Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 155/ШШ2017/00402

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 13-3 тоотод оршин суух, Гөрөөчин овогт Бадарчийн Бодьсайхан /РЛ76092912 /-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 15-6 тоотод оршин суух, Боржгон овогт Пүрэвцэрэнгийн Энхтайванд холбогдох

Эмний үнэ 520.000 /таван зуун хорин мянга / төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Оюунбилэг, нэхэмжлэгч Б.Бодьсайхан, П.Энхтайван нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Бодьсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Б.Бодьсайхан нь 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Ч.Долгор, П.Энхтайван гэдэг хүмүүсийн мал маллахаар 2 сарын хугацаатай гэрээ байгуулан сарын хөлс нь 400.000 төгрөгөөр тохирч хөдөө гарсан юм. Анх 688 толгой малыг хүлээж авсанаас малын харж байх хугацаанд П.Энхтайваны хүргэн Жанцан гэдэг хүн 34 толгой ямаа, 14 ишиг, 1 эр хонийг авсан. П.Энхтайван нь 2 эр хонь, 2 эр ямаа, Долгорын дүү Жагаа 2 эр хонь, Долгорын нөхөр Эрдэнээ 2 эр хонь тус тус авсан. Үхсэн мал нь болохоор 5 хурга, 1 хонь өтөж үхсэн, 1 хонь өвчнөөр үхсэн. Би өөрөө Долгор, Энхтайванд хэлж байж 1 толгой төлгийг эм ямаагаар сольж хүнсэндээ хэрэглэсэн. Намайг төв яваад ирэхэд өөрсдөө харж байх хугацаанд 1 эм ямаа дутсан. 2016 оны 8 дугаар 08-09-ний үеэр хүргэн Жанцан нь хонь авна гэж ирсэн, араас нь Долгорын нөхрийн хамт ирээд тэр 3 гадаа гарж юм ярьж хүргэн нь ирсэн машинаа буцаагаад гурвуулаа нохойгоо аваад явсан буцаж ирэхдээ нөхөртэйгээ нохой нь дагаад гүйгээд ирээд удаагүй тэр хоёр аймгийн төв явсан. 2016 оны 8 дугаар сарын 10-ны орой тугал хашихад байж байсан бяруу маргааш өглөө нь гэхэд нохойтойгоо алга болсон байсан. Энэ хүмүүс хүргэнтэйгээ ярилцаж байгаад бяруу, нохойгоо шөнө авч явсан бяруугаа гунь гээд 450.000 төгрөг нэхсэн, мөн миний хэлж байж эр ямаагаар сольж хүнсэндээ хэрэглэсэн 1 төлгийг эр хонь гээд 120.000 төгрөг болгож нэхсэн. Үүнийг нь миний хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тэр бярууг алга болоход П.Энхтайван нь өөрөө ирсэн бөгөөд хөх хүзүүвчтэй бяруу байсан тэр л алга болсон байна гэж байсан. Эд нар ер нь бие биедээ гэрч болоод миний цалинг өгөхгүй гээд байгаа юм. Энэ малыг надад хүлээлгэж өгөхдөө надад толгой дараалан тоолж өгөөгүй 205 хонь байгаа гэж өгсөн боловч 202 толгой хонь, бүдүүн ямаа нь миний нэг ямаатай нийлээд 251 ямаа байсныг 254 болгож, хүргэн Жанцангийнхаа авсан 34 ямааг 38 болгож, өвчнөөр үхсэн хонины махыг Долгор өөрөө ирээд аваад явсан бөгөөд хонь өвчнөөр үхээгүй гэж тус тус тайлбар дээрээ бичсэн байсан. Мөн 5 хурга үхсэнээс Долгор, Эрдэнээ хоёр 3-ыг нь өөрсдөө ачиж аваачиж хаячихаад хургаа бүрэн гээд оронд нь эр хонь дутсан гээд байгаа юм. Анх гэрээ хийхэд Энхтайван нь байгаагүй бөгөөд Ч.Долгороос мал хариулганы хөлсөө нэхээд шүүхэд өргөдөл өгсөн чинь Энхтайван нь хөлсөө өгөөгүй, би энэ хүнтэй хөлсөө хувааж төлнө гээд Энхтайван гэдэг хүнийг энэ хэрэгт татан оруулж ирсэн юм. Энэ хүмүүс ер нь хүнээр малаа харуулчихаад цалин мөнгө өгөх болохоороо янз бүрийн арга саам хэрэглэж, улмаар бие биенээрээ гэрч татаад байна. Надад энэ хүмүүсийн малыг хольж, сольж хутгасан үйлдэл байхгүй, үхсэн хэрэглэснийг нь хасаад үлдсэн нь тоо толгойгоороо очсон.

Иймд П.Энхтайвангаас мал хариулганы үлдэгдэл цалин болох 520.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Энхтайван шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие П.Энхтайван нь 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ах П.Эрдэнэбат, түүний эхнэр Долгор нартай хамтран Б.Бодьсайханаар мал маллуулахаар болсон бөгөөд бид нар мал маллуулах гэрээ байгуулж гарын үсэг зуралцсан юм.Тус гэрээнд мал маллуулж байгаа талууд буюу ах П.Эрдэнэбат, миний бие П.Энхтайван нар нь сар бүр 400.000 төгрөгийг 200.000 төгрөгөөр тэнцүү хэмжээгээр төлөхөөр, мал хариулж байгаа Б.Бодсайхан нь хүлээлгэн өгсөн малнаас алдаж үрэгдүүлбэл төлөх, өвчин эмгэгээр үхвэл тухайн үед нь бидэнд даруй мэдэгдэж, үзүүлж байх гэсэн нөхцөлтэй гэрээ байгуулаад малаа маллуулаад эхний сарын цалинг манай эгч Ч.Долгор тооцоо хийж дуусгасан ба энэ талаараа өгсөн, авсан талаараа гарын үсэг зуралцаж баталгаажуулсан бөгөөд би дараа сарынх нь тооцоог хийх байсан юм. Ингээд бид нар 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Б.Бодьсайханаас малаа хүлээж аваад эцсийн тооцоо хийтэл шүдлэн үхэр 1, ямаа 4 толгой дутаасан байсан. Учир нь Б.Бодьсайханд хүлээлгэн өгсөн ямаанаас өөрт нь тавиулаар тавьсан 4 ямааг Баянаа гэдэг хүн аваад явсан, би 7 дугаар сард 40.000 төгрөг бэлнээр өгсөн ба 7 дугаар сарын 13-ны үед Б.Бодьсайхан надаас баярын хүнсэнд хэрэглэе нэг хонь өгөөч гэхээр нь өөрийн хониноос нэг эр хонь авахыг зөвшөөрсөн. Нэхэмжлэлд миний өгсөн мөнгөний талаар огт дурдаагүйгээс гадна баяраар өгсөн нэг эр хонийг маань төлөг авсан тэгээд түүнийгээ ямаагаар сольё гэж намайг хэлсэн гэсэн байсан. Харин би түүнд ямаагаар солъё гэж огт хэлээгүй нэг хонь аваад хэрэглэ дараа нь тооцоно биз гэж хэлж байсан юм. Тэгээд 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Б.Бодьсайханаас малаа хүлээж аваад дутсан малынхаа тооцоог хийж дуусгаад цалин хөлсөө аваарай гэсэн юм. Хэрвээ алдсан гэх шүдлэн үхрийг зах зээлийн үнээр тооцвол 400.000 төгрөг, 4 ямааг хамгийн доод үнээр тооцоход нэг бүрийн үнэ 50.000 төгрөг, нийт 200.000 төгрөг, эр хонь 120.000 төгрөг, бэлэнээр өгсөн 40.000 төгрөгийг нийлүүлээд тооцвол 760.000 төгрөг болно. Харин бидний зүгээс Б.Бодьсайханд П.Энхтайван би яг бодитоор төлнө гэвэл мал хариулганы хөлс 1 сарын хөлс 400.000 төгрөг, 10 хоногийн хөлс 130.000 төгрөгийн тал хувь 65.000 төгрөг / надтай хамтран мал харуулж байсан Ч.Долгороос Б.Бодьсайхан нь 65.000 төгрөгийг гаргуулсан авсан шүүхийн шийдвэр байгаа тул би талыг нь төлнө/, нийт 465.000 төгрөг болж байна. Мөн Б.Бодьсайхан нь нэхэмжлэлдээ иргэн Ч.Долгор нь нөхөртэйгээ ирэхдээ хүргэнтэйгээ үгсэж үхэр аваад явсан гэсэн байсан бөгөөд энэ үйл явдал нь 2016 оны 8 дугаар сарын 10-ны үеэр болсон гэвэл Ч.Долгор эгч нөхөртэйгээ очиж түлээ ачиж өгөөд орой нь Мөрөн рүү орж ирсэн өдөр бөгөөд тэр үеэр үхэр нь бүрэн байсан ба тэр алдагдсан үхэр нь 8 дугаар сарын 13, 14-ний үед алга болсон. Яагаад гэвэл би энэ үед Бодьсайханаас эмээл авах гээд хөдөө гарч ирэхэд үхэр алга болчихлоо гэхээр нь тэд нар Ховд аймаг руу явсан учраас өөрсдөд нь хэл гэж хэлж байсан юм. Мөн улаан бяруу алга болсон гээд байгаа бяруу нь одоо ч эхтэйгээ байгаа, харин бяруу биш хүрэн халзан гуна / шүдлэн/ алга болсон, тоолж өгсөн ямаанаас 4 ямааг тавиулаар маллаж байгаад эзэн аваад явсан гэдгийг одоо манай малыг маллаж байгаа Гандорж гэдэг залуу сайн мэднэ. Нэхэмжлэлд бид нарыг эр хонь 9, ямаа 38, ишиг 14 толгойг авсан, 5 хурга, 2 хонь үхсэн гэсэн байсан. Энэ талаар бидний тооцоогоор яг 6 хонь / Б.Бодьсайхан 1 хонь/, 38 ямаа, 14 ишиг авсан, 1 эргүү төлөг алга болсоноос биш хонь ерөөсөө үхээгүй юм, харин яагаад 3 хонины зөрөө гараад байна гэвэл Б.Бодсайханаас хонь, хургаа тоо, толгойгоор нь ялгаж аваагүй дараагийн хүнд хүлээлгэн өгөхөд 3 хонины зөрөө гарсан, өөрөөр хэлбэл хурга илүү гараад 3 хонь дутаад байсан. / энэ талаар Гандорж мэднэ / Ингээд тооцоод байхаар би энэ хүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон гэрлэгчдийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Бодьсайхан нь хариуцагч П.Энхтайванд холбогдуулан мал хариулганы цалин 520.000 /таван зуун хорин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч П.Энхтайван би Б.Бодьсайханд яг бодитоор төлөх төлбөр нь гэвэл мал хариулганы 1 сарын хөлс 400.000 төгрөг, 10 хоногийн хөлс 130.000 төгрөгийг хамтран малаа харуулсан Ч.Долгортой хувааж төлөх тул түүний тал хувь 65.000 төгрөг, нийт 465.000 төгрөг болох ба гэрээнд зааснаар Б.Бодьсайханы алдсан шүдлэн үхрийг зах зээлийн үнээр тооцвол 400.000 төгрөг, 4 ямааг хамгийн доод үнээр тооцоход нэг бүрийн үнэ 50.000 төгрөг, нийт 200.000 төгрөг, эр хонь 120.000 төгрөг, бэлнээр өгсөн 40.000 төгрөгийг нийлүүлээд тооцвол 760.000 төгрөг болох тул Б.Бодьсайханы ажлын хөлс 520.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

П.Энхтайван нар нь Б.Бодьсайхантай хөлсөөр ажиллаж гэрээ байгуулж, мал маллуулж байсан болох нь 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 02 сарын хугацаатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ гэх хөлсөөр ажиллах гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохиогчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Шүүх талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ. Учир нь: Хуульд хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг хүлээнэ, хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно гэж заасан ба хөлсөөр ажиллагчид малаа хүлээлгэн өгсөн, гэрээнд хугацаа, төлбөрийн хэмжээ зэргийг харилцан тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 359 дугаар зүйлд хөлсөөр ажиллах гэрээний хэлбэр, шаардлагыг хангаж гэрээ байгуулсан байх тул талуудын хооронд хүчин төгөлдөр хөлсөөр ажиллах- ажиллуулах гэрээ байгууллагджээ.

Талууд хоорондоо байгуулсан гэрээн дээрээ маргахгүй, хөлсөөр ажиллагч- ажиллуулагч нарын эрх үүрэг, хүсэл зоригийн илэрхийлэл тодорхойлсон байгаа нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талуудын чөлөөт байдлыг хангаж байгуулсан байх тул хүчин төгөлдөр гэрээ байна гэж шүүх үзлээ.

Хариуцагч П.Энхтайван нь шүүх хуралдаанд Хэрэв надаас цалин гэж нэхэж байгаа юм бол би 405.000 төгрөг л өгөх ёстой байх. Эхний цалинг Долгор эгч өгч байсан. Нэг эр хонь гэж хэлээд байгаа нь намайг байхгүй байхад нэг эр хонь ямаагаар солино гэж байсныг нь би Долгор эгчид ямаа хэрэггүй нэг эр хонийг 120.000 төгрөгт бодоод цалингаас нь хасъя гэж хэлж байсан. 8 дугаар сарын 10-ны өдрөөс хойш хоёр сарын хугацаанд мал маллахад хөх хүзүүтэй бяруу байхгүй байна гэхэд нь би өөрсдөд нь хэл гэж хэлж байсан. Ингээд тоолоод үзэхэд 11 тооны бяруу хэвээрээ харин нэг шүдлэн үхэр байгаагүй. Тэгээд дахин нэг зүслэхэд 3 эр хонь байгаагүй. Би анх 90 тооны хурга хүлээлгэж өгч байснаас хэвээрээ байсан. Дараа нь малаа дараагийн мал харах айлтай хүлээлцээд өнгөрсний дараагаар 4 тооны ямаа манайх гэж хэлээд аваад явсан байсан. Тэгээд намайг хойноос очиход сонин сонин зүйл л яриад байсан. Мөн нэг хонь нь нас нь багасаад хурга болсон байсан. Анх гэрээ байгуулахад намайг очоогүй гэж хэлж байна. Намайг очиж гэрээ байгуулахад охин нь үсээ угаагаад сууж байсан. Тэгэхээр надад өгөх зүйл байхгүй. Миний 3 тооны хонь, нэг шүдлэн, 85 тооны хурга өгөхөд 90 болсон байсан. Дунд нь насаар нь ч сольсон байсан. Малаа хүлээгээд авсан байхад 4 ямаа аваад явсан байсан. Ийм учраас би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж мэдүүлж байх боловч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй ба хөлсөөр ажиллах гэрээний ...2. маллагч талаас хүлээж авсан малын тоо, толгойг бүрэн бүтэн хариуцах ба өвчин болон үхсэн нөхцөлд дор бүр нь мэдэгдэх ба алдсан тохиолдолд төлнө.. гэж заасан үүргийг Б.Бодьсайхан зөрчиж, 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Б.Бодьсайханаас малаа хүлээж аваад эцсийн тооцоо хийтэл шүдлэн үхэр 1, ямаа 4 толгой дутаасан тул нэхэмжлэлийн шаардлага нэхэмжлэлийн шаардлага 520.000 төгрөг-ийг төлөхгүй гэдгээ нотлож чадахгүй байна.

Мөн гэрч Г.Эрдэнэбатын ... намайг тоолоход тэдний үхэрт 11 бяруу, 7 шүдлэн үхэр байсан..., гэх мэдүүлэг,

гэрч Ч.Долгорын ...Манай нөхөр, бид хоёр Б.Бодсайханыд түлээ ачиж өгчихөөд тэр оройдоо Мөрөн рүү орсон бөгөөд тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа Ховд аймаг руу яваад хүүгийндээ дөнгөж ороод хоол идээд сууж байтал Б.Бодсайхан араас нэг үхэр алдчихлаа гэхээр би одоо яахав дээ очиж байгаад учрыг нь олохоос гэсэн хариу өгсөн бөгөөд тэр үед Б.Бодьсайхан надад бяруу, шүдлэн алдлаа гэж нас, зүсийг нь хэлээгүй юм. Яг тэр ярьсан өдөр нь П.Энхтайван нь Б.Бодьсайханыхаас эмээлээ авахаар очиход түүнд бас үхэр алдчихлаа гэж хэлэхээр нь П.Энхтайван би яаж мэдэх вэ? Манай ах, эгч хоёр Ховд явсан тэр нар руу яр гэхээр нь над руу ярьсан байсан. Би Ховд руу очоод 10 хоночихоод ирээд мал дээрээ очиход Б.Бодьсайхан нь надад Танай хүргэн нохойтойгоо хамт, тэр улаан хүзүүвчтэй бярууг авчихлаа гэхээр нь би нөхөртэйгээ хамт мал руу очиж харахад бяруу маань 11-үүлээ бүрэн байхаар нь Бодьсайханд бяруу биш шүдлэн л алга байх шиг байна даа гэж хэлээд орхисон юм... , ...нэгэнт оройтсон харуй бүрий болчихсон байсан болохоор нөхөр бид хоёр төлөг, эр хонины аль алийг нь зүслэж өгөөгүй бөгөөд Б.Бодьсайханыг өөрөө мэдээд аваарай гэсэн, тэгээд ч халуун зунаар баяр болж байхад олуулаа байсан Б.Бодьсайханых төлөг гаргаж идээгүй нь мэдээж... гэх мэдүүлэг,

Хариуцагч П.Энхтайваны шүүхэд ирүүлсэн ...нэхэмжлэлд бид нарыг эр хонь 9, ямаа 38, ишиг 14 толгойг авсан, 5 хурга, 2 хонь үхсэн гэсэн байсан. Энэ талаар яг бидний тооцоогоор 6 хонь / Б.Бодьсайхан өөрөө 1 хонь/, 38 ямаа, 14 ишиг авсан, 1 эргүү төлөг алга болсоноос биш хонь ерөөсөө үхээгүй юм, харин яагаад 3 хонины зөрөө гараад байна гэвэл Б.Бодсайханаас хонь, хургаа тоо, толгойгоор нь ялгаж аваагүй дараагийн хүнд хүлээлгэн өгөхөд 3 хонины зөрөө гарсан, өөрөөр хэлбэл хурга илүү гараад 3 хонь дутаад байсан... гэх тайлбар зэрэг нь хэрэгт авагдсан байх ба дээрхи гэрчүүдийн мэдүүлэг, тайлбар зэргээр Б.Бодьсайханыг хөлсөөр мал маллаж байх хугацаандаа 1 толгой шүдлэн үхэр, 4 ямаа алдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин нэхэмжлэгч Б.Бодьсайханы шүүх хуралдаан дээр өгсөн Би одоо 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд мал маллаж байсан цалин хөлсний үлдэгдэл 360.000 төгрөг мөн илүү 10 аад хоногийн цалин нийт 60.000 төгрөгөөр тооцоолж нийт 420.000 төгрөг нэхэмжилж нэхэмжлэлийн дүнг багасгаж байна,би бяруу алдсан гэдгээ зөвшөөрч байна, тус алдсан бяруугаа 150.000 төгрөгөөр үнэлээд нэхэмжлэлийн шаардлагаас тус бярууны үнийг хасч 270.000 төгрөгийг гаргуулах саналтай байна гэсэн ба хариуцагч П.Энхтайван нь энэ санал дээр маргаагүй, бярууны үнийн талаар санал, хүсэлт гаргаагүй, хариуцагч нь хэрэгт өгсөн тайлбартаа шүдлэн үхэр дутаасан түүнийгээ 400000 төгрөгөөр үнэлнэ гэсэн боловч шүүх хуралдааны явцад энэ талаараа тайлбарлаагүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар шүдлэн үхэр алдсан гэдэг нь тогтоогдохгүй энэ талаар хариуцагч тал нотлох баримтаа гаргаж өгөөгүй байна .

Мөн гэрээний талууд гэрээний үүргээ дүгнэсэн өөрөөр хэлбэл ажил үүргээ гүйцэтгэсний дараа малаа хүлээн авч хүлээлгэн өгсөн тухай баримт байхгүй, мөн хариуцагч нь Бодьсайхан 4 тооны ямаа дутаасан дараагийн малчинд хүлээлгэн өгсөн байхад хүн ирээд манай тавьсан дөрвөн ямаа гээд аваад явсан байсан гэж дөрвөн ямаа дутаасан гэж маргадаг бөгөөд шүүх хуралдаанд гэрч оролцуулах тухай хүсэлт гаргаж шүүх хуралдаанд оролцсон гэрч Д.Болормаа нь дөрвөн ямааг очиж авсан талаар гэрчилдэг боловч нэхэмжлэгч нь энэ талаар шүүх хуралдаан дээр би Долгор гэж хүнд малаа хүлээлгэж өгөхдөө тухайн дөрвөн ямааг хэлээд өгсөн, Долгор нь уг хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө дөрвөн ямаа дутсан талаар огт мэдүүлээгүй зэргээр дөрвөн ямаа дутаасан болох нь няцаагдаж байна.

Хариуцагч П.Энхтайван нь шүүх хуралдаан дээр ...нэг эр хонь гэж хэлээд байгаа нь намайг байхгүй байхад нэг эр хонь ямаагаар солино гэж байсныг нь би Долгор эгчид ямаа хэрэггүй нэг эр хонийг 120.000 төгрөгт бодоод цалингаас нь хасъя гэж хэлж байсан үүнийгээ мөн хасна гэж маргадаг боловч нэхэмжлэгч Бодьсайхан нь энэ талаар Долгортой болон хариуцагч П.Энхтайвантай ярилцаж тохиролцсон зүйлгүй энэ талаар ямар нэгэн баримтгүй байх ба нэхэмжлэгч нь шүүхэд гаргаж өгсөн тайлбартаа ...би ямаагаар төлөг сольж идсэн тул эд нар эр хонь гэж ямаан дээр 120,000 төгрөг нэхээд байгаа юм гэдэг. Иймд Бодьсайханы гаргаж идсэн хонийг эр хонь, төлөг аль нь болохыг шууд нотолсон баримтгүй мөн талуудын хооронд тохиролцсон зүйлгүй учир П.Энхтайваны Бодьсайханд төлөх ажлын хөлснөөс хасах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчаас гаргуулах 420.000 төгрөгийн /нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан/ шаардлагаас алдагдсан гэх бярууны үнэ 150.000 төгрөгийг хасч 270.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 150.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 29.250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 29.250 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360,1-д зааснаар хариуцагч П.Энхтайванаас мал хариулганы хөлс 270.000 / хоёр зуун далан мянга / төгрөгийг гаргуулж Б.Бодьсайханд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 150.000 / нэг зуун тавин мянга / төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16.250 /арван зургаан мянга хоёр зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Энхтайванаас 8.750 /найман мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бодьсайханд олгосугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА