Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2020/01451

 

 

 

 

 

 

 

 

2020 оны05 сарын28 өдөр

181/ШШ2020/01451

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С.Б /РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: УБ ХХК /РД:/-д холбогдох,

 

Тэргүүн ээлжинд түрээсийн гэрээ байгуулах давуу эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б, хариуцагчийн төлөөлөгч Ч.*******, хариуцагчийн өмгөөлөгч Г.*******, гэрч Г.*******, С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Б миний бие 2014 оны 05 сарын 01-ний өдрөөс эхлэн УБт Оёдол хувцас засварын газар ажиллуулах зорилгоор талбай түрээсэлж ирсэн бөгөөд 2016 оны 06 сарын 01-ний өдрөөс тус дэлгүүрийн 3 давхарт СССС тоот хаягтай талбайг 2020 оны 01 сарын 09-ний өдөр хүртэл түрээслэн ажиллуулж байсан. Эхэндээ бид ямар ч асуудалгүй түрээсэлж байсан бөгөөд сүүлд 2018 оны 12 сарын 31-ний өдөр УБ ХХК болон С.Б бид №19322 тоот Түрээсийн гэрээг байгуулж, 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс 2019 оны 03 сарын 31-ний өдөр хүртэл тус дэлгүүрийн 3 давхарт байрлах талбайг Оёдол, хувцас засварын газрын зориулалтаар түрээсэлж ажиллуулахаар болсноос эхлээд асуудал үүссэн юм. Үндсэндээ уг №19322 тоот гэрээ нь 2017 оны 12 сарын 28-ны өдөр байгуулагдсан №18324 тоот гэрээг сунгасан гэрээ бөгөөд бүх заалт хэвээрээ, гагцхүү гэрээний хугацаа 3 сарын хугацаатай байсан юм. Яагаад гэрээний хугацаа өөр байсан бэ гэвэл 2018 оны 12 сард тус дэлгүүрийн гүйцэтгэх захирал Ч.******* гэх эмэгтэй надаас түрээсийн төлбөрийг бүтэн жилээр нь хийхийг шаардсан. Ингээд би түрээсийн төлбөрийг 3 сараар хийгээд гэрээний хугацаа 3 сар болсон юм. Тус гэрээний хугацаа дуусахад би түрээсийн гэрээний хугацаа дууссан талаар Ч.*******д хэлж, түрээсийн гэрээг сунгах талаар хэлсэн боловч Ч.******* нь өнөөдөр сунгана, маргааш сунгана гэсээр байгаад 2019 оны 08 сар хүргэж, улмаар 2019 оны 08 сарын 16-нд надад 19/266 тоот албан бичиг ирсэн. Тус албан бичигт манай түрээсийг 2019 оны 08 сарын 31-ний өдрөөр тасалбар болгож, талбай чөлөөлөхийг шаардсан байсан. Би өөрийн нөхөртэйгөө энэ талаар ярилцаад цаашид түрээслэх саналтай байгаагаа 2019 оны 08 сарын 27-ны өдөр Ч.*******д өгсөн. Тэгэхэд гүйцэтгэх захирал Ч.******* 2019 оны 09 сарын 04-ний өдөр 19/282 тоот албан бичиг өгч 2019 оны 10 сарын 30-ны өдөр гэхэд гараарай гэсэн байсан. Ингээд гүйцэтгэх захирал Ч.******* бид хоорондоо албан бичиг, хүсэлт өгөлцсөөр, 2020 оны 01 сарын 31-ний өдөр биечлэн уулзаж, миний зүгээс түрээсийн гэрээгээ дахин байгуулах талаар санал тавихад тэр зөвшөөрөөгүй. Тиймээс би аргагүйн эрхэнд 2020 оны 03 сарын 02-ны өдөр түрээсийн талбайгаа чөлөөлсөн. Гэтэл биднийг гаргангуутаа дахин өөр этгээдэд яг бидэнд талбай түрээслүүлсэн зориулалтаар түрээслүүлсэнд би гомдолтой байна. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.7-д Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэдэг хөлслөгч, гэрээний хугацаа дуусахад уг эд хөрөнгийг хөлслөн авах шинэ гэрээг тэргүүн ээлжинд байгуулах давуу эрхтэй бөгөөд, хөлслүүлэгч үүнийг зөрчиж өөр этгээдтэй эд хөрөнгө хөлслөх гэрээ шинээр байгуулсан байвал шинэ хөлслөгчийн эрх үүргийг өөртөө шилжүүлэн авахыг шаардах эрхтэй гэж заажээ. Тэгэхлээр тус УБ ХХК нь миний олон жилийн турш тус компанитай байгуулсан түрээсийн гэрээнийхээ үүргийг зохих ёсоор гүйцэтгэсээр байтал биднийг шахаж хавчин байнгын орлоготой байгаа байршлыг минь булаан авсанд би маш их гомдолтой байна. Иймд намайг УБ ХХК-тай тэргүүн ээлжинд түрээсийн гэрээ байгуулах эрхтэй болохыг тогтоож өгнө үү. гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн С.Бын Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 эны 04 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үзээд бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг үүгээр гаргаж байна. Түрээслэгч С.Бын 2017 оны 12 сарын 25-ны өдрийн хүсэлтийг харгалзан үзэж, 2018 онд №18324 тоот гэрээг байгуулсан. Гэтэл С.Б нь тус гэрээний хугацаанд ямар нэгэн асуудалгүй ажиллаж байсан гэж бичжээ. Бидний зүгээс 2018 онд тус тасагтай гэрээ байгуулахад гэрээний 3.4, 3.5, 3.10 заалтуудыг удаа дараа зөрчиж, түрээсийн төлбөрөө цаг хугацаанд нь төлөхгүй өнөө маргааш гэж аргацаан, шаардлага тавьсан Танхимын эрхлэгч нарт худлаа ярих, түрээсээ хойшлуулах, захиралтай чинь ярьчихсан гэх мэтээр үл тоомсорлож, зарим тохиолдолд уурлаж, хэрүүл хийх гэх мэтээр тавьсан зүй ёсны шаардлагуудыг хүлээн авахгүй, зөрчлөө шийдэхгүй удаан хугацаанд түрээсийн төлбөр болон алданги төлбөрийн асуудалтай байсан. Түрээсийн төлбөр болон бусад шаардлага тавьсан мэдээллүүдийн дэлгэрэнгүйг 2018 оны танхимын эрхлэгчийн өдөр тутмын бүртгэлийн дэвтрээс шүүсэн материалууд, 2018 оны 9 сарын 24-д өгсөн 18/388 тоот албан бичгээс тодорхой харж болно. Бидний зүгээс N918324 тоот түрээсийн гэрээний 3.6-д заасны дагуу түрээслэгч С.Баас маркетингийн үйл ажиллагааны хураамжийг төлбөрийг огт авдаггүй, чөлөөлж өгснөөс гадна түрээсийн төлбөрийг заасан хугацаандаа төлөхгүй, гэрээний 8.1.1, 8.1.2 заалтуудыг үндэслэн гэрээ сунгахгүй байх бүрэн үндэслэл байсан хэдий ч тус тасгаас 2018 оны 12 сарын 31-нд өгсөн гэрээ сунгаж, хамтран ажиллах хүсэлтийг нь хүлээн авч №19322 тоот гэрээг хийсэн болно. Түрээсийн төлбөр төлөлтийг бүтэн жилээр шаардсан тухай мэдээлэл байна. Бидний зүгээс гэрээний 3.4, 3,5, 3,9, 3,12 заалтуудыг баримтлан түрээсийн төлбөрийг заасан хугацаанд багтааж авах үүрэгтэй бөгөөд оёдол тасгийн хувьд түрээсийг хугацаанд төлдөггүй байсан бөгөөд үүнийг тайлбарт хавсаргасан санхүүгийн баримтаар тогтоогдоно. Мөн 2018 оны танхимын эрхлэгчийн шаардлага тавьсан байдлаас үзэхэд ихэнхдээ түрээсээ хугацаандаа төлөхийг шаардсан байгааг харж болно. УБ нь оёдол тасагтай 2018 оны 12 сарын 31-нд өгсөн өөрсдийн хүсэлтийг үндэслэн №19322 тоот гэрээг байгуулсан. Тус тасаг нь хүсэлт дээрээ доорх зөрчлүүдийг арилгаж, УБийн тавьсан шаардлагыг биелүүлж ажиллана гэж дурдсан байдаг. Үүнд: Бүгд /ажлын байран дээрээ түрээслэгч С.Б нь түүний нөхөр, том охин зээ хүү гэх мэтээр олуулаа байдаг/ ажлын хувцас, энгэрийн тэмдэгтэй болж та бүхний тавьсан шаардлагын дагуу ажиллана, Тоног төхөөрөмжөө сайжруулж ажиллана. Ажлын байрны тохижилтыг өөрчилнө, Хувцас солих өрөө болон хувцасны шүүгээний байрлалыг эмхлэн байрлуулна зэрэг болно. Гэвч дээрх шаардлагыг биелүүлж ажиллаж чадаагүй бөгөөд мөн л Танхимын эрхлэгчийн тавьсан удаа дараагийн шаардлагыг биелүүлэхгүй, байнга шаардуулж байсныг 2018, 2019 оны бүртгэлийн дэвтрээс он сар өдрөөр нь шүүсэн мэдээллээс харж болно. Шаардлага хангаж ажиллаж чадахгүй байсан тул 2019 оны 08 сарын 16-нд тус тасагт 19/266 тоот зөрчлүүдийг арилгахыг шаардсан албан тоот хүргүүлж байсан. Түрээслэгч С.Б нь 2019 оны 08 сарын 27-нд албан тоот ирүүлсэн бөгөөд уг албан бичигт дараагийн ажиллах ажлын байраа олно, мөн ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил, гомдолгүй ажиллах болно гэж дурдсан байсныг УБ хүлээн авч 2019 оны 09 сарын 04-нд 19/282 тоот албан тоотыг хүргүүлсэн байдаг. Тус албан тоотод тасгийн хүсэлтийг харгалзан үзэж, түрээслэх хугацааг 2 сараар сунгахаар хариу бичиг хүргүүлсэн. Гэвч тасаг нь цагийн хуваарийн дагуу ажиллахгүй байх, дүрэмт хувцасны асуудлаа огт шийдээгүйгээр барахгүй, шаардлага тавьсан Танхимын эрхлэгчийг үл ойшоосон байдал хэвээр байсан. Мөн тус тасагт үйлчлүүлэгчдээс гомдол ихээр ирдэг байсныг тухай бүрт нь мэдэгдэж байсан болно. 2019 оны 10 сарын 01-нд үйлчлүүлэгч Б.Болортуяа гэдэг хүнээс оёдол тасагт гомдол ирсэн нь тасаг сайжирч ажиллахаасаа илүүтэй алдаа дутагдалтай, асуудалтай байгаа нь үүгээр нотлогдож байгаа юм. Тасагт үнэ тарифаа ил байрлуулж тавих, УБ дотор мөрддөг журмын дагуух шаардлагыг тавьсаар ирсэн ч хүлээж авахгүй, засрахгүй энэ хүртэл явсан байдаг. Мөн 11 сарын 7-нд ДЗ-р танхимд байрлах зөвлөхүүд болон захирлаас тасагт дахин гомдол ирсэн. Энэ нь нийтийн эзэмшлийн ус цэвэршүүлэгч ашиглаж ус авах гэхээр оёдол тасгийн түрээслэгч С.Бын нөхөр нь гэх хүн их ус авлаа гэх мэтээр загнаж байгаад гомдолтой байгаа тухай бичгээр ирүүлсэн болно. Тасгаас талбайг хугацаандаа чөлөөлөхийг шаардаж байсан ч заасан хугацаанд чөлөөлөхгүй байснаас гадна шаардлага тавьсан Танхимын эрхлэгчийг битгий дарамтлаад байгаарай, чамайг шүүхэд өгнө гэх зэргээр хэл амаар доромжилж зурвас бичиж байсан нь ажлын бүртгэл шүүсэн материалаар тогтоогдоно. УБ нь түрээслэгч С.Бад 19/349 тоот албан тоотоор талбайг 2019 оны 11 сарын 14-нөөр дуусгавар болгож хүлээлгэж өгөх тухай мөн мэдэгдсэн боловч тасаг асуудлыг шийдвэрлэхгүй удааширсан тул 19/395 тоот албан бичгээр гэрээний 4.13 заалтаар талбайг чөлөөлж авах тухай албан тоот хүргүүлсэн болно. 2019 оны 08 сарын 25-нд тасагт талбай чөлөөлөхийг шаардаж, хэлж байсан ч гэрээний 8.2 буюу 90 хоногоор бид нар талбайгаа чөлөөлнө гэх мэтээр ярьж байсан хугацаа нь өнгөрч, сайжирч өөрчлөгдсөн зүйлгүй цагтаа ирэхгүй дураараа явах, албан тоот ирж авна гэсэн ч ирж авахгүй удах гэх мэтээр асуудал нь улам хүндэрч байсныг дурдах хэрэгтэй. 2020 оны 02 сарын 20-нд тасагт 20/82 тоот албан тоотыг хүргүүлэх гэтэл ирж авна гээд аваагүй бөгөөд сар шинэ гарсан тул очиж амжихгүй байна, хөдөө байна гэх мэтээр удааширч 8 хоногийн дараа албан тоотоо ирж авсан. 2020 оны 03 сарын 02-нд тасаг тоног төхөөрөмж, жижиг тавилга юмаа буулгаж талбайг чөлөөлсөн боловч мөн л гэрээнд заасны дагуу талбайг анхны байдлаар нь хүлээлгэн өгөлгүй, хана халтар, цахилгааны далдлагчтай утсыг үлдээх байдлаар тасгийг хүлээлгэж өгсөн болно. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь Түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараалан зөрчиж бидний бизнесийн үйл ажиллагаа, нэр хүндэд удаа дараалан хохирол учруулж байсан, мөн харилцан тохиролцож гэрээний хугацаа дуусгавар болж түрээсийн талбайг хүлээлгэн өгч баримт үйлдсэн зэрэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч УБ ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээ байгуулах давуу эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч С.Б нь УБ ХХК-ийн УБийн 3 дугаар давхарт байрлах СССС кодтой талбайг оёдол, хувцас засварын үйлчилгээ явуулах зорилгоор түрээслэн ажиллаж байгаад 2020 оны 03 сарын 02-ны өдөр талбайг УБ ХХК-д акт /хх-52 тал/-аар хүлээлгэн өгч талууд гэрээний харилцааг дуусгавар болгосон байна.

Дээрх үйл баримтын талаар талууд маргадаггүй бөгөөд талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дахь заалтад заасан түрээсийн гэрээний харилцаа байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч түүний түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан талбайг өөр этгээдэд түүнд түрээслүүлж байсан зориулалтаар дахин түрээслүүлсэнд гомдолтой гэх үндэслэлээр Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.7 дахь заалтад заасны дагуу тухайн талбайг түрээслэх гэрээг тэргүүн ээлжинд байгуулах давуу эрхтэй болохоо тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд ийнхүү тогтоолгосноор нэхэмжлэгч тухайн талбайг түрээсийн гэрээний дагуу үргэлжлүүлэн түрээсэлж үйл ажиллагаа явуулах хүсэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.7 дахь заалтад Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэдэг хөлслөгч, гэрээний хугацаа дуусахад уг эд хөрөнгийг хөлслөн авах шинэ гэрээг тэргүүн ээлжинд байгуулах давуу эрхтэй бөгөөд хөлслүүлэгч үүнийг зөрчиж өөр этгээдтэй эд хөрөнгө хөлслөх гэрээ шинээр байгуулсан байвал шинэ хөлслөгчийн эрх, үүргийг өөртөө шилжүүлэн авахыг шаардах эрхтэй. гэж заасан байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь заалтад Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж заасан тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.7 дахь заалтад заасан үндэслэлээр түрээсийн гэрээг тэргүүн ээлжинд байгуулах давуу эрхтэй болохоо тогтоолгох, шинэ түрээслэгчийн эрх үүргийг өөртөө шилжүүлэн авахаар шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.7 дахь заалтад заасан шинэ гэрээг тэргүүн ээлжинд байгуулах давуу эрхийг гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэдэг байсан этгээд эдэлнэ.

Гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэдэг байсан гэдэгт түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дахь заалтад заасны дагуу буюу үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэдэг байсан байдлыг ойлгох бөгөөд гэрээнээс татгалзах хэмжээний зөрчил гаргаагүй боловч гэрээний турш үүргээ зөрчиж байсан бол түрээслэгчийг гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан гэж үзэх боломжгүй.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй татгалзаж буй татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч түрээсийн төлбөрийг цаг хугацаанд нь төлдөггүй байсан, дэлгүүрийн дотоод журмыг зөрчдөг байсан гэсэн үндэслэлүүдээр тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч С.Б болон хариуцагч УБ ХХК нарын хооронд 2018 оны 12 сарын 31-ний өдөр байгуулагдсан Түрээсийн гэрээ /хх-40-42 тал/-ний 3 дугаар зүйлийн 3.4 дахь заалтад түрээсийн төлбөрийг өмнөх сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр, гэрээний 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтад түрээслэгч УБт үйл ажиллагаа явуулахтай холбоотой Дэлгүүрийн журам, Түрээсийн талбайд тохижилт, засварын ажил гүйцэтгэх заавар, Худалдааны зөвлөх, менежерийн дүрэм, бусад дүрэм, журам, зааврыг хатуу чанд мөрдөн ажиллахаар заасан байна.

Уг гэрээний хугацаа гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дахь заалтад зааснаар 2019 оны 03 сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон байх боловч нэхэмжлэгч С.Б нь талбайг үргэлжлүүлэн түрээсэлж, үйл ажиллагаа явуулсаар байсан байх тул Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дахь заалтад зааснаар түрээсийн гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцлөөр сунгагдсан гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.2 дахь заалтад зааснаар тодорхой бус хугацаагаар байгуулагдсан гэрээ нь гэрээ цуцлах тухай аль нэг тал нь мэдэгдсэнээс хойш хууль буюу гэрээнд заасан хугацаа өнгөрснөөр дуусгавар болно.

УБ ХХК нь С.Бад 2019 оны 08 сарын 16-ны өдрөөс 2019 оны 12 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд гэрээг цуцалж, талбай чөлөөлөх талаар мэдэгдлүүд /хх-44-48 тал/-ийг өгч байсан байх ба улмаар талууд 2020 оны 03 сарын 02-ны өдөр талбайг актаар хүлээлцэн гэрээний харилцааг дуусгавар болгосон байх тул түрээсийн гэрээ Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.2 дахь заалтад зааснаар дуусгавар болсон гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч С.Б нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.7 дахь заалтад заасан шинэ гэрээг тэргүүн ээлжинд байгуулах давуу эрхийг эдлэхэд 2019 оны 03 сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан эсэх нь ач холбогдолтой.

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон гэрчүүдийн мэдүүлгүүдээр нэхэмжлэгч түрээсийн төлбөрийг цаг хугацаанд нь төлөөгүйн улмаас алданги төлдөг байсан, үйл ажиллагаагаа явуулахдаа дүрэмт хувцас өмсдөггүй байсан, дэлгүүрийн ажиллах цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаггүй байсан болох нь тогтоогдсон бөгөөд энэ нь түрээсийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтад заасан түрээсийн гэрээнд заасны дагуу төлбөрийг цаг хугацаанд нь төлөх үүрэг, 6.3 дахь заалтад заасан дэлгүүрийн журмыг хатуу чанд мөрдөн ажиллах үүргийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

Хэдийгээр дээрх зөрчлийг түрээслүүлэгч гэрээнээс татгалзах хэмжээний зөрчил гэж үзэж, гэрээнээс татгалзах үндэслэл болгоогүй байх боловч дээрх үүргийн зөрчил нь нэхэмжлэгчийг үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан гэж үзэх үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгч С.Б нь түрээсийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан болон Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.7 дахь заалтад зааснаар шинэ гэрээг тэргүүн ээлжинд байгуулах давуу эрхтэй гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.7 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч С.Бын хариуцагч УБ ХХК-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээ байгуулах давуу эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Нэхэмжлэгч С.Быг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь заалтыг баримтлан шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР