Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2021/00137

 

 

2021 01 19 181/ШШ2021/00137

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А ББСБ ХХК-д холбогдох,

Б.Э-ээс 1661 УНИ улсын дугаартай, JTMHV05J304137237 арлын дугаартай, Тоёота Ланд круйзер-200 маркийн автомашиныг А ББСБ ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн амаар хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 1661 УНИ улсын дугаартай, JTMHV05J304137237 арлын дугаартай, Тоёота Ланд Круйзер-200 маркийн автомашины өмчлөгчөөр Б.Э-г тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.А, Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Я.Хандсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Э нь нөхөр Батхуягтай гэр бүл болоод 11 жил хамт амьдарч байгаа бөгөөд Япон улсад ажиллаж, амьдарч байгаад 2017 онд Монгол улсад ирсэн байдаг. Гэтэл 2017 оны 10 сараас эхлэн нөхөр Батхуягийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн ба тухайн үед Батхуяг нь гэрчийн хувиар мөрдөн шалгах ажиллагаанд оролцож байгаад хэрэг бүртгэлтийн хэрэг нь гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хаагдсан байна.

Цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаа удаан хугацааны турш үргэлжилсэн бөгөөд энэ үед Б.Э нь мөрдөгч, прокурорын зүгээс эд хөрөнгийг нь битүүмжлэхээс сэргийлж, Б.Э-ийн нэр дээр бүртгэлтэй 1661 УНИ улсын дугаартай Ланд-200 маркийн автомашиныг хамаатны ах Насантогтохын ажилладаг А ББСБ-ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн.

Ингэж шилжүүлэхдээ бичгээр гэрээ хийгээгүй, амаар тохиролцож, 2017.10.17-ны өдөр Авто тээврийн газарт Насантогтохын хамт биеэр очиж, Б.Э-ээс А ББСБ руу шилжүүлсэн байдаг.

Нэр шилжүүлэхийн тулд А ББСБ нь автотээврийн газарт нэр шилжүүлэн авахад татгалзах зүйлгүй гэсэн утга бүхий байгууллагын албан бичгийг өгсөн ба Авто тээврийн газар уг албан бичгийг үндэслэн автомашиныг шилжүүлэн бүртгэсэн байдаг.

Гэхдээ нэхэмжлэгч А ББСБ ХХК-иас ямар ч мөнгө зээлээгүй бөгөөд бичгээр хийсэн зээлийн гэрээ огт байхгүй юм. Нэхэмжлэгч Б.Э-ийн автомашин А ББСБ нэр дээр шилжсэн боловч нэхэмжлэгч нь өөрийн автомашинаа эзэмшиж, ашиглаж байгаа болно.

Нэхэмжлэгч нь нөхрийнхөө шалгагдаж байсан эрүүгийн хэрэг нь гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг хаасан тухай прокурорын 2018.05.21-ний өдрийн 135 дугаар тогтоолыг гардан аваад 1661-УНИ улсын дугаартай автомашинаа буцаан өөрийн нэр дээр шилжүүлэх гэтэл хамаатны ах Насантогтох гэгч нь нэхэмжлэгчийн автомашиныг барьцаалж, А ББСБ ХХК-с 80,000,000 төгрөгийн зээл авчихсан гэж тайлбарлаж байна.

А ББСБ ХХК нь өөрийн нэр дээр байсан автомашиныг ямар учраас Насантогтох гэх хөндлөнгийн хүнд зээл олгосон нь ойлгомжгүй бөгөөд А ББСБ ХХК болон Насантогтох нарын хоорондын зээлийн үйл ажиллагааны харилцаа нь Б.Эд хамаагүй юм. Нэхэмжлэгч Б.Э-ийн хувьд цагдаагийн байгууллагад хөрөнгөө битүүмжлүүлэхгүйн тулд л дүр үзүүлэн байгууллагын нэр дээр шилжүүлсэн болно.

Одоо А ББСБ ХХК нь нэхэмжлэгч Б.Э-ийн нэр дээр автомашиныг нь шилжүүлэн өгдөггүй бөгөөд Насантогтох ахтайгаа учраа ол гэдэг.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд автомашин шилжүүлсэн дээрх аман хэлцлийг Иргэний хуулийн 56.1.2, 56.1.9 дэх заалтыг тус тус үндэслэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Иргэний хуулийн 106.2 дахь хэсгийг үндэслэн тус автомашины өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргаж байна.

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Э-ийн ах Л.Н нь А ББСБ ХХК-д менежерийн албан тушаалд ажилладаг байсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа Б.Э болон өөрийн нэр дээр зээл авах хүсэлт гаргаж, түүнийг нь байгууллагаас зөвшөөрсөн байдаг. Үүний дагуу Б.Э, Л.Н нар нь Б.Э-ийн өмчлөлийн 1661 УНИ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 200 маркийн автомашиныг А ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлж 80,000,000 төгрөгийн зээл авсан. Л.Н нь А ББСБ ХХК-д ажиллаж байх хугацаандаа зарим тохиолдолд гүйцэтгэх захирлаас өгсөн үүргийн дагуу иргэн, хуулийн этгээдтэй зээлийн гэрээ байгуулах, түүний хэрэгжилтийг хангах ажлыг хийж байсан бөгөөд Б.Э-тэй зээлийн гэрээг байгуулах үүргийг гүйцэтгэх захирлаас хүлээн авсан юм. Улмаар 1661 УНИ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 200 маркийн автомашины өмчлөл А ББСБ ХХК-ийн нэр дээр шилжсэн тул Б.Э-тэй зээлийн гэрээг байгуулсан гэж байгууллагын зүгээс үзэж байсан боловч Л.Н нь Б.Э-тэй зээлийн гэрээ байгуулалгүйгээр автомашиныг байгууллагын өмчлөлд шилжүүлж, зээлийн мөнгийг хүлээн авсан байдаг.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдсанаар А ББСБ ХХК нь Б.Э-ийн нөхөр н.Батхуяг ЦЕГ-т шалгагдаж байгаа гэсэн үндэслэлээр мөрдөгч, прокурорын зүгээс эд хөрөнгийг битүүмжлэхээс сэргийлж, 1661 УНИ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 200 маркийн автомашиныг зээлийн барьцаанд байгаа мэтээр А ББСБ ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн гэдэг нь үндэслэлгүй бөгөөд А ББСБ ХХК нь цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахаар тухайн автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлээгүй болно.

Түүнчлэн Б.Э, Л.Н нар нь А ББСБ ХХК-иас зээлсэн 80.000.000 төгрөгийг байгууллагад буцаан төлсөн тохиолдолд 1661 УНИ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 200 маркийн автомашиныг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч А ББСБ ХХК-д холбогдуулан Б.Э-ээс 1661 УНИ улсын дугаартай, JTMHV05J304137237 арлын дугаартай, Тоёота Ланд круйзер-200 маркийн автомашиныг А ББСБ ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн амаар хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 1661 УНИ улсын дугаартай, JTMHV05J304137237 арлын дугаартай, Тоёота Ланд Круйзер-200 маркийн автомашины өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

1. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.Э нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өөрийн өмчлөлийн 1661 УНИ улсын дугаартай, JTMHV05J304137237 арлын дугаартай Тоёота Ланд Круйзер-200 маркийн автомашины өмчлөх эрхийг А ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн болох нь Авто тээврийн үндэсний төвийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

А ББСБ ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 03/182 дугаартай Иргэн Бат-Очир овогтой Энхсүрэн /РД:ЕА88121500/ нь Тоёота Ланд Круйзер-200 маркийн JTMHV05J304137237 арлын дугаартай 2014 онд үйлдвэрлэгдсэн сувдан цагаан өнгийн машиныг унаж явахаар зээл авч байгаа тул манай байгууллагын нэр дээр бүртгэж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу Автотээврийн үндэсний төв тухайн автомашины өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Э-ээс А ББСБ ХХК-ийн нэр дээр шилжүүлжээ.

Дээрх үйл баримтын талаар зохигч маргаагүй боловч тухайн үйлдлийг хийх болсон шалтгааныг нэхэмжлэгч мөрдөгч, прокурорын зүгээс эд хөрөнгийг нь битүүмжлэхээс сэргийлж, Б.Э-ийн нэр дээр бүртгэлтэй 1661 УНИ улсын дугаартай Ланд-200 маркийн автомашиныг хамаатны ах Насантогтохын ажилладаг А ББСБ-ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн гэснийг, хариуцагч Б.Э, Л.Н нар нь Б.Э-ийн өмчлөлийн 1661 УНИ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 200 маркийн автомашиныг А ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлж 80,000,000 төгрөгийн зээл авсан гэж маргасан.

Нэхэмжлэгч Б.Э нь А ББСБ ХХК-иас зээл авах зорилгоор Автотээврийн үндэсний төвд өөрийн биеэр очиж, уг автомашины өмчлөх эрхийн гэрчилгээг А ББСБ ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн болох нь А ББСБ ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 03/182 дугаар албан бичиг, гэрч Л.Нын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заажээ.

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний талаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зохицуулсан бөгөөд 451.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж, мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.5-д Хуульд өөрөөр заагаагүй бол үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг бичгээр хийнэ гэж тус тус заажээ.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбартаа зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж маргасан бөгөөд нотлох үүргийн хуваарилалтын хувьд А ББСБ ХХК нь Б.Эд зээлийн гэрээний дагуу 80,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэдгээ нотлох үүрэгтэй боловч талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Иймд нэхэмжлэгч Б.Э, хариуцагч А ББСБ ХХК нарын хооронд иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

Иймд хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлага хангаагүй буюу анхнаасаа хүчин төгөлдөр болоогүй хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох боломжгүй учраас нэхэмжлэгчийн гаргасан 1661 УНИ улсын дугаартай, JTMHV05J304137237 арлын дугаартай, Тоёота Ланд круйзер-200 маркийн автомашиныг А ББСБ ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн амаар хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заажээ.

Иргэний эрх зүй дэх өмчлөлийн харилцаанд оролцогч тал иргэн, хуулийн этгээд нь хууль, гэрээ, шүүхийн шийдвэр, эрх бүхий хуулийн этгээд, байгууллагын тогтоол, шийдвэр болон бусад арга хэлбэрээр эд хөрөнгө олж авах, өмчлөх, эзэмших эрх үүсч бий болдог.

Дээрх эрх зүйн үндэслэлгүйгээр эд хөрөнгийг өмчилсөн, эзэмшсэн байвал түүнийг хууль бусаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ.

Хариуцагч тал уг автомашины гэрчилгээ А ББСБ ХХК-ийн нэр дээр шилжсэнээс хойш 80,000,000 төгрөгийн зээл гарчихсан гэж тайлбарлаж байх боловч А ББСБ ХХК-иас 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Н.Батхүүд 40,000,000 төгрөгийн зээл, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Л.Нод 40,000,000 төгрөгийн зээл олгосныг нэхэмжлэгч Б.Эг автомашинаа барьцаалж зээл авсан гэж үзэх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгч Б.Э, хариуцагч А ББСБ ХХК нарын хооронд үүрэг үүсээгүй тул хариуцагч А ББСБ ХХК-г үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй.

3. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заажээ.

Хэдийгээр 16-61 УНИ улсын дугаартай, JTMHV05J304137237 арлын дугаартай, Тоёота ланд круйзер-200 маркийн автомашины өмчлөх эрхийн гэрчилгээг А ББСБ ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн хэдий ч тухайн автомашин нэхэмжлэгч Б.Э-ийн эзэмшил, ашиглалтанд одоог хүртэл байгаа талаар талууд маргаагүй учраас нэхэмжлэгч Б.Эг 1661 УНИ улсын дугаартай JTMHV05J304137237 арлын дугаартай, Тоёота Ланд круйзер-200 маркийн автомашины өмчлөгч гэж үзнэ.

Иймд 1661 УНИ улсын дугаартай JTMHV05J304137237 арлын дугаартай, Тоёота Ланд круйзер-200 маркийн автомашины өмчлөгчөөр Б.Эг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар 1661 УНИ улсын дугаартай, JTMHV05J304137237 арлын дугаартай, Тоёота Ланд круйзер-200 маркийн автомашины өмчлөгчөөр Б.Эг тогтоож, нэхэмжлэлээс үлдэх Б.Э-ээс 1661 УНИ улсын дугаартай, JTMHV05J304137237 арлын дугаартай, Тоёота Ланд круйзер-200 маркийн автомашиныг А ББСБ ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн амаар хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 828,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ББСБ ХХК-иас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Эд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.ЭНХЦЭЦЭГ