Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 182/ШШ2017/01673

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                 

2017 оны 08 сарын 31 өдөр           Дугаар 182/ШШ2017/01673         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НЦГ,

 

Хариуцагч: НИТХ-д холбогдох,

 

“Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Á/80 тоот тушаалыг хууль бус болохыг тогтоож, Г.Б намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, хариуцагч Нийслэлийн Цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.

 

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Б миний бие нь 2014 оны 10 дугаар сарын 13-нд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст олон нийтийн цагдаагийн ажилтнаар томилогдон ажиллаж, 2016 оны 02 дугаар сарын 06-нд ажлаа хүлээлгэн өгч, 2016 оны 02 дугаар сарын 07-нд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын Б80 дугаартай тушаалаар ажлаас халагдсан. Тушаалын үндэслэлд намайг Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1-д зааснаар 2017014080016 тоот эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа гэсэн үндэслэлийг зааж, энэ шалгалтаар Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрмийн 8.1.6 дахь заалтыг зөрчсөн тул ажлаас халав гэжээ. Энэ нь хуулийн үндэслэлгүй байна. Учир нь:

1-рт миний бие нь залилангийн гэмт хэрэг үйлдээгүй, хамт ажилладаг эмэгтэйн өширхсөн харьцаанаас болж надад холбогдуулан өргөдөл өгснөөс болж намайг гэмт хэрэгт үйлдсэн эсэхийг шүүхээр тогтоогоогүй байхад ажлаас халсан нь хууль зөрчсөн явдал юм.

2-рт Эрүүгийн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д гэмт буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж заасныг тус тус зөрчсөн.

Иймд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б80 тоот Олон нийтийн цагдаагийн ажилтан Г.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хууль бус болохыг тогтоож, Г.Б намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Нийслэлийн Цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Г.Бийн НЦГ хуучин нэршлээр Улаанбаатар хотын цагдаагийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Үүнд: Өмнө хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Цагдаагийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Цагдаагийн байгууллага ... саналыг үндэслэн олон нийтийн цагдаагийн ажилтнаар томилох шийдвэр гаргаж, гэрээ байгуулах ба уг гэрээнд хариуцах ажил, талуудын харилцан хүлээх үүрэг, урамшил, гэрээ цуцлах үндэслэлийг заана”, мөн зүйлийн 24.4-т “Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм, түүнд тавигдах шаардлагыг цагдаагийн төв байгууллагын дарга батална” гэж тус тус заасан.

Хуульд заасны дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 568 дугаар тушаалаар Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрмийг баталж, 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 3480 дугаарын улсын бүртгэлд бүртгэгдсэн.

Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Олон нийтийн цагдаагийн ажилтанд хориглох зүйлсийг зааж, мөн дүрмийн 8.1.6-д Ажиллаж байгаа байгууллага, түүний удирдлага болон үйлчлүүлэгч, олон нийтийн харилцаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй аливаа байдал гаргахыг хориглосон.

Нийслэлийн Цагдаагийн газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б317 дугаар тушаалаар Г.Бийг олон нийтийн цагдаагийн ажилтнаар томилж, түүнтэй хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээг 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан.

Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3.8-д “Цагдаагийн албаны нэр хүндийг гутаах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байж, өөрийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарсан аливаа хохирлыг өөрөө хариуцах үүргийг хүлээхээр”, мөн гэрээний 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт “гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бол гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцож, гэрээнд сунгалт хийсэн тухай тэмдэглэл хийж албажуулна”, мөн зүйлийн 8.7 дахь хэсэгт “Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм болон энэ гэрээнд заасан ажил үүргээ хангагүй гүйцэтгэсэн, өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, захиргааны болон сахилга ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргасан, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бол гэрээг хугацаанаас өмнө цуцална” гэж тус тус заасан.

Гэрээний хугацаа дуусахад талуудаас санал гаргаагүй тул олон нийтийн цагдаагийн ажилтан Г.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг гэрээнд анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцож, энэ тухай тэмдэглэл хийн ажиллуулсан.

Олон нийтийн цагдаагийн ажилтан Г.Б нь Ц.Мягмартуяагаас байрны метр квадратын үнийг бууруулж өгнө хэмээн хууран мэхэлж зуучилсны хөлсөнд 1,000,000 төгрөг, Б.Бат-Эрдэнээс газар авч өгнө гэж 500,000 төгрөг авсан гэх Ө-4889 дугаартай гомдлыг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргаж прокурорын хяналтад хүргүүлснийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргаж, прокурорын хяналтад хүргүүлснийг Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь хүлээн авч хянаад Г.Бт холбогдох үйлдэл нь бусдыг хуурч мэхлэх итгэл эвдэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан гэж үзэн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 201701080016 тоот эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн даргаас 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 12у/460 тоот албан бичгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдсан олон нийтийн цагдаагийн ажилтан Г.Бийг ажлаас чөлөөлүүлэх тухай саналыг ирүүлсэн.

Дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс ирүүлсэн саналыг судалж үзээд олон нийтийн цагдаагийн ажилтан Г.Бт нь Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1.6, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3.8-д заасныг тус тус зөрчиж дүрэм болон гэрээнд заасан үүргээ хяналтгүй гүйцэтгэсэн байх тул Хөдөлмөрийн гэрээний 8.7 дахь хэсэгт зааснаар Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б80 дугаар тушаалаар гэрээг хугацаанаас өмнө цуцалсан.

Г.Б нь нэхэмжлэлдээ “... тушаалын үндэслэлд намайг .... тоот эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа гэсэн үндэслэлийг зааж, энэ шалтгаанаар ... ажлаас халав” гэжээ. Энэ нь хуулийг үндэслэлгүй байна. Учир нь ... Эрүүгийн хуулийн 25 дугаар зүйлийн 1-д гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж заасныг тус тус зөрчсөн. Иймд ... тушаалыг хууль бус болохыг тогтоож ... урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж ... өгнө үү гэжээ.

Олон нийтийн цагдаагийн ажилтан Г.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын тушаалын тэмдэглэх хэсэгт Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын 2.4.1-ийн 2.4.1.6-д заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т Ажил олгогч санаачилсан Олон нийтийн цагдаагийн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.7 дахь хэсэг ...дүрэм болон энэ гэрээнд заасан ажил, үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй захиргааны болон сахилга ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргасан ... гэсэн хууль зүйн актын заалтыг тус тус үндэслэсэн.

Мөн тушаалын захирамжлах хэсэгт Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын 2.4.1-ийн 2.4.1.7-д заасны дагуу авах арга хэмжээ, түүний шалтгаан нөхцөл, хариуцах эзэн, гүйцэтгэх хугацааг тус тус бичиж тусгасан.

Хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдгээр бус гэмт хэрэгт холбогдон шалгагдсанаар Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрмийн 8.1.6-д заасан “Ажиллаж байгаа байгууллага, түүний удирдлага болон үйлчлүүлэгч, олон нийтийн харилцаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй аливаа байдал гаргахыг хориглоно” гэсэн заалтыг, мөн олон нийтийн цагдаагийн ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3.8-д заасан Цагдаагийн байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх үйлдэл, эс үйлдхүй гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан-т заасныг баримтлан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар Г.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Нийслэлийн Цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн цагдаагийн газрын даргын 2017.02.07-ны өдрийн Б/80 дугаар тушаалыг хууль бус гэж үзэж байгаа юм байна. Уг тушаалын заалтаар Г.Б Эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж эрүүгийн хэрэг үүсгэгдсэн, мөн Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрмийн 8.1.6 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн. Дээрх дүрмийн 8.1.6 дахь хэсэгт ажиллаж байгаа байгууллага, түүний удирдлага, үйлчлүүлэгч олон нийтийн харилцаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй аливаа байдал гаргах гэж тусгагдсан. Хөдөлмөрийн гэрээний 4.3.8 дахь хэсэгт цагдаагийн албаны нэр хүндийг гутаах аливаа үл ажиллагаа явуулахгүй байх, өөрийн буруутай үйл ажиллагаанаас гарсан үр дүнг өөрөө хариуцах үүргийг хүлээх үндэслэлээр тушаал гарсан. Дээрх тушаалд заагдсан үндэслэлийг Г.Б хэрхэн зөрчсөн бэ гэхээр Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолд дурдсанаар /тогтоолын-2-р хэсэгт/ /хохирогч Б.Бат-Эрдэнэ/-ийн мэдүүлэгт Г.Б нь надад Налайх дүүргийн 1-р хороо уурхайчдын 13-р гудамжинд газар олгож өгнө гэхээр нь итгээд 2016.08.22-ны өдөр Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн гадаа ээж Батсүрэнгийн хамт байж байгаад 1 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Мөнгө авсан цагаасаа хойш Г.Б нь ер нь газар авахад хэцүү байгаа учраас мөнгөө авъя гэхэд одоо ер нь бүтчихсэн байгаа Газрын алба тамга, тэмдгээ солих гээд Улаанбаатар хот руу явчихсан байгаа юм байна гэж худлаа шалтаг хэлээд алга болсон. Г.Б өргөдөл өгөхөөс өмнө 500,000 төгрөгийг дансаар, өргөдөл өгсний дараа 500,000 дансаар өгсөн. Г.Б надад газар олж өгнө гэж хуурч мэхлэн мөнгө авсан нь үнэн. Гэхдээ би мөнгөө эргүүлэн авсан учир гомдол санал байхгүй гэж тайлбарыг өгсөн. Мөн өөр хүнээс байрны м2 хямдруулж өгнө гэж хэлж хүнээс 1 сая төгрөг авсан. Тухайн мөнгөө цагдаагийн хэлтсийн гадаа эргүүлэн өгсөн тухай тэмдэглэлд тусгагдсан. Дээрх гаргасан зөрчлүүд нь олон нийтийн цагдаагийн ажилтны дүрмийн хориглох заалтад заагдсан учраас Нийслэлийн цагдаагийн газрын даргын тушаал үндэслэлтэй байх тул Г.Бийг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Г.Б нь НЦГ, НИХТд холбогдуулан “Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/80 тоот тушаалыг хууль бус болохыг тогтоож, Г.Б намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Улаанбаатар хотын Цагдаагийн газар нь НЦГ нэртэй болсон болох нь хэрэгт авагдсан Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/23 дугаар тушаалаар тогтоогдож байна.

 

            Нэхэмжлэгч Г.Б нь Нийслэлийн Цагдаагийн газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/317 дугаар “Олон нийтийн цагдаагийн ажилтныг томилох” тухай тушаалаар Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн Олон нийтийн цагдаагийн ажилтнаар ажиллаж байсан байх бөгөөд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/80 дугаар тушаалаар Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн олон нийтийн цагдаагийн ажилтан Г.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, Нийслэлийн Цагдаагийн газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/317 дугаар “Олон нийтийн цагдаагийн ажилтныг томилох” тухай тушаал, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/80 дугаар тушаал, Нийгмийн даатгалын дэвтэр зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 24, 25-31,33 дугаар тал/

 

            Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээгээр ажил олгогчийг төлөөлж Нийслэлийн Цагдаагийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, ажилтан Г.Б нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байна. /хх-ийн 25-31 дүгээр тал/

 

            Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга нь нэхэмжлэгч Г.Бийг Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн олон нийтийн цагдаагийн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Олон нийтийн цагдаагийн ажилтан Г.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/80 дугаар тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, Олон нийтийн цагдаагийн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэг, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны Б/99 дүгээр тушаалаар батлагдсан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам “Байгууллагын даргын тушаал гаргах” /код-136/-ын 136.4.2, 136.5.2-ын “г”-д заасныг тус тус үндэслэжээ.

 

            Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалдаа “...Г.Б нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 2017014080016 тоот эрүүгийн хэрэгт шалгагдаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 214 оны 568 дугаар тушаалаар батлагдсан “Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм”-ийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалтыг тус тус зөрчсөн байх тул тус хэлтсээс ирүүлсэн саналыг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг баримтлан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, ...” гэж Г.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/80 дугаар тушаал зэрэг баримтаар тогтоогдож байна./хх-ийн 33 дугаар тал/

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Тушаалын үндэслэлд намайг эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа гэсэн үндэслэлийг зааж, энэ шалтгаанаар Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрмийн 8.1.6 дахь заалтыг зөрчсөн тул ажлаас халсан.

Миний бие нь залилангийн гэмт хэрэг үйлдээгүй, хамт ажилладаг эмэгтэйн өширхсөн харьцаанаас болж надад холбогдуулан өргөдөл өгснөөс болж намайг гэмт хэрэгт үйлдсэн эсэхийг шүүхээр тогтоогоогүй байхад ажлаас халсан нь хууль зөрчсөн явдал юм.

Эрүүгийн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д гэмт буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж заасныг тус тус зөрчсөн...” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Олон нийтийн цагдаагийн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.7 дахь хэсэг ...дүрэм болон энэ гэрээнд заасан ажил, үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй захиргааны болон сахилга ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргасан ... гэсэн хууль зүйн актын заалтыг тус тус үндэслэсэн.

Хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдгээр бус гэмт хэрэгт холбогдон шалгагдсанаар Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрмийн 8.1.6-д заасан Ажиллаж байгаа байгууллага, түүний удирдлага болон үйлчлүүлэгч, олон нийтийн харилцаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй аливаа байдал гаргахыг хориглоно гэсэн заалтыг, мөн олон нийтийн цагдаагийн ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3.8-д заасан Цагдаагийн байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх үйлдэл, эс үйлдхүй гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан-т заасныг баримтлан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно...” гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Г.Б нь Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Б/80 дугаар тушаалыг гардан авч, 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр буюу хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасантай нийцжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заажээ.

 

Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэдэгт ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулж, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Мөн гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэсэн заасан байх шаардлагатай.

 

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.7-д “Олон нийтийн цагдаагийн ажилтан дүрэм болон энэ гэрээнд заасан ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, захиргааны болон сахилга, ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргасан, гэмт хэрэгт үйлдсэн нь тогтоогдсон бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцална” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д зааснаар эрүүгийн хэрэгт шалгагдсан боловч Прокурорын тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор түүнд холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 5/84 дугаар тогтоолоор тогтоогдож байна.

 

Ажил олгогч Улаанбаатар хотын цагдаагийн газар болон НИХТ нь нэхэмжлэгч Г.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчлийг тухайлан заагаагүй болох нь талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

Мөн нэхэмжлэгч Г.Б нь Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм болон гэрээнд заасан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, өгсөн үүрэг даалгаврыг удаа даар биелүүлээгүй, захиргааны болон сахилга, ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргасан, гэмт хэрэг үйлдсэн хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчлүүдийг гаргасан болохыг хариуцагч баримтаар нотлоогүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т ”зохигч, түүний төлөөлөгч  нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа  эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д  хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус зохицуулжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргаж татгалздаг боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.

 

            Цагдаагийн Ерөнхий газрын 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 568 дугаар тушаалаар “Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрмийг баталж, уг дүрмийн 8.1.6-д “Ажиллаж байгаа байгууллага, түүнийг удирдлага болон үйлчлүүлэгч, олон нийтийн хоорондын харилцаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй аливаа байдал гаргах”-ыг олон нийтийн цагдаагийн ажилтанд хориглосон бөгөөд дээрх заалтыг нэхэмжлэгч Г.Б зөрчсөн болох нь мөн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/80 дугаар тушаал нь хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Г.Бийг Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн олон нийтийн цагдаагийн ажилтны ажилд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заажээ.

 

            Нэхэмжлэгч Г.Бийг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул түүний урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Г.Б нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 3,177,430 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу … буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно гэж заасны дагуу Г.Бийн ажиллаж байсан нэг сарын дундаж цалин хөлс нь 472,321 төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс нь 21,968 төгрөг болох нь хэрэгт авагдсан Г.Бийн Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна. Шүүх нэхэмжлэгч Г.Бийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо түүний бүтэн ажилласан сүүлийн гурван сар буюу 2016 оны 9, 10, 11 дүгээр саруудын цалингаас тооцсон болохыг дурдаж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу Г.Бийн ажилгүй байсан 6 сар 18 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговорт 3,177,430 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Г.Бт олгох нь зүйтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу НЦГ болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас нэхэмжлэгч Г.Бийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасч тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.

 

Шүүх хариуцагч Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нарангаравт 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 16 цагт товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан журмын дагуу Ш.Нарангаравт 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл болон түүнд холбогдох бусад шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгч Г.Бийн нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэж байгаа тул хариуцагч НЦГ болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасантай нийцүүлэн /70,200 төгрөг+65,789 төгрөг/ нийт 135,989 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Олон нийтийн цагдаагийн ажилтан Г.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/80 дугаар тушаал хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Г.Бийг Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Олон нийтийн цагдаагийн ажилтны ажилд эгүүлэн тогтоосугай.

 

            2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар НЦГ болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 3,177,430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Бт олгосугай.

           

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Бийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг НЦГ болон НИТХ-д даалгасугай.

           

            4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр  зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч НЦГ болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас улсын тэмдэгтийн хураамжид 135,989 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

            6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               И.АМАРТӨГС