Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2019/02549

 

 

 

 

 

 

 

 

2019 12 09

181/ШШ2019/02549

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Т нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ холбогдох,

Хөрөнгө үнэлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон 2019 оны 09 сарын 17-ны өдрийн 10/34 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2019 оны 10 сарын 15-ны өдрийн 11/26 дугаартай хоёрдахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015.12.04-ны өдрийн 8391 дүгээр захирамжаар Б.Гаас 54 371 500 төгрөгийг гаргуулж М.Т олгохоор шийдвэрлэсэн. Төлбөрөөс 18 189 343 төгрөгийг төлөөд байгаа бөгөөд 36 482 157 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа юм.

Манай гэр бүлийн амьдардаг хувийн сууцыг 71 075 000 төгрөгөөр хэт доогуур үнэлэн дуудлага худалдаанд оруулах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Төлбөр төлөгч Б.Г үнийн санал өгөхийг шаардахад зах зээлийн бодит үнэ 350 000 000 төгрөгөөр үнийн саналыг хүргүүлсэн боловч шинжээч томилон 142 150 000 төгрөгөөр үнэлүүлсэн. Энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн чинь 30 хоногийн дотор худалдан борлуулах хугацаа байгаа түүнийгээ ав гэхээр нь арга буюу энэ хугацааг авсан боловч зуслангийн байрлалтай хувийн сууц ийм богино хугацаанд худалдан борлогдоогүй.

Гэтэл 2019.10.17-ны өдрийн 4/22561 тоот албан бичгээр 71 075 000 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг 2019.10.24-ний өдөр хүлээн авсан. СБД 20 хороо сэлх 34 дүгээр хэсэг гудамж, 3445 тоотын хувийн сууц нь гэр бүлийн дундын хөрөнгө бөгөөд гэр бүлийн гишүүн болох С.Т миний эрх ашгийг шууд хөндөж байна.

С.Т би төлбөр төлөгч биш байхад миний амьдардаг байшин газрыг дуудлага худалдаанд оруулж байгаа нь Иргэний хуульд заасан эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэсэн заалт болон үндсэн хуульд заагдсан үндсэн эрхүүдийг шууд хөндөж байна. Мөн төлбөр төлөгч биш намайг албан бичгүүдэд нэр дурьдаж нэр хүндэд халдаж байна гэж үзэж байна. Үл хөдлөх хөрөнгийн эзнээс хөрөнгөө хамтран өмчлөгчийн төлбөрт хураалгах эсэх, худалдан борлуулж болох, үнийн санал авах талаар ямар ч ажиллагаа явуулаагүй байж шууд дуудлага худалдаа явуулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм,

Иймээс хөрөнгө үнэлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон түүнээс хойш хийгдсэн албадан дуудлага худалдаанд оруулах 2019.09.17-ны өдрийн 10/34 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2019.10.15-ны өдрийн 11/26 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч НШШГГ итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 8391 дүгээр захирамжаар Б.Гаас 54 371 500 төгрөгийг гаргуулж М.Төгөлдөрт олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Б.Г /ЧР56122970/-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203029992 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлх 34 дүгээр хэсэг гудамж, 3445-А тоот хувийн сууц, 500 мкв эзэмших эрхтэй 18646324730965 нэгж талбарын дугаартай зуслангийн зориулалттай газрыг битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр үнэлгээг төлбөр төлөгч Б.Г, түүний эхнэр С.Т нарт мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-т заасны дагуу гомдол гаргах хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Т нь хариуцагч НШШГГт холбогдуулан хөрөнгө үнэлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон 2019 оны 09 сарын 17-ны өдрийн 10/34 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2019 оны 10 сарын 15-ны өдрийн 11/26 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1Төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ гэж заасан бөгөөд мөн хуулийн 55.7Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж зохицуулсан.

Нэхэмжлэгч С.Т нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлх 34 дүгээр хэсэг гудамж, 3445А тоот хаягт байрлах, 144 мкв талбайтай, хувийн сууцыг төлбөр төлөгч Б.Гтай хамтран өмчлөгч /хх-14х/ тул түүнийг Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан гомдол гаргах эрхийн хугацаа С.Тгийн гомдолд хамааралгүй байна.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 8391 дүгээр захирамжаар Б.Гаас 54 371 500 төгрөгийг гаргуулж М.Төгөлдөрт олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж төлбөр төлөгч Б.Гын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлх 34 дүгээр хэсэг гудамж, 3445А тоот хаягт байрлах, 18646324730965 нэгж талбарын дугаартай зуслангийн зориулалттай, 500 м.кв газар эзэмших эрхийг, мөн Б.Г, С.Т нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203029992 дугаарт бүртгэлтэй, 144 мкв талбайтай хувийн сууц зэргийг битүүмжилэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал авахад, талууд болон өмчлөгч нар харилцан тохиролцоогүй тул шинжээч томилж, шинжээчийн тогтоосон үнэлгээг талууд болон өмчлөгч С.Тд мэдэгдсэн байна. /хх-28-46х/

 

Нэхэмжлэгч С.Т нь үл хөдлөх эд хөрөнгө хамтран өмчлөгчийн хувьд тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдэх эрхтэй бөгөөд түүнд төлбөрт хураагдсан хувийн сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахад санал болгох үнийг тохиролцон тогтоох талаар үнийн санал гаргах, үнэлгээний талаар мэдэгдэх, өөрийн эд хөрөнгөө бие даан худалдан борлуулах тухай мэдэгдэх, албадан дуудлага худалдааны товыг мэдэгдэх зэрэг ажиллагааг хийсэн нь хууль зөрчөөгүй байна.

Иймд С.Тгийн төлбөр төлөгч биш намайг албан бичгүүдэд нэр дурьдаж нэр хүндэд халдаж байна гэх гомдол үндэслэлгүй байна.

 

НШШГГ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д заасны дагуу төлбөр төлөгчийн дундаа хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөр гаргуулах ажиллагаа явуулж байгаа тул Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-д заасны дагуу бичгээр зөвшөөрөл авах субъектэд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-д гэр бүлийн гишүүд хамтран өмчлөх хөрөнгөө захиран зарцуулахдаа бие биенээсээ бичгээр зөвшөөрөл авахаар зохицуулсан тул энэ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамааралгүй.

 

Нэхэмжлэгч С.Т нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож, төлбөр төлөгч Б.Гтай хамтран өмчлөх хувийн сууцыг худалдан борлуулж төлбөрийг гаргуулах ажиллагаа явагдаж байгааг мэдсэн бөгөөд эд хөрөнгөө бие даан худалдан борлуулах саналыг НШШГГт хүргүүлж байсан /хх-46х ар тал/ байх тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг өмчлөгчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

НШШГГ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу дуудлага худалдааны тогтоол, мэдэгдлийг нэхэмжлэгч С.Тд хүргүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн анхны болон хоёрдахь албадан дуудлага худалдааг явуулсан байх тул 2019 оны 09 сарын 17-ны өдрийн 10/34 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2019 оны 10 сарын 15-ны өдрийн 11/26 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч С.Тгийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Хөрөнгө үнэлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон 2019 оны 09 сарын 17-ны өдрийн 10/34 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2019 оны 10 сарын 15-ны өдрийн 11/26 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.3 дахь хэсэгт зааснаар С.Тгийн НШШГГт холбогдуулан гаргасан Хөрөнгө үнэлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон 2019 оны 09 сарын 17-ны өдрийн 10/34 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2019 оны 10 сарын 15-ны өдрийн 11/26 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч С.Тгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА