Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2020/01548

 

 

 

 

 

“Э ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/01142 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Э ” ХХК-ийн хариуцагч “Ч ” ХХК, “Ү” УТҮГ-т холбогдуулан гаргасан гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 345 470 316 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч “Ч ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З , хариуцагч “Ч ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б , хариуцагч “Ү” УТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: 2014 оны 03 сарын 09-ний өдөр Монгол Улсын эдийн хөгжлийн яам “Ч ” ХХК-ийн хооронд Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны авто замаар концессын гэрээг “Э ” ХХК-тай байгуулсан. Нэхэмжлэгч нь төсөлд оролцох санал гаргасны дагуу талууд харилцан тохиролцож 2014 оны 07 сарын 08-ны өдөр ажил гүйцэтгэх ерөнхий гэрээг хариуцагч “Ч ” ХХК-тай байгуулсан. Уг гэрээний баталгаа болгож 5 000 000 ам.долларыг 9 гэрээ байгуулснаас хойш 9 хоногийн дотор захиалагч тал буюу “Ч ” ХХК-ийн дансанд шилжүүлэхээр тохиролцож, гэрээний 7.2-т заасны дагуу гэрээний баталгаа төлбөрийг ажил гүйцэтгэж дууссан тохиолдолд манай компанид буцаан олгох нөхцөлтэйгөөр байгуулагдсан. Гэрээний хэрэгжилт захиалагч талын буруутай үйл ажиллагаанаас болоод хийгдээгүй. Хариуцагч “Ч ” ХХК нь баталгааны төлбөрөөс 125 717 ам.долларыг төлөөгүй. Үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч ямар нэгэн шалтгаан хэлсээр ирсэн. Нэхэмжлэгчийг концессын гэрээнд баталгаа болгож оруулаад концесс нь цааш хэрэгжихгүй болсон. 345 470 316 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан. Хариуцагч “Ч ” ХХК нь үлдэгдэл төлбөрийг төлөх талаар хариу тайлбараараа зөвшөөрсөн байдаг. Иймд баталгааны төлбөрийг “Ч ” ХХК-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч “Ү” УТҮГ-ын тал тайлбартаа: “Ч ” ХХК-тай хуучнаар Эдийн засгийн хөгжлийн яам 2014 оны 03 сарын 09-ний өдөр концессын гэрээ байгуулсан. Уг компанитай гэрээ байгуулсан нь нэхэмжлэгчтэй ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсгээгүй гэдгийг харуулж байгаа. “Ч ” ХХК, “Ч ” ХХК нар нь тусдаа хуулийн этгээдүүд юм. Манайх Ш тай концессын гэрээ байгуулсан бөгөөд Ш концессын гэрээний 1.7-д заасан үүргээ биелүүлээгүй гэх дүгнэлт гарсан. Үүний улмаас “Ү” УТҮГ нь концессын гэрээг цуцалж, анхан шатны шүүхийн шийдвэр гарч анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Нэхэмжлэгч нь 2019 оны 11 сарын 14-ний өдөр “Ү” УТҮГ-т хандан тодруулга мэдээлэл хүсэх тухай албан бичиг, уг хүсэлттэй холбоотой Засгийн газар концессын гэрээ цуцалсны төлбөрт гарсан зардлыг нөхөн олгох талаар мэдээлэл хүссэн. “Ү” УТҮГ-аас 2019 оны 11 сарын 28-ны өдөр буюу 14 хоногийн дараа 00/0000 тоот албан бичгээр концессын гэрээг цуцалсантай холбогдуулан тус газар ямар нэгэн нөхөн төлбөр олгохгүй байх талаар мэдэгдсэн. Нэхэмжлэгчийн дурдсан 345 473 316 төгрөгийг аваагүй. Ш концессын гэрээний баталгаа мөнгийг манайд байршуулаагүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг харахад нэхэмжлэгч нь “Ч ” ХХК-ийн данс руу мөнгө шилжүүлсэн байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Ч” ХХК-аас нэхэмжлэлд дурдсан мөнгөн хөрөнгийг гаргуулах талаар тайлбарласан тул шүүх үүнийг харгалзан үзнэ үү. Иймд “Ү” УТҮГ хариуцагчаар татагдсан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Ч” ХХК-ийн тал тайлбартаа: Нэхэмжлэгч нь гэрээний урьдчилгаа төлбөрт хамаарах 5 000 000 ам.долларыг 9 хоногийн дотор шилжүүлэх ёстой байсан боловч 250 000 ам.доллар шилжүүлсэн. Нэхэмжлэлийн үндэслэлд “Ч ” ХХК-ийг дурдаагүй, харин “Ч” ХХК-ийн дансанд гэж бичсэн байдаг. “Ч” ХХК-ийг хариуцагчаар тодорхойлсон боловч нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлдээ “Ч Ш” ХХК бичсэн байна.

Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам барих гэрээний төсөлд тодорхой хэмжээний мөнгө дансанд төвлөрсөн бол энэ маргаан үүсэхгүй. Өнөөдрийг хүртэл концессын гэрээтэй холбоотой маргаан дуусаагүй байгаа. Гурван шатны шүүх концессын гэрээг хүчингүй болгосон. Засгийн газрын тогтоолыг өөрийг нь хүчингүй болгож, өмнөх концессын гэрээнд олгосон Засгийн газрын тогтоолыг хэвээр үргэлжлүүлсэн. 2019 оны 06 сарын 19-ний өдөр концессын гэрээг цуцлах тухай Засгийн газрын тогтоол гарсан. 2019 оны 11 сарын 02-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж гарсан, эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа. Хэрэв хамтын ажиллагааны гэрээнээс гарах гэж байгаа бол хэрхэн яаж гарах талаар, гэрээний баталгааг хэрхэн дансанд байршуулах, яаж буцаан олгох талаар зохицуулж өгсөн. Энэ замын 1 км нь 3 500 000 ам.доллараас 5 000 000 ам.долларын төсөвт өртөгтэй зам юм. 1 км замын төсөвт өртгийг гэрээний баталгаа болгож байршуулаад ажлаа эхлүүлэх гэж байсан. Гэтэл тус мөнгөө шилжүүлж байршуулаагүйн төлөө “Ч” ХХК-д хохирол учирч байна. Иргэний хуульд заасан хамтын ажиллагааны үүргийг нэхэмжлэгч биелүүлээгүй. Мөнгө шилжүүлээгүйгээс болоод концессын гэрээ хүчингүй болсон тул манай компани нэхэмжлэгчээс төлбөр нэхэмжлэх ёстой. Энэ талаар гэрээнд тусгагдсан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. “Ү” УТҮГ нь “Э ” ХХК болон “Ч ” ХХК-ийн хооронд үүссэн эрх зүйн харилцаанд ямар ч хамааралгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ч ” ХХК-аас 345 470 316 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, хариуцагч Үт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 885 302 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ч” ХХК-аас 1 885 302 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Ч Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2014 оны 03 сарын 09-ний өдөр М нь Алтанбулаг-Улаанбаатар-Замын-үүд чиглэлийн хурдны авто зам барих концессын гэрээ байгуулсан бөгөөд “Э” ХХК нь төсөлд оролцох санал гаргасны дагуу талууд харилцан тохиролцож 2014 оны 07 сарын 08-ны өдөр “Ажил гүйцэтгэх ерөнхий гэрээ”-г байгуулсан гэдэг. Гэтэл хариуцагч “Ү” УТҮГ-ын төлөөлөгч тайлбартаа “Ч Ш” ХХК-тай Эдийн засгийн хөгжлийн яам нь 2015 оны 03 сарын 09-ний өдөр Концессын гэрээ байгуулагдсан гэдэг. Дээрх нөхцөл байдлаас үзвэл дээрх гэрээнүүд цаг хугацааны хувьд ойлгомжгүй байна.

Мөн хариуцагч “Ү” УТҮГ нь “Ч Ш” ХХК, “Ш” ХХК нар нь тусдаа хуулийн этгээдүүд талаар тайлбарлаж, “Ш” ХХК нь концессын гэрээний 1.7-д заасан үүргээ биелүүлээгүй гэх дүгнэлт гарсан гэдэг. Анхан шатны шүүх дээрх 2 байгууллагыг 1 байгууллага мэтээр дүгнэж, нэхэмжлэгч нь “Ч” ХХК гэж хариуцагчаа тодорхойлсон боловч нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлдээ “Ч Ш” ХХК гэснийг анхаараагүй. Хариуцагч “Ү” УТҮГ нь “Э ” ХХК болон “Ч” ХХК-ийн хоорондын харилцаа гэж тодорхойлсоор байхад анхан шатны шүүх хамтран ажиллах гэрээг ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Мөн “Ш” ХХК-ийг хариуцагчаар татаж тайлбар аваагүй нь дээрх гэрээг болон гэрээний үүрэгтэй холбоотой нөхцөл байдлыг шүүх бүрэн бодитой дүгнээгүй гэж үзэж байна.Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар үйл явдал тодорхой хугацаанд бий болох болзол тавьж хэлцэл хийсэн нөхцөлд уг үйл явдал дурдсан хугацаанд болоогүй бол болзол хүчин төгөлдөр бус болно. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байна. “Э” ХХК болон “Ч” ХХК нар нь анхнаасаа хамтран ажиллах гэрээний шинжийг тодорхойлж харилцан эрх, үүрэг хүлээж болзол тавьж гэрээг байгуулсан. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэсэн нь буруу. Иймд дээрх үндэслэлийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ. 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “Ч ” ХХК, “Ү” УТҮГ-т тус тус холбогдуулан гэрээний баталгааны үлдэгдэл төлбөр болох 125 717 ам.доллар буюу 345 470 316 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг /хх 1-2/ хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргасан. /хх 34-35, 94/ Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны явцад 345 470 316 төгрөгийг хариуцагч “Ч” ХХК-аас гаргуулна гэсэн тайлбар гаргажээ. /хх 98/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, гүйцэтгэгч “Э” ХХК, захиалагч “Ч ” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Зам барилгын ажил гүйцэтгэх ерөнхий гэрээ” цаашид хэрэгжих боломжгүй болсон тул уг гэрээний баталгаа гэж гүйцэтгэгчээс захиалагчийн дансанд байршуулсан 277 000 ам.долларын 151 283 ам.долларыг буцаан авсан үлдэгдэл 125 717 ам.доллар буюу нийт 345 470 316 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

Хариуцагч “Ч” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзалдаа, талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээ бус хамтран ажиллах гэрээ, мөн уг гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Засгийн газраас концессын гэрээг цуцалсантай холбоотой маргаан Захиргааны хэргийн шүүхэд хянагдаж байгаа эцэслэн шийдвэрлээгүй байна. 2 компанийн хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаанд хариуцагч  “Ү” УТҮГ хамааралгүй гэх үндэслэл заасан.

 

Хариуцагч “Ү” УТҮГ нь Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 000 дугаар тогтоолын дагуу 2014 оны 03 сарын 09-ний өдөр М яам, “Ч -Ш” ХХК-ийн хооронд байгуулагдсан концессын гэрээ цуцлагдсан, уг концессын гэрээний дагуу дээрх 2 компанийн хооронд байгуулагдсан гэх гэрээний үүргийн талаарх маргаанд тус газар нь хариуцагчаар татагдах хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэлд дурдсан мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй гэжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан талуудын хооронд харилцсан албан бичиг /хх 18-21/ зэргийг харьцуулан үзвэл, анхан шатны шүүх нэг талаас захиалагч  “Ч ” ХХК, нөгөө талаас гүйцэтгэгч “Э” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 07 сарын 08-ны өдрийн “Зам барилгын ажил гүйцэтгэлийн ерөнхий гэрээ” /хх 5-9/ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээнд хамаарах болон уг гэрээний хүчин төгөлдөр байдалд талууд маргаагүй талаар үндэслэл бүхий дүгнэсэн байна.

Иймд хариуцагч “Ч” ХХК-ийн зүгээс гаргасан “уг гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл, нэхэмжлэгч болон хариуцагч “Ч” ХХК нь хамтран ажиллах гэрээний шинжийг тодорхойлж, болзол тавьж байгуулсан гэрээг ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн нь буруу” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Дээрх гэрээний баталгаанд гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч нь 277 000 ам.долларыг захиалагчийн дансанд шилжүүлсэн, уг гэрээ хэрэгжих боломжгүй болсноор захиалагч нь гүйцэтгэгчид 125 717 ам.долларыг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй нь хэрэгт авагдсан банкны “Орлогын мэдүүлэг” /хх 17/, “Тооцооны үлдэгдлийн баталгаа” /хх 14/, “Ч ” ХХК-аас нэхэмжлэгчид хүргүүлсэн 2018 оны 04 сарын 18, 2019 оны 07 сарын 03, мөн оны 11 сарын 08-ны өдрийн “Төлбөрийн тухай”, “Тооцооны тухай” /хх58-60/ гэх баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд хариуцагч “Ч” ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх талаар удаа дараа дээрх байдлаар илэрхийлсэн байх тул анхан шатны  шүүх тус компаниас 345 470 316 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

Хариуцагч “Ч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын нэг үндэслэлээ, гэрээ байгуулсан болон нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдаж хариуцагчаар тодорхойлсон компаниудын нэр өөр, тусдаа хуулийн этгээдүүд байгааг шүүх анхаараагүй, хариуцагч “Ү” УТҮГ-ийн тайлбарт дурдагдсан Ш ХХК-ийг хариуцагчаар татаагүй гэх агуулгаар тайлбарлажээ.    

 

Хэргийн баримтаас үзвэл, концессын гэрээ, “Зам барилгын ажил гүйцэтгэлийн ерөнхий гэрээ”-нд дурдагдсан болон хариуцагчаар татагдсан хуулийн этгээдүүдийн нэр өөр байх боловч хариуцагч “Ч” ХХК нь дээрх гэрээтэй холбоотой асуудлаар нэхэмжлэгч болон хариуцагч “Ү” УТҮГ-т хандан албан бичиг хүргүүлж байсан /хх 18-21, 51-52/ мөн нэхэмжлэгчээс баталгаа гэх 277 000 ам.долларыг шилжүүлсэн банкны баримтуудаар /хх 17/ орлого хүлээн авагч нь “Ч” ХХК байх бөгөөд анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусдаа хуулийн этгээдүүд гэх үндэслэлээр хариуцагч нь маргаагүй байна. Дээрх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/01142 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Ч” ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ч” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 885 302 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.  

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.МӨНХЗУЛ                                                            

                                    ШҮҮГЧИД                               С.ЭНХТӨР

 

                                                                                    Д.НЯМБАЗАР