Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Ууганбаяр |
Хэргийн индекс | 101/2015/05521/И |
Дугаар | 181/ШШ2020/01348 |
Огноо | 2020-05-19 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 181/ШШ2020/01348
2020 оны 05 с ары19 өдөр | 181/ШШ2020/01348 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар нот, Ж ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.ТХХК /РД:/-д холбогдох,
638,516,497 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 840,950,004 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.*******, хариуцагчийн төлөөлөгч С.*******, Т.*******, Д.*******, хариуцагчийн өмгөөлөгч Ц.*******, Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2011 оны 11 сарын 10-ны өдөр Н.ТХХК-тай Барилгын ажил гүйцэтгэх 11/10 тоот гэрээ байгуулан хамтран ажилласан. Гэрээт ажлыг Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар хүлээлгэн өгснөөс хойш 12 сарын дараа үлдэгдэл 5 хувийн санхүүжилтийг олгохоор заасан хэдий ч өнөөдрийг хүртэл санхүүжилт хийгдэхгүй байна. Иймд гэрээнд заасны дагуу 2013 оны 12 сарын 31-ний өдрийн 2013/575 дугаар бүхий Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт-ыг үндэслэн үлдэгдэл төлбөр 107,294,028 төгрөг, мөн батлагдсан зургийг өөрчлүүлэн хийлгэсэн нэмэлт ажлын төлбөр болох 100,528,247 төгрөг, нийт 207,822,275 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тус 2 компанийн хооронд байгуулагдсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний 9 дүгээр зүйлийн 9.1-д Захиалагч нь графикт хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд төлөх ёстой төлбөрийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг хоног тутамд төлөх-өөр зохицуулсан. Үүнийг үндэслэн нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Гэрээт ажлыг гүйцэтгэгч нь бүрэн дуусгаж, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллаж 2013 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүлээн авч акт үйлдсэн байдаг. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т нийт үнийн дүнгийн 5 хувийг барилгын чанарын баталгаа болгон 12 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр барьцаалахаар зохицуулсан. Үүний дагуу Н.ТХХК нь 5 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төлөх ёстой байтал төлөөгүйн улмаас шүүхэд хандсан. Нэгэнт төлбөр төлөх хугацаа болоод өнгөрсөн тул гэрээний 9.1-д заасан зохицуулалт үйлчилж эхэлсэн. Нэхэмжилсэн үнийн дүн гэрээний дагуу Ж ХХК-д төлөх төлбөр учраас уг дүнгээс алдангийн хэмжээг тооцвол хоногт 1,039,110 төгрөг болж байна. 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш тооцож үзвэл нийт алдангийн хэмжээ нь 249,386,400 төгрөг болсон ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар анзын хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 103,911,130 төгрөгийн алдангийг нэхэмжилж, нийт нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ 311,733,405 төгрөг болсон. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг 339,407,600 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Ийнхүү нэмэгдүүлсэн үндэслэл нь манай компани нь Н.ТХХК-тай 2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр СХГ-10/01 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсантай холбоотой. Энэхүү гэрээний дагуу манай зүгээс Н.ТХХК-ийн захиалгаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамжинд байрлах Наран Молл их дэлгүүрийн барилгын ажлыг иж бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгөх, захиалагч нь тогтоосон хугацаанд төлбөрийг бүрэн төлөхтэй харилцааг зохицуулахаар тохиролцсон болно. Ж ХХК нь барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэн Улсын комисс ажиллуулж 2012 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 128/2012 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт гарч Н.ТХХК нь хүлээн авч үйл ажиллагаагаа явуулж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр нийт ажлын төлбөр нь 2,800,000 ам.доллар байхаар тохиролцсон бөгөөд гэрээний 3.2-т нийт үнийн дүнгийн 5 хувийг гүйцэтгэлийн баталгаа болгон Н.ТХХК нь суутган авч барилгын чанарын баталгаат хугацаа дууссаны дараа манай компанид олгохоор тохиролцсон. Барилгын чанарын баталгаат хугацааг гэрээний 8.1-д 3 жил байхаар тохиролцсон бөгөөд барилгын хуулиар мөн энэхүү хугацааг тогтоож өгсөн байдаг. Ийнхүү барилгын чанарын баталгаат хугацаа 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр буюу Улсын комиссын акт гарснаас хойш 3 жилийн дараа дуусгавар болсон. Уг хугацааны дотор талуудын санхүү хариуцсан этгээд буюу нягтлан бодогч нар төлбөр тооцоог харилцан тохиролцож 140,000 ам.доллар буюу 5 хувийн баталгааны төлбөрийг Н.ТХХК төлөхийг харилцан зөвшөөрсөн. Гэвч Н.ТХХК нь өнөөдрийг хүртэл хугацаанд барилгын баталгааны төлбөрийг манай компанид төлөхгүй байгаа болно. Энэхүү 5 хувь нь төгрөгт шилжүүлэн тооцвол нийт 339,407,600 төгрөг болж байгаа бөгөөд энэхүү төлбөрийг Н.ТХХК-аас гаргуулахаар нэхэмжилсэн. Ж ХХК-ийн тус шүүхэд хандан Н.ТХХК-д холбогдуулан гаргасан 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ болон 2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний үүргийн гүйцэтгэлтэй холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг нэгтгэн тодруулбал 2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн СХГ-10/01 тоот гэрээний 8 дугаар зүйлийн 8.1, 3 дугаар зүйлийн 3.2 болон 2012 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 128/2012 тоот акт, талуудын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр үйлдсэн Тооцоо нийлсэн акт-ыг үндэслэн үлдэгдэл төлбөр болох 134,792.6 ам.доллар буюу 326,783,092 төгрөг, 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.2, 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Агуулахын барилгын тооцоо нийлсэн акт, 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2013/575 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, мөн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1, нэмэлт гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг үндэслэн барилгын ажлын үлдэгдэл төлбөрт 107,294,028 төгрөг, нэмэлтээр хийсэн ажилд 100,528,247 төгрөг, эдгээр төлбөрийг хугацаанд нь төлөөгүйн алдангид 103,911,130 төгрөг, нийт 638,516,497 төгрөгийг хариуцагч Н.ТХХК-аас нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсье. гэв.
Хариуцагч, түүний төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Дугаар 11/10 тоот гэрээний үнийн дүнгийн 5 хувь болох 107,294,028 төгрөг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд гэрээний 3.2 дахь заалтад ...барилгын чанарын баталгаа болгож 12 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр барьцаална. гэсэн байгаа. Гэтэл Наран бөөний төвийн агуулахын шал чанарын шаардлага хангаагүй. Энэ тухай захиалагч шаардлага хүргүүлж шалны цутгалтын ажлыг зогсоосон байдаг. 2012 оны 10 сарын 26-ны өдрийн №215 тоот Шалны ажилд баталгаа гаргаж өгөх тухай гэсэн албан бичгийг захиалагч талд хүргүүлснээр ажлыг цааш үргэлжлүүлсэн ч баталгаа гаргаж өгсөн шал нь чанарын шаардлага хангахгүй болохыг Барилга архитектур корпораци-ийн итгэмжлэгдсэн лаборатори 2013 оны 03 сарын 26-ны өдөр шинжилгээ хийн дүгнэлт гаргасан байгаа. Баталгаа гаргаж өгсөн ажил нь шаардлага хангаагүй байхад барьцаанд үлдээсэн гэрээний үнийн дүнгийн 5 хувь яригдах ёсгүй гэж үзэж байна. Мөн пандусыг дутуу орхиж явсан байгаа. Эдгээр ажил нийлээд хэдэн төгрөгийн зардалтай болохыг тогтоосны дараа баталгаанд үлдээсэн гэрээний үнийн дүнгийн 5 хувиас тооцож болно. Дээрх 5 хувиас 2013 оны 10 сарын 13-ны өдрийн №238 тоот албан бичгээр 8,600,000 төгрөг, 2013 оны 09 сарын 23-ны өдрийн №223 тоот албан бичгээр 5,000,000 төгрөг, 2013 оны 11 сарын 11-ний өдрийн №289 тоот албан бичгээр 17,600,000 төгрөг, 2013 оны 02 сарын 08-ны өдрийн гүйцэтгэх захирал П.Мөнх-Эрдэнийн хүсэлтээр 25,000,000 төгрөг, нийт 56,200,000 төгрөгийг урьдчилаад авчихсан байгаа. Одоо тооцоо ёсоор 5 хувиас /нэмэлт гэрээ ёсоор гэрээний нийт үнэ 2,403,518,000*5%=120,175,900 төгрөг/ суутгаж авсан 56,200,000 төгрөгийг хасвал 63,975,900 төгрөг үлдэж байна. Гэрээний хугацаа хэдийгээр дууссан ч барилгын баталгаат хугацаа дуусаагүй тул 107,294,028 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Батлагдсан зургийг өөрчлүүлэн хийлгэсэн нэмэлт ажлын төлбөр болох 100,528,247 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд энэхүү нэмэлт ажил хийгдэж агуулахын 3 дугаар давхрын өрөөнүүдийн тоог нэмсэн байгаа. 2012 оны 03 сарын 29-ний өдрийн Барилга угсралтын ажил гүйцэтгэх 2011 оны 11/10 тоот гэрээнд нэмэлт оруулах тухай нэмэлт гэрээний 2.1-д Энэхүү гэрээний дагуу нийт өртөг 2,403,518,000 төгрөг. Уг үнэд НӨАТ, цалин, хэв хашмалын материал зэрэг энэхүү барилга угсралтын ажлын бүхий л ажлын зардлууд багтсан болно. Энэхүү нийт өртөг үнэд дахин өөрчлөлт хийхгүй эцсийн үнэ болно гээд хатуу заачихсан. Хэрэв захиалагч талаас зургийг өөрчлөх, нэмэлт ажил хийлгэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд нэмэлт ажлын төсвөө гүйцэтгэгч тал зохион захиалагчаар батлуулах ёстой байсан. Ингэж төсөв батлуулаагүй тохиолдолд энэхүү нэмэлт ажлын хөлс нь гэрээний 2.1-д заасан үнэд шингэсэн гэж үзэж байна. Иймд 100,528,247 төгрөгийг үндэслэлгүй нэхэмжилж байна. Алдангид 103,911,130 төгрөг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд 2012 оны 03 сарын 29-ний өдрийн Барилга угсралтын ажил гүйцэтгэх 2011 оны 11/10 тоот гэрээнд нэмэлт оруулах тухай гэрээнд урд нь байгуулсан 2011 оны 11/10 тоот гэрээнд талууд харилцан тохиролцож гэрээний нөхцөлдөө өөрчлөлт оруулсан байна. Гэрээний гол нөхцөл болох үнэ, хугацаа, төлбөр тооцоо, талуудын хүлээх хариуцлагад өөрчлөлт оруулсан байдаг. Энэхүү нэмэлт гэрээний 5.1-д захиалагч төлбөр төлөх хугацаагаа хэтрүүлсэн бол төлөх ёстой төлбөрийн 0,5 хувьтай тэнцэх торгууль төлнө гэж л заасан байгаа. Гэрээний үнийн дүнгийн 5 хувь болох 120,175,900 төгрөгөөс гүйцэтгэгч талын суутгуулан авсан 56,200,000 төгрөгийг хасвал 63,975,900 төгрөг үлдэнэ. 63,975,900*0,5=319,879 төгрөг. Гэрээ ёсоор бол алданги 319,879 төгрөг болж байна. Гэхдээ барилгын баталгаат хугацаанд доголдлыг арилгаагүй учир энэхүү алдангийг авах эрх үүсээгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Хариуцагч, түүний төлөөлөгч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Технологийн горим зөрчиж чанаргүй хийсэн ажлыг засуулах 180,676,848 төгрөг, гэрээний хугацаа хэтрүүлсэн торгууль 4,807,016 төгрөг, нийт 185,483,864 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Ж ХХК нь 2015 оны 06 сарын 02-ны өдөр тус шүүхэд 207,822,275 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагатай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагаа 2015 оны 08 сарын 21-ний өдөр 103,911,130 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт 311,733,405 төгрөгийг Н.ТХХК-аас нэхэмжилсэн. Манай 2 компанийн хооронд 2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн № СХГ-10/01 тоот, 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Дугаар 11/10 тоот үндсэн 2 гэрээ хийгдэж Н.ТХХК захиалагчаар, Ж ХХК гүйцэтгэгчээр оролцохоор хамтран ажиллаж эхэлсэн. Эхний гэрээ болох 2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн № СХГ- 10/01 тоот гэрээний ажлыг чанаргүй хийж гүйцэтгэсний улмаас барилгын баталгаат хугацаанд доголдол гарч уг доголдлыг арилгуулахаар удаа дараа албан бичиг хүргүүлсэн боловч доголдлыг арилгаагүй. Тиймээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт 2013 оны 04 сарын 29-ний өдөр дүгнэлт гаргуулахаар албан бичиг хүргүүлсэн. Энэ албан бичгийн дагуу 2013 оны 06 сарын 05-ны өдрийн 02-07- 78/429 тоот Чанаргүй ажлыг засах тухай актыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч А.Мягмаржав гаргасан. Энэ актын дагуу доголдлыг Ж ХХК арилгаагүй учир 2014 оны 04 сарын 07-ны өдрийн 02-02/1005 тоот Албан шаардлагын биелүүлэлтийн тухай актыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга М.Баасандорж гаргадаг. Гэвч доголдлыг арилгаагүй. Технологийн горим зөрчиж чанаргүй хийсэн ажлыг засуулахаар Алтан Ус ХХК-аас үнийн саналыг нь авсан. Уг компанийн гаргаж өгсөн тооцоогоор засварын ажилд 180,676,848 төгрөгийн засвар орохоор байсан. Хоёр дахь гэрээ болох 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Дугаар 11/10 тоот гэрээний нэмэлт оруулах тухай 2012 оны 03 сарын 29-ний өдрийн Дугаар 12/03/29 тоот гэрээний 1.4-т барилгын түлхүүр гардуулж өгөх хугацааг 2012 оны 08 дугаар сарын 20-ныг хүртэл гээд тодорхой заачихсан. Гэтэл барилгыг 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдөр байнгын ашиглалтад өгөв гээд Барилга, байгууламжийн чанарт гүйцэтгэгч байгууллагаас гаргасан баталгаа гэдэг баталгаан дээр Ж ХХК тамгаа дарсан байдаг. Гэрээнд заасан 2012 оны 08 сарын 20-ноос ашиглалтад оруулсан 2013 оны 07 сарын 31-нийг хүртэл нийт 345 хоногийн хугацааг гүйцэтгэгч тал хэтрүүлсэн. Гүйцэтгэгч компанийн захирал Г.Мөнхбатын 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр баталсан агуулахын барилгын заслын графикийг харах юм бол заслын ажил 100 хувь хийгдээгүй байсан. Энэхүү заслын ажил нь нэмэлт гэрээ ёсоор нийт ажлын 40 хувь буюу 961,403,200 төгрөгийн ажил байсан. Гэрээний 3.3-т зааснаар 961,403,200 төгрөгийн 0,5 хувийн алданги нь 4,807,016 төгрөг болж байсан. Иймд Ж ХХК-аас технологийн горим зөрчиж чанаргүй хийсэн ажлыг засуулах 180,676,848 төгрөг, гэрээний хугацаа хэтрүүлсэн торгууль 4,807,016 төгрөг, нийт 185,483,864 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Манай 2 компанийн хооронд 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Дугаар 11/10 тоот гэрээний нэмэлт оруулах тухай 2012 оны 03 сарын 29-ний өдрийн Дугаар 12/03/29 тоот гэрээний 1.4-т барилгын түлхүүр гардуулж өгөх хугацааг 2012 оны 08 дугаар сарын 20-ныг хүртэл гэж заасан. Гэтэл барилгыг Барилга байгууламж ашиглалтад оруулах комисс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээж авсан байдаг. Барилга хүлээн авсан комиссын актан дээр 2013 оны 05 сарын 13-ны өдөр барьж дуусгасан гэж тэмдэглэгээ хийсэн байна. Уг барилгыг барьж дууссан хугацаа нь гэрээний дуусах хугацаанаас нийт 263 хоногоор хэтэрсэн. Гэрээний 9.1 дэх хэсэгт зааснаар дутуу хийсэн ажлын үнийн дүн 2012 оны 08 сарын 20-ны өдрийн байдлаар 952,469,200 төгрөг байсан. Үүнээс барьцааны 5 хувь болох 127,729,000 төгрөгийг хасвал 824,740,200 төгрөг болж байна. 824,740,200 төгрөгийн 0.5 хувь нь 4,123,701 төгрөг. Энэ нь 1 хоногт тооцогдох алданги юм. 1 хоногийн алданги 4,123,701 төгрөгийг хугацаа хэтрүүлсэн 263 хоногт үржүүлбэл 1,084,533,363 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь нь 412,370,100 төгрөг болж байна. 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргахдаа 4,807,016 төгрөгийг алдангид нэхэмжилсэн байсан тул 412,370,100 төгрөгөөс 4,807,016 төгрөгийг хасч нийт 407,563,084 төгрөгийг гэрээний хугацааны алдангид нэмэгдүүлэн шаардсан. ШУТИС-ийн Барилга архитектурын сургууль, Барилгын инженерийн салбарын шинжээчдийн 2015 оны Шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар агуулахын шалыг дахин хийх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтийн хавсралт ёсоор шалны ажил хийхэд нийт 30,036,034 төгрөгийн зардал гарахаар тооцсон. Энэ ажлыг гэрээ ёсоор Ж ХХК хийж өгөх үүрэгтэй боловч барилгын шалны доголдлыг арилгаагүй тул доголдол арилгах төлбөрийг нэхэмжлэх эрх гэрээ ёсоор манай компанид бий. Иймд агуулахын шалны доголдол арилгах үнэд 30,036,034 төгрөгийг нэмж нэхэмжилсэн. Наран молл худалдааны төвийн шилэн фасадыг технологийн горим зөрчиж чанаргүй хийсэн, үүнийг засуулахад 180,676,848 төгрөг шаардлагатай гэж нэхэмжилсэн. Бодит байдал дээр доголдлыг арилгахад 184,134,842 төгрөгийн зардал гарсан. Үнийн зөрүү 3,457,994 төгрөг болж байсан тул фасадны засварын зөрүү 3,457,994 төгрөгийг нэмж нэхэмжилсэн. Тус шүүхийн шүүгчийн 2015 оны 09 сарын 08-ны өдрийн Дугаар 28167 тоот захирамжаар 2 барилга дээр шинжээч томилогдон ажилласан. Энэхүү шинжээчийн зардалд манай компаниас 3,275,000 төгрөгийг ШУТИС-ийн 499001482 тоот дансанд шилжүүлсэн тул шинжээчийн төлбөрт төлсөн 3,275,000 төгрөгийг нэмж нэхэмжилсэн. Ингээд Ж ХХК-аас сөрөг нэхэмжлэлээр 185,483,864 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлагаараа 444,332,112 төгрөг, нийт 629,815,976 төгрөгийг гаргуулахаар шаардаж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байсан. Дээр дурдсан 629,815,976 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дор дурдсан үндэслэлээр, дор дурдсан хэмжээгээр нэмэгдүүлсэн. Н.ТХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу Барилгын төсөвчдийн холбооны 2019 оны 01 сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтэд өмнө сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан нэмэлт ажлын зардал нэмэгдсэн, сөрөг нэхэмжлэлийн агуулгад дурдагдаагүй доголдлын талаар дүгнэлт гарсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа технологийн горим зөрчиж чанаргүй хийсэн ажлыг засуулах нэхэмжлэлийн шаардлагаа 46,665,399 төгрөгөөр, (Шилэн фасад, цонх порчик, хаалга, шилэн дээвэр зэрэг чанаргүй хийгдсэн ажлууд дээр Алтан-Ус ХХК, Мон Вакум ХХК, Хос-Ур ХХК нараар шаталсан ажлууд хийгдсэн гэрээнүүд), агуулахын шалны доголдол арилгах нэхэмжлэлийн шаардлагаа 160,468,629 төгрөгөөр, (2 давхрын шалны доор орсон дулааны шугам, холбоо дохиолол, цахилгааны монтаж, 3 давхрын шал бүтэн хуулж солих, хог тээвэр хийх, хана тааз засварлах, шалны доор орсон дулааны шугам, холбоо дохиолол, цахилгааны монтаж зэрэг ажлууд орсон. Өмнө нь хийгдсэн шинжээчийн төсөвт ороогүй болно), шинжээчийн төлбөрт төлсөн зардлын нэхэмжлэлийн шаардлагаа 4,000,000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, нийт нэхэмжлэлийн шаардлагаа 211,134,028 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Иймд хариуцагч Ж ХХК-аас нийт 840,950,004 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлээр 3 төрлийн шаардлага гаргасан. Он цаг дарааллын хувьд анхаарч үзнэ үү гэж шүүхээс хүсэж байна. Анх гаргасан доголдолтой холбоотой шаардлагаа нэмэгдүүлж 230,800,241 төгрөг болгосон гэж ойлголоо. Наран моллтой холбоотой шинжээч дүгнэлт гаргасан. Дахин шинжээч томилж шинжээчийн дүгнэлт гарсан боловч Наран моллтой холбоотой асуудал бүрэн нотлогдоогүй. Барилгын төсөвчдийн холбооны дүгнэлтүүдэд Наран молл дээр шинжээч ажиллах үед засвар үйлчилгээний ажлууд хийгдсэн, анхны үүрэг гүйцэтгэгчид хамаагүй, засвар хийсэн газар доголдлыг хариуцах ёстой гэж дүгнэсэн байдаг. Хаяг реклам тогтоосноос болж ус гоожсон зэрэг асуудал байна гэдэг дүгнэлт бий. 230,800,241 төгрөгийг ямар үндэслэлээр гаргаж ирээд байгаа нь ойлгомжгүй байна. Шинжээчийн дүгнэлтээр Н.ТХХК-ийн өөрийн ашиглалттай холбоотой болон өөр бусад этгээдийн ажлын гүйцэтгэлтэй холбоотой асуудал байгааг дурдаж тооцоо гаргасан тул Наран моллтой холбоотой шаардлагыг зөвшөөрөхгүй. Алдангид анх 4,807,016 төгрөг шаардсан байдаг. Гэхдээ гэрээний 3.3 дахь заалтад алдангийн талаарх зохицуулалт байхгүй. Нэмэлт гэрээний 3.3 дахь заалтад анзын талаарх зохицуулалт байгаа боловч энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасанд нийцдэггүй. Учир нь 2015 оны 09 сарын 07-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргахдаа торгууль гэсэн үг үсэгтэй заалтыг үндэслэн алданги нэхэмжилсэн байдаг. Алдангитай холбоотой заалт нь уг гэрээний 5 дугаар зүйлд байгаа бөгөөд 3.3-т байхгүй. Хариуцагчийн төлөөлөгч нь торгуультай холбоотой заалтыг үндэслэн 4,807,016 төгрөг нэхэмжилсэн бөгөөд 2018 оны 05 сарын 30-ны өдөр шүүх хэргийг шийдвэрлэх үед шүүгч хариуцагчийн төлөөлөгч Сайнбаяраас энэ талаар тодруулахад уг шаардлагаас татгалзсан байдаг. Энэ нь уг шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүхийн шийдвэрт бичигдсэн, уг шаардлагаас хариуцагч татгалзсан тул энэ талаар нэхэмжлэл гаргахгүй. Энэ шаардлагаа байгаа гэж үзээд алданги нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй байна. 2017 оны 07 сарын 26-ны өдөр алдангид 407,563,084 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Гэрээгээр 2012 оны 08 сарын 20-нд ажлыг хүлээлгэн өгөх байсан бөгөөд тооцоо нийлэх актаас харвал санхүүжилт гүйцэтгэгчээс биш захиалагчаас хийгдэх байсан нь тодорхой харагдана. Ажлын гүйцэтгэлийн хугацаа хэтэрсэн нь санхүүжилттэй холбоотой. Алданги тооцож буй үнийн дүн нь мөн тодорхой бус. 2018 оны 12 сарын 08-ны өдрийн байдлаар 1.3 тэрбумын санхүүжилт хийгдсэн байсан тул барилгын ажил явахгүй. Алданги шаардахад мөн хөөн хэлэлцэх хугацааг ярих ёстой. Сөрөг нэхэмжлэл хэзээ гарсан, 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааг барьсан эсэхийг нягтлах ёстой. 2013 оны 05 сарын 14-ний өдрөөс алданги шаардах эрх нь үүссэн байна гэж шүүх өмнө нь дүгнэж байсан. 2016 оны 05 сарын 14-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан. Энэ хооронд алдангийн асуудлыг тавьж байгаагүй бөгөөд 2017 оны 07 сард алдангийн шаардлагыг гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг 1 жил 2 сараар хэтрүүлж гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд 1 дүгээрт алданги тооцож буй үнийн дүн тодорхойгүй, 2 дугаарт хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан, мөн гэрээ дуусах үед үнийн дүнгийн 50 хувийг шилжүүлсэн байсан атлаа алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Агуулахын барилгатай холбоотой 190,504,663 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. 2017 оны 07 сар болон 2020 оны 03 сард гаргасан 2 шаардлагын нийлбэр гэсэн. 2020 оны 160 сая гэдэг нь шинжээчийн дүгнэлтэд туссан дүн. Шинжээчийн дүгнэлтэд энэ дүнд 3 дугаар давхрын шалны асуудал орсон байдаг ба 3 дугаар давхрын шалтай холбоотой гомдлын шаардлага гарч байгаагүй. Хариуцагч 2 дугаар давхрын шалтай холбоотой бичиг ирүүлж байсан. 2 дугаар давхрын баруун жигүүрийн шалны бетоныг сольсон гэж нэхэмжлэгч хэлдэг. Хариуцагч үгүй гэдэг. Шинжээч 2 давхрын шалтай холбоотой 30 сая төгрөгийн дүн бүхий дүгнэлт гаргасан ба 3 давхрын шаланд асуудалгүй гэсэн дүгнэлт бий. 160 саяын хувьд хөөн хэлэлцэх хугацаа, гомдлын шаардлага гаргах эрх нь хэзээ үүссэн нь тодорхойгүй тул уг шаардлагыг зөвшөөрөхгүй. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой зардлыг нэхэмжилсэн. Н.ТХХК-ийн хүсэлтээр хийсэн шинжээчийн дүгнэлттэй холбоотой зардлууд тул өөрсдөө шинжээчийн зардлыг хариуцах ёстой гэж үзэж уг шаардлагыг мөн зөвшөөрөхгүй байна гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Н.ТХХК-д холбогдуулан 2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн СХГ-10/01 тоот гэрээний төлбөрийн үлдэгдэл 134,792.6 ам.доллар буюу 326,783,092 төгрөг, 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үлдэгдэл 107,294,028 төгрөг, нэмэлтээр хийсэн ажлын хөлс 100,528,247 төгрөг, дээрх төлбөрийг хугацаанд нь төлөөгүйн алдангид 103,911,130 төгрөг, нийт 638,516,497 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байх ба нэхэмжлэгчид холбогдуулан гүйцэтгэсэн Наран молл худалдааны төвийн барилгын ажлын доголдол арилгахтай холбоотой зардалд 230,800,241 төгрөг, Наран бөөний төв оффис агуулахын барилгын ажлын доголдол арилгахтай холбоотой зардалд 190,504,663 төгрөг, алдангид 412,370,100 төгрөг, шинжээчийн ажлын хөлсөнд төлсөн 7,275,000 төгрөг, нийт 840,950,004 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Ж ХХК болон Н.ТХХК нарын хооронд 2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр СХГ-10/01 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ /хэргийн 1 хавтас 110-118 тал/, 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 11/10 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ /хэргийн 1 хавтас 4-8 тал/, 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 12/03/29 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх 2011 оны 11/10 тоот гэрээнд нэмэлт оруулах тухай гэрээ /хэргийн 1 хавтас 12-15 тал/-нүүд тус тус байгуулагдсан байна.
Талууд 2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн СХГ-10/01 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-гээр Ж ХХК нь Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороололд байрлах Наран молл худалдаа үйлчилгээний төвийн А, Б, В, Г дөрвөн блок барилгын зоорийн давхар, 1, 2, 3, 4 давхрын цутгамал төмөр бетон каракасан барилгын угсралтын ажлыг гадна тохижилтын хамт иж бүрэн түлхүүр гардуулж өгөх нөхцөлтэйгөөр 2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 8 сарын хугацаанд гүйцэтгэх, Н.ТХХК нь ажлын хөлс 2,800,000 ам.долларыг графикийн дагуу төлөх үүргийг, 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11/10 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 12/03/29 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх 2011 оны 11/10 тоот гэрээнд нэмэлт оруулах тухай гэрээ-гээр Ж ХХК нь Хан-Уул дүүрэг, 3 дугаар хорооны нутагт Наран бөөний төвийн доод давхартаа авто машины гаражтай, зоорийн давхар бүхий 4 давхар оффис, агуулахын зориулалттай барилга угсралтын ажлыг түлхүүр гардуулж өгөх нөхцөлтэйгөөр нийт 2,554,580,000 төгрөгөөр 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор хийж гүйцэтгэх, Н.ТХХК нь суурийн ажлын хөлсөнд 151,062,000 төгрөг, каракас угсралтын ажилд 961,407,200 төгрөг, өрлөг дүүргэлтийн ажилд 480,703,600 төгрөг, дотор заслын ажилд 961,407,200 төгрөг буюу нийт 2,554,580,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
Дээрх гэрээнүүдээс үүдэлтэй талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтад заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтад зааснаар Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Ж ХХК нь 2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн СХГ-10/01 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу гүйцэтгэх барилгын ажлыг 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдөр дуусгаж, 2012 оны 03 дугаар сарын 09-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн болох нь 2012 оны 03 сарын 09-ний өдрийн 128/2012 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт /хэргийн 1 хавтас 236-238 тал/-аар, Н.ТХХК нь ажлын хөлсөнд 2,665,207.4 ам.долларыг Ж ХХК-д төлж, улсын комисст барилга хүлээлгэн өгсний дараа төлөх байсан 5 хувийн төлбөрийн зарим хэсэг болох 134,792.6 ам.долларыг Ж ХХК-д төлөөгүй болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 2014 оны 11 сарын 17-ны өдрийн огноо бүхий Тооцоо нийлсэн акт /хэргийн 1 хавтас 239 тал/-аар, 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11/10 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, 2012 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн 12/03/29 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх 2011 оны 11/10 тоот гэрээнд нэмэлт оруулах тухай гэрээ-ний дагуу гүйцэтгэх барилгын ажлыг 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр дуусгаж, 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн болох нь 2013 оны 12 сарын 31-ний өдрийн 2013/575 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт /хэргийн 1 хавтас 17-20 тал/-аар, Н.ТХХК нь ажлын хөлснөөс улсын комисст барилга хүлээлгэн өгсний дараа төлөх байсан 5 хувийн төлбөрийн зарим хэсэг болох 107,294,028 төгрөгийг Ж ХХК-д төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбар, Ж ХХК-ийн нягтлан бодогч М.Дэлгэрэхжаргалын 2014 оны 05 дугаар сарын 26-ны байдлаар гаргасан тооцоо, хэрэгт нотлох баримтаар авагдсан 2013 оны 02 сарын 08-ны өдрийн огноо бүхий Агуулахын барилгын тооцоо нийлсэн акт /хэргийн 1 хавтас 96 тал/-аар тус тус тогтоогдож байна.
Н.ТХХК нь 2013 оны 02 дугаар сарын 08-наас мөн оны 11 дүгээр сарын 11-ний хооронд нийт 56,200,000 төгрөгийг төлсөн бөгөөд 63,975,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж маргасан боловч хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн тайлбар нотлогдохгүй байна.
Н.ТХХК нь ажил гүйцэтгэх гэрээнүүдийн үлдэгдэл төлбөрийг Ж ХХК-т төлөхгүй гэж татгалзаж буй татгалзлын үндэслэлээ ажлын гүйцэтгэл чанаргүй болсон, мөн барилгын баталгаат хугацаа дуусаагүй байсан гэх үндэслэлээр тайлбарласан байх боловч талууд СХГ-10/01 тоот гэрээний 3.2-т захиалагч нь улсын комиссод барилга хүлээлгэн өгсний дараа гэрээт ажлын санхүүжилтийн 5 хувийг гүйцэтгэгч талд шилжүүлэхээр тохирсон байх тул Н.ТХХК нь Ж ХХК-д 2012 оны 03 сарын 09-ний өдөр ажлын хөлсний үлдэгдэл 134,792.6 ам.долларыг төлөх үүргийг, 2011 оны 11/10 тоот гэрээний 3.2-т нийт үнийн дүнгийн 5 хувийг барилгын чанарын баталгаа болгон 12 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр барьцаалахаар тохирсон байх тул Н.ТХХК нь Ж ХХК-д ажлын үр дүнг хүлээн авсан 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс хойш 12 сар дотор буюу 2014 оны 05 дугаар сарын 13-ны дотор ажлын хөлсний үлдэгдэл 107,294,028 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн гэж үзэх ба Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дахь заалтад Үүрэг гүйцэтгүүлэгч хүлээсэн үүргээ биелүүлж үүрэг гүйцэтгэх боломж бүрдүүлэх хүртэл үүрэг гүйцэтгэгч нь мөнгөн төлбөрийнхөөс бусад үүргийн гүйцэтгэлийг саатуулж болно гэж заасан тул Н.ТХХК нь Ж ХХК-д төлөх мөнгөн төлбөрийн үүргийг саатуулан барих эрхгүй, хариуцагчийн гаргасан дээрх татгалзал үндэслэлгүй байна.
СХГ-10/01 тоот гэрээний үлдэгдэл төлбөрийг шаардах эрх нь нэхэмжлэгчид 2012 оны 03 дугаар сарын 09-ний өдөр үүссэн боловч 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд шаардаагүй байх ба 2011 оны 11/10 тоот гэрээний үлдэгдэл төлбөрийг шаардах эрх нь нэхэмжлэгчид 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр үүссэн, нэхэмжлэгч 2015 оны 06 сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул 2011 оны 11/10 тоот гэрээний гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар СХГ-10/01 тоот гэрээний үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн үеэс мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацааг тоолбол 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр дууссан мэт харагдах боловч гүйцэтгэсэн ажлын үр дүнд 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдөр биет байдлын доголдол илэрсний улмаас чанаргүй хийсэн ажлыг засуулах үндэслэлээр нэхэмжлэгчид төлөх ёстой ажлын хөлсийг хариуцагч нь саатуулан барьсан тул Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт заасны дагуу СХГ-10/01 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг зогссон гэж үзэх үндэслэлтэй.
Н.ТХХК нь СХГ-10/01 тоот гэрээний үлдэгдэл төлбөр, 2011 оны 11/10 тоот гэрээний үлдэгдэл төлбөрийг Ж ХХК-д төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Ж ХХК-ийн гаргасан хариуцагч Н.ТХХК-аас СХГ-10/01 тоот гэрээний үлдэгдэл төлбөрт 134,792.6 ам.доллартай тэнцэх 326,783,092 /нэхэмжлэл гаргах үеийн 1 ам.доллартай тэнцэх төгрөгийн ханшийг 2,424.34 төгрөгөөр тооцов/ төгрөг, 2011 оны 11/10 тоот гэрээний үлдэгдэл төлбөрт 107,294,028 төгрөг, нийт 434,077,120 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас нэмэлтээр хийсэн ажлын хөлс 100,528,247 төгрөгийг шаардсан бөгөөд Н.ТХХК нь Наран бөөний төвийн оффис агуулахын зориулалттай барилгын батлагдсан зургийг өөрчлүүлэн уг барилгын 3 дугаар давхрын өрөөнүүдийн тоог нэмсэн гэх үндэслэлээр нэмэлт ажлын төлбөр шаардаж буй шаардлагын үндэслэлээ тайлбарласан.
Хариуцагч Н.ТХХК нь Наран бөөний төвийн оффис агуулахын зориулалттай барилгын батлагдсан зургийг өөрчилж уг барилгын 3 дугаар давхрын өрөөнүүдийн тоог нэмсэн гэдэгтээ маргадаггүй боловч 2012 оны 03 сарын 29-ний өдрийн Барилга угсралтын ажил гүйцэтгэх 2011 оны 11/10 тоот гэрээнд нэмэлт оруулах тухай нэмэлт гэрээний 2.1-д Энэхүү гэрээний дагуу нийт өртөг 2,403,518,000 төгрөг. Уг үнэд НӨАТ, цалин, хэв хашмалын материал зэрэг энэхүү барилга угсралтын ажлын бүхий л ажлын зардлууд багтсан болно. Энэхүү нийт өртөг үнэд дахин өөрчлөлт хийхгүй эцсийн үнэ болно гэж хатуу заасан, хэрэв захиалагч талаас зургийг өөрчлөх, нэмэлт ажил хийлгэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд нэмэлт ажлын төсвөө гүйцэтгэгч тал зохион захиалагчаар батлуулах ёстой байсан бөгөөд ингэж төсөв батлуулаагүй тохиолдолд энэхүү нэмэлт ажлын хөлс нь гэрээний 2.1-д заасан үнэд шингэсэн гэж үзнэ гэж маргасан.
Талуудын хооронд Наран бөөний төвийн оффис агуулахын зориулалттай барилгын 3 дугаар давхрын өрөөнүүдийн тоог нэмсэнтэй холбоотойгоор ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөнд өөрчлөлт оруулахаар харилцан тохиролцсон тохиролцоо байхгүй бөгөөд нэхэмжлэгч нь 2014 онд төсөвчин Д.Намсрайн гаргасан Наран агуулахын барилгын дотор заслын ажлын төсөв нэртэй баримт /хэргийн 1 хавтас 21-27 тал/-ыг үндэслэн нэмэлтээр гүйцэтгэсэн гэх ажлын хөлсний үнийг тодорхойлон хариуцагчаас нэхэмжилсэн.
Уг баримтаар Наран бөөний төвийн оффис агуулахын зориулалттай барилгын 3 дугаар давхрын дотор заслын ажилтай холбоотойгоор гипсэн хана угсрах, шал таазанд ховил суулгаж, хатжуулсан шилэн хана угсрах, хаалга суулгах, будалтад бэлтгэсэн угсармал хийцэд гадаргууд 3 дугаар үеийн тэгшилгээ хийх зэрэг ажлуудыг гүйцэтгэхтэй холбоотой төсвийн тооцооллыг гаргасан байна.
Дээр дурдсан ажлууд нь 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил гүйцэтгэх явцад талуудын тохиролцооны хүрээнд хийгдсэн ажил байх ба ийнхүү тохиролцохдоо талууд уг ажилд нэмэлт төлбөр төлөхөөр тохиролцоогүй байх тул уг ажлыг нэмэлтээр гүйцэтгэсэн ажил гэж үзэхгүй, 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэх ажлын хүрээнд гүйцэтгэгдсэн ажил гэж үзэх ба ажлын гүйцэтгэлийн явцад талууд гэрээгээр гүйцэтгэх ажлын тоо хэмжээнд харилцан тохиролцож өөрчлөлт оруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгч Ж ХХК-ийн хариуцагч Н.ТХХК-д холбогдуулан гаргасан нэмэлтээр хийсэн ажлын хөлс 100,528,247 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтад заасан гэрээний нийт үнийн дүнгийн 5 хувьтай холбогдох төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1 дахь заалтыг үндэслэн алдангид 103,911,130 төгрөгийг шаардсан.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтад 3.1-д заасан нийт үнийн дүнгийн 5 хувийг барилгын чанарын баталгаа болгон 12 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр барьцаална гэж заасан байх ба уг гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1 дахь заалтад Хэрэв захиалагч нь хавсралтад заасан графикт хугацаанд төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн бол төлөх ёстой төлбөрийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг хоног тутамд төлнө гэж заасан байна.
Гэрээний хавсралтаар ажлын гүйцэтгэлийн санхүүжилтийн графикийг тохиролцсон байх бөгөөд уг графикт гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтад заасан гэрээний нийт үнийн дүнгийн 5 хувийн төлбөр багтаагүй, уг 5 хувийн төлбөрөөс бусад төлбөрийг төлөх төлбөрийн графикийг талууд харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1 дахь заалтыг үндэслэн хариуцагчаас гэрээний нийт үнийн дүнгийн 5 хувьтай холбогдох төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр алданги шаардах эрхгүй байна.
Өөрөөр хэлбэл талууд ажил гүйцэтгэгдэж дууссаны дараа төлөх гэрээний нийт үнийн дүнгийн 5 хувийн төлбөртэй холбоотой анзын тохиролцоог хийгээгүй тул нэхэмжлэгч хариуцагчаас анз шаардахгүй.
Иймд нэхэмжлэгч Ж ХХК-ийн хариуцагч Нарантрейд ХХК-д холбогдуулан гаргасан алдангид 103,911,130 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Н.ТХХК-аас 434,077,120 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 204,439,377 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч Н.ТХХК нь нэхэмжлэгч Ж ХХК-аас Наран молл худалдааны төвийн барилгын шилэн фасадны ажлын доголдолтой холбогдуулан 230,800,241 төгрөгийг, Наран бөөний төвийн оффис агуулахын зориулалттай барилгын агуулахын шалны доголдолтой холбогдуулан 190,504,663 төгрөгийг гаргуулахаар тус тус шаардсан бөгөөд шилэн фасадны ажлын доголдолтой холбоотой шаардлагад шилэн фасад, цонх, порчик, хаалга, шилэн дээвэр зэрэг ажлын доголдлыг, агуулахын шалны доголдолтой холбоотой шаардлагад 2 давхрын 207, 208 тоотын бетон шалны ажлын доголдол, 3 давхрын бетон шалны ажлын доголдлыг тус тус багтаасан байна.
Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2 дахь заалтад зааснаар захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх, доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах шаардлага гаргах эрхтэй тул Н.ТХХК нь Ж ХХК-аас ажлын гүйцэтгэлийн доголдлыг арилгахтай холбоотой зардлыг шаардах эрхтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлт хэргийн 6 хавтас 14-47 тал-ээр Н.ТХХК нь Ж ХХК-ийн гүйцэтгэсэн барилгын ажилтай холбогдуулан Мон вакум цонх ХХК-аар барилгын шилэн фасадны гадна силикон, шилний чигжээс хийх, металл хаалга, шилэн фасадны порчик хийх ажлыг гүйцэтгүүлсэн бөгөөд уг ажлын нийт төсөвт өртөг нь 85,330,956 төгрөг, Хос ур ХХК-аар шилэн фасадны резин таг даравч хийх, даравчинд силикон хийх, шилэн факет солих ажлыг хийж гүйцэтгүүлсэн бөгөөд уг ажлын нийт төсөвт өртөг нь 140,708,485 төгрөг, Алтан ус ХХК-аар шилэн дээврийн засвах хийх ажлыг 4,760,800 төгрөгөөр гүйцэтгүүлсэн нь зах зээлийн үнэд нийцсэн, дээрх ажлуудын нийт төсөвт өртөг нь 143,342,081 төгрөг болох нь тогтоогдсон.
Наран молл худалдааны төвийн барилгын гадна нүүрний шиллэгээний ажлыг Ж ХХК нь Измнэг ХХК-тай гэрээ байгуулан хийлгэсэн бөгөөд туслан гүйцэтгэгч компани чанарын шаардлага хангахгүй ажил гүйцэтгэсэн гэдгийг Ж ХХК хүлээн зөвшөөрч, чанаргүй ажлуудыг засахаар Хятадаас багцалсан шил захиалах, таг даравч захиалах, салхивчын онгойлтыг өөрчлөхөд шаардагдах материал буюу шил, нугас, төмөр бэлдэц зэргийг захиалах, гааль, тээврийн зардал, ажлын хөлс зэрэгт нийт 48,200 ам.долларын санхүүжилтийг гэрээний баталгаа 5 хувийн санхүүжилтээс гаргуулах агуулга бүхий хүсэлт /хэргийн 6 хавтас 99 тал/-ийг Н.ТХХК-д гаргаж байсан байх тул Ж ХХК-ийг шилэн фасадны ажлыг чанаргүй доголдолтой гүйцэтгэсэн, уг доголдлоо өөрөө хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.
Ж ХХК-ийн гүйцэтгэсэн Наран молл худалдааны төвийн барилгын шилэн фасадны ажил доголдолтой бөгөөд уг доголдлыг арилгахтай холбоотой зардлын төсөв өртөг нь 143,342,081 төгрөг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа хэдий ч барилгын ажлын зураг төсөлд шилэн фасадны зураг төсөл тодорхойгүй учраас фасадны ажил технологийн дагуу хийгдсэн эсэхийг тогтоох боломжгүй, захиалсан зураг төсөл нь шаардлага хангахгүй байхад зураг зохиогчийн албан ёсны шийдэлгүйгээр шилэн фасадны уртын дагууд дээврийн парпетны ханан дээр усны хамгаалалтын төмрийг зөрүүлэггүйгээр зай завсартай хийж шаваасаар шавсан, төмрийг цоолж рекламны самбарын төмөр рам зангидуулсан зэрэг захиалагчийн буруутай үйлдэл байх тул гүйцэтгэгч Ж ХХК ажлын доголдолтой холбоотой зардал, хохирлыг дангаар хариуцах үндэслэлгүй гэж үзэн 143,342,081 төгрөгийн 50 хувь болох 71,671,040.5 төгрөгийг хариуцагч Ж ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Н.ТХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Ж ХХК нь Наран бөөний төвийн оффис агуулахын зориулалттай барилгын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхдээ 2 давхрын 207, 208 тоот агуулахын бетон шалыг гэрээгээр тохирсон М150 марканд хүрэхгүй, шалны цутгамал бетон тэгшилгээний ажлыг батлагдсан зураг, технологийн дагуу гүйцэтгээгүй болох нь шинжээч Барилгын төсөвчдийн хообооны 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 4 тоот дүгнэлт /хэргийн 3 хавтас 75-78 тал/-ээр, 3 дугаар давхрын шалны бетоны бат бэхийг шалгасан дүгнэлтээр шалны бетоны бат бэх 7.51-9.23 МПа гарсан тул шалыг буулгаж шинээр хийх шаардлагатай болох нь Барилгын төсөвчдийн холбооны 2019 оны 12 сарын 13-ны өдрийн дүгнэлт /хэргийн 6 хавтас 14-18 тал/-ээр тус тус тогтоогдож байна.
Шинжээч Барилгын төсөвчдийн холбоо нь Наран агуулахын 2 давхрын 207, 208 тоотын бетон шалыг дахин гүйцэтгэх ажилд 35,117,242 төгрөгийн төсөвт өртөг шаардлагатай гэж 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 4 тоот дүгнэлтээр дүгнэсэн, энэ ажлын зардалд Н.ТХХК нь 30,036,034 төгрөгийг Ж ХХК-аас шаардсан, 3 дугаар давхрын шалны ажлыг шинээр хийхэд 160,468,629 төгрөгийн төсөвт өртөг шаардлагатай гэж Барилгын төсөвчдийн холбооны 2019 оны 12 сарын 13-ны өдрийн дүгнэлтээр дүгнэсэн тул Наран бөөний төвийн оффис агуулахын зориулалттай барилгын 2, 3 дугаар давхрын шалны доголдолтой холбогдуулан Ж ХХК-аас нийт 190,504,663 төгрөгийг гаргуулахыг хүссэн Н.ТХХК-ийн сөрөг шаардлагыг үндэслэл бүхий байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Ж ХХК-аас Наран бөөний төвийн оффис агуулахын зориулалттай барилгын 2, 3 дугаар давхрын шалны доголдолтой холбогдуулан 190,504,663 төгрөгийг гаргуулан Н.ТХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Н.ТХХК нь Ж ХХК-аас 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11/10 тоот гэрээ, түүнд нэмэлт оруулсан 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 12/03/29 тоот гэрээгээр ажлын үр дүн хүлээлгэн өгөх хугацааг 263 хоног хэтрүүлснээс үүссэн алдангид 407,563,084 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11/10 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт оруулсан 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 12/03/29 тоот гэрээгээр талууд Наран агуулах, оффис, бөөний төвийн барилгын ажлыг 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор гүйцэтгэхээр харилцан тохиролцсон боловч нэхэмжлэгч нь 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хариуцагчид хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдсон.
Талууд 2012 оны 12/03/29 тоот гэрээний 5.2 дахь заалтаар гүйцэтгэгч нь агуулахын барилгыг хүлээлгэн өгөх графикт хугацааг гүйцэтгэгчийн буруугаас хэтрүүлсэн тохиолдолд тухайн графикт ажлын санхүүжилтийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг хоног тутамд төлнө гэж тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасан анзын гэрээг бичгээр байгуулах болон алданги нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.1 дахь заалтад зааснаар захиалагч Н.ТХХК нь барилга угсралтын ажлын санхүүжилтийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу хийх үүргийг хүлээсэн байсан ба гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зохих санхүүжилтийг хийсэн байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
Барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай санхүүжилтийг графикийн дагуу хийсэн байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул Ж ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэх боломжгүй бөгөөд Н.ТХХК-ийн гаргасан Ж ХХК-аас алдангид 407,563,084 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Н.ТХХК нь барилга угсралтын ажлын санхүүжилтийг гэрээний хавсралтад заасан хуваарийн хийсэн байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул барилгын ажил гүйцэтгэх хугацаа хэтэрсэн шалтгаан нь Ж ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас шууд шалтгаалсан гэж үзэх үндэслэлгүй, Н.ТХХК-ийн Ж ХХК-аас алдангид 407,563,084 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Н.ТХХК нь хариуцагч Ж ХХК-аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон шинжээчийн ажлын хөлсөнд төлсөн зардал 7,275,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд уг зардал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дахь заалтад заасан шүүхийн зардалд хамаарах бөгөөд зохигч аль нэг тал шинжээчийн зардлыг шинжээчид урьдчилан төлсөн нь уг зардлыг нөгөө талаас гаргуулах үндэслэл болохгүй, шүүхийн зардлыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу зохигч талуудад хуваарилах тул Н.ТХХК-ийн гаргасан хариуцагч Ж ХХК-аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон шинжээчийн ажлын хөлсөнд төлсөн зардал 7,275,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч Ж ХХК-аас 262,175,703.5 төгрөгийг гаргуулан хариуцагч Н.ТХХК-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 578,774,300.5 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шинжээчийн ажлын хөлсний тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хуваарилагдах бөгөөд шинжээч Шинжлэх ухаан, Технологийн их сургуулийн ажлын хөлс 3,275,000 төгрөгийг хариуцагч Н.ТХХК, шинжээч Барилгын төсөвчдийн холбоо ТББ-ын ажлын хөлс 4,000,000 төгрөгийг хариуцагч Н.ТХХК, Барилгын төсөвчдийн холбоо ТББ-ын ажлын хөлс 2,800,000 төгрөгийг тус шүүхийн тамгын газар тус тус хариуцан төлсөн тул шүүх эдгээр зардлын нийлбэр дүнг 100 хувь, талуудын хангагдсан үндсэн болон сөрөг шаардлагын нийлбэр дүнг 100 хувь гэж тооцон хувьчлах замаар талуудад шүүхийн зардлыг хуваарилах нь зүйтэй байна.
Ийнхүү тооцоход үндсэн болон сөрөг шаардлагын хангагдсан нийлбэр 696,252,823.5 төгрөг болж байгааг 100 хувь гэж үзвэл нэхэмжлэгчийн хангагдсан шаардлага 62.4 хувийг, хариуцагчийн хангагдсан шаардлага 37.6 хувийг эзэлж байх ба шинжээчийн нийт зардал 10,075,000 төгрөгийг энэ хувь хэмжээгээр буюу нэхэмжлэгчид 37.6 хувь буюу 3,788,200 төгрөгийг, хариуцагчид 62.4 хувийг буюу 6,286,800 төгрөгийг хариуцуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн хувьд шинжээчийн зардал төлөөгүй тул түүний хариуцах 3,788,200 төгрөгийг бүхэлд нь нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгож, хариуцагчийн тухайд шинжээчийн зардалд төлсөн 7,275,000 төгрөгийг түүний хариуцах 6,286,800 төгрөгөөс хасаж, үлдэх 988,200 төгрөг болон Жид ХХК-аас гаргуулан Н.ТХХК-д олгохоор шийдвэрлэсэн 3,788,200 төгрөгийн зөрүү болох 2,800,000 төгрөгийг хариуцагч Н.ТХХК-аас гаргуулж Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.1, 352.2.2, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч Н.ТХХК-аас 434,077,120 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 204,439,377 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч Ж ХХК-аас 262,175,703.5 төгрөгийг гаргуулан хариуцагч Н.ТХХК-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 578,774,300.5 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2015 оны 05 сарын 29-ний өдөр төлсөн 1,197,062 төгрөг, 2015 оны 08 сарын 20-ны өдөр төлсөн 78,980 төгрөг, мөн өдөр төлсөн 598,531 төгрөг, 2017 оны 07 сарын 26-ны өдөр төлсөн 1,855,000 төгрөг, нийт 3,729,573 төгрөгийн 3,729,556 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 17 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Н.ТХХК-аас 2,328,336 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж ХХК-д олгож, хариуцагч Н.ТХХК-аас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 2015 оны 09 сарын 07-ны өдөр урьдчилан төлсөн 1,085,370 төгрөг, 2017 оны 07 сарын 26-ны өдөр төлсөн 2,379,620 төгрөг, 2020 оны 02 сарын 03-ны өдөр төлсөн 1,213,650 төгрөг, нийт 4,678,640 төгрөгийн 4,678,601 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 39 төгрөгийг улсын орлогоос, нэхэмжлэгч Ж ХХК-аас 1,468,829 төгрөгийг тус тус гаргуулан хариуцагч Н.ТХХК-д олгож, шинжээчийн зардалд 3,788,200 төгрөгийг Ж ХХК-аас гаргуулж Н.ТХХК-д, 2,800,000 төгрөгийг Н.ТХХК-аас гаргуулж Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР