Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2019/02505

 

 

 

 

 

 

 

 

2019 12 04

181/ШШ2019/02505

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Х нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01-р сарын 10-ны өдрийн 76 дугаар захирамжаар Г.Хгээс 48 775 204 төгрөгийг гаргуулж Микро кредит ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу НШШГГ шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнх-Отгон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Г.Хгийн өмчлөлийн Сонгинхайрхан дүүргийн 32-р хороо, Баруун туруун гудамж, 25 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201045401 дугаарт бүртгэлтэй, 325 м.кв талбайтай агуулах, 700 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрх, мөн Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо Баруун туруун гудамж, 26 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201045399 дугаарт бүртгэлтэй 66 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбай бүхий газар эзэмших эрх зэргийн үнэлгээг Иргэний хуулийн 177.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2-т заасны дагуу шинжээчээр тогтоолгож, Шинжээчийн дүгнэлтээр 183 734 000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдсэн. Мөн түүнчлэн шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг 2019 оны 06-р сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулаагүй тохиолдолд эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах болно гэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасан байх бөгөөд шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнх-Отгон нь төлбөр төлөгч Г.Х надад 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдсэн нь уг хуулийн 55.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

Шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнх-Отгон нь тухайн үед надаас эд хөрөнгийн үнэлгээг асууж байсан бөгөөд тэр үедээ хямдхан хэлчихдэг гэж хүмүүс яриад байхаар нь санаанд орсон дүнгээ хэлсэн. Гэвч сүүлд сайтар бодож үзсэний үндсэн дээр эд хөрөнгийн үнэлгээгээ буруу тооцон өгсөн байснаа ойлгосон. Нөгөө талаар шинжээчийн тогтоосон үнэ нь зах зээлийн үнэ бус зөвхөн бид бүгдийн байшиндаа зарцуулсан бараа материалын үнэ байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 64.5-д зааснаас бусад хөрөнгийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор, төлбөр төлөгчийн өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналыг хүлээн авсан тохиолдолд 3 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна гэснийг тус тус зөрчсөн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу Г.Хгийн өмчлөлийн Сонгинхайрхан дүүргийн 32-р хороо, Баруун туруун гудамж, 25 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201045401 дугаарт бүртгэлтэй, 325 м.кв талбайтай агуулах, 700 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрх, мөн Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо Баруун туруун гудамж, 26 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201045399 дугаарт бүртгэлтэй 66 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбай бүхий газар эзэмших эрх зэргийг 183 734 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч НШШГГ итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Отгон шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Микро кредит ББСБ ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан улсын бүртгэлийн Ү-2201045399, Ү-2201045401 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Баруун туруун 1 гурамж, 25 тоот, 26 тоот үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 18280540/150 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж, төлбөр төлөгч Г.Х нь 25 тоотод байрлах 325 мкв талбайтай үйлдвэр, агуулахын зориулалтай үл хөдлөх хөрөнгийг 700 м.кв эзэмших эрхтэй газрын хамт 162 500 000 сая төгрөгөөр, 26 тоот хаягт байрлах 66 мкв талбайтай хувийн сууцыг 700 м.кв эзэмших эрхтэй газрын хамт 19 800 000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул 2019 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн 176 дугаар тогтоолоор шинжээч томилон үнэлгээг тогтоолгоход Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Баруун туруун 1 гудамж, 25 тоотод байрлах 325 мкв талбайтай үйлдвэр, агуулахын зориулалтай үл хөдлөх хөрөнгийг 700 м.кв эзэмших эрхтэй газрын хамт 139 892 000 сая төгрөгөөр, 26 тоот хаягт байрлах 66 мкв талбайтай хувийн сууцыг 700 мкв эзэмших эрхтэй газрын хамт 43 842 000 төгрөгөөр тус тус үнэлгээ тогтоосон. Дээрх үнэлгээний мэдэгдэлийг 2019 оны 06 дугаар сарын 07-ний өдөр төлбөр төлөгч Г.Хд гардуулж гарын үсэг зуруулсан. Мөн ШШГТХуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасанаар шинжээчийн үнэлсэн үнээс багагүй үнээр өөрийн эд хөрөнгийг худалдан борлуулах 1 сарын хугацааг олгох хүсэлтийг 2019 оны 06 дугаар сарын 10-ний өдөр ирүүлсэн бөгөөд хүсэлтийн дагуу 1 сарын хугацааг олгосон байна.

Нэхэмжлэгч Г.Х нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна.

Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээр хуулийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэлгүйгээр хүчингүй болгуулахыг хүссэн төлбөр төлөгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Х нь хариуцагч НШШГГ холбогдуулан Сонгинхайрхан дүүргийн 32-р хороо, Баруун туруун гудамж, 25 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201045401 дугаарт бүртгэлтэй, 325 м.кв талбайтай агуулах, 700 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрх, мөн Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо Баруун туруун гудамж, 26 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201045399 дугаарт бүртгэлтэй 66 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбай бүхий газар эзэмших эрх зэргийг 183 734 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж, мөн зүйлийн 55.7Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж тус тус заажээ.

НШШГГ нь шинжээчээр тогтоолгосон хөрөнгийн үнэлгээг нэхэмжлэгч Г.Хд 2019 оны 06 сарын 07-ны өдрийн 2/14531 тоот мэдэгдэл /хх-37х/-ээр 2019 оны 06 сарын 07-ны өдөр мэдэгдсэн болох нь тус мэдэгдэл, Г.Хгийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2019.06.10-ны өдөр гаргасан хүсэлт /хх-38х/-ээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Г.Х нь 2019.08.27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь дээрхи хуульд заасан гомдол гаргах 7 хоногийн эрхийн хугацааг хэтрүүлсэн байх тул шүүх гомдолд хууль зүйн дүгнэлт хийх үндэслэлгүй байна.

 

НШШГГ нь 2019.05.20-ны өдөр хөндлөнгийн шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д заасантай нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Г.Х нь шинжээчийн тогтоосон үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур байгаа гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү үндэслэлээ баримтаар нотлоогүй тул шинжээчийн тогтоосон үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Г.Хгийн НШШГГ холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт зааснаар Г.Хгийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Сонгинхайрхан дүүргийн 32-р хороо, Баруун туруун гудамж, 25 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201045401 дугаарт бүртгэлтэй, 325 м.кв талбайтай агуулах, 700 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрх, мөн Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо Баруун туруун гудамж, 26 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201045399 дугаарт бүртгэлтэй 66 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбай бүхий газар эзэмших эрх зэргийг 183 734 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч Г.Хгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА