Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2021/02521

 

 

 

 

 

 

 

 

 

2021 12 14 181/ШШ2021/02521

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

нэхэмжлэгч: д.г

хариуцагч:  Г.Е

2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 15,382,570 төгрөг гаргуулах, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.д.г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.д.г шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 264 дугаар тушаалаар Дорнод аймаг дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар томилсон. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй Төрийн албаны зөвлөлд хандсан. Төрийн албаны зөвлөл Гаалийн ерөнхий газрын даргын энэхүү тушаалыг хүчингүй болгож, эгүүлэн ажилд нь томилох нь зүйтэй гэсэн чиглэл өгснийг биелүүлээгүй. Захиргааны хэргийн хэргийн шүүхэд хандаад, 3 шатны шүүхээр урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж шийдвэрлэсэн.

Шийдвэр биелэгдээгүй, 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Иргэний хэргийн шүүхэд цалинтай тэнцэх олговор шаардан нэхэмжилснийг 3 шатны шүүхээр шийдвэрлэгдээд одоог хүртэл мөн биелэгдээгүй.

2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс иргэний хэргийн шүүхэд олговроо гаргуулахаар шаардан нэхэмжлэл гаргаснаа дэмжинэ, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 15,382,750 төгрөг гаргуулж шимтгэл төлүүлэн бичилт хийлгэж өгнө үү.

Би 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд Дорнод аймгийн Гаалийн газарт ажилласан нь үнэн. 08 дугаар сарын 05-ны өдөр захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Гомдол гаргасан учраас ажиллахаа больсон. Захиргааны хэргийн шүүхээс Гаалийн ерөнхий газрын даргын 264 дугаар тушаалыг хүчингүй гэж тооцсон. Тийм учраас хүчингүй тушаалаар ажиллах үндэслэлгүй гэж бодсон.

Мөн Төрийн албаны зөвлөлөөс хууль бус шийдвэр байна гэсэн хариу гарсан. Тэгэхээр хууль бус шийдвэр нь намайг шүүхэд нэхэмжлэл гаргаснаар түдгэлзэх ёстой байх гэж ойлгосон. Тэгэхээр би хууль бус шийдвэрийн дагуу ажиллах ёстой юу? гэдэг асуудал гарах байх. Эрх бүхий албан тушаалтны гаргасан хууль бус шийдвэрээр би өнөөдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байна.

Би өөрийн дураар ажлаа хаячихаад байгаа юм шиг тайлбар хэлж байгааг зөвшөөрөхгүй. Тэр хууль бус шийдвэр гаргаагүй бол ажлаа хийгээд явах байсан. Би 1995 оноос хойш Монголын гаальд 26 жил 7-8 газар сэлгэн ажиллаж, шалгагчаас эхлээд байцаагч, ахлах байцаагч, албаны дарга, орлогч дарга, газар хорооны дарга гээд бүх шатны албан тушаалд ажилласан. Тушаалын дагуу нь албан тушаалаа хүлээлгэж өгөөд эргээд байцаагч болоод ч ажиллаж байсан. 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх энэ 25 жилийн хугацаанд албан тушаалын болон ямар нэгэн авилгын хэрэгт Хөдөлмөрийн хууль, Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрмийн дагуу холбогдож байгаагүй.

Албан тушаал өөрчилсөн байдлыг Төрийн албаны зөвлөл, Захиргааны хэргийн шүүх хууль бус гэдгийг тогтоосон. Хууль бус шийдвэрээр 2 жил гаруй ажилгүй байгаа учраас цалингаа нэхэмжилсэн.

Надад албан тушаал санал болгосон гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна. Нэг удаа Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга дуудаж уулзсан, албан тушаал санал болгосон зүйл байхгүй. Чи яах гэж Гаалийн ерөнхий газрын даргатай шүүхдэлцээд байна вэ? гэсэн маягаар харилцаж байсан. Би юу ч ярилгүй гараад явсан. Хамгийн сүүлд 7 хоногийн өмнө уулзахад Гаалийн ерөнхий газрын даргатай уулзах гээд уулзаж чадахгүй байна гэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргад шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай гомдол гаргасан, одоо шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаа явагдаж байна. Гаалийн ерөнхий газрын даргыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүхийн шийдвэр биелүүлдэггүй албан тушаалтан гэж зарласан гэсэн тайлбар хариу өгсөн. Сая 9 дүгээр сард захиргааны хэргийн 3 шатны шүүх, иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүд биелэгдэхгүй байна гэсэн гомдлыг тус газарт дахин бичиж өгсөн, хариу өгөөгүй.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Оюунболд гэж хүнд Б.д.гтай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор явуулж, хариуг мэдэгд гэсэн бичиг өгснөөр, Захиргааны шүүхийн ажилгүй байсан хугацааны цалинд 3,200,000 төгрөг гаргуулах шийдвэр биелэгдэж, миний дансанд орж ирсэн. Ажилд эгүүлэн томилох гэдэг нь биелэгдээгүй гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд нэхэмжлэлд гаргасан хариу тайлбараа дэмжин тайлбарлахдаа:Гаалийн байгууллага батлагдсан төсвийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.

Б.д.г нь 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б-264 тушаалаар Дорнод аймаг дахь Гаалийн газарт томилогдсон. Гаалийн байгууллага энэ хүний хөдөлмөрлөх боломжийг хаасан биш, хангаж ажил өгсөн. Гэтэл энэ хүн огт ажиллаагүй. Нэхэмжлэлд болон өмнөх шүүхийн шийдвэрүүдэд дурдагдсаны дагуу цалингийн шатлал 1 шатлал буурсан боловч тухайн цалинтай дүйцэхүйц хэмжээний орлого буурсан асуудал харагдахгүй байгаа. Өмнө нь Дархан-Уул аймаг дахь Гаалийн газарт хяналт шалгалтын албаны даргаар ажиллаж байх хугацаандаа ТТ-13 шатлалаар цалинжиж 55 хувийн нэмэгдэл авдаг байсан бол Дорнод аймаг дахь Гаалийн газарт очсоноор хилийн гаалийн 60 хувь нэмэгдэл нэмж авч байгаа. Цалин нэг шатлал буурсныг харахад 36,000 төгрөгөөр буурсан. Гэтэл эсрэгээрээ 5 хувийн нэмэгдэл нэмэгдсэн. Албан тушаалын хувьд захиргааны хэргийн шүүхэд хэрэг шийдвэрлэгдэх хугацаанд шийдвэрлэгдэх бүрэн боломжтой байсан. Энэ бүх хугацаанд Б.д.г нь ажил хөдөлмөр эрхлэхгүй, зүгээр л төрөөс мөнгө аваад байгаа.

Нэхэмжлэгч нь ажиллаж, хөдөлмөрлөж байхдаа эрх зөрчигдөн албан тушаал буурсан гэж захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган, маргаан үүсгээд шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байсан. Гаалийн байгууллагаас ажил олгоогүй биш олгосон, гэтэл ажлыг хийхгүй гээд хаяж явсан, ямар ч ажил эрхлээгүй. Б.д.г 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд ажил үүргээ гүйцэтгэж байсан. Энэ хугацаандаа Төрийн албаны зөвлөлд хандан гомдол гаргасан. Ингээд асуудлаа шийдвэрлүүлэхээр албан бичгээр хандаад, холбогдох нотлох баримтаа Төрийн албаны дээд зөвлөлд хүргүүлээд асуудлаа шийдвэрлүүлсэн. Ингээд байж байснаа гэнэтхэн би ажлаа хийхгүй гээд орхиод явсан. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар Монгол Улсын иргэн хөдөлмөрлөж, түүндээ тохирсон цалин хөлс авна.

Магадгүй энэ бүх хугацаанд шүүхийн шийдвэрээр цалингийн зөрүү гарч болох байсан. Цалингийн зөрүү бол төрийн сангаас гарч байгаа мөнгө.

Гаалийн байгууллага онцлогтой, 18 хилийн боомтуудад очиж ажилладаг. Энэ хүн гаалийн улсын байцаагчаар аль ч боомтод ажиллана гэж тангараг өргөсөн. Гаалийн байгууллага албан тушаал, ангилал зэрэглэл буурахгүйгээр санал болгож байгаа, гэтэл энэ хүн ажиллахгүй гэдэг. Гаалийн тухай хуулийн 274.3.-т гаалийн улсын байцаагч нь 2 жил тутамд сэлгэн ажиллана гэж заасан. Харин яг сэлгэн ажиллах гэсэн гэрээ байгуулсан, гарын үсэг зурсан баримт байхгүй. Авилгын эсрэг хууль болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд төрийн байгууллага авилгаас урьдчилан сэргийлэх зорилгоор хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэх үүрэг хүлээсний дагуу улсын байцаагчийн 2 жил тутамд сэлгэн ажиллуулдаг гэв.

 

Нэхэмжлэгч Б.д.г нэхэмжлэлийн шаардлагаа нотлож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0718 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 17 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 99 дүгээр тогтоол, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/02918 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 212 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2021/00767 дугаар тогтоол зэрэг баримтуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбаруудыг ирүүлсэн нь бичмэл баримтын хуулийн шаардлага хангасан тул үнэлэх үндэстэй.

Хариуцагч тал тайлбараа нотолж ямар нэг баримт ирүүлээгүй.

Шүүх хэрэгт цугларсан бичмэл баримтын хуулийн шаардлага хангасан нотлох баримтууд, талуудын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.д.г нь хариуцагч Г.Е ТБАГУТҮГ-т холбогдуулан 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 15,382,570 төгрөг гаргуулах, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай гаргасан нэхэмжлэлээ дэмжин, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр биелүүлээгүй гэсэн үндэслэлээр шаардана.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үл зөвшөөрч,цалин нэг шатлалаар буурсан ч 5 хувийн нэмэгдэлтэй өөр ажилд томилсон, нэхэмжлэгч огт ажил гүйцэтгээгүй гэсэн үндэслэлээр маргана.

Нэхэмжлэгч Б.д.г 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 10 Иймд дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд шүүхийн шийдвэрээр эгүүлэн томилогдсон Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албаны даргын ажил, албан тушаалын ажлыг эрхлээгүй, цалин хөлс аваагүй болох нь талуудын тайлбар, хэргийн баримтаар нотлогдож, уг үйл баримтад талууд маргаагүй.

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбараар;

1. Г.Е ТБАГУТҮГ-ын даргын 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/264 тоот тушаалаар Б.д.гыг Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албаны даргын үүрэгт ажлаас 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, мөн өдрөөс Дорнод аймаг дахь Гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар томилсон.

2. Б.д.г уг тушаалыг эс зөвшөөрч, албан тушаал бууруулан өөр ажилд буруу шилжүүлсэн үндэслэлээр гаргасан гомдлыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0718 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 17 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 99 дүгээр тогтоолоор тус тус хангаж, Гаалийн Ерөнхий газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/264 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын Гаалийн хяналт бүрдүүлэлтийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2019 оны 8 сарын 5-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны 2,974,762 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, цалинтай тэнцэх олговорт олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг Г.Е ТБАГУТҮГ-ын удирдлагад даалгаж шийдвэрлэсэн./хх05-23/

3. Шүүхийн шийдвэр хуулийн хугацаандаа биелэгдээгүйгээс Б.д.г хариуцагч Г.Е ТБАГУТҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 12,672,846 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, тус иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/02918 дугаар шийдвэрээр хариуцагч Г.Е ТБАГУТҮГ-аас 140,446.3 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,532,399.7 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Б.д.гын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зохих журмын дагуу нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Г.Е ТБАГУТҮГ-ын удирдлагад үүрэг болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хянан хэлэлцэж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 212 дугаар магадлалаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2019 оны 10 сарын 23-ны өдрөөс 2020 оны 9 сарын 14-ний өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговорт Г.Е ТБАГУТҮГ-аас 12,672,846 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.д.гад олгож, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн ба Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2021/00767 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тогтоогдсон үйл баримт/хх5-12/ бий болсон.

4. Хариуцагч Г.Е ТБАГУТҮГ нь, тус газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/264 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.д.гыг урьд эрхэлж байсан Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын Гаалийн хяналт бүрдүүлэлтийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг нэхэмжлэл гаргасан 2021 оны 10 сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд биелүүлээгүй үйл баримт нотлогдоно.

5. Хариуцагч Г.Е ТБАГУТҮГ нь татгалзлын үндэслэлээ нотлосон баримтыг хэрэгт ирүүлээгүй, хуульд заасан зохих журмын дагуу ажиллагаа хийсэн гэх байдал нотлогдохгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.гэж заасан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай гэж үзэх үндэслэл болно.

6. Хариуцагч Г.Е ТБАГУТҮГ нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй, биелүүлэх талаар хуульд заасан зохих журмын дагуу ямар нэг ажиллагаа хийгээгүй, татгалзлын үндэслэлээ нотлоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ., Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.-д заасан ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах хуулийг биелүүлэх үүргээ зөрчсөн буруутай байна.

7. Иймд нэхэмжлэгч ажилгүй байж цалин хөлсөөрөө хохирсон байх тул шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс гарсан үр дагаврыг ажил олгогч байгууллага хариуцах үндэстэй.

8. Нэхэмжлэгчээс олговрын шаардлагын дүнгээ тооцсон дундаж цалин 1,198,844 төгрөгийг хариуцагч үгүйсгээгүй ба энэ дүнг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.1.1., Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн сарын дундаж цалин хөлсийг Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албаны даргын цалингийн картад бичигдсэн, 2019 оны 3 дугаар сараас 5 дугаар сарын дундаж цалин хөлсөөр өмнө шүүхээс тооцон гаргасан дүнгээр тооцон, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх ажилгүй байсан 12 сар 17 хоногийн хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт /1,168,604.7х12=14,023,256.4+/17хоног/+986,799=/ 15,010,055,4 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлээс үлдэх 372,514.6 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

9. Нэхэмжлэгчийн өмнө ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 12,672,846 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/02918 дугаар шийдвэр нь Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2021/00767 дугаар тогтоолоор шийдвэрлэгдсэний дараа хариуцагчийн гомдлоор Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч 2021 оны 8 сарын 19, 2021 оны 10 сарын 19-ний өдрүүдэд хянагдан шийдвэрлэгдсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй. гэсэн зохицуулалтын дагуу хуульд заасан хугацаанд гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., 128 дугаар зүйлийн 128.1.5.-д заасныг баримтлан хариуцагч Г.Е ТБАГУТҮГ-аас 15,010,055,4/арван таван сая арван мянга тавин тав/ төгрөгийг олговорт тооцон гаргуулж нэхэмжлэгч Б.д.гад олгон, нэхэмжлэлээс үлдэх 372,514.6 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т зааснаар Б.д.гын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зохих журмын дагуу нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Г.Ет үүрэг болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,863 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 233,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.д.гад олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., 128 дугаар зүйлийн 128.1.5.-д заасныг баримтлан хариуцагч Г.Е ТБАГУТҮГ-аас 15,010,055,4/арван таван сая арван мянга тавин тав/ төгрөгийг олговорт тооцон гаргуулж нэхэмжлэгч Б.д.гад олгон, нэхэмжлэлээс үлдэх 372,514.6 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т зааснаар Б.д.гын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны шимтгэл, хураамжийг зохих журмын дагуу нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Г.Ет үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,863 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 233,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.д.гад олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч талууд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ