Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2019/00897

 

“У” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/03712 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 351 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “И” ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 17 744 184 111 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, ажлын доголдлыг арилгахтай холбогдон гарсан зардал 17 368 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонсүхийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онон, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Нямдорж, нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компани нь “И” ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр №2015/1/16 тоот Ажил гүйцэтгэх гэрээгээр Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах Алтан сан цогцолбор орон сууцны подвалын нэг давхар, 16 дугаар барилгыг богино бэхлэлттэй цутгамал ханан бүтэцтэйгээр гүйцэтгэх, батлагдсан зургийн дагуу газар шорооны ажил, угсралт, дүүргэлт, гадна дотно засал, инженерийн шугам сүлжээний угсралтыг барилгын материалын хамт хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон.

Гүйцэтгэгч “У” ХХК нь Алтан сан цогцолбор хорооллын эхний ээлжийн 1, 2, 3, 4 блокын 16 давхар барилгын бүтээцийн ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн бөгөөд 1 дүгээр блокод 21 276.7 м.кв каркас, 2 дугаар блокод 8 144,68 м.кв каркас, 3 дугаар блокод 8 402,61 м.кв каркас, 4 дүгээр блокод 8 558,53 м.кв каркас, гаражны талбай 1 610 м.кв, нийт 47 992,52 м.кв талбайн барилгын ажлыг 1 м.кв талбайн ажлын хөлс 300 ам.доллар байхаар харилцан тохиролцсоны дагуу хийж гүйцэтгэн, тооцоо нийлж, захиалагчид бүрэн хүлээлгэн өгсөн билээ. Гэвч “И” ХХК-ийн санхүүгийн байдал доройтож, цаашид барилгын ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон тул талуудын хооронд байгуулагдсан №2015/1/16 тоот ажил гүйцэтгэх гэрээг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон.

Ингээд 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн нэмэлт гэрээ болон талуудын хооронд төлбөр тооцоо дүгнэсэн нэмэлт гэрээгээр гүйцэтгэгч “У” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлыг гүйцэтгэлийг эцэслэн дүгнэж, гэрээг дуусгавар болгон, гүйцэтгэсэн ажлын төлбөрийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон юм. Талуудын дээрх тохиролцооны дагуу 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр тооцооны үлдэгдлийн баталгаа буюу тооцоо нийлсэн акт үйлдсэн. Манай компани барилгын ажлыг гүйцэтгэх хугацаанд нийт 87 826 311 юань буюу Монгол банкны 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хаалтын ханш болох 368.30 төгрөгөөр тооцоход 32 346 430 342 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд талуудын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний 6.10-т Гэрээнд алданги, торгуулийн нийт дүн нь гэрээний үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй байна гэж заасан.

Иймд 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №2015/1/16 тоот ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 38 000 000 юань буюу 14 413 020 000 төгрөг, гэрээний үүрэг зөрчсөний улмаас торгуульд 8 782 631 юань буюу 3 331 164 111 төгрөг, нийт 17 744 184 111 төгрөгийг “И” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгнө гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

“И” ХХК нь анх “Зуншин” ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан ба энэ гэрээгээр “Зуншин” ХХК нь Алтан сан хороолол төслийн барилгын ажлыг бүхэлд нь гүйцэтгэн, түлхүүр гардуулж өгөх нөхцөлтэйгээр хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байсан. Тус гэрээнд зааснаар барилгын ажил нь 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл үргэлжлэх байсан. Гэвч гэрээний хэрэгжилтийн явцад “Зуншин” ХХК-ийн барилга угсралтын тусгай зөвшөөрөл цуцлагдсан асуудал үүссэн төдийгүй Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжсэнтэй холбогдуулан “Зуншин” ХХК-иас “У” ХХК-ийн нэр дээр гэрээг шилжүүлэх хүсэлтэй байна гэж удаа дараа хүсэлт гаргаж байсны дагуу нэхэмжлэгчийн шүүхэд гарган өгсөн байгаа 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2015/1/16 тоот ажил гүйцэтгэх гэрээг нөхөн байгуулсан юм. Гэвч гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүйн улмаас барилгыг өнөөдрийг хүртэл улсын комисст хүлээлгэн өгч чадахгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм.

...Одоогийн байдлаар “Их сүндэр  констракшн” ХХК-иас барилгын ажлын доголдлыг арилгахтай холбоотойгоор нийт 17 368 000 төгрөгийг гаргасан.

Иймд “У” ХХК-иас хийж гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахтай холбоотойгоор гарсан зардал болох 17 368 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...харилцан тохиролцсон гэрээний дагуу “У” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн барилгын бүтээцийн ажилтай холбоотой нэмэлт зардал, доголдол илэрвэл захиалагч нь гүйцэтгэгчийн ажлын хөлснөөс хасаж тооцно гэснийг баримтлан 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “тооцоо нийлсэн акт”-ын хавсралт 1-ийн 2 дугаар хүснэгтийн 6, 8-т тус тус заасны дагуу нийт 1 370 931 юань буюу 519 980 419 төгрөгийг гүйцэтгэлийн үнэлгээнээс хасаж тооцсон бөгөөд сөрөг нэхэмжлэлд дурдагдаад байгаа үнийн дүн орсон гэж үзэж байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/03712 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 353 дугаар зүйлийн 353.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч “И” ХХК-иас 14.413.020.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “У” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.331.164.111 төгрөгт холбогдох хэсгийг болон ажлын доголдлыг арилгахтай холбогдон гарсан зардал 17.368.000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “У” ХХК-иас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88.878.878 төгрөг, хариуцагч “И” ХХК-иас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244.790 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “И” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 72.223.050 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “У” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 351 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/03712 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.5, 352 дугаар зүйлийн 352.2.2-т тус тус зааснаар хариуцагч “И” ХХК-иас 14.413.020.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “У” ХХК-д, нэхэмжлэгч “У” ХХК-иас 3 628 000 төгрөгийг гаргуулж, хариуцагч “И” ХХК-д тус тус олгож нэхэмжлэлийн шаардлагаас 3 331 164 111 төгрөгт холбогдох хэсгийг, сөрөг нэхэмжлэлийн 13 740 000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах заалтын олгосугай гэснийг ..., нэхэмжлэгч “У” ХХК-иас 72 998 төгрөг гаргуулж, хариуцагч “И” ХХК-д тус тус олгохоор тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244 800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Мөн 351 тоот магадлальн хянавал хэсэгт “Шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн шинжээч томилж дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг хангахгүй орхихдоо үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хэргийн оролцогчийн гаргасан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлахаас татгалзах...” гэж хуульд заагдаагүй ажиллагаа хийх зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан байна”. гэж дүгнэсэн атлаа энэхүү зөрчлийг арилгах, залруулах арга хэмжээ аваагүй.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ. Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрсөн тул энэ агуулгаар магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “У” ХХК нь хариуцагч “И” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 14 413 020 000 төгрөг, гэрээний үүрэг зөрчсөний торгууль 3 331 164 111 төгрөг, нийт 17 744 184 111 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Хариуцагч “И” ХХК нь шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзсанаас гадна нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахтай холбоотойгоор 17 368 000 төгрөгийн зардал гаргасан гэж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч “У” ХХК сөрөг шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцсэн байна.

Зохигч нь 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, нэхэмжлэгч “У” ХХК нь хариуцагч “И” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлах “Алтан сан” цогцолборын орон сууцны подвалын нэг давхар, 16 давхар барилгыг богино бэхлэлтэй цутгамал ханан бүтээцтэйгээр гүйцэтгэх, батлагдсан зургийн дагуу газар шорооны ажил, угсралт, дүүргэлт, гадна дотно засал, инженерийн шугам сүлжээний угсралтыг барилгын материалын хамт, түлхүүр хүлээлгэн өгөх хүртэлх бүх ажлыг хийж гүйцэтгэх, барилгажих талбай 89 686 мкв талбайн мкв-ын үнэ 1 115 051 төгрөг, гэрээний нийт үнэ 92 645 793 636 төгрөг, гэрээний хавсралтад заасны дагуу гэрээний төлбөрийг захиалагч төлөх үүрэг хүлээхээр талууд тохиролцжээ.

Зохигч нь 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Алтан сан” олон улсын хороолол сүүлийн хугацааны барилгын гүйцэтгэлийн ажлын нэмэлт хэлэлцээрийг байгуулж, гүйцэтгэгч “У” ХХК нь мөн өдрөөс эхлэн  “Алтан сан” хорооллын төслийн ажлаас гарч, дараагийн шатны ажлуудад захиалагч “И” ХХК нь туслан гүйцэтгэгчид болон бусад ажил гүйцэтгэж байгаа талуудыг хариуцаж ажиллахаар тохиролцсон байна.

Хоёр талын санхүүгийн ажилтнууд 2015 оны 01 дүгээр сарын 16-аас 2016 оны 04 дүгээр сарын 01-ний хоорондын тооцоог нийлж, “И” ХХК нь “У” ХХК-д 38 000 000 юанийн өр төлбөртэй болохыг тогтоон, тооцооны үлдэгдлийн баталгаа үйлджээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч гүйцэтгэсэн ажлын хөлс шаардсан, хариуцагч ажил гүйцэтгэгчийн ажлын доголдлын талаар маргасан гэж талуудын маргааны зүйлийг зөв тодорхойлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах асуудлаар хоёр шатны шүүх ижил дүгнэлт хийжээ.

Харин давж заалдах шатны шүүх гэрээний зүйл болох ажлын үр дүн доголдолтой байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэж, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулахыг хүссэн бол нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь гомдлыг хүлээн зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангах өөрчлөлтийг давж заалдах шатны шүүхийн магадлалд оруулахыг татгалзахгүй гэж мэдэгдсэн болно.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 351 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “3 628 000 төгрөгийг” гэснийг “17 368 000 төгрөгийг” гэж, ”72 998 төгрөг” гэснийг “244 790 төгрөг” гэж тус тус өөрчлөн, “сөрөг нэхэмжлэлийн 13 740 000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус” гэснийг хасч, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 226 650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

   ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН