Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2019/00700

 

Б.Хын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 131/ШШ2018/00935 дугаар шийдвэр,

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр магадлалтай,

Б.Хын нэхэмжлэлтэй

ИНЕГ-ын харъя БХАДНБд холбогдох

Цэнэглэгч автомашины жолоочийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Н.Баярхүүгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч Батнасангийн Б.Хаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Х миний биеийг БХАДНБын даргын 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б/35 тушаалаар цэнэглэгч авто машиныг жолоодох эрхийн үнэмлэхгүй буюу агаарын хөлгийг шатахуунаар хангах сумалгаа хийх эрхгүйгээс шалтгаалан НАТОМ мэдээ зарлагдан байгууллагын үйл ажиллагаанд ноцтой зөрчил үүсгээд байгаа тул гэх мэт шалтгаанаар Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4 хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт байгууллагын хөдөлмөрийн дотоод журам зэргийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцлаж ажлаас халсан. Ийм учир урьд нь ажиллаж байсан цэнэглэгч авто машины жолоочийн ажилд эгүүлэн томилуулах, 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөөс эхлэн ажилгүй байсан үеийн цалин хөлсийн гаргуулах, мөн ажилгүй байсан хугацаанд төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган дэвтэрт зохих ёсоор бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч БХАДНБын дарга Н.Баярхүү шүүхэд гаргасан тайлбартаа: Тус нисэх буудлын цэнэглэгч машины жолооч Б.Х нь цэнэглэгч автомашин жолоодох эрхийн үнэмлэхгүй буюу агаарын хөлгийг шатахуунаар хангах буюу сумалгаа хийх эрхгүйгээс шалтгаалан улсад НОТАМ мэдээ зарлагдан байгууллагын үйл ажиллагаанд ноцтой зөрчил үүссэн бөгөөд байгууллагын үйл ажиллагаа доголдсон. Үүнээс шалтгаалан тус аймагт Өвөрхангай аймгийн нисэх буудлын сумлагч машины жолооч Д.Лхагважав 2018 оны 5 дугаар сард 2 өдөр, Говь-Алтай аймгийн нисэх буудлын сумлагч машины жолооч Г.Алтайбаатар 2018 оны 7 дугаар сард 2 өдөр тус тус ирж ажилласан. Энэ бүхнээс шалтгаалан ирж ажиллаж байгаа хүмүүст томилолтын мөнгө унааны зардал гэх мэт зардал гарч байна. Иймд БХАДНБын даргын 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн ур чадварын түвшин тогтоох хөдөлмөрийн магадлах комисс байгуулах тухай А/16 дугаар тушаал гарган тус нисэх буудлын цэнэглэгч машины жолооч Б.Х нь сумлагчийн жолоочийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын байрны үндсэн зорилт, тавигдах шаардлагыг хангаж ажиллах боломжтой эсэх, мөн агаарын хөлгийг шатахуунаар хангах буюу сумалгаа хийх эрхтэй эсэх, мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажилдаа тэнцэх эсэх талаар дүгнэлт гаргахыг комисст даалгасан. Уг тушаалаар томилогдсон комисс Б.Хыг онгоц сумлах тусгай тоноглолтой аюултай ачаа ачиж явах машин жолоодох эрх байхгүй, гэрчилгээ үнэмлэхгүй гэсэн дүгнэлт гаргасан. Иймд холбогдох хууль журмыг баримтлан тус аймаг дахь Нисэх буудлын даргын 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар Б.Хын хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн тул түүний гаргасан нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй гэжээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 131/ШШ2018/00935 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Б.Хыг БХАДНБын цэнэглэгч машины жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар БХАДНБаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4 421 824 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Хт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Хын 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөдөлмөрийн хөлсөнд төлөгдвөл зохих нийгмийн даатгалын шимтгэл хураамжийг тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч БХАДНБын дарга Н.Баярхүүд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр магадлалаар Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 131/ШШ2018/00935 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын төлөөлөгч БХАДНБын дарга Н.Баярхүүгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч байгууллагын төлөөлөгч БХАДНБын дарга Н.Баярхүүгээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Н.Баярхүү хяналтын гомдолдоо: Магадлалыг хүлээн авч эс зөвшөөрөн дараах гомдлыг гаргаж байна. Учир нь давж заалдах шатны шүүх нь шийдвэрийг хэвээр үлдээсэн. 1. Нэхэмжлэгч Б. Б.Х нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гомдлоо гаргах ёстой боловч энэ хугацааг хэтрүүлж гаргасан байдаг. Б.Хт Нисэх буудлын даргын 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б/35 дугаар тушаалыг тухайн байгууллагын бичиг хэргийн ажилтан И.Батчимэг нь 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээлгэн өгсөн мөн энэ өдөр ажил хүлээлцсэн актыг шүүхэд нотлох баримтаар тус тус гаргаж өгсөн болно. 2. Давж заалдах шатны шүүх “Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 02619 дугаар шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн сургалтын төвийг шинжээчээр томилсон бөгөөд энэ шүүгчийн захирамжийн хариуд Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн сургалтын төвийн захирал Б.Гангэрэлээс ирүүлсэн албан тоот нь хариу ирүүлсэн албан бичиг бөгөөд шинжээчийн дүгнэлт гэж үзэх үндэслэлгүй юм гэж үзсэн. Гэтэл нисэхийн сургалтын төвөөс шүүхэд 2017.10.25 04/а/305 дугаар албан бичгээр Б.Х нисэхийн сургалтын төвийн архив болон цахим бүртгэлээс шүүж үзэхэд нисэх буудлуудын сумлагч авто машины жолооч нарын мэргэшүүлэх давтан сургалтад хамрагдаагүй байна гэсэн албан бичиг ирсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх гаргасан захирамжийнхаа дагуу шаардлага хангуулсан баримт гаргуулан авах ёстой билээ. Б.Х БХАДНБын цэнэглэгч машины жолооч гэсэн орон тоон дээр ажиллаж цалин авч байгаа боловч Б.Х нь цэнэглэгч автомашины жолоодох эрхийн үнэмлэхгүйгээс шалтгаалан Баянхонгор аймагт нисэх онгоц буухгүй улсын хэмжээнд “НОТАМ” мэдээ зарлагдсан байдаг төдийгүй Говь-Алтай, Өвөрхангай аймгийн Нисэх буудлаас мэргэжлийн хүмүүс авчран ажиллуулсан энэ талаарх холбогдох баримтууд байхад үнэлээгүй. Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх болон Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь хавтаст хэрэгт байгаа нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үнэлээгүй бөгөөд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож Б.Хын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй байна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан, тухайн маргаантай харилцаанд  Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Нэхэмжлэгч Б.Х нь БХАДНБд холбогдуулан цэнэглэгч автомашины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийг 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр, гаргажээ.

Ажил олгогч 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4, Хөдөрмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.3.6-д заасныг баримтлан, Б.Хын агаарын хөлгийг шатахуунаар хангах буюу сумалгаа хийх эрхгүйгээс шалтгаалж 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр NOTAM мэдээ зарлагдаж, 2018 оны 05 сарын 09, 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгаас Д.Лхагважав, 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгаас Г.Алтайбаатар нарыг агаарын хөлөг шатахуунаар цэнэглүүлэх зорилгоор тус аймагт томилолтоор ажиллуулснаас байгууллагад хохирол учирсан нь ноцтой зөрчил болсон гэж заажээ.

Ажил олгогчийн тушаалд нэг үйл баримтад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4 дэх хэсгийг зэрэг баримталсан нь уг тушаал эрх зүйн актад тавигдах шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй болсны зэрэгцээ ажилтан зөрчил гаргасан, мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдоогүй тул Б.Хыг ажлаас халсан шийдвэрийг үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй байна. Энэ талаарх шүүхийн дүгнэлтийг хуульд нийцээгүй гэх агуулгатай хариуцагчийн хяналтын гомдол үндэслэл муутай байна.

Хоёр шатны шүүх хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах ажил олгогчийн хуулиар болон гэрээгээр хүлээсэн үүрэг, ур чадварын түвшин тогтоох комиссын эрх хэмжээ, бүрэлдэхүүн, комиссын дүгнэлт, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах  үндэслэл, журам, ажилгүй байсан хугацааны олговор, шүүхэд нэхэмжлэл гаргах тусгайлсан хөөн хэлэлцэх хугацаа зэрэг эрх зүйн асуудлаар хийвэл зохих дүгнэлтийг хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон нь үндэслэлтэй болжээ.

Б.Х нь мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй боловч аюултай ачаа тээвэрлэх ангилал олгогдоогүй, үнэмлэхийн хугацааг сунгуулаагүй үйл баримт тогтоогдсон, ийм байхад ажил олгогч нь түүнийг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр тухайн ажил үүргийг гүйцэтгүүлж байсан байх тул гэрээг цуцлах үндэслэл болохгүй байна. Ажил олгогч үнэмлэхийн эрхийг нь сэргээх, онгоц сумлах тусгай тоноглолтой аюултай ачаа тээвэрлэх ангилал олгуулахаар сургалтад хамруулах, зохих арга хэмжээг авч, хөдөлмөрийн аюулгүй орчныг бүрдүүлэх үүрэгтэй байна.

Шүүх ажилтны ажилгүй байсан хугацааны 2018 оны 7 дугаар сарын 23-наас  2018 оны 11 дүгээр сарын 22 хүртэлх олговор 4 421 824 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д нийцсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 131/ШШ2018/00935 дугаар шийдвэр, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85 699 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА