Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/00098

 

Н.Нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/02660 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Нгийн хариуцагч БШУЯ, НБГт холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 350 000 000 төгрөг болон Б.Гийн суурь боловсролын гэрчилгээ гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Н, хариуцагч Нийслэлийн боловсролын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний насанд хүү хууль бус сургуулийн дотуур байранд гэмтэж хохирсон. Манай гэр бүлийн зүгээс 4 жилийн хугацаанд хүүхдэдээ эмчилгээ хийлгэсэн боловч эрүүл саруул болоогүй бөгөөд цаашид Монголд эмчлэгдэх боломжгүй болж хүү минь бүх л амьдралаараа хохирч байна. Боловсролын яам болон Нийслэлийн боловсролын газраас эмчилгээний зардал нэхэмжлэх болсон шалтгаан нь хүүхэд анх 2016 оны 3 дугаар сарын 24-ны өдрөөс 26-ны өдрүүдэд 7 дугаар ангид байхдаа сургуулийн дотуур байранд хүүхдүүдэд зодуулж, нүүр нь тэгширсэн, хавдсан ямар ч өөрийн мэдрэлгүй шахуу гэртээ ирсэн. Мөн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ахин зодуулж, тархи доргисон, нүүр хавдсан, эрүүний тэгш хэм алдагдсан. Миний хүү энэ сургуульд урилгаар орсон бөгөөд бид анх цэргийн сургууль гэж бодож хүүгээ оруулсан. Хүү маань 6 жил онц сурсан, урлагийн авьяастай. Тухайн үед би Батлан хамгаалах яамны сайд н.Бат-Эрдэнээс өөрийн биеэр тодруулж асуухад Тэмүүжин Өрлөг сургууль 2010 онд Батлан хамгаалах их сургуулийн харъяа байж байгаад 2013 оноос цуцлагдаж энгийн сургууль болсон. Одоо манайд ямар ч хамааралгүй, манай объектод л байдаг гэсэн хариу өгсөн. 2013 онд Нийслэлийн засаг даргын А5226 тоот захирамжаар Нийслэлийн боловсролын газрын мэдэлд шилжиж энгийн сургууль болсон байдаг. Тухайн үед би гэр ойрхон учраас хүүхдээ дотуур байранд байрлуулахгүй гэхэд байрлуулахгүй бол хүүхдээ тэр чигт нь аваад яв гэх мэтээр дарамталж, сургуулийн дотуур байранд албадан байрлуулсан. Би нэг дэх өдөр нь хүүгээ цоо эрүүл үнсэж явуулчихаад удаа дараа зодуулсан, гэмтсэн байдалтайгаар хүүхдээ хүлээж авсан. Дөнгөж эмнэлэгт хэвтэж гараад сургуульдаа очиход дахиад л зоддог байсан. Хүүхэд жилд 2, 3 удаа эмнэлэгт хэвтсэн. Одоо сүүлдээ эм тарианыхаа ачааллыг даахгүйд хүрч бөөрөндөө хүртэл үрэвсэл үүсч хоолоо ч идэж чадахгүй сэтгэл санааны хувьд хүнд байдалд орсон. Нүүрний тэгш хэм алдагдсан, шүднүүд ханарч мурийсан, эрүүний яс урт богино болсон, хамрын дамжуулалтын яс тэгшлэх, зүүн хацрын мэдрэлийн судсанд наалданги үүссэн, уг гэмтэлд маш өндөр үнэтэй шинжилгээ хийдэг, эмчилгээ хийгээд эдгэх эсэх нь тодорхойгүй. Уг хагалгаануудыг нэгдсэн эмч нарын зөвлөгөөн хийж, баг гаргаад график байгуулж, хагалгаанд дэс дараатай орно гэж хэлсэн. Нийт хагалгааны зардалд 350 000 000 төгрөг нэхэмжилж байгаа. Энэ хоёр байгууллага Тэмүүжин Өрлөг сургуульд шууд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүй учраас Б.Гийн эмчилгээний зардалд 350 000 000 төгрөг гаргуулах, Б.Гийн суурь боловсролын гэрчилгээг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

Хариуцагч БШУЯны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг асуудал 2016 онд сургуулийн дотуур байранд болсон асуудал байдаг. Шинжээчийн дүгнэлтээр толгойн тус газар хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэдэг. Уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх хэд хэдэн үндэслэл байна. Тухайн хэрэг болсон газар нь сургуулийн дотуур байр буюу сургуулийн орчин. Тухайн үед энэ асуудлыг сургууль хариуцаж байсан. Жижүүр багш, удирдлагууд хариуцах ёстой боловч маш хайнга хандсан. Нэхэмжлэгч 350 000 000 төгрөг нэхэмжилж байгаа боловч уг үнийн дүнг хэн, хэрхэн яаж тогтоосон гэдэг нь тодорхойгүй байна. Тодорхойгүй гэдэг нь нэхэмжлэгчийн хэлсэн 4 хагалгааны бэртлийн талаар шинжээчийн дүгнэлтэд дурдагдаагүй бөгөөд шинжээчийн дүгнэлттэй нэхэмжлэгчийн ярьж байгаа нь зөрүүтэй байна. Үүнээс харахад мөнгөн дүн ч мөн адил зөрүүтэй болсон. Мөн болсон газар буюу сургуулийн захирал, дотуур байрны багш бүх эрх бүхий этгээдүүдэд хандах ёстой гээд явахаар буцаад гэм буруугийн асуудал яригдаж эхэлдэг. Гэм бурууг хэн хүлээх вэ? гэхээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар бусдын эрүүл мэндэд хохирол, гэм хор учруулсан этгээд тухайн гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэсэн байдаг. Хэрэв гэм хорын дагуу хариуцлага хүлээлгэх юм бол манай яам ямар ч буруугүй бөгөөд гэм буруутай этгээд л хариуцах ёстой. Тусгай зөвшөөрөл өгсөн гэдгээр буруутай гэж үзэж байгаа бол манайхаас тодорхой хэмжээнд арга хэмжээ авсан. 2016 оноос хойш нэхэмжлэгчийн гаргасан 7 удаагийн өргөдөлд тухай бүр нь ажлын хэсэг гарган, шалгалт оруулж зохих хариуг нь өгсөн байдаг. Манай яам зориулалтын төсөв батлагдаагүй байхад хүүгээ эмчлүүлээрэй гээд 10 000 000 төгрөг өгсөн. Нэмээд мөнгө нэхэхэд нь боломжгүй, төсөв байхгүй гэдгээ хэлсэн. Мөн суурь боловсролын гэрчилгээг сайдын баталсан дүйцүүлэх журмын дагуу шийдвэрлэж нэхэмжлэгчид өгсөн баримт хэрэгт байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Хариуцагч Нийслэлийн боловсролын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага, гэмтлийн зэрэг нь тодорхой биш байна. Нэхэмжлэгч шинжээчийн дүгнэлтээс зөрүүтэй онош тавигдсан зүйл дээр 350 000 000 төгрөг нэхэмжилж байгаа боловч ямар ч баримт нотолгоо алга. Солонгосоос ирсэн эмч нарт хувиараа очиж үзүүлсэн, хагалгаа хийлгэх шаардлагатай гэж гаргаж өгсөн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй. Б.Гийн биед үүссэн гээд байгаа гэмтэл нь хэзээ үүссэн нь тодорхойгүй, анх зодуулснаас үүссэн гэмтэлтэй огт холбоогүй гэж үзэж байна. Миний зүгээс уг хэрэгтэй танилцаад судалж үзэхэд нэхэмжлэгчийн яриад байгаа зүйлүүд нотлогдохгүй байгаа. Гадаадад эмчлүүлэх зардал гэж нэхэмжилж байгаа боловч Эрүүл мэндийн сайдын 2017 оны 370 дугаар зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх өвчний жагсаалтад хамаарахгүй бөгөөд Монгол улсад эмчлүүлэх боломжтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 229 дүгээр зүйлийн 229.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан Нийслэлийн Боловсролын газраас 10 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Нд олгож, тус газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болон БШУЯанд холбогдох 175 000 000 төгрөг гаргуулах, мөн Б.Гийн суурь боловсролын гэрчилгээ гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөх төлөөгүйг дурдаж, хариуцагч Нийслэлийн Боловсролын газраас 174 950 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрт маш их гомдолтой байна. Шүүх хуралдааны явц болон шүүгч нар шийдвэр гаргах явцад шүүгчийн туслах хөндлөнгөөс нөлөөлсөн ба иргэдийн төлөөлөгчийн үг хэлэх эрхийг шүүхээс хязгаарласан, дүгнэлтийг танилцуулаагүй. Нэхэмжлэгч талаас байцаагчид гаргасан гомдлын дагуу шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, Прокурорт гаргасан гомдлын дагуу Эрүүл мэндийн яамны бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт, Боловсролын сайдын ажлын албаны шалгалтаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гэмтэл тогтоогдсон дүгнэлтүүд тус тус гарч байсан. Эрүүл мэндийн яамны жуулчлалын газраас хүүхдийн гэмтлийн баримтуудыг явуулахаар зарим эмнэлгээс эмчилгээний хугацаа хэтэрсэн эмчлэгдэх боломжгүй гэдэг хариу ирээд байна Нийслэлийн боловсролын газраас Хонгорзулын хүүхдийн хохирлыг үгүйсгэж гүтгээд байгааг жинхэнэ гэдгийг нотлуулохын тулд давахын шүүх хуралдаанаас өмнө бүрэлдэхүүнтэй шинжээч гаргуулж хүүхдийн гэмтлүүдийг дахин шинжилгээнд оруулж өгөхийг хүсч хүсэлт гаргаж байна. Эсвэл н.Доржхуяг, н.Дуламсүрэн, н.Доржхуяг, н.Дуламсүрэн, н.Отгончимэг, н.Отгончимэг нарыг шүүх хуралд гэрчээр тус тус оролцуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн боловсролын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Уг хэрэг анх 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 26-ны өдрийн хугацаанд хохирсон гэж нэхэмжлэгч маргаж өдийг хүрсэн. Уг асуудлыг хуулийн байгууллага шалгаж, шүүх эмнэлэг 7-14 хоногт нөхөн сэргээгдэнэ гэж дүгнэж мөн уг үйл баримтыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүү үүсгэсэн боловч хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч үүнд гомдоогүй. Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Тэмүүжин өрлөг сургуулийн дотуур байранд зодуулж хохирсон гэх гомдлыг 2016 оны үйл баримттай хамтатган шийдвэрлэсэн. 2017 оны зодуулсан гэх үйл баримтаар иргэний хэргийн шүүхэд маргаан үүсгэсэн баримт байдаггүй. 2016 онд зодуулсан гэх шүүх эмнэлгийн дүгнэлтүүд нь хөнгөн, хурдан нөхөн сэргээгдэх гэмтэл байхад 2017 оноос 2019 онуудын баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэх нь буруу. Мөн нэхэмжлэгч юуг үндэслэн 350 000 000 төгрөг нэхэмжилж буйгаа нотлоогүй. Нэхэмжлэгчийн гэмтсэн гэх гэмтэл нь шинжээчийн дүгнэлттэй таардаггүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байна. Яамнаас 10 000 000 төгрөгийг олгосон байхад нэг чиглэл бүхий дээд шатны байгууллагаас хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

           

            Нэхэмжлэгч Н.Н нь хариуцагч БШУЯ, НБГт холбогдуулан гэм хорын хохиролд 350 000 000 төгрөг болон Б.Гийн суурь боловсролын гэрчилгээ гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

           

            Нэхэмжлэгч Н.Нгийн хүү Б.Г нь 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 26-ны өдөр бусдад зодуулж, биед нь хөнгөн гэмтэл учирсан талаар Шүүх  эмнэлгийн 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 4394 дугаартай дүгнэлтээр тогтоосон байх бөгөөд дахин 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр үзлэг хийсэн 1307 дугаар шинжээчийн дүгнэлтээр Б.Гийн биед гэмтлийн хүндэвтэр зэрэг учирсан гэж тогтоожээ. /1 хэргийн 197-203/

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болгосон 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр С.Гантулга, Б.Батбилгүүн нар бүлэглэн, Б.Гийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас /Б.Батбилгүүн нь 14 насанд хүрээгүй гэх үндэслэлээр түүнд холбогдох эрүүгийн хэрэгсэхгүй болгож/ С.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1443 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэж, С.Гантулгыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэжээ. Улмаар Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2 дугаартай магадлалаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр С.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосныг Улсын дээд шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 113 дугаартай тогтоолоор Б.Гийг Б.Б, С.Г нар нь бүлэглэн зодож, түүний биед гэмтэл учруулсан нь нотлох баримтаар тогтоогдоогүй гэх үндэслэлээр С.Г-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгасан байна. /1 хэргийн 23-26, 189-196 дугаар тал/

            Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Боловсрол,  Шинжлэх ухааны яам, НБГ нь Тэмүүжин-Өрлөг сургуульд хяналт тавих, мэргэжлийн удирдлагаар хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиг үүргээ биелүүлээгүйн улмаас хүү Б.Гийн биед гэмтэл учирсан тул эмчилгээнд гарах зардалд 350 000 000 төгрөгийг урьдчилан гаргуулна гэж тайлбарлажээ.

            Гэтэл анхан шатны шүүх БШУЯ, Нийслэлийн боловсролын газрыг Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 42 дугаар зүйлийн 42.1, Бага боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.9-д тус тус заасан үүргээ биелүүлээгүй, бусдын эрүүл мэндэд эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан хэмээн дүгнэж, Нийслэлийн боловсролын газраас 10 000 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүх Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ.

            Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.2 дах хэсэгт “7-14 хүртэлх насны иргэн сургууль, хүүхэд хүмүүжүүлэх болон эрүүл мэндийн байгууллагын шууд хяналтын дор байхдаа бусдад учруулсан гэм хорыг эдгээр хуулийн этгээд хариуцан арилгана” гэж заасан.

            Нэхэмжлэгчийн хүү Б.Г нь 2003 оны 6 дугаар сарын 05-ны өдөр төрсөн болох нь төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байх бөгөөд дээрх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэсэн шийтгэх тогтоол, магадлал, тогтоолд зааснаар 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр буюу биед нь гэмтэл учирсан өдөр тэрээр 14 нас 6 сартай байжээ. Нөгөө талаар тухайн хүүхдийн биед учирсан гэмтлийг хэн хэзээ, учруулсан гэм буруутай болохыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт авагдаагүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч Н.Нгийн хүү Б.Гийн эрүүл мэндэд нь учирсан хохирлыг сургуулийн орчинд учруулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Мөн хариуцагч нарын шууд хяналтанд байх үедээ нэхэмжлэгчийн хүүхэд биедээ гэмтэл авч, эрүүл мэндэд нь хохирол учирсан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй. Хариуцагч БШУЯ, НБГ нь дээрх хуульд зааснаар хүүхэд хүмүүжүүлэх буюу шууд хяналт тавих үүрэгтэй этгээдэд хамаарахгүй байна.

            Иймд хариуцагч нарын гэм буруугаас буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс С.Ганжигүүрийн биед гэмтэл учирсан гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нэхэмжлэгч нотлох үүргээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмын дагуу хэрэгжүүлээгүй гэж үзнэ. Нэхэмжлэгч гэм хорын хохирол буюу эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр хариуцагч нараас шаардах эрхгүй байна. /1 хэргийн 4 дүгээр тал/

             Харин нэхэмжлэгчийн хүү Б.Гийн эрүүл мэндэд учруулсан гэм хорыг хуулийн дагуу хариуцвал зохих этгээд болон гэмтэл учруулсан үйлдэл хийсэн этгээдэд холбогдуулан шаардлага гаргах эрхийг энэ шийдвэр хөндөхгүй болно.

            Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “анхан шатны шүүх нь шүүх хуралдааны дэг зөрчиж, баримт дутуу шинжлэн судалсан, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг уншуулж, танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн” гэсэн нь тогтоогдоогүй ба энэ нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болохгүй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй байна.

            Анхан шатны шүүх Б.Гийн суурь боловсролын гэрчилгээ гаргуулах шаардлагын тухайд Б.Гийн 201817460 дугаар суурь боловсролын гэрчилгээг Н.Н нь сургуулийн захирлаас хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй боловч шаардах эрхийг зохицуулсан иргэний эрхзүйн хамгаалалттай холбоотой Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.10 дугаар заалтыг хэрэглээгүй нь буруу болжээ.

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч Нийслэлийн боловсролын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гэм хорын хохиролд 350 000 000 төгрөг болон Б.Гийн суурь боловсролын гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/02660 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.10, 503 дугаар зүйлийн 503.2 дах хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч БШУЯ, Нийслэлийн боловсролын газраас гэм хорын хохиролд 350 000 000 төгрөг болон Б.Гийн суурь боловсролын гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Нгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.7-д тус тус зааснаар зохигчид давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Э.ЗОЛЗАЯА

 

                                                    ШҮҮГЧИД                           Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                С.ЭНХТӨР