Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 151/ШШ2018/01099

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сумын 01 дүгээр багт байрлах ............. ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, Номт, 01 дүгээр баг, 31 дүгээр байр, 1 тоотод оршин суух, ................................./,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 33-5 гудамж, 57а тоотод оршин суух, .................. /,

Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, Номт, 01 дүгээр баг, 31 дүгээр байр, 2 тоотод оршин суух, ................................ нарт холбогдох,

4 449 600 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, ажлын хөлс 7 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ............. ХХК-ийн төлөөлөгч Н.Наранцэцэг, хариуцагч Н.............., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Уртнасан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ............. ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... Төв аймгийн Алтанбулаг суманд цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын төгсгөлийн ажлыг хийх хугацаанд урьдчилгаа, эд бараа зээлээр ажил дуусаад явахдаа авсан. Цалингийн татвар ХАОАТатвар 10 хувь хийсэн ажил нурж, эвдэрсэн хохирол ашиглагч байгууллагын акттай, ажлаа дуусгаад Н.............. цалингаа бэлнээр гаргуулж авсан.

Ажил бууснаас хойш Төв аймгаас машин хөлслөөд машин авах гэсэн юм туслаач, дуудсан цагт бэлэн гээд зээл авсан. Бид ажлаа явуулахад иргэд, банк бус, банкнаас зээл авч үйл ажиллагаа явуулдаг, сонгон шалгаруулалтаар ажлаа олж авдаг. Зээлийн хүү, тооцоо 10 025 900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ./1хх1-2/

Хариуцагч Н.............., Г.............., С.............. нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ... Бид гурав 2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2012 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 1 сар 9 хоног Алтанбулагийн барилга дээр ажилласан.

Бид гурвыг явахад 2012 оны 10 сарын 21-ний өдөр бэлнээр 3 000 000 төгрөг өгсөн. Нэг хүнд 1 000 000 төгрөг оногдож байна. Ингэж 3 000 000 төгрөг өгөхдөө ээжид өгсөн 60000, хүргэн Баатархүүд өгсөн эмчилгээний мөнгө 100 000 төгрөг, Баатархүүгийн аав Гантөмөрт өгсөн 20 000 төгрөг, тамхи, сүү, тараг нийт 174 400 төгрөгийг хасаж тооцохоор тохиролцсон. Энергийн гинж нь хуучин надад өгсөн, жинсэн өмд, солонгос нэхий куртик, майк зэрэг комиссын барааг ажилд өмс гэж өгсөн. Эдгээрийг үнэлж өгөөгүй, одоо 247 000 төгрөгөөр үнэлсэнийг зөвшөөрөхгүй.

Биднийг 3-4 хоног амарч байхад эмэгтэй дүү нь ирээд жижиг худаг хийлгэе гээд ажиллуулсан. Энэ худгийн ажлыг 10 дугаар сарын 24-ний өдрөөс 11 дүгээр сарын 15-ны хүртэл 23 хоног ажилуулаад бид гуравт 1 200 000 төгрөг бэлнээр өгсөн. Энэ мөнгөтэйгээ нийлээд бид гуравт 4 200 000 төгрөг өгсөн.

Гэтэл шүүхэд бидэнд нэг өдөр 4 200 000 төгрөгийн цалин өгсөн юм шиг нотлох баримт бүрдүүлж өгсөн байна. Тэгсэн хэрнээ анхнаасаа үнэ хөлсөө тохирч ажилуулаагүй ямар нэгэн гэрээ хийгээгүй байж энэ мөнгөнөөс ХАОАТ-ийн 10 хувь болох 420 000 төгрөг, Эвлэрүүлэн зуучлахаар үйлчлүүлсэн тэмдэгтийн хураамж 30 000 төгрөг, нэхэмжлэл өгсөн улсын тэмдэгтийн хураамж 105 372 төгрөг, мөн тэмдэгтийи хураамж 135 372 төгрөг, хийсэн ажил нурж, эвдэрсэн хохирол ашиглагч байгууллагын актын хохирол 1 000 000 төгрөг, нотариатын хураамж 12 600 төгрөг гэж нэхэмжилснийг хүлээн зөвшөерөхгүй төлөх үндэслэлгүй.

2012 оны Алтанбулаг сумын цэцэрлэгийн ажил дуусаад ирсэн хойно 12 дугаар сард бид барилгачдын ёолк болох гээд Н.Наранцэцэгээс 100 000 төгрөг зээлсэн нь үнэн.

3 000 000 төгрөгийг 2013 оны 01 дүгээр сард бид нарт өгсөн. Ингэхдээ эгч нь 2013 онд Аймгийн Төв цэнгэлдэхийн ажлыг эсвэл Сэргэлэн сумын сургуулийн барилгын засварын ажлын аль нэгийг авна. Та нар машин тэрэгтэй болчихвол амар битгий ийш тийшээ явчихаарай гэж хэлээд нэг ёсондоо бидний ажлын мөнгөний урьдчилгаа өгсөн.

Мөн энэ үеэр Г.............. гэмтээд 190 000 төгрөг, манай дүү С.............. өвдөөд 20,000 төгрөг нийт 3 310 000 төгрөгийг бид авсан нь үнэн.

Гэтэл бид гурав 2013 оны 06 дугаар сарын 15-ны өдөөс 7 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Төв аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлыг өдөр шөнөгүй дөрвөн найзын хамт нэг бригад болж, ажлын гүйцэтгэлийг 70 хувьтай байхдаа цалин хөлсөө нэхэхэд мөнгө өгөхгүй, гүйцэтгэл орж ирээгүй гээд бид нарыг хөөж явуулсан. Иймд бид гурав энэ ажлынхаа хөлсийг тооцож суутгуулна.

Бид зээлийн гэрээнд гарын үсэг зурж банктай харьцаагүй зээлдэгч өөрөө зээлийнхээ эрсдэлийг хариуцах ёстой. Бид Н.Наранцэцэгийн зээлийг төлөх талаар анхнаасаа тохиролцоогүй. Мөн нэхэмжлэлийн 10 025 900 төгрөг чухам хэдэн төгрөг нь зээлийн хүүд нэхэмжилсэн тухайн дүнг нарийн тооцон гаргаж нэхэмжлээгүй байгаа нь нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй харагдаж байна гэжээ. /1хх53-54/

 

Хариуцагч Н.............., Г.............., С.............. нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ ... Нэхэмжлэгч ............. ХХК-д бид нийт 7 хүнтэй бригад ахлан 2013 оны 06 сарын 15-ны өдрөөс 2013 оны 07 сарын 03-ны өдөр дуустал өглөөний 07 цагаас шөнийн 02 цаг хүртэл Төв аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлыг хийж гүйцэтгэсэн. Бидний 7 хүн энэ хугацаанд дээрх газрын засварын 70 гаруй хувийг хийж гүйцэтгэсэн. Ингэж бидний 7 хүнийг тус компани ажилуулахдаа ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй, тушаал ч гаргаагүй, ямар нэгэн мөнгө төгрөг тохироогүйгээр биднийг ажиллуулсан.

Н.............. би дүү нөхрийн хамт урьд нь Н.Наранцэцэг эгчээс 3 000 000 гаруй төгрөг авчихсан байсан учир урьдчилгаа мөнгө нэхэлгүйгээр шууд ажилдаа орж ажлынхаа хөлсөнд урьчилгаанд авсан мөнгөө суутгаж авч үлдээд үлдэгдэл мөнгөө өгнө гэж бодож байсан.

Ингээд бид 10 гаруй хоног ажилласан. Мөн урьдчилгаа аваагүйгээр ажилласан дөрвөн хүн ажиллаж байсан тул тэдэнд мөнгө хэрэгтэй тэдэнд урьдчилгаа мөнгө өгөхгүй гэсэн учир бид нар ер нь хэдэн төгрөгөөр цалинжуулах гэж ажиллуулж байгаа юм бэ? гэж асуугаад бид 10 сая төгрөг авъя гэсэн чинь та нар битгий солиор зайлцгаа гэсэн. Үүнээс болоод бид маргалдаж 2013 оны 07 сарын 04-нөөс эхлээд энэ компаний ажлыг хийхээ больсон нэг ёсондоо биднийг хөөж явуулсан.

Бид Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлыг нийт 18 хоног өглөөний 07 цагаас шөнийн 02 цагийн хооронд хийхдээ Төв цэнгэлдэхийн гадна дотор талын таазны хуулалт, хусалт, шаврын нөхөөс, хар замаскны нөхөөс, цагаан замаск, цементэн хавтан, солих, шатны хонгилын хана таазны хусалт хийж, грунт тавьж хар цагаан замаск, цонх хаалганы шавар замаскны нөхөөс, цагаан замаск цонх хаалганы амалгааны шавар замаск эмулс, дотор тосон будаг дотор их заалны хана, гоёлыг эмульс зэрэг бүх ажлуудыг хийж дуусгасан. Энэ засварын ажлаас дутуу хийгдээгүй ажил нь гадна гоёлын эмульс, дотор тосон будаг, дотор будаг, их заалны хана, гоёлын эмульс зэрэг ажил үлдсэн. Гэтэл бидэнд ямар ч цалин өгөөгүй, тооцоо хийгээгүй бид гурвыг хохироосоор байгаа юм.

Иймд Н.............., Г.............., С.Аринболд бид гуравт оногдох цалин хөлсөнд 7 000 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Бид энэ нэхэмжлэлтэй холбогдуулан дээрх хийсэн ажлынхаа бүх тайлан тооцоог хийлгэх зорилгоор энэ хэрэгт бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулахаар хүсэлт жичдээ гаргаж өгнө.

Иймд хариуцагч бидний 3-н хүн Төв аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд өдөр шөнөгүй 18 хоног засварын ажил хийсэн хөдөлмөрийн хөлс болох 7 000 0000 төгрөгийг ............. ХХК-ийн захирал Н.Наранцэцэгээс гарган өгч биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. /1хх55-56/

 

Нэхэмжлэгч ............. ХХК сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар бичгээр гаргаагүй байна.

Нэхэмжлэгч ............. ХХК 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа ...

Манай компани Н..............аас зээлсэн мөнгө, бараа, хүн амын орлогын албан татвар, чанаргүй хийсэн ажлын хөлс, эвлэрүүлэн зуучлалын төлбөр, өмгөөллийн хөлс, зээлийн гэрээний хүү зэрэг 10.025.900 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм. Нэхэмжлэлийн шаардлага доорх байдлаар тодруулж байна.

Үүнд Н.............. нь:

-ар гэртээ хоолны мөнгө байхгүй тул 2012 оны 09 дүгээр сарын 19-нд 60 000 төгрөг зээлж шилжүүлсэн,

-хүргэн Г.Баатархүү хүнд өвчилсөн тул 100.000 төгрөг зээлж шилжүүлсэн.

-хүргэн Г.Баатархүү яаралтай хагалгаанд орох тул 2012 оны 09-р сарын 28-нд 20.000 төгрөг зээлж шилжүүлсэн,

-2012 оны 10-р сарын 15-нд энергийн гинж 200 000, майк 12 000, жинсэн өмд 10 000, богино нэхий 25 000, бүгд 247.000 төгрөгний бараа зээлсэн.

-2012 оны 09 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд ажиллах хугацаанд тамхи, сүү 17.000, тараг 10.000, ойрын хэрэглээнд 100.000, 20.000, 20.000 бэлнээр зээлсэн.

-2012 оны 09 дүгээр сарын 18-нд нөхөр Г..............ын мөнгөн гинжийг дэлгүүрт тавьж бараа зээлсэн 40.000 төгрөгийг төлүүлж зээлсэн.

-2012 оны 12 дугаар сарын 09-нд өөрөө гэрт ирж гуйгаад 100.000 төгрөг данс руугаа шилжүүлж зээлсэн.

-2012 оны 10 дугаар сарын 31-нд машин авна. Танай компанид байнгын ажиллана гэж гуйсаар байгаад 3.000.000 төгрөг зээлсэн.

-2013 оны 02 дугаар сарын 26-нд эм тариа авна гээд 20.000 төгрөг зээлсэн.

-нөхөр Г.............. хүн зодсон төлбөр нэхээд байна гэж гэрт ирж гуйгаад 2013 оны 03 дугаар сарын 21-нд 190.000 төгрөг шилжүүлж зээлсэн.

-2012 оны 09 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд ажиллахдаа 4.200.000 төгрөгний цалингийн ХАОАТ -10 хувь суутгаж аваагүй энэ мөнгийг татварт өмнөөс нь манай компани төлсөн тул одоо 420.000 төгрөгийг нэхэмжилж байна.

2012 оны 09 дүгээр сараас 10 дугаар сард ажилласан чанаргүй ажлын хөлс 1.000.000 төгрөг нэхэмжилж байна.

Эвлэрүүлэн зуучлах үйлчилгээний төлбөр 2014 оны 07 дугаар сарын 23-нд 30.000 төгрөг, нотариатаар батлуулсан төлбөр 12.600 төгрөг, өмгөөллийн хөлс 500.000 төгрөг,

Банк, банк бус санхүүгийн байгууллагаас өөрийн хувийн өмч орон сууцаа барьцаалан зээл авч ажил эхлүүлдэг юм. Тэр мөнгөнөөс Н..............д зээлүүлсэн тул хохирол хүү 4.121.900 төгрөг зэргийг нэхэмжилж байна гэжээ. /1хх177-178/

 

Хариуцагч С.............., Н.............., Г.............. нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ... ............. ХХК нь 2012 оны 09 дүгээр сараас 11 дүгээр сарын хооронд Алтанбулаг сумын цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын дотор засал, зуух цэвэр усны худаг бохирын худаг зэргийг хийлгэсэн.

Дансаар 180 000 төгрөгийг зарцуулах, бэлнээр 220 000 төгрөгийг хоол тамхи, сүү, тараг зэрэгт зарцуулсан үнэн.

Харин энергийн гинж, майк, жинсэн өмд, богино нэхий зэргийг Н..............д даарч болохгүй гээд, Хэл амнаас хол бай гээд энергийн гинж өгсөн байсан. Комиссийн хуучин урагдаж цоорсон хувцасыг тухайн үед ажил хийж байхдаа хэрэглээд дууссан. Хуучин бараагаа одоо 247 000 төгрөгөөр үнэлсэнийг бид хүлээн зөвшөөрөхгүй байна.

2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Наранцэцэг бидэнд 3 000 000 төгрөг өгсөн. Өгөхдөө 2013 оны Төв аймгийн Цэнгэлдэх хүрээлэнгийн засварын эсхүл Сэргэлэн сумын ажлыг авна. Та нар машин тэрэгтэй бол ядаж багаж хэрэгсэлээ хийгээд явахад зардал бага бидэнд ашигтай шүү дээ, 2013 оны 06 дугаар сар хүртэл ийш тийшээ явж болохгүй шүү гээд өөрөө өгсөн. Тухайн үед их баярлаж зарцуулсан үнэн. 2013 оны 06 дугаар сард ажил эхэлж Төв аймгийн Цэнгэлдэх хүрээлэнд Н..............аар ахлуулж өөр 4 хүн нэмэн 1 бригад болж ажилласан.

С..............ын гэмтэл авч 190 000 төгрөг, барилгачдыг шинэ жил болох гээд 100 000 төгрөг, нийт 3 290 000 төгрөг авсан нь үнэн.

Гэхдээ Төв цэнгэлдэх хүрээлэнд 2013 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэл ажиллахдаа бид зардал, унаа, хоолны мөнгө аваагүй, гэрээ хийе гэхэд хийгээгүй, урьдчилгаа авья гэхэд өгөөгүй, цалин хөлсөө тохирьё гэхэд болоогүй байна гэх зэргээс болж бид муудаж хөөж явуулсан, зөвшөөрөхгүй гэжээ./хх/

 

Нэхэмжлэгч ............. ХХК-ийн төлөөлөгч Н.Наранцэцэг 2018 оны 01 сарын 05-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан бөгөөд тухайн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...

Н.............. нь өөрийн нөхөр Г.............., төрсөн дүү С.............. нарын хамт манай компаний тендерээр авсан ажил болох Алтанбулаг сумын цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын төгсгөлийн хэсэг дээр ирж ажиллаад 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдөр барилгын ажил бүрэн дууссан.

Манай компани Н.............., Г.............., С.............. нарт тус бүрт 1 400 000 төгрөг буюу нийт 4 200 000 төгрөгний цалинг олгож эдгээр хүмүүстэй ямар ч мөнгөн тооцоогүй болсон юм.

Н.............. нь Алтанбулаг сумын цэцэрлэгийн барилга дээр ажиллаж байх хугацаандаа цалингаас гадна доорх мөнгө, бараануудыг зээлсэн юм. Үүнд:

Дансаар:2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ар гэртээ хоолны мөнгө гэж 60 000 төгрөг зээлж шилжүүлсэн,

2012 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр дансаар 100 000 төгрөг зээлж шилжүүлсэн, 2012 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр дансаар 20 000 төгрөг зээлж шилжүүлсэн боловч одоо болтол төлөөгүй. Нийт 180 000 төгрөг зээлүүлсэн.

Бэлэн мөнгөөр: 2012 оны 09 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд бэлнээр 100 000 төгрөг, 20 000 төгрөг, 20 000 төгрөг, 80 000 төгрөг буюу нийт 220 000 төгрөг бэлнээр зээлсэн.

Бараа: Н.............. нь ажлаа дуусгаад явахдаа Энергийн гинж 200 000 төгрөг, Майк 12 000 төгрөг, жинсэн өмд 10 000 төгрөг, богино нэхий 25 000 төгрөг, нийт 247 000 төгрөгийн бараа зээлж аваад, төлбөрийг өгөөгүй,

Н.............., Г.............., Н.............. нар нь Алтанбулаг сумын барилгын ажил дуусгаад явсны дараа Төв аймагт ирсэн хойноо 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр машин хөлслөн ирээд эгчээ бид машин авах гэсэн юм та туслаач удахгүй ондоо багтаагаад яг өгнө,төлнө гээд гуйгаад байхаар нь компаний данснаас Н.Цэрэнпагмын Хаан банкны 5721128798 тоот данс руу нь 3 000 000 төгрөгийг зээлж шилжүүлсэн.

Мөн 2012 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Н.............. гэрт ирээд зовлон тоочоод 100 000 төгрөг зээлээч гээд гуйгаад байхаар нь дансаар зээлүүлсэн.

2013 оны 03 дугаар сарын 31-ний өдөр нөхөр хүн зодчихоод түүний төлбөр нэхээд байна гээд гуйгаад байхаар нь 190 000 төгрөг дансаар зээлүүлсэн боловч дээрх мөнгөнүүдийг одоо болтол өгөөгүй юм. Нийт 3 290 000 төгрөг зээлүүлсэн.

Иймд: Н.............., Г.............., С.............. нараас Алтанбулаг сумын цэцэрлэгийн өргөтгөлийн барилга дээр ажиллаж байх хугацаанд дансаар зээлүүлсэн 180 000 төгрөг, бэлнээр зээлүүлсэн 220 000 төгрөг, бараа зээлсэн 247 000 төгрөг,

ажил дуусгаад явсны дараа дансаар зээлсэн 3 290 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500 000 төгрөг, нотариатын төлбөр 12 600 төгрөг, нийт 4 449 600 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Н.............., Г.............., С.............. нар төв цэнгэлдэхийн засварын ажлыг хийгээгүй тул ажлын хөлс нэхсэн 7000 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэв./2хх39-40/

 

Хариуцагч Н.............. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Хариуцагчаар татсан Г.............. нь миний нөхөр, С.............. нь миний дүү юм. Бид бригадаар ажилладаг бөгөөд одоо Дорноговь аймгийн Шивээ овоод барилгын ажил хийж байгаа, Г.............., С.............. нар шүүх хуралдааны тов мэдсэн боловч ажилтай тул ирж чадаагүй, намайг хуралдаа оролц гэж явуулсан. Гэхдээ итгэмжлэл хийгээгүй. Хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтэй байна.

Н.............., Г.............., С.............. бид ............. ХХК-ийн Төв аймгийн Алтанбулаг сумын цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын дотор засал, зуух, цэвэр усны худаг бохирын худаг зэрэг ажлыг 2012 оны 09 дүгээр сараас 11 дүгээр сарын хооронд хийж гүйцэтгэсэн. Ажлын хөлс 3000 000 төгрөгийг авсан.

Ажиллаж байсан хугацаандаа 180 000 төгрөгийг ар гэртээ шилжүүлсэн, бэлнээр авсан 220 000 төгрөгийг хоол тамхи, сүү, тараг зэрэг авч зарцуулсан.

2012 оны 11 сард бидэнд цалин гэж бэлнээр өгсөн 3000 000 төгрөгөөс дээрх мөнгийг суутгасан гэсэн.

Харин майк, жинсэн өмд, богино нэхий зэрэг нь бүгд комиссын бараанууд бөгөөд намайг даарч болохгүй, ажилдаа өмс гэж, мөн хэл амнаас хол бай гээд энергийн гинжийг өгсөн. Эдгээр бараануудыг үнэлж , төлбөрийг нь дараа өгнө гэж тохирч өгөөгүй юм.

2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Н.Наранцэцэгээс 3 000 000 төгрөг авсан. Ингэхдээ ... та нар машин тэрэгтэй бол, он гараад төв цэнгэлдэхийн засварын ажил эсхүл сэргэлэн сумын ажлын аль нэгийг авна, 06 сар хүртэл явж болохгүй шүү гээд өгсөн.

Мөн Г.............. гэмтэж 190 000 төгрөг, барилгачдын шинэ жил болох гээд 100 000 төгрөг, нийт 3 290 000 төгрөг авсан нь үнэн. Энэ мөнгийг 2016 оны 06 сард ажиллах ажлын хөлсний урьдчилгаа гэж ойлгосон.

2013 он гараад бид өөр ажилд явахгүйгээр Н.Наранцэцэгийг хүлээж байгаад 2013 оны 06 дугаар сард ажил эхэлж Төв аймгийн Цэнгэлдэх хүрээлэнд Н..............аар ахлуулж 7 хүний бүрэлдэхүүнтэй 1 бригад болж ажилласан.

Төв цэнгэлдэх хүрээлэнд 2013 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэл ажиллахдаа бид зардал, унаа, хоолны мөнгө гэж аваагүй. Манай бригад нь бид гурваас гадна 3 хүн байсан бөгөөд тэр 3 маань урьдчилгаа аваагүй тул урьдчилгаа авмаар байна гэхээр Н.Наранцэцэгтэй цалин хөлсөө тохирье гэж хэлсэн. Энэ цалин хөлсний асуудлаас болж Н.Наранцэцэг болон түүний нөхөр нь биднийг хөөж явуулсан. Бид цагдаагийн газар гомдол гаргасан боловч иргэний журмаар шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн. Иймд бид нэхэмжлэлийн ямар ч шаардлагыг зөвшөөрөхгүй.

Харин бид Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлыг нийт 18 хоног өглөөний 07 цагаас шөнийн 02 цагийн хооронд хийхдээ Төв цэнгэлдэхийн гадна дотор талын таазны хуулалт, хусалт, шаврын нөхөөс, хар замаскны нөхөөс, цагаан замаск, цементэн хавтан, солих, шатны хонгилын хана таазны хусалт хийж, грунт тавьж хар цагаан замаск, цонх хаалганы шавар замаскны нөхөөс, цагаан замаск цонх хаалганы амалгааны шавар замаск эмулс, дотор тосон будаг дотор их заалны хана, гоёлыг эмульс зэрэг бүх ажлуудыг хийж дуусгасан. Энэ засварын ажлаас дутуу хийгдээгүй ажил нь гадна гоёлын эмульс, дотор тосон будаг, дотор будаг, их заалны хана, гоёлын эмульс зэрэг ажил үлдсэн. Гэтэл энэ хийсэн ажилд ямар ч цалин хөлс өгөөгүй, бид гурвыг хохироосоор байгаа юм.

Иймд Н.............., Г.............., С.Аринболд бид гурвын хийсэн ажилд оногдох цалин хөлс 7 000 000 төгрөгийг ............. ХХК-ийн захирал Н.Наранцэцэгээс гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ............. ХХК хариуцагч Н.............., Г.............., С.............. нарт холбогдуулан 2016 оны 05 сарын 06-ны өдөр 10 025 900 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаснаар иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. /1хх1-2,45/

Нэхэмжлэгч 2017 оны 01 сарын 20-ны өдөр хариуцагч Н..............аас 4 121 900 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, шаардлагаа тодруулснаар хэргийг хянан шийдвэрлэжээ. /1хх177-178/

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 01 сарын 05-ны өдөр хариуцагч Н.............., Г.............., С.............. нарт холбогдуулан 4 449 600 төгрөг гаргуулахаар шаардлагаа тодруулж, бичгээр гаргасан байна. /2хх39-40/

............. ХХК-ийн төлөөлөгч Н.Наранцэцэг шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа 2018 оны 01 сарын 05-ны өдөр бичгээр гаргасан хариуцагч Н.............., Г.............., С.Аринболд нарт холбогдох 4 449 600 төгрөг гаргуулах тухай шаардлагыг,

Хариуцагч Н.............. 2016 оны 06 сарын 24-ний өдөр бичгээр гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус дэмжиж, тайлбарласнаар шүүх хуралдаанаар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:

Хариуцагч нар нь 2016 оны 06 сарын 24-ний өдөр сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн аваад мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой шинжээч томилж, дүгнэлт гаргуулах хүсэлтийг шийдвэрлэж, хариуцагчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны 08 сарын 24-ний өдрөөс 2018 оны 06 сарын 05-ны өдөр хүртэл нийт 5 удаа шинжээч томилж ажиллагаа явууллаа.

/1хх76-78, 88, 2хх46-48, 82, 89-90, 93, 96-97, 100, 106-107/

 

Гэтэл хариуцагч нар шинжээчийн тогтоосон хугацаанд очоогүй, холбогдох утсаа авахгүй зэргээр ажиллагаа явуулах боломжгүй байдалд хүргэж, шүүхээс тогтоосон хугацаа дууссан, цаашид ажиллагаа явуулах боломжгүй гэж буцаасан байна. /2хх111/

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, хуралдаан товлосон боловч хариуцагч, өмгөөлөгч нар хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй нь шинжээч томилж дүгнэлт гаргуулах хүсэлтээ дэмжээгүй гэж үзэхээр байх тул шинжээч томилсон дээрх 5 захирамжуудыг хэргийг хүлээн авч ажиллагаа явуулж байгаа шүүгчийн захирамжаар хүчингүй болгож, зохигч талуудын гомдол гаргах эрхийг нь хангасан болно. /2хх/

 

Иргэний хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлд зааснаар шүүгч хэргийг хуульд заасан хугацааны дотор шийдвэрлэх үүрэгтэй байна.

Иймд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн болно.

 

Хариуцагч Г.............., С.............. нар хуралдааны тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд оролцох боломжгүй гэж мэдэгдсэн байх тул хэргийг цугларсан нотлох баримт, бусад нөхцөл байдлыг харгалзан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцсэн зохигчийн тайлбарууд болон бичмэл нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

Нэг: Үндсэн нэхэмжлэлийн тухай:

 

1.1. ............. ХХК нь 2012 оны 09 дүгээр сараас 2012 оны 11 дүгээр сарын хугацаанд Төв аймгийн Алтанбулаг сумын цэцэрлэгийн засварын ажил гүйцэтгэхдээ Н.............., Г.............., С.............. нарыг хөлслөн ажиллуулсан болох нь зохигчийн тайлбараар, ажлын хөлсөнд 2012 оны 10 дугаар сард 4200 000 төгрөг олгосон болох нь цалин олгох хүснэгтээр тус тус тогтоогдож байна. /1хх10/

 

............. ХХК нь Н..............ын хүсэлтээр дээрх хугацаанд ажиллаж байх үед нь дансаар 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 60 000 төгрөг, 2012 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр дансаар 100 000 төгрөг, 2012 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 20 000 төгрөг, нийт 180 000 төгрөгийг,

бэлэн мөнгөөр 100 000 төгрөг, 20 000 төгрөг, 20 000 төгрөг, 80 000 төгрөг, нийт 220 000 төгрөгийг,

эд зүйлээр энергийн гинж 200 000 төгрөг, майк 12 000 төгрөг, жинсэн өмд 10 000 төгрөг, богино нэхий 25 000 төгрөг, нийт 247 000 төгрөгийг зээлдүүлсэн гэж, /1хх8-9/

хариуцагч Н.............. дээрх мөнгө болон эд зүйлийг зээлээгүй, ажлын хөлснөөс төлөгдсөн гэж маргаж байна.

 

Хариуцагч Н.............., Г.............., С.............. нар тайлбараараа дээрх мөнгө болон эд зүйлийг хүлээн авсан талаар маргаагүй нь буцаан төлөх үндэслэлийг бий болгохгүй юм.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.

 

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байх, тухайн харилцааг үндэслэн нэхэмжлэгч шаардах эрхийг хэрэгжүүлэх эрхтэй.

 

Харин нэхэмжлэгч нь мөнгө, эд зүйлийг зээлдүүлсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас дансаар 180 000 төгрөг, бэлнээр 220 000 төгрөг, 247000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

1.2. ............. ХХК нь Н..............ын дансаар 2012 оны 10 сарын 31-ний өдөр 3000 000 төгрөг, 2012 оны 12 сарын 09-ний өдөр 100 000 төгрөг, 2013 оны 03 сарын 21-ний өдөр 190000 төгрөг тус тус шилжүүлсэн, хариуцагч хүлээн авсан байна. /1хх8,11/

 

Харин нэхэмжлэгч дээрх 3 290 000 төгрөгийг зээлүүлсэн гэж, хариуцагч Н.............. 2013 оны 06 сард гүйцэтгэх ажиллах хөлсний урьдчилгаа байсан гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 3 290 000 төгрөгийг зээлдүүлсэн гэх боловч талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Харин хариуцагч Н.............., Г.............., С.............. нарын шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон Н..............ын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан бичмэл баримтуудаар дээрх зээлсэн гэх 3 290 000 төгрөг нь тэдгээрийн 2013 оны 06 сард Төв аймгийн цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлын хөлсний урьдчилгаа гэж үзэхээр байна.

 

Зохигч талуудын хооронд Төв аймгийн цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх талаар бичмэл баримтууд авагдаагүй боловч тэдгээрийн удаа дараагийн тайлбараас үзэхэд ............. ХХК нь дээрх барилгын засварын ажил гүйцэтгүүлэхээр хариуцагч Н.............., Г.............., С.............. нарыг хөлслөн ажиллуулахаар амаар тохиролцжээ.

 

Талуудын энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно гэж заасантай нийцэж байна.

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэж зааснаар талуудын хөлсөөр ажиллах хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн, хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэхээр байна.

 

Энэхүү хүчин төгөлдөр хэлцлийн үндсэн дээр хариуцагч нар Н.Цэрэндагам, Г.............., С.............. нар нь Баттулга, Дуламсүрэн, Хуланбаяр, Батдорж нарын хамт 1 бригад болон 2013 оны 06 сарын 18-ны өдрөөс барилгын засварын ажил гүйцэтгэхээр эхэлж 2013 оны 07 сарын 04-ний өдөр хүртэл гүйцэтгэжээ. /1хх111-113/

 

Талууд дээрх ажил үйлчилгээг гүйцэтгэхдээ хөлсний хэмжээ, хугацааг тохиролцоогүй боловч ажиллуулагч буюу ............. ХХК нь тухайн ажлын хөлсний урьдчилгаанд 2012 оны 12 сараас 2013 оны 03 сар хүртэл хугацаанд Н..............д дансаар шилжүүлэн 3 290 000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг хүлээнэ. Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө. Шаардлагатай бол хөлсийг хэсэгчлэн тодорхой хугацаанд төлөхөөр тохиролцож болно гэж зааснаар дээрх ажлын хөлсөнд хариуцагч нар нь 3290 000 төгрөг авсан байна.

 

Харин ажил гүйцэтгэгч нар нь тохиролцсон ажлыг хийж гүйцэтгээгүй буюу 2013 оны 07 сарын 04-ний өдрөөс үүргээ зөрчиж, ажил үүргээ гүйцэтгээгүй болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.5-д үүрэг гүйцэтгэгч тодорхой ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч уг үүргийг өөрөө гүйцэтгэх буюу гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж учирсан хохирлыг шаардах эрхтэй гэж заажээ.

 

Иймд нэхэмжлэгч ............. ХХК нь хариуцагч Н.............., Г.............., С.............. нараас ажлын хөлсний урьдчилгаанд төлсөн 3 290 000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

1.3. Иргэний хуулийн 227.3-д зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцохоор заажээ. Харин энэ хохиролд өмгөөлөгчид төлсөн 500000 төгрөгийг хохирол тооцох үндэсгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар зохигч талууд нотлох баримтыг эх хувиар боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хувийг гаргаж өгөх үүрэгтэй. Иймд нэхэмжлэгч нь бичмлэн нотлох баримтыг нотариатаар гэрчлүүлсэний төлбөр 12600 төгрөгийг шаардах эрхгүй гэж үзлээ.

 

Дээрх үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас Иргэний хуулийн 227.5-д зааснаар хариуцагч Н.............., Г.............., С.............. нараас 3 290 000 төгрөг гаргуулж ............. ХХК-д олгож,

Иргэний хуулийн 281.1, 227.3-д зааснаар дансаар шилжүүлсэн 180 000 төгрөг, бэлнээр 220 000 төгрөг, эд зүйлийн үнэ 247 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500 000 төгрөг, нотариатын төлбөр 12600 төгрөгийг гаргуулах тухай ............. ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хоёр: 7000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн тухай:

 

Хариуцагч Н.............., Г.............., С.............. нар 2013 оны 06 сарын 18-наас 2013 оны 07 сарын 04 хүртэл хугацаанд Төв цэнгэлдэхийн засварын ажил гүйцэтгэсэн хөлс 7000 000 төгрөгийг нэхэмжлэгч ............. ХХК-иас гаргуулахаар 2016 оны 06 сарын 24-ний өдөр сөрөг нэхэмжлэлийг бичгээр гаргаж, хариуцагч Н.............. нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж шүүх хуралдаанд оролцсон болно.

 

Хэрэгт авагдсан баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

Н.............., Г.............., С.............. нар нь нэхэмжлэгч ............. ХХК-тай амаар харилцан тохиролцож, Төв аймгийн цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажил гүйцэтгэхээр иргэн Баттулга, Дуламсүрэн, Хуланбаяр, Батдорж нарын хамт 1 бригад болон 2013 оны 6 сарын 18-ны өдрөөс 2013 оны 07 сарын 04 хүртэл ажилласан байна.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг хүлээнэ. Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө гэж заасан байна.

Хариуцагч нар нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор дээрх хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ, түүний үнэ хөлснийг тогтоолгохоор хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2016 он 08 сараас 2018 оны 06 сар хүртэл хугацаанд нийт 5 удаа шинжээч томилсон боловч шүүгчийн 2018 оны 09 сарын 19-ний өдрийн 151/ШЗ2018/03141 тоот захирамжаар шинжээч томилсон захирамжийг хүчингүй болгожээ.

 

Хариуцагч тал хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлсэн бичмэл баримтууд болох эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын 2014 оны 12 сарын 19-ний өдрийн 964 тоот тогтоол, 2013 оны 06 сарын 15-ны өдрийн засварын ажлын хөлсний задаргаа, цагдаагийн газар гаргасан өргөдөл, иргэнээс асуусан тайлбар, гэрэл зураг зэргийг нотлох баримтаар гаргасан боловч тухайн баримтууд нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй болно. /1хх103-147/

Хэрэгт Н.............., Г.............., С.............. нарыг Төв аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажилд 2013 оны 06 сарын 18-ны өдрөөс 2013 оны 07 сарын 04 хүртэл хугацаанд 7000 000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн талаар нотлох баримтаар нотлогдохгүй байх тул ............. ХХК-иас ажлын хөлс шаардах эрхгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.5, 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч Н.............., Г.............., С.............. нараас 3 290 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ............. ХХК-д олгож,

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Н.............., Г.............., С.............. нарт холбогдох дансаар зээлсэн 180 000 төгрөг, бэлнээр зээлсэн 220 000 төгрөг, эд зүйлээр зээлсэн 247 000 төгрөг, өмгөөллийн хөлс 500 000 төгрөг, нотариатын төлбөр 12600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ............. ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлин 359.1, 360 дугаар зүйлийн 360.1-д зааснаар ............. ХХК-иас 7000 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч П.............., Г.............., С.............. нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ............. ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 175 364 төгрөгийг, хариуцагч Н.............., Г.............., С.............. нарын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.............., Г.............., С.............. нараас тэмдэгтийн хураамж 67 590 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ............. ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН