Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/00339

 

 

 

 

 

 

 

 

                                      Б.Агийн нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/02884 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Агийн хариуцагч С С ХХК-д холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой бичиг баримтуудыг бүрдүүлж өгөхийг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Б.А нь С С ХХК-тай 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр № 2017/СОМ тоот автозогсоол захиалгын гэрээг бичгээр байгуулан ... хотхоны зоорийн давхарын 57А байрны 11, 12 тоотын нийт 24 м.кв талбай бүхий авто зогсоолыг 4 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Гэрээний 3.2-т зааснаар захиалагч нь 10 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 3-ны өдөр бэлнээр төлөх, үлдэгдэл төлбөр 30 000 000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор графикийн дагуу төлөхөөр тохиролцож Б.А нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж төлбөрийг бүрэн төлж дуусгасан. Ингээд С ХХК-аас 11, 12 тоот автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт зохих баримт бичгүүдийг бүрдүүлэн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлэг гаргасан. Гэтэл “компаниас ирүүлсэн жагсаалтанд 57а-11 тоот, 12 тоот зогсоол дурьдагдаагүй ...” гэх үндэслэлээр захиалгын гэрээг тусд нь байгуулах шаардлага хангахгүй гэж буцаасан. С ХХК-ийн холбогдох хүмүүс гэрээг шинэчлэн тусд нь гаргаж өгнө гэж гэрээний ард тамга тэмдэг дарж, гарын үсэг зурсан хуудсыг салгаад аваад үлдсэн. С С ХХК гэрээг тусд нь гаргахдаа нэмээд зогсоол худалдаж авсан тохиолдолд гэрээг шинээр гаргаж өгөх боломжтой, энэ хоёр зогсоол дээр 3 машин тавих боломжтой, нэмж 20 000 000 төгрөг төлөх шаардлага тавьсныг Б.А нь тухайн үед хүлээн зөвшөөрөөгүй. Үүнээс хойш Б.А гүйцэтгэгч байгууллагын нягтлан бодогчтой уулзаж, и-мэйл хаягаар нь гэрээг яаралтай гарган өгч, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж өгөх талаар шаардаж мэдэгдэл хүргүүлж байсан боловч гэрээг шинэчлэн гаргаж өгөөгүй. Иргэний хуулийн 9 дугээр зүйлийн 9.1, 9.3 дах хэсэгт заасны дагуу Б.Агийн хууль ёсны эрх зөрчигдөж байх тул хамгаалалт хийх арга хэмжээг шүүхийн журмаар хэрэгжүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүрсэн. Нэхэмжлэгч өмчлөх эрхийг гэрээ, хэлцлийн үндсэн дээр олж авсан. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасны дагуу үүргээ бүрэн биелүүлсэн тул Б.А шаардах эрхтэй гэж үзэж байна.  Бодит байдал дээр 11, 12 тоот зогсоолын талбайн хэмжээ 41.25 метр квадрат гэдгийг хариуцагч талаас ямар нэгэн байдлаар нотлоогүй. Б.Агийн хувьд 24 метр квадрат талбайд тус тусад нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах хүсэлттэй байгаа. Б.Агийн талбайн хэмжээнээс илүү талбайн хэмжээ байгаа бол маргахгүй, С С ХХК захиран зарцуулах эрх нээлттэй байгаа гэж ойлгож байна. Иймд 11 тоот, 12 тоот хаягт байрлах нийт 24 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.Аг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахтай холбоотой бичиг баримтуудыг бүрэн хүлээлгэн өгөхийг хариуцагч С С ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Компанийн зүгээс автозогсоолын талбайн хэмжээ 41.25 м.кв учраас тохирсон үнийг төлөөд 2 зогсоолоо авах бүрэн боломжтой талаар гэрээнд заасан нөхцөл зориулалтын дагуу тайлбарлаж хэлсэн боловч нэхэмжлэгч үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Ийм учраас 24 м.кв гэрчилгээ гаргаж өгөх боломжгүй. Гэрээгээр тохиролцсон, үүргээ биелүүлээгүй бол манай тал үүрэг хүлээлгэхээс татгалзаж болох талаар хуульд заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Аг ...зоорийн давхрын 11 тоот, 12 тоот нийт 24 /хорин дөрөв/ метр квадрат талбай бүхий автозогсоолын өмчлөгчөөр тогтоож, хариуцагч Саруул сайхан ХХК-д 11 тоот, 12 тоот нийт 24/хорин дөрөв/ метр квадрат талбай бүхий авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахтай холбоотой бичиг баримтуудыг бүрдүүлэн хүлээлгэн өгөхийг даалгаж,  нэхэмжлэгч Б.Агийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 428 150 төгрөгийг улсын орлогод үлдээж, С С ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид нийт 428 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ариунзулын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 2017/СОМ-013 автозогсоол захиалгын гэрээ байгуулсан талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь худалдан авагч  маргаан бүхий 11, 12 тоот автозогсоолыг бүхэлд нь худалдан авах, худалдагч нь уг талбайн бодит хэмжээгээр үнийг төлүүлэхээр харилцан тохиролцсон болохыг шүүх зөв тайлбарлаж чадаагүй. Автозогсоол захиалгын гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ бөгөөд худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээдэг. Гэрээний 3 дугаар зүйлд “гэрээний үнэ, төлбөрийн нөхцөл”, дэд бүлгийн 3.1-т “автозогсоолын үнийг 40 000 000 төгрөг гэж тодорхойлсон ба мөн гэээний 2 дугаар зүйлд автозогсоолын үндсэн нөхцөл, дэд бүлгийн 2.4-т “гүйцэтгэгч нь талбайн хэмжээг тооцохдоо барилгын зурагт үндэслэн доторх хана хоорондын талбайн хэмжээгээр гаргасан бөгөөд талууд энэ хэмжээг харилцан хүлээн зөвшөөрч байна. Хэрэв орон сууцны талбайн хэмжээ нь Улсын бүртгэлд бүртгэгдсэн талбайгаас 1 м.кв хүрэхгүй хэмжээгээр зөрсөн тохиолдолд талууд гомдол гаргахгүй байхаар тохиролцож байна. Хэрэв орон сууцны талбайн хэмжээ нь улсын бүртгэлд бүртгэгдсэн талбайгаас 1 м.кв-аас дээш хэмжээгээр зөрсөн тохиолдолд өөрчлөгдсөн талбайн хэмжээгээр тооцож нэмэгдүүлэх” гэж тохиролцсон. Нэхэмжлэгчийн эзэмшиж, ашиглаж байгаа автозогсоолын бодит хэмжээ нь 41.25 м.кв бөгөөд 24 м.кв талбайг барилгын зурагт үндэслэн гаргасан хэмжээ юм. Талуудын харилцан тохиролцсон хэмжээнээс илүү хэмжээтэй байвал нэмж үнийг төлөх талаар гэрээнд заасан.

Мөн хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч маргаан бүхий автозогсоолын талбайг бүрэн хэмжээгээр эзэмшиж, ашиглаж байгаа нь нотлогддог бөгөөд гэрээний 2.4-т заасан тохиролцсон үнийг бүрэн төлөөгүй худалдан авагчид хууль болон гэрээгээр өмчлөх эрх үүсээгүй. Гэтэл шүүх маргааны гол зүйл болох уг нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий автозогсоолын хэмжээг 24 м.кв гэж нотолсон үйл баримт байхгүй бөгөөд шүүх гэрээний 2 дугаар зүйлийг үнэлж 11, 12 тоот автозогсоолын талбайг 24 м.кв гэж дүгнэж тус бүрт нь гэрчилгээ гаргуулж шийдвэрлэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь үнэн бодитой үнэлж чадаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч С С ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахтай холбоотой бичиг баримтуудыг бүрдүүлж өгөхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээний үүрэг шаардсан байхад Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан маргааны үйл баримтад хамааралгүй хуулийн зохицуулалтыг баримталсан нь буруу болжээ.  

Нэхэмжлэгч нь 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч компанитай автозогсоол захиалгын гэрээг байгуулж, ...хотхоны зоорийн давхарын 11, 12 тоотын нийт 24 м.кв автозогсоолыг худалдан авахаар тохиролцож, 40 000 000 төгрөг төлсөн, хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтанд гэрээний зүйлийг шилжүүлэн өгсөн болох нь хэрэгт авагдсан гэрээ, төлбөрийн баримт, талуудын тайлбараар тогтоогджээ. /хх16-18, 82-85/

Хариуцагч нь “автозогсоолын талбайн хэмжээ 24 м.кв-аас илүү 41.25 м.кв тул тохирсон төлбөрөө төлсөн нөхцөлд автозогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэх боломжтой, 24 м.кв автозогсоолын гэрчилгээ гаргаж өгөх боломжгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар 11, 12 тоот нийт 24 м.кв талбайтай автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой бичиг баримтыг шилжүүлэхийг хариуцагчид даалгахаар шаардах эрхтэй, шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь нотлох баримтад үндэслэгдсэн байна.

Талуудын гэрээний 2.4-т “ ... хэрэв орон сууцны талбайн хэмжээ нь улсын бүртгэлд бүртгэгдсэн талбайгаас 1 м.кв-аас дээш хэмжээгээр зөрсөн тохиолдолд өөрчлөгдсөн талбайн хэмжээгээр тооцож, захиалгын үнийг нэмэгдүүлэх, эсхүл бууруулан тооцно” гэж заасан байх ба энэ нь автозогсоол худалдах, худалдан авах харилцаанд биш орон сууц худалдах, худалдан авахад хамааралтай байна.

Хэргийн 79 дүгээр талд авагдсан барилгын автозогсоолын схем зургаар маргаан бүхий автозогсоолын талбайн хэмжээг 24 м.кв-аас илүү буюу 41.25 м.кв хэмжээтэй гэж үзэхэд эргэлзээтэй, хариуцагч нь автозогсоолын талбайн хэмжээ гэрээнд зааснаас илүү хэмжээтэй гэх тайлбараа баримтаар нотлоогүй, автозогсоолын талбайн хэмжээг тодорхойлох боломжгүй байна.

Дээрх дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/02884 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “100 дугаар зүйлийн 100.1” гэснийг хасч өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээв.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 428 150 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.БАТЗОРИГ

      ШҮҮГЧИД                             Д.НЯМБАЗАР

 

                А.МӨНХЗУЛ