Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 155/ШШ2020/00150

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүгч Б.Отгонбямба, шүүгч Р.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 6 дугаар баг Зөөлөнд оршин суух Тулга овогт Намсрайн ******* /................./-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 01 дүгээр багийн 9-09 тоотод оршин суух Бэрх овогт Лувсандоржийн Содномхишиг /...................../,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 6 дугаар баг Зөөлөнд оршин суух Цагаан хуулар овогт Дамдинсүрэнгийн Отгонбаяр /......................./,

Хариуцагч:Хөвсгөл аймгийн Ханх сумын 3 дугаар баг Турт оршин суух Улаан хуулар овогт Бадарчийн Отгонбаяр /............................/ нарт холбогдох,

Хариуцагч Д.Отгонбаярын өмгөөлөгч: Шүүхэд төлөөлөх эрхийн 1103 дугаарын үнэмлэхтэй Барнууд овогт Баадайн Батдорж /................................./

Д.Одгонбаяр, Б*******нараар өөрийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, Д.Отгонбаяр, Б*******нарт мэдээллийг тараасан хэлбэрээр уучлалт хүсэхийг болон мэдээллийг тараасан цахим хуудсаар дамжуулан няцааж, залруулга хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг, хариуцагч Д.Отгонбаяр, хариуцагч Д.Отгонбаярын өмгөөлөгч Б.Батдорж, иргэдийн төлөөлөгч М.Гантөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оноос эхлэн Ренчинлхүмбийн идэвхтэй хуудас нэртэй цахим хуудсаар Дамдинсүрэнгийн Отгонбаяр, Бадарчийн Отгонбаяр нар нь миний нэр хүндэд бүдүүлгээр халдаж, ор үндэсгүйгээр гутаан гүтгэж доромжилж ирлээ. Уг цахим хуудсанд Д*******нь Otloi Damdinsuren, Б*******нь Otgonbayr Badarch гэсэн хаяг эзэмшдэг юм. Хүн бүр өөрийн нэр төр, алдар хүндийг хамгаалуулах эрхтэй болохыг Хүний эрхийн түгээмэл тунхаглалд тунхаглаж өгсөн бол Хэний ч нэр төрийг гутаан доромжилж болохгүй гэж Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заажээ. Миний бие Д.Отгонбаярын гүтгэлэг доромжлолыг хэрхэн няцаах талаар их удаан хугацаанд бодсоны эцэст асуудлыг шүүхэд хандан шийдвэрлүүлж нэр төрөө сэргээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Д.Отгонбаяр, Б*******нар нь хүмүүстэй нийлэн намайг ******* чи бол дарангуйлагч, хойд Солонгосын ерөнхийлөгч Ким Жон Ун мөн. Чи хөх цамцат, төсвийн мөнгө иддэг, ард түмнээ дарамталдаг гэх мэтийн гүтгэлгийг маш олон удаа нийгмийн сүлжээнд бичиж байрлуулсан.Үүнийг манай сумын 5000 иргэн, өөр аймаг, сум, хотод амьдардаг болон гадаадад суудаг бүх хүмүүс, надтай хамтарч ажилладаг аймаг, сумдын удирдлагууд бүгд үзсэн байсан. Тэр ч бүү хэл зарим нь Ким дарга гэж дуудах болсон. Үүнээс гадна хамгийн харамсалтай нь энэ үйл явдалд миний хань үр хүүхдүүд маш их эмзэглэж, яах ёстойгоо мэдэхгүй, таньдаг мэддэг хүмүүсээсээ ичиж зовж шаналсаар байдаг болсон. Энэ үйл явдлаас хойш удалгүй эхнэр минь тархинд нь цус харваж нас барсан ба үүнийг би сэтгэл санааны хүнд дарамтад байснаас болсон гэж үздэг. Үүнд би маш их гомдолтой явдаг. Миний бие 1981 онд УБДСургуулийг багш мэргэжлээр төгсөж ирснээс хойш төрийн албаны удирдах албан тушаалд тасралтгүй ажилласан. Ажиллах хугацаандаа төрийн албыг чин шударгаар гүйцэтгэхийн төлөө чармайн, иргэд, хамт олныхоо сайн сайхны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, шударга, зарчимч, зөвд зөөлөн, бурууд хатуу байх зарчмыг баримталж ирсэн билээ. Гэтэл яагаад миний нэр төрд ингэж бүдүүлгээр халдан гүтгэн доромжлоод байгааг огт ойлгохгүй байна. Миний зүгээс дээрх гүтгэлэг, доромжлолд нэг ч удаа няцаалт хийж байгаагүй болно. Аливаа юм хэмжээ хязгаартай байдаг учраас асуудлыг шүүхээр шийдвэрлүүлж нэр төрөө сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байна. Иймд шүүхээс хэргийг хянан үзэж Ренчинлхүмбэ сумын иргэн Д.Отгонбаяр, Б*******нараар миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, тэдэнд мэдээллийг тараасан хэлбэрээр уучлалт хүсэхийг болон мэдээллийг тараасан цахим хуудсаар дамжуулан худал мэлээллээ няцааж, залруулга хийхийг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ренчинлхүмбэ сумын иргэн Н.******* нь Д.Отгонбаяр, Б*******нарт холбогдуулан тэднээр өөрийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, тэдэнд мэдээллийг тараасан цахим хуудсаар дамжуулан худал мэдээллээ няцааж, залруулга хийлгүүлэх талаар нэхэмжлэлийн шаарлага гаргасан билээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Д.Отгонбаяр, Б*******нараас шүүхэд ирүүлсэн тайлбаруудтай танилцаад дараахи тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Хариуцагч нарын зүгээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг няцааж, олон нийтийн сүлжээнд иргэн Н.******* нь төсвийн мөнгө иддэг, ард түмнээ дарамталдаг, төслөөр багаж, тоног төхөөрөмж авч эмнэлэгт шахсан гэх мэт зүйлүүдийг бичиж бусдад түгээсэн үйл баримтуудыг нотлон, түүнийгээ баталгаажуулсан нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байгааг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

2. Иргэн ******* нь эхнэрээ нас барсны дараа сумын Эрүүл мэндийн төвдөө түүний нэрэмжит тасгийг байгуулж, тоног төхөөрөмж авчирч өгч тохижуулсныг сумын ЭМТөв цахим сүлжээнд тавьсныг төслөөр авч нийлүүлсэн гэж мушгин гуйвуулж нэр төрд халдсан гэж нэхэмжлэгч үзэж байгаа юм. Энэ талаар сумын эрүүл мэндийн төвөөс ийм явдал болоогүй гэсэн нотлох баримтыг гаргаж өгсөн байна. Материалыг нотлох баримтаар шүүхэд өгнө.

3. Мөн төсвийн мөнгө идсэн гэж байгаа нь ор үндэслэлгүй гүтгэлэг байна гэж үзэж байна. Дээрх худал гүжирдлэгүүдийг нэгэнт сошиалд тавьсан болохоор маш олон хүнд тарсан нь ойлгомжтой ба нэхэмжлэгч болон түүний гэр бүлийг сэтгэл санааны хүнд дарамтад оруулсан гэж үзэж байна.

4. Нэхэмжлэгчийн зүгээс зөрчигдсөн эрхээ шаардах эрхтэй ба бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараагдсан, уг мэдээ бодит байдалд нийцэж байгааг тараасан этгээд нотолж чадахгүй тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэгтэйг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-д тодорхой заасан байна.

Иймд нэр төр сэргээлгэх, мэдээллийг тараасан хэлбэрээр уучлалт хүсэхийг болон мэдээллийг тараасан цахим хуудсаар дамжуулан худал мэдээллээ няцааж, залруулга хийхийг хариуцагч Д.Отгонбаяр, Б*******нарт даалгах талаар гаргасан нэхэмжлэгч Н.Батсуурийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Д*******шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын иргэн Н.Батсуурийн шүүхэд гаргасан гомдлыг уншиж танилцаад тайлбар гаргалаа. Иргэн Д*******миний бие сумын ИТХ-д иргэдийн сонголтоор 3 удаа буюу 12 жил сонгогдон хурлын тэргүүлэгчээр 3 удаа сонгогдон ажиллаж байгаа. Уг сонгогдох хугацаанд сумын ИТХ-аас Хяналтын Зөвлөлийн даргаар сүүлийн 8 жил сонгогдон ажиллаж сум орон нутаг, ард иргэдийн төлөө татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг ОНХСан, Сум хөгжүүлэх сангийн зарцуулалт гүйцэтгэлд хяналт тавьж ирлээ. Иргэдээс сонгогдсон төлөөлөгчийн хувьд, зөвлөлийн даргын хувьд сумын удирдлагуудтай санал солилцох, шаардлага тавих, гүйцэтгэлд хяналт тавьж, шаардах, сумын ИТХ болон тэргүүлэгчдийн хурал бүрт харилцан ярилцаж үл ойлголцох зүйлүүд гардаг байсан. Сумын газар төлөвлөлт, зохион байгуулалт мөн бүтээн байгуулалтын тендэр, гүйцэтгэл зэрэг зүйлүүдэд санал нийлэхгүй тул маргалдах зүйлүүд олон байсан. Харин иргэн Н.*******тай гэр бүл болон хувь хүний хувьд эд зүйл, мөнгө төгрөг, гэр бүлийн талаар нэг ч удаа маргалдаж хэлэлцэх зүйлүүд огт байгаагүй. Шүүхэд өгсөн нэхэмжлэлийг уншиж үзэхэд миний хувьд иргэн Н.Батсуурийг хувь хүнийх нь хувьд доромжилсон зүйл үгүй болно. Сошалиар иргэн хүнийхээ хувьд өөрийн зураг нэр хаяг дээрээс сумын удирдлага болон нутаг орныхоо талаар ил тодоор мэдээллээ өнөөдрийг хүртэл тавьж ирлээ. Иргэн хүний хувьд хуулиар олгогдох эрхийн дагуу үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг нь үнэн. Харин Н.******* гэсэн нэр хаягтай хүнтэй албан ёсоор чатаар нэг ч үг бичилцэж байгаагүй. Мөн нэхэмжлэл дээр бичсэнээр гэр бүлийн асуудалд гарсан талийгаачийнх нь талаар гомдолтой байна. Тухайн талийгаач Ж.Баттогтох нь Төрийн банкны захирал хийж байх хугацаандаа давхар безнесийн ажлаа хийж яваад Мөрөн хотын зах дээр бие нь муудаж хот орж 3-р эмнэлэгт эмчлүүлж байхдаа нас барсан гэж сонссон. Надад ч мөн сошиалаар гүтгэлгийн чанартай зүйлүүд ирж байсан.

Би Н.******* гэсэн нэр орсон ямар нэгэн мэдээ мэдээлэл сошиалд огт тавьж бичиж байгаагүй. Энэ хүний нэр төр болон ажил хэргийн нэр төр унасан зүйл огт байхгүй. Харин ч сүүлийн 3 жил сумынхаа шилдэг төрийн түшээ, мөн 2019 онд Хөвсгөл аймгийн шилдэг төрийн түшээгээр тус тус шалгарч байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Б*******шүүхэд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын иргэн Намсрайн ******* нь цахим ертөнцөөр намайг доромжилсон гэж нэхэмжлэл гаргасан тул би энэхүү нэхэмжлэлтэй танилцав. Энэ хүн нь өөрөө цахим сүлжээнд яг өөрийн гэсэн хаяг байдаг ч юм уу үгүй ч юм уу бүү мэд хуурамч хаяг нээгээд биднийг ч гэсэн янз бүрээр хэлдэг. Над шиг өөрийн зурагтай өөрийн нэртэй цахим хаягаараа харилцвал болох байсан. Ийм баримт бүрдүүлж шүүхэд өгч байгаа юм чинь далд харилцаж байна гэсэн үг гэж би ойлгодог. Иргэн би бол яг Намсрайн ******* гэсэн хүний хаяганд юм бичсэнээ мэдэхгүй байна. Цахим ертөнцөөр би энэ хүнийг үнэндээ муулая гэсэн бол нэрээ нууцлаад өөр хаягаас бичиж болох л байсан. Би чөлөөт ардчилсан нийгэмд үзэл болдлоо илэрхийлэхдээ нэрээ нууцлах ёсгүй биз дээ. Би энэ хүнийг илтээр доромжилсоноо сайн мэдэхгүй байна. Их туслахтай том хүн юм байна. Надад тийм туслах ч байхгүй. Эхлээд энэ хүн яг ямар нэртэй хаяг нь Батсуурийнх байсан юм. Яаж доромжилснийг тодруулах, өөрөө дээрх 2 хаяганд байсан эсэхээ хэлэх хэрэгтэй. Тийм бол намайг ч гэсэн янз бүрээр хэлсэн байгаа шүү. Би энэ хүнийг илтээр доромжилсоноо мэдэхгүй байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батдорж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзэхэд уг цахим хуудсан дээрх дарга гэж бичигдсэн сэтгэгдлийг өөрийг нь хэлж доромжилж байна гэж ойлгосон юм шиг байна. Дарга гэдэг нь Н.******* гэсэн үг биш юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага ямар учраас аль нэр хүнд нь гутаагдаад байгаа юм бэ? Харин ч бүр сүүлийн 3 он дараалан шилдэг түшээгээр шалгарч байсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Д.Отгонбаяр, Б*******нарт холбогдуулан өөрийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, мэдээллийг тараасан хэлбэрээр уучлалт хүсэхийг болон мэдээллийг тараасан цахим хуудсаар дамжуулан няцааж, залруулга хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч талуудН.******* гэсэн нэр орсон ямар нэгэн мэдээ мэдээлэл сошиалд огт тавьж, бичиж байгаагүй. Энэ хүний нэр төр болон ажил хэргийн нэр төр унасан зүйл байхгүй. Харин ч сүүлийн 3 жил Н.******* сумын шилдэг төрийн түшээ, мөн 2019 онд Хөвсгөл аймгийн шилдэг төрийн түшээгээр тус тус шалгарсан байгаа. Харин сошалиар иргэн хүнийхээ хувьд өөрийн зураг, нэр, хаяг дээрээс сумын удирдлага болон нутаг орныхоо талаар ил тодоор санал бодлоо илэрхийлж байсан нь үнэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргалаа.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь: Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэгтэйг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д заасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... 2016 оноос эхлэн Ренчинлхүмбийн идэвхтэй хуудас нэртэй цахим хуудсаар хариуцагч Д.Отгонбаяр, Б*******нар нь Н.Батсуурийн нэр хүндэд бүдүүлгээр халдаж, ор үндэсгүйгээр гутаан гүтгэж доромжилсон. Дээрх мэдээллээс болоод нэхэмжлэгчийн хань, үр хүүхдүүд нь эмзэглэж, таньдаг мэддэг хүмүүсээсээ ичиж зовж шаналсаар байдаг байсан. Энэ үйл явдлаас болж нэхэмжлэгчийн хань даралт харван эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан хэмээн тайлбарласан.

Гэвч Ренчинлхүмбийн идэвхтэй хуудас гэх цахим хуудсанд нэхэмжлэгч Н.Батсуурийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан ямар мэдээ, мэдээлэл хэдий хугацаанд байрласан, бусад мэдээллийн хэдэн цахим хуудас руу илгээсэн буюу тархсан хүрээ, уг мэдээллийг уншсан, сэтгэгдэл бичсэн хүний тоо болон улмаар нэхэмжлэгчийн сэтгэл санаанд хэрхэн хохирол яаж учирсан, түүний улмаас ямар үр дагавар бий болсон талаар нотлож чадахгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох холбогдох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй.

Нөгөө талаар хүний алдар хүнд гэдгийг бусдаас өөрийнх нь талаар өгсөн үнэлгээнд тулгуурласан үнэлэмжийг ойлгодог бөгөөд алдар хүнд нь нэр төрийн адил хүн бүхэнд байдаггүй, хувь хүний хүслээр болдоггүй, цөөн хүнд оногдох авъяас, хөдөлмөрийн илрэлээр төрөөс олгогддог онцлогтой байдаг ба нэхэмжлэгч Н.Батсуурийн алдар хүнд нь хэрхэн ямар байдлаар гутаагдсан болох нь нотлогдохгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хариуцагч Б.Отгонбаярт 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зарлагдсан шүүх хуралдааны товыг 2020 оны 01 дүгээр сарын сарын 13-ны өдөр түүний эзэмшлийн 88304025 дугаар утсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг, хариуцагч Д.Отгонбаяр, хариуцагч Д.Отгонбаярын өмгөөлөгч Б.Батдорж нар нь Б.Отгонбаярыг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдлаа.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-д зааснаар хариуцагч Д.Отгонбаяр, Б*******нарт холбогдох нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, мэдээллийг тараасан хэлбэрээр уучлалт хүсэхийг болон мэдээллийг тараасан цахим хуудсаар дамжуулан няцааж, залруулга хийхийг даалгуулах тухай Н.Батсуурийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ

ШҮҮГЧИД Б.ОТГОНБЯМБА

Р.САРАНТУЯА