Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/00825

 

                 C.Б-ын нэхэмжлэлтэй иргэний

               хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/01451 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1689 дүгээр магадлалтай,

C.Б-ын нэхэмжлэлтэй,

“У б и д” ХХК-д холбогдох

Тэргүүн ээлжинд түрээсийн гэрээ байгуулах давуу эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч C.Б-ын гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч C.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюун-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Г.Төгөлдөр, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч C.Б нь хариуцагч ”У б и д” ХХК-д холбогдуулан тус их дэлгүүрийн 3 дугаар давхрын 3058 тоот талбайг тэргүүн ээлжинд түрээсийн гэрээ байгуулан түрээслэх давуу эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/01451 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.7 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч C.Б-ын хариуцагч ”У б и д” ХХК-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээ байгуулах давуу эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1689 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/01451 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч C.Б-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгч C.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.31-ний өдрийн 1689 дүгээр магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.28-ны өдрийн 181/ШШ2020/01451 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулалгүй, хэт нэг талыг барьж, шийдвэрийн алдааг бүрэн дүүрэн залруулаагүй.

4.1. C.Б би гэр бүлийн хамтаар 2014.05.01-ний өдрөөс 2019.12.31-ний өдрийг дуустал тус дэлгүүрийн 3 дугаар давхарт 3058 тоот талбайг оёдол хувцас засварын чиглэлээр түрээслэн ажиллаж, түрээсийн гэрээг жил жилээр хийдэг байсан. Гэтэл тус компани нь 2019 оны гэрээг шинэчлэн хийхдээ биднээс асуулгүй, хугацааг 3 сараар хийсэн, уг түрээсийн гэрээ нь 2018.12.31-ний өдөр эхэлж, 2019.03.31-ний өдөр дууссан. 2020 оны 4 дүгээр сард хугацаа дууссан, хүчин төгөлдөр бус гэрээг хүлээж авсан. Энэ хугацаанд банкны зээлээр тоног төхөөрөмж авч өргөжүүлэх байсан бидний ажил бүрэн зогссон. Тухайн үед гэрээ сунгахыг давуу эрхээрээ хэд хэдэн удаа амаар болон бичгээр шаардсан боловч 2019.08.16-ны өдөр гаргах мэдэгдэл ирсэн. 2019.11.14, 15-нд цахилгааныг тасалж, ажил зогсоож гарахыг шаардсан. Бидний зүгээс шүүхэд хандана гэж хэлэхэд 2019.11.16-ны өдөр цахилгааныг холбож он дуустал ажиллуулсан. Түрээсийн төлбөрийг нэхэмжлэлийн дагуу сар бүрийн 20-ны өдөр тогтмол төлдөг байсан. 2019.12.20-ны өдөр 2020 оны 01 дүгээр сарын түрээсийг нэхэмжлэлийн дагуу төлсөн бөгөөд 2020 оны гэрээ үргэлжилж байна гэж ойлгосон. Гэтэл 2020.01.09-ний өдөр би хөлөө хугалсны улмаас эмнэлэгт хэвтэж 2020.01.20-ны өдөр гарч захирал Ч.О-Э-тэй очиж уулзахад 2 давхарт ажиллаж байгаад түрээсээ өгдөггүй гэдэг шалтгаанаар гарсан хувцас засвартай гэрээ хийж, бид нарын ажлын байранд оруулсан байсан. Энэ нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.7-д заасан “Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэдэг хөлслөгч, гэрээний хугацаа дуусахад уг эд хөрөнгийг хөлслөн авах шинэ гэрээг тэргүүн ээлжинд байгуулах давуу эрхтэй бөгөөд хөлслүүлэгч үүнийг зөрчиж өөр этгээдтэй эд хөрөнгө хөлслөх гэрээ шинээр байгуулсан байвал шинэ хөлслөгчийн эрх, үүргийг өөртөө шилжүүлэн авахыг шаардах эрхтэй” гэснийг зөрчсөн. Биднийг гэр бүлээрээ ажилладаг, халуун усаа хувааж уугаач гэж шаардлага тавьсны төлөө буруутгаж, бусадтай дандаа хэрүүл маргаан хийдэг мэтээр ойлгуулж, нэг ч удаа гомдол гаргаагүй байхад буюу гомдол гаргасан бол тэр хүнтэй намайг уулзуулаагүй атлаа хүнээс өмдний шуумаг хасах хөлсөнд 20,000 төгрөг авсан мэтээр буруутгаж, түрээсээ цаг хугацаанд нь төлдөг байтал үргэлж гуйлгаж төлдөг юм шиг ярьж, бидний үйл ажиллагааг 2016 оны 01 дүгээр сараас 2016.06.01-ний өдрийг хүртэл зогсоож 2 давхарт оёдолчин оруулж, санаатайгаар алдангид оруулснаа давтаж байгаад нь гомдолтой.

4.2. Анхан шатны шүүх хурал болохоос 3 цагийн өмнө хариуцагч тал нотлох баримт өгсөн, уг баримттай танилцаж амжаагүй учраас хурал хойшлуулах хүсэлтээ удаа дараа хэлсэн боловч нөгөө талын хүсэлтээр хурлыг эхлүүлсэн. Нотлох баримтаа одоо эсвэл гэрчийн мэдүүлэгт гаргаж өгөх үү гэж асуухад шүүгч “болно” гэж хэлсэн бичлэг байхгүй байна. Давж заалдах шатны шүүх хурал дээр надаас хариу тайлбар аваагүй, мэтгэлцээгүй. Анх шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхээс дуудсаны дараа тус компанийн захирал Ч.О-Э намайг дуудаж уулзаад “Яасан их шүүхэд өгдөг юм бэ, би өмгөөлөгчөө дагуулж очоод чамайг шууд ялна, өмгөөлөгчийн хөлс үнэтэй байдаг юм” гэх мэтээр загнаж байсан. Үүнээс үзэхэд 2 шатны шүүх хэт нэг талыг барьж асуудлыг шийдэж байгаагаар харагдаж байна. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.28-ны өдрийн 181/ШШ2020/01451 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.31-ний өдрийн 1689 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Нэхэмжлэгч C.Б-аас хариуцагч ”У б и д” ХХК-д холбогдуулан тус их дэлгүүрийн 3 дугаар давхрын 3058 тоот талбайг тэргүүн ээлжинд түрээсийн гэрээ байгуулан түрээслэх давуу эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

7. Хоёр шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

8. Тодруулбал, нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.7 дахь хэсэг гэж зааж байгаа боловч уг хуульд заасан урьдчилсан нөхцөл болох “... гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэдэг...” байсан гэдгээ нотолж чадаагүй, харин хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нь гэрээний үүргээ байнга зөрчиж байсныг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгчээ.  

9. Нэгэнт хуулийн дээрх нөхцөл хангагдсан гэж үзэхээргүй тул нэхэмжлэгчийн хувьд түрээсийн гэрээний хугацаа дуусахад шинэ гэрээг тэргүүн ээлжинд байгуулах давуу эрх буюу шинэ хөлслөгчийн эрх, үүргийг өөртөө шилжүүлэн авахыг шаардах боломжгүй.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрсдийн шаардлага, татгалзлын үндэслэлээ нотлох үүрэгтэй, энэхүү үүргийн хүрээнд нэхэмжлэгч нь хариуцагчийн шүүхэд гаргасан баримтыг үндэслэлтэйгээр үгүйсгэж чадаагүй байх тул “би гэрээний үүргээ биелүүлж байсан байхад хариуцагч байнга зөрчсөн мэтээр ярьж, биднийг санаатай хохироож байгаад гомдолтой” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.1-д заасан нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.

11. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрхийг хязгаарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл байхгүй талаар давж заалдах шатны шүүх хангалттай дүгнэсэн байх тул уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.2-т заасан гомдлыг хангах боломжгүй.

12. Иймд, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/01451 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1689 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Г.АЛТАНЧИМЭГ

                       ШҮҮГЧИД                                                    Г.БАНЗРАГЧ

                                                                                            Н.БАЯРМАА

                                                                                            Д.ЦОЛМОН