Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2020/02884

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 12 сары 04 өдөр

181/ШШ2020/02884

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Амарзаяа/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Саруул ******* ХХК/РД: /-д холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахтай холбоотой бичиг баримтуудыг бүрдүүлэн хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Амарзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Иргэн Б.Амарзаяа нь Саруул Сайхан ХХК-тай 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр № 2017/СОМ тоот Автозогсоолын захиалгын гэрээг бичгээр байгуулан Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо нутаг дэвсгэрт баригдсан UB Vista хотхоны зоорийн давхарын буюу 57А байрны 11 тоот болон 12 тоот/зоорийн давхрын план зургаар/ нийт 24 м.кв талбай бүхий авто зогсоолыг 40.000.000/дөчин сая/ төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.

Дээрх гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар захиалагч нь 10.000.000/арван сая/ төгрөгийг гэрээ байгуулсан өдөр буюу 2017 оны 09-р сарын 03-ны өдөр бэлнээр төлөх, үлдэгдэл төлбөр болох 30.000.000/гучин сая/ төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор графикийн дагуу төлөхөөр тохиролцож захиалагч Б.Амарзаяа нь гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгэж төлбөрийг бүрэн төлж дуусгасан.

Төлбөрийг бүрэн төлсөнтэй холбогдуулан Б.Амарзаяа нь гүйцэтгэгч Саруул******* ХХК-иас дээрх 11 болон 12 тоот автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт өргөдөл гаргахтай холбоотой бүрдүүлбэл зохих баримт бичгүүдийг бүрдүүлэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлэг гаргасан.

Гэтэл улсын байцаагч дээрх мэдүүлгийг ...компаниас ирүүлсэн жагсаалтанд 57а-11 тоот, 12 тоот зогсоол дурьдагдаагүй... гэх үндэслэл зааж захиалгын гэрээг тус тусад нь байгуулах ёстой, шаардлага хангахгүй гэж буцаасан. Мэдүүлгийг буцаасантай холбогдуулан Б.Амарзаяа нь Саруул******* ХХК-ийн эрх бүхий этгээдүүдтэй очиж уулзаж нэр бүхий автозогсоолуудын гэрээг тус тусад нь байгуулахгүй бол бүртгэх боломжгүй байна гэхэд гүйцэтгэгч компаний холбогдох хүмүүс гэрээг шинэчлэн тусад нь гаргаж өгий гээд гэрээний арын тамга тэмдэг дарж, гарын үсэг зурсан хуудсыг салгаад аваад үлдсэн.

Удалгүй Саруул ******* ХХК-ний эрх бүхий этгээдээс гэрээг тус тусад нь гаргахдаа нэмээд зогсоол худалдаж ав, тэгсэн тохиолдолд гэрээг шинээр гаргаж өгөх боломжтой, танай хоёр зогсоол дээр 3 машин тавих боломжтой, нэмээд 20.000.000/хорин сая/ төгрөг төлөх шаардлага тавьсныг захиалагч Б.Амарзаяа нь тухайн үед хүлээн зөвшөөрөөгүй байдаг.

Үүнээс хойш Б.Амарзаяа нь гүйцэтгэгч байгууллагын нягтлан бодогчтой уулзах и-мэйл хаягаар нь гэрээг яаралтай гарган өгч, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж өгөх талаар шаардаж мэдэгдэл хүргүүлж байсан боловч гэрээг шинэчлэн гаргаж өгөхгүй, харин ч явдаг газраараа яв гэх мэтчлэн хууль бус цщардлага тавьсны улмаас шударгаар олж авсан эд хөрөнгөө захиран зарцуулах боломжгүй болж, эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авах боломжгүй нөхцөл байдалыг үүсгэлээ.Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахтай холбоотой бүрдүүлбэл зохих баримт бичгүүдийг гаргаж өгөхгүй чирэгдүүлсээр байгаад гомдолтой байна.

Иргэний хуулийн 9 дугээр зүйлийн 9.1-т зааснаар ... Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна., 9.3-т Иргэний эрх зүйн хамгаалатыг шүүх, арбитр хуулиар тогтоосон журам, аргаар хэрэгжүүлнэ ... гэж заасны дагуу захиалагч Б.Амарзаяагийн хууль ёсны эрх зөрчигдөж байх тул хамгаалат хийх арга хэмжээг шүүхийн журмаар хэрэгжүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүргэж байх тул эрхийг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийг гаргаж байна. Өмчлөх эрхийг гэрээ, хэлцлийн үндсэн дээр олж авсан болно.

Мөн иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар ... үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж ноториатаар гэрчлүүлэх... гэж заасан, мөн ИХ-н 112.1-т ...талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжэнэ... гэж тус тус заасны дагуу үүргээ бүрэн биелүүлсэн байх тул Б.Амарзаяа нь шаардах эрхтэй гэж үзэж байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо UB Vista хотхоны зоорийн давхарын буюу 57А байрны 11 тоот болон 12 тоот хаягт байрлах нийт 24 м.кв талбай бүхий үл хөдлох эд хөрөнгийн /авто зогсоол/ хууль ёсны өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.Амарзаяаг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахтай холбоотой бичиг баримтуудыг бүрэн хүлээлгэн өгөхийг хариуцагч Саруул ******* ХХК-д даалгаж, зөрчигдсөн эрхий сэргээж өгнө үү. Үүнийг бүхэлд нь дэмжиж оролцож байгаа учраас хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч Б.Амарзаяагийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээний дагуу Б.Амарзаяад өгөхөөр тохиролцсон талбайн хэмжээнээс илүү талбайн хэмжээ байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргаж байна. Энэ тайлбар үндэслэлгүй. Яагаад гэвэл бодит байдал дээр энэ 11, 12 тоот зогсоолын талбайн хэмжээ 41.25 метр квадрат байгаа гэдгийг хариуцагч талаас ямар нэгэн байдлаар нотлоогүй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Ингэж үзэж байгаатай холбогдуулаад Б.Амарзаяагийн хувьд 24 метр квадрат талбайд тус тусад нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулна гэсэн хүсэлттэй байгаа. Үнэхээр бодит байдал дээр Б.Амарзаяагийн талбайн хэмжээнээс илүү талбайн хэмжээ байгаа бол бид маргахгүй. Илүү талбайн хэмжээ байгаа бол Саруул ******* ХХК захиран зарцуулах эрх нээлттэй байгаа байх аа гэж ойлгож байна. Өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын тухайд Иргэний хуулийн 9.4.1-т заасны дагуу гаргасан. Өөрөөр хэлбэл 57а байрны 11, 12 тоот зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, 11, 12 тоот авто зогсоолын гэрчилгээ гаргуулахтай холбоотой гэрээний 5.1.4-т заасан шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлж гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүхэд гаргасан талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эрх зүйн талаас дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэв.

 

Хариуцагч Саруул ******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус дүүргийн шүүхээр хянагдаж буй Б.Амарзаяагийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна.

Манай компани нэхэмжлэгчийн гаргасан Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, UB Vista хотхоны зоорийн давхрын буюу 57А байрны 11 тоот болон 12 тоот, нийт 24 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгөнүүдийн /авто зогсоол/ хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, тухайн үл хөдлөх хөрөнгөнүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Мөн бид Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа, зөвлөгөө авсны үндсэн дээр хууль зүйн үндэслэл бүхий дэлгэрэнгүй тайлбарыг холбогдох нотлох баримтын хамт гарган өгөх болно.

Саруул ******* ХХК-ийн зүгээс энэ бол 41.25 метр квадрат юм байна тийм учраас энд тохирсон үнийг төлж байж 2 зогсоолоо авах бүрэн боломжтой гэсэн тайлбараа гэрээнд заасан нөхцөл зориулалтын дагуу тайлбарлаж хэлсэн боловч нэхэмжлэгч үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Ийм учраас 24 квадратад гэрчилгээ гаргаж өгөх боломж байхгүй. Гэрээнд өөр байдлаар тохиролцсон. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа. Иргэний хуулийн 209 дүгээр зүйлд 2 талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно гэж заасан. Өөрөөр хэлбэл гэрээгээр тохиролцсон. Үүргээ биелүүлээгүй бол манай тал үүрэг хүлээлгэхээс татгалзаж болох ийм хуулийн заалттай. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Амарзаяа хариуцагч Саруул ******* ХХК-д холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, 17-р хороо, Юби Виста хотхоны 57А байрны зоорийн давхрын 11 тоот, 12 тоот нийт 24/хорин дөрөв/ метр квадрат талбай бүхий авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахтай холбоотой бичиг баримтуудыг бүрдүүлэн хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Саруул ******* ХХК нь энэ бол 41.25/дөчин нэг зууны хорин тав/ метр квадрат юм байна тийм учраас энд тохирсон үнийг төлж байж 2 зогсоолоо авах бүрэн боломжтой гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

 

Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр № 2017/COM-013 Автозогсоол захиалгын гэрээ байгуулсан болох нь № 2017/COM-013 Автозогсоол захиалгын гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

№ 2017/COM-013 Автозогсоол захиалгын гэрээний 1-ийн 1.1, 2-ын 2.1, 3-ын 3.1, 3.2, 3.3, 4-ийн 4.1-т зааснаар хариуцагч нь Сонгинохайрхан дүүрэг, 17-р хороо, Юби Виста хотхон, зоорийн давхрын 11 тоот, 12 тоот, 24/хорин дөрөв/ метр квадрат талбай бүхий авто зогсоолыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь автозогсоолын үнэ нийт 40 000 000/дөчин сая/ төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж дуусгах үүргийг тус тус хүлээсэн болох нь № 2017/COM-013 Автозогсоол захиалгын гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ... хөрөнгө ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ... хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлд хөрөнгө шилжүүлэх, нэхэмжлэгч нь үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн № 2017/COM-013 Автозогсоол захиалгын гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээний шинжтэй байх ба № 2017/COM-013 Автозогсоол захиалгын гэрээ/цаашид Гэрээ гэх/ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүрэг, 17-р хороо, Юби Виста хотхон, 57А байрны зоорийн давхрын 11 тоот, 12 тоот автозогсоолын үнэ болох 40 000 000/дөчин сая/ төгрөгийг бүрэн төлж барагдуулж, уг 11 тоот, 12 тоот автозогсоолыг эзэмшиж, ашиглаж байгаа болох нь Гэрээний хуулбар, зохигчийн тайлбар, фото зургууд, Улаанбаатар хотын банкны 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх Шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1Хуульд өөрөөр заагаагүй бол ... иргэн болон хуулийн этгээд өмчлөгч байна. гэж заасан.

 

Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 57А байрны зоорийн давхрын 11 тоот, 12 тоот, нийт 24/хорин дөрөв/ м.кв талбайтай автозогсоолын үнэ болох 40 000 000/дөчин сая/ төгрөгийг бүрэн төлж барагдуулж, автозогсоолуудыг хүлээн авсан байх тул 11, 12 тоот автозогсоолын өмчлөгч гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг Сонгинохайрхан дүүрэг, 17-р хороо, Юби Виста хотхон, 57А байрны зоорийн давхрын 11 тоот, 12 тоот нийт 24 метр квадрат талбай бүхий автозогсоолын өмчлөгчөөр тогтоох үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй тул хариуцагчид 57А байрны зоорийн давхрын 11 тоот, 12 тоот, нийт 24/хорин дөрөв/ м.кв талбайтай автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахтай холбоотой бичиг баримтуудыг бүрдүүлэн нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах үндэслэлтэй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь автозогсоол 41.25/дөчин нэг зууны хорин тав/ метр квадрат гэх тайлбар гаргаж байх боловч тус тайлбар нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Амарзаяаг Сонгинохайрхан дүүрэг, 17-р хороо, Юби Виста хотхоны 57А байрны зоорийн давхрын 11 тоот, 12 тоот нийт 24/хорин дөрөв/ метр квадрат талбай бүхий автозогсоолын өмчлөгчөөр тогтоож, хариуцагч Саруул ******* ХХК-д 11 тоот, 12 тоот нийт 24/хорин дөрөв/ метр квадрат талбай бүхий авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахтай холбоотой бичиг баримтуудыг бүрдүүлэн хүлээлгэн өгөхийг даалгах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Амарзаяаг Сонгинохайрхан дүүрэг, 17-р хороо, Юби Виста хотхоны 57А байрны зоорийн давхрын 11 тоот, 12 тоот нийт 24/хорин дөрөв/ метр квадрат талбай бүхий автозогсоолын өмчлөгчөөр тогтоож, хариуцагч Саруул ******* ХХК-д 11 тоот, 12 тоот нийт 24/хорин дөрөв/ метр квадрат талбай бүхий авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахтай холбоотой бичиг баримтуудыг бүрдүүлэн хүлээлгэн өгөхийг даалгасугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Амарзаяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 428 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Саруул ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид нийт 428 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Амарзаяад олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ