Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/00471

 

Г.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/01673 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2484 дүгээр магадлалтай,

Г.Б-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох,

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/80 тоот тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Нийслэлийн Цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Амгалангийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч түүний өмгөөлөгч Г.Б-, С.Батзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Амгалан, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст олон нийтийн цагдаагийн ажилтнаар томилогдон ажиллаж байгаад 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын Б/80 дугаартай тушаалаар ажлаас халагдсан. Тушаалд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа гэсэн үндэслэлийг зааж, энэ шалгалтаар Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрмийн 8.1.6 дахь заалтыг зөрчсөн гэжээ. Энэ нь хуулийн үндэслэлгүй өгөөд би залилангийн гэмт хэрэг үйлдээгүй. Иймд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/80 тоот Олон нийтийн цагдаагийн ажилтан Г.Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Цагдаагийн газар шүүхэд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Цагдаагийн газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б317 дугаар тушаалаар Г.Б-ийг олон нийтийн цагдаагийн ажилтнаар томилж, хөдөлмөрийн гэрээг 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан. Г.Б- нь Ц.Мягмартуяагаас байрны үнийг бууруулж өгнө хэмээн хууран мэхэлж зуучилсны хөлсөнд 1.000.000 төгрөг, Б.Бат-Эрдэнээс газар авч өгнө гэж 500.000 төгрөг авсан гэх гомдолд 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 12у/460 тоот албан бичгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдсан олон нийтийн цагдаагийн ажилтан Г.Б-ийг ажлаас чөлөөлүүлэх тухай санал ирүүлсэн. Г.Б- Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрмийн 8.1.6, хөдөлмөрийн гэрээний 4.3.8-д заасныг тус тус зөрчиж дүрэм болон гэрээнд заасан үүргээ хяналтгүй гүйцэтгэсэн байх тул Хөдөлмөрийн гэрээний 8.7 дахь хэсэгт зааснаар Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/80 дугаар тушаалаар гэрээг хугацаанаас өмнө цуцалсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал шүүхэд болон шүүх хуралдаанд хариу тайлбар гаргаагүй болно.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/01673 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн "Олон нийтийн цагдаагийн ажилтан Г.Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай" Б/80 дугаар тушаал хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Г.Б-ийг Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Олон нийтийн цагдаагийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Нийслэлийн Цагдаагийн газар болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 3.177.430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Б-ийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Нийслэлийн Цагдаагийн газар болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн хуралд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Б- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Нийслэлийн цагдаагийн газар болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас улсын тэмдэгтийн хураамжид 135.989 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2484 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/01673 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б-ийг Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Олон нийтийн цагдаагийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох Г.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтын “Нийслэлийн цагдаагийн газар” гэснийг “Нийслэлийн цагдаагийн газраас” гэж өөрчилж, болон “Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас” гэснийг хасч, 3 дахь заалтын “Нийслэлийн цагдаагийн газар” гэснийг “Нийслэлийн цагдаагийн газраас” гэж өөрчилж, болон “Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд” гэснийг хасч, 5 дахь заалтын “Нийслэлийн цагдаагийн газар” гэснийг “Нийслэлийн цагдаагийн газраас” гэж өөрчилж, болон “Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас” гэснийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Нийслэлийн Цагдаагийн газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Нийслэлийн Цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Амгалан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2484 дугаартай магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч магадлалд хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Олон нийтийн цагдаа Г.Б- нь цагдаагийн албаны нэрийн өмнөөс ажил үүргээ гүйцэтгэн, иргэдтэй харилцдаг атал албаны нэр хүндийг гутаах үйлдэл гарган бусдаас удаа дараа /2 хүнээс/ мөнгө авсан нь “Олон нийтийн цагдаагийн ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ”-ний 4.3.8-аар хүлээсэн үүрэг болох “Цагдаагийн албаны нэр хүндийг гутаах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байж, өөрийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарсан аливаа хохирлыг өөрөө хариуцах” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэн уг гэрээний 8.7 “...сахилга, ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргасан... бол гэрээг хугацаанаас өмнө цуцална", мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтуудыг тус тус баримтлан тус газар нь иргэн Г.Б-тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалсан. “Олон нийтийн цагдаагийн ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ”-ний “Олон нийтийн цагдаагийн ажилтны урамшлыг гэрээгээр хүлээсэн ажил, үүргийн биелэлтийг үндэслэн гэрээнд заасны дагуу тухайн нутаг дэвсгэрийн Засаг дарга олгоно” гэсэн 7.1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 101 дүгээр тогтоолоор олон нийтийн цагдаагийн ажилтанд сар бүр олгох урамшууллыг 2016.6.01-ний өдрөөс ТТ-7 зэрэглэлийн 1 дүгээр шатлалтай дүйцүүлэн 472.321 /дөрвөн зуун далан хоёр мянга гурван зуун хорин нэгэн/ төгрөг байхаар тогтоосон зэрэг нь Нийслэлийн цагдаагийн газар нь олон нийтийн цагдаагийн ажилтанд урамшил олгох эрх бүхий субъект биш, харин Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал эрх бүхий субъект болохыг харуулж байна.

Иймд дээрх үндэслэлийг харгалзан Иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Г.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Г.Б- нь Нийслэлийн Цагдаагийн газар болон Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн тушаал хууль бус болохыг тогтоолгох, Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн олон нийтийн цагдаагийн ажилтнаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай шаардлага гаргахдаа ажлаас үндэслэлгүй халагдсан гэжээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа нэхэмжлэгчтэй хамтран ажиллах боломжгүй, гэрээний хугацаа дуусгавар болсон гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Г.Б- нь Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн олон нийтийн цагдаагийн ажилтнаар ажиллаж байсан ба Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга 2017 оны 2 дугаар сарын 7-ний өдөр Б/80 дугаар тушаал гаргаж түүнийг ажлаас халахдаа  эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж, Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрмийн 8.1.6, хөдөлмөрийн гэрээний 8.7 дах заалтыг зөрчсөн гэсэн үндэслэл дурджээ /хэргийн 33 дугаар тал/.

Шүүх зохигчийн хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзэж, нэхэмжлэлээс ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлагыг хангахдаа хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Зохигчийн хооронд 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Олон нийтийн цагдаагийн ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр Г.Б- нь “архидан согтуурч, нийтийн хэв журам зөрчиж байгаа этгээдийн үйлдлийг нь таслан зогсоох, саатуулах, түргэн тусламжийн эмчид хүлээлгэн өгөх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах талаар зохион байгуулж байгаа ажилд идэвхтэй оролцох” зэрэг үүрэг гүйцэтгэх, Нийслэлийн цагдаагийн байгууллага нь олон нийтийн цагдаагийн ажилтны үйл ажиллагаанд бүх хэлбэрээр хяналт тавих, гэрээг цуцлах асуудлыг хууль тогтоомж, гэрээнд заасан үүргийн биелэлтийг харгалзан шийдвэрлэх, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь олон нийтийн цагдаагийн ажилтны хэрэглэх таних тэмдэг, тусгай хувцас, сар бүр урамшил олгох үүргийг тус тус хүлээхээр зохицуулжээ /хэргийн 4-11 дүгээр тал/.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хөдөлмөрийн гэрээ” гэж тодорхойлсон бол хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д заасан.

Хөлсөөр ажиллах гэрээ нь гэрээний талууд, гэрээний зүйл, нийгмийн даатгал төлөх зэрэг шинжээр хөдөлмөрийн гэрээтэй адил боловч ажлын байр, гэрээний үргэлжлэх хугацаа, хөлс, ажил гүйцэтгэх байдал, гэрээнээс татгалзах, цуцлах асуудлыг Иргэний хуульд заасан журмаар зохицуулдаг, үүгээрээ хөдөлмөрийн гэрээнээс ялгаатай.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж маргаж буй боловч гэрээ байгуулах болсон шалтгаан, гэрээний нөхцөлийг хэрэгт цугларсан нотлох баримтуудтай харьцуулан дүгнэхэд хөдөлмөрийн гэрээ гэж үзэх үндэслэл  тогтоогдоогүй, харин талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүсчээ.

Талууд гэрээг 1 жилийн хугацаагаар байгуулсан ба гэрээний 8.4-т хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бол гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцохоор заасан, 1 жилээр сунгасан талаар гэрээнд тэмдэглэгджээ.  Үүнээс үзвэл, гэрээний хугацаа дууссан боловч нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгэхийг ажиллуулагч эсэргүүцээгүй байх тул Иргэний хуулийн 366 дугаар зүйлийн 366.1-д зааснаар гэрээг тодорхой бус хугацаагаар сунгагдсан гэж үзнэ.

Талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, энэ тохиолдолд тухайн гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан нь хуульд нийцсэн эсэхийг шүүх дүгнэх шаардлагатай.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-т зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 8.7-т “олон нийтийн цагдаагийн ажилтан дүрэм болон энэ гэрээнд заасан ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, захиргааны болон сахилга, ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргасан, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцална” гэж заасан ба Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1.6-т олон нийтийн цагдаагийн ажилтан нь ажиллаж байгаа байгууллага, түүний удирдлага болон үйлчлүүлэгч, олон нийтийн хоорондын харилцаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй аливаа байдал гаргахыг хоригложээ. Г.Б- нь 2016 оны 10 дугаар сард иргэн Ц.Мягмартуяагаас байрны м.кв-ыг бууруулж өгнө хэмээн 1.000.000 төгрөг, мөн газар авч өгнө гэж Б.Бат-Эрдэнээс 500.000 төгрөг авсан, энэ нь гэрээ болон дүрмийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэж, гэрээ цуцалсан гэсэн хариуцагчийн тайлбарыг буруутгах үндэслэлгүй байна.          

Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.1.-д зааснаар энэ хуулийн 221 дүгээр зүйлд заасан хүндэтгэн үзэх үндэслэлээр хөлсөөр ажиллах гэрээ цуцлагдсан тохиолдолд ажиллагч нь гэрээ цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг шаардах эрхтэй. Нэхэмжлэгч гэрээ цуцлагдсанаас хойш буюу ажиллаагүй хугацааны хөлс шаардсан тул хуулийн дээрх зохицуулалт нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/01673 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2484 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1., 46 дугаар зүйлийн 46.2.-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/80 тоот тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Г.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ