Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2017/00973

 

Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 151/ШШ2017/00098 дугаар шийдвэр,

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 223/МА2017/00008 дугаар магадлалтай,

Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Н.Ц, Г.Г, С.А нарт холбогдох,

Зээл, зээлийн хүү 10.025.900 төгрөг гаргуулах тухай үндсэн,

ажлын хөлс 7.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Наранцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Ө ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Алтанбулаг сумын төвд цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлыг хийх хугацаандаа урьдчилгаа, эд бараа зээлээр авсан. Ажил дуусаад явахдаа авсан цалингийн татвар /ХАОАТатвар/ 10%, хийсэн ажил нурж, эвдэрсэн хохирол ашиглагч байгууллагын акттай, ажлаа дуусгаад Н.Цэрэнпагма цалингаа бэлнээр гаргуулж авсан. Ажил бууснаас хойш Төв аймгаас машин хөлслөөд энэ гурав машин авах гэсэн юм гээд зээл авсан. Манай компани ажлаа явуулахдаа иргэд, банк, банк бус банкнаас зээл авч үйл ажиллагаа явуулдаг, сонгон шалгаруулалтаар ажлаа олж авдаг. Авсан зээлээсээ энэ гуравт зээлүүлсэн. Иймд зээл, зээлийн хүү нийт 10.025.900 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Ц, Г.Г, С.А нар шүүхэд гаргасан тайлбартаа: Бид гурав 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2012 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 1 сар 9 хоног Алтанбулагийн барилга дээр ажилласан. Бид гурвыг явахад бэлнээр 3.000.000 төгрөг цалин гэж өгөөд явуулсан. Нэг хүнд 1 1.000.000 төгрөгөөр бодож өгсөн. Ингэж 3.000.000 төгрөг өгөхдөө ээжид өгсөн 60.000 төгрөг, хүргэн Баатархүүгийн эмчилгээнд өгсөн 100.000 төгрөг, Баатархүүгийн аав Гантөмөрт өгсөн 20.000 төгрөг, тамхи, сүү, тараг нийт 174.400 төгрөгийг хасаж тооцохоор тохиролцсон. Хуучин комиссын бараагаа одоо 247.000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Баримтад бид нар гарын үсэг зураагүй. Энэ мөнгөнөөс ХАОАТ-ийн 10 хувь болох 420.000 төгрөг, эвлэрүүлэн зуучлахаар үйлчлүүлсэн тэмдэгтийн хураамж 30.000 төгрөг, анх шүүхэд өгсөн улсын тэмдэгтийн хураамж 105.372 төгрөг, мөн тэмдэгтийн хураамж 135.372 төгрөг, хийсэн ажил нурж, эвдэрсэн хохирол 1.000.000 төгрөг, нотариатын хураамж 12.600 төгрөгүүдийг хүлээн зөвшөөрөхгүй, төлөх үндэслэлгүй. Наранцэцэг эгчээс 100.000 төгрөг зээлсэн нь үнэн. Бид зээлийн гэрээ байгуулж гарын үсэг зураагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Н.Н, Г.Г, С.А нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ө ХХК-д бид нийт 7 хүн 2013 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл өглөөний 7 цагаас шөнийн 02 цаг хүртэл Төв аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлын 70 хувийг хийж гүйцэтгэсэн. Бид гурав Наранцэцэгээс урьд нь 3.000.000 төгрөг авчихсан байсан учир урьдчилгаа мөнгө нэхэлгүйгээр шууд ажилдаа орж үлдэгдэл мөнгөө авна гэж бодож 10 гаруй хоног ажилласан. Цалин 10.000.000 төгрөг авна гэхэд нөхөр нь өгч чадахгүй гээд хөөсөн. Иймд бид гуравт оногдох цалин хөлсөнд 7.000.000 төгрөгийг Ө ХХК-ийн захирал Наранцэцэгээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ө ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хийсэн ажлын хөлс санхүүгийн баримтаар нотлогдох ёстой. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 151/ШШ2017/00098 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 343 дугаар зүйлийн 343.1, 343.2 дахь хэсэгт тус тус зааснаар Ө ХХК-ийн зээл хүүгийн төлбөр 10.025.900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч Н.Ц,  С.А, Г.Г нар эс зөвшөөрч, ...18 хоногийн засварын ажлын хөлс 7.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ө ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175.364 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 126.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж  шийдвэрлэжээ.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 223/МА2017/00008 дугаар магадлалаар: Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 151/ШШ2017/00098 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Монгол Улсын Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар Н.Цэрэнпагмаас 10.025.900 төгрөгийг гаргуулах тухай Ө ХХК-ийн нэхэмжлэлийг, Н.Ц,  С.А, Г.Г нарын 18 хоногийн засварын ажлын хөлс 7.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85.050 төгрөгийг шүүгчийн захирамжаар орон нутгийн төсвийн орлогоос буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Наранцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх миний түр хугацаагаар итгээд зээлдүүлсэн 3.000.000 төгрөгийг Цэрэнпагамаас буцаан авах эрхгүйгээр намайг хохироосон шударга бус шийдвэр гаргасанд маш их гомдолтой байна.

Цэрэнпагам надаас мөнгө зээлэхдээ би машин авах гэсэн юмаа 3.000.000 төгрөг зээлээч гэхээр нь би түүнд итгээд Цэрэнпагамын дансруу шилжүүлэхдээ зээл гэж тодорхой бичээд шилжүүлсэн. Шилжүүлгийн баримтаа шүүхэд өгсөөр байхад шүүх анхаарч үзээгүй. Наадмын стадионы засварын ажлыг хийгээгүй учир нь цалин дээрээ тохиролцоогүй явсан гэж мэдүүлсээр байхад шүүх үндэслэлгүй шийдвэрлэлээ. Манай компани Алтанбулгийн цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын засварын ажлыг Цэрэнпагам түүний нөхөр дүү нараар хийлгэсэн энэ хугацаанд тэд нарт зээлээр эд бараа.бага багаар мөнгө зээлүүлдэг байсан. Харин ажлаа хийж дууссаных нь дараа би Цэрэнпагам.Ариунболд.Ганхуяг нарт цалинд нь нийтдээ 4.200.000 төгрөгийг олгосон энэ цалин олгох хүснэгтээр олгож гарын үсэг зуруулсан баримт хэрэгт байгаа.Стадионы засварын ажлыг өөр 16 хүнтэй Батцэцэгийн бригад хийсэн юм. Цэрэнпагам ажил хийсэн гэж өөрөө худлаа тоо баримт бичиж хуурамч бичиг баримт бүрдүүлж шүүхэд өгсөн байдаг.

Иймд Төв аймгийн Сум дундын шүүхийн 2017 оны 01-р сарын 24-ны өдрийн шийдвэр, Төв аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04-р сарын 11 -ны өдрийн 223/МА2017/00008 дугаар магадлалыг хүчингүй болгож Цэрэнпагамаас 3.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож чадаагүйгээс гадна хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. 

Нэхэмжлэгч Ө ХХК нь хариуцагч Н.Ц, Г.Г, С.А нараас 10.025.900 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг зээл, зээлийн хүү гэж тодорхойлжээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө 3.000.000 төгрөгийг ажлын хөлсний урьдчилгаанд тооцон авсан гэж марган ажлын хөлсний үлдэгдэл 7.000.000 төгрөг шаардсан сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхийн тулд нэхэмжлэгч нь хариуцагчид мөнгө зээлж, хүү тооцохоор бичгээр тохирсон эсэх, хариуцагч нь хэдийд, ямар үнэ хөлстэй ажил гүйцэтгэхээр тохирсон, уг ажлыг хийж гүйцэтгэсэн, ажлын хөлс авсан эсэх талаар дүгнэлт хийх шаардлагатай болно. 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар Ө ХХК нь 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Н.Ц-д 3.000.000 төгрөгийг “зээл” гэсэн утгатайгаар шилжүүлсэн ба хариуцагч Г.Ганхуяг, Н.Цэрэнпагам нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...3.000.000 төгрөг зээлсэн, гэхдээ үүнийг дараа хийх ажлын хөлсний урьдчилгаанд тооцсон” гэжээ /хэргийн 187-189 дүгээр тал/.

Түүнчлэн Н.Ц, Г.Г, С.А  нар нь 2012 оны 10 дугаар сард Ө ХХК-с тус бүр 1.400.000 төгрөг, нийт 4.200.000 төгрөг авснаа үгүйсгээгүй байх бөгөөд цалин олгох баримтад гарын үсэг зурагджээ /хэргийн 10, 190 дүгээр тал/.  

Хариуцагч нар цалингаа бэлнээр эсвэл бэлэн бусаар авсан эсэх, мөн нэхэмжлэгчээс шилжүүлсэн дээрх 3.000.000 төгрөгийг хариуцагч нарт олгосон цалинд тооцохоор талууд тохирсон эсэх нь тодорхой бус, энэ талаарх  баримт хэрэгт авагдаагүй,  шүүх уг үйл баримтыг тодруулаагүй учир хэргийн бодит байдал бүрэн тогтоогдсон гэж үзэх боломжгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ.

Хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд тэрээр нэхэмжлэгчээс 3.000.000 төгрөг авснаа үгүйсгээгүй, харин уг мөнгийг дараа хийх ажлын урьдчилгаа төлбөрт оруулан тооцсон гэж марган, улмаар гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдлийг гаргуулах сөрөг шаардлага гаргасан байхад шүүх үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар хэргийн оролцогч нь шинжээч томилуулах хүсэлт гаргах эрхтэй ба мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-т “...шинжилгээ хийлгэх...тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэжээ.

Шүүх, хариуцагчийн өмгөөлөгч С.Сувдмаагийн “...хариуцагч нарын хийсэн  ажлын гүйцэтгэл, ажлын үнэлгээний талаар шинжээч томилж, дүгнэлт гаргуулах” хүсэлтийг хүлээн авч  2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2621 шүүгчийн захирамжаар “Хан үнэлэмж” ХХК-ийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн боловч шинжээч нь Н.Ц баримт өгсөн, Ө ХХК нь нотлох баримтгүй, хамааралгүй гэсэн хариу өгсөн гэсэн шалтгаанаар дүгнэлт гаргахаас татгалзсан байна /хэргийн 76-88 дугаар тал/

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3.-т зааснаар шинжээч нь шинжилгээ хийж дүгнэлт гаргахад шаардлагатай нэмэлт материал гаргаж ирүүлэхийг шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдээс хүсэх эрхтэй бөгөөд шинжээч нь энэхүү ажиллагааг явуулаагүй атлаа шинжилгээ хийхээс татгалзсан нь хуульд нийцээгүй байхад анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 46 дугаар зүйлийн 46.4-т заасан ажиллагааг явуулалгүй хэргийг шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.   

Түүнчлэн анхан шатны шүүх зохигчдоос гаргаж өгсөн нотлох баримтуудыг нэрлэн дурдсан атлаа эдгээр баримтыг үнэлж,  дүгнээгүй нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасан “шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэсэн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулж, зөвтгөөгүй нь буруу болжээ.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 151/ШШ2017/00098 дугаар шийдвэр, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 223/МА2017/00008 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны  05 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 85.050 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ