Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
Хэргийн индекс | 155/2019/01402/И |
Дугаар | 155/ШШ2020/00144 |
Огноо | 2020-01-16 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 155/ШШ2020/00144
2020 01 16 155/ШШ2020/00144
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүгч Н.Бямбасүрэн, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ..........тоотод оршин суух Баяд овогт Галбаатарын ******* /....................../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн ............... тоотод оршин суух Байчууд овогт Содбаатарын******* /..................../-д холбогдох,
Зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохирол 1.033.400/нэг сая гучин гурван мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч С.Бямбасүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга н.Алтаншагай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр мотоциклын араар сундалж явахдаа зам тээврийн осолд орж биедээ хүндэвтэр гэмтэл буюу нурууны нугалам яс хугарч улмаар эмчлүүлж байгаа билээ. Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт нуруундаа мэс ажилбар хийлгэж, 6 хадаасаар нуруугаа боолгосон, одоогоор босож, суух, явахад хүндрэлтэй байгаа ба ямар нэг зүйл өргөж чадахааргүй байна. Түүнчлэн эмчлүүлэх явцад шинээр тархинд доргилт авснаас хоёр чихэндээ гэмтэл авсан нь илэрсэн болно. Уг хэрэг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шүүхээр шийдвэрлэгдсэн ба гэмтлийн улмаас цаашид гаргах эмчилгээний зардал бусад хохирлоо иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх боломжтой гэсэн.Иймд 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл ажилгүй байсан үеийн цалин хөлсний нөхөн олговорт нэг сарын цалин хөлсийг 320.000 төгрөгөөр тооцож 960.000 төгрөг, Улаанбаатар хотоос Мөрөн суманд ирсэн өөрийн болон өөрөө бие даан ирж чадахгүй учир ээжийн хамт ирсэн зардалд нэг хүний 36.700 төгрөг, 2 хүний 73400 төгрөг, нийт 1.033.400 төгрөгийг С.Бямбасүрэнгээс гаргуулж өгнө үү...шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байгаа бөгөөд дээрх 3 сарын хугацаанд би огт ажил хөдөлмөр эрхлээгүй бөгөөд одоо ч хийх боломжгүй байгаа.Зам тээврийн осолд орохоос өмнө би Хөвсгөл сэтгэмж ХХК-нд бүрээсчин хийдэг байсан.Дээрх саруудад нийгмийн даатгалын дэвтрээ таслахгүйн тулд би компанийнхаа нягтлан гуйж нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэсэн.Ирж очсон замын зардалдаа нэхэмжилхээ болъё. Нэхэмжлэлийн шаардлагаа 73.400 төгрөгөөр багасгаж байна гэв.
Хариуцагч С.Бямбасүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би осол гаргаж гэмтэл учруулсан нь үнэн боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эмчилгээний зардал, замын зардлыг эрүүгийн хэргийн хамт 2.312.600 төгрөг төлсөн.Цалин болон ээжийнхээ замын зардал гэж нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч С.Бямбасүрэнгээс Зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохиролд нийт 1.033.400 /нэг сая гучин гурван мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 960.000 /есөн зуун жаран мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Нэхэмжлэгч нь...зам тээврийн ослын улмаас миний бие 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл ажилгүй байсан. Иймд цалин хөлсний хохиролд нэг сарын 320.000 төгрөгөөр тооцож нийт 960.000 төгрөг гаргуулна ... гэж,
хариуцагч нь...би осол гаргаж гэмтэл учруулсан нь үнэн боловч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2.312.600 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй... гэж тайлбарлан мэтгэлцэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Учир нь: Хариуцагч С.Бямбасүрэн нь зам тээврийн осол гаргаж Г.*******гийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь зохигчийн тайлбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 321 дугаартай шийтгэх тогтоол зэргээр нотлогдож байх тул эрүүгийн хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүх эрүүгийн хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол гэж үзсэн тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс 960.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 2 сарын цалин буюу 640.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Үүнд: Хавтаст хэрэгт нэхэмжлэгчийн Хөвсгөл сэтгэмж ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар авагдсан хэдий ч эдгээр баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй хоорондоо зөрүүтэй.
Өөрөөр хэлбэл Г.*******гийн Хөвсгөл сэтгэмж ХХК-тай 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд сард 800.000 төгрөгийн цалинтай гэх боловч №1437330 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт сарын цалинг 320.000 төгрөгөөр тооцсон. Мөн ажилгүй байсан гэх хугацаанд цалин бодогдож нийгмийн даатгалын шимтгэлийг тооцсон байгаа нь ойлгомжгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй..., 505.2-д... Гэм хор учруулах үед цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй...гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтаас үзвэл гэм хор учрах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан ч тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй ба харин дээрх хугацаанд тэрээр хөдөлмөр эрхлэх чадваргүй байсан болохоо баримтаар нотолсон байх ёстой.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь...дээрх зам тээврийн ослын улмаас миний биед хүндэвтэр гэмт учирсан бөгөөд өнөөдрийг хүртэл ажил хийх боломжгүй, эмчийн хяналтад байна...гэх мэдүүлэг, тайлбарыг өгсөн ба ослын улмаас түүний биед хүндэвтэр гэмтэл учирч 2 сар буюу 2019 оны 09, 10 дугаар саруудад хөдөлмөрийн чадвараа алдсан болох нь хэрэгт авагдсан амбулаториор эмчлүүлэгсдийн карт...2019 оны 10 дугаар сарын 3-н Г.******* 30/эр хяналтад эмчлүүлэхээр шийдвэрлэв...гэх, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 321 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн...Г.*******гийн биед сээрний 12-р нугаламын их биеийн шахагдсан хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо...эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...гэх шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдлоо.
Түүнчлэн хариуцагч С.Бямбасүрэн нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй хэмээн тайлбар гаргаж мэтгэлцэж байгаа боловч, тайлбартай холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтаа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх гэсэн хуульд заасан хэргийн оролцогчийн үүргээ биелүүлээгүй.
Иймд нэхэмжлэгч Г.*******д ажилгүй байсан 2 сар буюу 2019 оны 09, 10 дугаар цалин хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320.000 төгрөгөөр тооцон нийт 640.000 төгрөгийг гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 320.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, хариуцагчаас 640.000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 19.850 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, иргэдийн төлөөлөгч Ч.Чинчулуунд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба нэхэмжлэгч болон хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нар нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Чинчулууныг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь;
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.2-т зааснаар хариуцагч С.Бямбасүрэнгээс 640.000 /зургаан зуун дөчин мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг 320.000/ гурван зуун хорин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч С.Бямбасүрэнгээс 19.850 /арван есөн мянга найман зуун тавь/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ
ШҮҮГЧИД Н.БЯМБАСҮРЭН
Б.МӨНХТУЯА