Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 131/ШШ2018/00935

 

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 131/ШШ2018/00935

Баянхонгор аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч*******,*******,*******,*******,*******,*******,

Хариуцагч:*******д холбогдох

Цэнэглэгч автомашины жолоочийн ажилд эгүүлэн томилуулах, 2018 оны 7 сарын 23-наас эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Хүрэлбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр, хариуцагчийн төлөөлөгч Н.Баярхүү, хариуцагчийн өмгөөлөгч Б.Бурмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Б.Хүрэлбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.Хүрэлбаатар миний биеийг Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын даргын 2018 оны 07-р сарын 23-ны өдрийн Б/35 тушаалаар цэнэглэгч авто машиныг жолоодох эрхийн үнэмлэхгүй буюу агаарын хөлгийг шатахуунаар хангах сумалгаа хийх эрхгүйгээс шалтгаалан НАТОМ мэдээ зарлагдан байгууллагын үйл ажиллагаанд ноцтой зөрчил үүсгээд байгаа тул гэх мэт шалтгаанаар Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4 хөдөлмөрийн гэрээ ажлын байрны тодорхойлолт байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.3.6, Иргэний нисэхийн Ерөнхий газрын захиргаа удирдлагын газрын 2018 оны 06-р сарын 05-ны өдрийн 04/1831 дугаар албан бичиг цэнэглэгч авто машины жолооч Б.Хүрэлбаатар нь жолоодох эрхийн үнэмлэхийн эрхгүй зэрэг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлаж ажлаас халсан. Энэ тушаал нь миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна.

Миний хувьд мэргэжил ур чадвар эрүүл мэндийн хувьд ажилдаа тэнцэнэ гэж үзэж байна. Миний бие хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаагүй мөн хөдөлмөрийн харилцааг зогсоохоор ноцтой зөрчил гаргаж байгаагүй.

Урьд нь намайг хууль бусаар ажлаас халж шүүхийн шийдвэрээр ажилдаа эргүүлэн томилогдож байсан. Дарга Н.Баярхүү нь зөвхөн намайг ажлаас халах сонирхолтой хүн юм.

Ийм учир урьд нь ажиллаж байсан цэнэглэгч авто машины жолоочийн ажилд эгүүлэн томилуулах, 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөөс эхлэн ажилгүй байсан үеийн цалин хөлсийн гаргуулах, мөн ажилгүй байсан хугацаанд төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган дэвтэрт зохих ёсоор бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү ...гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.Баярхүү шүүхэд гаргасан тайлбартаа:

Тус нисэх буудлын цэнэглэгч машины жолооч Б.Хүрэлбаатар нь цэнэглэгч автомашин жолоодох эрхийн үнэмлэхгүй буюу агаарын хөлгийг шатахуунаар хангах буюу сумалгаа хийх эрхгүйгээс шалтгаалан улсад НОТАМ мэдээ зарлагдан байгууллагын үйл ажиллагаанд ноцтой зөрчил үүссэн бөгөөд байгууллагын үйл ажиллагаа доголдсон. Үүнээс шалтгаалан тус аймагт 2018 оны 06 сарын 27, 29-ний өдрүүдэд А-Жет авиэшн ХХК-ийн нисдэг тэрэг нислэг үйлдэж сумалгаа авах болсон тул ИНЕГ-ын харъяа ӨВР нисэх буудалд 2018.06.25-ны өдрийн 109 дүгээр албан бичгээр хүсэлт гарган ӨВР нисэх буудлын сумлагч машины жолооч Д.Лхагважав 2 өдөр ирж ажилласан. Мөн Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын цэнэглэгч машины жолооч гэсэн орон тоон дээр ажиллаж цалин авч байгаа боловч Б.Хүрэлбаатар нь цэнэглэгч автомашин жолоодох эрхийн үнэмлэхгүйгээс шалтгаалан ӨВР аймгийн Нисэх буудлын сумлагч машины жолооч Д.Лхагважав 2018.05.09-ний өдөр, 2018.05.10-ны өдрүүдэд, Говь-Алтай аймгийн нисэх буудлын сумлагч машины жолооч Г.Алтайбаатар 2018.07.13-15-ны өдрүүдэд тус тус ирж ажилласан. Энэ бүхнээс шалтгаалан ирж ажиллаж байгаа хүмүүст томилолтын мөнгө унааны зардал гэх мэт зардал гарч байна. Энэ талаар ИНЕГ-ын Захиргаа удирдлагын газарт танилцуулсан боловч цэнэглэгч автомашины жолооч Б.Хүрэлбаатар нь жолоодох эрхийн үнэмлэхгүй, сургалтанд хамрагдаагүй нь тогтоогдож байгаа бол Иргэний нисэхийн дүрэм холбогдох журмыг баримтлан шаардлага хангаж байгаа хүнийг томилох болон бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх талаар заавар өгсөн. Иймд Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын даргын 2018.06.12-ны өдрийн ур чадварын түвшин тогтоох хөдөлмөрийн магадлах комисс байгуулах тухай А/16 дугаар тушаал гарган тус нисэх буудлын цэнэглэгч машины жолооч Б.Хүрэлбаатар нь сумлагчийн жолоочийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын байрны үндсэн зорилт, тавигдах шаардлагыг хангаж ажиллах боломжтой эсэх, мөн агаарын хөлгийг шатахуунаар хангах буюу сумалгаа хийх эрхтэй эсэх, мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажилдаа тэнцэх эсэх талаар дүгнэлт гаргахыг комисст даалгасан. Уг тушаалаар томилогдсон комисс Б.Хүрэлбаатарыг онгоц сумлах тусгай тоноглолтой аюултай ачаа ачиж явах машин жолоодох эрх байхгүй, гэрчилгээ үнэмлэхгүй гэсэн дүгнэлт гаргасан.

Иймд холбогдох хууль журмыг баримтлан тус аймаг дахь Нисэх буудлын даргын 2018.07.23-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар Б.Хүрэлбаатарын хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн тул түүний гаргасан нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй..гэжээ.

Нэхэмжлэгч Д.Хүрэлбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2018 оны 07 сард намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тул шүүхэд хандсан. Ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэл нөхөн төлүүлнэ. Манай байгууллагад сумлагч машин жолоодох эрхтэй хүн анхнаасаа байдаггүй, харин сургалтанд суусныхаа дараа тусгай сургалтанд хамрагдаж эрхээ авдаг юм. Намайг эрхгүй гэж 2 удаа ажлаас чөлөөлөөд энэ хооронд 3 хүнийг миний оронд сургалтанд явуулсан. Ажлаас халагдсан тушаалаа гарсан даруйд нь гардуулж өгөөгүй, Би ажлаас чөлөөлсөн гэхээр нь 14 хоног хөдөө байж байгаад ирсэн юм. Тэгээд төвд явж байхад 20 иод хоногийн дараа надруу утсаар ярьж тушаал гардуулсан баримтанд гарын үсэг зуруулсан.Би сумлагч машины сургалтанд суух талаар байгууллагын удирдлагад хүсэлт удаа дараа өгч байсан ч зориуд намайг сургалтанд суулгадаггүй байсан. Надаас шалгалт авна гэхээр нь шалгуулахад 80 хувьтай шалгагдсан, ажил албан тушаалдаа тэнцэхгүй гэсэн дүгнэлт гараагүй. Би ажиллах хугацаандаа сахилгын ноцтой болон давтан зөрчил гаргаж арга хэмжээ авахуулж байсан удаа байхгүй.

Миний жолоодох эрхийн үнэмлэхүүд хуурамч биш..гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.Баярхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Эвлэрэх боломжгүй. Д.Хүрэлбаатар нь сумлагч машин жолоодох эрхгүй атлаа шүүхийг төөрөгдүүлж сумлагч машин жолоодох эрхтэй мэтээр нэхэмжлэл гомдол гаргаж байна. Д.Хүрэлбаатарыг ажлаас халсан тушаал үндэслэлтэй гарсан. Д.Хүрэлбаатар нь сумлагч машин жолоодох эрхгүйгээс шалтгаалж байгууллагад хохирол учраад байгаа. Энэ хүн ажил мэргэжилдээ тэнцэх эсэх, ажил үүргээ гүйцэтгэж чадаж байгаа эсэхийг миний тушаалаар комисс томилж шалгахад ажилдаа тэнцэхгүй гэдэг нь тодорхой болсон. Ажиллах чадваргүй учраас би сургалтанд явуулаагүй. Notam мэдээ зарлагдаж байгууллагад хохирол учруулсан тул хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн. Харин сумлагч машин жолоодох эрхгүй, сургалтанд хамрагдаагүй тул ажил мэргэжил, ажлын байранд тавигдах шаардлага хангаагүй гэж үзсэн тул ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү..гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Хүрэлбаатарыг ажлаас чөлөөлсөн тушаал нь түүний хөдөлмөрлөх эрхэнд ноцтой халдсан, эрхийг дордуулсан шийдвэр болсон. Тухайлбал ажлаас чөлөөлсөн үндэслэл болох Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д заасан үндэслэл тогтоогдохгүй байгаа. Харин хариуцагчийн тайлбараар сумлагч машины жолоочоор ажиллах эрхийн үнэмлэхгүй гэх шалтгаан нь Хөдөлмөрийн хуулийн 40.1.2-д заасан ажил мэргэжилдээ тэнцэхгүй гэх үндэслэл гэж тайлбарлаж байна. Гэтэл энэ зүйл хэсгийн Улсын дээд шүүхээс тайлбарлахдаа боловсролын буюу дээд боловсролын үнэмлэхгүй байх нь ажлаас чөлөөлөх үндэслэл болохүй юм гэж тайлбарласан байгаа. Нөгөө талаар байгууллагын даргын тушаалаар томилогдсон комисс нь Б.Хүрэлбаатарыг ажилдаа тэнцэхгүй гэж дүгнэлт гаргах эрх хэмжээтэй мэргэжилтэй албан тушаалтай хүмүүс биш юм. Иймд дээрх хуулийн хоёр зүйл хэсэгт заасан үндэслэл зөрчлийг нэхэмжлэгч гаргаагүй гэж үзэж байна. Мөн хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчил гэсэн заалтуудын аль зөрчлийг гаргасан нь тодорхойгүй. Тушаалд бичээгүй, Хөдөлмөрийн дотоод журмын 3.3.6 ийн аль заалтуудыг зөрчсөнийг бичээгүй байна. Хариуцагч талаас гаргаж өгсөн баримтууд засвартай, байгууллагын хуулбар үнэн тэмдэгтэй, нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд байгаа. Ажил олгогч нь өөрт байгаа баримтуудыг яаж ч засварлах дахин гаргах боломжтой тул нотлох баримтуудыг үнэлэх боломжгүй байна. Тухайлбал ажлаас чөлөөлсөн тушаалыг 2-3 удаа хариуцагчаас гаргаж өгөхдөө удаа дараа засвартай, хуулбар үнэн гэсэн тэмдэгтэй баримтуудыг гаргаж өгч байгаа юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү..гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Бурмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нисэх буудал бол онцгой обьект юм. Агаарын хөлгийн сумлагч машины жолооч бол агаарын хөлгийг шатахуунаар сумлах хариуцлагатай ажил үүрэг гүйцэтгэж буй ажилтан юм. Гэтэл агаарын хөлгийг шатахуунаар хангах мэргэжлийн сургалтанд хамрагдаагүй, мэргэжлийн үнэмлэхгүй хүн энэ ажлыг хийж байсан нь ажлын байрны тодорхойлолтын шаардлагыг хангахгүй байсан тул улсын хэмжээнд NOTAM мэдээ зарлагдаж, өөр орон нутгаас ажилтан томилолтоор ажиллуулж байгууллагад хохирол учирсан байна. Б.Хүрэлбаатарыг ажлаас чөлөөлсөн тушаалын хууль зүйн үндэслэлийг тайлбарлавал Б.Хүрэлбаатар нь агаарын хөлгийг шатахуунаар хангах буюу сумалгаа хийх эрхгүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасан ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэх үндэслэл болж байгаа бол Б.Хүрэлбаатарын агаарын хөлгийг шатахуунаар хангах буюу сумалгаа хийх эрхгүйгээс шалтгаалж 2018 оны 06 сарын 03-ны өдөр NOTAM мэдээ зарлагдаж, 2018 оны 05 сарын 09-ний өдөр, 2018 оны 06 сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгаас Д.Лхагважав, 2018 оны 07 сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгаас Г.Алтайбаатар нарыг агаарын хөлөг шатахуунаар цэнэглүүлэх зорилгоор тус аймагт томилолтоор ажиллуулснаас шалтгаалж байгууллагад хохирол учирсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл юм. Дээрх байдлыг байгууллагын даргын тушаалаар томилогдсон комиссын дүгнэлтээр болон Нисэхийн сургалтын төвийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаа. Нөгөө талаар нэхэмжлэгч нь 2018 оны 07 сарын 24-ний өдөр тушаалаа гардаж аваад, ажлаа хүлээлгэж өгсөн нь баримтаар тогтоогдсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-д заасан 30 хоногт гомдлоо шүүхэд гаргах хуулийн хугацааг хэтрүүлж гомдлоо гаргасан байгааг дурдах нь зүйтэй байна. Б.Хүрэлбаатар нь сумлагч машины жолоочийн сургалтанд хамрагдаагүй, хувиараа 2 хоног хамрагдсан болохоо зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү..гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, шүүх хуралдаанд гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Хүрэлбаатар нь ИНЕГ-ын харъяа Баянхонгор аймаг дахь Нисэх буудалд холбогдуулан цэнэглэгч машины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг хүсэн шаардсаныг хариуцагч байгууллагын төлөөлөгч зөвшөөрөхгүй гэж маргажээ. Нэхэмжлэгч Б.Хүрэлбаатар нь Баянхонгор аймаг дахь Нисэх буудалд 2004 оны 11 сарын 30-ны өдрөөс эхлэн нярав, сумлагч машины жолоочоор тус тус ажиллаж байгаад тус нисэх буудлын даргын 2018 оны 07 сарын 23-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар түүнийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.3.6 зэргийг тус тус үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Үйл баримтаар Б.Хүрэлбаатар нь ажлаас халагдсан тушаалаа ажил олгогчоос 2018 оны 08 сарын 02-ны өдөр гардан авч, албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаатай холбоотой гомдлоо шүүхэд хуулийн хугацаанд гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд зааснаар шаардлага гаргах эрхтэй байна. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 1. Ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг шалгахад Ажил олгогчоос тушаалын үндэслэлийг тайлбарлахдаа Б.Хүрэлбаатар нь агаарын хөлгийг шатахуунаар хангах буюу сумалгаа хийх эрхгүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасан ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэх үндэслэл болж байгаа бол Б.Хүрэлбаатарын агаарын хөлгийг шатахуунаар хангах буюу сумалгаа хийх эрхгүйгээс шалтгаалж 2018 оны 06 сарын 03-ны өдөр NOTAM мэдээ зарлагдаж, 2018 оны 05 сарын 09-ний өдөр, 2018 оны 06 сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгаас Д.Лхагважав, 2018 оны 07 сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгаас Г.Алтайбаатар нарыг агаарын хөлөг шатахуунаар цэнэглүүлэх зорилгоор тус аймагт томилолтоор ажиллуулснаас шалтгаалж байгууллагад хохирол учирсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл болсон гэж тайлбарлажээ. Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын даргын 2018 оны 06 сарын 12-ны өдрийн А/16 дугаар Ур чадварын түвшин тогтоох хөдөлмөрийн магадлах комисс байгуулах тухай тушаалаар Сумлагч машины жолооч Б.Хүрэлбаатар нь тус аймаг дахь Нисэх буудлын сумлагчийн жолоочийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын байрны үндсэн зорилт, тавигдах шаардлагыг хангаж ажиллах боломжтой эсэх, агаарын хөлгийг шатахуунаар хангах буюу сумалгаа хийх эрхтэй эсэх, мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэх эсэх талаархи дүгнэлт гаргуулахаар комист даалгасан байна. Улмаар дээрх тушаалаар байгуулагдсан комиссын 2018 оны 06 сарын 19-ний өдрийн дүгнэлтээр Б.Хүрэлбаатар нь онгоц сумлах тусгай тоноглолтой аюултай ачаа ачиж явах машин жолоодох эрх байхгүй гэрчилгээ үнэмлэхгүй ..гэсэн дүгнэлт гарчээ. Түүнчлэн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар Б.Хүрэлбаатар нь №0020728 дугаартай мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй боловч мэргэшсэн жолоочийн ангилал болох аюултай ачаа тээвэрлэх ангилал олгогдоогүй, уг үнэмлэхийн хугацаа 2018 оны 02 сарын 22-ны өдөр дууссан сунгагдаагүй, Иргэний нисэхийн Ерөнхий газрын Нисэхийн сургалтын төвийн 2018 оны 10 сарын 25-ны өдрийн 04/а/305 дугаар шинжээчийн дүгнэлтээр Б.Хүрэлбаатар нь нисэх буудлуудын сумлагч автомашины жолооч нарын мэргэшүүлэх давтан сургалтанд хамрагдаагүй, сумлагч автомашин жолоодох эрх үүсээгүй байна..гэжээ.

Гэвч шүүх дээрх нөхцөл байдал нь ажил олгогчоос ажилтныг ажлаас чөлөөлөх хангалттай үндэслэл болохгүй юм гэж дүгнэв.

Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасан "ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон" гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно. Харин хуульд өөрөөр заагаагүй бол боловсролын үнэмлэхгүй буюу дээд боловсролгүй гэх зэрэг шалтгаан нь ажил олгогчоос ажилтныг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэх, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй..гэжээ. Нисэх буудлын даргын 2018 оны 06 сарын 12-ны өдрийн А/16 дугаар тушаалаар Б.Хүрэлбаатарыг мэргэжэл, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэх эсэх талаар дүгнэлт гаргах ур чадварын түвшин тогтоох хөдөлмөрийн магадлах комисс байгуулсан бөгөөд уг комисс нь 2018 оны 06 сарын 19-ний өдөр гаргасан дүгнэлтэндээ мэргэжийн тест болон ам асуултанд 74.5 хувьтай хариулсан, онгоц сумлах тусгай тоноглолтой аюултай ачаа ачиж явах машин жолоодох эрх байхгүй, гэрчилгээ үнэмлэхгүй..гэжээ. Энэ дүгнэлтээс үзвэл Б.Хүрэлбаатар нь онгоц сумлах тусгай тоноглолтой аюултай ачаа ачиж явах машин жолоодох эрх байхгүй, гэрчилгээ үнэмлэхгүй боловч  мэргэжил,  ур  чадварын  хувьд гүйцэтгэж байгаа ажил,  албан тушаалдаа тэнцэхгүй гэсэн дүгнэлт гараагүй байна. Нөгөө талаар дээрх комиссын дүгнэлтийг гаргасан комиссын бүрэлдэхүүнд уурын зуухны механик, шалгагч харуул, жолооч нярав зэрэг ажил үүргийн хувьд бусдын мэдлэг боловсролыг шалгах хангалттай мэргэшсэн ажилтан албан тушаалтан байх шаардлагыг хангаагүй хүмүүсээр дүгнэлт гаргуулсан, дээрх дүгнэлтийг эс зөвшөөрч дээд шатны албан тушаалтанд бичсэн Б.Хүрэлбаатарын гомдлыг шийдвэрлээгүй орхигдуулсан зэрэг үндэслэл байх тул комиссын дүгнэлтийг нотлох баримтын хувьд үнэлэх боломжгүй байна.

Түүнчлэн ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ хэрэгжүүлж 2018 оны 06 сарын 08-ны өдөр мэдэгдэх хуудсыг ажилтанд гардуулж , 4 хоногийн дараа буюу 2018 оны 06 сарын 12-ны өдөр нисэх буудлын дарга нь тушаал гарган Б.Хүрэлбаатарын мэргэжил,  ур чадварын түвшин тогтоох комисс байгуулсан байна. Эндээс үзвэл ажил олгогч нь Б.Хүрэлбаатарыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлж, орон тоо цөөрүүлэхийн тулд шалгалтын комисс байгуулсан мэт ойлголт төрүүлж байгаа нь ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, хуульд нийцэхгүй үйлдэл болжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл нь үйл баримтаар тогтоогдоогүй, тушаалд дурдсан шалтгаан нь дээрх хуулийн зүйлд хамаарахгүй байх тул ажил олгогчийн Б.Хүрэлбаатарыг ажлаас чөлөөлөх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д заасныг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн тушаалд Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэргийг зөрчсөн гэх боловч чухам ямар зүйл хэсгийг зөрчсөн талаар тодорхойгүй бичээгүй, тайлбарлаагүй байгаагаас үзвэл тушаал хууль есны үндэслэл бүхий байх агуулгыг зөрчсөн байна. Б.Хүрэлбаатар нь Баянхонгор аймаг дахь Нисэх буудалд 2004 оноос хойш ажиллаж байгаа, 2017 оны 06 сараас сумлагч машины жолоочоор томилогдон ажиллаж байсан, Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 02-ны өдрийн 00756 дугаар шийдвэрээр Б.Хүрэлбаатарыг ажлаас халсаныг үндэслэлгүй гэж үзэн сумлагч машины жолоочийн ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн зэрэг нөхцөл байдлаас үзвэл ажил олгогч нь ажилтныг сурч боловсрох, мэргэжил дээшлүүлэх, сургалтанд хамрагдах боломж нөхцөлөөр хангаагүй байгааг дурдах нь зүйтэй юм. Иймд Б.Хүрэлбаатарыг Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын цэнэглэгч машины жолоочийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.Хүрэлбаатарын ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хянахад

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговоролгоно,

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а.д "...ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэжээ.

Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалинг тооцохдоо түүний 0213527 дугаар нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын цалин болох 2018 оны 5,6,7 дугаар саруудад авч байсан 1185320+1382270+673417 = 3241007 : 3 сар = 1080335 : 21.5 хоног 50248 төгрөг/нэг өдрийн цалин/ болж байна.

Нэхэмжлэгч Б.Хүрэлбаатарын ажилгүй байсан хугацааг нэхэмжлэлийн шаардлага болох 2018 оны 07 дугаар сарын 23ы өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 22ы өдрийг хүртлэх ажлын 88 өдрөөр тооцож цалин, олговорт 4.421.824 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэв.

3.   Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө..гэж заасан нь хариуцагч ажил олгогчийн буруугаас учирсан хохирлыг шаардах эрхтэйг илэрхийлж байна.

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлд даатгуулагч болон ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэл төлөх хувь хэмжээг тодорхойлж, ажил олгогчоос төлвөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг ажилтанд бодогдсон тухайн сарын нийт цалин орлогоос хувилан гаргуулахаар тус тус хуульчилжээ.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Б.Хүрэлбаатарын 2018 оны 07 сарын 23-ны өдрөөс 2018 оны 11 сарын 22-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон түүний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ИНЕГ-ын харъяа Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын захиргаанд даалгах нь зүйтэй байна. Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэв. Шүүх хуралдааны явцад хариуцагч нь Нисэх буудлын даргын 2018 оны 07 сарын 23-ны өдрийн Б/35 дугаар тушаалыг тухайн байгууллагын бичиг хэргийн ажилтан И.Батчимэг нь Б.Хүрэлбаатарт 2018 оны 07 сарын 24-ний өдөр хүлээлгэн өгсөн гэх бичилттэй тушаалын хуулбарыг нотлох баримтаар гарган өгч, Б.Хүрэлбаатар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасан ч 2018 оны 10 сарын 02-ны өдрийн 131/ШЗ2018/02617 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан нотлох баримт хасуулах хүсэлтийг хангаж тус байгууллагын 2018 оны 09 сарын 30-ны өдрийн хуулбар үнэн тэмдэг бүхий 2018 оны 07 сарын 23-ны өдрийн Б/35 дугаар тушаалын хуулбарыг нотлох баримтаас хасч шийдвэрлэсэн атал дахин 2018 оны 09 сарын 30-ны өдрийн хуулбар үнэн гэсэн тэмдэг бүхий Б/35 дугаар тушаалыг хуулбарлан, дахин гараар бичилт хийж ирүүлсэн нь нотлох баримт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй гэж үзэх боломжгүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар тухайн нотлох баримтыг үнэлээгүй болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Б.Хүрэлбаатарыг Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын цэнэглэгч машины жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Баянхонгор аймаг дахь Нисэх буудлаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4.421.824 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Хүрэлбаатарт олгосугай. 3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Хүрэлбаатарын 2018 оны 07 сарын 23-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөдөлмөрийн хөлсөнд төлөгдвөл зохих нийгмийн даатгалын шимтгэл хураамжийг тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын дарга Н.Баярхүүд даалгасугай. 4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулсугай. 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй. 6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ