Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00865

 

               

                                                      С.Т-ийн нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/02549 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 319 дүгээр магадлалтай,

С.Т-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Эд хөрөнгийн үнэлгээ болон 2019.09.17-ны өдрийн 10/34 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2019.10.15-ны өдрийн 11/26 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч С.Т-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015.12.04-ний өдрийн 8391 дүгээр захирамжаар Б.Ганбатаас 54,371,500 төгрөгийг гаргуулж, М.Төгөлдөрт олгохоор шийдвэрлэсэн. Төлбөрөөс 18,189,343 төгрөгийг төлсөн бөгөөд 36,482,157 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Манай гэр бүлийн амьдардаг хувийн сууцыг 71,075,000 төгрөгөөр хэт доогуур үнэлэн дуудлага худалдаанд оруулах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Төлбөр төлөгч Б.Ганбатаас үнийн санал өгөхийг шаардахад зах зээлийн бодит үнэ 350,000,000 төгрөгөөр үнийн саналыг хүргүүлсэн боловч шинжээч томилон 142,150,000 төгрөгөөр үнэлүүлсэн. Энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэхэд 30 хоногийн дотор худалдан борлуулах хугацаа байгаа, түүнийгээ ав гэхээр нь арга буюу энэ хугацааг авсан боловч зуслангийн байрлалтай хувийн сууц ийм богино хугацаанд худалдан борлогдоогүй. Гэтэл 2019.10.17-ны өдрийн 4/22561 тоот албан бичгээр 71,075,000 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг 2019.10.24-ний өдөр хүлээн авсан. СБД 20 хороо сэлх 34 дүгээр хэсэг гудамж, 3445 тоотын хувийн сууц нь гэр бүлийн дундын хөрөнгө бөгөөд гэр бүлийн гишүүн болох С.Тминий эрх ашгийг шууд хөндөж байна. С.Т би төлбөр төлөгч биш байхад миний амьдардаг байшин газрыг дуудлага худалдаанд оруулж байгаа нь Иргэний хуульд заасан эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэсэн заалт болон үндсэн хуульд заагдсан үндсэн эрхүүдийг шууд хөндөж байна. Мөн төлбөр төлөгч биш намайг албан бичгүүдэд нэр дурдаж нэр хүндэд халдаж байна. Үл хөдлөх хөрөнгийн эзнээс хөрөнгөө хамтран өмчлөгчийн төлбөрт хураалгах эсэх, худалдан борлуулж болох, үнийн санал авах талаар ямар ч ажиллагаа явуулаагүй байж шууд дуудлага худалдаа явуулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм. Иймээс хөрөнгө үнэлсэн болон түүнээс хойш хийгдсэн албадан дуудлага худалдаанд оруулах 2019.09.17-ны өдрийн 10/34 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2019.10.15-ны өдрийн 11/26 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/02549 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.3 зааснаар С.Т-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан хөрөнгө үнэлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон 2019.09.17-ны өдрийн 10/34 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2019.10.15-ны өдрийн 11/26 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар С.Т-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 319 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/02549 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 зааснаар нэхэмжлэгчээс гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...анхан шатны шүүхийн 2015.12.04-ний өдрийн шүүхийн шийдвэр нь иргэн Б.Ганбатаас 54,371,500 төгрөг гаргуулж М.Төгөлдөрт олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгч бус иргэн С.Т миний эрх ашгийг шууд хөндөж одоо амьдарч байгаа хувийн сууцыг худалдан борлуулах шийдвэр гаргаж албадан дуудлага худалдаа зарлаж, дуудлага худалдаанд оруулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д “энэ хуулийн 86.2 болон 86.4-т заасан төлбөр төлөгчийн хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулна”, 86.7-д “төлбөр авагч нь төлбөр төлөгчид ногдох хөрөнгийн хувь, хэмжээг тогтоолгохоор шүүхэд хандана”, мөн 86.8-д “төлбөр авагч нь төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөгч хөрөнгийн түүнд ногдох хэсгээ бусад өмчлөгчдөд зах зээлийн үнээр худалдан борлуулах, бусад дундаа хэсгээр буюу хамтран өмчлөгч худалдан авахаас татгалзсан тохиолдолд албадан худалдан борлуулах, олсон орлогыг төлбөрт суутгуулан авах шаардлага гаргах эрхтэй” гэж тус тус заасныг зөрчиж ажиллагаа явуулсан байна. Миний хөрөнгө болон Б.Ганбатын хөрөнгө хэд болохыг тогтоох ажиллагаа явуулаагүй, гэр бүлийн гишүүн эсэхийг тодруулсан баримт хавтаст хэрэгт байхгүй атал Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т заасан “гэр бүлийн гишүүд хамтран өмчлөх хөрөнгөө захиран зарцуулахдаа бие биенээсээ бичгээр зөвшөөрөл авахаар зохицуулсан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамаарахгүй гэж дүгнэсэн нь хуулийг нэг талаас тайлбарласан гэж үзэж байна. Иймээс Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.09-ний өдрийн 181/ШШ2019/02549 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.07-ны өдрийн 319 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

С.Т Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан эд хөрөнгийн үнэлгээ болон 2019.09.17-ны өдрийн 10/34 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2019.10.15-ны өдрийн 11/26 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасанд хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015.12.04-ний өдрийн 101/ШШ2015/08391 дүгээртэй захирамжаар Б.Ганбатаас 54,000,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж М.Төгөлдөрт олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, Б.Ганбатын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлх 34 дүгээр хэсэг гудамж, 3445А тоот хаягт байрлах, зуслангийн зориулалттай, 500 м.кв газар эзэмших эрхийг, мөн Б.Ганбат, С.Т нарын өмчлөлийн 144 м.кв талбайтай хувийн сууц зэргийг битүүмжлэх, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу явуулсан, энэ талаар талууд, өмчлөгч нар гомдол гаргаагүй юм.

Хамтран өмчлөгч С.Т эд хөрөнгө битүүмжлэх, хураан авах, шинжээч томилох зэрэг ажиллагааны явцад оролцож, мэдэгдэх хуудсыг хүлээн авсан, үнийн санал гаргаж гарын үсэг зурсан байх тул шинжээчийн дүгнэлтийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Шүүхийн шийдвэрт Б.Ганбатын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлх 34 дүгээр хэсэг гудамж, 3445А тоот хаягт байрлах, зуслангийн зориулалттай, 500 м.кв газар эзэмших эрх, мөн Б.Ганбат, С.Т нарын өмчлөлийн 144 м.кв талбайтай хувийн сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангах талаар заагаагүй бөгөөд төлбөр төлөгч иргэнээс төлбөр гаргуулах ажиллагааг хуульд заасан дарааллын дагуу явуулах учиртай. 

Төлбөрт хураасан хувийн сууц нь хамтран өмчлөлийн дундын эд хөрөнгө байх ба өмчлөгч С.Т нь төлбөр төлөгч бус тул төлбөр барагдуулах ажиллагаа түүнд хамаарахгүй болохоос гадна  төлбөр төлөгч Б.Ганбат нь дундын өмчлөлийн зүйлийн өөрт ногдох хэсгээр хариуцлага хүлээх үндэслэл байгаа эсэхийг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа анхаараагүй нь буруу болжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.8-д “Төлбөр авагч нь төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээ бусад өмчлөгчид зах зээлийн үнээр худалдан борлуулах, бусад дундаа хэсгээр буюу хамтран өмчлөгч худалдан авахаас татгалзсан тохиолдолд албадан худалдан борлуулах, олсон орлогыг төлбөрт суутгуулан авах шаардлага гаргах эрхтэй” гэж заасан. Мөн Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т “Дундаа хамтран өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ бусад бүх этгээдийн зөвшөөрөлтэйгээр тэдгээрийн хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлын үүднээс бусдад шилжүүлэх буюу өөр хэлбэрээр захиран зарцуулж болно.гэж, мөн хуулийн 490 дүгээр зүйлийн 490.1-д “Дундаа хэсгээр өмчлөгч нь өөрт оногдох хэсгээр үүргийн гүйцэтгэлийг хариуцах бол өмчлөгч бүр дундын өмчийн эрх дуусгавар болсон тохиолдолд тухайн ногдох хэсгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардах эрхтэй.гэж зааснаар нэг эд хөрөнгийг дундаа өмчилдөг өмчлөгч өөрт ногдох хэсгээр үүргээ биелүүлэх тохиолдолд бусад өмчлөгч нарын санал, оролцоо заавал байх учиртай.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн, хамтран өмчлөгч С.Т-ийн эрх ашгийг зөрчсөн ажиллагааг явуулсан байх тул албадан дуудлага худалдааг явуулах тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлээс “хөрөнгө үнэлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэр магадлалд өөрчлөлт оруулав.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 319 дүгээр магадлалын нэг дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/02549 дүгээр шийдвэрийн нэг дэх заалтыг “Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.3 заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох С.Т-ийн нэхэмжлэлээс анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2019.09.17-ны өдрийн 10/34 дүгээр тогтоол, хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2019.10.15-ны өдрийн 11/26 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлээс “эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэврлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгосугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.ЗОЛЗАЯА   

                              ШҮҮГЧИД                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ               

                                                                             Б.УНДРАХ

                                                                             Д.ЦОЛМОН 

                                                                             Х.ЭРДЭНЭСУВД