Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2022/00027

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай  

Монгол Улсын Дээд шүүхийн П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2020/00068 дугаар шийдвэр

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 207/МА2020/00041 дүгээр магадлалтай, 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Д.*******, ******* нарт холбогдох  

Орон сууц худалдах-худалдан авах гэрээний төлбөр 34,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Д.*******, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа нарын хамтран гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, хариуцагч Д.*******, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

******* ХХК нь Д.*******, ******* нарт холбогдуулан орон сууц худалдан авсаны үнэ 34,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар ...орон сууцны төлбөрийг бүхэлд нь төлж барагдуулсан... гэж эс зөвшөөрч, мэтгэлцжээ. 

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2020/00068 дугаар шийдвэрээр Д.*******эс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан 21,000,000 төгрөг, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан 13,500,000 төгрөгийг тус тус гаргуулан ******* ХХК-д олгож, Ж.Цэрэнжаргалд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, тус шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШЗ2019/05203 дугаартай шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330,450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Д.*******эс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330,450 төгрөгийг гаргуулан ******* ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 207/МА2020/00041 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2020/00068 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Д.*******, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа нарын хамтран гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330,450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.  

Хариуцагч Д.*******, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа нар хяналтын журмаар хамтран гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2, 172.2.1-д заасан үндэслэлээр шүүх Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Хариуцагч нар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй талаараа ...гэрээг 2014.12.05-ны өдөр хийж, 21,000,000 төгрөгийг бэлэн төлж баримт авсан. Төрийн банкны ипотекийн 20 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулан үлдсэн 49,000,000 төгрөг ******* ХХК-ийн данс руу шууд шилжүүлсэн... гэж тайлбарладаг. ******* ХХК-ийн мөнгө тушаасан баримт, Төрийн банкны депозит дансны хуулга, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг эх хувиар болон нотариатаар батлуулан баримтаар гаргаж өгсөн. 2014.12.01-ний гэрээ байгуулах боломжгүй болж, 2014.12.05-ны өдөр гэрээг байгуулсан. Тухайн үед намайг мөнгөгүй байсан гэдэг бөгөөд миний ХААН банкны дансанд мөнгө байсан гэдгийг нотлох зорилготой баримтыг өгсөн. Гэтэл анхан шатны шүүх ...хариуцагч Д.*******, Ж.Цэрэнжаргал нарын тайлбар, татгалзал хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх ба Д.******* нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримтыг няцаасан нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна... гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасантай нийцэхгүй байна. 2019.05 дугаар сард Орхон аймаг дахь Цагдаагийн газарт ******* ХХК хуурамч баримт үйлдсэн үндэслэлээр өргөдөл өгсөн байсан. Хуурамч баримт биш ******* ХХК-ийн баримт гэдгийг тодорхой мэдүүлэн мөрдөн байцаагчийн гарын үсэг зур гэсэн хэсэгт зурсан. Би өмнө нь Цагдаагийн байгууллагад дуудагдаж байгаагүй. Өөрийн бэрхшээлтэй байдлаас болоод мэдүүлгийг уншиж үзэлгүй шууд гарын үсэг зурсан. Үүнийг ямар учраас үнэлж байгаа болон миний гаргаж өгсөн баримтыг яагаад үнэлэхгүй байгааг ойлгохгүй байна. 2020.01.09-ний өдрийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж өгсөн Төрийн банкны 2015.01.29-ний өдрийн мемориалын баримтыг хуулийн шаардлага хангасан нотлох баримт гэж үзэхгүй байна.

...Зохигчдод хэргийн материал танилцуулсан 2 удаагийн баримтад Д.Ган-Эрдэнийн гарын үсэг зурагдаагүй боловч тэрээр хэргийн материал танилцуулсан 2019.12.11-ний өдөр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан, мөн 2020.01.09-ний өдөр намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэх хүсэлтийг гаргаж байна зэргээс үзэхэд түүнд хэргийг материалыг танилцуулаагүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно... гэж дүгнэсэн. Хавтаст хэрэгт хэргийн материал танилцуулсан 2 баримт байдаг бөгөөд М.Мэндбаяр 2 баримт дээр, өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа 1 баримт дээр гарын үсэг зурсан. Д.*******, Ж.Цэрэнжаргал нар хэргийн материалтай танилцаагүй. Гардаж авсан нэхэмжлэлийн хүрээнд хариу тайлбараа өгсөн. Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн нотлох баримттай танилцаагүй учраас ямар баримт бүрдүүлэн мэтгэлцэх боломж олгогдоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар оролцогч хэргийн материалтай танилцах эрхтэй. Хэргийн оролцогчдыг хэргийн баримттай танилцах боломжоор хангах үүргийг шүүх хүлээнэ. Талууд хэргийн баримттай шүүх хуралдааны өмнө боломжит хугацаанд танилцсанаар шүүх хуралдаанд маргааны үйл баримтын талаар мэтгэлцэх боломж бүрдэж, улмаар шүүх тогтоогдсон үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгөх боломжтой болох юм. Д.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярт эрх, үүрэг тайлбарлаж өгөөгүй ба эдгээр нь шүүхийн үүрэг юм. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрч оролцуулах хүсэлт гаргасан ба шүүх хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан, уг хүсэлтээсээ М.Мэндбаяр татгалзаж, татгалзлыг шүүх хүлээн авч шүүгчийн захирамж гаргасан. Уг захирамжийг шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэн боловч хэрэгт шүүгчийн захирамжийг хавсаргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн байхад давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн баримтуудыг үнэлчихээд хариуцагч талын гаргаж өгсөн баримтыг яагаад үнэлэхгүй байгаа талаар тайлбар хийгээгүй.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэж шийдвэрлэхдээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлахдаа нэг талыг баримтлан судалсан. Хүн бүр шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим алдагдсан гэж үзсэн байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ: 

1. Хариуцагч Д.*******, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа нарын хяналтын журмаар хамтран гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, орон сууц худалдах-худалдан авах гэрээний төлбөр 34,500,000 төгрөгийг Д.*******эс гаргуулан ******* ХХК-д олгож, Ж.Цэрэнжаргалд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ. 

2. Нэхэмжлэгчийн шаардах эрх, хэргийн үйл баримтын талаар.  

2.1. Зохигчийн хооронд 2014.12.01-ний өдөр 69 дугаартай орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 7 дугаар хорооллын 5 дугаар байрны 1 дүгээр орцны 1 давхрын 03 тоотод байрлах 45 кв.м талбай бүхий 2 өрөө орон сууцыг 70,000,000 төгрөгөөр Д.******* худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа төлбөрт 21,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 49,000,000 төгрөгийн төлбөрийг банкны зээлээр төлөхөөр харилцан тохиролцжээ. 

Уг гэрээ хүчин төгөлдөр болох талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна. 

Талуудын дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгээр үйлдэж, хэн аль нь гарын үсэг зурж байгуулсан хүчин төгөлдөр хэлцэл тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй. 

2.2. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ. 

Нэхэмжлэгч ******* ХХК-иас гэрээнд заасан орон сууцыг Д.*******д хүлээлгэн өгсөн байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно. 

2.3. Хариуцагч нар ...гэрээнд зааснаар урьдчилгаа төлбөрт 2014.12.05-ны өдөр 21,000,000 төгрөгийг бэлнээр, 2015.01.29-ний өдөр Төрийн банкнаас зээл авч 49,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн, ...байр худалдан авсан төлбөрийг бүрэн төлж барагдуулсан... гэх тайлбарыг гаргаж, татгалзлаа нотолж 2014.12.05-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, Д.Ган-Эрдэнийн Төрийн банкан дахь 130300072910 дугаартай дансны хуулгыг шүүхэд ирүүлсэн байна.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж үүрэг гүйцэтгэх газар, хугацааг зохицуулан хуульчилжээ. 

Хариуцагч Д.******* банкнаас орон сууцны зээл гаргуулж авахын тулд ******* ХХК-д урьдчилгаа төлбөрт 21,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн мэтээр хуурамч баримт үйлдүүлж авсан, 2015.01.29-ний өдөр Төрийн банкнаас 49,000,000 төгрөгийн зээл авч уг мөнгийг ******* ХХК-ийн данс руу шилжүүлж, 13,500,000 төгрөгийг өөрийн 130000797465 тоот данснаар буцаан авсан болох нь эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэгт Д.Ган-Эрдэнийн 2019.05.16-ны өдөр өгсөн ...******* ХХК-ийн зарж борлуулж байсан орон сууцнаас худалдан авахаар тухайн компани дээр очиж уулзсан бөгөөд 45 кв.м буюу 2 өрөө байрыг 70,000,000 төгрөгөөр банкны 8 хувийн зээлээр оруулж авахаар тохиролцсон. Тэгээд урьдчилгаа 30 хувь буюу 21,000,000 төгрөгийг байршуулах шаардлага гарсан. Тэгээд эхнэрийнхээ ажиллуулж байсан Уурхайчин багт байрлах 8 нэрийн хүнсний дэлгүүрийн бичиг баримтыг ******* ХХК-д барьцаанд тавиад 21,000,000 төгрөгийг төлсөн гэсэн хуурамч баримт бичгийг гаргуулан авсан бөгөөд тухайн хуурамч бичгийг Төрийн банканд аваачиж өгөөд орон сууцны 8 хувийн зээл хөөцөлдсөн ба банкнаас 49,000,000 төгрөгийн зээл гаргуулаад ******* ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Тэгээд тухайн худалдаж авч байгаа орон сууцандаа орсон. Тухайн үед ******* ХХК-ыг хариуцан ажиллуулж байсан БНХАУ-ын иргэнээс буцаагаад 13,500,000 төгрөгийг гаргуулан авсан. Ингээд ******* ХХК-д урьдчилгаанд төлөх байсан 21,000,000 төгрөг дээрээ нэмж 13,500,000 төгрөгийг авсан болохоор нийт 34,500,000 төгрөгийг төлөхөөр байгаа, түүнийгээ одоо болтол төлж барагдуулаагүй..., мөн түүний 2019.06.21-ний өдөр өгсөн өгсөн ...******* ХХК-иас 21,000,000 төгрөгийн баримтыг төлсөн гэж компанитай харилцан тохиролцож, Төрийн банканд гаргаж өгч зээлээ авч байсан. Гэрээнд зааснаар болох харилцан тохиролцохдоо 21,000,000 төгрөгийн оронд өөрийн дэлгүүрийн баримт бичгийг үлдээж байсан. Төрийн банкнаас 49,000,000 төгрөгийн зээл гараад ******* ХХК-ийн данс руу орсон, уг мөнгөнөөс 13,500,000 төгрөгийг цалингийн зээлээ хаах шалтгаанаар буцаан авч байсан. Сүүлд нь дэлгүүрээ зарахаар болоод дэлгүүрийн бичиг баримтаа буцаан авч өөрийн эзэмшлийн хоёр өөр төрлийн газрын гэрчилгээг хүлээлгэн өгсөн. Одоо 34,500,000 төгрөг төлөх ёстой... гэсэн мэдүүлгүүд, *******ын 2016.05.02-ны өдөр ******* ХХК-д гаргаж байсан хүсэлт, 2014.12.05-ны өдрийн *******, Д.******* нарын гарын үсэг бүхий тохиролцоо, ******* ХХК-ийн 2018.10.10-ны өдрийн А/085 дугаартай мэдэгдэл, мэдэгдэл хүргүүлсэн шуудангийн байгууллагын баримт, Төрийн банкны №202001085500700455490 дугаартай мемориалын баримт зэргээр тогтоогджээ. 

Энэ нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын ...Д.******* банкны зээл авахын тулд урьдчилгаа 21,000,000 төгрөг төлсөн баримт хэрэгтэй байна гэсэн учраас компанийн захирал итгэж бэлэн мөнгөний орлогын баримт бичиж өгсөн, түүнээс уг мөнгө бодит байдлаар компанид орж ирээгүй. Төрийн банкнаас ипотекийн зээлээр 49,000,000 төгрөг шилжүүлсэн боловч тэр өдөртөө цалингийн зээлээ дарах хэрэгтэй байна, удахгүй буцааж шилжүүлнэ гээд 13,500,000 төгрөгийг буцааж авсан... гэсэн тайлбар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон гэж үзнэ. 

Шүүхээс хамтран хариуцагч Ж.Цэрэнжаргалыг гэрээгээр орон сууцны үнийг төлөх үүрэг хүлээгээгүй, зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний харилцаанд оролцоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үндэслэлгүй гэж үзэж түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй. 

2.4. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд тулгуурлаж, хариуцагч Д.******* 34,500,000 төгрөгийг ******* ХХК-д төлөх үүрэгтэй талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцжээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болсон баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. 

Шүүх зөвхөн хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. 

Хариуцагч Д.*******, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа нарын хамтран гаргасан гомдолд дурдсан ...мөрдөн байцаагчийн гарын үсэг зур гэсэн хэсэгт зурсан. ...Өөрийн бэрхшээлтэй байдлаас болоод мэдүүлгийг уншиж үзэлгүй шууд гарын үсэг зурсан... гэх нөхцөл байдлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй тул үндэслэлгүй. 

2.5. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрч асуулгах хүсэлтээсээ татгалзсан байна.  

Хариуцагчийн өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр ирүүлсэн хүсэлтийг үндэслэн түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хэлэлцсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4, 105 дугаар зүйлийн 105.1-д заасныг зөрчөөгүй.  

Иймээс шүүх уг ажиллагааг хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх зарчимд нийцнэ.  

Давж заалдах шатны шүүхийн ...зохигчдод хэргийн материал танилцуулсан 2 удаагийн баримтад хариуцагч Д.Ган-Эрдэнийн гарын үсэг зурагдаагүй боловч тэрээр 2019.12.11-ний өдөр ...өмгөөлөгч Т.Эрдэнэзаяатай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан учир хэргийн материал танилцах хугацаа өгнө үү... гэж шүүх хуралдааныг хойшлуулах, 2020.01.09-ний өдөр ...намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү... гэсэн хүсэлтүүдийг гаргаж байсан зэргээс үзэхэд түүнд хэргийн материал танилцуулаагүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй... гэсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй, шүүх хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлаагүй байна. 

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан зохицуулалт, тэдгээрт заасан ойлголт, шаардлага, агуулгыг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

2.6. Анхан шатны шүүх Д.*******эс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан 21,000,000 төгрөг, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан 13,500,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх шаардлагыг хангаж чадаагүй байна. 

Нэхэмжлэлийн шаардлагын төрөл нь мөнгөн төлбөрийн үүрэг тул нийт үүргийг тодорхойлох нь ойлгомжтой бөгөөд биелүүлэхэд хүндрэлгүй юм.  

Үүнээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байна гэж хуульчилсан байхад шийдвэрийн 2 дахь заалтаар тус шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШЗ2019/05203 дугаартай шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг хүчингүй болгосон нь буруу болжээ. 

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг зөвтгөлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулах шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд дээр дурдсанаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч Д.*******, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа нарын хамтран гаргасан гомдлыг хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 207/МА2020/00041 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2020/00068 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Д.*******эс 34,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч Ж.Цэрэнжаргалд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, 3 дахь заалтыг 2, 4 дэх заалтыг 3 болгон өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Д.*******, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа нарын хамтран гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 330,450 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             П.ЗОЛЗАЯА 

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН             Г.АЛТАНЧИМЭГ

                                                     ШҮҮГЧИД             Б.МӨНХТУЯА 

                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД