Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 518

 

М.Н-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч М.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулан хийж, М.Н-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0636 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2017/0719 дүгээр магадлалтай захиргааны хэргийг хариуцагчийн гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0636 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэл ажлын 148 хоног ажилгүй байсан хугацааны цалин 6.412.714 төгрөгөөс хариуцагчаас М.Н-д олгосон 3 сарын цалинтай тэнцэх 2.201.589 төгрөгийг суутгаж, үлдэх 4.211.125 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгож, энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2017/0719 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0636 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож...” гэснийг “...Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэн М.Н нь Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/832 дугаар захирамжийг үндэслэн Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалт батлах тухай Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны А/486 дугаар захирамж гарсан бөгөөд энэхүү шинэчлэн батлагдсан бүтцээр Захиргаа, хуулийн хэлтсийн бүтэц, орон тоо өөрчлөгдөж батлагдсан болно.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх заалтад ...тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө гэж заасан.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтад заасан төрийн байгууллага өөрчлөн байгуулагдаж орон тоо хасагдсан үндэслэлээр 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар М.Н-ийг албан тушаалаас чөлөөлсөн.

Шүүх энэхүү хэргийг анхан болон давж заалдах шатаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0636 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2017/0719 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасантай нийцсэн тул хэвээр үлдээж шийдвэрлэв. 

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар ...Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг баримтлан, “тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдаж, өөрчлөгдөж, орон тоо хасагдсан” гэсэн үндэслэлээр Захиргаа, хуулийн хэлтсийн дарга М.Н-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнд албан тушаалын 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч М.Н нь дээрх Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...Манай хэлтсийн нэрийн хувьд жижиг өөрчлөлт орсон боловч хэлтсийн бүтэц, орон тоо, хэрэгжүүлэх чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолт зэрэгт агуулгын хувьд ямар нэгэн өөрчлөлт ороогүй, ...миний эрхэлж байсан албан тушаал хэвээр хадгалагдан үлдсэн...” гэж маргажээ.   

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 8 дугаар тогтоолоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоож, улмаар уг тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/832 дугаар захирамжаар дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог баталсан.

Дээрх Нийслэлийн Засаг даргын А/832 дугаар захирамжийг үндэслэн Хан-Уул дүүргийн Засаг дарга нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/486 дугаар захирамжаар тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинээр баталсны дотор  Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн орон тоог дарга 1, мэргэжилтэн 8, бусад ажилтан 4, нийт 13 орон тоотойгоор баталжээ. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “...төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах...” гэж заажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан албан тушаал буюу дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн даргын орон тоо 1 байсан, энэ нь шинээр зохион байгуулагдсан Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн бүтцэд хэвээр батлагдсанаар түүний эрхэлж байсан ажлын байрны орон тоо хасагдаагүй, мөн ажлын байрны тодорхойлолтод заасан албан тушаалын ангилал, зэрэглэл /ТЗ-7/, чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн, харин тус хэлтэст Архивын тасгийг харъяалуулсантай холбогдуулан ажлын байрны тодорхойлолтод архив, албан хэрэг хөтлөлттэй холбоотой чиг үүрэг нэмж тусгагдсан нь тогтоогдсон байна.

 Өөрөөр хэлбэл, маргаан бүхий актын үндэслэл болсон Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсан нөхцөл байдал бий болоогүй, нэхэмжлэгч М.Н-ийн урьд эрхэлж байсан Захиргаа, хуулийн хэлтсийн даргын албан тушаал нь нэршлийн хувьд өөрчлөгдсөн байх тул хариуцагч нь дээрх хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар нэхэмжлэгчийг тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй байжээ.

Ийнхүү нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байхад түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн захиргааны шийдвэр хуульд нийцээгүй талаар шүүхүүд үндэслэл бүхий дүгнэлт хийн, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Н-ийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулж  шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байна.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан албан тушаалын нэр өөрчлөгдсөнийг анхааралгүй шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгч М.Н-ийг “...урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож...” гэж буруу заасан байх ба давж заалдах шатны шүүхээс энэ алдааг зөвтгөж, “...Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж...” гэсэн өөрчлөлтийг шүүхийн  шийдвэрт оруулсан нь үндэслэлтэй болжээ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2017/0719 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         М.БАТСУУРЬ

                                 ШҮҮГЧ                                                                   Б.МӨНХТУЯА