Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2020/00068

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2020/00068

Орхон аймаг

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, Их монгол улсын гудамж, Баянмонгол хороолол ******* тоотод байрлах *******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 7-р хороолол, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* *******,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, ******* тоотод оршин суух, овогт нарт холбогдох

 

34.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 142/2019/01384/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөүп таун ХХК нь Д.*******тэй Орон сууц захиалга хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Уг гэрээгээр компанийн Орхон аймаг, Баян-Өндөр сумын 7 -р хороолол 5 байрны 03 тоот 2 өрөө бүхий 72.000.000 төгрөгний үнэ бүхий орон сууцыг 70.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Гэрээний дагуу орон сууцны үнийг урьдчилгаа төлбөрт 21.000.000 төгрөг төлөх үлдэгдэл 49.000.000 төгрөгийг банкны зээлээр төлөхөөр тохиролцсон. Тэрээр банкны зээлээр 35.500.000 төгрөгийг компанид төлсөн боловч үлдэгдэл 34.500. 000 төгрөгийг төлнө гэж хуурч мэхэлж явсаар өдийг хүрээд байна. Компанийн зүгээс түүнд олон удаа мэдэгдэл өгсөн боловч мэдэгдлийг хүлээн аваад орон сууцны үнийг төлөх талаар санаачлага гаргалгүй удахгүй төлнө гэж явсаар өдийг хүрсэн. Түүнийг төлбөрөө барагдуулалгүй удаашруулсаар байсан тул 2017 оны 09 дүгээр сард компани нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд, 2019 оны 04 дүгээр сард Орхон аймгийн Цагдаагийн газарт тус тус өргөдөл гаргаж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, Цагдаагийн газарт шалгагдсан хэрэг бүртгэлтийн хэрэг тус тус хаагдсан. Ийнхүү иргэний хэргийн шүүхээр уг асуудлыг шийдвэрлэхэд хүрээд байгаа юм. Түүний худалдан авсан орон сууц нь чанарын хувьд ямарч асуудалгүй орон сууц бөгөөд үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ Д.Ган-Эрдэнийн нэр дээр бүртгэгдэж тэрээр орон сууцны өмчлөгч болсон... Д.******* нь 2 өрөө орон сууцыг 70 сая төгрөгөөр авахаар тохиролцож урьдчилгаа 21 сая төгрөгийг бэлнээр, үлдэгдэл 49 сая төгрөгийг банкны зээлээр төлөхөөр тохирсон. Банкны зээл авахын тулд урьдчилгаа 21 сая төгрөг төлсөн баримт хэрэгтэй байна гэсэн учраас компанийн захирал итгэж бэлэн мөнгөний орлогын баримт бичиж өгсөн байдаг. Уг 21 сая төгрөг бодит байдлаар орж ирээгүй. 49 сая төгрөг банкнаас орж ирсэн өдөр 13.5 сая төгрөгийг ******* буцааж авсан. Д.******* гэрээ байгуулсан ч гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан учраас түүний эхнэр нь баталгаа бичиж өгөөд барьцаанд үлдээсэн байсан бичиг баритуудаа авсан байдаг. Үүнээс хойш 34.5 сая төгрөгийг төлөхийг хүлээсэн ч төлөхгүй байсан. Эвлэрүүлэн зуучлалд хандахад дүр үзүүлэн хийсэн 21 сая төгрөгийн баримтыг гаргаж маргасан учир эвлэрүүлэн зуучлал үр дүнд хүрээгүй. Улмаар цагдаад хандаж хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаад хаасан байгаа. Тиймээс Д..*******эс 34.500.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д.******* нь Хөүп таун ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь орон сууцны төлбөрийг бүхэлд нь төлж барагдуулсан байгаа. 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хөүп таун ХХК-ийг төлөөлж тус компанийн борлуулалтын албаны дарга Жиа Руй Линьтэй миний бие Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан урьдчилгаа 30 хувь буюу 21000000 төгрөгийг бэлэн төлсөн. Орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээр гарсны дараа Төрийн банкны орон сууцны зээл буюу ипотекэд хамрагдан 20 жилийн хугацаатай 49000000 төгрөгийн зээл авсан. 2015 оны 01 дүгээр сарын 29-нд Хөүп таун ХХК-ийн төрийн банкны 1307000067582 тоот данс руу 49000000 төгрөг шилжүүлсэн. Уг төлбөрийг бүхэлд нь төлж дууссан байхад цагдаа, шүүхийн байгууллагад хандаж, янз бүрийн мэдэгдэл гэрт хүргүүлдэгийг ойлгодоггүй юм. Нэгэнт шүүхийн байгууллагад хандсантай холбоотой дараах зүйлийг нэмж тайлбарламаар байна. Энэ орон сууцны чанарт маш их эргэлздэг. Барилгын чанартай холбоотой холбогдох байгууллагад хандаж байгаагүй. 2 давхрын айлын паарны ус манайх руу ордог. Тэрнээс болоод тааз авах юмгүй болсон. Мөн ванны өрөөний паар 2 удаа халаалтаа даахгүй хагарсан. Энэ байдлыг Хөүп таун ХХК-ийн захиргаанд мэдэгдэхээр танай эзэмшлийн орон сууц бидэнд хамаагүй гэдэг. Оршин сууж амьдрахад хүндрэлтэй зүйл маш их байгаа. Зах зээл дээр Хөүп таун ХХК-ий орон сууцны үнэ ханш буурсан. Зээлээр авсан надад маш их хэцүү байдаг гэжээ.

Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь Хөүп таун ХХК-ийн Д.*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Хамтран нэхэмжлэлд хариуцагчаар оролцох боломжгүй ба шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байна. 2014 оны 12 сарын 05-нд Орхон аймгийн Баян-Өндөр сум 7-р хороолол цаашид ойр орчны тохижилт, хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол, ногоон зүлэгжилтээр хүрээлэгдсэн тохилог орон сууц болохоор ажиллаж байгаа гэж танилцуулагдаж буй орон сууцнаас 5-р байрны 3 тоотод 2 өрөө орон сууцыг 70 сая төгрөгөөр тохиролцож худалдан авахдаа урьдчилгаа болох 21 сая төгрөгийг бэлэн төлж гэрээ хийн, 2015 оны 01 сард үлдэгдэл 49 сая төгрөгийг Д.******* Төрийн банкны ипотекийн зээлийг 20 жилийн хуацаатай авч тус компанийн дансанд шилжүүлсэн. Ийнхүү төлбөр тооцоо дуусаад байранд нүүж орохдоо борлуулалтын албаны ажилтнаас паркетан шал дундаа завсар гарсан, обой зарим нэг газартаа хууларсан, өрөө хоорондын хаалганы хүрээ салсан, вакум цонх завсартай салхи сийгэж байгаа талаар хэлж байрны засвар шинэчилж хийж өгөхийг хүссэн тул зөвшөөрсөн ч дахиж холбогдоогүй. Ажилтнууд нь үе үе солигдсон харагддаг. Засварын талаар хэлж сануулах бүрт мэдэхгүй гэж өнгөрөөсөөр бүрэн бүтэн тохитой орон сууц хүлээлгэн өгөөгүй. Нэхэмжлэл өөрөө огт үндэслэлгүй орон сууц тухайн үнийн дүнтэй дүүцхүйц тав тухтай байдал, барилгын чанар аюулгүй байдал хангагдаагүй, бага насны хүүхдээ орхиж гарах боломжгүй хэзээ ч пар задарч халуун ус алдахгүй гэх баталгаагүй, хог новшиндоо дүүрсэн, гадна тохижилт, тоглоомын талбай огт байхгүй, засаж сайжруулдаг эзэнгүй. Өнөөдрийн зах зээлд орон сууц нь өөрөө тухайн ханшинд хүрэхгүй байгаа нь Хөүп таун ХХК нь байр авсан иргэдийг хохироож дээр нь мөнгө авсан ч аваагүй хэмээн хууль шүүхийн байгууллагаар хандаж хүндрэл чирэгдэл учруулж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээг Д.******* байгуулсан. 2014 оны 12 сарын 05-ны өдөр гэрээ байгуулсан боловч эрүүгийн болон иргэний хэрэг дотор 2 гэрээ байдаг. Эдгээр нь 2014.12.01-ний өдрийн гэрээ байдаг. Тохиролцоо гэх баримт байдаг ч тэр талаар тодорхой мэддэггүй. Хэрвээ тухайн тохиролцоо гэх баримтанд дурьдсан шиг барьцаа хөрөнгө байсан бол энэ талаар тодорхой болох ёстой. Гэтэл бодит байдал дээр тийм зүйл байхгүй. 2014 оны 12 сарын 01-ний өдөр очиж гэрээ хийгээгүй, гэрээ хийхээр ч очоогүй. Хятад захирал болон орчуулагч Д.******* нар байсан. Гэрээнд гарын үсгээ зураад урьдчилгаа 21 сая төгрөгийг өгөөд баримтаа авсан гэж Д.******* тайлбарладаг. Орон сууц захиалгын гэрээний үүрэг биелэгдсэн. Харин засвар үйлчилгээний тухай үүрэг огт биелэгдээгүй байдаг. ...Нэхэмжлэлийг анх итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрт зааснаар хуулийн этгээд нэхэмжлэл гаргаж байгаа бол албан ёсны компанийн албан бланк дээр нэхэмжлэлээ гаргах ёстой байсан. Мөн нэхэмжлэлийг Хөүп таун ХХК гаргасан. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч т итгэмжлэл олгосон БНХАУ-ын иргэн Жиа Руйкун нь нэхэмжлэгч Хөүп таун ХХК-ийн захирал мөн эсэх нь эргэлзээтэй. Хуулийн этгээдийн гэрчилгээний ард захирал нь хэн хэн болсон талаар тусгагдаагүй байдаг. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 7-р зүйлд зааснаар хуулийн этгээдэд өөрчлөлт орсон бол тэр бүрд нь бүртгэлийг хийлгэх ёстой. 2014 оны 12 сарын 05-ны өдрийн гэрээнд борлуулалт хийж, гэрээ хийх эрхтэй хүн гэсэн учраас мөнгөө өгсөн байдаг. Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагааны он сар 2018 оных байдаг. Гэтэл уг лавлагаа одоо хууль зүйн хүчинтэй юу гэх асуудал яригдана. ******* нь Орхон аймагт салбартай гэх боловч энэ талаар улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл байхгүй. Улаанбаатар хот Баянзүрх дүүрэгт хаягтай байдаг. Тиймээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Хариуцагч нар төлбөрөө төлсөн учраас тохиролцоо хийх шаардлага байхгүй. 21 сая төгрөгийг компанид бэлэн өгсөн баримтанд үндэслэн Төрийн банкнаас 49 сая төгрөгний ипотекийн зээл авч одоо ч зээлээ төлдөг. Маш өндөр үнээр байр авсан ч чанарын хувьд маш муу байр байдаг. Гэхдээ энэ талаар шаардлага гаргаагүй байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтй байна гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан худалдах худалдах авах гэрээний үлдэгдэл төлбөр 34500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хамтран хариуцагчаар Б.ыг татах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хамтран хариуцагчаар Б.ыг оролцуулахаар шийдвэрлэсэн.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж мэтгэлцсэн.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Улсын бүртгэлийн нэгдсэн архивын 2018 оны 10 сарын 03-ны өдрийн тодорхойлолтоор *******-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр БНХАУ-ын иргэн Жиа Руйкун бүртгэлтэй болох нь тогтоогдож байгаа ба тухайн компанийн эрх бүхий этгээдээс Иргэний хуульд заасан шаардлагыг хангасан итгэмжлэлийг т олгосон, тэрээр итгэмжлэлээр олгосон эрхийнхээ дагуу шүүхэд компанийг төлөөлж нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй юм.

 

Нэхэмжлэгч ******* хариуцагч Д.******* нарын хооронд 2014 оны 12 сарын 01-ний өдөр 69 дугаартай Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ гэх нэртэй гэрээ байгуулагдсан байна.

 

Гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагч Д.*******д Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 7-р хорооллын 5-р байрны 1-р орцны 1 давхрын 03 тоотод байрлах 45 м.кв талбайтай 2 орон сууцыг 70000000 төгрөгөөр худалдахаар тохирч, урьдчилгаа төлбөрт 21000000 төгрөг, үлдэгдэл 49000000 төгрөгийн төлбөрийг банкны зээлээр төлөхөөр тохиролцож, орон сууцыг хариуцагч Д.*******д хүлээлгэн өгсөн, зохигчдын хооронд орон сууц худалдах, худалдан авах хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна.

 

Хариуцагч нар ...гэрээнд зааснаар урьдчилгаа төлбөрт 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 21000000 төгрөгийг бэлнээр, 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Төрийн банкнаас зээл авч 49000000 төгрөгийг нэхэмжлэгч *******-ийн дансанд шилжүүлсэн, ...байр худалдан авсан төлбөрийг бүрэн төлж барагдуулсан... гэх тайлбар гаргаж, тайлбар татгалзлаа нотлохоор 2014 оны 12 сарын 05-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, Д.Ган-Эрдэний Төрийн банкин дахь 130300072910 дугаартай дансны хуулгыг нотлох баримтаар гарган өгч мэтгэлцсэн.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...хариуцагч Д.******* банкны зээл авахын тулд урьдчилгаа 21 сая төгрөг төлсөн баримт хэрэгтэй байна гэсэн учраас компанийн захирал итгэж бэлэн мөнгөний орлогын баримт бичиж өгсөн, түүнээс уг 21 сая төгрөг бодит байдлаар компанид орж ирээгүй. Төрийн банкнаас ипотекийн зээлээр 49 сая төгрөг авч 2015 оны 01 сарын 26-ний өдөр Хөүптаун компаний дансанд ******* 49000000 төгрөг шилжүүлсэн боловч тэр өдөртөө цалингийн зээлээ дарах хэрэгтэй байна, удахгүй буцааж шилжүүлнэ гээд 13500000 төгрөгийг буцааж авсан... гэх тайлбар гаргаж өөрийн тайлбарыг нотлохоор Төрийн банкны 2015 оны 01 сарын 29-ний өдрийн мемориалын баримт, мөн хэрэг бүртгэлтийн 192500279 дугаартай Д.*******д холбогдох хэргийн материалаас 17, 18, 19, 20-р талд байгаа нэхэмжлэгч Д.Ган-Эрдэний гэрчээр өгсөн мэдүүлэг, мөн 37-р талд байгаа Төрийн банкны 2019 оны 05 сарын 28-ны өдрийн 649 дугаартай Д.******* тус банкинд 130000797465 тоот данс эзэмшдэг болно гэх тодорхойлолт зэргийг нотлох баримтаар судлуулан мэтгэлцсэн.

 

Шүүх хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн дүгнэхэд хариуцагч Д.******* *******-д худалдан авсан байрны үнэ болох 70000000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэж тайлбарлаж байх боловч түүний тайлбар дараахь нотлох баримтуудаар үгүйсгэгдэн, няцаагдаж байна.

Учир нь хариуцагч Д.******* нь банкнаас орон сууцны зээл гаргуулж авахын тулд Хөүп таун ХХК-д урьдчилгаа төлбөрт 21000000 төгрөгийг бэлнээр төлсөн мэтээр хуурамч баримт үйлдүүлж авсан, мөн 2015 оны 01 сарын 29-нд Төрийн банкнаас 49000000 төгрөгийн зээл аваад уг мөнгийг Хөүптаун компанийн данс руу шилжүүлээд 13500000 төгрөгийг Төрийн банкин дахь өөрийнхөө 130000797465 тоот дансанд шилжүүлүүлж буцааж авсан болох нь хэрэг бүртгэлтийн хэрэгт 2019 оны 05 сарын 16-ны өдөр Д.Ган-Эрдэнийн өгсөн ...Хөүп таун ХХК-ийн зарж борлуулж байсан орон сууцнаас худалдан авахаар тухайн компани дээр очиж уулзсан бөгөөд 45 м2 буюу 2 өрөө байрыг 70 сая төгрөгөөр банкны 8 хувийн зээлээр оруулж авахаар тохиролцсон. Тэгээд урьдчилгаа 30 хувь буюу 21 сая төгрөгийг байршуулах шаардлага гарсан. Тэгээд эхнэрийнхээ ажиллуулж байсан Уурхайчин багт байрлах 8 нэрийн хүнсний дэлгүүрийн бичиг баримтыг *******-д барьцаанд тавиад 21 сая төгрөгийг төлсөн гэсэн хуурамч баримт бичгийг гаргуулан авсан бөгөөд тухайн хуурамч бичгийг Төрийн банкинд аваачиж өгөөд орон сууцны 8 хувийн зээл хөөцөлдсөн ба банкнаас 49 сая төгрөгний зээл гаргуулаад *******-ийн данс руу шилжүүлсэн. Тэгээд тухайн худалдаж авч байгаа орон сууцандаа орсон. Тухайн үед Хөүптауныг хариуцан ажиллуулж байсан БНХАУ-ын иргэнээс буцаагаад 13500000 төгрөгийг гаргуулан авсан. Ингээд *******-д урьдчилгаанд төлөх байсан 21000000 төгрөг дээрээ нэмж 13500000 төгрөгийг авсан болохоор нийт 34500000 төгрөгийг төлөхөөр байгаа түүнийгээ одоо болтол төлж барагдуулаагүй байгаа гэх, 2019 оны 06 сарын 21-ний өдөр Д.Ган-Эрдэнийн өгсөн ...*******-с 21000000 төгрөгний баримтыг төлсөн гэж компанитай харилцан тохиролцож Төрийн банкинд гаргаж өгч зээлээ авч байсан. Гэрээнд зааснаар болох харилцан тохиролцохдоо 21000000 төгрөгийн оронд өөрийн дэлгүүрийн баримт бичгийг үлдээж байсан. Төрийн банкнаас 49000000 төгрөгний зээл гараад *******-ийн данс руу орсон, уг мөнгөнөөс 13500000 төгрөгийг цалингийн зээлээ хаах шалтгаанаар буцаан авч байсан. Сүүлд нь дэлгүүрээ зарахаар болоод дэлгүүрийн бичиг баримтаа буцаан авч өөрийн эзэмшлийн хоёр өөр төрлийн газрын гэрчилгээг хүлээлгэн өгсөн. Одоо 34500000 төгрөг төлөх ёстой, гэхдээ компаниас авсан байр нь чанарын шаардлага хангахгүй, үнийн хувьд зах зээлийн ханшнаас дээгүүр үнэлгээтай байр байсан... гэх мэдүүлгүүд, хариуцагч Б.ын 2016 оны 05 сарын 02-нд *******-д гаргаж байсан хүсэлт, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б., Д.******* нарын гарын үсэг бүхий тохиролцоо, *******-ийн 2018 оны 10 сарын 10-ны өдрийн А/085 дугаартай мэдэгдэл, мэдэгдэл хүргүүлсэн шуудангийн байгууллагын баримт, хэрэг бүртгэлтийн хэргийн 37-р талд авагдсан Төрийн банкны 2019 оны 05 сарын 28-ны өдрийн 649 дугаартай Д.******* тус банкинд 130000797465 тоот данс эзэмшдэг болно гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч Д.******* нь хэрэг бүртгэлтийн хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлгээсээ зөрүүтэй тайлбарыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан бөгөөд түүнээс Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан хуулийн заалтыг сануулж авсан гэрчийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Нөгөөтэйгүүр хариуцагч Д.*******, Ж.ын нарын тайлбар татгалзал хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх ба хариуцагч Д.******* нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримтыг няцаасан нотлох баримтыг шүүхэд бүрдүүлж гаргаж өгөөгүй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх...худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, ...үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Д.Ган-Эрдэний өмчлөлд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 7-р хорооллын 5-р байрны 1-р орцны 1 давхрын 03 тоотод байрлах 45 м.кв талбайтай 2 орон сууцыг шилжүүлэн өгсөн боловч хариуцагч Д.******* нь байрны үнэ болох 70000000 төгрөгөөс 35500000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 34500000 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгч тал 2015 оны 01 сарын 29-ний өдөр хариуцагч Д.*******эс байрны үнэнд шилжүүлсэн 49000000 төгрөгөөс 13500000 төгрөгийг буцаагаад шилжүүлсэн үйл баримтанд дүгнэлт хийхэд энэ харилцаанд талуудын хооронд гэрээний үүрэг үүсээгүй, Д.******* 13500000 төгрөгийг байрны үнийн төлөх ёстой төлбөртөө төлчихөөд буцааж авч байгаа нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авснаас үүсэх үүргийн зохицуулалтаар шийдвэрлэгдэхээр байна гэж үзлээ.

Харин уг хэрэгт хамтран хариуцагчаар татагдсан Ж. нь зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний харилцаанд оролцоогүй, нэхэмжлэгч, хариуцагч Ж. нарын хооронд гэрээ байгуулагдаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үндэслэлгүй байна гэж үзэж хариуцагч Ж.д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Д.*******эс худалдах худалдан авах гэрээний үүрэгт 21000000 төгрөг, үндэслэлгүйгээр буцааж авсан 13500000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх хуралдаанд хэрэг бүртгэлтийн 192500279 дугаартай Д.*******д холбогдох хэргийн материалаас 17, 18, 19, 20-р талд байгаа баримтуудыг хуулбарлан авч хэрэгт нотлох баримтаар хавсаргах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 330450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт заав.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

1. Хариуцагч Д.*******эс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан 21000000 /хорин нэгэн сая/ төгрөг, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан 13500000 /арван гурван сая таван зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэгч Д.Ган-Эрдэний хариуцагч Ж.д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.*******эс улсын тэмдэгтийн хураамжид 330450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ