Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2019/01989

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2019/01989

 

 

 

Я.З-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2019/01881 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Я.З-гийн нэхэмжлэлтэй

ХариуцагчШ.М-д холбогдох

 

Тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 11 917 946 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Я.З-

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Даариймаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би Герман улсад байхдаа 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Монгол Улс руу ачаа явуулна гэсэн зарын дагууШ.М-той холбогдож очиж уулзсан.Ш.М- нь 2-3 том шланз машин зогсоочихсон байж байсан.Ш.М- нь та маргааш ачаагаа аваад хүрээд ир гэсний дагуу би маргааш нь 3 хэсэг ачаагаа аваачиж, нэг бүрчлэн гаргаж харуулаад хүлээлгэж өгсөн. Нэг ачааг 35 еврогоор авч байсан учраас би 105 евро төлсөн. Хэзээ ачаа Монгол Улс руу явах вэ гэж асуухад энэ сарын 20-ноос өмнө явна гэж хэлсэн. Ингээд би Герман улсаас Монгол Улсад ирчихээд цагаан сар болох гээд ачаагаа ирэхийг хүлээж, ирсэн эсэхийг нь удаа дараа асуусан. Гэтэл 02 дугаар сарын 18-ны өдөр буюу битүүний өдөрШ.М- ярьж ирж ачаагаа ав гэсэн. Яваад очтол 1 хэсэг ачаа нь ирсэн. 2 хэсэг ачаа байхгүй байсан.Ш.М- нь Оросын хил дээр хураалгасан 3 сарын 20-ноос өмнө авчирч өгнө гэж хэлээд надад бичиг хийж өгсөн. Үүнээс хойш би ачаагаа олж авч чадаагүй. Би Герман улсад бараагаа хүлээлгэж өгөхдөөШ.М-од нэг бүрчлэн үзүүлээд өгсөн. Би хил гаалиар нэвтрүүлдэггүй хориотой бараа өгөөгүй. Цагдаагийн хэлтэстШ.М- нь Беларусь улсын хил дээр хураалгасан барааныхаа жагсаалтыг гаргаж өгсөн бөгөөд уг хураалгасан бараанд нь миний 2 хэсэг бараа байхгүй байгаа. ...ИймдШ.М-оос барааны үнэ, 2 хайрцаг ачааны хөлс нийт 4 032 евро,Ш.М-ыг олох зорилгоор Герман улс руу ирж, очсон зардал 812 евро, нийт 4 844 евро буюу 11 917 946 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Даариймаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Я.З- нь хариуцагчШ.М-од Герман улсын Берлин хотод байхад нь 3 хайрцаг бараа Улаанбаатар хотод хүргүүлэхээр ажлын хөлсийг 105 евро гэж тохирсон байна. 1 хайрцаг бараагаа хүлээж авсан. 2 хайрцаг бараагааШ.М-оос авч чадаагүй.Ш.М-од хэдэн сарын хэдний өдөр 2 хайрцаг барааг дотор нь ямар эд зүйлс байгаа талаар жагсаалт бичиж, гаалийн хураамжийг тооцоолж, төлбөр төлсөн нь тодорхойгүй, 2 хайрцаг дотор байсан барааны нэрсийн жагсаалтыг гаргаж өгөөгүй. Беларусь улсын гааль дээр 250 ширхэг хайрцагтай бараанаас 160 ширхэгийг хураалгасан. 1 000 еврогоор торгуулсан. Герман улсад байгаа Монгол Улсын иргэд Цагаан сарын үеэр ах дүү нартаа бэлэг явуулсан. Үүн дотроо виски, хамар болон амны тамхи, вино, дарс нууж хийсэн. Оросын хилээр архи, тамхи дамжин өнгөрч болохгүй хориотой байдаг. АнхШ.М-од хүлээлгэж өгөхдөө хориотой бараа юу ч байхгүй, чихэр, боов байгаа гэж гэж хэлж өгсөн. Гэтэл хилийн шалганаар нэвтрэхэд нь гаалийн байцаагч хориотой бүх барааг хураагаад авчихсан байдаг. Хэрвээ ямар ч хориотой бараа байхгүй бол гаалийн татвараа тушаагаад буцаагаад Беларусийн гаалиас авч болно. Ийм учраас яаралтайШ.М-оор гарын үсэг зуруулж хүлээлгэж өгсөн барааныхаа жагсаалтыг нотлох баримтаар гаргаж өгнө үү гэж хүссэн боловч гаргаж өгөөгүй.Ш.М-од хүлээлгэн өгсөн барааны жагсаалтыг гаргаад өгчихвөл нэхэмжлэгчид учирсан хохирльг төлөх боломжтой гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтланШ.М-оос 3 443 554 төгрөгийг гаргуулж Я.З-д олгож, нэхэмжлэлээс 8 474 392 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Я.З-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205 637 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчШ.М-оос 70 047 төгрөгийг гаргуулж Я.З-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: ...Я.З-гээс 3 хайрцаг барааг үзэж гэрээ хийж, хүлээж аваагүй, ажлын цалин төлбөр гэж аваагүй. Би Герман улсад байнгын визтэй, Англи, Герман, Орос хэлний сайн мэдлэгтэй учир орчуулагчаар хил гаалийн хүмүүст хэлмэрч хийж өгдөг. Нэхэмжлэгч нь хүлээлгэн өгсөн гэх барааны жагсаалтаар 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 46 ширхэг бараа гэж тодорхойлсон байна. 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Беларусь улсын хил нэвтэрч, гааль, рентген үзлэг хийж, хориотой бараа байсан 110 ширхэг хайрцаг, 210 кг ачааг хурааж авсан. Би 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Беларусь улсын Ошмянегово хотод шүүх хуралд нэхэмжлэгчээр оролцсон. Шүүх манай улсын хууль дүрмийг зөрчсөн учир бүх барааг улсын орлого болгосон гэсэн шүүхийн шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчийн явуулсан 2 хайрцаг бараан дотор хориотой буюу архи, виски, дарс, бүх төрлийн тамхи, бүх төрлийн эм, витаминууд байсан. Миний бие хориотой бараа авч явсан гэж 1000 еврогоор торгуулсан. 140 ширхэг хайрцаг бараа ямар ч зөрчилгүй учир Улаанбаатар хотод авчирч эзэнд нь хүлээлгэж өгсөн. Одоо Беларусь улсын давж заалдах шатны шүүхэд өргөдөл бичиж, торгууль гаалийн татвараа төлөөд хориогүй бараагаа буцааж авч болно. Хэрвээ хураах ёсгүй барааг хурааж, улсын орлого болгосон бол зарж худалдсан үнийг эзэнд нь нөхөж олгодог хуультай. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Нэхэмжлэгч Я.З- нь хариуцагчШ.М-од холбогдуулан тээвэрлэлтийн гэрээнээс учирсан хохиролд 11 917 946 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Я.З- ХБНГУлсаас 3 хайрцаг ачаа тээвэрлүүлэхээрШ.М-од хүлээлгэн өгч, тээврийн хөлсөд 105 евро төлсөн үйл баримтыг шүүх талуудын тайлбар, хэрэгт цугларсан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн ирүүлсэн бичгийн нотлох баримт болох Я.З-гийн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан гомдол, тайлбар,Ш.М-ын мэдүүлэг зэргийг үндэслэн зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн байна. /хх-63,64, 66-68/

Нэхэмжлэгч, хариуцагч нар дээрх үйл баримтад маргаангүй, тээвэрлэлтийн явцад учирсан хохирол хэний буруутай үйлдлээс шалтгаалсан талаар маргажээ.

ХариуцагчШ.М- нэхэмжлэгч Я.З- хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараатай ачааг хүлээлгэн өгснөөс Беларусь Улсын хил дээр ачаа хураагдсан, тус улсын шүүхээр орж торгуулийн шийтгэлээр шийтгүүлж, барааг хураалгасан гэх үндэслэл заан нэхэмжлэлээс татгалзсан байна.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэн Баянзүрх дүүргийн прокурорын газраасШ.М-од холбогдох эрүүгийн хэргээс нотлох баримт гаргуулсан байх ба уг баримтуудад гадаад хэл дээр бичигдсэн бичмэл баримт авагджээ. Шүүх гадаад хэл дээр бичигдсэн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн, зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримттай тал бүрээс нь бодитой харьцуулан үнэлэх нь маргааны үйл баримтыг тогтооход ач холбогдолтой байх боломжтой. Гэтэл уг баримтыг хэрхэн үнэлсэн нь тодорхой бус, шүүхийн шийдвэрт тусгаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх уг алдааг залруулан шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2019/01881 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 047 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Т.ТУЯА

Ч.ЦЭНД