Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 120/ШШ2022/0014

 

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.*******,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.*******,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлчийн өмгөөлөгч: Н.*******,

Хариуцагч: Өмнөговь аймгийн ******* сумын Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.*******,

Гуравдагч этгээд Д.*******,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.******* нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Ууганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.******* нь Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/******* дугаар захирамжийн Д.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, мөн Засаг даргын 1997 оны 07 сарын 25-ны өдрийн 36 дугаар захирамжийг үндэслэж Д.*******д хонд, гэх газрыг эзэмшүүлсэн 1997 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 31 дугаартай гэрчилгээг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгч Н.*******, түүний гэр бүлийн хүн болох В. нар нь өмч хувьчлалаар мал авч Өмнөговь аймгийн ******* сумын Өгөөмөр багийн нутагт хонд гэх газрыг сэргээн засварлан малын хашаа хороо барьж, худаг ус гарган мал маллан 1992 оноос хойш 2003 он хүртэл буюу 11 жил амьдарч байгаад /өндөр настай болж/ Даланзадгад сум руу /хүүхдүүд нь амьдардаг/ нүүсэн, уг бууц дээр нь гуравдагч этгээд Д.*******ын эхнэр Д.*******ы ах Эрдэнэбаяр 2005-2018 онд нутаглаж байсан, 2019 оноос хойш нэхэмжлэгчийн зээ дүү ийнх амьдарч байна.

3. Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр А/******* дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 д, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 52 дугаар зүйлийн 52.7 дахь заалтыг үндэслэн худалдаж авсан бууцаа эзэмшихийг хүссэн иргэн Д.*******д мөн сумын 2 дугаар багийн нутаг Элэстийн бууц гэх 3600м2 газрыг өвөлжөөний зориулалтаар 60 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, энэ захирамжийг үндэслэн мөн сумын газрын даамал 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нэгж талбарын дугаар бүхий 3600м2 газрыг Өвөлжөө, хаваржаа-ны зориулалтаар Д.*******д эзэмшүүлэхээр дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ-г олгосон.

4. Нэхэмжлэгчээс өвөлжөөндөө эзэмшлийн гэрчилгээ гаргуулахаар ******* сумын Засаг дарга болон сумын Газрын мэргэжилтэнд удаа дараа өргөдөл гаргаж өгсөн боловч шийдвэрлээгүй, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт гомдол гаргаж байсан ч газар эзэмшүүлэх асуудал нь сумын Засаг даргын бүрэн эрхэд хамаарах тул Засаг даргад ханд гэж хариу авсан. Мөн Өмнөговь аймгийн Засаг дарга болон ******* сумын Засаг дарга нарт өргөдөл, гомдол гаргасан боловч 2021 оны 11 дүгээр сарын 02-ны 1-2865 дугаар албан бичгээр /уг өргөдлийг шийдвэрлүүлэхээр ******* сумын Засаг даргад шилжүүлсэн/, мөн оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1-385 дугаар албан бичгээр гомдлыг хангахаас татгалзсан хариу авсан.

Нэхэмжлэгч 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлдээ:

4.1. Н.******* би нөхөр В.тэй 1965 оноос гэр бүл болон амьдарч 1990 оны өмч хувьчлал болоход нөхөр хүүхдүүдийн хамтаар ******* сумын Гэрэлт зам нэгдлээс мал хувьчлан авч Өгөөмөр багийн малчин болсон.

2020 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ******* сумын Засаг даргын А/******* дугаар захирамж гарч бидэнд ямар ч хамааралгүй, манай сумын иргэн Долгорсүрэнгийн ******* хэмээх хүнд эзэмшүүлсэн байна. Энэхүү захирамж гарах болсон үндэслэл нь Байгаль орчны сайдын 1995 оны 112 дугаар тушаалаар баталсан Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 1997 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаар шийдвэрээр олгогдсон Газар ашиглах тухай гэрчилгээг үндэслэж, уг гэрчилгээг шинэчлэн олгосон гэж Засаг дарга Б.Батбаатар тайлбарладаг. Гэвч ******* сумын Засаг даргын1997 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаартай шийдвэрээр олгогдсон Газар ашиглах тухай гэрчилгээ аймгийн Архивд байхгүй байна. Байх ч ёсгүй юм.

Д.******* нь Өгөөмөр багт хэмээх газарт өвөлжөө бууцтай байсан. Гэхдээ хэмээх газар нь манай бууцнаас 40 орчим километрийн зайтай бөгөөд тэнд *******ынх хэзээ ч нутаглаж байгаагүй тул уг гэрчилгээнд бууц гэж бичигдэх боломжгүй юм. Ялангуяа энэ гэрчилгээ олгогдсон гэх 1997 онд манайх яг энэ бууцанд амьдарч байсан бөгөөд үүнийг нутаг усны хүмүүс бүгд мэднэ.

бууцыг хууль ёсоор өмчлөх эрхтэй хүн бол би, миний нөхөр В. хоёр юм. Тиймээс бидэнд эзэмшүүлж өгөөч гэж удаа дараа өргөдөл гаргахад шийдэгдээгүй. Тэр бүү хэл миний өргөдлийг аваагүй гэж хариулах атлаа өөр хүнд манай хороо бууцыг эзэмшүүлсэнд маш их гомдолтой байна. Мөн энэ захирамж гарах үед он удаан жил амьдарсан бидний эрх ашиг сонирхол хөндөгдөж байгааг сумын Засаг дарга мэдэх боломжтой боловч Захиргааны ерөнхий хуулийн 25, 26,27 дугаар зүйлд заасан ажиллагааг хийж гүйцэтгээгүй болно.

Би ******* сумын Засаг даргын А/******* дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-д зааснаар хууль бус захиргааны акт хэмээн үзэж хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

4.2. Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/******* дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас ирүүлсэн хариу тайлбарт хонд хэмээх газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлэх захирамжийн үндэслэл нь 1997 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаар захирамжийг үндэслэж хонд, хэмээх газрыг Д.*******д эзэмшүүлсэн гэх 31 дугаартай газар эзэмшүүлэх гэрчилгээг үндэслэсэн хэмээн тайлбарладаг. Гэвч дээрх захирамжаар Д.*******д газар эзэмшүүлээгүй болох нь тодорхой болсон.

Иймд ******* сумын Засаг даргын 1997 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаар захирамжийг үндэслэж Дуламсүрэнгийн *******д хонд, хэмээх газрыг эзэмшүүлсэн мөн оны 31 дугаартай гэрчилгээг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна... гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Миний ээж ******* нь 1992-2003 онд Өмнөговь аймгийн ******* сумын Өгөөмөр багийн хонд гэх газарт худаг ус гаргаж, бууц хороо бариад үр хүүхдүүдтэйгээ мал маллаж амьдарч байгаад 2004 оноос үр хүүхдүүдээ бараадаж Даланзадгад сумын малчны хороололд нүүж ирсэн. Тэр хугацаанд бууцаа орхиж яваагүй. Тухайн үед бууцаа түрээслүүлж байсан. 1995, 1996 онд н.Чулуунбат гэдэг хүн ******* сумын газартай холбоотой хороо бууцны гэрчилгээ олгож байсан. Бууцаа өөрийн нэр дээр болгож авъя гэдэг хүсэлтийг өгөхөөр хоёр, гурван удаа очсон боловч эзгүй, хөдөө явсан гээд уулзаж чадахгүй орхисон. Тэгээд бууц, хороогоо гэрчилгээтэй болгож чадаагүй. Дараа нь хороо, бууц, газраа гэрчилгээжүүлэхээр Даланзадгад сумын Газрын албаны мэргэжилтэнд хоёр, гурван удаа өргөдөл өгч байсан. Ер нь 2019 оноос хойш л амьдарч байгаа. Манайх худаг, ус гаргаж, хороо бууц бариад олон жил амьдарсан гээд бичиг баримтаар нь хайлгаад үзэхэд өөр хүний нэр газрын гэрчилгээ гарсан байсан. Энэ гэрчилгээ нь хууль бус байна. Хороо, бууц, газраа өөрсдийнхөө нэр дээр болгуулах хүсэлтэй байна. Амьдарч байх хугацаандаа худаг ус гаргаж, хороо бууц барьсныг нутгийн хүмүүс гэрчилж байгаа. В., Н.******* нарын газар эзэмших эрх нь зөрчигдөж байна гэв.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Монгол Улсын газрын тухай хуулийн 4.1.3 дахь хэсэг дээр Монгол Улсын иргэнд газар өмчлөх, эзэмших ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангана гэсэн зарчим байдаг. Энэ хүмүүст газар эзэмших эрх байгаа юу, эрх үүссэн үү гэдэг зүйлээр маргаж байгаа учраас хэнд нь эхлээд газар эзэмших эрх үүссэн юм бэ гэдэг дээр шүүх дүгнэлт хийх хэрэгтэй гэж бодож байна. 1992, 1993 оноос эхлээд нэхэмжлэгч Н.*******, В. нар хонд гэдэг жижигхэн хонд байхаас нь эхлээд нүүж буугаад хороо, бууц бариад худаг ус гаргаж амьдраад, үр хүүхдүүддээ өсгөж том болгосон.

Өөрсдөө нас ахиад хүүхдүүддээ бараадаж Даланзадгад сумын малчны хороололд нүүж ирсэн. Түүнээс хойш тэр газрыг орхиод явсан буюу зарсан тохиолдол байхгүй. Ер нь тэр газрыг Н.*******, В. нарын эзэмшлийнх гэдгийг ******* сумын хүмүүс мэддэг учраас тухайн өвөлжөө, хондод айл буух, шаардлагатай тохиолдолд түрээслэхээр бол Н.*******, В.Хүнээ нараас зөвшөөрөл авч буудаг байсан. Тухайн газар дээр 2019 оны 10 дугаар сараас хойш нэхэмжлэгчийн зээ дүү н. амьдарч байгаа.

Захиргааны эрх зүйгээс гадна нийгмийн тогтсон хэв маяг ёс суртахуун хэм хэмжээ байна. Учир нь нас 90 дөхөж байгаа хоёр хүний өвөлжөө бууцыг булааж авах, эзэмших хүсэлтийг ******* сумын иргэдээс гаргаж байгаагүй. Настай хүмүүс болохоор амаар тайлбарлаж ярьдаг. 1990-ээд оны үед өнөөгийн нийгэм шиг иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргаж шийдвэрлүүлэх тухай хууль нь өөрөө боловсронгуй болоогүй байсан учраас тухайн үедээ амаар хүсэлтээ гаргаад энэ газар манайх шүү, бид нар ямар бичиг баримт бүрдүүлэх вэ гэж тайлбарлаад явдаг байсан.

Гэтэл 2020 оны өвлөөс хойш Д.******* нь тухайн өвөлжөө бууцыг манайх гээд бид нарыг хөөгөөд байна гэж нэхэмжлэгчийн зээ дүү н. бид нарт хэлж, энэ бууц хороо танайх биш юм уу гэдэг зүйлийг ярьж тайлбарлах болсон. Н.******* нь 2019-2020 онд ******* сумын Засаг даргын Газрын албанд хондыг эзэмшиж авъя, эзэмшүүлж өгнө үү гэдэг хүсэлтээ гаргасан.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******тай удирдлагын ордны арын авто зогсоол дээр уулзаж, газар эзэмших өргөдлөө өгсөн байдаг. Учир нь ******* сумын Засаг даргын Газрын алба өргөдлийг нь шийдвэрлэхгүй байсан учраас аймгийн Газрын албанд хандаад хонд гэх газрыг эзэмшиж авмаар байна гэдгээ илэрхийлээд явж байсан. Нэхэмжлэгчийн зүгээс хондыг эзэмшүүлж өгнө үү гэсэн идэвхтэй үйлдэл, хүсэл сонирхлоо илэрхийлж байсан гэдгийг эндээс харах боломжтой.

Өөрийн хөрөнгөөр худаг, ус гаргасан гэдгээрээ давуу эрхтэй иргэн буюу эзэмших эрхтэй хүн өргөдөл гаргаад байхад тухайн өргөдлийг нь хүлээн авч шийдэхгүй байж, тухайн газар дээр огт амьдарч байгаагүй иргэн хүсэлт өгөхөд, хүсэлтийг нь шууд хүлээн аваад шийдвэрлэж байгаа нь төрийн албаны зарчим болоод хүн чанар, хүнлэг байдалд нийцэхгүй байна.

Монгол Улсын Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт заасан Монгол Улсын иргэнд газар өмчлөх, эзэмших ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангана гэсэн зарчим алдагдаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 27, 28 дугаар зүйлүүдэд захиргааны байгууллагын үүргийг тодорхой заасан. Захирамжилсан шийдвэр гаргах гэж байгаа бол эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг олж тогтоох, сонсох, нотлох баримт гаргуулах, түүнийг нь хүлээж авах, уулзах, тэмдэглэл хөтлөх, шийдвэрлэх зэрэг захиргааны ажиллагааг авч хэрэгжүүлэх ёстой. Гэтэл 1992 оноос хойш энэ газар нутагт давуу эрх үүсгээд, өөрийн хүчээр амьдраад, хутаг ус гаргасан настай хоёр хүн өргөдөл гаргасныг мэдсээр байж ийм шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй, олж тогтоогоогүй, мэдэгдэл өгөөгүй. Энэ нь захиргааны байгууллагын шийдвэр гаргах журмыг зөрчсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ******* сумын Засаг даргын 1997 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаар захирамжийг үндэслэж олгосон 31 дугаартай газар эзэмших эрхийн эрхийн гэрчилгээг үндэслээд Д.*******д хонд гэх газрыг олгосон гэж ярьдаг боловч тухайн газрыг Д.******* нь н.Эрдэнэбаяраас худалдаж авсан гэдэг тайлбарыг өгсөн байдаг. Ямар нотлох баримтыг үндэслэж Д.*******д энэ газрыг олгосон нь хариуцагч талын тайлбараар тогтоогдохгүй байна.

Мөн 1997 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаар захирамжийг үндэслэж олгосон 31 дугаартай газар эзэмших эрхийн эрхийн гэрчилгээг хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн гэрчилгээг олгох үндэслэл болсон 36 дугаартай захирамжийг аймгийн архивын газраас авч үзсэн. Энэ захирамжаар Д.*******д газар олгоогүй буюу хонд гэх газрыг эзэмшүүлээгүй, бууц гэдэг газрыг эзэмшүүлсэн байдаг. Гэхдээ энэ газар нь ******* сумын Өгөөмөр багийн нутагт биш ******* сумын Мандах багийн нутагт байсан. Өөрөөр хэлбэл маргааны газраас өөр газар буюу 36 дугаартай захирамжид хамааралгүй захирамж байсан. Тиймээс энэ 36 дугаартай захирамжийг үндэслэж олгосон гэх 31 дугаартай гэрчилгээ бол хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Тиймээс энэ 31 дугаартай гэрчилгээ болон А/******* дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү. Мөн 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/******* дугаар захирамж Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 25, 26, 27 дугаар зүйлүүдийг зөрчсөн, 1997 оны 31 дугаартай гэрчилгээ нь хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Гол үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь хэсэгт зааснаар Н.*******ийн газар эзэмших эрхийг зөрчсөн гэж үзээд захиргааны акт нь өөрөө хууль бус. Нэхэмжлэгчийн шударгаар газар эзэмших эрх нь зөрчигдөж байна гэж үзэж байгаа гэв.

7. Хариуцагч Өмнөговь аймгийн ******* сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт хариу тайлбартаа: ...Д.******* нь 1997 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаар шийдвэрийн дагуу бууцыг эзэмших 1997 оны 10 дугаар сарын 19-нд олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэн 2020 оны А/******* дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг сэргээн олгосон.

Иргэн Д.******* нь өргөдөл, газар эзэмшихээр бүрдүүлж өгсөн бичиг баримт дээрээ Отгонсүрэн, Уртнасан гэдэг хоёр иргэнээс тухайн газрыг худалдаж авсан байсан. Тиймээс энэ газар дээр байгаа барилга байгууламж, хашаа хороог зарахгүй, тухайн газрыг би амин хэрэгцээндээ худалдаж авсан учраас 1997 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 31 дугаартай гэрчилгээг үндэслэж тухайн газрын гэрчилгээг олгож өгнө үү гэсэн хүсэлтийнх нь дагуу 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/******* дугаар захирамжийг үндэслээд 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр энэ гэрчилгээг гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьснаар иргэн В. энэ захирамжийг гарсан хойно над дээр ирж байсан, мөн аймгийн Газрын харилцааны газар очиж уулзсан болон удирдлагын ордны хойно уулзсан гэдэг бол худлаа. Би энэ албан тушаалд 17 жил ажиллаж байгаа. Хүний өргөдлийг цаасаар авсан бол өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй явна гэж байхгүй. Энэ хүн өөрөө анхнаасаа амьдарч байсан. Түүнээс хойш 2018 онд Дуламсүрэнгийн *******ын эхнэрийн ах н.Эрдэнэбаяр гэдэг хүн амьдарч байгаад нас барсан. Анх өвөлжөө бууцыг сэргээн засварлаж, худаг, усыг В. гаргасныг нутгийн хүмүүс болоод сумын Засаг дарга нараас би сонсож байсан. Түүнээс хойш нэг ч бичиг баримт байгаагүй.

Тухайн газрыг иргэн, аж ахуй, байгууллага эзэмшлийн гэрчилгээтэй байсан ч, гэрчилгээгүй байсан ч 2 жил ба түүнээс дээш хугацаагаар эзэмшээгүй бол тухайн гэрчилгээ хүчингүй болно. Тухайн үед газрынхаа гэрчилгээ, нотлох бичиг баримтыг даамлаар ажиллаж байсан Чулуунбаатар, Баянтогтохоос авч болох байсныг аваагүй. Сүүлд хүн авсны дараа гэнэт гарч ирээд зарах болсон чинь гэрчилгээ хэрэгтэй болсон гэдэг. Тэгээд А/******* дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож болохгүй учраас хэвээр нь байлгаад байсан. Одоо зөвхөн Д.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан байна.

1997 оны 31 дугаартай гэрчилгээ ганцхан хувь надад л байдаг. Ер нь хувийн хэргийн он, сар захирамжийн хувьд алдаатай зүйл маш олон гардаг. Яагаад гэхээр тухайн үед нь сумын Засаг дарга, багийн дарга нар гэрчилгээтэй үнэт цаасыг барьж яваад өмчлөх, эзэмших гэрчилгээг нь асууж байгаад бичээд өгчихдөг байсан учраас ийм маргаанууд гараад байгаа. ******* сумын Засаг даргын 1997 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаартай захирамжийн хавсралтад Д.*******д холбогдох заалт тусгагдаагүй. Захирамж нь байхгүй учраас 1997 оны гэрчилгээг хууль ёсны гэж үзэхгүй. Энэ захирамж, гэрчилгээ хоёрыг хүчингүй болговол гуравдагч этгээдийн эрх нь зөрчигдөх учраас бид нар шүүхээр шийдвэрлүүлэх саналтай байна гэв.

9. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

9.1. Миний бие нөхөр Д.*******ын хамт 1991 оноос хойш өнөөдрийг хүртэл ******* сумын Өгөөмөр багт мал маллан амьдарч ирсэн бөгөөд Н.******* гэх хүний маргаад буй Элэстийн бууц гэх газрыг манайх анх 1997 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ******* сумын Засаг даргын шийдвэрээр авч байсан. Манайх тухайн үед тухайн бууцны гэрчилгээг албан ёсоор гаргуулж авсан байсан ч бууцанд маань нутгийн олон айл ирж, нүүж суугаад явахад нь буусан айл бүр дээр очиж, наад бууц чинь манайх гээд хэл ам хийгээд байдаггүй байсан, манайх Элэстийн бууц-аас 3 орчим километрийн зайтай байдаг гэх бууцандаа өвөлжиж, зун нь Элэстийн бууц гэх газраа зунждаг байсан учраас адилхан мал малладаг хүмүүс бууцанд минь ирж өвөлжихөд нь нээх асуудал үүсгэдэггүй байсан нь тус бууцыг бусдад эзэнгүй гэж ойлгогдоход хүргэжээ гэж үзэж байна.

Манай суманд 2000-2003 оны хооронд их зуд болж ихэнх малчид отроор явцгаасан бөгөөд манайх Дундговь аймгийн Дэлгэрхангай сум болон Номгоны говиор оторлож яваад 2003 онд буцаж нутагтаа ирсэн. Манайхыг буцаж ирэхэд манай Элэстийн бууц өвөлжөөн дээр Уртнасан гэх айлынх байсан бөгөөд 2005 оны 08 сар хүртэл манай бууцанд амьдарч байгаад нүүсэн. Уртнасан нүүхдээ бууцанд барьсан байсан саравчаа надад 370,000 төгрөгөөр зарчхаад явсан, нүүснээс нь хойш манай бууцанд талийгаач ах Эрдэнэбаярыгаа буулгасан. Ах маань манай Элэстийн бууц өвөлжөөн дээр 2018 оны 09 дүгээр сарыг хүртэл мал маллан амьдарч байгаад өнгөрсөн бөгөөд үүнээс хойш манайх бууцанд айл буулгалгүй зундаа зунжиж байгаад 2020 онд ийнх танай бууцанд түр бууя гээд гуйхаар нь зөвшөөрөөд буулгасан. Гэтэл нь өнөөдрийг хүртэл бууцыг маань чөлөөлж өгөхгүй, нүү гэхээр В. ах /Н.*******ийн нөхөр/ битгий нүү гэсэн гээд нүүхгүй байгаа, энэ нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор бууцнаас маань нүүхгүй байсныг харуулж байна. Элэстийн бууц өвөлжөө, хаваржааны газрынхаа гэрчилгээг ******* сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 26-ны А/******* дугаар захирамжийн дагуу шинэчлэн гаргуулж авсан бөгөөд Н.******* нь тус бууцанд 13 жил тасралгүй амьдарсан гэж нэхэмжлэлдээ үндэслэлгүй худал зүйл бичсэн байна.

Мөн 2021 онд манай багийн Засаг дарга Энхтуяа нь над уруу ах Элэстийн бууцаа зарах уу гэж асуулгаж байна гээд мессеж бичиж, утсаар ярьж байсан, ч бууцанд бууснаасаа хойш В. ах энэ бууцыг хэдээр ч хамаагүй худалдаж авья гэж байна гэж хэд хэдэн удаа надаас зарах уу гэж асуухад нь би зарахгүй ээ гэдгээ хэлж байсан. Энэ бүхнээс харахад В., Н.******* нар нь тус бууцыг манай бууц гэдгийг мэдэж байсан нь тодорхой бөгөөд одоо ийнхүү хуулийн дагуу эзэмшдэг бууцыг булаацалдаж байгааг нь үнэхээр ойлгохгүй байна. Иймд дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан Н.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү.

9.2. Манайхыг тухайн үед Элэстийн бууц гэх газрынхаа гэрчилгээг гаргуулан авснаас хойш гэрчилгээгээ шинэчлэн гаргуулах хүртэл хэн ч манай бууцны газартай холбоотой маргаан хийж байгаагүй бөгөөд нэхэмжлэгчээс сүүлд газраа зараач гэж гуйж байгаад зарахгүй болохоор ийнхүү бид авах ёстой байсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж буй нь шударга ёсонд үл нийцнэ, эдгээр хүмүүс тус бууцыг манайх гэдгийг мэдсээр байж гомдол гаргах эрхгүй атлаа ийнхүү шүүхэд өөрсдийнх нь эрх ашиг зөрчигдсөн гэж нэхэмжлэл гаргаж буй нь бодит байдалтай нийцэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

10. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан үндэслэл, хэргийг хянан шийдвэрлэх явцад эсвэл шүүх хуралдаанаар тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан. Хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол гэж заасан. Өмгөөлөгч миний зүгээс нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна.

Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт энэ хуулийн 3.1.3 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийг гаргасан этгээдийг нэхэмжлэгч гэнэ гэж заасан. Тухайн хуулийн 3.1.3 дахь хэсэгт нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд өргөдөл гаргасан этгээдийг хэлнэ гэж заасан. 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай захирамжийн улмаас тухайн нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн гэдгийг нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ тодорхой дурдах, энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдох ёстой гэж үзэж байна. Гэтэл хэргийн хүрээнд авагдсан баримтуудаас харахад энэ нөхцөл байдал тогтоогддоггүй.

Өөрөөр хэлбэл 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Д.******* газар эзэмшүүлэх тухай захирамж гарахаас өмнө тухайн этгээд уг газар дээр тогтвортой байсан эсэх, мөн захирамжаас өмнө энэ газрыг би өөрийн эзэмшилдээ авъя гэсэн өргөдөл гаргаж байсан эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй. Захирамж гарсны дараа энэ газрыг авмаар байна гэдэг өргөдлүүдийг гаргаж эхэлсэн гэдэг зүйлийг хариуцагч сая тайлбартаа хэлсэн. Тухайн өргөдөлд хариу өгч байсан баримтуудаас харахад энэ нөхцөл байдал хангалттай тогтоогддог. Тиймээс энэ захирамжаар нэхэмжлэгч В., Н.******* нарын эрх ашиг сонирхол зөрчигдөөгүй байна. Харин захирамж гарсны дараа эдгээр хүмүүс эрх зөрчигдсөн гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байгаа учраас хуулийн 109 дүгээр 109.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.

В., Н.******* гэдэг хүмүүс Д.*******, Д.******* нарыг газраа зарчих гэдэг байр сууриа илэрхийлж байсныг Д.******* тайлбартаа дурдсан. Тэгээд газраа зарахгүй гэхээр нь ер нь бид нар энэ газрыг авах ёстой байсан гэдэг маргааныг гаргаж эхэлдэг. Ингээд өргөдөл гаргасан хугацаанаас харахад 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хамгийн анхны хариугаа авсан юм болов уу гэж үзэж байна. Энэ асуудлаар ******* сумын Засаг дарга энэ газрыг Д.*******, Д.******* нарт өмчлүүлсэн учраас таны өргөдлийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг хүргүүлсэн байдаг. Үүнээс хойш 10 дугаар сарын 07-ны дотор дээд шатны захиргааны байгууллагад хандах ёстой. Өргөдөл гомдол шийдвэрлэх журмаараа дахиж гомдол гаргах эрх нь үүсчихээд байхад энэ хугацаандаа гомдлоо гаргаагүй, хугацаа хэтэрсний дараа дахин ******* сумын Засаг даргад гомдол гаргаад, шийдвэрлэсэн асуудал дээр хугацаагаа сэргээхийн тулд дахин дахин гомдол гаргаад яваад байгаа нөхцөл байдал хэргийн хүрээнд харагддаг. Тэгэхээр гомдол гаргах хугацаандаа гомдлоо гаргасан уу, энэ хүмүүс нэхэмжлэл гаргах эрхтэй хүмүүс үү гэдгийг шалгаж үзэхийг хүсэж байна.

1997 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 31 дугаартай гэрчилгээг хууль бус болохыг тогтоолгох хүчингүй болгох шаардлагын тухайд, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэж байна. Захиргааны байгууллага энэ хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5 дахь хэсэгт заасан тохиолдолд актыг гаргасан өдрөөс хойш 5 жилийн дотор хүчингүй болгож болно. Бусад тохиолдолд иргэний болон захиргааны актыг хүчингүй болгох хуулийн зохицуулалт байхгүй гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Тэгэхээр 1997 оны актыг хүчингүй болгуулахаар гомдол гаргах хугацаа хэтэрсэн байгаа учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах хүсэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс А/******* дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 27, 28 дугаар зүйлийг зөрчсөн гэх тайлбарыг гаргаж байна. Тухайн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь хэсэгт иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно гэж заасан. Өөрөөр хэлбэл Д.*******ын зүгээс тус газрыг 1997 оноос хойш одоог хүртэл эзэмшиж байгаа. Энэ эзэмшлийн гэрчилгээг шинэчилж, шинэ гэрчилгээгээ гаргуулах талаар хүсэлт гаргаад энэ хүсэлтийг шийдвэрлэсэн учраас заавал сонсох ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзэж байна. 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр захирамж гаргахад Н.*******, В. гэдэг хүмүүс тухайн газар дээр байгаагүй. 2020 оны захирамж гарах үед эдгээр хүмүүс байгаагүй учраас нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл 2020 оноос хойш тэр газар дээр Уртнасан, Эрдэнэбаяр гээд зөндөө хүмүүс амьдарч байсан. Үүнээс бага хугацаагаар амьдарсан хүмүүс ч зөндөө байгаа. Тэгэхээр бид нар нэхэмжлэл гаргах эрхтэй гээд гарч ирэх юм бол тэнд амьдарч байсан бүх хүмүүс нэхэмжлэл гаргах эрхтэй юм шиг болно. Гэтэл энэ захирамж гарахаас өмнө эдгээр хүмүүс нэг ч удаа холбогдох байгууллагад нь хүсэлт, өргөдлөө гаргаж шийдвэрлүүлж байгаагүй байж Д.*******, Д.******* нарыг гэрчилгээгээ шинэчилж авсны дараа манайх авах ёстой байсан юм аа гээд маргаад байгаа нь хуульд нийцэхгүй. Тиймээс энэ хүмүүсийг нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан сумын Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд анх гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/******* дугаар захирамжийн Д.*******д холбогдох хэсгийг болон мөн Засаг даргын 1997 оны 07 сарын 25-ны өдрийн 36 дугаар захирамжийг үндэслэж Д.*******д хонд, гэх газрыг эзэмшүүлсэн 1997 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 31 дугаартай гэрчилгээг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн тодруулсан.[1]

1. Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Хариуцагч болон гуравдагч этгээдээс ...******* сумын Засаг даргын 1997 оны 36 дугаар захирамжаар гарч 1997 оны 31 тоот газар эзэмших гэрчилгээ олгосон учир Д.******* хонд, гэх газрыг эзэмших эрхтэй, Засаг даргын 2020 оны А/******* дугаар захирамжаар энэ гэрчилгээг сэргээн дахин олгохдоо уг газрын хэмжээг нь ихэсгэн олгосон, хуульд зөрчөөгүй... гэж маргасан.

3. ******* сумын Засаг даргын 1997 оны 07 сарын 25-ны өдрийн 36 дугаар захирамжийг үндэслэсэн Д.*******д хонд, гэх газрыг эзэмшүүлсэн 1997 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 31 дугаартай гэрчилгээг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

3.1. Өмнөговь аймгийн ******* сумын Засаг дарга нь хонд, гэх 600 ам дөрвөлжин метр газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар, 60 жилийн хугацаатай ашиглуулахаар 1997 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 31 дугаартай Аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах гэрчилгээ-г[2] гуравдагч этгээдэд олгожээ.

3.2. Маргаан бүхий газар /өвөлжөө/ буюу мөн сумын Өгөөмөр багийн нутаг хонд гэх газрыг анх нэхэмжлэгчийнх сэргээн засварлан малын хашаа хороо барьж, худаг ус гарган 1992-2003 онд мал маллан амьдарч байгаад Даланзадгад сум руу нүүсэн, уг бууцан дээр нь 2006-2018 онд Уртнасан, Отгонсүрэн, Эрдэнэбаяр /гуравдагч этгээдийн эхнэрийн ах гэх/ нарынх, 2019 оноос хойш одоог хүртэл нэхэмжлэгчийн зээ дүү ийнх, мөн багийн нутаг Тоонотын хавчиг гэх хашаа, хороогүй бууцыг гуравдагч этгээд янзлан засварлан хашаа, хороо барьж 1991 оноос хойш өнөөдрийг хүртэл тус тус амьдарч байгаа бөгөөд Өгөөмөр багийн нутагт бууц- гэх нэршилтэй газар байхгүй, хонд /энэ газрыг мөн Элэстийн бууц, бууц гэж нэрлэдэг/, /энэ газрыг Тоонотын хавчиг гэж нэрлэдэг/ гэж хоёр тусдаа байршилтай, хоорондоо 5 км орчим зайтай газар болох нь хэргийн оролцогчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар[3] тогтоогдож байна.

3.3. ******* сумын Засаг дарга 1997 оны 07 сарын 25-ны өдрийн 36 дугаар захирамжаар мөн сумын нэр бүхий Мандах багийн 14, Өгөөмөр багийн 6, Жаргалант багийн 3, Хондот багийн 7 малчин өрхүүдэд өвөлжөө, хаваржааг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх шийдвэрлэсэн байх бөгөөд эдгээр малчин өрхүүдийн нэрс дотор Д.*******ын нэр байхгүй, харин Элст хонд гэх газрыг Мандах багийн малчин Энхбаярт эзэмшүүлсэн байх ба түүний уг газрыг эзэмших хугацаа 2012 онд дууссан, мөн Элст хонд гэх газар /3600м2 хэмжээтэй/-ыг сумын Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 24 дугаартай захирамжаар Г.Билгүүнд өвөлжөөний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/97 дугаар захирамжаар Г.Билгүүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Маргаан бүхий газарт Энхбаяр, Г.Билгүүн нар амьдарч байгаагүй, газар эзэмших эрхтэй холбогдуулж маргаж байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримт болон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбараар нотлогддог[4], энэ үйл баримттай талууд маргаагүй.

3.4. Газрын тухай хууль /1994 оны/-ийн 27 дугаар зүйлийн 1Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн газрыг энэ хуульд заасан хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр эзэмшүүлнэ, 3Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага оршин суугаа /оршин байгаа/ сум, дүүрэгтээ газар эзэмших давуу эрхтэй, 30 дугаар зүйлийн 5-д Сум, дүүргийн Засаг дарга эзэмшилд авахаар хүсэлт ирсэн газрын тухай уг хүсэлтийг хүлээн авмагц нийтэд зарлан мэдээлж, тухайн газрыг эзэмших, ашиглах талаар өөр сонирхогч этгээд байгаа эсэхийг тодруулна гэж тус тус зохицуулсан.

Гэтэл ******* сумын Засаг дарга 1997 оны 07 сарын 25-ны өдрийн 36 дугаар захирамжаар гуравдагч этгээдэд хонд, гэх 600 ам дөрвөлжин метр газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрх олгож шийдвэрлээгүй, маргаан бүхий газрыг эзэмших, ашиглах талаар өөр сонирхогч этгээд байгаа эсэхийг тодруулаагүй, нийтэд зарлан мэдээлээгүй атлаа дээрх хуулийн 32 дугаар зүйлийн 1Газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын томилсон албан тушаалтан тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгох, уг гэрээг улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасныг зөрчиж тухайн цаг үед маргаан бүхий газарт амьдарч байсан нэхэмжлэгчийн малын хашаа, хороо, худаг ус байршиж байгаа, өөрөөр хэлбэл бусдын бодитойгоор он удаан жил өөрийн мэдэлд байлгаж эзэмшиж, ашиглаж байгаа газрыг бүхэлд нь оролцуулан уг газарт амьдарч байгаагүй гуравдагч этгээдэд өвөлжөө, хаваржааны зориулалтаар 60 жилийн хугацаатай ашиглуулахаар 1997 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 31 дугаартай гэрчилгээ олгосон нь хууль бус, дээрх хууль, журамд нийцээгүй, хуулиар өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн байна гэж үзлээ.

Гуравдагч этгээдийн зүгээс маргаан бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг сумын Засаг даргын 1997 оны 36 дугаар захирамжийг үндэслэж олгосон гэж тайлбарлаж байгаа боловч уг захирамжаар түүнд газар эзэмших эрх олгоогүйгээс гадна хариуцагч, гуравдагч этгээд нараас тайлбараа нотлох баримт гаргаж өгөөгүй, мөн маргаан бүхий газрын нэгж талбарын хувийн хэрэгт газар эзэмших тухай хүсэлт, хүсэлтэд хавсаргах хуульд заасан холбогдох баримт бичгүүд болон энэхүү үйл баримтыг нотлох баримт байхгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогддог. Тиймээс уг захирамжаар Д.*******д газар эзэмшүүлэх эрх олгож шийдвэрлээгүй учир түүнийг үндэслэж олгосон гэх 31 дугаартай гэрчилгээ нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр биш тул гуравдагч этгээдийг маргаан бүхий газрыг эзэмших, ашиглах эрхтэй гэж үзэх үндэслэлгүй юм.

Нөгөөтэйгүүр, захиргааны байгууллага нь хүсэлт гаргасан газрын байршил нь бусдад эзэмшүүлж болох, зэргэлдээ орших бусад иргэдийн газар эзэмших эрхийг зөрчих эсэхийг шалгаж тодруулах үүрэгтэй. Гэтэл гуравдагч этгээдэд ашиглуулахаар гэрчилгээн дээр бичигдсэн газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх шаардлагыг хангасан эсэхийг шалгаж, тогтоолгүйгээр тухайн цаг хугацаанд нэхэмжлэгчийн бодитоор эзэмшиж, ашиглаж байсан газар /Элэстийн бууц/-ыг гуравдагч этгээдэд ашиглуулахаар сумын Засаг даргаас дан ганц гэрчилгээ олгосон нь дээрх хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 1-д заасантай нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзнэ.

3.5. Түүнчлэн хэрэгт авагдсан гуравдагч этгээд Д.*******ын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гаргасан ...миний эзэмшлийн өвөлжөөний гэрчилгээний хугацаа мөн оны 07 дугаар сарын 21-ний өдөр дуусч байгаа тул Тоонотын хавчиг өвөлжөөний гэрчилгээний хугацааг хуулийн дагуу 40 жилээр сунгаж өгнө үү гэсэн өргөдөл, сумын Засаг даргын 2018 оны А/85 дугаар захирамж, иргэний газар эзэмших эрхийн 0000051384 дугаартай гэрчилгээ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаас[5] үзэхэд тухайн цаг хугацаанд гуравдагч этгээдийг маргаан бүхий газарт амьдарч байсан гэж үзэх үндэслэлгүй, харин түүнд Тоонотын хавчиг гэх 4607001855 нэгж талбарын дугаартай, 1600 м2 газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, эрхийн Улсын бүртгэлийн Э-1111000093 дугаарт бүргэж, гэрчилгээ олгосон, мөн энэхүү үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй болно.

3.6. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж, гуравдагч этгээд Д.*******д олгогдсон ******* сумын Засаг даргын 1997 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 31 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

4. ******* сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/******* дугаар захирамжийн Д.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

4.1. Маргаан бүхий захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 д, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 52 дугаар зүйлийн 52.7 дахь заалтыг үндэслэн Д.*******д мөн сумын 2 дугаар багийн нутаг Элэстийн бууц гэх 3600м2 газрыг өвөлжөөний зориулалтаар 60 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, энэ захирамжийг үндэслэн мөн сумын газрын даамал 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нэгж талбарын дугаар бүхий 3600м2 газрыг Өвөлжөө, хаваржаа-ны зориулалтаар Д.*******д эзэмшүүлэхээр дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ-г олгосон,[6] маргаан бүхий захирамжаар олгосон газрын хэмжээний талаар хэргийн оролцогчид маргаагүй.

4.2. Нэхэмжлэгч талаас бууц-ыг хууль ёсоор өмчлөх эрхтэй хүн нь нөхөр бид хоёр, бидэнд эзэмшүүлж өгөөч гэж удаа дараа амаар болон бичгээр өргөдөл гаргаад байхад шийдэж өгөхгүй байж бидэнд мэдэгдэлгүй хууль зөрчиж бууц, газрыг өөр хүнд эзэмшүүлсэн, он удаан жил амьдарсан, цөөн хэдэн малаа зээ ээр маллуулдаг тул бид бууцны газраа эзэмших эрхтэй,

4.3. Хариуцагч талаас сумын Засаг даргын 1997 оны 31 тоот гэрчилгээтэй учир Д.******* хонд гэх газрыг эзэмших эрхтэй, уг гэрчилгээг үндэслэн сумын Засаг даргын 2020 оны А/******* дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг сэргээн олгосон,

4.4. Гуравдагч этгээд талаас Сумын Засаг даргаас 1997 онд олгосон гэрчилгээр Элсэтийн бууцыг эзэмших эрхтэй, хууль зөрчиж шийдвэр гаргуулаагүй, нэхэмжлэгч одоо энэ бууцан дээр амьдардаггүй, нэхэмжлэл гаргах эрхгүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж тус тус тайлбарлан маргасан.

4.5. Газрын тухай хууль /2002 он/-ийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах, 31 дүгээр зүйлийн 31.2-т Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна, 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна, 32 дугаар зүйлийн 32.5-д Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал... газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна; Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын Хоёр-ын 2.1-т Эрхийн гэрчилгээг олгоход дараа үйл ажиллагаа хийгдэнэ. Үүнд:, 2.1.2-т Өргөдөлтэй танилцаж суурин судалгаа хийх, 2.1.3-д Хээрийн судалгаа хийх гэж тус тус заажээ.

4.6. ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 69 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан ******* сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө,[7] нэгж талбарын 4607002032 дугаар бүхий газрын хувийн хэрэгт авагдсан гуравдагч этгээдийн 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ******* сумын газрын албанд гаргасан ... бууцыг албан ёсоор худалдаж авсан учир тухайн бууцыг эзэмшихийг хүсэж өргөдөл гаргав... гэсэн өргөдөл, газар эзэмших тухай хүсэлт, 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн 2020 оны 06 дугаар сарын 21-ны өдөр ******* сумын Захиргаа, газрын алба /даамал/-д гаргасан өргөдөл,[8] хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаас[9] үзэхэд хариуцагчаас гуравдагч этгээдийн хүсэлт /худалдаж авсан бууцаа эзэмшихийг хүссэн/-ийг хүлээн авч газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа ******* сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, гуравдагч этгээд нь маргаан бүхий газарт амьдарч байгаагүй, газрыг өмнө нь түүнд эзэмшүүлсэн эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй байхад нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй, нягтлан шалгаагүй атлаа хариуцагчаас хуучин гэрчилгээгээр эзэмшиж байсан газраа үргэлжлүүлэн эзэмшихийг хүссэн гэж үзэж маргаан бүхий уг газрыг шинээр эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохын зэрэгцээ дээрх хууль, журамд нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь дээр дурьдсан хууль, журамд заасан зохих ажиллагааг хэрэгжүүлээгүйн улмаас нэхэмжлэгч гэр бүлийн хамт 1992 оноос хойш малын хашаа хороо барьж, худаг ус гаргасан бодит байдал дээр эзэмшиж, ашиглаж амьдарч байсан /2019 оноос зээ ийнх нь үргэлжлүүлэн амьдарч байгаа/ газарт давхцуулан эзэмшүүлсэн нь газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчим зөрчигдсөн байх тул хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй.

4.7. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн /цаашид "иргэн" гэх/, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана, 27 дугаар зүйлийн 27.6-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хөрөнгөөр байгуулсан... усан сан... доорх газрыг багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлт, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн давуу эрхээр эзэмшүүлж болно гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч өөрийн хөрөнгөөр малын хашаа, хороо, худаг ус гарган бодитоор эзэмшиж, ашиглаж байсны хувьд уг газрыг эзэмших, ашиглах хүсэлт, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэхээр байна.

5. Мөн гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс ...хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн... гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгч нь өвөлжөөндөө эзэмшлийн гэрчилгээ гаргуулах, тухайн газрын маргааны талаар ******* сумын Засаг даргад, сумын Газрын мэргэжилтэнд болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт, аймгийн Засаг даргад тус тус хандсан[10] байх бөгөөд ******* сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1-280 тоот албан бичгийг хүлээн авч аймгийн Засаг даргад гомдол гаргасан боловч 2021 оны 11 дүгээр сарын 02-ны 1-2865 дугаар албан бичгээр ******* сумын Засаг даргад шилжүүлсэн, ******* сумын Засаг даргаас 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1-385 дугаар албан бичгээр хариу өгснийг мөн сарын 27-ны өдөр хүлээн авсан.[11] Улмаар шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасан байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэл гаргах хугацааг зөрчөөгүй байна гэж үзлээ.

6. Иймд дээрх үндэслэлүүдээр Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/******* дугаар захирамжийн Д.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

7. Шүүхээс 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 15:00 цагт хийхээр товлогдсон шүүх хуралдааны товыг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******д мэдэгдсэн боловч ирээгүй, өөрийг нь эзгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр[12] ирүүлсэн, түүнийг оролцуулж хэргийг шийдвэрлүүлэх саналыг шүүх хуралдаанд оролцогчдоос гаргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хууль /1994 он/-ийн 4 дүгээр зүйлийн 3, 27 дугаар зүйлийн 1, 30 дугаар зүйлийн 5, 32 дугаар зүйлийн 1, Газрын тухай хууль /2002 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3 дахь заалтуудыг тус тус баримтлан Н.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 1997 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 31 дугаартай Аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах гэрчилгээг, 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/******* дугаар захирамжийн Д.*******д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /Далан мянга хоёр зуун/ төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ОТГОНЦЭЦЭГ

 

 

 

 

 


[1] Хавтас хэргийн 184, 241 дэх талд

[2] Хавтас хэргийн 67 дахь талд

[3] Хавтас хэргийн 54-55, 86-87, 114-123, 172-175, 179-180, 208-217 дахь талд

[4] Хавтас хэргийн 158-162, 168-171 дэх талд

[5] Хавтас хэргийн 126-141 дэх талд

[7] Хавтас хэргийн 221-240 /229-231/ дахь талд

[8] Хавтас хэргийн 105 дахь талд

[9] Хавтас хэргийн 62, 65-66, 68-72 дахь талд

[10] Хавтас хэргийн 7-8, 57, 82, 106-107 дахь талд

[11] Хавтас хэргийн 4, 6, 9, 79, 83 дахь талд

[12] Хавтас хэргийн 243 дахь талд