Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2022/0738

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г**** ХХК, 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.О*** ,

Өмгөөлөгч: Б.Б*** ,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Б*** нарын хоорондын нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/*** дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О*** , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*** , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Г**** ХХК-ийг нийслэлийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/*** дугаар захирамжаар Б*** дүүргийн ** -р хорооны нутаг дэвсгэр, А*** орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг батламжилсан.

1.2. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Г*** дугаар гэрээг байгуулж, 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ДТ 15*** дугаар 240 айлын үйлчилгээтэй орон сууцны архитектур төлөвлөлтийн даалгаврыг авсан байна.

1.3. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 0*** 30*** дугаар, 02*** 30*** дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгожээ.

1.4. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/*** дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн төсөл хэрэгжүүлэх эрхийг барилгажилтын ажлыг 6 сар хүртэлх хугацаанд эхлүүлээгүй, газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгчтэй байгуулсан гурван талт гэрээний үүргийн биелэлт хангагдаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгосныг Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 01*** дугаар албан бичгээр мэдэгджээ.

1.5. Г**** ХХК-иас 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/*** дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан.

1.6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/*** дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

 

Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч Г**** ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.М*** ээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Г*** ХХК нь гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн шалгуурт зохих шаардлагыг ханган Б*** дүүргийн ** дугаар хороо, А*** /Г*** багц/ орчмын 15,4 га газарт Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/*** дугаар захирамжаар гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрх авч, Түмэн А*** цогцолбор хорооллыг бий болгох зорилгоор дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа болно.

Тус цогцолбор хороолол нь 9500 орчим хүн оршин суух 3200 айлын орон сууц, 920 хүүхдийн дунд сургууль, 240 цэцэрлэг, 360 хүүхдийн бага сургуулийн цогцолбор, 1016 машины ил зогсоол, 640 машины далд зогсоол, түүнчлэн оффис үйлчилгээний цогцолбор барилга болон нийтийн ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай зэргээс бүрдэнэ.

Манай компанийн зүгээс А*** /Г*** багц/ төслийн хүрээнд 2 ширхэг 240 айлын 16 давхар орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа бөгөөд 48 айл өрхийн газрыг чөлөөлж, үүнээс 90%-ийг нь С*** дүүргийн 11-р хороо, Х** хотхон хороололд оруулан, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүлээлгэн өгсөн, үлдсэн 10 хувь нь тус хотхоны 5 блок болон Түмэн А*** хорооллын 240 айлын орон сууц болох 114а байрнуудаас олгохоор гэрээ байгуулж, улсын комисс хүлээн авсны дараа байраа хүлээн авахад бэлэн болоод байна.

Гэтэл Орон сууцны бодлогын газраас 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 01*** дугаар албан бичгээр гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд Г*** багц/ төслийг Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/*** дугаар захирамжаар цуцлах болсон тухай манай компанид 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр мэдэгдсэн бөгөөд уг А/*** дугаар захирамжийн үндэслэх хэсэгт "... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй." гэх заалтыг үндэслэх болсон шалтгаан нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 1*** дүгээр тогтоол юм.

Уг тогтоолоор Ц.Б*** , Д.М*** , Л.С*** нараас
Нийслэлийн Засаг дарга, Орон сууцны ДЭД бүтцийн газарт холбогдуулан ... Г*** /004, Г*** /009 тоот гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйг тогтоож, төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, нэхэмжлэгч нарын газар өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан олгохыг Нийслэлийн Засаг дарга, Орон сууцны дэд бүтцийн газарт даалгуулах ... тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг 3 шатны шүүхээр хянан шийдвэрлэж дуусгавар болсон.

Дээрх 1*** дүгээр тогтоол нь гагцхүү иргэн Ц.Б*** , Д.М*** ,
Л.С*** нарт холбогдох захиргааны хэргийн маргаан, тухайн нэхэмжлэгч гурван иргэнд холбогдох тогтоол болно. Үүнийг Монгол Улсын Дээд Шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 04* дугаар албан бичгээр "... "Г**** ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрх нь зөвхөн нэхэмжлэгч нарын хувьд цуцлагдсан гэж ойлгоно..." гэх Монгол Улсын Дээд Шүүхийн шүүгчдийн танхимын хурлын тайлбараар нотлогдоно.

Гэтэл Нийслэлийн Засаг даргын А/*** дүгээр захирамжаар А*** /Г*** багц/ төслийг бүхэлд нь цуцлахдаа Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 1*** дүгээр тогтоолыг өөрсдийн үзэмжээр тайлбарлаж, Г**** ХХК болон хэдэн зуун иргэнийг хохироосон, маш их хэмжээний хохирол, үр дагаварт хүргэсэн захирамж гаргасан байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/*** дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компани нь гэр хорооллын газрыг дахин төлөвлөх буюу барилгажуулах төслийн зохих шаардлагыг хангаж Б*** дүүргийн ** дугаар хороо, А*** 2013 багц төсөлд шалгарч 15,4 га газар Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/*** дугаар захирамжаар гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрх авч, Түмэн А*** цогцолбор багцыг бий болгох зорилгоор дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа явуулж байгаа. Цогцолбор хороолол нь 9500 орчим хүн оршин суух, 3200 айлын орон сууц, 920 хүүхдийн дунд сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг, 360 хүүхдийн бага сургуулийн цогцолбор, 1016 авто машины ил зогсоол, 640 ширхэг далд зогсоол, түүнчлэн оффис үйлчилгээний барилга нийтийн ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай зэргээс бүрдсэн цогц хорооллыг барьж байгуулахаар төслийг хэрэгжүүлж байгаа. Манай компани нь А*** гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл 2013 багцын хүрээнд 2 ширхэг 240 айлын 16 давхар орон сууцны барилгыг гүйцэтгээд явж байгаа. Уг ажлынхаа хүрээнд 48 айлын газрыг чөлөөлж үүнээс 90 хувийг С*** дүүргийн Х** хотхонд оруулаад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгосон. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Нийтдээ 38 ширхэг орон сууц, 6 ширхэг авто машины гаражууд олгогдоод үлдэх 10 иргэд Х** хотхоны 5 дугаар блок байрнаас 9 иргэн нь байр ашиглалт орсны дараа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгохоор нэмэлт гэрээнүүдийг шинэчилж хийгээд, орон сууц захиалгын гэрээгээ байгуулж байгаа. Мөн Түмэн А*** хорооллоос үлдэх м.кв болон иргэдээс Түмэн А*** байрны 414А байруудаас орон сууц олгохоор гэрээнүүдийг шинэчилж хийгээд иргэдтэй тохиролцоод явж байна. Гэтэл Орон сууц бодлогын газраас 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01*** дугаар албан бичгээр гэр хорооллын газрыг дахин төлөвлөх, барилгажуулах ажлын хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн 2013 багц төслийг Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн А/1*** дугаар захирамжаар цуцлах болсон тухай мэдэгдлийг манайд хүргүүлснээр бид гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх эрхийг цуцалсан болохыг мэдсэн. Тус захирамжийн үндэслэх хэсэгт Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийг үндэслэж манай нэхэмжлэгч компанийг төсөл хэрэгжүүлэхийг цуцалсан. Шүүхийн тухай хуулийн тус заалтыг үндэслэсэн шалтгаан гэвэл Монгол улсын дээд шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1*** дүгээр тогтоолыг үндэслэж цуцалсан. Уг дээд шүүхийн 2022 оны 131 дүгээр тогтоол нь Ц.Б*** , н.М*** , н.С*** нараас Нийслэлийн засаг даргаас орон сууц дэд бүтцийн газарт холбогдуулаад гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн 20*** , ****, 20**** тоот гурван талт гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлээгүй болохыг тогтоож төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж нэхэмжлэгч нарын газар өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан олгохыг Нийслэлийн Засаг дарга, Орон сууцны дэд бүтцийн газарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тус нэхэмжлэлийг 3 шатны шүүхээр хэлэлцэж шийдвэрлэсэн байгаа. Улсын Дээд шүүхийн тогтоолоор Нийслэлийн Засаг дарга болон нэхэмжлэгч компанитай байгуулсан гурван талт гэрээг цуцалсан гэсэн агуулгатай. Үүнийг Улсын Дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хариу хүргүүлэх тухай 04* дугаартай албан бичгээр нэхэмжлэгч компанийн төсөл хэрэгжүүлэх эрх нь зөвхөн нэхэмжлэгч нараар цуцлагдана гэж дээд шүүхээс тайлбарласан. Гэтэл орон сууц бодлогын газар болон Нийслэлийн Засаг дарга нь улсын дээд шүүхээс манай хэрэгжүүлэх эрхийг цуцалсан учраас манай төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж байна гэсэн. Иймд захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэв.

2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*** шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Үйл баримтын тухайд Э.Б******* нь Засаг дарга байхдаа өөрийн хүүхдийн 100 хувь эзэмшилд байдаг Г*** ХХК-д олгосон. 2015 онд Бэрэн группэд 9 тэрбум төгрөгөөр компаниа зарсан. Компанийн гол шалтгаан нь төсөл хэрэгжүүлэх эрх байсан. 2017 оны 05 дугаар сараас эхлээд айлуудтай хоёр талын гэрээ хийгээд айлуудыг чөлөөлөх нөхцөл байдал яригдаж эхэлсэн. Нийслэлийн Засаг дарга болон Орон сууц бодлогын газраас эрх олгосон. Шүүхийн газрын үзлэгээр барилгын өөдөөс харсан хашаанууд дотор хүмүүс амьдардаг бөгөөд хажуу талд нь мөн адил айлууд байдаг. Тэдгээр хүмүүстэй тохиролцоонд хүрч чадаагүй. Өөрийнхөө өмч хөрөнгийг хэдээр бол хэдээр үнэлнэ гэдэг. Хамгийн гол асуудал бол дахин төлөвлөлтийн хэмжээнд хийгдэж байгаа барилгын тухайд иргэдтэй тохиролцоонд хүрч нүүлгэн шилжүүлэх асуудал юм. Хүмүүс тохироод маргааш нь гомдол санал гаргаад явах тохиолдол байдаг. Хариуцагчийн зүгээс чөлөөлсөн нэгж талбар дээр маргаан байдаггүй. Үүн дээр Нийслэлийн Засаг дарга болон Орон сууц бодлогын газраас гэрээний хэрэгжилтээр хяналт тавьж ажиллаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж тогтоосон. Ноцтой асуудал бол санхүүжилт дутуу хийгдсэнээс шалтгаалж инженерийн дэд бүтцийн ажил дутуу гүйцэтгэлтэй буюу холбогдох газруудаас зөвшөөрөл олгодоггүй. Өөрөөр хэлбэл ус дулаан олгох харилцаа байхгүй. Тэр гүйцэтгэл гэтэл нэхэмжлэгч компанитай огт хамаагүй. 11,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээс 9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан. Гүйцэтгэл 85 хувьтай байгаа. Ус дулаан авах гэтэл санхүүжилт байхгүй, танай төслийг цуцална гэдэг асуудал ярьдаг. 2019 онд ажил эхлүүлэх зөвшөөрөл аваад 2019 оноос дэлхий нийтийг хамарсан ковид өвчний нөхцөл байдалтай холбоотой барилгын ажил зогссон. 2019 оны сүүл үеэс 2020, 2021 онд барилгын ажил огт хийгдээгүй. Энэ нөхцөл байдалтай холбоотой мөн дэд бүтцийн ажлын гүйцэтгэл хангалтгүйгээс холбогдох газар зөвшөөрөөгүй. Тэд нар зөвшөөрөл өгөөгүй болохоор нийслэлээс ажлын зөвшөөрөл сунгаж өгдөггүй. Хариуцагч байгууллагын буруутай үйлдэл байна. 6 сарын дотор ажил эхлүүлээгүй гэж байна. Үйл баримтын хүрээнд компаниа худалдсан байна. 2013 оны асуудал бол н.Чулуудайн асуудал байгаа. 2015 оноос хойш барилгажуулах ажлыг хугацаандаа чөлөөлсөн үү гэдэгт нийслэл хяналт тавих ёстой. Гурван талт гэрээний хэрэгжилтэд хяналт тавих гэдэг нь энэ юм. Инженерийн шугам сүлжээний санхүүжилтээ хийх гэтэл дутуу санхүүжилт хийснээс асуудал үүссэн. Маргаан бүхий захиргааны актын 3 үндэслэл байна. Актын үндэслэл хэсэгт бичигдсэн байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Засаг даргын өмнөөс тэрийг үндэслээгүй тэр яах вэ гэж болохгүй. Шүүхээс шийдсэн учраас 100 хувийн саналаар цуцлах нь зүйтэй байна. Иргэдээс гомдол ирсэн гэж тайлбарладаг боловч хэрэгт ямар ч иргэний гомдол байхгүй. Өөрсдийнхөө хэмжээнд чөлөөлж 48 иргэдтэй тохиролцоонд хүрээд явж байна. 10 сараас үлдсэн 9 айлын ордер гаргуулах асуудал байна. Хяналтын хорооны тэмдэглэлийн тухайд тэнд очиж сууж тайлбар өгөх гомдол санал хэлэх зүйл нь зохион байгуулалттай явагдсан. Хурлын тэмдэглэл авах талаар удаа дараа хандсан боловч одоогоор тэмдэглэлийг гаргаж өгөөгүй. Гэтэл шүүхэд баримтаар авагдсан байна. 80 хувийн оршин суугчдтай нэгж талбарын гэрээ байгуулах нь чөлөөлсөн талбайтай холбоотой юм. Газраа чөлөөлөөгүй хүмүүстэй гэрээ байгуулах боломжгүй.

Хууль зүйн үндэслэлийн хувьд эргэлзээтэй зүйл байна. Захиргааны акт учраас Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зохицуулалт яригдана. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно гэж заасан. Эрх зүйн зөрчил байна уу гэвэл тийм. Хэргийн нөхцөл байдалд тулгуурлах, акт гарах хэрэгцээ шаардлага бодитой үүссэн үү гэдэг холбогдох үндэслэл бүхий дүгнэлт хийгдээгүй байна. 48 айлын хохирол барагдуулсан уу? Дээд шүүхийн шийдвэрт хамаарч байгаа юу? гэдэг асуудал дээр ямар ч үндэслэл бүхий шийдвэр байхгүй, шууд шүүхийн шийдвэрийг үндэслэсэн. Нийслэлийн Засаг дарга 02 дугаар сарын 14-ний өдөр шийдвэр гаргахаасаа өмнө дээд шүүх рүү хандаад дээд шүүхийн тогтоолыг яаж хэрхэн ойлгох талаарх тайлбараа шийдвэр гаргахаас өмнө авах байсан. Гэтэл хойно нь 03 дугаар сарын 02-ны өдөр тайлбар авсан. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд захиргааны актыг мэдэгдэх тухай зохицуулалт байна. Захиргааны актын мэдэгдэх ажиллагааны тухайд түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна гэж заасан. Гэтэл Нийслэлийн Засаг даргаас шийдвэр гарсан талаар Засаг даргын тамгын газар болон холбогдох ажлын албанаас мэдэгдэх ажиллагаа хийгдээгүй. 08 дугаар сарын 13-ны өдрийн хурлын шийдвэрийн хүрээнд Засаг дарга санал оруулж байгаа. Засаг дарга саналыг хүлээж авах эсэх асуудал өөрийнх нь бүрэн эрх хэмжээнд хамаарч байгаа. Г*** ХХК-иас албан тоот өгдөг. Хяналтын хорооноос бодит байдлыг судалж үзээгүй талаарх албан бичиг өгөхөд хариу өгдөггүй. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах гэж заасан. Холбогдох хууль зүйн үндэслэл болон Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Улсын Дээд шүүхийн тогтоол нь өөрөө эрхийн актыг гаргах хууль зүйн үндэслэл биш байна. Эрх зүйн зөрчилтэй захиргааны акт гарсан байна. Тийм учраас үүнийг хүчингүй болгох шаардлагатай юм. Учир нь хэргийн үйл баримтын хүрээнд хангалттай тогтоогдож байна. Цааш нь үргэлжлүүлээд барилгын ажлыг явуулах бүрэн боломжтой. Талбайг буцааж олгох тайлан төлөвлөгөөний талаар ерөөсөө хүлээж авдаггүй. Монгол ардын намын хамаарал бүхий этгээдийн аль нэг хүн төслийг хэрэгжүүлэх ёстой юм шиг асуудлыг улс төржүүлээд хандаад байна. Маргаан бүхий актын талаар хууль зүйн үндэслэл дурдаагүй учир хүчингүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү гэв

 

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б*** шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчийг Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/*** дугаар захирамжаар Б*** дүүрэг ** дугаар хороо, А*** орчмын /Г*** багц/-ын талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу төсөл хэрэгжүүлэгчээр батламжлагдсан.

Тус талбай нь 15,2 га талбайтай, 228 нэгж талбараас 48 нэгж талбар чөлөөлсөн. Г**** " ХХК нь 2013 оноос хойш өнөөг хүртэл хугацаанд 2 барилгын суурь ухсан өөр ажил хийгээгүй. Газар чөлөөлсөн 29 өрхийг Х** хотхонд түр байршуулсан гэрчилгээ гараагүй, 19 өрх түрээсийн байранд амьдарч байгаа бөгөөд Г**** "ХХК түрээсийн төлбөрийг төлөхгүй иргэдийг хохироосоор байсан.

Газраа чөлөөлсөн төсөл иргэд болох Ц.Б*** , Д.М*** ,
Л.С*** нар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2018 онд нэхэмжлэл гарган Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэг үүссэн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6*** дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2020 оны 1*** дүгээр тогтоолоор Б*** дүүргийн ** хорооны нутаг дэвсгэр Г*** багцын хэрэгжүүлэгч Г**** ХХК нь Г*** 003, Г*** 004, Г*** 009 тоот гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болохыг тогтоож, гуравдагч этгээд болох Г**** "ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, Д.М*** , Ц.Б*** нарын байгуулсан гурван талт гэрээг цуцалж, нэхэмжлэгч нарын газар емчлех эрхийн гэрчилгээг буцаан олгохыг хариуцагч нарт даалгаж, Г*** 003, Г*** 004 тоот гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 27,300,000 төгрөгийг Г*** 009 тоот гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 17,300,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.М*** т олгохыг хариуцагчаас гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 3*** ,350 төгрөгийг хариуцагчид даалгасан.

Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн дагуу Нийслэлийн Засаг
даргын 2021 оны 02 дугаар сарын 08-ний өдрийн А/*** дугаар захирамжаар гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хэрэгжилтэд хяналт тавих, төслийн хэрэгжилттэй холбоотой гомдол, саналыг хэлэлцэх, нөхөн олговрын хэмжээг тогтоох зорилгоор үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Хяналтын хороо байгуулсан.

Тус Хяналтын хороо 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хуралдаж Б*** дүүргийн ** дугаар хороонд төсөл хэрэгжүүлэгч "Г**** ХХК-ийн төслийн явцыг хэлэлцээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6*** дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2020 оны 1*** дүгээр тогтоолыг үндэслэн гэр хорооллын дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгараад ажил хийгдээгүй, төслийн явц хангалтгүй байгаа Б*** дүүргийн ** дугаар хороо, А*** орчмын 15,2 га талбайд төсөл хэрэгжүүлэгч Г**** " ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах, газраа чөлөөлөн амьдрах орчин хүндэрсэн 48 өрхийг түр суурьшуулах орон сууцаар хангах асуудлыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Тус саналыг дагуу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22.5 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар батлагдсан Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам"-ын 5.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай А/*** дүгээр захирамж гарсан.

Нэхэмжлэлд дурдсан Монгол Улсын дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 04* дугаар албан бичиг нь эрх цуцалсан А/*** дүгээр захирамж гарсны дараа ирсэн бөгөөд маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны хэргийн дээрх 3 шатны шүүхийн шийдвэрээс гадна төсөл хэрэгжүүлэгч Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар батлагдсан Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам"-ын 5.2-т заасан гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төлөвлөгөөний дагуу ажил гүйцэтгээгүй тул төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан.

Иймд маргаан бүхий захиргааны актыг нийслэлийн Засаг дарга хууль, журамд заасан өөрт олгосон эрх хэмжээний хүрээнд гаргасан захирамж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 3Нийслэлийн Засаг даргын А/*** дугаар захирамжаар Б*** дүүргийн А*** хороолол орчим нэхэмжлэгч компани гэр хорооллын газарт дахин барилгажуулах эрхийг авсан байдаг. 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл сайдын баталсан 36 дугаар тушаал батлагдсан. Ингээд иргэдтэй хийсэн гурван талт гэрээний үүргээ биелүүлж ажиллаагүй. Манай байгууллагаас удаа дараа нэхэмжлэгчид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ үү гэдэг шаардлага тавьдаг. Хяналтын хороогоор хоёр удаа орсон байдаг. Төсөл хэрэгжүүлэгч үүргээ биелүүлэхгүй учир иргэдээс түр суурьшуулах газрын зардлыг өгнө гээд эхний нэг жил өгч байгаад дахин өгөөгүй гэж гомдол гаргадаг. Газраа чөлөөлсөн, ам бүл хоёулаа, гурвуулаа гээд ам бүл өөрчлөгдөөд орох оронгүй гээд иргэн н.Б*** нар захиргааны хэргийн шүүхэд хандсан. Энэ бол одоо маргаж байгаа маргааны актад ач холбогдолгүй шүүх дүгнээд явсан маргаан юм. Ингээд журам болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байхаар нь 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хяналтын хороогоор тус асуудлыг хэлэлцдэг. Хяналтын хороо гэр хорооллыг дахин төлөвлөх журам болон хуульд заасны дагуу асуудлыг хэлэлцээд энэ хуралдаанд нэхэмжлэгч компанийн захирал н.М*** өөрөө биечилж суусан байдаг. Хяналтын хорооны н.С*** дарга нар асуудал хэлэлцсэн. Ингээд хэлэлцээд хяналтын хорооны хуралдааны шийдвэрээр төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлэх тухай шийдвэр гарсан. Энэ тухай нэхэмжлэгч мэдэж байсан. Гол үндэслэл нь Барилга хот байгуулалтын яамны сайдын 2018 оны журам батлах тухай 46 дугаар журмын 5.2-т зааснаар цуцалж байна. Нийслэлийн Засаг дарга гэр хорооллын дахин төсөл хэрэгжүүлэх тухайд цуцлах эрх нь Нийслэлийн Засаг даргад байгаа. Нийслэлийн Засаг даргын 2022 оны захирамжаар нэхэмжлэгчид олгосон төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан. Одоо нэхэмжлэгч газар дээрээ барилгын үйл ажиллагаа явуулаад, карказ ажлын тухайд сунгагдаагүй өдийг хүртэл үйл ажиллагаа явуулаад байж байна. Хоёр тал, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ хүлээгээд нэр бүхий иргэдэд Х** хотхоноос орон сууц олгосон гэж тайлбарладаг. Гэтэл иргэдтэй хоёр болон гурван талт гэрээгээр тухайн төслийн байршлаар иргэдийг 60, 70 м.кв газартай орон сууцаар хангана гэж тохирсон. Улмаар тэр гэрээг дүгнэж байж хангагдана. Гэтэл тийм зүйл байхгүй, Х** хотхонд орон сууц өгөөд тэрийгээ энэ төслийн явцтай биелүүлсэн мэтээр тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй. Нийслэлийн Засаг дарга өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд дахин төлөвлөлтийн журмын 5.2 дах заалтыг бариад төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан. Түр суурьшуулах зардал олгоогүй, гурван талт гэрээг цуцлаач гэсэн н.Б*** нарын асуудлыг тусдаа хэлэлцсэн. Зөвхөн үүнийг үндэслэж захирамж болоод шүүхийн холбогдох шийдвэр бичигдээгүй. Хууль бус гэсэн захиргааны акт байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Хяналтын хорооны хуралдаанд нэхэмжлэгчийн захирал өөрөө ирж оролцоод шийдвэрийн талаар сонсоод явсан байдаг. Нийслэлийн Засаг дарга өөрт олгогдсон эрхийнхээ хүрээнд гэр хорооллын газрыг дахин төлөвлөх үйл ажиллагааны журмын 5.2 дах заалтыг бариад цуцалсан. Эрх зүйн хувьд зөрчилтэй зүйл харагдахгүй байна. 2013 оноос хойш төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны журмын дагуу хэрэгжүүлэх журмаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдэг талаар хэрэгт авагдсан баримтаар хангалттай харагдаж байна. Улс төртэй холбоогүй. Ард иргэдийн агаарын бохирдлыг бууруулах талаар ажиллаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч Г**** ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

2. Нэхэмжлэгч Г**** ХХК нь нийслэлийн Засаг даргад холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/*** дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ, дахин төлөвлөлт хийх талбайд 48 айлын газрыг чөлөөлж, Х** хотхонд байр олгосон, шүүхийн шийдвэрээр иргэн н.Б*** , Д.М*** нарын нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн нь зөвхөн тухайн иргэдийн чөлөөлсөн талбайд хамаарахаар байтал дахин төлөвлөлт хийх эрхийг бүхэлд нь хүчингүй болгосон нь хууль бус гэх агуулгаар тайлбарлан маргасан.

3. Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/*** дугаар захирамжаар ...нийслэлийн Б*** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр, А*** орчим/Г*** багц/-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр Г**** ХХК-ийг шалгарсныг батламжилж, мөн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн А/*** дүгээр захирамжаар ... төсөл хэрэгжүүлэгч Г**** ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн барилгажилтын ажлыг 6 сар хүртэл хугацаанд эхлүүлээгүй, газар, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгчтэй байгуулсан гурван талт гэрээний үүргийн биелэлт хангагдаагүй тул Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2020 оны 1*** дүгээр тогтоолын дагуу тус компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж шийдвэрлэсэн байна.

4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 6*** дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б*** дүүргийн ** дугаар хорооны нутагт /Г*** багцын/ төсөл хэрэгжүүлэгч Г**** ХХК, Г*** /003, ГХДТ*****, Г*** /009 тоот гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болохыг тогтоож, гуравдагч этгээдийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, нэхэмжлэгч нарын газар өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан олгохыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэсэн байх ба Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 1*** дүгээр тогтоолоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ** 8/ШШ2019/06** дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад Захиргааны ерөнхий хуулийн..., 56.3... гэснийг ... 56.2... гэж өөрчилж, гуравдагч этгээдийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж ... гэсний дараа нэхэмжлэгч Д.М*** , Ц.Б*** ын байгуулсан гурван талт гэрээг цуцалж гэж нэмж, 2 дахь заалтын Захиргааны ерөнхий хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т... гэсний дараа ... 100 дугаар зүйлийн 100.1-т... гэж нэмж, бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн зорилт нь иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор ..., гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, дахин төлөвлөн барилгажуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулах-д чиглэж байх ба мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-т хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн төсөл санаачлах, боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, 11.1.2-т улс, орон нутгийн төсвөөр хэрэгжих төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэх, 11.1.4-т төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах нь хот, суурин газрыг дахин хөгжүүлэх нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарахаар зохицуулжээ.

6. Мөн Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3-т зааснаар төсөл хэрэгжүүлэгч нь төсөл хэрэгжүүлэхтэй холбогдох үйл ажиллагааны зардал, хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах;, 23.1.5-д зааснаар төсөл, төлөвлөгөө боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй харилцан тохиролцож гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг хамтран дүгнэх үүргийг тус тус хүлээж байна.

7. Г**** ХХК нь төсөл хэрэгжүүлэх нийт 15,2га талбайд хамаарах 268 нэгж талбарын дугаар бүхий газраас 48 нэгж талбар бүхий газрын эзэмшигч, өмчлөгчтэй тохиролцож, 2 болон 3 талт гэрээ байгуулсан, уг 48 нэгж талбар бүхий газрыг эзэмшиж, өмчилж байсан иргэдээс шүүхийн дээрх шийдвэрийн дагуу Д.М*** , Ц.Б*** нартай байгуулсан гурван талт гэрээ цуцлагдсан, үлдсэн иргэдэд Х** хотхонд байр болон талбай олгохоор байгуулсан гэрээ хэрэгжиж байгаа тухайд хэргийн оролцогчид маргаагүй.

8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад,

8.1. Төсөл хэрэгжүүлэгч Г**** ХХК нь 240 айлын 2 блок орон сууцны барилгад 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ДТ 15*** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 30*** дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус авсан, барилга байгууламжийн тэг тэнхлэгийг газар дээр байгуулсан актыг 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр үйлдсэн боловч уг барилгууд өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байгаа нь шүүхээс хийсэн үзлэгээр,

8.2. Г**** ХХК-ийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ сунгагдаагүй, дахин олгогдоогүй болох нь нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 10/3379 тоот албан бичгээр,

8.3. Төсөл хэрэгжүүлэгч нь Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам-ын Тав зүйлийн 5.2-т ... барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэлх хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй нь нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр 03/270 тоот албан бичгээр ...барилга угсралтын ажлыг эхлүүлэх үүрэг өгсөн хугацаанд төслийн ажлыг эхлүүлээгүй тохиолдолд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах арга хэмжээ авах-ыг мэдэгдсэн, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03/24 тоот албан бичгээр ... төслийн ажлыг хэт удаашруулсан, ... гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн тул Хяналтын хорооны хурлын шийдвэрийн дагуу зөрчил арилгах 20 хоногийн хугацаа тогтоосон, Хяналтын хорооны 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд хуралдаан оролцсон иргэн Төмөр: ... гарын үсгээ зураад гэрээгээ байгуулаад газраа чөлөөлж өгсөн. Түүнээс хойш 8 жил өнгөрч байна гэсэн, иргэн Ц*** : ...Ингээд 8 жил болоод юм баригдсангүй. Би 136мкв байр авна гэж тохирсноос 40мкв авсан. Сүүлд байр өгөхдөө 2 жилийн түрээсийг суутгаж авсан, манай 2 хүүхэд юу ч аваагүй, 1600мкв газар өгсөн, ... одоо тэгээд ордер байхгүй, ... сууцтай гэж хэлэхээргүй байна, иргэн Алтанзул: ...манайх 2013 онд газраа чөлөөлж өгсөн, ... түрээсийн мөнгө нөхөж олгохгүй ээ, мкв-д тааруулж өгөхгүй ээ, албан тоот хүчээр тулгаж өгч байсан, ... бид хийсэн гэрээнийхээ дагуу байр олгоно гэсэн хүсэлтээ л хүлээж байна... гэснээр тус тус тогтоогдов.

9. Хууль тогтоомжийн дээрх зохицуулалт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй нөхцөл байдлуудыг нэгтгэн үзвэл, төсөл хэрэгжүүлэгч Г**** ХХК нь Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулиар хүлээсэн холбогдох үйл ажиллагааны зардал, хөрөнгийг бүрдүүлэх, нийслэл, дүүргийн Засаг дарга газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй харилцан тохиролцож гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг хамтран дүгнэх үүргээ биелүүлээгүй байх тул маргаан бүхий актыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

10. Тодруулбал,

10.1. Г**** ХХК нь Б*** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр, А*** орчим/Г*** багц/-ын гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр 2013 онд шалгарч нэр бүхий иргэдтэй 2 болон 3 талт гэрээг мөн онд байгуулсан, иргэдийн газрыг чөлөөлүүлж авсан атлаа 2021 он хүртэл 8 жилийн хугацаанд барилгын ажлыг эхлүүлэлгүй төслийг сунжруулж, 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 21/4 тоот Хамтран ажиллах гэрээ-г Их бодь констракшн ХХК-тай байгуулж барилгын ажлыг эхлүүлсэн, энэ нь төсөл хэрэгжүүлэгчийн өөрийнх нь үйл ажиллагаанаас хамаарсан гэж үзэхээр байна.

10.2. Түүнчлэн газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгчтэй байгуулсан гурван талт гэрээний үүргийн биелэлт хангагдаагүй болохыг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 1*** дүгээр тогтоолд ... нэхэмжлэгч нар нь гэрээний 3.1.3-т заасны дагуу газраа чөлөөлж, нүүн шилжих үүргээ биелүүлсэн боловч Г**** ХХК нь барилгажуулах ажлын зардал, хөрөнгө оруулалтыг өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлэх, ... үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн даруй Гэр хорооллын хөгжлийн газарт бичгээр мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй... гэж дүгнэсэн байх тул шүүхийн шийдвэр нэр бүхий иргэдтэй байгуулсан гурвалсан гэрээний хувьд хэрэгжихээр байхад төсөл хэрэгжүүлэх эрхийг бүхэлд нь цуцалсан нь хууль бус гэх нэхэмжлэл үндэслэлгүй.

10.3. Учир нь, маргаан бүхий А/*** дүгээр захирамж нь төсөл хэрэгжүүлэгч болон төсөлд оролцогч, түүнчлэн захиргааны байгууллагын хоорондын иргэдийн эрүүл, аюулгүй таатай орчинд амьдрах нөхцөлийг хангах, гэр хорооллыг орон сууцжуулах зэрэг нийгмийн шаардлагаар нийтийн ашиг сонирхлыг хэрэгжүүлж байгуулагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ-г цуцалж шийдвэрлэсэн шийдвэр бус, харин төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан шийдвэр байна.

10.4 Иймд дээрх зорилго бүхий нэг тооны захиргааны гэрээний хэрэгжилт хангагдаагүй нь тухайн төслийг хэрэгжүүлж эхлэх үндэслэл болсон Хот суурин газрыг дахин төлөвлөх тухай хуулийн ...иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, дахин төлөвлөн барилгажуулах зорилго хангагдаагүй, төсөл хэрэгжүүлэгч хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болохын зэрэгцээ маргааны тохиолдолд Б*** дүүргийн ** дугаар хорооны нутагт /Г*** багц/ төсөлд хамаарах 15,2га талбайтай төслийн талбай бүхэлдээ барилгажаагүй, талбайн дийлэнх хэсэг чөлөөлөгдөөгүй, чөлөөлөгдсөн хэсэг талбайд баригдаж буй барилга нь холбогдох газраас зөвшөөрөлгүй, ашиглалтад ороогүй байх тул маргаан бүхий актаар Г**** ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй гэж дүгнэлээ.

11. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх гадна шугам сүлжээний хөрөнгө оруулалт хийгдээгүйгээс ажил удааширсан гэх боловч энэ нь барилгыг ашиглалтад оруулах үед дүгнэгдэхээс бус барилгын ажлыг эхлүүлэх, бусад нэгж талбарыг чөлөөлөхөөр иргэдтэй тохиролцох, гэрээ байгуулахад саад учруулахааргүй байжээ.

** . Түүнчлэн нэхэмжлэгч талаас тухайн үед нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Б*******ийн хүү Б.Ч** нь төсөл хэрэгжүүлэгчээр шалгарснаас хойш огт үйл ажиллагаа явуулаагүй, бид 2015 онд хүлээж аваад төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлсэн гэх боловч хариуцагч нь энэ хугацаанаас хойш 7 жилийн дараа маргаан бүхий актыг гаргаж, төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан байх тул дээрх тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй.

13. Харин нэхэмжлэгч талаас Газраа чөлөөлсөн иргэдэд орон сууц олгосон гэж тайлбарлах ба эдгээр 48 нэгж талбарын дугаар бүхий газар, үл хөдлөх эд хөрөнгийг өмчилж, эзэмшиж байсан иргэдийг орон сууцжуулсан нь төслийн бусад зорилго, тухайлбал, гэр хорооллыг дахин төлөвлөх, барилгажуулах/гэр хорооллын тоог багасгах/ зорилго хангагдсан гэж үзэх үндэслэл болохгүй боловч иргэдээс нэгэнт газраа чөлөөлсөн, Г**** ХХК-тай байгуулсан 2 болон 3 талт гэрээ хэрэгжиж дуусаагүй байгаа зэрэг бодит нөхцөл байдал байх тул нийтийн болон нэхэмжлэгч хуулийн этгээдийн ашиг сонирхлын үүднээс маргаан бүхий актын чөлөөлөгдсөн талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

14. Өөрөөр хэлбэл, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан хот суурин газрын дахин хөгжүүлэх үйл ажиллагаанд нийтийн эрх ашгийг эрхэмлэх зарчмыг баримтлахаар хуульчилсан тул тодорхой тооны иргэд газраа чөлөөлсөн, уг иргэдэд Г**** ХХК-иас орон сууц, талбай олгох ажил үргэлжилж байгаа нь тогтоогдож байх тул тухайн чөлөөлөгдсөн талбайг дахин төлөвлөх, барилгажуулах үйл ажиллагааг үргэлжлүүлэх нь нийтийн эрх ашигт илүү нийцэхээр байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 5 дугаар зүйлийн 5.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2, 11.1.4, 23 дугаар зүйлийн 23.1.3, 23.1.5-д заасныг тус тус баримтлан Г**** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/*** дүгээр захирамжийн чөлөөлөгдсөн талбайд холбогдох хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ