Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2020/01142

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2020/01142

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  Э.Б ХХК /РД: .........../-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Ч.Л групп ХХК /РД: .........../,

 

Хариуцагч: Үндэсний хөгжлийн газар УТҮГ /РД: ........./-т тус тус холбогдох

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 345,470,316 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З, хариуцагч Үндэсний хөгжлийн газар УТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, хариуцагч Ч.Л групп ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: 2014 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын эдийн хөгжлийн яам Ч.Л ХХК нарын хооронд Алтанбулаг Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн хурдны авто замаар концессын гэрээг Э.Б ХХК-тай байгуулсан. Э.Б ХХК нь төсөлд оролцох санал гаргасны дагуу талууд харилцан тохиролцож 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ажил гүйцэтгэх ерөнхий гэрээг Ч.Л ХХК-тай байгуулсан. Уг гэрээний дагуу нотолгоо болгож 5,000,000 ам.долларыг 9 гэрээ байгуулснаас хойш 9 хоногийн дотор захиалагч тал буюу Ч.Л ХХК-ийн дансанд шилжүүлэхээр тохиролцож, гэрээний 7.2-т заасны дагуу гэрээний баталгаа төлбөрийг ажил гүйцэтгэж дууссан тохиолдолд манай компанид буцаан олгох нөхцөлтэйгөөр байгуулагдсан.

Гэрээний хэрэгжилт захиалагч талын буруутай үйл ажиллагаанаас болоод хийгдээгүй. Ч.Л ХХК нь баталгааны төлбөрт 125,717 долларыг төлөөгүй. Үлдэгдэл төлбөрийг санхүүгийн боломжгүй байна удахгүй өгнө гэх тайлбарыг удаа дараа өгч байсан. 345,473,316 төгрөгийг компаниас авах ёстой. Манайхыг концессын гэрээнд баталгаа болгож оруулаад концесс нь цааш хэрэгжихгүй болсон. Баталгааныхаа мөнгийг шаардахад бага багаар өгөөд одоо үлдэгдэл мөнгөө төлөөгүй. Ч.Л ХХК нь хариу тайлбартаа мөнгийг нь өгнө, өр төлбөрөө төлж барагдуулна гэж зөвшөөрсөн байдаг. Иймд баталгааны төлбөрийг Ч.Л ХХК-иас гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Хариуцагч Үндэсний хөгжлийн газар УТҮГ-ын төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Л шинэ хөгжлийн зам ХХК-тай хуучнаар Эдийн засгийн хөгжлийн яам 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр концессын гэрээ байгуулагдсан. Уг компанитай гэрээ байгуулсан нь Э.Б ХХК-тай ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсгээгүй гэдгийг харуулж байгаа.  Ч.Л шинэ хөгжлийн зам гэдэг нь тусдаа компани.  Ч.Л гэдэг нь тусдаа компани юм. Манайх Шинэ хөгжлийн замтай концессын гэрээ байгуулсан бөгөөд Шинэ хөгжлийн зам концессын гэрээний 1.7-д заасан үүргээ биелүүлээгүй гэх дүгнэлт гарсан. Үүний улмаас Үндэсний хөгжлийн газар УТҮГ нь концессын гэрээг цуцалж, анхан шатны шүүхийн шийдвэр гарч анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. 

Нэхэмжлэгч Э.Б ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Үндэсний хөгжлийн газар УТҮГ-т хандан тодруулга мэдээлэл хүсэх тухай албан бичиг, уг хүсэлттэй холбоотой Засгийн газар концессын гэрээ цуцалсны төлбөрт гарсан зардлыг нөхөн олгох талаар мэдээлэл хүссэн. Үндэсний хөгжлийн газар УТҮГ-аас 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр буюу 14 хоногийн дараа 01/3522 тоот албан бичгээр концессын гэрээг цуцалсантай холбогдуулан тус газар ямар нэгэн нөхөн төлбөр олгохгүй байх талаар мэдэгдсэн. 

Нэхэмжлэгчийн дурьдсан 345,473,316 төгрөгийг манайх Э.Б ХХК-иас аваагүй. Шинэ хөгжлийн зам концессын гэрээний баталгаа мөнгийг манайд байршуулаагүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг харахад Э.Б ХХК нь Ч.Л ХХК-д мөнгө шаардсан болохоос Үндэсний хөгжлийн газар УТҮГ-тай эрх зүйн харилцаа үүсгээгүй. 

Нэхэмжлэгч тал Ч.Л ХХК-ийн данс руу мөнгөө шилжүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л ХХК-иас гаргуулж өгнө үү гэж тайлбарласан тул шүүх үүнийг харгалзан үзнэ үү. 

Иймд Үндэсний хөгжлийн газар УТҮГ хариуцагчаар татагдсан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Үндэсний хөгжлийн газар УТҮГ-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ч.Л групп ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Б ХХК нь гэрээнд заасан төлбөр болох 5,000,000 ам.долларыг 9 хоногийн дотор шилжүүлэх ёстой байсан. 5,000,000 ам.доллар нь гэрээний 7.1 дэх заалт буюу гэрээний урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэх төлбөрт хамаарагдаж байсан. Гэтэл энэ төлбөрийг Э.Б ХХК шилжүүлээгүй. Өнөөдрийг хүртэл 250,000 доллар шилжүүлсэн. Нэхэмжлэлийн үндэслэлд Ч.Л ХХК-ийг дурьдаж өгөөгүй, харин Ч.Л шинэ хөгжлийн зам ХХК-ийн дансанд гэж бичсэн байдаг. 04 дүгээр сарын 07-ны өдөр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах хүсэлтийг хангахаас татгалзсан шүүгчийн захирамж гарсан. 

Нэхэмжлэгч тал нь Ч.Л ХХК гэж хариуцагчаа тодорхойлсон боловч нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлдээ Ч.Л шинэ хөгжлийн зам ХХК бичсэн байна. 

Алтанбулаг, Улаанбаатар, Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам барих гэрээний төсөлд тодорхой хэмжээний мөнгө дансанд төвлөрсөн байсан бол энэ маргаан үүсэхгүй байх байсан. Өнөөдрийг хүртэл концессын гэрээтэй холбоотой маргаан дуусаагүй байгаа. Гурван шатны шүүх концессын гэрээг хүчингүй болгосон. Засгийн газрын тогтоолыг өөрийг нь хүчингүй болгож, өмнөх концессын гэрээнд олгосон Засгийн газрын тогтоолыг хэвээр үргэлжлүүлсэн. 

2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр концессын гэрээг цуцлах тухай Засгийн газрын тогтоол гарсан. 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж гарсан. Өнөөдөр энэ асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа. 

Хэрэв хамтын ажиллагааны гэрээнээс гарах гэж байгаа бол хэрхэн яаж гарах талаар, гэрээний баталгааг хэрхэн дансанд байршуулах, яаж буцаан олгох талаар зохицуулж өгсөн.

Энэ замын нэг км нь 3,500,000 доллараас 5,000,000 долларын төсөвт өртөгтэй зам юм. Нэг км замын төсөвт өртгийг гэрээний баталгаа болгож байршуулаад ажлаа эхлүүлэх гэж байсан. Гэтэл тус мөнгөө шилжүүлж байршуулаагүйн төлөө Ч.Л ХХК-д хохирол учирч байна. Иргэний хуульд заасан хамтын ажиллагааны үүргийг Э.Б ХХК биелүүлээгүй. Мөнгө шилжүүлээгүйгээс болоод концессын гэрээ хүчингүй болсон. Өнөөдөр Ч.Л ХХК нь Э.Б ХХК-иас төлбөр нэхэмжлэх ёстой байсан. Энэ талаар гэрээнд тусгагдсан байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 

Үндэсний хөгжлийн газар УТҮГ нь Э.Б ХХК болон Ч.Л ХХК нарын хооронд байгуулагдсан эрх зүйн харилцаанд ямар ч хамааралгүй. Энэ нь Э.Б ХХК болон Ч.Л ХХК нарын харилцаа юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Б ХХК нь хариуцагч Ч.Л групп ХХК, Үндэсний хөгжлийн газарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 345,473,316 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Ч.Л групп ХХК нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүй гэж, хариуцагч Үндэсний хөгжлийн газар нь нэхэмжлэгч Э.Б ХХК-тай иргэний эрх зүйн харилцаанд оролцоогүй, Алтанбулаг Улаанбаатар - Замын-Үүд чиглэлийн авто замын концессын гэрээ цуцлагдсан тул цаашид уг гэрээний харилцаа үргэлжлэх боломжгүй гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Зам барилгын ажил гүйцэтгэлийн ерөнхий гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн 25 км урт зам, барилгын ажил гүйцэтгэхээр тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний баталгаа болгож 5,000,000 ам долларыг хариуцагчийн дансанд байршуулах үүргийг тус тус хүлээж гэрээ байгуулсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 5-9 дэх тал, 61-62 дах тал/

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн ба талууд гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нараас 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Зам барилгын ажил гүйцэтгэлийн ерөнхий гэрээ-ний англи хэл дээрхи эхийг шүүхэд гаргаагүй, мөн уг гэрээний англи хэл дээрхи хувь нь хавтаст хэргийн 61-62 дах талуудад дутуу авагсан бөгөөд талууд уг гэрээний орчуулгын үнэн зөвд маргахгүй гэж тайлбарласан тул шүүх талуудын маргаагүй үйл баримтыг нотлохгүй гэх зарчмыг баримтлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар шүүх хуралдааныг хойшлуулж, гэрээний эхийг гаргуулах ажиллагаа гүйцэтгээгүй болно.

 

Нэхэмжлэгч нь ...Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу 277,000 ам долларыг хариуцагч Ч.Л ХХК-ийн дансанд байршуулсан. Гэтэл, хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болсон тул хариуцагч нь 151,283 ам долларыг манай компанид шилжүүлсэн. Одоо үлдэгдэл 125,717 ам доллар буюу 345,470,316 төгрөгийг Ч.Л ХХК-иас шаардаж нэхэмжлэл гаргасан, хариуцагч Үндэсний хөгжлийн газрын үгийг сонсох гэж хариуцагчаар татсан гэж, хариуцагч нь Гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 2014 оны гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Мөн нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүй, Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Засгийн газраас концессын гэрээг цуцалсантай холбоотой маргаан үүссэн байх тул уг маргааны шийдвэрлэтэл энэ хэргийн шийдвэрлэх боломжгүй гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлийг тайлбарласан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д зааснаар хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурьдсан этгээдийг хэлнэ. Хариуцагч Үндэсний хөрөнгө оруулалтын газарт холбогдох шаардлага байхгүй байхад зөвхөн тайлбар сонсох гэх үндэслэлээр иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар татан оролцуулж байгаа нь үндэслэлгүй юм.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

 

Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам, Ч.Л групп-шинэ хөгжлийн зам ХХК нарын хооронд 2014 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Алтанбулаг Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн хурдны авто замын төслийг хэрэгжүүлэх концесс /барих, ашиглах, шилжүүлэх/-ын гэрээ байгуулагдсан бөгөөд Үндэсний хөгжлийн газраас 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Алтанбулаг Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн хурдны авто замын төслийг хэрэгжүүлэх концессын гэрээний хэрэгжилтийн талаарх санал, дүгнэлт гаргаж, Ч.Л групп-шинэ хөгжлийн зам ХХК нь концессын гэрээ хүчин төгөлдөр болох нөхцлүүдийн найман нөхцөлөөс 5 нөхцлийг биелүүлээгүй тул Ч.Л групп-шинэ хөгжлийн зам ХХК-тай байгуулсан концессын гэрээг цуцлах нь зүйтэй гэж дүгнэж, улмаар уг гэрээний цуцлах асуудлыг Монгол Улсын Засгийн газарт тавьж шийдвэрлүүлэх саналыг хүргүүлж, Засгийн газар концессын гэрээг цуцалсан болох нь талуудын тайлбар, Үндэсний хөгжлийн газрын Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн хурдны авто замын төслийг хэрэгжүүлэх концессын гэрээний хэрэгжилтийн талаарх санал, дүгнэлт, Үндэсний хөгжлийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01/3522 тоот албан бичгээр тогтоогдож байна.

 

Нэгэнт талуудын гэрээ байгуулах үндэслэл болсон Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам, Ч.Л групп-шинэ хөгжлийн зам ХХК нарын хооронд 2014 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Алтанбулаг Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн хурдны авто замын төслийг хэрэгжүүлэх концесс гэрээ цуцлагдсан тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж байгаа нь үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу хариуцагчид 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 27,000 ам доллар, 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 250,000 ам доллар шилжүүлсэн болох нь Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Хаа банкны орлогын мэдүүлгээр нотлогдож байна. /хх-ийн 17 дахь тал/

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид 151,283 ам долларыг буцаан төлсөн бөгөөд Ч.Л групп ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 02/08 дугаартай албан бичиг, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 01/53 тоот албан бичиг, 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 02/03 тоот албан бичиг, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн албан бичиг, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн албан бичгээр 125,717 ам долларыг ... төлж барагдуулах болно гэж дурьдсан байна.

 

Мөн, талууд 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж, 127,050 ам далларын үлдэгдэлтэй, бэлнээр төлөхөөр тооцоо нийлжээ. /хх-ийн 14 дэх тал/

 

Хариуцагч Ч.Л групп ХХК-ийн төлөөлөгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан.

 

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хариуцагч Ч.Л групп ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхийг илэрхийлж, тооцооны үлдэгдлийг баталгаа үйлдэж, мөн удаа дараагийн албан бичгээр 125,717 ам.долларыг төлөхийг зөвшөөрсөн тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна.

 

Иймд, хариуцагч Ч.Л групп ХХК-иас 345,470,316 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Эй Би Си Эм Жи ХХК-д олгох үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Ч.Л групп ХХК-иас 345,470,316 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Б ХХК-д олгож, хариуцагч Үндэсний хөгжлийн газарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,885,302 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Л групп ХХК-иас 1,885,302 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР