Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2020/02954

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2020/02954

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.Г /РД: .............../-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: М.К ХХК /РД: ............/-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 42,684,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.К ХХК 16 давхар, 384 айлын барилгыг барих гэрээний санал гаргасан. Тус гэрээний саналтай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Гэрээний харилцаа үүсэхээс өмнө М.К ХХК-аас гаргасан гэрээний саналтай танилцахад тус гэрээний санал дээр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Polaris apartment хотхоны дэлгэрэнгүй мэдээлэл байсан бөгөөд Б блок барилгын давхар бүр дээр 12 айл, түүний 4 айл нь 3 өрөө, 8 айл нь 2 өрөө байсан. Нэхэмжлэгч нь боршур дээр заасан 79,15 м.кв бүхий орон сууцыг худалдаж авахаар саналаа тавьсан. Уг саналыг үндэслэж хариуцагч М.К ХХК-аас өөрсдийн бэлдсэн гэрээний драфт дээр гэрээг байгуулсан. Талуудын хооронд албан ёсоор 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдсан.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.1 дэх хэсэгт тухайн орон сууцны байрлал, хороолол, давхар, тоот, м.кв зэргийг тусгасан, 1.2 дахь хэсэгт М.К ХХК орон сууц хүлээлгэж өгөх үүргийнхээ хүрээнд чанарын шаардлага хангасан байх зохицуулалтыг тусгаж өгсөн, 3.1.1 дэх хэсэгт М.К ХХК нэхэмжлэгчид биет байдлын доголдолгүй зүйл шилжүүлэхийг тусгасан, 3.2.2 дахь хэсэгт 79,15 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг хүлээн авна бичсэн, 3.1.2 дахь хэсэгт дээрх шаардлага хангасан 3 өрөө орон сууцыг 2018 оны 2 дугаар улирал буюу 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгөх үүргийг зааж өгсөн.

Нэхэмжлэгч Б.Г тухайн орон сууцыг захиалан бариулахдаа 79,150,000 төгрөгийг өгөх үүргийг хүлээсэн. Гэтэл М.К ХХК 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр байрыг хүлээлгэж өгөөгүй, ашиглалтад оруулаагүй удсан. Нэхэмжлэгч нь хариуцагч талд байрыг хүлээлгэж өгөхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдсэн. Б.Г орон сууцандаа орж чадахгүй хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн учраас өөрийн гэр бүлийн хамт орон сууц хөлслөн амьдрахаас өөр аргагүй байдалд хүрч Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, 91 дүгээр байрны 33 тоотод орон сууц хөлслөхөөр болсон. М.К ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүйн улмаас үүссэн хохирол бий болсон. Орон сууц хөлслөх гэрээг хавтаст хэрэгт гаргаж өгсөн.

М.К ХХК-аас орон сууцны талбайн зураг алдаатай байна гэдгийг 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр мэдэгдсэн. Боршур дээр байсан 79,15 м.кв талбай зургийн алдаатай гарсан, мөн талуудын хооронд байгуулсан гэрээний хавсралт дээр байгаа зураг алдаатай байгаа талаар хэлж уучлал хүсээд 3,36 м.кв-ын зөрүү 3,360,000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ нь М.К ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй гэх нөхцөл байдал харагдаж байна. М.К ХХК мөнгө шилжүүлснээр өөрсдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ 75,79 м.кв талбайн хэмжээтэй гарсан. Чанар стандартын шаардлага хангахгүй барилгатай холбоотой гомдол Polaris apartment барилгын Б блокны оршин суугч нараас гарч байсан. Гэтэл ямар ч албан тушаалтан оршин суугчдын гаргасан гомдлыг шийдээгүй. Анх гэрээ байгуулагдсан захиалагч нарыг үг, хэл амаар доромжлох, бусад байдлаар үгүйсгэх нөхцөл байдал үүссэн учраас нэхэмжлэгч Б.Г Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд мэдүүлэх эрхийнхээ хүрээнд нэхэмжлэл гаргаж, эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандсан.

Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн орон сууцны талбайг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ дээрх 75,79 м.кв талбайн хэмжээнд хүрч байгааг мэргэжлийн байгууллагаар хэмжүүлэхээр зураг төслийн тусгай зөвшөөрөлтэй Брайт пойнт ХХК-аар хэмжүүлэхэд 73,39 м.кв талбайтай гэсэн дүгнэлт гарсан. Нэхэмжлэгч Б.Г нь Брайт пойнт ХХК-тай хувийн ашиг сонирхолгүй байхыг хэлж байна.

Иймээс хариуцагч М.К ХХК-д удаа дараа хүсэлт гаргаж 2,4 м.кв талбайн зөрүү 2,400,000 төгрөгийг буцааж өгөхийг хүсэхэд өнөөдрийг хүртэл гаргаж өгөхгүй нэхэмжлэгчийг хохироож байна.

Иймд орон сууц захиалан бариулах гэрээнээс үүдэлтэй алданги 33,084,700 төгрөг, түрээсийн төлбөр 7,200,000 төгрөг, орон сууцны талбайн зөрүү 2,400,000 төгрөгийг тус тус шаардаж байна. Иргэний хуульд заасны дагуу талууд гэрээнд заасан үүргээ шударгаар биелүүлэх ёстой гэж үзэж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан. Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах Polaris apartment хотхоны зах зээлийн ханш 2,000,000 төгрөг байхад нэхэмжлэгч Б.Гд хөнгөлөлттэй нөхцөлөөр 1,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Захиалагч 79,150,000 төгрөгийг хөрөнгө оруулснаар бид захиалан бариулах гэрээний үүрэг хүлээсэн. Туслан гүйцэтгэгч компаниуд маань бид нар дээр 75,79 м.кв юм, 79,15 м.кв гарах боломжгүй гэсэн. Энэ талаарх баримтаа гаргаж өгсөн. Гэхдээ үүнд хөндлөнгийн шинжээч томилсон бол илүү бодит байх байсан. Анх газар шорооны ажил хийгдээгүй барилга дээр хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан борлуулах эрхийг захиалагч тал олгосон. Гэтэл орон сууц захиалан бариулах гэрээтэй холбоотой маргаанд нэхэмжлэгч тал үүргээ биелүүлээгүй гэж ярьж байгаа нь ойлгомжгүй байна. Бид 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Polaris apartment хотхон А, Б Блок нийтдээ 615 айлын оршин суугчтай барилгыг улсын комиссод хүлээлгэж өгсөн. Иймээс М.К ХХК үндсэн үүргээ биелүүлсэн.

Бид төрийн байгууллагын бодлого шийдвэрээс болж барилга удааширсан юм. 2018, 2019 онд арматур төмрийн хомсдол, 2020 онд цементийн хомсдол гарсан. Энэ бол барилгын салбарт тулгамддаг асуудал шүү дээ. Үүнийг гэрээтэй холбож ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Манай компани хэмжилт өөрчлөгдсөн болохыг хэлж 3,360,000 төгрөгийг захиалагчид буцааж өгсөн. Энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Анх нэхэмжлэгч 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гэрээнээс үүдэлтэй алданги 33,084,700 төгрөг, түрээсийн төлбөр 7,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл нэмэгдүүлсэн шаардлагаараа хугацаа хэтэрснээс үүссэн хохирол шаардаж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэр гаргадаг.

Талуудын хооронд орон сууц захиалан бариулах гэрээ буюу худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Бид биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг улсын комисст хүлээлгэж өгснөөр захиалагч Б.Г хууль ёсны өмчлөгч болсон юм. Гэтэл түрээсийн төлбөрт 7,200,000 төгрөг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч талын 3 шаардлага үндэслэлгүй баримт дээр тулгуурлаж байна.

Нэхэмжлэгч тал 33,084,700 төгрөгийг 418 хоногоор тооцож гаргасан байна. Нэхэмжлэгч гэрээнээс үүдэлтэй алдангийг хэт ихээр шаардаж байна. Хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц худалдаж аваад 33,084,700 төгрөгийн алданги шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Бид төсөл хойшлогдсон талаар захиалагч нартаа мэдэгдсэн. Төсөл хойшлогдсон талаарх баримтуудаа хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Барилгыг улсын комисс хүлээж аваад ашиглалтад орж, хууль ёсны өмчлөгчид шилжүүлж өгсөн. Мөн нэхэмжлэлийн шаардлагууд хоорондоо нийцэхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага, нэмэгдүүлсэн шаардлага 2 хоорондоо зөрж байна, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өгөхийг хүсэж байна. Нэхэмжлэгч тал ямар нэгэн компаниар хэмжилт хийлгээд 2,400,000 төгрөг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд шүүх үндэслэлүүдийг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч М.К ХХК-д холбогдуулан 42,684,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь ...М.К ХХК-тай Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Поларис апартмент цогцолбор хорооллын Б блок 2 дугаар орцны 9 давхарт 905 тоотод байрлах 79,15 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг захиалж, 79,150,000 төгрөгийг төлсөн. Уг гэрээний 3.1.7-д зааснаар 0,1 хувийн алданги төлөхөөр заасан. 2018 оны 2 дугаар улирал буюу 6 сарын 30-ны өдөр ашиглалтад оруулаагүй тул 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр түлхүүрийг гардуулан өгсөн. Уг хугацааны алданги 33,084,700 төгрөг гаргуулах, мөн 12 сарын хугацаанд нэг сарын 600,000 төгрөгөөр байр хөлсөлж амьдарсан тул 7,200,000 төгрөг, уг байрыг зураг төслийн тусгай зөвшөөрөл бүхий Брайт пойнт ХХК-аар хэмжилт хийлгэхэд 2,4 м.кв дутуу талбайн зөрүүтэй байх тул 2,400,000 төгрөг, нийт 42,684,700 төгрөг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, хариуцагч нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Поларис апартмент цогцолбор хорооллын Б блокыг барьж, ашиглалтад оруулсан тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэх ойлголт байхгүй, мөн квадратын зөрүү байхгүй, бид зөрүүний мөнгийг буцаан өгсөн. Б.Г уг байранд оршин суусан эсэх нь тодорхойгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлийг тус тус тайлбарласан.

 

1. Талуудын хооронд 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууц бариулах захиалгын гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Поларис апартмент цогцолбор хорооллын 57б байр 2-905 тоот орон сууцыг 2018 оны 2 дугаар улирал буюу 06 дугаар сарын 30-ны өдөр ашиглалтад оруулах, нэхэмжлэгч нь 79,150,000 төгрөгийн үнийг төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан.

 

Дээрхи гэрээний дагуу хариуцагч М.К ХХК нь 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 2019/364 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарч, уг барилгын байнгын ашиглалтад авч, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр түлхүүрийг гардуулсан болох нь баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д анзын гэрээг бичгээр хийнэ, талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1.7-д Гүйцэтгэгчийн орон сууц хугацаандаа ашиглалтад ороогүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд нийт үнийн дүнгийн 0,1 хувийн алдангийг захиалагчид төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.

 

Алдангийн хэмжээг тооцож үзэхэд уг хугацаанд нийт 32,293,600 төгрөг алданги шаардах эрхтэй боловч хариуцагч нь байрыг ашиглалтад оруулж түлхүүрийг хүлээлгэн өгсөн, мөн техникийн нөхцөлтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгааны улмаас буюу Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар дулааны сүлжээ ХК зэрэг төрийн байгууллагад удаа дараа албан бичиг бичих, техникийн нөхцөл өөрчлөгдөх зэрэг хариуцагчаас үл хамаарах нөхцөл байдал бий болсон, Хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууц худалдан авсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар алдангийн хэмжээг 50 хувиар багасгаж, хариуцагч М.К ХХК-аас 16,196,600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Гд олгох нь зүйтэй гэж үзэв.

 

2. Иргэн Д.Одсүрэн болон Ц.Сосорбарам нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдаж, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, ХД 91 дүгээр байр 35 тоот хаягт байрлах 72,8 м.кв талбайтай орон сууцыг нэг сарын 600,000 төгрөгөөр 12 сарын хугацаанд хөлслөх гэрээ байгуулжээ.

 

Ц.Сосорбарам нь нэхэмжлэгч Б.Гтэй 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь 0203474 дугаар гэрчилгээгээр тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар эрх зүйн чадамжгүй, зарим буюу бүрэн бус чадамжтай хүний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг түүний хууль ёсны төлөөлөгч болох эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь шүүхэд  төлөөлөх бөгөөд тэд өөрийн бүрэн эрхийг нотлох баримт  бичгийг шүүхэд үзүүлнэ.

 

Хэдийгээр гэр бүлийн харилцаа үүссэн боловч Ц.Сосорбарам хамтран нэхэмжлэгчээр оролцоогүй байх тул Б.Г, Ц.Сосорбарамын бусадтай байгуулсан гэрээний төлбөрийг хохирол гэж шаардаж байгаа нь үндэслэл муутай байна.

 

Иймд, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Поларис апартмент цогцолбор хорооллын 57б байр 2-905 тоот орон сууц хугацаандаа ашиглалтад ороогүйн улмаар байр хөлсөлж амьдарсан зардал 7,200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Б.Г, Ц.Сосорбарам нар нь хамтран нэхэмжлэл гаргаж, дээр төлбөрийг дахин шаардахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

3. 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 2019/364 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарч, уг барилгын байнгын ашиглалтад авч, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр түлхүүрийг гардуулсан үйл баримтад талууд маргаагүй.

 

Хариуцагч нь квадрат метрийн зөрүү гарсан буюу нийт 75,79 м.кв гэж 3,36 м.кв зөрүү 3,360,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Гд буцаан олгосон болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. /Талууд маргаагүй болно/

 

Зохигчдын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээнд гүйцэтгэгч нь орон сууцыг 2018 оны 02 дугаар улиралд ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн ба Нийтийн зориулалттай орон сууцны барилгын хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсэхгүй, нийтэд нээлттэй худалдан борлуулагддаг тул зөвхөн худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүснэ.

 

Илүү төлсөн төлбөрийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлага хуулийн дээрх зохицуулалтад хамаарахаар байх боловч нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2.-т зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцох ба эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдахаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан байна.

 

Нэхэмжлэгч Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актын дагуу орон сууцыг хүлээн авсан байх тул тухайн үед орон сууцны талбайг хэмжүүлэх, эд хөрөнгийн доголдлыг мэдэх боломжтой байжээ. Нөгөө талаар орон сууцны талбайн хэмжээний зөрүүтэй байдал нь барилгын ашиглалтын явцад мэдэгдэх далд доголдол биш тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар худалдан авсан орон сууцны талбайн талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.

Иймд хариуцагч М.К ХХК-аас 2,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Ггийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8, 302 дугаар зүйлийн 302.1, 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар хариуцагч М.К ХХК-аас 16,196,600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Гд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг буюу 26,488,100 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 412,724 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.К ХХК-иас 238,933 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Гд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХБАЯР