Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 351

 

     “УБК” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/03712 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “УБК” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ИСК” ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 17 744 184 111 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Ажлын доголдлыг арилгахтай холбогдон гарсан зардал 17 368 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, өмгөөлөгч  Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д, өмгөөлөгч Т.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч “УБК” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь “ИСК” ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр №2015/1/16 тоот Ажил гүйцэтгэх гэрээгээр Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах Алтан сан цогцолбор орон сууцны подвалын нэг давхар, 16 дугаар барилгыг богино бэхлэлттэй цутгамал ханан бүтээцтэйгээр гүйцэтгэх, батлагдсан зургийн дагуу газар шорооны ажил, угсралт, дүүргэлт, гадна дотно засал, инженерийн шугамж сүлжээний угсралтыг барилгын материалын хамт хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон юм.

Гүйцэтгэгч “УБК” ХХК нь Алтан сан цогцолбор хорооллын эхний ээлжийн 1, 2, 3, 4 блокын 16 давхар барилгын бүтээцийн ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн бөгөөд 1 дүгээр блокод 21,276.7 м.кв каркас, 2 дугаар блокод 8.144,68 м.кв каркас, 3 дугаар блокод 8.402,61 м.кв каркас, 4 дүгээр блокод 8.558,53 м.кв каркас, гаражны талбай 1.610 м.кв, нийт 47.992,52 м.кв талбайн барилгын ажлыг 1 м.кв талбайн ажлын хөлс 300 ам. доллар байхаар харилцан тохиролцсоны дагуу хийж гүйцэтгэн, тооцоо нийлж, захиалагчид бүрэн хүлээлгэн өгсөн билээ. Гэвч “ИСК” ХХК-ийн санхүүгийн байдал доройтоож, цаашид барилгын ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон тул талуудын хооронд байгуулагдсан №2015/1/16 тоот Ажил гүйцэтгэх гэрээг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон.

Ингээд 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Нэмэлт гэрээ болон талуудын хооронд төлбөр тооцоо дүгнэсэн нэмэлт гэрээгээр гүйцэтгэгч “УБК” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлыг гүйцэтгэлийг эцэслэн дүгнэж, гэрээг дуусгавар болгон, гүйцэтгэсэн ажлын төлбөрийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон юм. Талууды дээрх тохиролцооны дагуу 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Тооцооны үлдэгдлийн баталгаа буюу тооцоо нийлсэн акт үйлдсэн. Манай компани барилгын ажлыг гүйцэтгэх хугацаанд нийт 87.826.311 юань буюу Монгол банкны 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хаалтын ханш болох 368,30 төгрөгөөр тооцоход 32.346.430.342 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд талуудын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний 6.10-т Гэрээнд алданги, торгуулийн нийт дүн нь гэрээний үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй байна гэж даасны дагуу тооцоход 8.782.631 юань буюу 3.331.164.111 төгрөгийн торгуулийг, талуудын төлбөр тооцоо нийлсэн актаар дүгнэсэн 38.000.000 юанийн хамт, нийт 46.782.631 юань буюу 17.744.184.111 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №2015/1/16 тоот Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 38.000.000 юань буюу 14.413.020.000 төгрөг, гэрээний үүрэг зөрчсөний улмаас торгуульд 8.782.631 юань буюу 3.331.164.111 төгрөг, нийт 17.744.184.111 төгрөгийг “ИСК” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч “ИСК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 01 сарын 16-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж нэхэмжлэгч тал хэлж байна. Ажил гүйцэтгэх гэрээ анх 2013 оны 12 сарын 23-ны өдөр байгуулсан гэрээгээр захиалагч тал нь “ИСК” ХХК байсан, нөгөө тал нь “Зуншин” ХХК байсан юм. Тэгэхээр тухайн үед компаниудын захирлууд гарын үсэг зурж гэрээг баталгаажуулсан. Энэ гэрээний гол агуулга нь 7 блок 16 давхар, орон сууцны подвалын нэг давхар гээд нийт барилгажих талбайн хэмжээ нь 89.686 мкв талбайтай барилгыг түлхүүр хүлээлгэж өгөх гол нөхцөлтэйгээр байгуулсан. Хүлээлгэж өгснөөс хойш 3 жилийн хугацаатай, ажлын хөлсийг тохирохдоо 1 м.кв-ийг 1.157.050 төгрөгөөр буюу нийт барилгажих талбайн хэмжээгээр тооцоод 103.771.275.986 төгрөгийн үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээ байсан. Ажил гүйцэтгэгч болох Зуншин компанийн тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас түдгэлзүүлсэн асуудал гарч бэрхшээл учирсан. Ийм учраас 2014 оны 12 дугаар сарын  30-ны өдөр Алтан сан цогцолборын гэрээний дүгнэлт гэх хэлцлийг талууд бичгээр байгуулсан. Энэ гэрээгээр тохирохдоо 2013 оны 12 дугаар сарын 23-ны гэрээ бол хэрэгжээд явж байна, энэ хэрэгжээд явж байхад гүйцэтгэгчийн тусгай зөвшөөрлийг түдгэлзсэнтэй холбоотойгоор энэ гэрээг дуусгавар болгож, нийт ажлаас 11.125.482.350 төгрөгийн ажлыг гүйцэтгэж, 92.645.793.636 төгрөгийн ажил үлдсэн. 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гэрээ байгуулж, “УБК” ХХК нь 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө гол бүтээцийн ажлыг бүрэн хийж дуусгахаар тохиролцсон. 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлээд А тал болох захиалагч тал “ИСК” ХХК үлдсэн ажлыг үргэлжлүүлэхээр тохиролцсон хэдий ч бүтээцийн ажил нь чанарын шаардлага хангахгүй байсан. 2016 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр “ИСК” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан байдаг. Өнөөдрийн байдлаар “ИСК” ХХК нь энэ барилгыг улсын комисст өгч чадаагүй байгаа. Миний дурдаад байгаа гэрээ хэлцлүүдээр “УБК” ХХК нь хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Гэтэл энэ тооцоо нийлсэн актдаа энэ бүх ажил 100 хувь дууссанаар тооцоод 300.000 доллараар үржүүлж бодоод нийт 14.397.756 доллар байсан гэж үздэг. Үүнийгээ өөрсдийн тохирсон ханшид хөрвүүлээд нийт 87.826.311,60 юанийн ажил хийсэн гэж ярьдаг. Үүнээс “ИСК” ХХК 49.250.000 юанийг төлсөн байдаг. Энэ төлсөн талаар нэхэмжлэгч тал маргадаггүй. Тэгээд бүх ажлаа дууссан гэж үзээд энэ мөнгөнөөсөө хасаад 38.576.311 юанийг нэхэмжилж байгаа. Актын тухайд эрх бүхий хүмүүс нь зурж баталгаажуулаагүй, барилгын ажлыг доголдолгүйгээр хүлээлгэж өгөөгүй, бүрэн хийж гүйцэтгээгүй гэдэг үндэслэлээр энэ 38 сая юанийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагат нийт 300.000 доллараар хийсэн тохиолдолд 87 сая юань байна гэж гэрээний нийт дүнгээ гаргаад түүний 10 хувиар нь торгууль нэхэх эрхтэй гэж үзэж байгаа. Тухайлбал 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 6 дугаар зүйлд гэрээний хариуцлага гэж заасан байдаг. Тэгэхээр ямар үүргийг гүйцэтгээгүй бол торгуулийг хэдэн хувиар яаж тооцох талаар ямар ч хэлцэл байгаагүй. Торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгэнт өнөөдөр энэ том төслийг хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан хоёр тал энэ гэрээний ажлаа дүгнээгүй, ажлыг хүлээлцээгүй. Өнөөдрийг байдлаар 7 блок байр маань өөрөө явцын дунд 4 блок барилга нь баригдахаа больсон. Нэгдүгээр ээлждээ ямар барилга байсан гэхээр 3 блок 16 давхар 1, 6 давхар үйлчилгээний төвтэй ийм 4 блок ажлын тухай яригдаж байгаа. Тэгэхээр энэ 4 блок барилга ямар нөхцөл байдалтай болсон бэ гэхээр 1 блок гэж байгаа барилга нь тэр чигтээ гаражийн хэсэг нь байнгын усанд автсан. Түүнээс болж техникийн өрөөнд байсан тоног төхөөрөмж эвдэрсэн. Мөн хөрсний усыг хамгаалж чадахгүй байгаа учраас үүнтэй холбоотой дараагийн ажлыг хийж чадахгүй ийм л нөхцөл байдалд байгаа. Тийм учраас хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “ИСК” ХХК нь анх “Зуншин” ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан ба энэ гэрээгээр “Зуншин” ХХК нь Алтан сан хороолол төслийн барилгын ажлыг бүхэлд нь гүйцэтгэн, түлхүүр гардуулж өгөх нөхцөлтэйгээр хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байсан. Тус гэрээнд зааснаар барилгын ажил нь 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл үргэлжлэх байсан. Гэвч гэрээний хэрэгжилтийн явцад “Зуншин” ХХК-ийн барилга угсралтын тусгай зөвшөөрөл цуцлагдсан асуудал үүссэн төдийгүй Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжсэнтэй холбогдуулан “Зуншин” ХХК-иас “УБК” ХХК-ийн нэр дээр гэрээг шилжүүлэх хүсэлтэй байна гэж удаа дараа хүсэлт гаргаж байсны дагуу нэхэмжлэгчийн шүүхэд гарган өгсөн байгаа 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2015/1/16 тоот Ажил гүйцэтгэх гэрээг нөхөн байгуулсан юм. Гэвч гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүйн улмаас барилгыг өнөөдрийг хүртэл улсын комисст хүлээлгэн өгч чадахгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Тодруулбал, барилгын гаражийн ус тусгаарлалтын ажлыг хийж гүйцэтгээгүйн улмаас барилгын нэгдсэн гараж хөрсний усаар дүүрч, өвлийн улиралд бүхэлдээ мөсөн бүрхүүл бий болсон, тухайн гаражид байрлаж байсан лифт болон бусад тоног төхөөрөмжүүд эвдэрч гэмтсэн. Энэ тухай гүйцэтгэгчид удаа дараа бичгээр мэдэгдэж байсан боловч үүссэн доголдлыг арилгах, дахин хийж гүйцэтгэх санал санаачлагыг огт гаргаагүй. Иймээс одоогийн байдлаар “ИСК” ХХК-иас барилгын ажлын доголдлыг арилгахтай холбоотойгоор дараах зардлуудыг гаргаад байна.  Гаражийн давхарт үүссэн мөсөн бүрхүүлийг цэвэрлэхтэй холбоотойгоор 7.500.000 төгрөг,  Гаражийн давхарт орсон хөрсний усыг зайлуулахтай холбоотойгоор үерийн хамгаалалтын далан руу ус шавхасны төлбөрт 3.628.000 төгрөг,  Нэгдсэн гаражийн хойд хэсгийн ханыг буулган дахин цутгалт хийхэд зориулж 6.240.000 төгрөгийн бетон зуурмаг худалдаж авч, цутгалт хийсэн, хийж гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахтай холбоотойгоор гарсан зардал болох нийт 17.368.000 төгрөгийг “УБК” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгч УБК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “УБК” ХХК барилгыг хүлээлгэж өгсний дараа бүтэн жил хагасын дараа гарч ирсэн ус гэж ойлгож байгаа. Яг бүтээцээс шалтгаалаад энэ ус нэвчсэн асуудлыг тогтоосон үйл баримт байхгүй. Хэрвээ энэ асуудлын талаар тооцоо нийлсэн актад нийт 576.311 юанийг суутгаад тооцоо нийлсэн байгаа. 2015 оны 10 сарын 29-ний өдрийн хэлэлцээрийн 2 дах заалтанд 2015 оны 10 сарын 15-ны өдрийн дотор барилгын гол бүтээцийг шалгаж хүлээж авна. Хэрэв А тал шалгаж хүлээж аваагүй бол шалгаж хүлээж авсанд автоматаар тооцогдоно гэж талууд тохиролцсон. Мөн тохиролцсон м.кв дээр маргаагүй. 300.000 ам доллар дээр маргаагүй. Хавтас хэрэгт маш тодорхой байгаа. Гол бүтээцийн ажлын үлдэгдлийг төлбөрийг талууд тохирсон байгаа шүү дээ. Дээрээс нь энэ 38 сая юань чинь яаж гарч ирж байна вэ гэхээр гаражийн үнийг нэмэхээр 38.576.311 юань гарч ирж байгаа. Үүнээс гологдлын асуудлаа хасаад 38 сая юань гарч ирж байгаа. Энэ хэлэлцээрийг 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр яригдсан. “ИСК” ХХК-ийн тамга тэмдгийг дарсан байгаа. Тэгээд сүүлд нь манай компанийг төлөөлөх эрх бүхий субьект биш гэж маргах хууль зүйн үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 353 дугаар зүйлийн 353.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч “ИСК”  ХХК-иас 14.413.020.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “УБК” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.331.164.111 төгрөгт холбогдох хэсгийг болон Ажлын доголдлыг арилгахтай холбогдон гарсан зардал 17.368.000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “УБК” ХХК-иас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88.878.878 төгрөг, хариуцагч “ИСК” ХХК-иас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244.790 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ИСК” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 72.223.050 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “УБК” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: "ИСК" ХХК нь ажлын доголдлын асуудлыг "УБК" ХХК-нд удаа дараа өөрийн байгууллагын албан тоотоор хүргүүлж байсан. Тухайн үед эдгээр албан тоотуудыг "УБК" ХХК-ийн бичиг хэргийн ажилтан Г.Солонго хүлээн авч, хүлээн авсан тухайгаа гарын үсгээрээ баталгаажуулж Г.Солонго гэх бичиг хэргийн ажилтан ажиллаж байсан гэдгийг ч нэхэмжлэгчийн итгэмжтэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр хэлж байсан нь хуралдааны тэмдэглэлд тусгасан. Гэтэл шүүх аливаа мэдээлэл бүхий албан бичиг мэдэгдлийг хүлээн авах талд хүргүүлсэн үйл баримт нь нотлох баримтаар нотлогдохгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч "ИСК" ХХК нь нэхэмжлэгч "'УБК" ХХК-ийн бүрэн хийж гүйцэтгэсэн гэх барилгын ажил нь чанарын доголтой тухай удаа дараа тайлбарлаж байсан төдийгүй, энэхүү чанарын доголдлыг мэргэжлийн байгууллагаар тогтоолгох шаардлагатай байна гэдгээ илэрхийлж шинжээч томилуулах хүсэлтийг гаргаж байсан хэдий ч шүүх хүлээж авахаас үндэслэлгүйгээр татгалзаж байсан.    Шүүх хуралдаан даргалагч шүүх бүрэлдэхүүнийг зарлан, шинжээч, орчуулагч, хэлмэрч, иргэдийн  төлөөлөгч,   шүүх  хуралдааны  нарийн бичгийн даргыг танилцуулж,  тэдгээрийг татгалзан гаргах эрхтэйг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид тайлбарлан өгөөгүй мөн хэргийн оролцогчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүй төдийгүй, хэргийн оролиогчоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор шинээр гаргаж өгөх баримт, хүсэлт байгаа эсэх талаар тодруулалгүйгээр хэргийг хэлэлцэж эхэлсэн нь ИХШХШТХ-ийн 103 дутаар зүйлийн 103.1, 104 дүгээр зүйлийн 104.1, 105 дугаар зүйлийн 105.1 дэх заалтыг тус тус зөрчсөн. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, үнэлэвэл зохих нотлох баримтыг үнэлээгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгуй юм. Иймд хэргийг бүхэлд нь хянаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь зөв боловч  сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болоогүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “УБК” ХХК нь хариуцагч “ИСК” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 14 413 020 000 төгрөг, гэрээний үүрэг зөрчсөний торгууль 3 331 164 111 төгрөг, нийт 17 744 184 111 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч ажлын долголдлыг арилгахтай холбоотойгоор гарсан зардал болох 17 368 000 төгрөг гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Талуудын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр №20165/1/16 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “УБК” ХХК нь  “ИСК” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлах Алтан сан цогцолборын орон сууцны подвалын нэг давхар, 16  давхар барилгыг богино бэхлэлттэй цутгамал ханан бүтээцтэйгээр гүйцэтгэх, батлагдсан зургийн дагуу газар шорооны ажил, угсралт, дүүргэлт, гадна дотно засал, инженерийн шугамж сүлжээний угсралтыг барилгын материалын хамт, түлхүүр хүлээлгэн өгөх хүртлэх бүх ажлыг хийж гүйцэтгэх,  барилгажих талбай 89 686 м.кв, талбайн м.кв-ын үнэ 1 115 051 төгрөг, гэрээний нийт үнэ                      92 645 793 636 төгрөг, гэрээний хавсралтад заасны дагуу гэрээний төлбөрийг захиалагч төлөх үүрэг хүлээхээр талууд тохиролцжээ. /хх-ийн 10-13/

Мөн 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр, “Алтан сан олон улсын хороолол” сүүлийн хугацааны барилгын гүйцэтгэлийн ажлын нэмэлт хэлэлцээрийг байгуулж, 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Төслийн ажлаас гарах тухай хэлэлцээрийг байгуулж, гүйцэтгэгч “УБК” ХХК нь мөн өдрөөс эхлэн “Алтансан хороолол”-ын төслийн ажлаас гарч, дараагийн шатны ажлуудад захиалагч тал буюу “ИСК” ХХК нь туслан гүйцэтгэгчид болон бусад ажил гүйцэтгэж байгаа талуудыг хариуцаж ажиллахаар тохиролцсоноос гадна 2 талын нягтлан бодогч нар 2015 оны 1 дүгээр сарын 16-наас 2016 оны 04 дүгээр сарын 01-ний хоорондын тооцоог нийлж “ИСК” ХХК нь “УБК” ХХК-д 38 000 000 юанийн өр төлбөртэй болохыг баталгаажуулж тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн байна.  /хх-ийн 14-15, 21-22, 75-78/

Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан,  “УБК” ХХК төслийн ажлаас гарсан, улмаар захиалагч “ИСК” ХХК барилгын ажлыг өөр гүйцэтгэгчээр гүйцэтгүүлж, тухайн барилгыг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авч, өмчлөх эрхээ захиран зарцуулсан зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон  үйл баримтад үндэслэн гүйцэтгэгчийн хийсэн ажлыг захиалагч  хүлээн авсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн нийт 47 992.52 м.кв талбай бүхий ажлын үр дүнгийн талаар тооцооны дэлгэрэнгүй гэх баримтыг талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба энэ талаар зохигчид маргаагүй байна. /хх-ийн 202-204/

Анхан шатны шүүх тооцооны үлдэгдлийн баталгааг үндэслэн хариуцагч “ИСК” ХХК-иас нийт 14 413 020 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “УБК” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.2, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д тус тус заасантай нийцсэн ба ийнхүү шийдвэрлэсэн талаар хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй байна.

Харин нэхэмжлэгч 8 782 631 юань буюу 3 331 164 111 төгрөгийн торгууль гаргуулахаар шаардсан шаардлагын талаар шүүх үндэслэл муутай дүгнэлт хийж, хэрэгсэхгүй болгосон боловч нэхэмжлэгч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй тул дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

Хариуцагч ажлын доголдлыг арилгахтай холбогдон гарсан зардал 17 368 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр №20165/1/16 тоот Ажил гүцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгдсэн “ИСК” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо /одоо тус дүүргийн 22 дугаар хороо/-нд байрлах Алтан сан цогцолбор орон сууцны подвалын нэг давхар, 16 дугаар барилгын ажилд доголдол илэрсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдохгүй гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.

Шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн шинжээч томилж дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг хангахгүй орхихдоо үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хэргийн оролцогчийн гаргасан бичмэл нотлох баримтыг шүүх хуралдаан дээр захирамж гаргалгүйгээр “...эдгээр нотлох баримтыг шинжлэн  судлахаас татгалзах...”  гэж хуульд заагдаагүй ажиллагаа хийх зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан байна. /хх-ийн 177, 2хх-ийн 112-113/

Гэхдээ эдгээр үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох шаардлагагүй, давж заалдах шатны шүүхээс хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн доголдолтой холбоотой дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой байна.

“ИСК” ХХК нь  2016 оны 02 дугаар сарын 22-нд “....ажлын талбайд мөсөн бүрхүүл бий болсон... ажил гүйцэтгэх хугацаанд ноцтой нөлөөлж байгаа...”  талаар  “УБК” ХХК-д мэдэгдэл хүргүүлснийг 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Г.Солонго хүлээн авсан тухай баримтаас үзэхэд ажлын үр дүнгийн доголдлын талаар удаа дараа албан бичгүүд хүргүүлсэн болох нь тогтоогдсон гэж үзэхээр байна. /хх-ийн 129/

Шүүх хуралдаан дээр Г.Солонгийн талаар даргалагч тодруулахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “манай Зуншин ХХК-ийн бичиг хэрэг” гэж хариулсан байхаас гадна нэхэмжлэгч “УБК” ХХК-ийн үүсгэн байгуулагч нь “Зуншин” ХХК болох нь компанийн дүрмээр тогтоогдсон байна.  /хх-ийн 8, 2 хх-ийн 118/

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т “доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх” гэж заасан тул ажлын доголдлыг арилгахтай холбоотой “ИСК” ХХК-иас гарсан зардлыг нотлогдсон хэмжээгээр сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах нь зүйтэй. 

Хариуцагч “ИСК” ХХК нь  гараашийн давхарт үүссэн мөсөн бүрхүүлийг цэвэрлэхтэй холбоотой 7 500 000 төгрөг нэхэмжилсэн боловч зарлагын баримтад хүлээн авагч, хүлээлгэн өгсөн этгээдийн гарын үсэг байхгүй, мөс зөөх ажил гүйцэтгэх гэрээ нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул энэ хэсгийг хангах үндэслэлгүй байна. /хх-ийн 158-160/

Нэгдсэн гараашийн хойд хэсгийн ханыг буулган дахин цутгалт хийхэд 6 240 000 төгрөгийн цемент худалдсан авсан гэж нэхэмжилж байгаа боловч хэрэгт 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн санхүүгийн баримтууд  авагдсан, уг цементийг доголдол арилгахтай холбоотой гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. /хх-ийн 163-165/

Харин үерийн хамгаалалтын далан руу ус шавхасны төлбөр 3 628 000 төгрөгийн баримтыг үндэслэн энэ хэсгийг хангах боломжтой гэж үзлээ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний талаар болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/03712 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.5, 352 дугаар зүйлийн 352.2.2-т тус тус зааснаар хариуцагч “ИСК” ХХК-иас 14.413.020.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “УБК” ХХК-д,  нэхэмжлэгч “УБК” ХХК-иас 3 628 000 төгрөгийг гаргуулж хариуцагч “ИСК” ХХК-д тус тус олгож нэхэмжлэлийн шаардлагаас 3.331.164.111 төгрөгт холбогдох хэсгийг, сөрөг нэхэмжлэлийн 13 740 000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,  2 дах заалтын “олгосугай” гэснийг “..., нэхэмжлэгч “УБК” ХХК-иас 72 998 төгрөг гаргуулж хариуцагч “ИСК”  ХХК-д тус тус олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт  зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244 800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.МӨНХЗУЛ

                                         ШҮҮГЧИД                                       Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                Н.БАТЗОРИГ