| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2019/01034/И |
| Дугаар | 181/ШШ2019/02586 |
| Огноо | 2019-12-11 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 181/ШШ2019/02586
2019 12 11 181/ШШ2019/02586
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, 16 дугаар байранд байрлах, АПЛ ХХК /УБД:9011105078, РД:5145678/-д холбогдох,
2011 оны 10 сарын 21-ний өдрийн 809 дугаар Орон сууц захиалан бариулах тухай гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.3 /а/-ийн, 401 дүгээр Үйлчилгээний талбай захиалан бариулах тухай гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.3 /а/-ийн, 402 дугаар Үйлчилгээний талбай захиалан бариулах тухай гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.3 /а/-ийн ...Тухайн хөнгөлөлт гэрээний нийт үнийн дүнгийн 2 хувиас хэтрэхгүй байна. ...Гүйцэтгэгч нь ийнхүү хойшлогдсоноос үүссэн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас Захиалагчид учирсан аливаа зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй гэсэн заалтыг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээнээс учирсан хохиролд 122 651 700 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний өмгөөлөгч Э.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.А миний бие анх 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр АПЛ ХХК-тай 809 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ, 401 дугаартай Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ, 402 дугаартай Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ-г тус тус байгуулсан билээ.
Тухайн үед гэрээ байгуулахад АПЛ ХХК нь барилгын захиалгын гэрээ үзүүлж манайх бүх ажлаа нарын зохион байгуулсан учраас санаа зовох зүйлгүй, та мөнгө л дансанд хийвэл гэрээ хүчинтэй, та мөнгө хийхгүй бол бид өөр хүмүүстэй гэрээ байгуулах гэж байна гэж яаруулж гэрээний нөхцөлтэй танилцах боломж олголгүй, мөнгө шаардаж байсан тул гэрээний урьдчилгаа төлбөрийг хайхаар хөөцөлдсөн юм. Учир нь:
1. 809 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-гээр:
1.1. 213,5 мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 674,446,500 төгрөгөөр,
1.2. 1 автомашины гараж 26,000,000 төгрөг
2. 401 дугаартай Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ-гээр:
2.1. 105 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө 368,550,000 төгрөгөөр,
2.2. 26,32 мкв нийтийн эзэмшлийн талбайг 51,324,000 төгрөгөөр,
2.3. 1 автомашины гараж 26,000,000 төгрөг
3. 402 дугаартай Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ-гээр:
3.1. 82мкв талбайтай үйлчилгээний талбайг 287,820,000 төгрөгөөр,
3.2. 21,38 мкв талбайтай нийтийн эзэмшлийн талбайг 41,691,000
төгрөгөөр тус тус тооцож нийт 1,475,831,500 төгрөгийн үнэ бүхий захиалан бариулах гэрээг байгуулсан билээ. Уг Орон сууц захиалан бариулах гэрээ, Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ-ний 1 дүгээр зүйлийн 1.1-т Хүлээлгэн өгөх төлөвлөгөөт өдөр гэж 2013 оны 3 дугаар улирал буюу түүнээс өмнөх хугацааг хэлнэ гэж заасан нөхцлийг үзүүлж байсан тул итгэж гэрээгээ байгуулсан билээ.
Захиалагч А.А миний бие 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр АПЛ ХХК-тай байгуулсан 809 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ, 401 дугаартай Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ, 402 дугаартай Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.1-д захиалагчийн төлбөр төлөх графикт хугацааны дагуу төлбөрийг цаг тухай бүрд нь төлж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл 3-н гэрээний нийт төлбөрийн 90 хувь болох 1,281,448,350 төгрөгийг төлж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн болно. Харамсалтай нь гүйцэтгэгч АПЛ ХХКК нь дээрх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-т заасан 2013 оны 3 дугаар улиралд багтаан гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй, барилгыг ашиглалтанд оруулаагүй бөгөөд өнөөдрийг хүртэл захиалагч А.А надад захиалсан үл хөдлөх эд хөрөнгөөс нэгийг ч хүлээлгэн өгөөгүй, ажлынхаа үр дүнг хүлээлгэн өгөх тухай хүсэлт ирүүлээгүй байна.
Энэ тухай гүйцэтгэгч АПЛ ХХКК-д амаар болон бичгээр 2013 оноос хойш удаа дараа шаардлага гаргаж, 2014 он, 2015 он, 2018 онуудад гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгэхийг шаардсан албан шаардлагыг бичгээр тавьж байсан юм.
Азиан пасифик ланд ХХК нь гэрээнд заасан барилга хүлээлгэн өгөх өдөр буюу 2013 оны 3 дугаар улирлаас хойш өнөөдрийг хүртэл 5 жилийн хугацаанд гэрээнд заасан үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс захиалагч А.А надад сэтгэл санаа, эд хөрөнгө, цаг хугацаа, үйл ажиллагаа, мөнгөн төлбөрийн хохирол гарч эхлэсэн юм.
Ингээд уг хохиролтой холбоотой асуудлаар АПЛ ХХК-д удаа дараа гомдол, хүсэлт гаргаж байсан боловч, нэг ч хариу өгөөгүй тул АПЛ ХХКд хариуцлага тооцуулахаар 809 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ, 401 дугаартай Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ, 402 дугаартай Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ-г судалж үзэхэд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болсон эрх зүйн зохицуулалтыг зааж өгөхдөө захиалагчийн эрх ашгийг илтэд хохироосон гэрээ байгуулсан байсныг олж мэдсэн юм. Учир нь:
1. Дээрхи гэрээнүүдийн 3 дугаар зүйлийн 3.6-д Гэрээний 3.1-д заасан аливаа төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн төлбөр төлөгдөх өдөр хүртэл өдрийн 0.05% хувийн алданги тооцогдоно. гэж захиалагчийн үүргийн гүйцэтгэлийг тодорхойлсон хэрнээ, гүйцэтгэгчид алданги тооцох эрх зүйн заалтыг гэрээнд оруулалгүй, гүйцэтгэгч тал хариуцлага хүлээх, талууд тэгш эрх, үүрэгтэй байх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.4-т заасан Тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил, үйлчилгээ эрхлэх талаар тухайн зах зээлд давамгайлж байгаа этгээд энэхүү үйл ажиллагааны хүрээнд түүнд хандсан этгээдтэй гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд нөгөө талдаа тэгш бус нөхцөл тулган санал тавих буюу гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй гэсэн заалт зөрчигдөхөд хүрсэн байна. /Жич: гүйцэтгэгчийн үүргийг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т Албан ёсоор хүлээлгэн өгөөгүй тохиолдолд Захиалагч нь гэрээний нийт үнийн дүнгээс 0,01% хөнгөлөлтийг хугацаа хэтэрсэн хоног тутамд Албан ёсоор хүлээлгэн өгөх өдөр хүртэл авах эрхтэй. Тухайн хөнгөлөлт нь гэрээний нийт дүнгийн 2% хувиас хэтрэхгүй байна гэж хязгаар тогтоож заасан нь хөнгөлөлт болохоос алданги биш юм. Хэрвээ хариуцагч буюу гэрээний нөгөө тал энэ заалтыг хариуцлагын заалт гэж
үзэх аваас гэрээний нийт дүнгийн 2% хувиас хэтрэхгүй байна гэсэн заалт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан 50 хувиас хэтрэхгүй байна гэсэн заалттай нийцэхгүй байгаа юм./
Энэ нь гүйцэтгэгч АПЛ ХХК үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй байсан ч хоногт 0,01 хувийн хөнгөлөлт тооцож, уг хөнгөлөлт нь нийт гэрээний үнийн дүнгийн 2% хувиас хэтрэхгүй байхаар зааж, харин захиалагч -төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол хоногт 0,05 хувиар алданги тооцохдоо ямар нэг тогтоосон хязгааргүйгээр алданги тооцохоор байгуулагдсан гэрээ байна.
2. Түүнчлэн АПЛ ХХК нь өөрт ашигтай алданги тооцох тухай уг заалтыг ашиглаж захиалагч А.А надаас гэрээний үүргийг сугацаанд нь гүйцэтгээгүй гэж 14,213,752 төгрөгийг алданги авсан бөгөөд харин захиалагчид алданги тооцох эрх зүйн зохицуулалт болсон эрх үүргийг гэрээнд оруулаагүйгээс өнөөдөр захиалагч миний бие хохирч байна.
Хэрэв захиалагч А.Агийн барилгыг АПЛ ХХК нь 2013 оны 3 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05% хувийн алданги тооцогдоно гэсэн заалтыг гэрээнд тусгасан байсан бол захиалагч нь гэрээнд заасан төлбөрийн 90% хувийн төлбөрийн үүргээ гүйцэтгэсээр байхад, АПЛ ХХК нь барилгыг гэрээний хугацаанд нь өгөөгүй тул нийт 5 жил 5 сарын алданги нь (барилгын үнэ 1,475,831,500 төгрөг * хоног тутам гүйцэтгээгүй үүргийн 0,05 хувь = 1 хоногийн алданги 737915,75 төгрөг, 5 жил 5 сар = 1975 хоног, 737915,75 төгрөг * 1975 хоног = 1,457,383,606 төгрөг) Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу нийт үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаас хэтэрсэн тул 1,475,831,500 төгрөгийн 50 хувь 737,915,750 (долоон зуун гучин долоон сая есөн зуун арван таван мянга долоон зуун тавь)-н төгрөгийн алданги бодогдож байна.
3. Түүнчлэн дээрхи гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3.(а) -д гүйцэтгэгч нь ийнхүү хойшлогдсоноос үүссэн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас Захиалагчид учирсан аливаа зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй. гэж заасан нь энэхүү гэрээг байгуулахдаа анхнаасаа гүйцэтгэгч Азиан пасифик ланд ХХК үүргээ хугацаанд нь гүйцэтгэхгүй байсан ч үүрэг гүйцэтгүүлэгчид учирах хохиролыг нэхэмжлэх эрхийг хязгаарласан зохицуулалттай гэрээ болсон, мөн хууль зөрчсөн заалтыг гэрээнд тусгасан байна.
Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2-т Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэнтэй гэрээ байгуулахаар санал гаргаж байгаа тал нь дараах нөхцөлүүдийг гэрээний стандарт нөхцөлд тусгасан бол эдгээр нь хүчин төгөлдөр бус байна, 202.2.11 санал гаргагч, түүний хууль ёсны төлөөлөгч зэрэг этгээдийн санаатай буюу хэт болгоомжгүй үйлдлийн улмаас учирсан хохирлыг хариуцахыг үгүйсгэсэн буюу хязгаарласан гэж заасан нь , 202.2.12-т үүргээ зөрчсөнөөс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах нөгөө талын эрхийг хязгаарласан гэж заасан байна.
Үүнээс харвал дээрх 809 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ, 401, 402 дугаартай Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.3.(а) -д гүйцэтгэгч нь ийнхүү хойшлогдсоноос үүссэн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас Захиалагчид учирсан аливаа зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй. гэж заасан нь үүрэг гүйцэтгүүлэгчид хохиролтой, хохиролыг хариуцлагаас чөлөөлөх аливаа зохихцуулалт хийхийг хориглосон Иргэний хуулийн заалтыг зөрчсөн байна.
Мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, 219.4-т Үүрэг гүйцэтгэгч санаатайгаар үүргээ зөрчсөн тохиолдолд учирсан хохирлыг арилгах үүргээс түүнийг чөлөөлөхөөр урьдчилан тохиролцож болохгүй, гэж заасныг тус тус зөрчжээ.
Гэтэл иргэн А.А нь 2013 оны 3 дугаар улиралд уг барилгын ажил ашиглалтанд орно гэж төлөвлөж, 401, 402 дугаартай Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ-нд заасан талбайг рестораны зориулалтаар ашиглахаар Малайз Улсаас тавилга оруулж ирсэн байсан юм. Гэтэл рестораны зориулалтаар ашиглах нь битгий хэл, барилга баригдалгүй өнөөдрийг хүрч, иргэн А.А миний бие захиалгаар оруулж ирсэн тавилга, эд хөрөнгөө бусдын талбайд байршуулах шаардлагатай болсон юм.
Ингээд АПЛ ХХК нь барилгаа цаг тухайд нь ашиглалтанд оруулалгүй, гэрээний үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүйгээс болж Хан- Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 12 дугаар сарын 21- ний өдөр 183/ШШ2019/00001 дугаартай шүүхийн шийдвэр гарч А.А надаас иргэн Ц.Баярсайханд 121,875,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 767,325 төгрөг нийт 122,642,325 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж хохироогоод байна.
Түүнчлэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан байна.
Иймд А.А миний 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Азиан пасификланд ХХК-тай байгуулсан
809 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.3.(а) -д заасан ...Тухайн хөнгөлөлт гэрээний нийт үнийн дүнгийн 2 хувиас хэтрэхгүй байна. ...гүйцэтгэгч нь ийнхүү хойшлогдсоноос үүссэн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас Захиалагчид учирсан аливаа зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй гэснийг,
401 дугаартай Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.3.(а) -д заасан ...Тухайн хөнгөлөлт гэрээний нийт үнийн дүнгийн 2 хувиас хэтрэхгүй байна. ...гүйцэтгэгч нь ийнхүү хойшлогдсоноос үүссэн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас Захиалагчид учирсан аливаа зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй гэснийг,
402 дугаартай Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.3.(а) -д заасан ...Тухайн хөнгөлөлт гэрээний нийт үнийн дүнгийн 2 хувиас хэтрэхгүй байна. ...гүйцэтгэгч нь ийнхүү хойшлогдсоноос үүссэн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас Захиалагчид учирсан аливаа зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй гэснийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү
Мөн Иргэний хуулийн 2019 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, 219.4-д Үүрэг гүйцэтгэгч санаатайгаар үүргээ зөрчсөн тохиолдолд учирсан хохирлыг арилгах үүргээс түүнийг чөлөөлөхөөр урьдчилан тохиролцож болохгүй гэж заасны дагуу иргэн А.А надад учирсан хохирол болох 122 651 700 төгрөгийг Азиан пасифик ланд ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч АПЛ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч талын гаргасан 2 шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Эхний шаардлага дээр 401, 402, 809 тоот гэрээнүүдийн 4.3 а дахь хэсэгт заасан заалтуудыг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан. Шаардлагынх нь үндэслэл нь энэ гэрээнүүд нь стандарт гэрээ юм, стандарт гэрээний хувь хүчингүй болгуулах зохицуулалт нь 202 дугаар зүйлийн 202.2.11 дэх хэсэгт заасны дагуу хариуцлага хязгаарласан учраас хүчингүй гэж үзээд байгаа юм. Гэтэл энэ 3 гэрээ өрөө стандарт гэрээ биш, манай энэ дээр стандарт гэрээ гэж тодорхойлсон тодорхойлолт гэрээнд байхгүй. Манай албан ёсны вэб сайтаар энэ бол стандарт гэрээ гэж цацсан зүйл байхгүй, яг захиалагч тус бүртэй өөр үнийн дүн өөр зохицуулалтаар харилцан тохиролцож байгуулдаг гэрээнүүд байгаа. Тэгэхээр энэ гурван гэрээг ерөөсөө стандарт гэрээ гэж үзэхгүй. Нэг талаасаа манай компанийг нэхэмжлэгч тал давамгай байдалтай хуулийн этгээд гэж үзээд байгаа. Гэтэл давамгай байдалтай хуулийн этгээдийг өрсөлдөөний тухай хуулиар тусгай байгууллага дүгнэлт гаргаж байж тогтоодог байгаа. Гэтэл манай байгууллага дээр ийм тухайн зах зээл давамгай байдалтай хуулийн этгээд гэж гараагүй. Тэгэхээр манайх бол давамгай байдалтай хуулийн этгээд биш. А.А аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэнд санал болгосон гээд байна. Гэтэл А.А өөрөө Алтан гээд компаниараа дамжуулаад өөрөө ресторан ажлуулдаг аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг. Энэ гурван нөхцөл байдал дээр үндэслээд энэ гэрээг стандарт гэрээ гэж үзэх боломжгүй. Манайх давамгай байдалтай хуулийн этгээд биш аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй этгээдэд тийм гэрээ санал болгоогүй. Тэгэхээр энэ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бол тухайн заалтуудыг хүчингүй болгох үндэслэл болохгүй хууль зүйн үндэсгүй байна гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Алдангийн асуудал дээр алданги тогтоосон манайхаас алданги авсан энэ нь бол хязгааргүй гэж яриад байгаа гэтэл Р.Алтантуяагийн гэрээнүүдээр хүлээсэн үүрэг нь өөрөө төлбөрийн мөнгөний үүрэг. Алдангийн зохицуулалт бол орох нь гарцаагүй байсан. Гэрээнд хэдийгээр 0,5 хувь гэж заасан боловч хуульд заасан 50 хувь гэсэн хязгаараараа хязгаарлагдана. Р.Алтантуяагаас бодитойр 50 хувиас илүү гарсан алданги гаргаад байсан юм байхгүй авсан зүйл байхгүй. Зөвхөн 14,000,000 төгрөгийн алданги авсан байдаг. Гэрээ байгуулахыг тулгасан гэж ярьж байна. Гэтэл Р.Алтантуяа өөрөө гурван гэрээний үнийн дүнгээр бол 1,330,816,500 төгрөг төлөхөөр байгаа. Ийм их үнийн дүнтэй гэрээг уншихгүйгээр тэр дарамт шахалтад дор байгуулна гэж байхгүй. Өөрөөр уншаад ойлгосны үндсэн дээр энэ гэрээг байгуулсан байгаа. Тулгасан гэдэг нотлох баримт бас хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч талаас үнийгээ нотолж чадаагүй гэж үзэж байна. Манай компанийг үүргээ хугацаандаа барилгаа хүлээлгэж өгөөгүй үүнтэй холбоотойгоор алдангийн зохицуулалтад нэмэлт өөрчлөлт оруулах тийм бичиг баримт өгч байсан. Манайхаас бол албан бичиг гаргаж өгөөгүй гэсэн зүйлийг нэхэмжлэгч талаас тавьж байна. Үнийг бол Р.А өөрөө мэдэж байгаа. өөрөө ирээд манай хуульч захирлуудаас амаар нь хариугаа авсан байдаг гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.А нь хариуцагч АПЛ ХХК холбогдуулан 2011 оны 10 сарын 21-ний өдрийн 809 дугаар Орон сууц захиалан бариулах тухай гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.3 /а/-ийн, 401 дүгээр Үйлчилгээний талбай захиалан бариулах тухай гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.3 /а/-ийн, 402 дугаар Үйлчилгээний талбай захиалан бариулах тухай гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.3 /а/-ийн ...Тухайн хөнгөлөлт гэрээний нийт үнийн дүнгийн 2 хувиас хэтрэхгүй байна. ...Гүйцэтгэгч нь ийнхүү хойшлогдсоноос үүссэн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас Захиалагчид учирсан аливаа зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй гэх заалтыг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээнээс учирсан хохиролд 122 651 700 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийг шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
А.А нь АПЛ ХХК-тай 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 809 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ, 401 дугаартай Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ, 402 дугаартай Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ-г тус тус байгуулж, 213,5 мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, автомашины гараж, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө зэргийг нийт 1 475 831 500 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцож талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.
Талууд гэрээний гол нөхцөл хүчин төгөлдөр байгаа талаар маргаагүй бөгөөд гэрээний гол нөхцлийг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч А.А нь 2011 оны 10 сарын 21-ний өдрийн 3 гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 /а/-гийн ...Тухайн хөнгөлөлт гэрээний нийт үнийн дүнгийн 2 хувиас хэтрэхгүй байна. ...Гүйцэтгэгч нь ийнхүү хойшлогдсоноос үүссэн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас Захиалагчид учирсан аливаа зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй гэх заалтыг хүчин төгөлдөр бус байх нөхцөл гэж тайлбарлан эдгээрийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч АПЛ ХХК нь эс зөвшөөрч талууд маргаж байна.
АПЛ ХХК нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Олимпын гудамжид үйлчилгээ, орон сууцны зориулалт бүхий цогцолбор Олимпик Резиденс нэртэй барилгыг барьж, барилгын орон сууц болон үйлчилгээ, конторын зориулалттай офиссыг худалдах ажлын хүрээнд Орон сууц захиалан бариулах гэрээ, Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ-ний нөхцлийг боловсруулан уг нөхцлөөр гэрээ байгуулахыг захиалагч /худалдан авагч/ талд санал болгосон болох нь зохигчийн тайлбар, А.Атай байгуулсан 3 гэрээ /хх-10-27х/-гээр тогтоогдож байх тул 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ, Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ-нүүдийг стандарт нөхцөл бүхий гэрээ гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Ажил гүйцэтгэх гэрээний үндсэн үүрэг нь Ажил гүйцэтгэгч ажлыг гүйцэтгэх буюу захиалагчид ажлын үр дүнг хүлээлгэн өгөх, захиалагч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
2011 оны 10 сарын 21-ний өдрийн 809 дугаар Орон сууц захиалан бариулах тухай гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.3 /а/, 401 дүгээр Үйлчилгээний талбай захиалан бариулах тухай гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.3 /а/, 402 дугаар Үйлчилгээний талбай захиалан бариулах тухай гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.3 /а/-д:
4.3. Албан ёсоор хүлээлгэн өгөх өдөр:
(a) Хүлээлгэн өгөх төлөвлөгөөт өдрийг хойшлуулах: Гүйцэтгэгч нь орон сууцыг Захиалагчид Хүлээлгэн өгөх төлөвлөгөөт өдөр хүлээлгэн өгөх шаардлагатай бүхий л арга хэмжээг авна. Гарцаагүй тохиолдолд Гүйцэтгэгч нь Үйлчилгээний талбайг хүлээлгэн өгөх бодит хугацааг (Албан ёсоор хүлээлгэн өгөх өдрийг) арван хоёр (12) сараар сунгах эрхтэй. Гэхдээ Хүлээлгэн өгөх төлөвлөгөөт өдрөөс хойш 4 сарын дотор Албан ёсоор хүлээлгэн өгөөгүй тохиолдолд Захиалагч нь гэрээний нийт үнийн дүнгээс 0,01% хөнгөлөлтийг хугацаа хэтэрсэн хоног тутамд Албан ёсоор хүлээлгэн өгөх өдөр хүртэл авах эрхтэй. Тухайн хөнгөлөлт нь гэрээний нийт дүнгийн 2%-аас хэтрэхгүй байна. Гүйцэтгэгч нь ийнхүү хойшлогдсоноос үүссэн болон Гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас Захиалагчид учирсан аливаа зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй. Гүйцэтгэгч нь Албан ёсоор хүлээлгэн өгөх өдөр Захиалагчид Үйлчилгээний талбайг, Гаражийн талбайг хүлээлгэн өгч чадаагүй тохиолдолд Захиалагч нь гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тухайгаа Гүйцэтгэгчид бичгээр мэдэгдэнэ гэж заажээ.
Гэрээний энэхүү заалт нь Ажил гүйцэтгэгчийн ажлыг гүйцэтгэх буюу захиалагчид ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үндсэн үүргийн хариуцлагыг зохицуулсан байх тул Захиалагч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үндсэн үүргийн хариуцлагыг зохицуулсан дээрхи гэрээнүүдийн заалттай харьцуулан үзвэл,
3.6. Төлбөрийн хугацаа хэтрэлт: Гэрээний 3.1-р зүйлд заасан аливаа төлбөр нь хугацаандаа төлөгдөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн өдрөөс төлбөр төлөгдөх өдөр хүртэл өдрийн 0.05%-ийн алданги тооцогдоно гэж заажээ.
Эдгээрээс дүгнэхэд Ажил гүйцэтгэгч нь ажлын үр дүнг хүлээлгэн өгөх хугацааг хойшлуулах эрхийг өөртөө олгосон төдийгүй ийнхүү хойшлуулсан хугацаанд үүсэх эрсдлийг хариуцахгүй гэж, мөн хөнгөлөлт-ийн хэмжээг нийт үнийн дүнгээс 0,01% гээд, хөнгөлөлтийг дээд хязгаарыг гэрээний нийт дүнгийн 2%-аас хэтрэхгүй гэж тус тус тогтоосон. Харин Захиалагчид төлбөр төлөх хугацааг хойшлуулах эрхийг олгоогүй, алданги-ийн хэмжээг 0.05% гээд, дээд хязгаарыг тогтоогоогүй байна.
2011 оны 10 сарын 21-ний өдрийн 809 дугаар Орон сууц захиалан бариулах тухай гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.3 /а/-ийн, 401 дүгээр Үйлчилгээний талбай захиалан бариулах тухай гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.3 /а/-ийн, 402 дугаар Үйлчилгээний талбай захиалан бариулах тухай гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.3 /а/-ийн ...Тухайн хөнгөлөлт гэрээний нийт үнийн дүнгийн 2 хувиас хэтрэхгүй байна. ...Гүйцэтгэгч нь ийнхүү хойшлогдсоноос үүссэн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас Захиалагчид учирсан аливаа зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй гэсэн стандарт нөхцөл бүхий заалтаар АПЛ ХХК нь үндсэн үүргийн хариуцлагыг тэгш бусаар тогтоож, хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах нөгөө талын эрхийг хязгаарласан байна.
Иймд заалтын энэхүү нөхцөл нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна гэж, мөн 202.2-д Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэнтэй гэрээ байгуулахаар санал гаргаж байгаа тал нь дараахь нөхцөлүүдийг гэрээний стандарт нөхцөлд тусгасан бол тэдгээр нь хүчин төгөлдөр бус байна гээд 202.2.12-д үүргээ зөрчсөнөөс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах нөгөө талын эрхийг хязгаарласан гэж тус тус заасны дагуу хүчин төгөлдөр бус байна.
Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.5-д Гэрээний стандарт нөхцөлд хамаарах хэсгүүдийн аль нэг нь хүчин төгөлдөр бус байх, эсхүл гэрээний гол бус нөхцөл болсон тохиолдолд гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр байна гэж заасны дагуу 2011 оны 10 сарын 21-ний өдрийн 809 дугаар Орон сууц захиалан бариулах тухай гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.3 /а/-ийн, 401 дүгээр Үйлчилгээний талбай захиалан бариулах тухай гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.3 /а/-ийн, 402 дугаар Үйлчилгээний талбай захиалан бариулах тухай гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.3 /а/-ийн ...Тухайн хөнгөлөлт гэрээний нийт үнийн дүнгийн 2 хувиас хэтрэхгүй байна. ...Гүйцэтгэгч нь ийнхүү хойшлогдсоноос үүссэн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас Захиалагчид учирсан аливаа зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй гэсэн нөхцөл хүчин төгөлдөр бус байгаа ч гэрээ хүчин төгөлдөр болохыг дурдах нь зүйтэй байна.
Дээрхи үндэслэлээр нэхэмжлэгч А.Агийн гэрээнүүдийг 4 дүгээр зүйлийн 4.3 /а/-ийн ...Тухайн хөнгөлөлт гэрээний нийт үнийн дүнгийн 2 хувиас хэтрэхгүй байна. ...Гүйцэтгэгч нь ийнхүү хойшлогдсоноос үүссэн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас Захиалагчид учирсан аливаа зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй гэсэн нөхцөл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэрээнээс учирсан хохиролд 122 651 700 төгрөг гаргуулах шаардлагын тухайд,
Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд тохиролцон тодорхойлох бөгөөд ажлын онцлогийг харгалзан завсрын буюу тусгай хугацаа тогтоож болно гэж заасан.
2011 оны 10 сарын 21-ний өдрийн 401 дугаар Үйлчилгээний талбай захиалан бариулах тухай гэрээ, 402 дугаар Үйлчилгээний талбай захиалан бариулах тухай гэрээ /хх-10-21х/-ний 1 дүгээр зүйлийн 1.1-д Хүлээлгэн өгөх төлөвлөгөөт өдөр гэж 2013 оны 03 дугаар улирал буюу түүнээс өмнөх хугацааг хэлэх боловч Гэрээний 4.4-т заасны дагуу энэхүү огноонд өөрчлөлт орох боломжтой гээд Гэрээний 4.4-д Эрх шилжүүлэх өдөр ийн талаар заасан тул ажил гүйцэтгэгч АПЛ ХХК нь захиалагч А.Ад Үйлчилгээний талбай захиалан бариулах тухай гэрээ-нд заасан үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2013 оны 03 дугаар улирал хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан байна.
Хариуцагч АПЛ ХХК нь захиалагч А.Ад Үйлчилгээний талбай захиалан бариулах тухай гэрээ-нд заасан үйлчилгээнийх зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өнөөдрийг хүртэл хүлээлгэж өгөөгүй байгаа талаар зохигч маргаагүй.
Иймд АПЛ ХХК нь үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2013 оны 03 дугаар улирал хүлээлгэн өгөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчилнэ гэж, мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.4-д Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна гэж, 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч А.А нь хариуцагч АПЛ ХХК-ийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2013 оны 03 дугаар улирал хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй, АПЛ ХХК нь хохирлыг хариуцах үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч А.А нь үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө Рестораны зориулалтаар ашиглахаар төлөвлөж, тоног төхөөрөмжүүдийг өөрийн болон А ХХК-ийн нэр дээр 2013.09.20-ны өдрөөс 2013.10.17-ны өдрийн хооронд Монгол Улсад оруулж ирсэн болох нь Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /хх-131-137/, шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-179-200х/ зэргээр тогтоогдож байна. А.А нь 2013.09.27-ны өдөр Ц.Б-ай Эд хөрөнгө хадгалах гэрээ-г байгуулан /хх-127-128х/, тоног төхөөрөмжүүдийг хадгалуулж, хадгалалтын хөлсөнд нийт 121 875 000 төгрөгийг төлсөн болох нь Ц.Б-ы хадгалалтын хөлс шаардсан баримт /хх-129-130х/, шүүхийн шийдвэр /хх-41-42х/, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэсэн материал /хх-58-59, 201-235х/, Ц.Баярсайханд мөнгө өгсөн баримт /2-р хх-4-8х/ зэргээр тус тус тогтоогдож байна.
Хариуцагч АПЛ ХХК-ийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2013 оны 03 дугаар улирал хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч А.Ад Рестораны зориулалттай тоног төхөөрөмжүүдийг бусдад хадгалуулах шаардлага үүссэн байх тул халгалалтын зардлыг АПЛ ХХК хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас А.Ад учирсан хохирол гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч АПЛ ХХК-иас 121 875 000 /нэг зуун хорин нэгэн сая найман зуун далан таван мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Ад олгох үндэслэлтэй байна.
Харин улсын тэмдэгтийн хураамж 767 325 төгрөг нь шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө төлсөн мөнгийг талуудад хариуцуулдаг тул гэрээний үүргийн зөрчлийн улмаас А.Агаас гарсан зардал гэж үзэх үндэслэлгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 202 дугаар зүйлийн 202.1, 202.2.12, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан АПЛ ХХК болон А.А нарын хооронд байгуулагдсан 2011 оны 10 сарын 21-ний өдрийн 809 дугаар Орон сууц захиалан бариулах тухай гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.3 /а/-ийн, 401 дүгээр Үйлчилгээний талбай захиалан бариулах тухай гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.3 /а/-ийн, 402 дугаар Үйлчилгээний талбай захиалан бариулах тухай гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.3 /а/-ийн ...Тухайн хөнгөлөлт гэрээний нийт үнийн дүнгийн 2 хувиас хэтрэхгүй байна. ...Гүйцэтгэгч нь ийнхүү хойшлогдсоноос үүссэн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас Захиалагчид учирсан аливаа зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй гэсэн нөхцөл хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, АПЛ ХХК-иас 121 875 000 /нэг зуун хорин нэгэн сая найман зуун далан таван мянган/ төгрөгийг гаргуулж А.Ад олгож, нэхэмжлэлээс 767 325 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 192 362 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч АПЛ ХХК-иас 977 325 /есөн зуун далан долоон мянга гурван зуун хорин тав/ төгрөгийг гаргуулж А.Ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА