Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2020/02660

 

 

2020 10 27 181/ШШ2020/02660

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, шүүгч О.Одгэрэл, Ө.Уянга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Н.Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б яам,

Хариуцагч: Н газар тус тус холбогдох,

Гэм хорын хохиролд 350.000.000 төгрөг болон Б.Г-ийн суурь боловсролын гэрчилгээ гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Н, Б яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, Н газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, иргэдийн төлөөлөгч О.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Тэмүүжин Өрлөг ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Г-ийн төрсөн ээж Нямсүрэнгийн Нарантуяа байна.

Миний нэхэмжлэл гаргасан шалтгаан нь миний насанд хүрээгүй арван хэдхэн настай хүү хууль бус сургуулийн дотуур байранд гэмтэж хохирсон. Манай гэр бүлийн зүгээс 4 жилийн хугацаанд хүүхэддээ эмчилгээ хийлгэсэн боловч эрүүл саруул болоогүй бөгөөд цаашид Монголд эмчлэгдэх боломжгүй болж хүү минь бүх л амьдралаараа хохирч байна.

Боловсролын яам болон Н газраас эмчилгээний зардал нэхэмжлэх болсон шалтгаан нь хүүхэд анх 2016 оны 3 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд 7 дугаар ангид байхдаа сургуулийн дотуур байранд хүүхдүүдэд зодуулж, нүүр нь тэгширсэн, хавдсан ямар ч өөрийн мэдрэлгүй шахуу гэртээ ирсэн.

Мөн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ахин зодуулж, тархи доргисон, нүүр хавдсан, эрүүний тэгш хэм алдагдсан. Дандаа шанаадаад л байдаг байсан байгаа юм.

Миний хүү энэ сургуульд урилгаар орсон бөгөөд бид анх цэргийн сургууль гэж бодож хүүгээ оруулсан. Хүү маань 6 жил онц сурсан, урлагийн авъяастай мөн Жаахан цэрэг гэдэг өргөмжлөлтэй байсан. Бид энгийн сургууль гэдгийг нь огт мэдээгүй.

Зодуулснаас нь хойш Батлан хамгаалах их сургуулийн захирал н.Чойжамц генерал дээр очиж уулзахад Энэ сургууль манай сургуулийн харъяа биш. Манай сургуулийн харъяанд 2010 онд байж байгаад цуцлагдсан гэдэг зүйл хэлсэн. Тэгээд намайг цагдаа шүүхээр явж асуудлаа шийдвэрлүүл гэсэн.

Хүүхэд маань уг гэмтлээс болж эмнэлэгт хэвтсэн. Тухайн үед би Батлан хамгаалах яамны сайд н.Бат-Эрдэнээс өөрийн биеэр тодруулж асуухад Тэмүүжин Өрлөг сургууль 2010 онд Батлан хамгаалах их сургуулийн харьяа байж байгаад 2013 оноос цуцлагдаж энгийн сургууль болсон. Одоо манайд ямар ч хамааралгүй, манай объектод л байдаг гэсэн хариу өгсөн.

2013 онд Нийслэлийн засаг даргын А5226 тоот захирамжаар Н газрын мэдэлд шилжиж энгийн сургууль болсон байдаг. Миний бие уг асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд 3 шатны шүүхээр явсан. Хүмүүс Яагаад энэ 2 байгууллагаас мөнгө нэхэмжлээд байна вэ? Зодсон, цохисон хүнээс нь нэхдэггүй юм уу? гэдэг. Гэтэл миний хүүхдийг зодсон хүүхдүүд гудамжинд, айлд, өөр хаа нэг газар зодсон бол тэр хүүхдүүдээс нэхэмжилнэ. Гэтэл сургууль 500м-с доторх асуудлаа хариуцах ёстой.

Тухайн үед би гэр ойрхон учраас хүүхдээ дотуур байранд байрлуулахгүй гэхэд Байрлуулахгүй бол хүүхдээ тэр чигт нь аваад яв гэх мэтээр дарамталж, сургуулийн дотуур байранд албадан байрлуулсан. Би нэг дэх өдөр нь хүүгээ цоо эрүүл үнсэж явуулчхаад удаа дараа зодуулсан, гэмтсэн байдалтайгаар хүүхдээ хүлээж авсан. Дөнгөж эмнэлэгт хэвтэж гараад сургуульдаа очиход дахиад л зоддог байсан. Одоо хүүхдийн бие эрүүл болох уу? гэдэг нь хэцүү асуудал болоод байна. Эрүүгийн журмаар шалгуулж, 3 шатны шүүхээр ороод хүүхэд буруутай, нийслэлд очоод сургууль буруутай, дээд шүүхэд очоод эрх бүхий байгууллага буруутай болсон.

Үүнээс үзэхэд тухайн үед хяналт тавих ёстой байсан багш нар хаачсан бэ? Сургуулийн захиргаа яасан бэ? Би өөрийн үр хүүхэд тэр сургуулийн 500 гаруй хүүхдүүдийн эрх ашгийн төлөө 4 жил Боловсролын яам, Н газраар явсан. Миний өгсөн өргөдлийн дагуу Н газар шалгалт хийгээд өөрсдөө дайлуулж, цайлуулаад сургуулийг 240,000 төгрөгөөр торгочихоод явдаг. Гэтэл торгуулсан багш нар нь хүүхдийг маань чичилж, байж суухын аргагүй болгодог байсан. Н газар, Боловсролын яам хоёулаа шалгалт хийдэг хэрнээ эцсийн байдалд өөрсдөө ч уг сургуулийнхаа статусыг мэдэхгүй, намайг Нийслэлийн Засаг даргын захирамжийг аваачиж өгөхөд мэдсэн.

Ард түмний хүүхдүүдийг эрүүл аюулгүй сурч боловсрох асуудлыг хариуцаж ажиллах ёстой хүмүүс нь ийм хариуцлаггагүй байж болох уу? Би 12 дугаар анги төгсөж байгаа хүүхдийнхээ хичээлийг бэлдэх байтал, өвчтэй хүүхдээ цаг үргэлж хараад байж байна. Би өмгөөлөгчөөс зөвлөгөө авч, уг 2 байгууллагад хандсан боловч ямар ч дорвитой арга хэмжээ аваагүй. Хүүхэд жилд 2, 3 удаа эмнэлэгт хэвтдэг. Одоо сүүлдээ эм тарианыхаа ачааллыг даахгүйд хүрч бөөрөндөө хүртэл үрэвсэл үүсч хоолоо ч идэж чадахгүй сэтгэл санааны хувьд хүнд байдалд орсон.

Хамгийн сүүлд Эрүүл мэндийн яамны Мэдрэл судлалын салбар зөвлөлийн дүгнэлтээр нүүрний мэдрэлийн зүүн хацрын салааны гэмтэл, гуравласан мэдрэлийн 1,2 дугаар салааны гэмтэл, хүзүүний дээд синтетик зангилгааны гэмтэл гэх мэт бүх гэмтлүүд тогтоогдсон.

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хүүг маань үзээд Хагалгаа хийх ямар ч боломжгүй, нүүрний гэмтэл, гадаад гоо сайхан алдагдсан. Үүнийг эмчлэх боломжгүй, манайд тоног төхөөрөмж ч байхгүй гэдгийг Боловсролын яамны удирдлагуудын хажууд хэлсэн.

Б яам Сурагч Б.Гийг нэн яаралтай эмчлүүлэх шаардлагатай байх тул гадаад улсад эмчлүүлэх тал дээр хамтарч ажиллана уу гэсэн хүсэлтийг Эрүүл мэндийн яаманд гаргасан байдаг. Гэтэл эрүүл мэндийн яаманд тийм туслалцаа байдаггүй бөгөөд хариуд нь сайд н.Сарангэрэл Солонгос улсын Гуанжу, Бусан хотуудын эмнэлгүүдийг зуучилж, зааж өгсөн. Энэ эмнэлгүүд рүү хүүхдийн эрүүл мэндийг тодорхойлсон баримтуудыг удаа дараа явуулсан боловч уг эмнэлгүүдээс Эмчилгээний хугацаа өнгөрсөн, эмчлэх боломжгүй гэдэг хариултуудыг ирүүлсэн.

Эрүүл мэндийн яамны зуучлалын газраас 2020 оны 08 дугаар сарын 15-нд Монголд гадаадаас эмч нар ирнэ. Та очиж зөвлөгөө авч болно гэсний дагуу би хүүхдээ авч очиж үзүүлэхэд 3-4 төрлийн хагалгаа төлөвлөгдсөн. Тэндээс би яаж гарснаа ч санахгүй байна. Нэг хагалгаанд ороод л эмчлэгдэх болов уу? гэхэд Хагалгаа тус, тусдаа төлөвлөгдөнө. Хүүхэд нэг дор ийм олон хагалгааг даахгүй гэдэг хариу өгсөн.

Нүүрний тэгш хэм алдагдсан, шүднүүд ханарч мурийсан, эрүүний яс урт богино болсон, хамрын дамжуулалтын яс тэгшлэх, зүүн хацрын мэдрэлийн судсанд наалданги үүссэн, уг гэмтэлд маш өндөр үнэтэй шинжилгээ хийдэг, эмчилгээ хийгээд эдгэх эсэх нь тодорхойгүй. Уг хагалгаануудыг нэгдсэн эмч нарын зөвлөгөөн хийж, баг гаргаад график байгуулж, хагалгаанд дэс дараатай орно гэж хэлсэн. Нэг хагалгааны зардал доод тал нь 120-130 сая төгрөг болдог, бусад зардалд 35-40 сая доллар, доллараар нь авч явах шаардлагатай гэсэн. Нийт хагалгааны зардалд 350,000,000 төгрөг нэхэмжилж байгаа.

Энэ асуудалд Н газрын хараа хяналт сул байснаас хүүхэд хохирсон гэдгийг яам өөрөө нотолсон. Тухайн үед төрийн нарийн бичгийн дарга хийж байсан Б.Баярсайхан нь уг асуудлыг төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааны дагуу удахгүй шийднэ гэсэн хариу өгдөг. Үүнийг хэзээ шийднэ гэж хүлээх юм бэ?

Мөн миний хүүхдийн 9 дүгээр ангийн гэрчилгээний дүн бодит бус үнэлэгдсэн болох нь шалгалтаар тогтоогдсон. Миний хүүхдийг эрүүл мэндээр нь хохироосон юм бол дүйцүүлээд дүнг нь шийдэж өгөөч гэтэл 6 дугаар ангийнх нь дүнг 9 дүгээр анги хүртэл ямар ч таслал цэггүй хуулж бичсэн байдаг. Тэр гэрчилгээг намайг авсан гэдэг. Би одоо хүртэл аваагүй.

Энэ хоёр байгууллага Тэмүүжин Өрлөг сургуульд шууд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүй учраас Б.Г-ийн эмчилгээний зардалд 350.000.000 төгрөг гаргуулах, Б.Г-ийн суурь боловсролын гэрчилгээг гаргуулахаар шаардаж байна.

 

Хариуцагч Б яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Уг асуудал 2016 онд сургуулийн дотуур байранд болсон асуудал байдаг. Шинжээчийн дүгнэлтээр толгойн тус газар хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэдэг. Уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх хэд хэдэн үндэслэл байна.

Тухайн хэрэг болсон газар нь сургуулийн дотуур байр буюу сургуулийн орчин. Тухайн үед энэ асуудлыг сургууль хариуцаж байсан. Жижүүр багш, удирдлагууд хариуцах ёстой боловч маш хайнга хандсан.

Нэхэмжлэгч 350.000.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч уг үнийн дүнг хэн, хэрхэн яаж тогтоосон гэдэг нь тодорхойгүй байна. Тодорхойгүй гэдэг нь нэхэмжлэгчийн хэлсэн 4 хагалгааны бэртлийн талаар шинжээчийн дүгнэлтэд дурдагдаагүй бөгөөд шинжээчийн дүгнэлттэй нэхэмжлэгчийн ярьж байгаа нь зөрүүтэй байна.

Үүнээс харахад мөнгөн дүн ч мөн адил зөрүүтэй болсон. Мөн болсон газар буюу сургуулийн захирал, дотуур байрны багш бүх эрх бүхий этгээдүүдэд хандах ёстой гээд явахаар буцаад гэм буруугийн асуудал яригдаж эхэлдэг. Гэм бурууг хэн хүлээх вэ? гэхээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар бусдын эрүүл мэндэд хохирол, гэм хор учруулсан этгээд тухайн гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэсэн байдаг. Хэрэв гэм хорын дагуу хариуцлага хүлээлгэх юм бол манай яам ямар ч буруугүй бөгөөд гэм буруутай этгээд л хариуцах ёстой.

Тусгай зөвшөөрөл өгсөн гэдгээр буруутай гэж үзэж байгаа бол манайхаас тодорхой хэмжээнд арга хэмжээ авсан. 2016 оноос хойш нэхэмжлэгчийн гаргасан 7 удаагийн өргөдөлд тухай бүр нь ажлын хэсэг гарган, шалгалт оруулж зохих хариуг нь өгсөн байдаг.

Манай яам зориулалтын төсөв батлагдаагүй байхад хүүгээ эмчлүүлээрэй гээд 10.000.000 төгрөг өгсөн. Нэмээд мөнгө нэхэхэд нь боломжгүй, төсөв байхгүй гэдгээ хэлсэн.

Мөн суурь боловсролын гэрчилгээг сайдын баталсан дүйцүүлэх журмын дагуу шийдвэрлэж нэхэмжлэгчид өгсөн баримт хэрэгт байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

 

Хариуцагч Н газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Хонгорзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлага, гэмтлийн зэрэг нь тодорхой биш байна. Нэхэмжлэгч шинжээчийн дүгнэлтээс зөрүүтэй онош тавигдсан зүйл дээр 350.000.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч ямар ч баримт нотолгоо алга.

Солонгосоос ирсэн эмч нарт хувиараа очиж үзүүлсэн, хагалгаа хийлгэх шаардлагатай гэж гаргаж өгсөн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй.

Б.Г-ийн биед үүссэн гээд байгаа гэмтэл нь хэзээ үүссэн нь тодорхойгүй, анх зодуулснаас үүссэн гэмтэлтэй огт холбоогүй гэж үзэж байна.

Миний зүгээс уг хэрэгтэй танилцаад судалж үзэхэд нэхэмжлэгчийн яриад байгаа зүйлүүд нотлогдохгүй байгаа. Гадаадад эмчлүүлэх зардал гэж нэхэмжилж байгаа боловч Эрүүл мэндийн сайдын 2017 оны 370 дугаар зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх өвчний жагсаалтад хамаарахгүй бөгөөд Монгол улсад эмчлүүлэх боломжтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Н нь хариуцагч Б яамнаас гэм хорын хохиролд 175.000.000 төгрөг, Н газраас гэм хорын хохиролд 175.000.000 төгрөг гаргуулах, мөн Б.Г-ийн суурь боловсролын гэрчилгээг эх хувиар гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргав.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Б яам, Н газар Тэмүүжин Өрлөг сургуульд хяналт тавих, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг, бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс хүү Б.Г-ийн биед гэмтэл учирсан тул эмчилгээнд шаардлагатай зайлшгүй зардал 350.000.000 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн тэнцүү хэмжээгээр тооцон гаргуулах гэж тодорхойлсон.

 

Хариуцагч Б яам татгалзлын үндэслэлээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан этгээд тухайн гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Б яамны зүгээс Б.Г-ийн бид гэмтэл учруулаагүй учраас хариуцагч биш, гэхдээ манайх 10.000.000 төгрөгийг түүнд өгсөн гэж,

 

Н газар Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй. Шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл, нэхэмжлэгчийн нэхэмжилж буй хагалгаа хийлгэхээр нэхэмжилж буй өвчний оношоос зөрүүтэй, манай газар нь хуулиар боловсролын байгууллагын үйл ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт, шинжилгээ хийх эрхтэй болохоос үүрэггүй, тухайн боловсролын байгууллагын үйл ажиллагааг хуульд нийцүүлэн удирдан чиглүүлэх үүргээ сургуулийн захирлаар дамжуулан хэрэгжүүлдэг. Мөн зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх өвчний жагсаалтад хамаарахгүй гэж тайлбарладаг.

 

Бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

 

2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Тэмүүжин-Өрлөг сургуулийн дотуур байранд С.Гантулга, Б.Батбилгүүн нар бүлэглэн Б.Г-ийн биед хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хянан шийдвэрлэж, С.Гантулгыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2 дугаартай магадлалаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр С.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Улсын Дээд шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 113 дугаартай тогтоолоор гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр С.Гантулгад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгасан байна.

 

Хэрэгт авагдсан Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №727 дугаар шинжээчийн дүгнэлтэнд Б.Г-ийн биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн бугалга, баруун мөр, зүүн шилбэний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б.Г-ийн биед 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Толгойн MRI шинжилгээнд тусгагдсан суурийн хөндийн салстын зузаарал эмгэг өөрчлөлт нь гэмтлийн гаралтай бус, өвчний олон улсын 10-р ангилалд хамаарах чих хамар хоолойн эмгэг өвчин юм гэж тусгагджээ.

 

Уг үйл явдлаас өмнө нэхэмжлэгч Н.Н-ийн хүү Б.Г нь 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 26-ны өдрийн хооронд Тэмүүжин Өрлөг сургуулийн дотуур байранд бусдад зодуулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх эмнэлгийн 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 4394 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

 

Дээрх гэмтэлд дахин 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтээр Б.Г-ийн биед хүндэвтэр гэмтэл тогтоогджээ.

 

Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 2002 оны Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэсэн 201625011627 дугаартай 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 26-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэмүүжин Өрлөг дунд сургуулийн дотуур байранд насанд хүрээгүй Б.Г нь бусдад зодуулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох саналыг тус хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 25-5/6940 тоот албан бичгээр прокурорт хүргүүлсэн, улмаар хэргийг хэрэгсэхгүй болгосон үйл баримтад талууд маргаагүй болно.

 

Эрүүл мэндийн яамны Мэдрэл судлалын салбар зөвлөлийн /2019.05.03/ шинжээчийн дүгнэлтэнд Б.Г-ийн биед 2016 оны 3 дугаар сарын гэмтэлтэй холбоотой

1. Нүүрний мэдрүүлийн зүүн хацрын салааны гэмтэл,

2. Гурвалсан мэдрүүлийн 1, 2 дугаар салааны гэмтэл,

3. Хүзүүний дээд симпатик зангилааны хацарт хүрэх ширхгүүдийн гэмтэл,

4. Гэмтлийн дараах стрессийн хам шинж, нойргүйдэл зэрэг үлдэц байдлыг тодорхойлсон.

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн... эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан... зайлшгүй бүх зардлыг... төлөх үүрэгтэй... эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй... юм.

 

Түүнчлэн Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг тодорхойлсон байх бөгөөд 28 дугаар зүйлийн 28.1.1-т боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах гэж,

Аймаг, Н газар нь 281.1.1.боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон даяар зохион байгуулах, 281.1.4. боловсролын байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, хяналт-шинжилгээ хийх гэж,

Бага боловсролын тухай хуулийн 20.2 дугаар зүйлд сургуулийн захирал 20.2.1.боловсролын талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, биелэлтийг дүгнэх, тайлагнах; 20.2.9.багш, суралцагч, ажилтны хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй гэж тус тус заажээ.

 

Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-т Боловсролын сургалтын байгууллагын барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж нь багш, ажилтан, суралцагчийн хөдөлмөрийн онцлогт тохирсон, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тусгай хэрэгцээнд нийцсэн, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангасан байх-аар хуульчилсан.

 

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 435 дугаар Тусгай зөвшөөрөл олгох тухай захирамжаар Батлан хамгаалах их сургуулийн Өрлөг бүрэн дунд сургуульд тусгай зөвшөөрөл олгосныг 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/256 дугаар Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай захирамжаар ...Батлан хамгаалах их сургуулиас Нийслэлийн Засаг даргад 2013 оны 529 дүгээр албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу тус сургуулийн дэргэдэх Цэргийн лицей бүрэн дунд сургуулийн нэрийг Тэмүүжин Өрлөг бүрэн дунд сургууль гэж өөрчилж, Тэмүүжин Өрлөг бүрэн дунд сургуулийн үйл ажиллагаанд хуульд заасны дагуу хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс, Н газар тус тус үүрэг болгосон байна.

Иймд Тэмүүжин Өрлөг бүрэн дунд боловсролын сургуулийн үйл ажиллагаанд хуульд заасны дагуу хяналт тавьж ажиллах үүрэг Н газар байсан бөгөөд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Б яам, боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага болох Н газар нь тус тус хуульд заасан дээрх чиг үүрэг, бүрэн эрхээ бүрэн хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч Н.Н-ийн хүү Б.Г-ийн эрүүл мэндэд хохирол учирсан байх тул нэхэмжлэгч Н.Н нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирол буюу эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч Н.Н нь хүү Б.Г-ийн эмчилгээний зардалд 350.000.000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Бүгд Найрамдах Солонгос улсын Бусан жин дүүрэгт байрлах Line-Up шүдний эмнэлгийн нүүрний тэгш хэм алдалт болон дээд доод эрүү тэгшлэх гэсэн оношийн дагуу шүдний гажиг засах аппаратны өртөг 4.500.000 вон, доод эрүүний мэс заслын өмнөх шинжилгээний өртөг 300.000 вон, доод эрүү болон нүүрний ерөнхий хэлбэр засах мэс засал 20.000.000 вон, нийт 24.800.000 воны баримт,

мөн Сөүлийн Үндэсний Их сургуулийн шүдний эмнэлгийн ...царайг харвал нүүрний муруйлт нь мэдрэлийн гэмтлээс улбаатай шинж тэмдэг байх магадлал их байна. Мэдрэлийн гэмтлээс үүдэлтэй бол бидний зүгээс эмчилгээ хийх боломжгүй боловч мэдрэлийн гэмтлээс үүдэлтэй эсэхийг ирж шалгах хэрэгтэй гэж бодож байна. Мөн хамрын ястай холбоотой нарийн шинжилгээний дараа хагалгаа хийх боломжтой эсэхийг мэдэгдэж өгч болно. Шүдний зуулт зөрөх шинж тэмдгээс үзвэл доод эрүүний хагалгаа болон нүүр заслын ажиллагаа шаардлагатай болж байна. Зардлын хувьд дээд доод эрүүний хагалгаа 31-45 сая вон, нүүр засал 12-14 сая орчим вон байна гэх баримтуудыг гаргаж өгсөн.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар Б.Г-ийн биед гэмтлээс үүдэлтэй дээрх үлдэц нь түүний Тэмүүжин Өрлөг сургуулийн дотуур байранд байрлан суралцах явцдаа удаа дараагийн үйлдлээр бусдад зодуулсны улмаас үүссэн гэмтэл болох нь тогтоогдож байх бөгөөд Б.Гийг өөр бусад байдлаар гэмтсэн гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч нар энэ талаар тодорхой баримт гаргаж няцаагаагүй.

 

Эрүүл мэндийн сайдын 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн А/370 дугаар тушаалаар батлагдсан Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалт-д Б.Гт учирсан гэмтэл хамаарахгүй болох нь Эрүүл мэндийн яамны 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1а/5258 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичиг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн №20 дугаар тодорхойлолтоор тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн ирүүлсэн баримтын хүрээнд эмчилгээний зардлыг хариуцагч нараас тооцон гаргах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар гадаад улсад зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай болохыг баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

Гэхдээ Эрүүл мэндийн яамны Мэдрэл судлалын салбар зөвлөлийн дүгнэлтээр Б.Г-ийн биед тогтоогдсон гэмтлүүдийг эмчлүүлэх шаардлагын үүднээс урьдчилж оношлуулах буюу тодорхой шинжилгээнүүдийг өгсөн байх, улмаар эмчлүүлэхэд зардал гарах нь зайлшгүй тул нэхэмжлэгчийн шаардлагыг Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирол буюу эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр шаардах эрхтэй гэсэн зохицуулалтын хүрээнд хэсэгчлэн хангах нь хуульд нийцнэ гэж дүгнэв.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын маргаангүй тайлбараар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/429 дүгээр тушаалаар Б.Г-ийн эмчилгээний зардалд 10.000.000 төгрөгийг олгосон байна. Ийнхүү хариуцагч яам Б.Г-ийн эмчилгээний зардалд 10.000.000 төгрөгийг олгосон үйлдлээрээ хуульд заасан бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйгээс бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч мөнгө олгосон гэж үзэх үндэстэй.

 

Иймд сургуулийн орчинд хүүхдийн эрүүл мэндэд хохирол учирсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, Тэмүүжин Өрлөг бүрэн дунд сургуулийн үйл ажиллагаанд шууд хяналт тавих-хяналт шинжилгээ хийх эрх бүхий байгууллага болох Н газрыг уг гэм хорыг арилгах үүргийг Б яамны нэгэн адил хүлээсэн этгээд гэж үзэж, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсгүүдэд зааснаар хохирлын хэмжээг хариуцагч яамны нэхэмжлэгчид олгосон мөнгөн дүнтэй дүйцүүлэн 10.000.000 төгрөгөөр тооцож Н газраас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Б.Г-ийн суурь боловсролын гэрчилгээ гаргуулах шаардлагын тухайд Б.Г-ийн БГ201817460 дугаартай суурь боловсролын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 201817460 дугаартай суурь боловсролын гэрчилгээг захирал Э.Бямбажаваас хүлээн авав гэж нэхэмжлэгч Н.Н гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан тул дахин гаргуулах үндэслэлгүй гэж нэхэмжлэгчийн гаргасан энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иймд хариуцагч Н газраас 10.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Нд олгож, тус газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болон Б яаманд холбогдох 175,000,000 төгрөг гаргуулах, мөн Б.Г-ийн суурь боловсролын гэрчилгээ гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Тус шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШЗ2019/10385 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагч Н газраас хангагдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамжийг тооцон гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 229 дүгээр зүйлийн 229.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан Н газраас 10,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Нд олгож, тус газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болон Б яаманд холбогдох 175,000,000 төгрөг гаргуулах, мөн Б.Г-ийн суурь боловсролын гэрчилгээ гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөх төлөөгүйг дурдаж, хариуцагч Н газраас 174.950 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.ЭНХЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ

 

Ө.УЯНГА