Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/00493

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/00493

 

 

Б.Эгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2021/00137 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Эгийн хариуцагч А.Э ББСБ ХХК-д холбогдуулан Б.Эгээс 1661 УНИ улсын дугаартай, JTMHV05J304137237 арлын дугаартай, Тоёота Ланд круйзер-200 маркийн автомашиныг А.Э ББСБ ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн амаар хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 1661 УНИ улсын дугаартай, JTMHV05J304137237 арлын дугаартай, Тоёота Ланд круйзер-200 маркийн автомашины өмчлөгчөөр Б.Эг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Анхбаяр, өмгөөлөгч Б.Эрдэнэмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хан-Уул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Э нь нөхөр н.Батхуягтай гэр бүл болоод 11 жил хамт амьдарч байгаа бөгөөд Япон улсад ажиллаж, амьдарч байгаад 2017 онд Монгол улсад ирсэн байдаг. Гэтэл 2017 оны 10 сараас эхлэн нөхөр Батхуягийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн ба тухайн үед Батхуяг нь гэрчийн хувиар мөрдөн шалгах ажиллагаанд оролцож байгаад хэрэг бүртгэлтийн хэрэг нь гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хаагдсан байна. Цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаа удаан хугацааны турш үргэлжилсэн бөгөөд энэ үед Б.Э нь мөрдөгч, прокурорын зүгээс эд хөрөнгийг нь битүүмжлэхээс сэргийлж, Б.Эгийн нэр дээр бүртгэлтэй 1661 УНИ улсын дугаартай Ланд-200 маркийн автомашиныг хамаатны ах Л.Насантогтохын ажилладаг А.Э ББСБ ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Ингэж шилжүүлэхдээ бичгээр гэрээ хийгээгүй, амаар тохиролцож, 2017 оны 10 сарын 17-ны өдөр Авто тээврийн газарт Насантогтохын хамт биеэр очиж, Б.Эгээс А.Э ББСБ ХХК-руу шилжүүлсэн. Нэр шилжүүлэхийн тулд А.Э ББСБ ХХК нь Авто тээврийн газарт нэр шилжүүлэн авахад татгалзах зүйлгүй гэсэн утга бүхий байгууллагын албан бичгийг өгсөн ба Авто тээврийн газар уг албан бичгийг үндэслэн автомашиныг шилжүүлэн бүртгэсэн. Гэхдээ нэхэмжлэгч А.Э ББСБ ХХК-иас ямар ч мөнгө зээлээгүй бөгөөд бичгээр хийсэн зээлийн гэрээ огт байхгүй юм. Нэхэмжлэгч Б.Эгийн автомашин А.Э ББСБ ХХК-ийн нэр дээр шилжсэн боловч нэхэмжлэгч нь өөрийн автомашинаа эзэмшиж, ашиглаж байгаа. Нэхэмжлэгч нь нөхрийнхөө шалгагдаж байсан эрүүгийн хэрэг нь гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг хаасан тухай прокурорын 2018 оны 05 сарын 21-ний өдрийн 135 дугаар тогтоолыг гардан аваад 1661-УНИ улсын дугаартай автомашинаа буцаан өөрийн нэр дээр шилжүүлэх гэтэл хамаатны ах Насантогтох гэгч нь нэхэмжлэгчийн автомашиныг барьцаалж, А.Э ББСБ ХХК-иас 80 000 000 төгрөгийн зээл авчихсан гэж тайлбарлаж байна. А.Э ББСБ ХХК нь өөрийн нэр дээр байсан автомашиныг ямар учраас Л.Насантогтох гэх хөндлөнгийн хүнд зээл олгосон нь ойлгомжгүй бөгөөд А.Э ББСБ ХХК болон н.Насантогтох нарын хоорондын зээлийн харилцаа нь Б.Эд хамаагүй юм. Нэхэмжлэгч Б.Эгийн хувьд цагдаагийн байгууллагад хөрөнгөө битүүмжлүүлэхгүйн тулд л дүр үзүүлэн байгууллагын нэр дээр шилжүүлсэн. Одоо А.Э ББСБ ХХК нь нэхэмжлэгч Б.Эгийн нэр дээр автомашиныг нь шилжүүлэн өгдөггүй бөгөөд Л.Насантогтох ахтайгаа учраа ол гэдэг. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд автомашин шилжүүлсэн дээрх аман хэлцлийг Иргэний хуулийн 56.1.2, 56.1.9 дэх заалтыг тус тус үндэслэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Иргэний хуулийн 106.2 дахь хэсгийг үндэслэн тус автомашины өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Эгийн ах Л.Насантогтох нь А.Э ББСБ ХХК-д менежерийн албан тушаалд ажилладаг байсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа Б.Э болон өөрийн нэр дээр зээл авах хүсэлт гаргаж, түүнийг нь байгууллагаас зөвшөөрсөн байдаг. Үүний дагуу Б.Э, Л.Насантогтох нар нь Б.Эгийн өмчлөлийн 1661 УНИ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 200 маркийн автомашиныг А.Э ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлж 80 000 000 төгрөгийн зээл авсан. Л.Насантогтох нь А.Э ББСБ ХХК-д ажиллаж байх хугацаандаа зарим тохиолдолд гүйцэтгэх захирлаас өгсөн үүргийн дагуу иргэн, хуулийн этгээдтэй зээлийн гэрээ байгуулах, түүний хэрэгжилтийг хангах ажлыг хийж байсан бөгөөд Б.Этэй зээлийн гэрээг байгуулах үүргийг гүйцэтгэх захирлаас хүлээн авсан юм. Улмаар 1661 УНИ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 200 маркийн автомашины өмчлөл А.Э ББСБ ХХК-ийн нэр дээр шилжсэн тул Б.Этэй зээлийн гэрээг байгуулсан гэж байгууллагын зүгээс үзэж байсан боловч Л.Насантогтох нь Б.Этэй зээлийн гэрээ байгуулалгүйгээр автомашиныг байгууллагын өмчлөлд шилжүүлж, зээлийн мөнгийг хүлээн авсан байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдсанаар А.Э ББСБ ХХК нь Б.Эгийн нөхөр н.Батхуяг ЦЕГ-т шалгагдаж байгаа гэсэн үндэслэлээр мөрдөгч, прокурорын зүгээс эд хөрөнгийг битүүмжлэхээс сэргийлж, 1661 УНИ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 200 маркийн автомашиныг зээлийн барьцаанд байгаа мэтээр А.Э ББСБ ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн гэдэг нь үндэслэлгүй бөгөөд А.Э ББСБ ХХК нь цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахаар тухайн автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлээгүй. Түүнчлэн, Б.Э, Л.Насантогтох нар нь А.Э ББСБ ХХК-иас зээлсэн 80 000 000 төгрөгийг байгууллагад буцаан төлсөн тохиолдолд 1661 УНИ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 200 маркийн автомашиныг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар 1661 УНИ улсын дугаартай, JTMHV05J304137237 арлын дугаартай, Тоёота Ланд круйзер-200 маркийн автомашины өмчлөгчөөр Б.Эг тогтоож, нэхэмжлэлээс үлдэх Б.Эгээс 1661 УНИ улсын дугаартай, JTMHV05J304137237 арлын дугаартай, Тоёота Ланд круйзер-200 маркийн автомашиныг А.Э ББСБ ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн амаар хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 828 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Э ББСБ ХХК-иас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Эд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч тал автомашины гэрчилгээ А.Э ББСБ ХХК-ийн нэр дээр шилжсэнээс хойш 2017 оны 10 сарын 17-ны өдөр Н.Батхүүд 40 000 000 төгрөг, 2018 оны 3 сарын 20-ны өдөр Л.Насантогтоход 40 000 000 төгрөгийн зээл олгосныг Б.Эг автомашинаа барьцаалж зээл авсан гэж үзэлгүй манай байгууллагыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх дүгнэсэн. Гэтэл нэхэмжлэгч Б.Эгийн 2017 оны 10 сарын 10-ны өдрийн хүсэлтийн дагуу 1661 УНИ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-200 маркийн автомашиныг А.Э ББСБ ХХК-ийн нэр дээр шилжүүлэн авсан нь талуудын тайлбар болон баримтаар тогтоогддог. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан. Гэвч анхан шатны шүүхээс иргэний хэргийг шийдвэрлэж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарын үндэслэл болсон үйл баримт болох нэхэмжлэгч Б.Эгийн зээл авах, автомашины өмчлөх эрхийг А.Э ББСБ ХХК-д шилжүүлэх тухай хүсэлт гаргасныг харгалзан үзэлгүйгээр шийдвэрлэсэн. Мөн Б.Эгийн ах Л.Насантогтох нь А.Э ББСБ ХХК-д менежирийн албан тушаалд ажилладаг байсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа Б.Э болон өөрийн нэр дээр зээл авах хүсэлт гаргаж, түүнийг нь байгууллагаас зөвшөөрсөн. Үүний дагуу Б.Э, Л.Насантогтох нар нь Б.Эгийн өмчлөлийн 1661 УНИ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-200 маркийн автомашиныг А.Э ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлж 80 000 000 төгрөгийн зээл авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Харин А.Э ББСБ ХХК-ийн зүгээс Б.Этэй зээлийн гэрээ байгуулсан гэж үзэж байсан боловч Л.Насантогтох нь өөрийн хамаатны дүү болох Б.Этэй зээлийн гэрээ байгуулалгүйгээр автомашиныг байгууллагын өмчлөлд шилжүүлж, зээлийн мөнгийг хүлээн авсан. Мөн гэрч Л.Насантогтохын мэдүүлгээр Б.Э нь зээл авах зорилгоор А.Э ББСБ ХХК-ийн нэр дээр 1661 УНИ улсын дугаартай автомашиныг шилжүүлсэн талаар мэдүүлсэн. Гэвч шүүх эдгээр тайлбар, мэдүүлэг, нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Иймд дээрх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Иргэний хуулийн зохих зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул залруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч А.Э ББСБ ХХК-д холбогдуулан 1661 УНИ улсын дугаартай, JTMHV05J304137237 арлын дугаартай, Тоёота Ланд круйзер-200 маркийн автомашиныг А.Э ББСБ ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн амаар хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, уг автомашины өмчлөгчөөр Б.Эг тогтоолгохоор шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.9-т заасныг баримтлан А.Э ББСБ ХХК-тай байгуулсан аман хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт заасныг баримтлан автомашины өмчлөгчөөр тогтоолгоно гэж тодорхойлсон байна.

Хэргийн баримтаас үзэхэд, нэхэмжлэгч Б.Э нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өөрийн өмчлөлийн 1661 УНИ улсын дугаартай, JTMHV05J304137237 арлын дугаартай Тоёота Ланд Круйзер-200 маркийн автомашины өмчлөх эрхийг А.Э ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн болох нь Авто тээврийн үндэсний төвийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон. /хх56-57,58-59/

 

Дээрх үйл баримтын талаар зохигчид маргаагүй боловч тухайн үйлдлийг хийх болсон шалтгааныг нэхэмжлэгч мөрдөгч, прокурорын зүгээс эд хөрөнгийг нь битүүмжлэхээс сэргийлж, Б.Эгийн нэр дээр бүртгэлтэй 1661 УНИ улсын дугаартай Ланд-200 маркийн автомашиныг хамаатны ах Насантогтохын ажилладаг А.Э ББСБ ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн гэж, хариуцагч байгууллага нь Б.Э, Л.Насантогтох нар нь Б.Эгийн өмчлөлийн 1661 УНИ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 200 маркийн автомашиныг А.Э ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлж 80 000 000 төгрөгийн зээл авсан гэж тус тус тайлбарлан маргажээ.

 

Хэдийгээр хариуцагч 80 000 000 төгрөгийн зээл олгосон гэж тайлбарлаж байгаа боловч, тэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ талуудын хооронд байгуулагдсан болохыг эргэлзээгүй баримтаар нотлоогүй, татгалзал түүний үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсан. Иймд, талуудын хооронд байгуулсан аман хэлцэл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй. Иймд А.Э ББСБ ХХК-иас 1661 УНИ улсын дугаартай Ланд-200 маркийн автомашиныг буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгосон анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасантай нийцнэ.

Тодруулбал, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр талууд автомашин шилжүүлсэн хэлцэл хийх үедээ ямар нэг үр дагавар гаргахыг хүсээгүй, эрх үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй байсан учир дүр үзүүлсэн гэж үзнэ. Ийм төрлийн хэлцэл нь хуульд зааснаар хийсэн үеэсээ эхлэн хүчин төгөлдөр бус байдаг бөгөөд тухайн хэлцлээс үр дагавар үүссэн бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу шилжүүлсэн зүйлийг буцаах учиртай. Хуульд зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг шүүх шийдвэрлэх бөгөөд шүүхээс дахин хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох шаардлагагүй.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар олгогдсон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй.

Хариуцагч А.Э ББСБ ХХК нь маргааны зүйл болж буй автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлсэн үндэслэлээ ... зээлийн болон фидуцийн гэрээний үндсэн дээр үүссэн ... гэж тайлбарлах боловч Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт нийцэхгүй байна. Учир нь автомашины анхны өмчлөгч Б.Эд зээл өгсөн гэх баримт хэрэгт авагдаагүй. Фидуцийн гэрээгээр бусдын өмчлөлийн зүйлийг өөр этгээдэд мөнгөн хөрөнгийг шилжүүлэх боломжгүй юм. Фидуци буюу эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргын нэг төрөл ба автомашины өмчлөх эрхийг шилжүүлэн өгч байгаа этгээд нь өөрөө үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч байх ёстой. Иймээс энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Эг автомашины өмчлөгчөөр тогтоохдоо Иргэний хуулийн зохих заалтыг буруу тайлбарлан хэрэглэж алдаа гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан хэргийг гомдлоор хязгаарлалгүй бүхэлд нь хянах эрхийнхээ хүрээнд давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна. Өөрөөр хэлбэл, шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон, уг хуулийн тухайн зохицуулалт эд хөрөнгийн өмчлөх эрх өөрт нь байгаа буюу өмчлөгч этгээдийн хувьд гаргасан маргаанд хамааралтай болохыг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Мөн нэхэмжлэгчийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага нь түүний тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр өөрийгөө тогтоолгох буюу хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах шаардлагын үндэслэлд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагын нэгэн адил тухайлан шийдвэрлэх шаардлагагүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2021/00137 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Эг 1661 УНИ улсын дугаар бүхий JTMHV05J304137237 арлын дугаартай, Тоёота Ланд Круйзер-200 маркийн автомашины өмчлөгчөөр тогтоосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД  Д.БАЙГАЛМАА

Б.НАРМАНДАХ