Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2021/00818

 

Г.Хонгорхүүгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/02505 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 358 дугаар магадлалтай,

Г.Хонгорхүүгийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.01.10-ны өдрийн 76 дугаар захирамжаар Г.Хонгорхүүгээс 48,775,204 төгрөгийг гаргуулж Микро кредит ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнх-Отгон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Г.Хонгорхүүгийн өмчлөлийн Сонгинхайрхан дүүргийн 32-р хороо, Баруун туруун гудамж, 25 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201045401 дугаарт бүртгэлтэй, 325 м.кв талбайтай агуулах, 700 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрх, мөн Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо Баруун туруун гудамж, 26 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201045399 дугаарт бүртгэлтэй 66 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбай бүхий газар эзэмших эрх зэргийн үнэлгээг Иргэний хуулийн 177.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2-т заасны дагуу шинжээчээр тогтоолгож, Шинжээчийн дүгнэлтээр 183,734,000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг 2019.08.07-ны өдөр мэдэгдсэн. Мөн түүнчлэн шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг 2019.06.15-ны өдрийн дотор төлж барагдуулаагүй тохиолдолд эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах болно гэжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасан байх бөгөөд шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнх-Отгон нь төлбөр төлөгч Г.Хонгорхүү надад 2019.08.07-ны өдөр мэдэгдсэн нь уг хуулийн 55.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнх-Отгон нь тухайн үед надаас эд хөрөнгийн үнэлгээг асууж байсан бөгөөд тэр үедээ хямдхан хэлчихдэг гэж хүмүүс яриад байхаар нь санаанд орсон дүнгээ хэлсэн. Гэвч сүүлд сайтар бодож үзсэний үндсэн дээр эд хөрөнгийн үнэлгээгээ буруу тооцон өгсөн байснаа ойлгосон. Нөгөө талаар шинжээчийн тогтоосон үнэ нь зах зээлийн үнэ бус зөвхөн бид бүгдийн байшиндаа зарцуулсан бараа материалын үнэ байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 64.5-д зааснаас бусад хөрөнгийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор, төлбөр төлөгчийн өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналыг хүлээн авсан тохиолдолд 3 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна гэснийг тус тус зөрчсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу Г.Хонгорхүүгийн өмчлөлийн Сонгинхайрхан дүүргийн 32-р хороо, Баруун туруун гудамж, 25 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201045401 дугаарт бүртгэлтэй, 325 м.кв талбайтай агуулах, 700 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрх, мөн Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо Баруун туруун гудамж, 26 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201045399 дугаарт бүртгэлтэй 66 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбай бүхий газар эзэмших эрх зэргийг 183,734,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Микро кредит ББСБ ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан улсын бүртгэлийн Ү-2201045399, Ү-2201045401 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Баруун туруун 1 гудамж, 25 тоот, 26 тоот үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, 2019.05.07-ны өдрийн 18280540/150 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж, төлбөр төлөгч Г.Хонгорхүү нь 25 тоотод байрлах 325 м.кв талбайтай үйлдвэр, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 700 м.кв эзэмших эрхтэй газрын хамт 162,500,000 төгрөгөөр, 26 тоот хаягт байрлах 66 м.кв талбайтай хувийн сууцыг 700 м.кв эзэмших эрхтэй газрын хамт 19,800,000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул 2019.05.20-ны өдрийн 176 дугаар тогтоолоор шинжээч томилон үнэлгээг тогтоолгоход Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Баруун туруун 1 гудамж, 25 тоотод байрлах 325 мкв талбайтай үйлдвэр, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 700 м.кв эзэмших эрхтэй газрын хамт 139,892,000 төгрөгөөр, 26 тоот хаягт байрлах 66 м.кв талбайтай хувийн сууцыг 700 м.кв эзэмших эрхтэй газрын хамт 43,842,000 төгрөгөөр тус тус үнэлгээ тогтоосон. Дээрх үнэлгээний мэдэгдлийг 2019.06.07-ны өдөр төлбөр төлөгч Г.Хонгорхүүд гардуулж гарын үсэг зуруулсан. Мөн ШШГТХуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар шинжээчийн үнэлсэн үнээс багагүй үнээр өөрийн эд хөрөнгийг худалдан борлуулах 1 сарын хугацааг олгох хүсэлтийг 2019.06.10-ны өдөр ирүүлсэн бөгөөд хүсэлтийн дагуу 1 сарын хугацааг олгосон байна. Нэхэмжлэгч Г.Хонгорхүү нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна. Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээр хуулийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэлгүйгээр хүчингүй болгуулахыг хүссэн төлбөр төлөгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/02505 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт зааснаар Г.Хонгорхүүгийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Сонгинхайрхан дүүргийн 32-р хороо, Баруун туруун гудамж, 25 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201045401 дугаарт бүртгэлтэй, 325 м.кв талбайтай агуулах, 700 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрх, мөн Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо Баруун туруун гудамж, 26 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201045399 дугаарт бүртгэлтэй 66 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбай бүхий газар эзэмших эрх зэргийг 183,734,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Г.Хонгорхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 358 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/02505 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Г.Хонгорхүүгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201045401 дугаарт бүртгэлтэй Сонгинхайрхан дүүргийн 32-р хороо, Баруун туруун гудамж, 25 тоот хаягт байрлах 325 м.кв талбайтай агуулах, 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201045399 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо Баруун туруун гудамж 26 тоот хаягт байрлах 66 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг 183,734,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах гомдлын шаардлагатай иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2019.12.04-ний өдөр хянан шийдвэрлэж 181/ШШ2019/02505 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэж 2020.02.14-ний 358 дугаар магадлалыг гаргасныг тус тус эс хүлээн зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Г.Хонгорхүүгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201045401 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Баруун туруун гудамж, 25 тоот хаягт байрлах 325 м.кв талбайтай агуулах, 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201045399 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо Баруун туруун гудамж 26 тоот хаягт байрлах 66 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын үнэлгээг Иргэний хуулийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу тал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2-т заасны дагуу үнэлгээ тогтоолгоход 183,734,000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг 2019.08.07-ны өдөр мэдэгдсэн. Энэ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2.2. үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй гэж үзсэн байна. Гэвч шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу үнэлгээг харилцан тохиролцох боломж өгөөгүй, төлбөр авагч болон төлбөр төлөгч нарт энэ талаар мэдэгдэж, хуульд заасны дагуу тохиролцох боломжийг огт олголгүй шинжээч томилж эд хөрөнгийг үнэлүүлсэн нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үндэслэлгүй явагдсан гэж үзэхээр байхад анхан шатны шүүх тал бүрээс нь бүрэн дүүрэн шинжлэн судлалгүйгээр шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шийдвэр гүйцэтгэгч н.Мөнх-Отгон нь тухайн үед надаас эд хөрөнгийн үнэлгээг асууж байсан бөгөөд тэр үедээ сайтар ойлгоогүй бөгөөд зөвхөн байшин барилга барихад шаардагдсан бараа материалын нийт дүнгээ хэлсэн. Гэвч сүүлд сайтар бодож үзсэний үндсэн дээр эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн ханшаар тооцоогүй байснаа ойлгосон. Нөгөө талаар шинжээчийн тогтоосон үнэ нь зах зээлийн үнэ бус зөвхөн бид бүгдийн байшиндаа зарцуулсан бараа материалын үнэ байна. Г.Хонгорхүү анхан шатны шүүх хуралд бие төлөөлөгчөө оролцуулахаар итгэмжлэл өгч явуулсан боловч итгэмжлэлийг шүүх хүлээн авалгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.2-т заасан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Гэтэл давж заалдах шатны шүүх үнэлж дүгнэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 64.5-д зааснаас бусад хөрөнгийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор, төлбөр төлөгчийн өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналыг хүлээн авсан тохиолдолд 3 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна гэснийг тус тус зөрчсөн байхад хууль зөрчөөгүй гэж анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2019.12.04-ний өдрийн 181/ШШ2019/02505 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.14-ний өдрийн 358 дугаар магадлалыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Г.Хонгорхүү нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн XXXII хороо, Баруун туруун гудамж, 25 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201045401 дугаарт бүртгэлтэй, 325 м.кв талбайтай агуулах, 700 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрх, дээрх хаягийн 26 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201045399 дугаарт бүртгэлтэй 66 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбай бүхий газар эзэмших эрх зэргийг 183,734,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, шаардлага үндэслэлгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх Г.Хонгорхүүгийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2018/00076 дугаар шийдвэрийн дагуу шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, төлбөр төлөгч Г.Хонгорхүүгээс 48,574,792.72 төгрөг гаргуулан төлбөр авагч Микро кредит ББСБ ХХК-д олгохын тулд барьцааны хөрөнгүүдийг битүүмжилж, хураах ажиллагаа явагдсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Г.Хонгорхүү үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд санал болгох доод үнийг 182,300,000 төгрөгөөр үнэлэх санал ирүүлсэн боловч талууд харилцан тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.05.20-ны өдрийн 176 дугаар тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор Виннэрвэй ХХК-ийг шинжээчээр томилжээ.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заасан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээчний тогтоосон үнийн 70 хувиар анхны албадан дуудлага худалдааны үнийг тогтоосныг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Хэргийн баримтаас үзэхэд 2019.06.07-ны өдөр хариуцагч байгууллага нь хөрөнгийн үнэлгээний тухай мэдэгдэл хүргүүлснийг Г.Хонгорхүү тухайн өдөр хүлээж авсан нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч шинжээчийн үнэлгээг эс зөвшөөрсөн гомдлыг 2019.08.27-ны өдөр гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн байна.

Иймээс дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг зөв гэж үзэх бөгөөд төлбөр төлөгч гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх, дээрх хугацаа зогссон, тасалдсан талаар тайлбар нотлох баримт гаргаж мэтгэлцээгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байх тул ...хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/02505 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 358 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД