөгөөд буцаж орж ирэхгүй 10-20 орчим минут болохоор нь би араас нь гарахад Сүхбаатар, текний хажууд 30 гаруй настай 165 см орчим өндөртэй үл таних залуутай маргалдаад зогсч байхаар нь би таньдаг хүн нь юм байх гээд хараад зогсч байтал үл таних залуу Сүхбаатарын нүүрэн тус газарт гараараа цохьсон, тэгэхээр нь би болиоч гэж хэлээд найзыгаа өмөөрөөд Хаш-Эрдэнэ гэдэг залуугийн толгойн дагз хэсэг рүү гараараа түлхсэн чинь Хаш-Эрдэнэ гэдэг залуу ууж байсан пивоны шилээрээ миний нүүрэн тус газарт цохьсон бөгөөд энэ үед караокений зөөгч залуу салгасан. Цохих үед шил нь хагарч үсрэхдээ баруун нүд, зовхи зүсч гэмтээсэн, зүүн нүд цус хурж, хөхөрч хавдсан байсан гэжээ.

Мөрдөн байцаалтад гэрчүүдээс мэдүүлэхдээ:

1.С.Сүхбаатараас:-Утсаар ярихаар караокений өрөөнөөс гарахад манай ахын найз Хаш-Эрдэнэ тааралдсан. Бид 2 текэн дээр очоод би 50 гр авсан. Хаш-Эрдэнэ гартаа шилтэй пиво барьсан байсан. Ингээд 2-уулаа байж байтал гэнэт л Хаш-Эрдэнэ "чи ахынхаа далбаан доор л амьдарч байгаа биз дээ" гээд над руу дайраад эхэлсэн. Ингээд бид 2 маргалдаад зогсч байхад Хишигбаяр өрөөнөөс гараад ирсэн. Энэ үед Хаш-Эрдэнэ миний шанаа руу 1 удаа цохиод авсан чинь Хишигбаяр дундуур ороод намайг өмөөрөөд Хаш-Эрдэнийн толгойн дагз хэсэгт цохиод авсан чинь Хаш-Эрдэнэ ууж байсан пивоныхоо шилээр Хишигбаярын нүүрэнд 1 удаа цохисон юм. Цохьсоны дараа зүүн нүднийх нь доод зовхи нь зүсэгдсэн байдалтай цус гарч хавдсан байсан гэжээ.

2.Г.Шүрэнчимэгээс:-Хишигбаяр, Сүхбаатар 2 буцаж орж ирэхгүй их удсан, гэтэл гэнэт Хишигбаярын нүд нь хавдчихсан, нүднийх нь орчмоос цус гоожсон байдалтай орж ирсэн гэжээ.

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2016.12.27-ны №838 тоот шинжилгээний дүгнэлтэд:

1.Д.Хишигбаярын биед баруун нүдний алимны битүү гэмтэл, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний доод зовхи, дээд зовхины гадна хэсгийн цус хуралт, баруун нүдний алимны гадна , дотор салстын цус харвалт, баруун нүдний доорхи зовхины зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо болон ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. 

Материалаар хийсэн шүүх эмнэлгийн 2017.03.16-ны №379 тоот шинжилгээний дүгнэлтэд:

1.Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №838 тоот дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна.

2.Д.Хишигбаярын баруун нүдний торлог бүрхэвч урагдаж, улмаар баруун нүдний хараа /одоогийн байдлаар/ 0.25 болж буурсан байна.

3.Д.Хишигбаярын баруун хүдний хараа /одоогийн байдлаар/ 0,25 болж буурсан нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох заалтын 4.7.34.1-д заагдсанаар энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги 20% алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварыг хэрхэн алдагдуулах нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

4.Одоогоор харааны мэдрэлийн нарийсал тогтоогдохгүй байна.

5.Дээрх гэмтлүүд нь 2016.12.24-25-ны өдөр үүсгэгдэх боломжтой байна.

6.Д.Хишигбаярын биед тухайн үед хамар ясны хугарал, баруун нүдний алимны битүү гэмтэл, баруун нүдний торлогын урагдал, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхи, дээд зовхины гадна хэсгийн цус хуралт, баруун нүдний алимны гадна, дотор салстын цус харвалт, баруун нүдний доод зовхины зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо гэжээ.

Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзвэл 2016 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 02 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших "UB" караокед шүүгдэгч Г.Хаш-Эрдэнэ нь С.Сүхбаатартай маргалдаж байх үед Д.Хишигбаяр С.Сүхбаатарыг өмөөрч Г.Хаш-Эрдэнийн толгойн тус газарт цохьсоноос, тэрээр гартаа барьсан пивоны шилээр Д.Хишигбаярын нүүр рүү зөрүүлэн цохьсоноос уг шил хагарч түүний биед баруун нүдний алимны битүү гэмтэл, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний доод зовхи, дээд зовхины гадна хэсгийн цус хуралт, баруун нүдний алимны гадна, дотор салстын цус харвалт, баруун нүдний доорхи зовхины зүсэгдсэн шарх бүхий хүндэвтэр гэмтэл  учруулсан болох нь хохирогчийн “Сүхбаатар, текний хажууд 30 гаруй настай 165 см орчим өндөртэй үл таних залуутай маргалдаад зогсч байхаар нь би таньдаг хүн нь юм байх гээд хараад зогсч байтал үл таних залуу Сүхбаатарын нүүрэн тус газарт гараараа цохьсон, тэгэхээр нь би болиоч гэж хэлээд найзыгаа өмөөрөөд Хаш-Эрдэнэ гэдэг залуугийн толгойн дагз хэсэг рүү гараараа түлхсэн чинь Хаш-Эрдэнэ гэдэг залуу ууж байсан пивоны шилээрээ миний нүүрэн тус газарт цохисон бөгөөд энэ үед караокений зөөгч залуу салгасан. Цохих үед шил нь хагарч үсрэхдээ баруун нүд, зовхи зүсч гэмтээсэн, зүүн нүд цус хурж, хөхөрч хавдсан байсан” гэх мэдүүлэг, гэрч С.Сүхбаатарын “...манай ахын найз Хаш-Эрдэнэ тааралдсан. Бид 2 текэн дээр очоод би 50 гр авсан. Хаш-Эрдэнэ гартаа шилтэй пиво барьсан байсан. Хаш-Эрдэнэ "чи ахынхаа далбаан доор л амьдарч байгаа биз дээ" гээд над руу дайраад эхэлсэн. Ингээд бид 2 маргалдаад зогсч байхад Хишигбаяр өрөөнөөс гараад ирсэн. Энэ үед Хаш-Эрдэнэ миний шанаа руу 1 удаа цохиод авсан чинь Хишигбаяр дундуур ороод намайг өмөөрөөд Хаш-Эрдэнийн толгойн дагз хэсэгт цохиод авсан чинь Хаш-Эрдэнэ ууж байсан пивоныхоо шилээр Хишигбаярын нүүрэнд 1 удаа цохисон юм. Цохьсоны дараа зүүн нүднийх нь доод зовхи нь зүсэгдсэн байдалтай цус гарч хавдсан байсан” гэх мэдүүлэг, гэрч Г.Шүрэнчимэгийн “Хишигбаяр, Сүхбаатар 2 буцаж орж ирэхгүй их удсан, гэтэл гэнэт Хишигбаярын нүд нь хавдчихсан, нүднийх нь орчмоос цус гоожсон байдалтай орж ирсэн” гэх мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №838, №379 тоот шинжилгээ, Г.Хаш-Эрдэнээс Д.Хишигбаярт эмчилгээний зардалд 2,0 сая төгрөг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн бичлэг бүхий СД, бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Чонос овгийн Ганбаатарын Хаш-Эрдэнийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь 2002 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн шүүхийн тогтоолоор хүндэвтэр гэмт хэрэгт 3 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан ба Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар тэрээр ялгүй болсон тул түүнийг 2016 оны 12 дугаар сард анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчоос эмчилгээний зардалд гарсан 35.000 төгрөгийн баримт хэрэгт хавсаргуулсан боловч Г.Хаш-Эрдэнээс түүнд  2.000.000 төгрөг төлсөн байх ба хохирогч нь цаашид гарсан эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэй ба хавтаст хэргийн 77 дугаар талд авагдсан “Эрүүл мэндэд учирсан гэм хор арилгах хэлцэл”-ийг шүүх үнэлээгүй болно.

 

Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн тул шүүгдэгчид оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.  

 

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч Чонос овгийн Ганбаатарын Хаш-Эрдэнийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Ганбаатарын Хаш-Эрдэнийг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шүүгдэгчээс хохирогчид 2.000.0000 төгрөг төлснийг дурдаж, хохирогч Д.Хишигбаяр нь цаашид гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Г.Хаш-Эрдэнэд оногдуулсан нэг жил хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавих үүргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

7.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Хаш-Эрдэнэд урьд авсан бусдын батлан даалтад өгсөн сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ