Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2019/01881

 

 

 

 

2019 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2019/01881

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.З нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш.М /РД:ЦВ66011711/-д холбогдох,

11 917 946 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Я.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Я.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Герман улсад байхдаа 2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр Монгол руу ачаа явуулна гэсэн зарын дагуу Ш.Мтой холбогдож очиж уулзсан. Ш.М нь 2-3 том шланз машин зогсоочихсон байж байсан бөгөөд энэ өдөр маш олон хүмүүс Ш.Мтой уулзаад бужигнаж байсан. Ш.М нь та маргааш ачаагаа аваад хүрээд ир гэсний дагуу би маргааш нь 3 хэсэг ачаагаа аваачиж, нэг бүрчлэн гаргаж харуулаад хүлээлгэж өгсөн. Нэг ачааг 35 еврогоор авч байсан учраас би 105 евро төлсөн. Хэзээ ачаа Монгол руу явах вэ гэж асуухад энэ сарын 20-ноос өмнө явна гэж хэлсэн.

Ингээд би Германаас Монголд ирчихээд цагаан сар болох гээд ачаагаа ирэхийг хүлээж, ирсэн эсэхийг нь зөндөө асуусан. Гэтэл 2 сарын 18-ны өдөр буюу битүүний өдөр Ш.М яриад ирж ачаагаа ав гэсэн. Яваад очтол 1 хэсэг ачаа нь ирсэн. 2 хэсэг ачаа байхгүй байсан. Ш.М нь Оросын хил дээр хураалгасан 3 сарын 20-ноос өмнө авчирч өгнө гэж хэлээд надад бичиг хийж өгсөн. Үүнээс хойш би энэ хүний араас өчнөөн жил хөөцөлдөөд ачаагаа олж авч чадаагүй.

Хамгийн анх Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст хандаж шалгуулсан бөгөөд Карго нь ирдэг газарт зөндөө хоног сахиж байгаад Ш.Мыг ирэхээр нь Баянзүрх дүүргийн Цагдаад хэлж байсан. Цагдаа миний хэргийг шалгаж байгаад Иргэний шүүхээр шийдвэрлүүлэх асуудал гээд хэрэгсэхгүй болгосон. Үүнээс хойш би шүүхэд хандаж 2 удаа хаягтаа байхгүй гэж буцааж, та өөрөө Ш.Мыг олоод ир гэсний дагуу би Ш.Мыг олж уулзахаар Герман хүртэл явж байсан. Хамгийн сүүлд Ш.Мыг эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулж байж хаягийг нь тогтоолгосон.

Би Германд бараагаа хүлээлгэж өгөхдөө Ш.Мод нэг бүрчлэн үзүүлээд өгсөн. Би хил гаалиар нэвтрүүлдэггүй хориотой бараа өгөөгүй. Цагдаагийн хэлтэст Ш.М нь Белорусь улсын хил дээр хураалгасан барааныхаа жагсаалтыг гаргаж өгсөн бөгөөд уг хураалгасан бараанд нь миний 2 хэсэг бараа байхгүй байгаа. Ш.М миний 2 хэсэг барааг авснаа хүлээн зөвшөөрөөд төлж өгнө гэж хэлдэг байсан.

Иймд Ш.Моос барааны үнэ, 2 хайрцаг ачааны хөлс нийт 4 032 евро, Ш.Мыг олох зорилгоор ХБНГУ-д ирж очсон 812 евро, нийт 4 844 евро буюу 11 917 946 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Я.З нь хариуцагч Ш.Мод Герман улсын Берлин хотод байхад нь 3 хайрцаг бараа Улаанбаатар хотод хүргүүлэхээр 105 евро ажлын хөлсөөр тохирсон байна. 1 хайрцаг бараагаа хүлээж авсан. 2 хайрцаг бараагаа М-оос авч чадаагүй. Мөнхболдод хэдэн сарын хэдний өдөр 2 хайрцаг бараан дотроо ямар ямар бараа хийж, жагсаалт бичиж, гаалийн хураамжийг тооцоолж, төлбөр өгсөн бэ? 2 хайрцаг доторх барааны нэрсийн жагсаалт яаралтай гаргаж өгнө үү гэсэн боловч гаргаж өгөөгүй. Белорусь улсын гааль дээр 250 ширхэг хайрцагтай бараанаас 160 ширхэгийг хураалгасан. 1000 еврогоор торгуулсан. Герман улсад байгаа Монгол иргэд Цагаан сарын үеэр ах дүү нартаа бэлэг явуулсан. Үүн дотроо виски, хамар болон амны тамхи, вино, дарс нууж хийсэн. Оросын хилээр архи, тамхи дамжин өнгөрч болохгүй хориотой хуультай. Анх Ш.Мод хүлээлгэж өгөхдөө хориотой бараа юу ч байхгүй. Жаахан чихэр, боов гэж хэлж өгсөн. Гэтэл машинаар нь дурандаж, гаалийн байцаагч хараад хориотой бүх барааг хураагаад авчихсан. Я.Згийн гомдолыг би ойлгож байна. Хэрвээ ямар ч хориотой бараа байхгүй бол гаалийн татвараа тушаагаад буцаагаад Белорусийн гаалиас авч болно. Ийм учраас яаралтай Ш.Моор гарын үсэг зуруулж хүлээлгэж өгсөн барааныхаа жагсаалтыг нотлох баримтаар гаргаж өгнө үү.

Я.З 4032 Еврогийн үнэ бүхий бараагаа мөнхийн согтуу, дампуу архичин Ш.Мод маш хариуцлагатай хүлээлгэж өгөх ёстой. Белорусийн гааль, гаалийн хуудсан дээр бүх барааг тодорхой бичиж, татвар ноогдуулах хуультай гээд бараа нууж гарсан гээд тодорхой томьёогүй барааг бүгдийг хураагаад авчихсан.

Эрхэм хүндэт шүүгч танаас хүсэх нь нэхэмжлэгч Я.Згээс 2 хайрцаг бараа дотроо ямар ямар бараа байсныг жагсаалтаар гаргуулж, гаалийн татвар ногдуулсан төлбөрийн хамт нотлох баримт болгож, Ш.Мод хүлээлгэн өгсөн гарын үсэгтэй бичиг баримтыг гаргуулж өгнө үү. Нотлох баримт бүрдчихвэл Я.Згийн бүх хохирльг төлж өгнө гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Я.З нь хариуцагч Ш.Мод холбогдуулан тээврийн гэрээний үүрэгт 11 917 946 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийг шаардлага гаргажээ.

 

Талууд ачаа хүлээлгэж өгсөн эсэх, ачаан дотор ямар нэр төрлийн эд хөрөнгө байсан, түүний бодит үнэ хэд болох талаар маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

Нэхэмжлэгч Я.З нь 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ахуйн хэрэглээний эд зүйлс буюу 3 хайрцагтай ачааг ХБНГУ-ыг Берлин хотоос Монгол Улсын Улаанбаатар хотод хүргүүлэхээр Ш.Мод хүлээлгэн өгч, хөлс 105 евро төлсөн, Ш.М нь 2015.02.18-ны өдөр Улаанбаатар хотод ачааг тээвэрлэн ирж, тээвэрлүүлэгч Я.Зд 1 хайрцаг ачааг нь хүлээлгэн өгч, 2 хайрцаг ачааг нь хүлээлгэж өгөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 2015.02.18-нд 1802 цаг, 2 хайрцаг ачаа байхгүй байгаа тул 3 сард авч ирж өгөхөөр тохиров Оросын хил дээр хураагдсан, Алга болсон бол эд барааг төлж өгөхөөр тохиров гэж бичиж, Ш.Мын гарын үсгээ зурсан баримт /хх-47х/, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн баримтууд /хх-62-68х/ зэргээр тогтоогдож байна.

 

Хариуцагч Ш.М нь Я.Згийн ахуйн хэрэглээний ачааг Берлин хотоос Улаанбаатар хотод хүргэхээр хүлээн авсан, Я.З нь хөлс 105 евро төлсөн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасан Тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан ачаа тээвэрлэлтийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 395 дугаар зүйлийн 395.1Тээвэрлэлтийн гэрээнээс үүсэх шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа нэг жил, санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлийн улмаас хохирол учирсан бол хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж хөөн хэлэлцэх хугацааг тусгайлан зохицуулжээ.

Нэхэмжлэгч Я.Згийн Тээвэрлэлтийн гэрээнээс үүсэх шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 1 жил байх бөгөөд Я.З нь 2015 оны 2 сарын 18-ны өдөр ачааг хүлээн авах үедээ зарим хэсэг алдагдсаныг мэдсэн тул Иргэний хуулийн 395.2.2-д заасны дагуу уг өдрөөс хойш 30 дахь өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно. Тээвэрлэгч Ш.М 3 сард ачааг өгөхөөр тохирсон тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа 3 сарыг дуустал тасалдсан байна.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дах хэсэгт заасны дагуу 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр эхлэн тоолох бөгөөд нэхэмжлэгч Я.З нь 2015 оны 8 сарын 14-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, Прокурорын 2015.08.21-ны өдрийн 1767 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан /хх-63, 83х/ тул 2015.08.22-ны өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр эхлэн тоолно.

Я.З шүүхэд 2016.01.06-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.05.24-ний өдрийн 21319 дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн /хх-48-50х/ тул 2016.05.24-ны өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр эхлэн тоолно.

Я.З шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш.Мыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.07.07-ны өдрийн 298 дугаар шийдвэрээр Ш.Мыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагаа хийхийг Цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэсэний дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагааг хийж 2018 оны 10 сарын 10-ны өдөр хаягийг тогтоосон, /хх-7х/-оор хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсож, Я.З шүүхэд 2018 оны 11 сард нэхэмжлэл гаргаснаар дахин тасалдаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.01.14-ний өдрийн 836 дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн /хх-10-11х/-ээр тасалдал зогсож, хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр тоолох бөгөөд мөн 2019.04.01-ний өдөр нэхэмжлэл гаргаснаар тасалдсан байна.

Иймээс хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр тоолсоноос тасалдсан хүртэл 1 жил хүрэхгүй байх тул нэхэмжлэгч Я.З нь шаардах эрхийн хөөн хэлэлцэх тусгай хугацааг хэтрүүлээгүй байна.

 

Хариуцагч Ш.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д нь нэхэмжлэгчийг ямар, ямар бараа хүлээлгэж өгсөн нь тодорхойгүй, ачааны дагалдах бичиг үйлдээгүй гэж маргаж байна.

Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1-д ачаа тээвэрлэлтийг гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр байгуулах, дагалдах бичигт тус хуулийн 387 дугаар зүйлд заасан нөхцлийг тусгасан байхаар зохицуулжээ. Хуулийн энэхүү зохицуулалт нь талууд дагалдах бичгийг заавал үйлдэх ёстой гэдгийг шаардаагүй бөгөөд Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.4-д дагалдах бичиг үйлдээгүй, эсхүл түүнийг дутуу үйлдсэн зэрэг нь ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулагдахад болон хуулийн энэ бүлгийн заалтуудыг хэрэглэхэд саад болохгүй гэдгийг тодруулж өгсөн байна. Иймд дагалдах бичиг үйлдээгүй гэдэг нь нэхэмжлэлийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

 

Харин дагалдах бичиг үйлдсэн бол тээвэрлэх ачааны тоо, хэмжээ, тэмдэг, дугаар, баглаа боодол зэргийг тодорхойлох нотлох баримт болох байсан тул нэхэмжилж буй зүйлсийг тогтооход ач холбогдолтой байсан.

Нэхэмжлэгч Я.З нь хариуцагч Ш.Мод хүлээлгэж өгөөд буцааж аваагүй, 2 хайрцагт байсан барааны жагсаалтыг 2019.04.01-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гаргасан бөгөөд нийт 46 нэр төрлийн 3 150 еврогийн буюу 9 310 896 төгрөгийн бараа байсан гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Я.З нь 2016 онд Ш.Моос 2 хайрцаг барааны үнэ 6 120 000 төгрөг нэхэмжилж байсан болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.05.24-ний өдрийн 21319 дугаар захирамжаар тогтоогдож байна./хх-49х/

Мөн 2015 оны 08 дугаар сарын 14-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөлдөө ...миний 2 хайрцаг ачаанд гутал, цахилгаан бараа, гоо сайханы бараа, чихэр, цагаан сараар өгөх чихэр, цахилгааны утас, цойж бүгд 2 500 000 төгрөгийн бараа байгаа гэж бичсэн төдийгүй мэдүүлж байсан байна. /хх-63-67х/

Иймээс дээрхи тайлбаруудыг харьцуулан дүгнэж Я.Згийн Ш.Мод хүлээлгэж өгсөн эд зүйлсийн үнийг цаг хугацааны хувьд хамгийн сайн мэдэж байсан үеийн тайлбараар нь тогтоох үндэслэлтэй байна.

Иймд Я.З нь 2015.01.10-ны өдөр хариуцагч Ш.Мод нийт 2 500 000 төгрөгийн эд зүйлсийг буюу тухайн үеийн Монгол банкны еврогийн төгрөгтэй харьцах ханшаар тооцоход /2 500 000 төгрөг : 2 282,16 төгрөг = 1 095 евро/ 1 095 еврогийн эд зүйлсийг хүлээлгэж өгсөн байна.

Нэхэмжлэгч Я.З нь Би Германаас автомашин авч Монгол руу газраар Ш.Моор оруулж ирэхээр ярьсан байсан учраас 2015 оны 08 сард 2 хайрцаг ачааныхаа үнийг багаар мэдүүлж байсан гэж тайлбарлаж байгаа боловч үүнийгээ баримтаар нотлоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 388 дугаар зүйлийн 388.1 дэх хэсэгт зааснаар тээвэрлэгч нь ачааг хүлээн авахдаа ачааны тоо, хэмжээ, тэмдэг үнэн зөв эсэхийг болон сав, баглаа боодлыг шалгах үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу хариуцагч Ш.М нь Я.Згийн ачааг шалгаж, хил гаалиар нэвтрүүлэх боломжгүй барааг хүлээн авахаас татгалзах эрхтэй байсан.

Нэхэмжлэгч Я.З нь хариуцагч Ш.Мод бараагаа шалгуулж өгсөн, хил гаалиар нэвтрүүлэхийг хориглосон бараа байгаагүй гэж тайлбарлаж байгааг хариуцагч үгүйсгээгүй, Я.Згийн илгээсэн 2 хайрцаг бараа Белорусь улсын гаальд хураагдсан гэдгийг хариуцагч Ш.М баримтаар нотлох боломжтой боловч нотлоогүй болно.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д нь Ш.Мын Белорусь улсын гаальд бараагаа хураалгасан гэж гадаад хэл дээрх баримтыг 2019.08.07-ны өдрийн шүүх хуралдаанд үзүүлж байсан бөгөөд уг баримтыг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар шүүхэд гаргаж өгөх боломжтойг тайлбарласан боловч тухайн баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хариуцагч Ш.Мыг хуульд заасны дагуу хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1Тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн, түүнчлэн тээвэрлэлтийн хугацаа хоцроосны хариуцлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцна гэж заасны дагуу Ш.М нь Я.Згийн ачаа алдагдсаны хариуцлагыг хүлээх хууль зүйн үндэслэлтэй тул 2 хайрцаг эд зүйлсийн үнэ /1 095 евро х 2 955,84 төгрөг = 3 236 645 төгрөг/ 3 236 645 төгрөгийг Ш.Моос гаргуулж Я.Зд олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ гэж, мөн хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Я.З нь шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн буюу 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн еврогийн төгрөгтэй харьцах Монгол банкны ханшаар тооцож төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Я.З нь тээвэрлэгч /Ш.М/-ийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй.

Я.З нь гэрээний дагуу 2 хайрцаг ачааны тээвэрлэлтийн хөлсөнд 70 евро төлсөн бөгөөд хариуцагч Ш.М нь гэрээгээр хүлээсэн 2 хайрцаг ачааг Улаанбаатарт хүлээлгэж өгөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул Я.Зд 2 хайрцаг ачааг тээвэрлүүлэхээр гэрээ байгуулсны болон 2 хайрцаг ачаанд ногдох хөлс төлсний ашиг, үр шим гараагүй байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасны дагуу Я.Згийн хөлсөнд төлсөн 70 еврог үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Ш.Моос 206 908 төгрөг /70 евро х 2 955,84 төгрөг = 206 909/-ийг гаргуулж Я.Зд олгох үндэслэлтэй байна.

 

Харин Я.Згийн Ш.Мыг олох зорилгоор ХБНГУ-д очиж, ирсэн онгоцны билетийн үнэ 812 евро буюу 2 400 142 төгрөгийг гэрээний үүргийн зөрчлийн улмаас үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь: Өөр харилцаа /МИАТ ХК-тай байгуулсан зорчигч тээвэрлэлтийн гэрээний харилцаа буюу онгоцны тийз худалдан авсан үнэ/-ны дагуу төлсөн төлбөрийг энэ харилцаа /Ш.Мтой байгуулсан ачаа тээвэрлэлтийн гэрээ/-ны улмаас учирсан хохирол буюу Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Тодруулбал, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.6-д Гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол үүргийн зүйлийг өөр этгээдээс хүлээн авах ёстой байсан үүрэг гүйцэтгэгч түүнийгээ авч чадаагүйгээс үүрэг биелээгүй бол үүнээс үүдэн гарах хариуцлагыг өөрөө хүлээнэ гэж заасан үүрэг тусгаарлах зарчим үйлчилнэ.

Иймд нэхэмжлэгч Я.Згийн онгоцны зардал 2 400 142 төгрөгийг Ш.Моос гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг баримтлан Ш.Моос 3 443 554 төгрөгийг гаргуулж Я.Зд олгож, нэхэмжлэлээс 8 474 392 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Я.Згийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205 637 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Моос 70 047 /далан мянга дөчин долоо/ төгрөгийг гаргуулж Я.Зд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА