Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00372

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00372

 

 

 

Б.Ггийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/02954 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Ггийн хариуцагч М.К ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 42 684 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Талуудын хооронд 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдсан.

Нэхэмжлэгч Б.Г 79 150 000 төгрөг төлөх үүргээ биелүүлсэн боловч М.К ХХК нь 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байрыг хүлээлгэж өгөөгүй, ашиглалтад оруулаагүй удсан. Нэхэмжлэгч нь хариуцагч талд орон сууцыг хүлээлгэж өгөхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдсэн. Нэхэмжлэгч орон сууцандаа орж чадаагүй хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас өөрийн гэр бүлийн хамт орон сууц хөлслөн амьдрахаас өөр аргагүй байдалд хүрч Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, 15 дугаар хороолол, 91 дүгээр байрны  ....тоот орон сууцыг нийт 7 200 000 төгрөгөөр хөлсөлсөн.

М.К ХХК-аас орон сууцны талбайн зураг алдаатай байна гэдгийг 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр мэдэгдсэн. Танилцуулга дээр байсан 79,15 м.кв талбай зургийн алдаатай гарсан, мөн талуудын хооронд байгуулсан гэрээний хавсралт дээр байгаа зураг алдаатай байгаа талаар хэлж уучлал хүсээд 3,36 м.кв-ын зөрүү 3 360 000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн. Энэ нь М.К ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй гэх нөхцөл байдал харагдаж байна. Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн орон сууцны талбайг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ дээрх 75,79 м.кв талбайн хэмжээнд хүрч байгаа эсэх талаар зураг төслийн тусгай зөвшөөрөлтэй Брайт пойнт ХХК-аар хэмжүүлэхэд орон сууц нь 73,39 м.кв талбайтай гэсэн дүгнэлт гарсан. Нэхэмжлэгч Б.Г нь Брайт пойнт ХХК-тай хувийн ашиг сонирхолгүй.

Иймд хариуцагчаас орон сууц захиалан бариулах гэрээнээс үүдэлтэй алданги 33 084 700 төгрөг, орон сууц хөлсөлсний төлбөр 7 200 000 төгрөг, орон сууцны талбайн зөрүү 2 400 000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан. Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах Поларис апартмент /Polaris apartment/ хотхоны м.кв-ын үнэ зах зээлийн ханшаар 2 000 000 төгрөг байхад нэхэмжлэгч Б.Гд хөнгөлөлттэй нөхцөлөөр 1 000 000 төгрөгөөр худалдан борлуулсан. Захиалагч 79 150 000 төгрөгийг хөрөнгө оруулснаар бид захиалан бариулах гэрээний үүрэг хүлээсэн. Туслан гүйцэтгэгч компаниуд нь 75,79 м.кв, 79,15 м.кв гарах боломжгүй гэсэн. Манай компани нэхэмжлэгчид хэмжилт өөрчлөгдсөн болохыг хэлж 3 360 000 төгрөгийг буцаан өгсөн. Энэ талаарх баримтаа гаргаж өгсөн. Нэхэмжлэгч тал хариуцагчийг үүргээ биелүүлээгүй гэж байгаа нь ойлгомжгүй байна. Бид 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Polaris apartment хотхон А, Б блок нийт 615 айлын барилгыг улсын комиссод хүлээлгэж өгсөн. Иймээс М.К ХХК үндсэн үүргээ биелүүлсэн.

Төрийн байгууллагын бодлого шийдвэрээс болж барилга удааширснаас гадна 2018, 2019 онд арматур төмрийн хомсдол, 2020 онд цементийн хомсдол гарсан. Энэ бол барилгын салбарт тулгамддаг асуудал. Үүнийг гэрээтэй холбож ярьж байгаа нь үндэслэлгүй. Бид төсөл хойшлогдсон талаар захиалагч нартаа мэдэгдсэн. Төсөл хойшлогдсон талаарх баримтуудаа хэрэгт гаргаж өгсөн.

Нэхэмжлэгч нь анх 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гэрээнээс үүдэлтэй алданги 33 084 700 төгрөг, түрээсийн төлбөр 7 200 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл нэмэгдүүлсэн шаардлагаараа хугацаа хэтэрснээс үүссэн хохирол шаардаж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэр гаргадаг.

Талуудын хооронд орон сууц захиалан бариулах гэрээ буюу худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Хариуцагч нь биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг улсын комисст хүлээлгэж өгснөөр захиалагч Б.Г хууль ёсны өмчлөгч болсон юм.

Нэхэмжлэгч тал 33 084 700 төгрөгийг 418 хоногоор тооцож гаргасан нь хэт их байна. Учир нь нэхэмжлэгч хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц худалдаж аваад 33 084 700 төгрөгийн алданги шаардаж байгаа нь үндэслэлгүй.

Иймд шүүх дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8, 302 дугаар зүйлийн 302.1, 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар хариуцагч М.К ХХК-аас 16 196 600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Гд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг буюу 26 488 100 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 412 724 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.К ХХК-иас 238 933 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Гд олгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо: Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зуйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсэхгүй, нийтэд нээлттэй худалдан борлуулагддаг тул зөвхөн худалдах- худалдан авах гэрээний харилцаа үүснэ гэж үзэн алданги тооцох үнийн дүнг гэрээний үнийн дүн 79 150 000 төгрөгөөс тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь харилцан тохиролцож орон сууц захиалгын гэрээ байгуулсан ба анх гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байхаар харилцан тохиролцсон. Талууд шүүхэд маргахдаа ажил гүйцэтгэх гэрээ мөн эсэхэд маргаангүй. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээг ажил гүйцэтгэх гэрээ гэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.1-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцох ёстой байсан.

Захиалагч нь орон сууц захиалан бариулах гэрээний төлбөрт 79 150 000 төгрөг тушаасан боловч 3 360 000 төгрөгийг буцааж олгосон. Иймд манай байгууллагад тушаасан 75 790 000 төгрөгөөс алданги тооцох байсан. Анхан шатны шүүх 79 150 000 төгрөгөөс хоног тутам 0,1 хувиар 418 хоногийн алдангид 32 293 600 төгрөг ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. 75 790 000 төгрөгөөс 0,1 хувиар 418 хоногийн алдангид 31 680 220 төгрөг ногдуулах ёстой байсан. Шүүхээс талуудын хооронд үүссэн харилцаа, үйл явдлыг дүгнэн алдангийг 50 хувиар багасгасанд маргах зүйлгүй ба 31 680 220 төгрөгөөс 50 хувь багасгахад 15 840 110 төгрөг болно. Иймд М.К ХХК-аас 16 196 600 төгрөг гаргуулах шийдвэрийг 15 840 110 төгрөг болгон өөрчлөх нь зүйтэй юм.

Иймд анхан шатны шүүхийн М.К ХХК-аас 16 196 600 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 238 933 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Гд олгох шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч М.К ХХК-д холбогдуулан гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй алдангид 33 084 700 төгрөг, хохиролд 7 200 000 төгрөг, орон сууцны талбайн зөрүүд 2 400 000 төгрөг нийт 42 684 700 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Талууд 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Хөнгөлттэй нөхцлөөр орон сууц бариулах захиалгын захиалан бариулах нэртэй гэрээ байгуулж, М.К ХХК нь Поларис апартмент цогцолбор хорооллын Б блокны 2 дугаар орцны 9 давхрын 905 тоот, 79.15 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2018 оны 2 дугаар улиралд хүлээлгэн өгөхөөр, Б.Г нь орон сууцны үнэд 79 150 000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-5-6/

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зохигчид маргаагүй учраас энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байхад худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж шүүх буруу дүгнэсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

Нэхэмжлэгч Б.Г гэрээний үнэд 79 150 000 төгрөг төлөх үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлсэн, хариуцагч М.К ХХК-ийн гэрээгээр тохирсон хугацаа хэтрүүлэн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогджээ. /хх 14, 209/

Гэрээний 3.1.7 гүйцэтгэгчийн орон сууц хугацаандаа ашиглалтанд ороогүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд нийт үнийн дүнгийн 0.1 хувийн алдангийг захиалагчид төлөх үүрэгтэй гэх талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасанд нийцнэ.

Хариуцагч тал төрийн байгууллагын бодлого шийдвэрийн улмаас барилгын явц удааширсан, гэрээний хугацаа хэтрүүлсэнд гэм буруугүй гэх тайлбарын үндэслэлээ нотлохоор Ус сувгийн удирдах газар, Хот байгуулалт, хөгжлийн газар, Улаанбаатар дулаан ТӨХК, Эрчим хүчний яам, Нийслэлийн Эрүүл мэндийн төвийн орон сууцны техникийн нөхцлийг хангуулахтай холбоотой явуулсан албан бичгүүдийг шүүхэд гарган өгчээ. /хх84-110/ Эдгээр баримтуудыг 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаагаар огноолсон байдлаас дүгнэвэл хариуцагчийн орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөх үүргийн хугацаа болох 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хойшх хугацаанд хамаарч байна. Иймд үүрэг зөрчигдсөнөөс хойшх хугацаанд цугларсан баримтыг гэрээний үүргийн зөрчилд нөлөөлсөн гэж үзэхгүй тул нэхэмжлэгч нь гэрээний 3.1.7-д заасны дагуу хариуцагчаас алданги шаардах эрхтэй.

Орон сууцны үнэ болох 75 790 000 төгрөг /79 150 000 төгрөг- 3 360 000 төгрөг/-өөс алдангийг 0.1 хувиар 418 хоногт буюу 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд зөрчил үргэлжилсэн гэж үзэн тооцвол 31 680 220 төгрөг /75 790 000 төгрөг *0,1х 418 хоног/ байна. Шүүх алданги шаардах эрхийн хэмжээг 32 293 600 төгрөг гэж тодорхойлж тооцооллын алдаа гаргасан хэдий ч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт зааснаар алдангийн хэмжээг 16 196 600 төгрөг хүртэл багасгасан тул хариуцагчийн эрх, ашиг сонирхол хөндөөгүй гэж дүгнэж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч Б.Г нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 7 200 000 төгрөг шаардаж, үндэслэлээ ... орон сууцыг хугацаанд нь шилжүүлж өгөөгүйн улмаас орон сууц хөлсөлсөн ... гэж тайлбарлан, орон сууц хөлслөх гэрээ, хөлс төлсөн болон ашиглалтын зардал төлсөн баримтуудыг шүүхэд гарган өгчээ. /хх-12, 54-63, 206/ Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Ггийн эхнэр Ц.Сосорбарам нь иргэн Д.Одсүрэнтэй орон сууц хөлслөх гэрээ байгуулсан, Ц.Сосорбарам нь хамтран нэхэмжлэгчээр оролцоогүй гэх үндэслэлээр анхан шатны шүүх дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй учир талуудын зарчмыг үндэслэн давж заалдах шатны шүүх энэ шийдвэрийг хэвээр үлдээв.

Хариуцагчаас талбайн зөрүүд 2 400 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Б.Ггийн шаардлагыг анхан шатны шүүх Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг зөв тайлбаран хэрэглэж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй болно.

Харин нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулан гаргасан хохирол шаардах эрхийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар дүгнэх учиртай байхад анхан шатны шүүх гэрээнээс татгалзсан үр дагавар болох хохирол шаардах эрхийг зохицуулсан мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсгийг баримталж хэргийг шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсныг залруулав.

Мөн орон сууц хөлслөх гэрээний харилцаатай холбоотой нэхэмжлэл гаргаагүй, шүүх энэ талаар дүгнэлт огт хийгээгүй атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсгийг баримталсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дах хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсгийг заана гэсэнд нийцээгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхээс зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/02954 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас 255 дугаар зүйлийн 255.1, 232.6, 302 дугаар зүйлийн 302.1, 227 дугаар зүйлийн 227.3 гэснийг хасч 232.8 гэсний дараа 219 дүгээр зүйлийн 219.1 дэх гэж нэмж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238 933 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД