Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/00707

 

 

 

 

 

 

 

 

 

                                          Б.Гын нэхэмжлэлтэй

                                             иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2021/02521 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Гын хариуцагч “ГЕГ” ТБАГУТҮГ-т холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 15,382,750 төгрөг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийлгэнэ.  

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Б.Гыг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 264 дугаар тушаалаар ... Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар томилсныг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд хандсан. Төрийн албаны зөвлөлөөс ... даргын уг тушаалыг хүчингүй болгож, Б.Гыг эгүүлэн ажилд нь томилох чиглэл өгснийг ажил олгогч биелүүлээгүй. Захиргааны хэргийн 3 шатны шүүхээс нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилж шийдвэрлэсэн боловч шийдвэр биелэгдээгүй. Мөн 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэмжилж шүүхэд хандаж, 3 шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн боловч одоог хүртэл биелэгдээгүй. Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан учраас ажиллахаа больсон. Захиргааны хэргийн шүүх ... даргын 264 дугаар тушаалыг хүчингүйд тооцсон учраас нэхэмжлэгч хүчингүй тушаалаар ажиллах үндэслэлгүй гэж бодсон. Нэхэмжлэгч эрх бүхий албан тушаалтны гаргасан хууль бус шийдвэрээр өнөөдрийг хүртэл ажилгүй байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийг өөрийн дураар ажлаа хаясан юм шиг тайлбар хэлж байгааг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 25 жилийн хугацаанд ажиллахдаа албан тушаалын болон ямар нэгэн авилгын хэрэгт холбогдож байгаагүй.  Хариуцагч талаас ямар нэгэн албан тушаал санал болгосон зүйлгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх гомдол гаргаснаар одоо шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаа явагдаж байна. Захиргааны хэргийн шүүхийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс 3,200,000 төгрөг гаргуулах шийдвэр биелэгдэж, нэхэмжлэгчийн дансанд орсон. Харин ажилд эгүүлэн томилох шийдвэр биелэгдээгүй гэжээ.

 2.Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад: Б.Г нь 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б-264 тушаалаар ... Гаалийн газарт томилогдсон. Гаалийн байгууллагаас нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх боломжийг хаагаагүй, ажлын байраар хангасан. Гэтэл нэхэмжлэгч огт ажиллаагүй. Цалингийн шатлал нь 1 шат буурсан боловч тухайн цалинтай дүйцэхүйц хэмжээний орлого буурсан асуудал байхгүй. Нэхэмжлэгч өмнө нь ...аймаг дахь Гаалийн газарт хяналт шалгалтын албаны даргаар ажиллаж байх хугацаандаа ТТ-13 шатлалаар цалинжиж 55 хувийн нэмэгдэл авдаг байсан. ... Гаалийн газарт хилийн гаалийн 60 хувийн нэмэгдэл нэмж авч байгаа. Цалингийн шатлал 36,000 төгрөгөөр буурсан, эсрэгээрээ 5 хувийн нэмэгдэл нэмэгдсэн. Албан тушаалын хувьд захиргааны хэргийн шүүхэд хэрэг шийдвэрлэгдэх хугацаанд шийдвэрлэгдэх бүрэн боломжтой байсан. Энэ бүх хугацаанд Б.Г ажил хөдөлмөр эрхлэхгүй, төрөөс мөнгө авч байна. Нэхэмжлэгч нь ажиллаж, хөдөлмөрлөж байхдаа эрх зөрчигдөн албан тушаал буурсан гэж Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байсан. Б.Г 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ажил үүргээ гүйцэтгэж байсан. Энэ хугацаандаа Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Гэнэт ажлаа хийхгүй орхиод явсан. Энэ хугацаанд шүүхийн шийдвэрээр цалингийн зөрүү гарч болох байсан. Нэхэмжлэгч гаалийн улсын байцаагчаар аль ч боомтод ажиллах тангараг өргөсөн. Гаалийн байгууллага албан тушаал, ангилал зэрэглэл буурахгүйгээр ажлын байр санал болгож байгаа. Гэтэл нэхэмжлэгч ажиллахгүй гэдэг. Гаалийн тухай хуулийн 274.3.-т гаалийн улсын байцаагч 2 жил тутамд сэлгэн ажиллана гэж заасан. Харин сэлгэн ажиллах гэрээ байгуулсан, гарын үсэг зурсан баримт байхгүй гэжээ.

4. Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг баримтлан хариуцагч “ГЕГ” ТБАГУТҮГ-аас 15,010,055,4 /арван таван сая арван мянга тавин тав/ төгрөгийг олговорт тооцон гаргуулж нэхэмжлэгч Б.Гад олгон, нэхэмжлэлээс үлдэх 372,514.6 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т зааснаар Б.Гын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны шимтгэл, хураамжийг зохих журмын дагуу нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг ГЕГт үүрэг болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,863 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 233,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Гад олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

5.1 Хууль буруу тайлбарлан хэрэглэж, дүгнэлт хийсэн тухайд,

5.1.а. Б.Г нь ...аймаг дахь Гаалийн газрын Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албаны даргын үүргийг гүйцэтгэж байгаад ...даргын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/264 тоот тушаалаар ... Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчаар томилогдсон. Уг тушаалыг гаалийн улсын байцаагч биелүүлэх үүрэгтэй. Нэхэмжлэгч нь ... Гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар тодорхой хугацаанд ажиллаж байгаад ажлаа орхин Улаанбаатар хотод ирсэн. Энэ хугацаандаа Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхэд ... даргын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/264 тоот тушаалыг хууль бусд тооцуулан, хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Б.Г нь ажлаа орхиж явсан, түүнийг албан үүрэгт нь ажлаа орхихыг Гаалийн байгууллагын удирдлагаас шаардсан, ажлаа хийхгүй байхад нөлөөлсөн хүчин зүйл байхгүй атал сайн дураараа ажлаа гүйцэтгээгүй атлаа ажилгүй байсан хугацааны цалин хөлс шаардаж байгаа нь үндэслэлгүй.

5.1.б. Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, ...даргын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/264 тоот тушаал хүчингүй болсон. Энэ хугацаанаас хойш ...аймаг дахь Гаалийн газарт өмнө эрхэлж байсан ажил үүргээ одоог хүртэл хийж гүйцэтгэхгүй, ажилдаа очихгүй байгаа. Гаалийн байгууллага нь улсын төсвөөс санхүүждэг төрийн байгууллага тул ...дарга тухайн жилд батлагдсан төсөв, бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан ажилчдын цалин хөлсийг тогтоон томилдог. Б.Г нь нэхэмжлэлд дурдсан хугацаанд Монгол улсад аливаа ажил хөдөлмөр эрхлээгүй, эрх нь зөрчигдсөн нэрээр ГЕГ-ыг буруутган төрийн хохироож ямар нэгэн ажил эрхлээгүй атлаа ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Б.Гыг ... Гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар томилсон. Гэтэл нэхэмжлэгч нь тус газарт 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ажиллаж, үүнээс хойш ажиллаагүй нь ГЕГ-аас ажил олгоогүй бус харин Б.Г үндэслэлгүйгээр ажил тасалсан болно. Б.Гын ажлаа орхин сайн дураар албан үүргээ гүйцэтгээгүй орхигдуулсан хугацааны цалинг Гаалийн байгууллага хариуцахгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: ... ... даргын 2019 оны 05 дугаар сарын 24-ний Б/264 дугаар тушаалаар ... аймаг дах Гаалийн газарт улсын ахлах байцаагчаар томилсон. Энэ талаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргахад уг тушаал нь үндэслэлгүй тул хүчингүй болгож, хариу мэдэгдэхийг ... даргад даалгасан боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй. 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж 3 шатны шүүхийн шийдвэр гарч, Б/264 дугаар тушаалыг хүчингүй болгосон. Уг шийдвэр нь хүчингүй болсон учраас ажлаа хийхгүй байгаа. Ажилгүй байсан хугацааны цалинтай холбогдуулан 2020 оны 08 дугаар сард нэхэмжлэл гаргаад 3 шатны шүүхийн шийдвэр гарсан. Хууль бус шийдвэрийн дагуу ажил хийх боломжгүй учраас эрх зөрчигдсөн гэж үзэн цалингаа дахин нэхэмжилсэн гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Б.Г хариуцагч “ГЕГ” ТБАГУТҮГ-т холбогдуулан 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 15,382,570 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

4. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар дараахь үйл баримт тогтоогджээ. 4.а. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0718 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 17 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 99 дугаар тогтоолоор ... даргын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б.Гыг ...аймаг дахь Гаалийн газрын гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлж, ... Гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчийн ажилд шилжүүлэн томилсон Б/264 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон, Б.Гыг урьд эрхэлж байсан ...аймаг дахь Гаалийн газрын Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2,974,762 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг ... даргад даалгаж шийдвэрлэсэн. /хх13-23/

4.б. Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 12,672,846 төгрөг нэхэмжилснийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/02918 дугаар шийдвэрээр “ГЕГ” ТБАГУТҮГ-аас 140,446 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,532,399 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 212 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 12,672,846 төгрөгийг хариуцагч “ГЕГ” ТБАГУТҮГ-аас гаргуулан нэхэмжлэгчид олгож, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2021/00767 дугаар тогтоолоор хэвээр үлдээжээ.  /хх5-12/

4.в. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дах хэсэгт заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэх журамтай. Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүйн улмаас шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл нэхэмжлэгчийн Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах эрх нь зөрчигдсөн байна.

5. Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэрээр Б.Гыг ... Гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар томилсон ... даргын Б/264 дугаар тушаалыг хүчингүй болгосон байх ба ажил олгогч ажилтныг ажиллах нөхцлөөр хангах хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлээгүй байна.

5.а Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг эгүүлэн авах үүрэгтэй.

Иймд хариуцагчийн “нэхэмжлэгчийг ... Гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар томилсон. Ажил олгогчийн зүгээс ажлын байраар хангасан, Б.Г үндэслэлгүйгээр ажил тасалж, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ажиллаад үүнээс хойш ажилдаа ирээгүй” гэх тайлбар, гомдлыг хангах хууль зүйн  үндэслэлгүй.

5.б. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх 12 сар 17 хоногоор тооцоолж, энэ хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 15,010,055 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэн, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалд тус тус нийцжээ.

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2021/02521 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ц.ИЧИНХОРЛОО

 

               ШҮҮГЧИД                               Д.БЯМБАСҮРЭН

 

                                                        А.МӨНХЗУЛ