Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 187

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, шүүгч С.Батжаргал, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Иргэдийн төлөөлөгч А.Чулуунцэцэг,

            Нарийн бичгийн дарга А.Болор,

            Улсын яллагч П.Нямцэцэг,

            Шүүгдэгч Ч.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг, Г.Мөнхцэцэг,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуяа,

            Гэрч Ч.Гангамөрөн нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан гэмт хэрэгт холбогдсон Бааван овогт Чойжамцын Отгонбаярт холбогдох 201625031889 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1964 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт гарсан, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 5 дугаар гудамж, 279 тоотод оршин суух бүртгэлтэй боловч хэрэгт холбогдох үедээ Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 6-83А тоотод Намагт хүнсний дэлгүүр түрээслэн уг дэлгүүртээ амьдарч байсан, Соёлын тэргүүний ажилтан, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бааван овогт Чойжамцын Отгонбаяр (РД:СЮ64041075),

            нь (яллах дүгнэлтэд тэмдэглэснээр) согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 6 дугаар гудамж, 83А тоотод Л.Болдбаатартай архинаас болж маргалдаж улмаар түүний зүүн нүдний доод хэсэгт хайчаар хатгаж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед яллах, цагаатгах болон бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс мэдүүлэхдээ:-2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 12 цаг 30 минутын үед намайг дэлгүүр дээрээ байж байхад гэнэт талийгаач орж ирсэн. Би гайхйг дэлгүүр дээрээ байж байхад аад талийгаачид “чи яагаад гэнэт хэл чимээгүй өгөлгүй ороод ирэв” гэхэд “өө найз нь хөдөө ажилтай байж байгаад хотод ажил гарахаар нь хүрээд ирлээ” гээд унтлагын өрөө рүү орж цүнхээ тавьж, цайгаа уугаад хүнтэй уулзлаа гээд гараад явах гэхээр нь би “би Бөмбөгөр орлоо чи надтай хамт явахгүй юм уу” гэж талийгаачаас асуухад талийгаач “би яараад байна” гээд гарсан. Намайг Бөмбөгөр явж ирчихээд дэлгүүрээ нээхэд талийгаач оройны 19-20 цагийн үед буцаад хүрч ирсэн. Намайг авсан бараагаа янзлаад сууж байхад талийгаач “ахмадын баярын мэнд хүргэе, найз нь чамд ганц юм авчихлаа” гэхээр нь би “баярлалаа” гэж хэлсэн. Улаанбаатар нэртэй 0.75 литрийн нэг шил архи гаргаж ирээд задлахаар нь би эд эзнээ таньдаггүй юм гэж хэлээд өөрт нь дээжийг нь өгсөн. Хоол хийж идээд нөгөө архиа уусан. Дэлгүүрээ хаагаад тохитой сууя гэж бодоод шөнийн 23 цаг 30 минутын үед дэлгүүрээ хаасан. Би унтлагын өрөө рүү орж ороо засах гэхэд талийгаач цүнхээ ухаад дахиад нэг шил архи гаргаж ирэхээр нь “юу вэ” гэхэд зүгээрээ зүгээр найз нь маргааш шараа тайлах гэж байсан юм. Гэхдээ хоёуланд нь нэг шил архи багадах юм шиг байна гэсэн. Талийгаач архиа ууж байхдаа лангуу руу очиж, парламент тамхи аваад татахаар нь би ямар үнэтэй тамхийг нь сонгож татдаг юм. Хямдхан тамхи авч татахгүй, хоёулаа хүнд өртэй байж гэж хэлэхэд, талийгаач намайг чи дандаа үглэж байх юм гэсэн. Тухайн үед миний гар хугарсан гар боолттой байсан. Унтлагын өрөө дэлгүүр хоёрын хоорондох хаалганы босгон дээр талийгаач зогсож байсан. Би хажуугаар нь гарах гэсэн боловч багтахгүй байхаар нь зам хөндөлсөж зогсоод байх юм гээд хажуугаар нь гарахдаа тохойгоороо талийгаачийг арагш нь түлхсэн. Талийгаач цаашаагаа “ёо ёо” гээд унахаар нь эргээд харахад доошоогоо хараад хэвтэж байсан. Би яагаад маяглаад байгаа юм, босооч гээд татах гэхэд талийгаачийн нүүрнээс нь цус гарч байсан. Тохойноос нь татахад гарт нь хайч байсан. Би эмэгтэй хүний цүнх шиг үүрдэг цүнхийг Нарантуул захаас авсан. Талийгаач өөрөө хилэн материалтай зүйлд дурладаг юм. Мөрөндөө үүрдэг хэсэг нь тасарчихсан байсан болохоор нь би тасалсан хэсгийг нь оёулчихсан байсан. Тэгэхэд талийгаач чи өөр өнгийн утсаар оёулсан байна гэхээр нь би өдөр алдаж шөнө гэдэг шиг одоо наад цүнхээ янзалж яах гэсэн юм, маргааш бол гэж хэлж байсан. Тамхи татаад зогсож байхаар нь хажуугаар нь гарахдаа түлхсэн юм. Талийгаачийн гарт хайч байсныг сүүлд нь мэдсэн. Би цагдаагийн байгууллага руу хэд хэдэн удаа дуудлага өгсөн. Түргэн тусламж дуудсан боловч хүн сандрахаараа гудамжныхаа дугаарыг мэдэхээ больдог юм байна лээ. Би хайчин дээр манай найз уначихлаа, бие нь муу байна яаралтай ирээч, би төв зам дээр байж байя гэж хэлсэн. Би дэлгүүрээ хаагаад талийгаачийг сугадаж яваад хашааны буланд очиход талийгаач би энд сууж байя, чи яваад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би наанаа сууж байгаарай гэж хэлээд доошоогоо зам руу гүйж очиход цагдаагийн машин ирчихээд хөдлөх гэж байхаар нь би очиж, дуудлага өгсөн хүн би байна гэхэд цагдаагийн машинд 2 цагдаа нэг энгийн иргэн сууж байсан. Цагдаа та дуудлага өгсөн бол наанаа хүлээж бай, бид нар өөр дуудлаганд явлаа гэж хэлээд яваад өгсөн. Замын хажуу талын Япон авто сервисийн үүдэнд би хэсэг хүлээж суусан. Би даараад мөн нөгөөх маань яаж байгаа бол гээд дэлгүүр рүүгээ буцаад явсан. Намайг очиход талийгаачийн хөл нь хөдлөхөөр нь би уусан архиндаа тасарсан юм байна гэж бодоод дэлгүүр рүүгээ хувцсаа өмсөх гэж орсон. Цамцаа өмсөөд гарахдаа нэг мэдэхэд эгчийндээ очсон байсан. Би эгчийгээ сэрээхэд нь л түргэн дуудсан байсан яагаад энд ирчихсэн юм бол гэж бодсон. Тэгээд эгчийгээ хань татаж дэлгүүр рүүгээ өдрийн 12 цагийн үед очиход гадаа талийгаач байхгүй байхаар нь гайхсан. Мөн дэлгүүрийн хаалга онгорхой байсан. Дэлгүүр рүүгээ ороход талийгаачийн цүнх нь байхгүй байсан. Би эгчийгээ явж бай, гэмтлийн эмнэлэг рүү яваад үзье байхгүй бол цагдаагийн газар очиж асууя гээд гарахад үүдэнд цагдаагийн машин ирж зогсоод намайг авч явсан гэв.

            Ч.Отгонбаяраас мөрдөн байцаалтад сэжигтнээр мэдүүлэхдээ:-Болдбаатар хөдөө уул урхайн газарт тогооч ажилтай байж байгаад 2016 оны 9 сарын 15-нд ирсэн юм. Ингээд цалин буусан гээд мөнгөтэй байгаа гэхээр нь дэлгүүртээ 400 гаран мянган төгрөгийн бараа авахуулсан. Ингээд зарж борлуулж амжаагүй байхад өөрөө авсан бараанаас аваад хэрэглээд байсан. 10 сарын нэгний өглөө гэртээ байж байгаад өдөр нэг хүнтэй утсаар ярьж байгаад 15 цагийн үед гарч яваад оройн 19 цагийн үед ирсэн. Ингээд байж байхад надад ахмадын баярын мэнд хүргэж ганц архи уух уу гэсэн. Тэгээд би зөвшөөрсөн, хамт нэг шил Улаанбаатар нэртэй 0.75-тай архи хувааж ууж байгаад өлсөөд гурилтай шөл хийж идсэн. Ингээд хоолоо идэж дуусаад архиа ууж дуусгасан. Тэгээд дэлгүүрээ хаасан. Ингээд унтахаар болоод ороо засаж байгаад дахин нэг шил өмнөх уусан архитай адилхан архи гаргаад ирсэн ба би тэр үед нь чм ямар муухай юм бэ анхнаасаа гаргаж ирээд тавьчихгүй гэсэн чинь за юун сүртэй юм бэ гэсэн. Ингээд Болдбаатар нөгөө архиа хундаглаж эхэлсэн ба өөртөө их хийж надад бага хийлээ гэсэн чинь чи өөрөө даадаггүй биздээ хөгшин авгай минь гэхээр нь чи юу гээд солиороод байгаа юм бэ наадахаа адилхан хийгээч гэсэн. Чи пянгаа даадаггүй, араа даадаггүй биздээ гэхээр нь би чи яасан сүртэй юм бэ, битгий хуцаад бай гээд маргалдсан болоод архиа уугаад байж байхад 23 цаг өнгөрсөн байсан байх. Тэгээд архиа ууж дуусаагүй дахин намайг чи харамлаж өөртөө их хийгээд байгаа юм биш үү гэж хэлээд маргалдсаар Болдбаатар миний үснээс зулгааж татахаар нь би үсээ тавиулах гэхэд би муу ганц гартай юм чинь намайг яах юм бэ, өрөөсөн гартай байж намайг барлаа юу дийллээ юу гэхээр нь ядарсан ч янжууртай хөгширсөн ч чамтайгаа гэхэд, шоронгийн бузар авгай гэж хэлээд дэлгүүрт лангууны хажууд зууралдаж байсан. Тэгтэл Болдбаатарын нүүрнээс цус гараад эхэлсэн ба миний гар цус болсон байсан. Ингээд айгаад хартал миний гарт лангуун доор байдаг хар өнгийн иштэй жижиг хайч байсан ба түүнийг хаяад гарч түргэн дуудахаар гар утсаараа залгахад болохгүй байсан, тэр үед шөнийн 03 цаг болж байсан санагдаж байна. Ингээд Болдбаатарын гарыг мөрөн дээгүүрээ мөрлөн өргөж дэлгүүрээс шууд гадагшаа гардаг хаалгаар гарч хаалгаа түгжээд явах гэтэл явж чадахгүй болохоор нь хашааны буланд шонгийн мод налуулан Болдбаатарыг суулгаад, өөрөө цаашаа гудамж уруудан явж төв зам дээр гарсан. Тэгтэл цагдаагийн алаг машин ирсэн ба дотор нь 2 цагдаа байсан. Тэр хоёр цагдаад хандаж найзтайгаа ахмадын баяр тэмдэглэсэн юмаа. Тэгээд тасарчихлаа найзтайгаа маргалдаад бие нь муу байнаа. Түргэн дуудсан чинь ирдэггүй гэхэд та наанаа байж бай, эргээд ирнэ гээд зам дээрээс нэг согтуу хүн суулгаад явсан. Ингээд би тэндээ хэсэг хүлээгээд ирэхгүй болохоор нь эргээд дэлгүүр рүүгээ явж гудамжны үзүүрт ирээд хартал Болдбаатар нөгөө газраа миний суулгасан чигээрээ байж байсан ба ямар нэгэн хөдөлгөөн хийсэн шинжгүй байсан. Ингээд би дэлгүүр рүү орж үлдсэн архиа уугаад тасарчихсан байсан. Нэг мэдсэн чинь Дамбад байдаг Гангамөрөн эгчийнхээ гэрт ухаан орсон. Эгчдээ Болдбаатартай зодолдсон, гадаа үлдээсэн, одоо үхсэн амьд бүү мэд гэж хэлээд эгчийгээ дагуулан дэлгүүр рүүгээ ирсэн. Эгчийгээ дэлгүүрээс өөрийнхөө хөргөгчөө ав гэж хэлээд замаараа такси барьж ирээд дэлгүүр рүүгээ ороод машинд хөргөгчөө ачиж байхад цагдаа нар ирээд би баригдсан. Надтай маргалдаж байхад Болдбаатар өөрөө хайч барьчихсан байсан ба намайг нөгөө гарыг чинь таслана шүү гэхээр нь маргалдаж булаацалдаж байхад л Болдбаатарын нүүрэнд хайчаар хатгасан байсан. Цус гарахаар нь би хатгасан гэдгийг мэдсэн. Би Болдбаатартай 10 жил хамт амьдарч байна гэжээ.

Шүүх хуралдаан дээр гэрч Ч.Гангамөрөн мэдүүлэхдээ:-Бид нар тус тусдаа амьдралтай. Би дүүгээ 10 гаруй жил талийгаачтай хамт амьдарч байсан гэдгийг нь мэднэ. Дүү маань ээжтэйгээ хамт амьдардаг байсан. Талийгаачийн эгчийнх нь хүүхэд болон талийгаачийн ах дүү нар нь сар жилээр талийгаач болон дүүтэй маань хамт амьдардаг байсан. Ээж маань нас барж, талийгаачтай ханьтай хамт амьдардаг байсан. Манай дүү хүнд их тусархаг, эелдэг зөөлөн ааштай хүн. Сүүлд хашаа байшингаа барьцаалж зээл авч, талийгаачтай хамт ажил хийж амьдардаг байсан гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Отгонтуяагаас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-Лувсандоржийн Болдбаатар нь миний төрсөн дүү байгаа юм. Бид эцэг эхээс наймуулаа. Хамгийн том эгч Тунгалаг Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа. Дараагийн эгч Туяа Улаанбаатар хотод тэтгэвэрт байдаг. Дараагийн эгч Оюунтунгалаг Дорноговь аймаг Сайхандулаан суманд амьдарч байгаа. Батбаатар Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд амьдарч байгаа. Ингээд би, түүний дараа дүү Одгэрэл Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд амьдарч байгаа. Түүний дараа талийгаач байгаа юм. Манай талийгаач хамгийн бага нь байсан. Талийгаач Л.Болдбаатар нь 1975 оны 11 сарын 15-нд Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд төрсөн. Бага насаа цэцэрлэгт хүмүүжиж, Сэлэнгэ аймгийн 1-р арван жилийн сургуулийг 1983 оноос 1993 онд сурч бүрэн дунд боловсролтой болсон ба Дорноговь аймаг Зүүн баянд цэргийн алба нэг жилийн хугацаатай хаасан. Түүнээс хойш Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн зочид буудал, зоогийн газрын менежмент гэсэн ангийг төгссөн. Гэхдээ он сарыг нь санахгүй байна. Сургууль төгссөн цагаасаа хойш энэ тэнд тогоочоор ажиллаж байсан. Талийгаач нь албан ёсоор хүнтэй гэр бүл болж байгаагүй. Дотны найз нөхөд гэх хүмүүс байдаг. Миний дүү олон эгч нартай болохоор зөөлөн дөлгөөхөн сайхан ааштай, хүнтэй нөхөрсөг харьцдаг. Манай дүү амьдралдаа зодоон хийж байгаагүй. Биеийн хувьд жижиг биетэй болохоор хүнтэй маргалдаж байгаагүй. Манай дүү ах Батбаатарыг байнга л харж хандаж, туслан, дэмжиж, асран хамгаалж байсан. Манай ах маш хүнд өвчин тусаад байгаа юм гэжээ.

            Гэрч Ю.Цолмонбаатараас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-Би тэр өдрийг санаж байна. Тэр өдөр би ахмад Мишигбаатарын хамт хайрхан-114 чиглэлд үүрэг гүйцэтгэхээр 09 цагт ирэх үед урд шөнө нь хүний амь нас хохирсон ноцтой хэрэг гарсан байсан ба сэжигтэн Отгонбаяр гэх залууг эрэн сурвалжилж байгаа гэдгийг мэдсэн. Ингээд ахмад Мишигбаатар бид хоёрын хариуцсан нутаг дэвсгэр байсан болохоор машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад Отгонбаяр нь саарал өнгийн Соната-5 маркийн машинтай ирээд ажиллуулж байсан Намагт дэлгүүрээс өөрийн гэсэн эд зүйлээ зөөж эхэлсэн. Ингээд Цолмонбаатарын хамт очиж барьж аваад биед нь үзлэг хийгээд баривчлан хэлтэс рүү хүргэж өгсөн. Хэлтэс рүү явж байх үед Отгонбаяр нь машин дотор нөгөө хүн амьд уу гэж байн байн асуугаад байхад нь “амьд байгаа байхаа” гэж хэлээд санааг нь амраасан. Тэр үед ёох гэж санаа алдаад ашгүй ашгүй гэж хэлсэн. Энэ үед нь би та хоёр юунаас болж муудалцсан юм бэ гэж асуухад бид хоёр архи их, бага уулаа гэж муудалцаж зодолдсон гэж хэлсэн. Ингээд хэлтэс дээр ирж хүлээлгэн өгсөн гэжээ.

            Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2016.10.12-ны ¹1809 тоот актын дүгнэлтэд:

            1.Талийгаачийн биед зүүн нүдний доод зовхи, зүүн нүдний алимны доод хэсэг, зүүн нүдний ухархайн арын ханыг гэмтээж, суурь ясны их, бага далавчны уулзвар хэсгээр гавлын хөндийд нэвтэрч, нүүрний зүүн хэсгийг гэмтээсэн шарх, баруун, зүүн дух, чамархай, зулай, дагз, 2 хажуугийн дээд хэсэг, суурь хэсэг, бага тархины орой, суурийн хэсгийн тархмал аалзан бүрхүүл доорхи тархмал цус харвалт, зүүн нүдний дээд зовхины шарх, дээд, доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

            3.Дээрх гавал тархины гэмтэл нь ир үзүүр бүхий нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            4.Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан байна.

            5.Талийгаачийн цогцост 2016.10.02-ны 12 цагт үзлэг хийхэд ойролцоогоор нас бараад 8-10 цаг болсон байна.

            6.Талийгаач нь О/I/ бүлгийн харъяалалтай цустай байна.

            7.Талийгаачийн шулуун гэдэс, бэлэг эрхтэн орчимд эр бэлгийн эс үрийн шингэн илрээгүй.

            8.Талийгаачийн бэлэг эрхтэн, шулуун гэдэс орчимд шинэ гэмтэл үгүй байна.

            9.Талийгаач нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.

            10.Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байна гэжээ.

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016.10.05-ны ¹06/454 тоот дүгнэлтэд:

            1.Шинжилгээнд ирүүлсэн 1, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 дугаартай 11 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

            2.Шинжилгээнд тэнцэж буй 9, 10, 11 дугаартай гарын мөр нь MN000510015961 дугаараар бүртгэгдсэн сэжигтэн MN000510020723 дугаараар бүртгэгдсэн сэжигтэн Чойжамц овогтой Отгонбаярын баруун гарын эрхий болон зүүн гарын эрхий хурууны дардастай ерөнхий болон дараах хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна.

            3.8 дугаартай гарын мөр санд бүртгэлтэй гарын мөр болон дардсуудтай харьцуулахад ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ 8 дугаартай гарын мөр 2016-ЦОГЦ-ЧД дугаараар кодлогдсон хохирогч Лувсандорж овогтой Болдбаатарын баруун гарын ядам хуруугаар үүссэн байна гэжээ.

            Мөрдөн байцаалтад шинжээч эмч О.Болороог байцаасан тэмдэглэлд:-Би 2016.10.02-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн ахмад Батсүрэнгийн шинжээч томилсон тогтоолоор Л.Болдбаатарын цогцост задлан шинжилгээ хийсэн. Цогцост задлан шинжилгээгээр зүүн нүдний доод зовхи, зүүн нүдний алимны доод хэсэг, зүүн нүдний ухархайн арын хаыг гэмтээж, суурь ясны их, бага далавчны уулзвар, хэсгээр гавлын хөндийд нэвтэрч нүүрний зүүн хэсгийг гэмтээсэн шарх, баруун, зүүн дух, чамархай, зулай, дагз 2 хажуугийн дээд хэсэг, суурь хэсэг, бага тархины орой, суурийн хэсгийн тархмал аалзан бүрхүүл доорхи тархмал цус харвалт, зүүн нүдний дээд зовхины шарх, дээд, доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдсон, 0/1 бүлгийн харъяаллын цустай, нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байна. Дээрх гавал тархины гэмтэл нь хүнд зэрэгт хамаарна, дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь учирсан даруйдаа үйлдэл хөдөлгөөн хийх боломж багатай. Уг гэмтэл учраад богино хугацаанд үхэлд хүргэх аюултай. Уг гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлээр талийгаачийн зүүн нүдний доод хэсгээр урдаас арагш, доороос дээш гэсэн чиглэлтэй 9 см-ээс багагүй зүйлээр хатгах, (цохих) үйлчлэлээр үүсгэсэн байна. Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амьд гарах боломжгүй байна. Уг гэмтэл нь шууд үхэлд хүргэсэн байна гэжээ.

            Хүний биед хийгдсэн шүүхийн эмнэлгийн шинжээчийн 2016.10.02-ны ¹13689 тоот дүгнэлтэд:

            1.Ч.Отгонбаярын биед шинээр үүссэн гэмтэл тогтоогдсонгүй.

            2.Ч.Отгонбаярын цус, шээсэнд согтууруулах ундааны зүйл, шээсэнд мансууруулах болон сэтгэц нөлөөт эм бэлдмэл илрээгүй байна.

            3.Ч.Отгонбаяр нь АВО системээр О/I/ бүлгийн харъяалалттай цустай байна.            4.Ч.Отгонбаяр нь бэлгийн замын халдварт тэмбүү өвчтэй байна.

            5.Баруун сарвуундаа боолттой байгаа ч идэвхитэй хөдөлгөөн хийх боломжтой гэжээ.

            Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016.11.17-ны өдрийн ¹1097 тоот дүгнэлтэд:

            1.Ч.Отгонбаяр нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Тэр үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Болсон зүйлсийн талаар тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна.

            2.Ч.Отгонбаяр нь сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна.

            3.Ч.Отгонбаяр нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

            4.Ч.Отгонбаяр нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл болон согтууруулах мансууруулах төрлийн зүйл хэрэглэсэн эсэхийг манай шинжилгээ тогтоогдоггүй болно. Тухайн үед эмгэг согтолттой байсан гэх шинж баримт үгүй байна.

            5.Ч.Отгонбаяр нь хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвартай байна. Ч.Отгонбаяр нь хэрэг хариуцах чадвартай байна гэжээ.

            Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд, шүүгдэгч Ч.Отгонбаяр нь 2016 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 6 дугаар гудамж, 83А тоотод хохирогч Л.Болдбаатартай хамт архи ууж, согтууран, улмаар өөртөө архи бага хийлээ гэх шалтгаанаар маргалдаж, түүний зүүн нүдний доод хэсэгт хайчаар хатгаж, хүнд гэмтэл учруулсан даруй хохирогч нас барсан болох нь Ч.Отгонбаярын сэжигтнээр мэдүүлсэн “Болдбаатар нөгөө архиа хундаглаж эхэлсэн ба өөртөө их хийж надад бага хийлээ гэсэн чинь чи өөрөө даадаггүй биздээ хөгшин авгай минь гэхээр нь чи юу гээд солиороод байгаа юм бэ наадахаа адилхан хийгээч гэсэн. Чи пянгаа даадаггүй, араа даадаггүй биздээ гэхээр нь би чи яасан сүртэй юм бэ, битгий хуцаад бай гээд маргалдсан ... Болдбаатар миний үснээс зулгааж татахаар нь би үсээ тавиулах гэхэд би муу ганц гартай юм чинь намайг яах юм бэ, өрөөсөн гартай байж намайг барлаа юу дийллээ юу гэхээр нь ядарсан ч янжууртай хөгширсөн ч чамтайгаа гэхэд, шоронгийн бузар авгай гэж хэлээд дэлгүүрт лангууны хажууд зууралдаж байсан. Тэгтэл Болдбаатарын нүүрнээс цус гараад эхэлсэн ба миний гар цус болсон байсан. Ингээд айгаад хартал миний гарт лангуун доор байдаг хар өнгийн иштэй жижиг хайч байсан. ...Болдбаатарын гарыг мөрөн дээгүүрээ мөрлөн өргөж дэлгүүрээс шууд гадагшаа гардаг хаалгаар гарч хаалгаа түгжээд явах гэтэл явж чадахгүй болохоор нь хашааны буланд шонгийн мод налуулан Болдбаатарыг суулгаад, өөрөө цаашаа гудамж уруудан явж төв зам дээр гарсан. ... эргээд дэлгүүр рүүгээ явж гудамжны үзүүрт ирээд хартал Болдбаатар нөгөө газраа миний суулгасан чигээрээ байж байсан ба ямар нэгэн хөдөлгөөн хийсэн шинжгүй байсан. Ингээд би дэлгүүр рүү орж үлдсэн архиа уугаад тасарчихсан байсан” гэх мэдүүлэг, гэрч Ю.Цолмонбаатарын “…машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад Отгонбаяр нь саарал өнгийн Соната-5 маркийн машинтай ирээд ажиллуулж байсан Намагт дэлгүүрээс өөрийн гэсэн эд зүйлээ зөөж эхэлсэн. Ингээд Цолмонбаатарын хамт очиж барьж аваад биед нь үзлэг хийгээд баривчлан хэлтэс рүү хүргэж өгсөн. Хэлтэс рүү явж байх үед Отгонбаяр нь машин дотор нөгөө хүн амьд уу гэж байн байн асуугаад байхад нь “амьд байгаа байхаа” гэж хэлээд санааг нь амраасан. Тэр үед ёох гэж санаа алдаад ашгүй ашгүй гэж хэлсэн. Энэ үед нь би та хоёр юунаас болж муудалцсан юм бэ гэж асуухад бид хоёр архи их, бага уулаа гэж муудалцаж зодолдсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг,

“Дээрх гавал тархины гэмтэл нь хүнд зэрэгт хамаарна, дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь учирсан даруйдаа үйлдэл хөдөлгөөн хийх боломж багатай. Уг гэмтэл учраад богино хугацаанд үхэлд хүргэх аюултай. Уг гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлээр талийгаачийн зүүн нүдний доод хэсгээр урдаас арагш, доороос дээш гэсэн чиглэлтэй 9 см-ээс багагүй зүйлээр хатгах, (цохих) үйлчлэлээр үүсгэсэн байна. Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амьд гарах боломжгүй байна. Уг гэмтэл нь шууд үхэлд хүргэсэн байна” гэх шинжээч эмчийг асуусан тэмдэглэл,

            хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, Ч.Отгонбаярын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, талийгаачийн өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, амь хохирогчийн биед задлан шинжилгээ хийсэн шүүх эмнэлгийн 2016.10.12-ны ¹1809 тоот дүгнэлт, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016.10.05-ны ¹06/454 тоот дүгнэлт, хүний биед хийгдсэн шүүхийн эмнэлгийн шинжээчийн 2016.10.02-ны ¹13689 тоот дүгнэлт, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хайч, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

            Иймд шүүгдэгч Бааван овогт Чойжамцын Отгонбаярыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан ял оногдуулах хууль үндэслэлтэй байна.

            Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учирсныг хүндрүүлэх нөхцөлд харгалзан үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс оршуулгын зардалд 6.099.080 төгрөг, сэтгэл санааны хохиролд 30.000.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгчийн ар гэрээс түүнд 3.100.000 төгрөг төлсөн байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс оршуулгын зардал гэж нэхэмжилсэн утасны төлбөр 72.000, ус буцалгагч худалдаж авсан үнэ 25.000, халуун сав худалдаж авсан үнэ 55.000 төгрөг, мөн сэтгэл санааны хохирол гэх 30.000.000 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлээс 30.152.700 төгрөгийг хангахгүй орхиж, оршуулгын зардал 2.846.380 (6.099.080 – 3.100.000 – 152.700) төгрөгийг шүүгдэгчээс нөхөн гаргуулахаар шийдвэрлэлээ.       

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн нэг ширхэг хайчийг устгахаар шийдвэрлэв.

Ч.Отгонбаярыг 2016 оны 10 дугаар сарын 02-нд сэжигтнээр баривчилж, 10 дугаар сарын 04-нөөс сэжигтэн, яллагдагчаар цагдан хорьсон тул түүний цагдан хоригдсон нийт 227 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Бааван овогт Чойжамцын Отгонбаярыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар шүүгдэгч Ч.Отгонбаярыг 12 (арван хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Ч.Отгонбаярт оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг баримтлан шүүгдэгч Ч.Отгонбаярын цагдан хоригдсон 227 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 2 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацааг дуустгал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Ч.Отгонбаяраас 2.846.380 (хоёр сая найман зуун дөчин зургаан мянга гурван зуун ная) төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Тугчин овогт Лувсандоржийн Отгонтуяа (РД:МЮ72120369)-д олгож, нэхэмжлэлээс 30.152.700 (гучин сая нэг зуун тавин хоёр мянга долоон зуу) төгрөгийг хангахгүй орхисугай.

7..Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Отгонбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ

      ШҮҮГЧИД                                           С.БАТЖАРГАЛ

       Н.БАЯРМАА