Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 00020

 

Б.Бодьсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Б.Бодьсайхан, хариуцагч П.Энхтайван нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны  өдрийн 402  дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Бодьсайханы нэхэмжлэлтэй, П.Энхтайванд холбогдох үлдэгдэл цалин 520,000 /таван зуун хорин мянга /төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Бодьсайхан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Бодьсайхан нь 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Ч.Долгор, П.Энхтайван гэдэг хүмүүсийн мал маллахаар 2 сарын хугацаатай гэрээ байгуулан сарын хөлс нь 400,000 төгрөгөөр тохирч хөдөө гарсан юм. Анх 688 толгой малыг хүлээж авсан.

... П.Энхтайвангаас мал хариулганы үлдэгдэл цалин болох 520,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Бодьсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нийт 420,000 төгрөг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна, би бяруу алдсан гэдгээ зөвшөөрч байна, алдсан бяруугаа 150,000 төгрөгөөр үнэлээд нэхэмжлэлийн шаардлагаас тус бярууны үнийг хасч 270,000 төгрөг гаргуулах саналтай байна гэжээ.

Хариуцагч П.Энхтайван тайлбартаа: Миний бие П.Энхтайван нь 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ах П.Эрдэнэбат, түүний эхнэр Долгор нартай хамтран Б.Бодьсайханаар мал маллуулахаар болсон бөгөөд бид нар мал маллуулах гэрээ байгуулж гарын үсэг зуралцсан юм.

... 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Б.Бодьсайханаас малаа хүлээж аваад дутсан малынхаа тооцоог хийж дуусгаад цалин хөлсөө аваарай гэсэн юм. Хэрвээ алдсан гэх шүдлэн үхрийг зах зээлийн үнээр тооцвол 400,000 төгрөг, 4 ямааг хамгийн доод үнээр тооцоход нэг бүрийн үнэ 50,000 төгрөг, нийт 200,000 төгрөг, эр хонь 120,000 төгрөг, бэлнээр өгсөн 40,000 төгрөгийг нийлүүлээд тооцвол 760,000 төгрөг болно. Харин бидний зүгээс Б.Бодьсайханд П.Энхтайван би яг бодитоор төлнө гэвэл мал хариулганы хөлс 1 сарын хөлс 400,000 төгрөг, 10 хоногийн хөлс 130,000 төгрөгийн тал хувь 65,000 төгрөг /надтай хамтран мал харуулж байсан Ч.Долгороос Б.Бодьсайхан нь 65,000 төгрөгийг гаргуулсан авсан шүүхийн шийдвэр байгаа тул би талыг нь төлнө/  нийт 465,000 төгрөг болж байна.

...Ингээд тооцоод байхаар би энэ хүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 402 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1-д зааснаар хариуцагч П.Энхтайванаас мал хариулганы хөлс 270,000 /хоёр зуун далан мянга/ төгрөг  гаргуулж Б.Бодьсайханд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 150,000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,250 /арван зургаан мянга хоёр зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Энхтайванаас 8,750 /найман мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бодьсайханд олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч П.Энхтайван давж заалдах гомдолдоо: Шүүх надаас 270,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийнхээ “тодорхойлох” хэсэгт шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон гэрлэгчдийн тайлбарыг шинжлэн судлаад”  гэжээ, бид цалин хөлс олгох эсэх, дутагдуулсан малын талаар маргасан болохоос гэрлэлтийн талаар гэрлэгчид маргаагүй юм.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Б.Бодьсайханы шүүх хуралдаан дээр өгсөн  ...нийт 420,000 төгрөг нэхэмжилж нэхэмжлэлийнхээ дүнг багасгаж байна. Би бяруу алдсан гэдгээ эөвшөөрч байна. Тэр алдсан бяруугаа       150,000 төгрөгөөр үнэлээд нэхэмжлэлийн шаардлагаас бярууны үнийг хасч 270,000 төгрөг гаргуулах саналтай байна” гэсэн. Хариуцагч П.Энхтайван энэ талаар маргаагүй, бярууны үнийн талаар санал хүсэлт гаргаагүй, хариуцагч нь хэрэгт өгсөн тайлбартаа шүдлэн үхэр дутаасан түүнийгээ 400,000 төгрөгөөр үнэлнэ гэсэн боловч шүүх хуралдааны явцад энэ талаараа тайлбарлаагүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар шүдлэн үхэр алдсан гэдэг нь тогтоогдохгүй, энэ талаар хариуцагч нотлох баримт гаргаж өгөөгүй байна гэж дүгнэжээ.

Үүнд тайлбар хийхэд бид Б.Бодьсайхантай хийсэн хөдөлмөрийн гэрээндээ хүлээлгэн өгсөн малынхаа тоог бичсэн тухайлбал: үхэр: үнээ-18, хязаалан 1, шүдлэн 9,  бяруу 11, тугал 12, нийт 54, хонь . . ., ямаа . . , гэх мэтээр тус тус бичиж гарын үсэг зуралцсан. Ингээд Б.Бодьсайханаас малаа хүлээж авахад 11 бяруу тоо толгойгоороо байсан. Харин нэг шүдлэн дутсан байсан үүнийгээ нэхэмжлэгч өөрөө зөвшөөрч байгаа бөгөөд шүдлэн биш бяруу гээд малынхаа насыг нь зөрүүлээд байгаа болно. Би энэ талаар хариу тайлбартаа бичиж шүүх хуралд оролцсон. Гэтэл шүүх намайг энэ талаар шүүх хуралдаан дээр тайлбарлаагүй гэж үзээд нэхэмжлэгчийн алдсан шүдлэн үхрийн үнийг нэхэмжлэгчийн амаар бяруу гэж тооцон 150,000 төгрөг гаргуулахаар шийдсэн нь дэндүү нэг талыг барьсан гэж үзэх үндэслэлтэй.  Хөвсгөл аймгийн зах зээлд бяруу 300,000-350,000 төгрөг, шүдлэн     400,000-450,000 төгрөг байгаа. Гэтэл шүүх яагаад /нэхэмжлэгчийн амаар/ 150,000 төгрөг гэж үнэлээд байгааг ойлгохгүй байна. Малын үнэн дээр нэхэмжлэгч, хариуцагч нар 2 өөр үнэ хэлж маргалдаж байхад шүүх яагаад эрх бүхий байгууллагаар үнэлүүлсэнгүй вэ энэ талаараа тайлбарласангүй. Шүүх хуралдаан дээр бид малын насны зөрүүгээс үүдэн малын үнийн талаар хэн хэн нь өөр өөрийн тайлбарыг хэлснээс биш нэхэмжлэгчийн үнийг хариуцагч зөвшөөрөх эсэх талаар асуугаагүй, шүүх хуралдаан дээр хоорондоо маргалдахгүй даргалагчийн зөвшөөрөлгүйгээр үг хэлж болохгүй гээд анхааруулаад байхад нь айгаад дуугүй байсан болохоос Бодьсайханы бярууны үнийг зөвшөөрсөндөө дуугүй байгаагүй юм. Иймээс миний дуугүй байсныг миний эсрэг ашигласан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

...Бид малаа тоолж дараагийн малчинд хүлээлгэж өгөхөд 4 ямаа, 1 эр хонь, 1 шүдлэн үхэр дутсаныг малчин Гандорж мэдэж байгаа. Гэтэл нэхэмжлэгч нь би ямаагаар төлөг сольж идсэн гэж тайлбарлаж байгаа нь ямарч байсан нэг хонь идсэн гэдгээ хүлээж байна гэж ойлгогдож байна.  Энэ хүн өөрийн гэсэн малгүй учраас маллаж байгаа хониноосоо нэг хонь идье гэхэд нь би зөвшөөрсөн. Гэтэл шүүх нэхэмжлэгчийг “би хонь идсэн” гээд байхад нь “чи хонь идээгүй байна“ гээд төлүүлэхээс чөлөөлөөд байгаа юм байна гэж би ойлголоо. Тиймээс хүний малаас алж идэхдээ эзнээс нь зөвшөөрөл авч үнийг нь яаж төлөхөө тохиролцох ёстой. Энэ хүнд зүгээр хонь өгөх ёстой аав ээж нь биш тиймээс алж идсэн хонийг нь төлүүлж 120,000 төгрөг гаргуулна.

...шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ Долгор нь уг хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө 4 ямаа дутсан талаар огт мэдүүлээгүй . . гэх мэдүүлэг зэргээр 4 ямаа дутаасан болох нь няцаагдаж байнагэж дүгнэлт хийснийг би шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд үнэлэх үүргээ биелүүлээгүй нэг талыг барьж хүнд ойлгомжгүй дүгнэлт хийж улмаар Бодьсайханыг 4 ямаа дутагдуулсны үнэ 200,000 төгрөгөөс чөлөөлж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна.

Иймд сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 402 дугаар шийдвэрээр надаас 270,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Бодьсайханд олгуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгож намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүхийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлж гаргасан шийдвэр нь “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” тухай  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Бодьсайхан нь хариуцагч П.Энхтайванд холбогдуулан үлдэгдэл цалин 520,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 270,000 төгрөг болгон багасгасан  байх ба хариуцагч нэхэмжлэлээс татгалзаж “...мал дутагдуулсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж чадахгүй” гэсэн тайлбар гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Бодьсайхан нь 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч П.Энхтайвантай гэрээ байгуулж,  хариуцагчийн 644 толгой малыг 2 сарын хугацаатай, сарын 400,000 төгрөгийн хөлстэй маллахаар тохиролцсон үйл баримт тогтоогдсон байна.

Шүүх  зохигчийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д  заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хариуцагч нь нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, мал дутагдуулсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул энэ нөхцөл байдал тогтоогдоогүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Хэрэгт гэрээний дагуу хүлээсэн үүргээ нэхэмжлэгч зохих ёсоор биелүүлээгүй буюу гэрээний үүргийг нэхэмжлэгч зөрчсөн талаар баримт авагдаагүй тул хариуцагч мал маллуулсан  хөлс  төлөх үүрэгтэй.

Хариуцагч  шийдвэрийг эс зөвшөөрч  “...шүүх яагаад эрх бүхий байгууллагаар үнэлүүлсэнгүй вэ, хонины үнэ 120,000 төгрөг гаргуулна, 4 ямаа дутагдуулсны 200,000 төгрөгөөс чөлөөлж шийдвэрлэснийг  зөвшөөрөхгүй” гэсэн давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Учир нь:

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь зохигч хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх журмаар явагддаг бөгөөд зохигч холбогдох нотлох баримтаа гаргах үүрэгтэй. Эд зүйлд үнэлгээ тогтоолгох, шинжээч томилуулах ажиллагааг зөвхөн зохигчийн хүсэлтээр явуулах бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар энэ талаар хүсэлт гаргаагүй учир  шүүх өөрийн санаачилгаар шинжилгээ хийлгэж, үнэлгээ тогтоолгох  боломжгүй.

Мөн “мал дутагдуулсан” гэх байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, “ямаагаа хониор сольсон” гэсэн тайлбарыг  үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй, дутагдуулсан болон сольсон гэх хонь, ямаа, шүдлэн үхэртэй холбогдуулан хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан шаардлага хангасан нэхэмжлэл гаргаагүй байна.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мал  дутсантай холбогдуулан  нэхэмжлэл гаргах эрх  П.Энхтайванд  нээлттэй бөгөөд нэхэмжлэл гаргахад энэ магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 402  дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,750 /найман мянга долоон зуун тавь/ төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.СОСОРБАРАМ

                  ШҮҮГЧИД                                   Ё.БЯМБАЦЭРЭН

                                                          Т.ГАНБАТ