Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2021/01393

 

 

 

2021 07 23 181/ШШ2021/01393

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

нэхэмжлэгч:  З.Г

хариуцагч:  ш.м

11 917 946 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Я.З.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Я.З.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Герман Улсад байхдаа 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Монгол руу ачаа явуулна гэсэн зарын дагуу Ш.ш.мтой холбогдож очиж уулзсан. Ш.ш.м нь 2-3 том шланз машин зогсоочихсон байж байсан, 2015 оны 01 дүгээр сарын 09, 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрүүдэд ачаа бараагаа өгөхөөр болсон. Миний нэг ачааг 35 евро гээд би 105 евро төлсөн, бас цагаан сараас өмнө ирнэ гээд 5 евро нэмж өгөөд шуурхай хүргэж өгнө гэж хэлсэн. Ш.ш.м нь харахад их тайван, дөлгөөн залуу байсан тул түүний үгэнд итгэж бүх ачаагаа нэг бүрчлэн үзүүлж харуулаад скочдоод өгсөн. Миний ачаа бараанд хориотой нэг ч байхгүй. Ш.ш.м нь 2 сарын 18-ны өдөр буюу битүүний өдөр Ш.ш.м яриад ирж ачаагаа ав гэсэн. Яваад очтол 1 хэсэг ачаа нь ирсэн. Гэтэл 70 еврогоор ачуулсан 2 хэсэг ачаа байхгүй байсан. Ш.ш.м нь Оросын хил дээр хураалгасан 3 сарын 20-ноос өмнө авчирч өгнө гэж хэлээд надад бичиг хийж өгсөн. Үүнээс хойш би энэ хүний араас өчнөөн жил хөөцөлдөөд ачаагаа олж авч чадаагүй. 8 сард ирэхгүй болохоор нь би Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт хандсан, иргэний шүүхээр яв гэсэн. Цагдаагийн хэлтэст Ш.ш.м нь Белорусь Улсын хил дээр хураалгасан барааныхаа жагсаалтыг гаргаж өгсөн бөгөөд уг хураалгасан бараанд нь миний бараа байхгүй байгаа. Ш.ш.м миний 2 хэсэг барааг авснаа хүлээн зөвшөөрөөд төлж өгнө гэж хэлдэг байсан.

Ш.ш.м нь 2018 он хүртэл Монгол Улсад байсан бөгөөд энэ хугацаанд миний ачаа барааг өгөх хангалттай хугацаа байсан. Энэ 2 хайрцагтай ачаанд юу юу байсныг нь жагсаагаад шүүхэд гаргаж өгсөн. 2 хайрцагтай ачаа нийт 3150 еврогийн үнэтэй, үүнийг шүүхэд гаргаж өгсөн үеийн ханш болох 2,480.70 төгрөгөөр бодож нийт 7,814,205 төгрөгийг Ш.ш.моос гаргуулж өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Даариймаа нь Ш.ш.мын эхнэрийнх нь төрсөн эгч юм. Ш.ш.мын эхнэр нь Герман Улсад эмч хийдэг, нэг хүүхэд нь АНУ-д байдаг, Ш.ш.м өөрөө Германаас Монгол Улсад машин оруулж, гаргадаг. Одоо Ш.ш.м Монголд байгаа эсэхийг нь мэдэхгүй байна. Ш.ш.м болон н.Даариймаа нар нь олон зүйлийг хамтарч хийж байсан. Би бараа хаана байгааг нь олж мэдсэн, нэг удаа склад руу нь очоод зургийг нь авах гэтэл нэг залуу гарч ирээд хөөж гаргасан.

Ш.ш.м миний ачааг өгнө гэж хэлдэг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Даариймаа хүртэл барааг чинь өгнө гэдэг. Иймээс хариуцагч талын эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлж намайг хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна.

2015 онд би Ш.ш.мыг цагдаад өөрөө олж өгсөн. Ш.ш.м худал тайлбар өгсөн байсан. Би 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Ш.ш.моор бичиг хийлгэж гарын үсэг зуруулсан, түүнийгээ хэрэгт өгсөн,бидний хооронд хийгдсэн баримт дээрх баримтаас өөр байхгүй гэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг төлөөлөн оролцож байсан итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Даариймаа шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Я.З.Г нь хариуцагч Ш.ш.мод Герман Улсын Берлин хотод байхад нь 3 хайрцаг бараа Улаанбаатар хотод хүргүүлэхээр 105 евро ажлын хөлсөөр тохирсон . 1 хайрцаг бараагаа хүлээж авсан. 2 хайрцаг бараагаа ш.моос авч чадаагүй. ш.мод хэдэн сарын хэдний өдөр 2 хайрцаг бараан дотроо ямар ямар бараа хийж, жагсаалт бичиж, гаалийн хураамжийг тооцоолж, төлбөр өгсөн бэ? 2 хайрцаг доторх барааны нэрсийн жагсаалт яаралтай гаргаж өгнө үү гэсэн боловч гаргаж өгөөгүй. Белорусь Улсын гааль дээр 250 ширхэг хайрцагтай бараанаас 160 ширхэгийг хураалгасан. 1000 еврогоор торгуулсан. Герман Улсад байгаа Монгол иргэд Цагаан сарын үеэр ах дүү нартаа бэлэг явуулсан. Үүн дотроо виски, хамар болон амны тамхи, вино, дарс нууж хийсэн. Оросын хилээр архи, тамхи дамжин өнгөрч болохгүй хориотой хуультай. Анх Ш.ш.мод хүлээлгэж өгөхдөө хориотой бараа юу ч байхгүй. Жаахан чихэр, боов гэж хэлж өгсөн. Гэтэл машинаар нь дурандаж, гаалийн байцаагч хараад хориотой бүх барааг хураагаад авчихсан. Я.З.Ггийн гомдолыг би ойлгож байна. Хэрвээ ямар ч хориотой бараа байхгүй бол гаалийн татвараа тушаагаад буцаагаад Белорусийн гаалиас авч болно. Ийм учраас яаралтай Ш.ш.моор гарын үсэг зуруулж хүлээлгэж өгсөн барааныхаа жагсаалтыг нотлох баримтаар гаргаж өгнө үү.

Я.З.Г 4032 еврогийн үнэ бүхий бараагаа мөнхийн согтуу, дампуу архичин Ш.ш.мод маш хариуцлагатай хүлээлгэж өгөх ёстой. Белорусийн гааль, гаалийн хуудсан дээр бүх барааг тодорхой бичиж, татвар ноогдуулах хуультай гээд бараа нууж гарсан гээд тодорхой томьёогүй барааг бүгдийг хураагаад авчихсан.

Нэхэмжлэгч Я.З.Ггээс 2 хайрцаг бараа дотроо ямар ямар бараа байсныг жагсаалтаар гаргуулж, гаалийн татвар ногдуулсан төлбөрийн хамт нотлох баримт болгож, Ш.ш.мод хүлээлгэн өгсөн гарын үсэгтэй бичиг баримтыг гаргуулж өгнө үү. Нотлох баримт бүрдчихвэл Я.З.Ггийн бүх хохирльг төлж өгнө, гомдоохгүй/хэргийн 35/ гэжээ.

Нэхэмжлэгч шаардлагаа нотлож, 2015 оны 02 сарын 18-ны өдрийн 1802 цаг, 2 хайрцаг ачаа байхгүй байгаа тул 3 сард авч ирж өгөхөөр тохиров Оросын хил дээр хураагдсан, алга болсон бол эд барааг төлж өгөхөөр тохировгэсэн бичвэр бүхий, Ш.ш.мын гарын үсэг зурсан баримт/хэргийн 47х/, хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 сарын 24-ний өдрийн 21319 дугаар захирамж/хэргийн 49-50/, 2016 оны 1 сарын 06, 2016 оны 3 сарын 07-ны өдрүүдэд шүүх хүлээн авсан тэмдэглэгээ бүхий нэхэмжлэл/хэргийн 48/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн 2018 оны 10 сарын 10-ны өдрийн 30л-5/4190 тоот албан бичиг/хэргийн 7/, Баянзүрх дүүргийн Прокурорын 2015 оны 08 сарын 21-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн 1767 дугаар тогтоол/хэргийн 51/, Баянзүрх дүүргийн прокурорын газрын Ш.ш.мод холбогдох эрүүгийн хэргээс ирүүлсэн гадаад хэл дээр үйлдэгдсэн баримтын албан ёсны орчуулга болох Белорусь Улсын Гаалийн албаны 2015 оны 2 сарын 2-ны өдрийн Ш.ш.м ..2015 оны 2 сарын 2-ны өдөр Белорусь Улсын гаалийн албанд, 110 ширхэг хайрцаг, 210 кг ачаа хураалгасан, Ш.ш.м хориотой бараа авч явсан учир торгосон, 140 хайрцаг бараа зөрчилгүй байсан буцаан олгосон..гэсэн бичвэр бүхий баримт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 07-ны өдрийн Ш.ш.мыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагаа хийхийг Цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэсэн 298 дугаар шийдвэр, валютын албан ханш/хэргийн 8/ тус тус ирүүлсэн нь бичмэл баримтын шаардлага хангасан үнэлэх боломжтой.

Хариуцагч тал ямар нэг баримт ирүүлээгүй болно.

 Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Я.З.Г нь хариуцагч Ш.ш.мод холбогдуулан тээвэрлэлтийн гэрээнээс учирсан хохиролд ачааны үнэ 4032 евро, хариуцагчийг хайж ХБНГУ-д ирж очсоны 812 еврог төгрөгөөр тооцож нийт 11 917 946 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч шаардлагаа багасгаж, хүлээн аваагүй 2 хайрцагтай ачааны үнэ 3150 еврог шүүхэд нэхэмжлэл гаргасан үеийн ханшаар тооцон 7,814,205 төгрөг гаргуулахаар шаардана.

Хариуцагч Ш.ш.м итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг эс зөвшөөрч марган, ..нэхэмжлэгч Я.З.Ггээс 2 хайрцаг барааны дотор ямар ямар бараа байсныг жагсаалтаар гаргуулж, гаалийн татвар ногдуулсан төлбөрийн хамт нотлох баримт болгож, Ш.ш.мод хүлээлгэн өгсөн гарын үсэгтэй бичиг баримтыг гаргуулж өгнө үү, нотлох баримт бүрдчихвэл Я.З.Ггийн бүх хохирлыг төлж өгнө, гомдоохгүйгэжээ.

Хариуцагч Ш.ш.мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Даариймаа 2019 оны 5 сарын 1-ий өдөр нэг жилийн хугацаатай олгосон итгэмжлэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон ба 2019 оны 11 сарын 25-ны өдрийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцож, түүнээс хойш шүүхийн мэдэгдэх хуудсуудыг хүлээн авсан боловч шүүхэд хүрэлцэн ирдэггүй, өөртэй нь утсаар холбогдоход шүүхэд дахин очихгүй, дахин итгэмжлэл авч чадахгүй гэж хэлдэг, итгэмжлэлийн хугацаа дууссан тул ажиллагааны оролцогчийн оршин суух хаягаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1.Зохигч, түүнчлэн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа хаягаар мэдэгдэнэ. Хүрэлцэн ирээгүйгээс гарах үр дагавар болон энэ хуулийн 100 дугаар зүйлд зааснаар хэргийг хянан шийдвэрлэж болохыг шүүхийн мэдэгдэх хуудсанд заана., 77.6.Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих иргэн оршин суугаа газартаа буюу ажлынхаа газарт байхгүй бол уг хуудсыг түүний хамт амьдардаг насанд хүрсэн иргэн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд буюу ажлын газрынх нь захиргаанд хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулна., 77.8.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, энэ хуулийн 77.6-д заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно.гэж зааснаар хариуцагчийн ажиллагаанд оролцож байсан оршин суух хаяг болох Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, Голомт хотхоны В байрны 6 тоот хаягаар мөн тус хорооны засаг даргын ажлын албанд, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан Н.Даариймаад шүүх хуралдааны мэдэгдэх хуудсыг тус тус хүргүүлсэн боловч хариуцагч тал шүүх хуралдаан хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн, эзгүйд нь шийдвэрлүүлэх хүсэлтийн дагуу хариуцагчийн эзгүйд хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын тайлбаруудыг нэг бүрчлэн шинжлэн судалж, хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Я.З.Г ХБНГУлсаас 3 хайрцаг ачаа тээвэрлүүлэхээр хариуцагч Ш.ш.мод хүлээлгэн өгсөн, Я.З.Г тээврийн хөлсөд 105 евро төлсөн, Ш.ш.моос нэг хайрцаг ачааг Я.З.Гд хүлээлгэн өгсөн, 2 хайрцаг ачааг хүлээлгэн өгөөгүй байгаа үйл баримтад талууд маргаагүй.

Талууд хүлээлгэн өгөөгүй 2 хайрцаг ачаан дотор ямар үнэ бүхий эд хөрөнгө байсан болох, тээвэрлэлтийн явцад учирсан хохирол хэний буруутай үйлдлээс шалтгаалсан талаар маргаж, хариуцагч тал нэхэмжлэгч Я.З.Г хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараатай ачааг хүлээлгэн өгснөөс Беларусь Улсын хил дээр ачаа хураагдсан, тус улсын шүүхээр орж торгуулийн шийтгэлээр шийтгүүлж, барааг хураалгасан гэх үндэслэл заан нэхэмжпэлээс татгалзсан байна.

Талуудын тайлбар болон хэрэгт шүүхээс бүрдүүлэн авсан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн ирүүлсэн бичгийн нотлох баримт болох Я.З.Ггийн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан гомдол, Цагдаагийн хэлтсийн ажилтны Я.З.Г, Ш.ш.м нараас асууж авсан тайлбар зэргээс үзэхэд, талуудын хооронд хариуцагч Ш.ш.м нь Я.З.Ггийн ахуйн хэрэглээний ачаа 3 ширхгийг Берлин хотоос Улаанбаатар хотод хүргэхээр хүлээн авсан, Я.З.Г нь тээвэрлэлтийн хөлс 105 евро төлсөн, Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв/хх-63,64, 66-68/.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан үндэслэлээр, Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ш.ш.мод холбогдох эрүүгийн хэргээс нотлох баримт гаргуулсан ба уг баримтуудаас гадаад хэл дээр бичигдсэн бичмэл баримтыг нэхэмжлэгч тал албан ёсны орчуулга хийлгэн ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасан бичмэл баримтын шаардлагад нийцсэн гэж үзэж, зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримттай тал бүрээс нь бодитой харьцуулан үнэлж, маргааны үйл баримтыг тогтоосон болно.

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.  

1. Нэхэмжлэгч Я.З.Г нь 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ахуйн хэрэглээний эд зүйлс буюу 3 хайрцагтай ачааг ХБНГУ-ын Берлин хотоос Монгол Улсын Улаанбаатар хотод хүргүүлэхээр Ш.ш.мод хүлээлгэн өгч, хөлс 105 евро төлсөн, Ш.ш.м нь 2015 оны 02 сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод ачааг тээвэрлэн ирж, тээвэрлүүлэгч Я.З.Гд 1 хайрцаг ачааг нь хүлээлгэн өгч, 2 хайрцаг ачааг нь хүлээлгэж өгөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 2015 оны 02 сарын 18-нд 1802 цаг, 2 хайрцаг ачаа байхгүй байгаа тул 3 сард авч ирж өгөхөөр тохиров Оросын хил дээр хураагдсан, алга болсон бол эд барааг төлж өгөхөөр тохировгэж бичиж, Ш.ш.мын гарын үсгээ зурсан баримт /хх-47х/, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн баримтууд /хх-62-68х/ талуудын тайлбар зэргээр нотлогдож байна. 

Талуудын хооронд байгуулагдсан ачаа тээвэрлэлтийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, талууд гэрээнд маргаагүй болно. 

Иргэний хуулийн 395 дугаар зүйлийн 395.1-д Тээвэрлэлтийн гэрээнээс үүсэх шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа нэг жил, санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлийн улмаас хохирол учирсан бол хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж хөөн хэлэлцэх хугацааг тусгайлан зохицуулжээ.

Нэхэмжлэгч Я.З.Ггийн тээвэрлэлтийн гэрээнээс үүсэх шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 1 жил байх бөгөөд Я.З.Г нь 2015 оны 2 сарын 18-ны өдөр ачааг хүлээн авах үедээ зарим хэсэг алдагдсаныг мэдсэн ба Иргэний хуулийн 395.2.2-д заасны дагуу уг өдрөөс хойш 30 дахь өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно. Тээвэрлэгч Ш.ш.м 3 сард ачааг өгөхөөр Я.З.Гтэй тохиролцсон байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа 3 сарыг дуустал тасалдсан.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дах хэсэгт заасны дагуу 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр эхлэн тоолох бөгөөд нэхэмжлэгч Я.З.Г нь 2015 оны 8 сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, Прокурорын 2015 оны 08 сарын 21-ний өдрийн 1767 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн /хх-63, 83х/ тул 2015 оны 08 сарын 22-ны өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр эхлэн тоолно.

Я.З.Г шүүхэд 2016 оны 01 сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 сарын 24-ний өдрийн 21319 дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн /хх-48-50х/ нь 2016 оны 05 сарын 25-ны өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр эхлэн тоологдоно.

Я.З.Г шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш.ш.мыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 07-ны өдрийн 298 дугаар шийдвэрээр Ш.ш.мыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагаа хийхийг Цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэсний дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагааг хийж 2018 оны 10 сарын 10-ны өдөр хаягийг тогтоосон, /хх-7х/-оор хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсож, Я.З.Г шүүхэд 2018 оны 11 сард нэхэмжлэл гаргаснаар дахин тасалдаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 сарын 14-ний өдрийн 836 дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн /хх-10-11х/-ээр тасалдал зогсож, хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр тоолох бөгөөд 2018 оны 10 сарын 10-ны өдрийн 30л-5/4190 тоот албан бичгээр хаягийг тодруулсны үндсэн дээр мөн 2019 оны 04 сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргаснаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

Иймээс хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр тоолсноос нэхэмжлэл ирүүлэх хүртэл 1 жил хүрэхгүй байх тул нэхэмжлэгч Я.З.Г нь шаардах эрхийн хөөн хэлэлцэх тусгай хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.

 

Хариуцагч Ш.ш.мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Даариймаа нь нэхэмжлэгчийг ямар, ямар бараа хүлээлгэж өгсөн нь тодорхойгүй, ачааны дагалдах бичиг үйлдээгүй гэж маргаж байна.

Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1-д ачаа тээвэрлэлтийг гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр байгуулах, дагалдах бичигт тус хуулийн 387 дугаар зүйлд заасан нөхцлийг тусгасан байхаар зохицуулсан. Хуулийн энэхүү зохицуулалт нь талууд дагалдах бичгийг заавал үйлдэх ёстой гэдгийг шаардаагүй бөгөөд Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.4-т дагалдах бичиг үйлдээгүй, эсхүл түүнийг дутуу үйлдсэн зэрэг нь ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулагдахад болон хуулийн энэ бүлгийн заалтуудыг хэрэглэхэд саад болохгүй гэдгийг тодруулж өгсөн байна. Иймд дагалдах бичиг үйлдээгүй гэдэг нь нэхэмжлэлийг үгүйсгэх үндэслэл болохгүй. 

Харин дагалдах бичиг үйлдсэн бол тээвэрлэх ачааны тоо, хэмжээ, тэмдэг, дугаар, баглаа боодол зэргийг тодорхойлох нотлох баримт болох байсан тул нэхэмжилж буй зүйлсийг тогтооход ач холбогдолтой байсан.

Нэхэмжлэгч Я.З.Г нь дагалдах бичиг үйлдээгүй тул тээвэрлэх ачааны тоо, хэмжээг бусад баримтаар үнэлэх үндэс болж байна.

Нэхэмжлэгч хариуцагч Ш.ш.мод хүлээлгэж өгөөд буцааж аваагүй, 2 хайрцагт байсан барааны жагсаалтыг 2019 оны 04 сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өөрөө гараар бичиж жагсаалт/хэргийн 9/ гаргасан байх бөгөөд нийт 46 нэр төрлийн 3 150 еврогийн буюу 9 310 896 төгрөгийн бараа байсан гэжээ.

Я.З.Г нь 2016 онд Ш.ш.моос 2 хайрцаг барааны үнэ 6 120 000 төгрөг нэхэмжилж байсан болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 сарын 24-ний өдрийн 21319 дугаар захирамж, шүүхэд гаргасан нэхэмжлэл зэргээр тогтоогдож байна./хэргийн 48-49х/

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн баримтад, 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан Я.З.Ггийн өргөдөлд, ...миний 2 хайрцаг ачаанд гутал, цахилгаан бараа, гоо сайхны бараа, чихэр, цагаан сараар өгөх чихэр, цахилгааны утас, цоож бүгд 2 500 000 төгрөгийн бараа байгаа гэж бичсэн, мөн цагдаагийн байгууллагад асуугдсан тайлбартаа мөн ингэж мэдүүлж байсан байна. /хэргийн 63-64, 66-67/

Иймээс дээрхи тайлбаруудыг харьцуулан дүгнэж Я.З.Ггийн Ш.ш.мод хүлээлгэж өгсөн эд зүйлсийн үнийг цаг хугацааны хувьд хамгийн сайн мэдэж байсан үеийн тайлбараар нь авч үзэж, тогтоох үндэслэлтэй байна.

Иймд Я.З.Г нь 2015 оны 01 сарын 10-ны өдөр хариуцагч Ш.ш.мод нийт 2 500 000 төгрөгийн эд зүйлсийг буюу тухайн үеийн Монгол банкны еврогийн төгрөгтэй харьцах ханшаар тооцоход /2 500 000 төгрөг : 2 282,16 төгрөг = 1 095 евро/ 1 095 еврогийн эд зүйлсийг хүлээлгэж өгсөн гэж тооцож үзлээ.

Иргэний хуулийн 388 дугаар зүйлийн 388.1 дэх хэсэгт зааснаар тээвэрлэгч нь ачааг хүлээн авахдаа ачааны тоо, хэмжээ, тэмдэг үнэн зөв эсэхийг болон сав, баглаа боодлыг шалгах үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу хариуцагч Ш.ш.м нь Я.З.Ггийн ачааг шалгаж, хил гаалиар нэвтрүүлэх боломжгүй барааг хүлээн авахаас татгалзах эрхтэй байсан.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн баримтад, Ш.ш.мын Белорусь Улсын гаальд бараагаа хураалгасан тухай гэх гадаад хэл дээрх баримт/хэргийн 69-75/-ыг ирүүлснийг нэхэмжлэгч албан ёсны орчуулга/хэргийн 121-129/ хийлгэснээс үзэхэд, Ш.ш.м ..2015 оны 2 сарын 2-ны өдөр Белорусь Улсын гаалийн албанд, 110 ширхэг хайрцаг, 210 кг ачаа хураалгасан, 140 хайрцаг бараа зөрчилгүй байсан буцаан олгосон..гэж байгаа нь нэхэмжлэгчийн ачаа байсан, хураалгасан гэх байдал харагдахгүй нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгч Я.З.Г нь хариуцагч Ш.ш.мод бараагаа шалгуулж өгсөн, хил гаалиар нэвтрүүлэхийг хориглосон бараа байгаагүй гэж тайлбарлаж байгааг хариуцагч тал үгүйсгээгүй, Я.З.Ггийн илгээсэн 2 хайрцаг бараа Белорусь Улсын гаальд хураагдсан гэдгийг хариуцагч Ш.ш.м баримтаар нотлох боломжтой боловч баримт ирүүлээгүй, мэтгэлцээний үндэслэлээ нотлоогүй, баримт ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.гэж тус тус заасан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай гэж үзэх үндэс болно.

Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1.Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ гэж, мөн хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Я.З.Г шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн буюу 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн еврогийн төгрөгтэй харьцах Монгол банкны ханшаар тооцож төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан нь хуульд нийцнэ. 

Иймд хариуцагч Ш.ш.мыг хуульд заасны дагуу хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1-д Тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн, түүнчлэн тээвэрлэлтийн хугацаа хоцроосны хариуцлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцна гэж заасны дагуу Ш.ш.м нь Я.З.Ггийн ачаа алдагдсаны хариуцлагыг хүлээх хууль зүйн үндэслэлтэй тул 2 хайрцаг эд зүйлсийн үнэ /1 095 евро х 2 955,84 төгрөг=/ 3 236 645 төгрөгийг Ш.ш.моос гаргуулж Я.З.Гд олгох үндэстэй.

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн ба тээвэрлүүлэгч Я.З.Г нь тээвэрлэгч Ш.ш.моос хүчин төгөлдөр гэрээгээр хүлээсэн үүрэг болох ачааг хүлээлгэн өгөөгүй гэж эд хөрөнгийн алдагдалд ачааны үнийг хариуцуулан шаардсан, Я.З.Г гэрээний дагуу 2 хайрцаг ачааны тээвэрлэлтийн хөлсөнд 70 евро төлсөн нь үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан нэмэлт зардал болохгүй бөгөөд нэхэмжлэгч хөлсөө буцаахыг шаардаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Я.З.Ггийн дэмжээгүй шаардлага болох Ш.ш.мыг олох зорилгоор ХБНГУ-д очиж, ирсэн зардал гэх 812 евро зэрэг 1694 евро болон дэмжсэн нэхэмжлэлээс үлдэх 2055 еврод холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг талуудад хуульд нийцүүлэн хариуцуулсан болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.,115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1., 393 дугаар зүйлийн 393.1.-д заасныг баримтлан хариуцагч Ш.ш.моос 3 236 645/гурван сая хоёр зуун гучин зургаан мянга зургаан зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Я.З.Гд олгож, нэхэмжлэлээс үлдэх 8 681 301 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Я.З.Ггийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205 637 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.ш.моос 70,047 /далан мянга дөчин долоо/ төгрөгийг гаргуулж Я.З.Гд олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.УРАНЧИМЭГ