Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2023/0087

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

нийслэлийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:     М.Батсуурь    

Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа

Шүүгчид:                      Г.Банзрагч                             

                                          П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:         Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0481 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2023/0540 дүгээр магадлал,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 406 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Б.М нарыг оролцуулан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.“Г” ХХК-аас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” А/169 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахшаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2.Нийслэлийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай” А/533 дугаар захирамжаар нийслэлийн **** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэр, А орчим /ГХД/2013/7 багц/-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “Г” ХХК-ийг шалгарсныг батламжилжээ.  

2.1.Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/169 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22.5, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар батлагдсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 5.2 дахь хэсгийг тус тус үндэслэн нийслэлийн **** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэр, А орчим /ГХДТ/2013/7 багц/-д төсөл хэрэгжүүлэгч “Г” ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн барилгажилтын ажлыг 6 сар хүртэлх хугацаанд эхлүүлээгүй, газар үл хөдлөх, эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгчтэй байгуулсан гурван талт гэрээний үүргийн биелэлт хангагдаагүй тул Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2020 оны 141 дүгээр тогтоолын дагуу тус компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалжээ.

3.Нэхэмжлэгч компаниас дээрх захирамжийг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар “... хариуцагч А /ГХДТ/2013/7багц/ төслийг бүхэлд нь цуцлахдаа Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2020 оны 141 дүгээр тогтоолыг өөрсдийн үзэмжээр тайлбарлаж, “Г” ХХК болон хэдэн зуун иргэнийг хохироосон, их хэмжээний хохирол, үр дагаварт хүргэсэн захирамж гаргасан нь хууль бус, 48 айлын газрыг чөлөөлөх ажиллагаа явуулж, гурван талд гэрээ байгуулсан, бусад айлууд газраа чөлөөлөөгүй, төслийг судлахдаа бодит нөхцөлд дүгнэлт өгөөгүй, хяналтын хороо нөхцөл байдалд бодитой үнэлэлт дүгнэлт хийж чадаагүй, Дээд шүүхийн шийдвэрийг хууль хэрэглээний хувьд буруу ойлгоод алдаатай шийдвэр гаргасан, Улсын дээд шүүхээс уг тогтоолыг нэг мөр ойлгож хэрэглэх талаар ирүүлсэн лавлагаанд “маргасан 3 иргэний хувьд гурван талт  гэрээ цуцлагдсан болохоос биш төсөл хэрэгжүүлэх нэхэмжлэгч компанийн төслийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа бусад эрхийг хөндөхгүй ...” талаар тайлбарласан, уг тайлбарыг шийдвэр гаргахаас өмнө авах байсан гэтэл төслийг цуцалсны дараа авсан ...” гэж маргажээ.

3.1.Хариуцагчаас “... иргэдийн төлөөлөл нэхэмжлэгчээс түр суурьшуулах төлбөрийг өгөөгүй талаар биечлэн ярьсан, энэ талаар 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн хяналтын хорооны хурлын тэмдэглэлд туссан, шүүхийн шийдвэрийг үндэслээд эрхийг цуцлаагүй, 2013 онд төсөл хэрэгжүүлэх эрх аваад 228 нэгж талбартай, журмаараа тус талбарын 80 хувьд нь хоёр болон гурван талт гэрээ байгуулж, 45 хоногийн дотор төлөвлөгөө батлуулаад барилга эхлүүлэх зөвшөөрлөө аваад 6 сарын дараа барилгыг эхлэх ёстой, гэтэл өнөөдрийг хүртэл ажил нь удаашралтай, 2018 онд хяналтын хорооны хурлаар асуудлыг авч хэлэлцээд, 20 хоногийн хугацаатай үүрэг өгсөн, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ...” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч тайлбарлан маргасан байна.

4.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх: Хот, суурин газрын дахин хөгжүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 5 дугаар зүйлийн 5.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2, 11.1.4, 23 дугаар зүйлийн 23.1.3, 23.1.5-д заасныг тус тус баримтлан хэргийн нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр дахин шинээр акт гаргах шаардлагатай гэж үзэн, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/169 дүгээр захирамжийг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлжээ.

5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0481 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Г” ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

6.Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн өмгөөлөгч З.Б-аас хяналтын журмаар гаргасан гомдлыг 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 406 дугаар тогтоолоор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

7.Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн өмгөөлөгч З.Б-аас анхан болон давж заалдах шатны шүүх нь хууль хэрэглээний зөрүүтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан үндэслэлээр магадлалыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах агуулгатай гомдлыг гаргажээ.

7.1.Өнөөдрийн байдлаар үүссэн бодит нөхцөл байдал бол газраа чөлөөлж, орон сууц авахаар хүлээж байгаа 289 иргэн байгааг шүүх талуудын хооронд байгуулсан 2 талт болон 3 талт гэрээг үндэслэн тогтоосон. Шүүгчийн захирамжийн дагуу үзлэг хийгээд 240 айлын блок орон сууц баригдаж ашиглалтад ороход бэлэн байгааг тогтоосон. Нийслэлийн Засаг дарга 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/169 дүгээр захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийг зөрчиж “Г” ХХК болон газраа өгч, орон сууц авахаар хүлээж байгаа 289 айлын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаагаа ухамсарлаагүй.

7.2.Түүнчлэн Нийслэлийн Засаг даргаас 2013 онд “Г” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулахдаа Нийслэлийн Засаг дарга, түүний харьяа агентлаг, газруудын өөрсдийнх нь нарийвчилсан буюу нэхэмжлэгчийг буруутгахуйц төлөвлөлт, төлөвлөгөө байхгүй, төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай Нийслэлийн Засаг даргаас санхүүжүүлэх санхүүжилтээ бүрэн, төлөвлөлт бүхий байдлаар шийдвэрлээгүй нь Хот суурин газрыг хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 улс, орон нутгийн төсвөөр хэрэгжих төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэх хэмээн заасныг зөрчсөн.

7.3.Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу Нийслэлийн засаг дарга нь Г” ХХК-д сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргаж байгаа талаар мэдэгдэл хүргүүлж, тайлбар санал авах “Сонсох ажиллагаа” явуулж, түүний үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, нотлох баримт үйлдэх ёстой байсан ч тус ажиллагааг хийсэн эсэх талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй.

7.4.Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж буй зохицуулалт нь “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 5.2 дахь хэсэг болон Улсын дээд шүүхийн 2020 оны 141 дүгээр тогтоол байна. Хавтаст хэргийн 7 дугаар талд авагдсан Монгол Улсын дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 04/840 дүгээр хариу хүргүүлэх албан бичгээр зөвхөн өөрт хамааралтай асуудлаар шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагын “Төслийг хэрэгжүүлэх эрхийг цуцлах” гэдгийг нэхэмжлэлд заасан гурван талт гэрээгээр хязгаарлахаас бус гуравдагч этгээд “Г” ХХК-ийн Нийслэлийн **** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэр, А орчим /ГХДТ/2013/7 багц/-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний төсөл хэрэгжүүлэх эрхийг бүхэлд нь буюу бусад этгээдэд холбогдох хэсэгт хамаарахгүй гэдгийг дурдах нь зүйтэй” хэмээн тодорхой заасан байна.

7.5.Улсын дээд шүүхийн 2020 оны 141 дүгээр тогтоол нь “Г” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах үндэслэл болохгүй нь туйлын тодорхой, ойлгомжтой байхад түүнийг үндэслэж гаргасан Нийслэлийн Засаг даргын захирамж хууль зүйн үндэслэл няцаагдана.

7.6.“Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 5.2 дахь хэсэгт заасан процессын ажиллагаа хийгдээгүй байна. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам нь Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 46 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан байх боловч тус журмын 5.2 дахь хэсэг нь БХБС-ын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 252 дугаар “журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тушаалаар нэмэгдсэн заалт байна.

7.7.Төсөл хэрэгжүүлэгч нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас төсөл хэрэгжүүлэх эрх авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор календарьчилсан төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулаагүй, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэл хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй, ...төлөвлөгөөний дагуу ажил гүйцэтгээгүй тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн тухайн шатны Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлахаар зохицуулсан байна.

7.8.Гэтэл хавтаст хэргийн 22 дугаар талд авагдсан Хяналтын хорооны 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 01/21 дүгээр “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” шийдвэрээс сүүлд гарсан шийдвэр хавтаст хэрэгт авагдаагүй байна.

7.9.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заахаар хуульчилсан байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн гол үндэслэл болсон Улсын дээд шүүхийн тогтоол, “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 5.2 дэх хэсгүүд нь дээрх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул энэхүү захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6.Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно хэмээн заасны дагуу хууль бус захиргааны акт гэж үзнэ.

7.10.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2023/0540 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хянаж өгнө үү гэжээ.

8.Хариуцагчаас нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

9.Хяналтын шатны шүүхээс магадлалыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

10.Нийслэлийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай” А/533 дугаар захирамжаар нийслэлийн **** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэр, А орчим /ГХД/2013/7 багц/-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “Г” ХХК-ийг шалгарсныг батламжилжээ.

11.Уг төслийн хүрээнд төсөл хэрэгжүүлэгч “Г” ХХК, төслийн эрх олгосон захиргааны байгууллага болон газар эзэмшигч этгээдүүдийн зүгээс харилцан гурван талт гэрээ байгуулсан (газар эзэмшигчтэй хоёр талт гэрээ) бөгөөд 2013 оноос төсөл хэрэгжүүлэгчээр шалгарснаас хойш 48 нэгж талбарыг чөлөөлж, 280 гаруй иргэнтэй гэрээ байгуулж, 50 гаруй иргэдэд орон сууцыг  “Х” хотхонд олгосон, чөлөөлөгдсөн талбайд 2 блок 240 айлын орон сууц баригдах шатандаа явагдаж байгаа зэрэг үйл баримтууд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. 

12.Гэтэл хариуцагч 2022 оны А/169 дүгээр захирамжаар дээрх төсөл хэрэгжүүлэгч “Г” ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн барилгажилтын ажлыг 6 сар хүртэлх хугацаанд эхлүүлээгүй, газар үл хөдлөх, эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгчтэй байгуулсан гурван талт гэрээний үүргийн биелэлт хангагдаагүй гэх үндэслэлээр тус компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан нь бодит нөхцөл байдалд биелэгдэх боломжгүй шийдвэр, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэлтэй.

13.Тодруулбал, тус төслийн улмаас гурван талт гэрээ байгуулж газраа чөлөөлж, төсөл хэрэгжсэний үр дүнд орон сууц авахаар хүлээж буй иргэдийн оролцоог хангаж, тайлбар санал аваагүй, мөн төслийг хэрэгжүүлэхэд захиргааны байгууллагын зүгээс шаардлагатай арга хэмжээ авч гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх нь тодорхойгүйн улмаас төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалснаар цаашид үүсэх үр дагавар болон төслийн хүрээнд үүссэн нийтийн эрх ашиг сонирхол (иргэдийн хууль ёсны итгэл хамгаалах) нь хэрхэн хангагдах, төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцалснаар “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн үйл ажиллагаа хэрхэн үргэлжилж, зорилго хэрхэн биелэгдэх зэрэг бодит нөхцөл байдлыг харгалзан, дүгнэлт өгөлгүйгээр зөвхөн төсөл хэрэгжүүлэгчийг гурван талт гэрээний үүргээ биелүүлээгүй гэж буруутгасан нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

14.Анхан шатны шүүхийн “... Хот суурин газрыг дахин хөгжүүлэх /2015 он/ хууль болон Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журамд нийцүүлэн явуулаагүй, нэхэмжлэгч болон хариуцагчийн хоёр талын буруутай үйл ажиллагаа байгаа нь тогтоогдож байгаа энэ үйл баримтыг шүүхийн шийдвэрээр залруулах, зөвтгөх боломжгүй ...” гэсэн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд  хариуцагчийн зүгээс төсөл хэрэгжүүлэгчийн үйл ажиллагаа, үе шат, хүчин зүйлийг бүрэн харгалзан үзэж тогтоогоогүй, захиргааны шийдвэрийн улмаас эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг тодорхойлж, тэдгээрт тайлбар, санал хүсэлт гаргах, захиргааны үйл ажиллагаанд оролцох боломжоор хангах эрхээ хэрэгжүүлээгүй байх тул шүүх захиргааны байгууллагад хуулиар олгогдсон бүрэн эрхийг нөхөн хэрэгжүүлэх эрхгүй, энэ нь шүүхийн шинжлэн судлах боломж, цар хүрээнээс хэтэрсэнд хамаарах тул анхан шатны шүүхийн шийдэл зөв юм.

15.Давж заалдах шатны шүүхээс “... төсөл хэрэгжүүлэгч нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам, гурван талт гэрээ зэрэг хууль, тогтоомжоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримт болон ... Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 141 дүгээр тогтоолоор тус тус тогтоогдож байх тул маргаан бүхий актыг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй ...” гэж маргааны үйл баримтыг явцууруулан дүгнэж, зөвхөн гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх хүрээнд дүгнэлт өгч, хариуцагчийн шийдвэрийг зөвтгөсөн нь буруу болжээ.

16.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... бодит нөхцөл байдалд газраа чөлөөлж, орон сууц авахаар хүлээж байгаа 289 айлын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, тэдний эрх, ашиг сонирхлыг тодруулаагүй, тэднээс тайлбар, санал аваагүй, сонсох ажиллагаа явуулаагүй” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.

17.Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2023/0540 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0481 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              М.БАТСУУРЬ

             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Д.МӨНХТУЯА

                       ШҮҮГЧ                                                                           Г.БАНЗРАГЧ

                                                                                                                 П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                                Х.БАТСҮРЭН