Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 00010

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

 

Н.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Ё.Бямбацэрэн, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг, хариуцагч Д.О, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батдорж нарыг оролцуулан хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 150 дугаар шийдвэртэй,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

Нэхэмжлэгч: Н.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.О, Б.О нарт холбогдох Д.О, Б.О нараар өөрийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, Д.О, Б.О нарт мэдээллийг тараасан хэлбэрээр уучлалт хүсэхийг болон мэдээллийг тараасан цахим хуудсаар дамжуулан няцааж, залруулга хийхийг даалгуулах тухай маргаантай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Н.Батсуурь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оноос эхлэн Рэнчинлхүмбийн идэвхтэй хуудас нэртэй цахим хуудсаар Дамдинсүрэнгийн О, Бадарчийн О нар нь миний нэр хүндэд бүдүүлгээр халдаж, ор үндэсгүйгээр гутаан гүтгэж доромжилж ирлээ. Уг цахим хуудсанд Д.Отгонбаяр нь Otloi Damdinsuren, Б.О нь Otgonbayr Badarch гэсэн хаяг эзэмшдэг юм. Хүн бүр өөрийн нэр төр, алдар хүндийг хамгаалуулах эрхтэй болохыг Хүний эрхийн түгээмэл тунхаглалд тунхаглаж өгсөн бол хэний ч нэр төрийг гутаан доромжилж болохгүй гэж Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заажээ. Миний бие Д.О-ын гүтгэлэг доромжлолыг хэрхэн няцаах талаар их удаан хугацаанд бодсоны эцэст асуудлыг шүүхэд хандан шийдвэрлүүлж нэр төрөө сэргээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Д.О, Б.Отгонбаяр нар нь хүмүүстэй нийлэн намайг Батсуурь чи бол дарангуйлагч, Хойд Солонгосын ерөнхийлөгч Ким Жон Ун мөн. Чи хөх цамцат, төсвийн мөнгө иддэг, ард түмнээ дарамталдаг гэх мэтийн гүтгэлгийг маш олон удаа нийгмийн сүлжээнд бичиж байрлуулсан. Үүнийг манай сумын 5000 иргэн, өөр аймаг, сум, хотод амьдардаг болон гадаадад суудаг бүх хүмүүс, надтай хамтарч ажилладаг аймаг, сумдын удирдлагууд бүгд үзсэн байсан. Тэр ч бүү хэл зарим нь Ким дарга гэж дуудах болсон.  

 ... Иймд шүүхээс хэргийг хянан үзэж Ренчинлхүмбэ сумын иргэн Д.О, Б.О нараар миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, тэдэнд мэдээллийг тараасан хэлбэрээр уучлалт хүсэхийг болон мэдээллийг тараасан цахим хуудсаар дамжуулан худал мэдээллээ няцааж, залруулга хийхийг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Д.Ор, Б.Ор нараас шүүхэд ирүүлсэн тайлбаруудтай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Хариуцагч нарын зүгээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг няцааж, олон нийтийн сүлжээнд иргэн Н.Батсуурь нь төсвийн мөнгө иддэг, ард түмнээ дарамталдаг, төслөөр багаж, тоног төхөөрөмж авч эмнэлэгт шахсан гэх мэт зүйлүүдийг бичиж бусдад түгээсэн үйл баримтуудыг нотлон, түүнийгээ баталгаажуулсан нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байгааг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

2. Иргэн Батсуурь нь эхнэрээ нас барсны дараа сумын эрүүл мэндийн төвдөө түүний нэрэмжит тасаг байгуулж, тоног төхөөрөмж өгч тохижуулсныг сумын эрүүл мэндийн төвийн цахим сүлжээнд тавьсныг төслөөр авч нийлүүлсэн гэж мушгин гуйвуулж нэр төрд халдсан гэж нэхэмжлэгч үзэж байгаа юм. Энэ талаар сумын эрүүл мэндийн төвөөс ийм явдал болоогүй гэсэн нотлох баримтыг гаргаж өгсөн байна. Материалыг нотлох баримтаар шүүхэд өгнө.

3. Мөн төсвийн мөнгө идсэн гэж байгаа нь ор үндэслэлгүй гүтгэлэг байна гэж үзэж байна. Дээрх худал гүжирдлэгүүдийг нэгэнт сошиалд тавьсан болохоор маш олон хүнд тарсан нь ойлгомжтой ба нэхэмжлэгч болон түүний гэр бүлийг сэтгэл санааны хүнд дарамтад оруулсан гэж үзэж байна.

4. Нэхэмжлэгчийн зүгээс зөрчигдсөн эрхээ шаардах эрхтэй ба бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараагдсан, уг мэдээ бодит байдалд нийцэж байгааг тараасан этгээд нотолж чадахгүй тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэгтэйг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-д тодорхой заасан байна.

Иймд нэр төр сэргээлгэх, мэдээллийг тараасан хэлбэрээр уучлалт хүсэхийг болон мэдээллийг тараасан цахим хуудсаар дамжуулан худал мэдээллээ няцааж, залруулга хийхийг хариуцагч Д.Отгонбаяр, Б.Отгонбаяр нарт даалгах талаар гаргасан нэхэмжлэгч Н.Батсуурийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Отгонбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарлахдаа: ... Шүүхэд өгсөн нэхэмжлэлийг уншиж үзэхэд миний хувьд иргэн Н.Батсуурийг хувь хүнийх нь хувьд доромжилсон зүйл үгүй болно. Сошиалаар иргэн хүнийхээ хувьд өөрийн зураг нэр хаяг дээрээс сумын удирдлага болон нутаг орныхоо талаар ил тодоор мэдээллээ өнөөдрийг хүртэл тавьж ирлээ. Иргэн хүний хувьд хуулиар олгогдох эрхийн дагуу үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг нь үнэн. Харин Н.Батсуурь гэсэн нэр хаягтай хүнтэй албан ёсоор чатаар нэг ч үг бичилцэж байгаагүй. ... Би Н.Батсуурь гэсэн нэр орсон ямар нэгэн мэдээ мэдээлэл сошиалд огт тавьж бичиж байгаагүй. Энэ хүний нэр төр болон ажил хэргийн нэр төр унасан зүйл огт байхгүй. Харин ч сүүлийн 3 жил сумынхаа шилдэг төрийн түшээ, мөн 2019 онд Хөвсгөл аймгийн шилдэг төрийн түшээгээр тус тус шалгарч байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Б.Отгонбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: ... Энэ хүн нь өөрөө цахим сүлжээнд яг өөрийн гэсэн хаяг байдаг ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд.  Хуурамч хаяг нээгээд биднийг ч гэсэн янз бүрээр хэлдэг. Над шиг өөрийн зурагтай өөрийн нэртэй цахим хаягаараа харилцвал болох байсан. Ийм баримт бүрдүүлж шүүхэд өгч байгаа юм чинь далд харилцаж байна гэсэн үг гэж би ойлгодог. Иргэн би бол яг Намсрайн Батсуурь гэсэн хүний хаяганд юм бичсэнээ мэдэхгүй байна. Цахим ертөнцөөр би энэ хүнийг үнэндээ муулъя гэсэн бол нэрээ нууцлаад өөр хаягаас бичиж болох л байсан. Би чөлөөт ардчилсан нийгэмд үзэл бодлоо илэрхийлэхдээ нэрээ нууцлах ёсгүй биз дээ. Би энэ хүнийг илтээр доромжилсноо сайн мэдэхгүй байна. Эхлээд энэ хүний яг ямар нэртэй хаяг нь Батсуурийнх байсан, яаж доромжилсонийг тодруулах, өөрөө дээрх 2 хаяганд байсан эсэхээ хэлэх хэрэгтэй. Тийм бол намайг ч гэсэн янз бүрээр хэлсэн байгаа шүү. Би энэ хүнийг илтээр доромжилсноо мэдэхгүй байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батдорж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзэхэд уг цахим хуудсан дээрх дарга гэж бичигдсэн сэтгэгдлийг өөрийг нь хэлж доромжилж байна гэж ойлгосон юм шиг байна. Дарга гэдэг нь Н.Батсуурь гэсэн үг биш юм.  ... Харин ч бүр сүүлийн 3 жил дараалан шилдэг түшээгээр шалгарч байсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 150 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-д зааснаар хариуцагч Д.Отгонбаяр, Б.Отгонбаяр нарт холбогдох нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, мэдээллийг тараасан хэлбэрээр уучлалт хүсэхийг болон мэдээллийг тараасан цахим хуудсаар дамжуулан няцааж, залруулга хийхийг даалгуулах тухай Н.Батсуурийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Н.Батсуурь нь иргэн Д.Отгонбаяр Б.Отгонбаяр нарт холбогдуулан тэднээр өөрийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, тэдэнд мэдээллийг тараасан хэлбэрээр уучлалт хүсэхийг болон мэдээллийг тараасан цахим хуудсаар дамжуулан худал мэдээллээ няцааж, залруулга хийлгүүлэх талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ. Гэтэл анхан шатны шүүх нь хэрэгт цугларсан нотлох баримтуудыг нэхэмжлэлийн шаардлагын үйл баримтанд хамааруулж үнэлэлгүй, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалалгүй, хууль хэрэглээний болон журам зөрчсөн алдаанууд гаргаж үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь хэрэг маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 40-р зүйлийн 40.2, 116 дугаар зүйлийн 116.2 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэж дараах үндэслэлээр хянан үзэж өгөхийг хүсч байна. Үүнд:

1. Анхан шатны шүүх нь хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна.

2. Шүүх нь нэхэмжлэгч Н.Батсуурьт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ талуудыг мэтгэлцүүлээгүй, хариуцагчийн гэм буруутай эсэхийг тогтоолгүйгээр хэт нэг талыг баримтлан үндэслэлгүй шийдвэр гаргалаа.

3. Хариуцагч нь шүүхийн өмнө нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаагаа нотолсон нотлох баримтуудыг шүүхэд гарган өгч, татгалзлаа нотлох үүрэгтэй атал шүүхийн зүгээс хариуцагчийг татгалзлаа нотлох шаардлагагүй гэж үзэж хариуцлагаас чөлөөлсөн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна гэсэн зарчимд нийцээгүй гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 150 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Батсуурь нь хариуцагч Д.Отгонбаяр, Б.Отгонбаяр нарт холбогдох нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, тэдэнд мэдээллийг тараасан хэлбэрээр уучлалт хүсэхийг болон мэдээллийг тараасан цахим хуудсаар дамжуулан худал мэдээллээ няцааж, залруулга хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.Батсуурийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шүүгчдийн зөвлөгөөний 04 дүгээр тогтоолоор шүүгчдийн зөвлөгөөнөөс баталсан хуваарийн дагуу шүүгч Г.Даваахүү хянан шийдвэрлэхээр томилогдож тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.

Ингээд тус шүүхийн ерөнхий шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 155/ЕШ2020/00075 дугаартай шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах тухай захирамжаар хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 14 цаг 00 минутанд хянан хэлэлцэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Г.Даваахүүг, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Бямбасүрэн, Б.Мөнхтуяа нарыг томилсон шийдвэрийг албажуулсан байна.

Гэтэл шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхэд шүүгч Г.Даваахүү даргалж, шүүгч Б.Отгонбямба, шүүгч Р.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн байна.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д “Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг захирамж гарган томилно.”, мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т “Хуваарийн дагуу томилогдсон шүүгч буюу шүүх бүрэлдэхүүн тухайн шүүх хуралдаанд оролцож чадахгүй тохиолдолд түүнийг орлох шүүгч буюу шүүх бүрэлдэхүүнийг энэ хуулийн 78.1-д заасан журмаар томилно” гэж тус тус зохицуулсныг зөрчсөн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөн томилсон тухай баримт хэрэгт авагдаагүй атал хэргийг томилогдсоноос өөр бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4 дэх хэсэгт заасан “хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн” гэж үзэх үндэслэл болох тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон тул давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад дүгнэлт хийх боломжгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 155/ШШ2020/00150 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                            Б.СОСОРБАРАМ

                                      ШҮҮГЧИД                            Ё.БЯМБАЦЭРЭН

                                        Н.БАЯРХҮҮ