Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 00396

 

         СХДТХ-ийн нэхэмжлэлтэй,

        иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/02736 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч СХДТХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “МБДЖ” ХХК-д холбогдох

Татварын өр нийт 91 983 350 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Ж.М-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, Б.Э, хариуцагчийн төлөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус хэлтэст бүртгэлтэй 5310695 тоот регистрийн дугаартай “МБДЖ“ ХХК нь 2013 онд татварын хяналт шалгалтын актаар ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татвараар 14 363 100 төгрөг, алданги 1 099 600 төгрөг, торгууль 4 909 700 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар ногдуулсан 67 755 952 төгрөг, аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангаар ногдуулсан 3 854 998 төгрөг, нийт 91 983 350.6 төгрөгийн татварын өртэй байна. Татварын алба татварын хууль тогтоомжийн дагуу 2018 оны 7 дугаар сарын 18-нд 342018517/68 тоот мэдэгдэх хуудас гардуулсан. Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасан “Татварын өрийг үл маргах журмаар гаргуулах“ ажиллагааг хийж гүйцэтгэн 2018 оны 9 дүгээр сарын 06-нд 342018517/27 тоот банкны данс хаах мэдэгдэх хуудсыг Хаан банк, Хас банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Капитал банк, Капитрон банк, Улаанбаатар банк, Төрийн банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банкуудад тус тус өгч дансыг хаасан боловч өр төлбөр  барагдаагүй. 

 “МБДЖ“ ХХК-ийн захирал Ж.М-ын 99077478 дугаарын утсаар холбогдож татварын өрийг барагдуулах хуулийн хугацаа хэтэрснийг удаа дараа сануулсан боловч өр төлбөрөө барагдуулаагүй тул татварын өр 91 983 350 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ж.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани 2009 оны 6 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан бөгөөд Барилгын материал худалдаа, засвар, засал чимэглэл, гадаад худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. СХДТХ нь 2013 оны Татварын хяналт шалгалтаар тус дүүргийн татварын хяналтын байцаагчийн манай компанид ногдуулсан 14 363 100 төгрөг, алданги 1 099 600 төгрөг, торгууль 4 909 700 төгрөг, нийт 20 372 400 төгрөгийн өр үүсгэсэн. Бид энэхүү өрийн талаар татварын хяналтын байцаагчаас асуухад НӨАТ-ын падаан хуурамч байсан гэдэг үндэслэл хэлсэн. Тухайн үед манай компанийн ажилтан барилгын материал олон газраас худалдаж авсан учир хаанаас тийм падаан ирсэнийг мэдэхгүй. Татварын хяналтын байцаагч бидэнд энэ өрийг тайлбарлахдаа татварын алба захирамж гарган удахгүй устгадаг гэж хуурч бидний санхүүгийн болон хуулийн мэдлэг үгүйг далимдуулж энэ өрөнд гарын үсэг зуруулсан юм.

Иймд 20 372 400 төгрөгийн хяналт болон алданги, торгуулийг төлөх боломжгүй. Харин 67 755 952 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын өр, 3 854 998 төгрөгийн аж ахуй нэгжийн орлогын албан татварын үлдэгдэл өрийг төлөх боломжтой гэжээ.

Шүүх: Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг баримтлан хариуцагч “МБДЖ” ХХК-иас татварын өр 91 983 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч СХДТХ-т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч СХДТХ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “МБДЖ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 617 866 төгрөг гаргуулан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ж.М давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрт 2013 оны татварын хяналт шалгалтын актаар ногдуулсан нөхөн татвар болох нэмэгдсэн өртөгийн албан татвар 14 363 400 төгрөг, алданги 1 099 600 төгрөг, торгууль 4 909 700 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч талын эрх ашгийг хамгаалсан шийдвэр байна. Манай компани анхнаасаа л нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж шүүхэд тайлбар гаргасан болно. Энэ торгууль оногдох боломжгүй манай компани барилгын материал маш олон газраас худалдан аваад, тухайн үед материал худалдан авсан компаний өгсөн баримт байгаа, бид тэр бүр компануудын өгсөн баримтыг хуурамч гэдгийг мэдэхгүй манайд хамааралгүй өөр хуулийн этгэдийн тамга тэмдэгтэй баримтыг хуурамч гэж байсан. Гэхдээ ямар худалдан авалтын падаан хууль зөрчсөн болохыг татварын алба зааж нэрлээгүй, хууль зөрчсөн ямар баримт байгаа вэ гэхэд гарын үсгээ зурчих дараа нь устгачихна гэсэн тайлбар хийсэн.

Шүүх ямар баримтад торгууль тавьсан нь тодорхойгүй, манай компани зөрчлийн хуудсанд гарын үсэг зурсан гэдгийг үндэслэж шүүхийн шийдвэр гаргасан, татварын газар нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Үндсэн хуулийн эрх тэгш мэтгэлцэх зарчим, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг анхан шатны шүүх зөрчин нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалсан ажиллагаа явуулаж, шийдвэр гаргаж байгаа тул шүүхийн шийдвэрт 20 372 400 төгрөг төлөх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч СХДТХ нь хариуцагч “МБДЖ” ХХК-д холбогдуулан нэмэгдсэн өртгийн албан татвар 14 363 100 төгрөг, алданги 1 099 600 төгрөг, торгууль 4 909 700 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар ногдуулсан 67 755 052 төгрөг, аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангаар ногдуулсан 3 854 998.4 төгрөг нийт 91 983 350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч “МБДЖ” ХХК-иас нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 67 755 952 төгрөг, аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангаар 3 854 998.4 төгрөг, нийт 71 610 950 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж, маргаагүй. /х.х-ийн 42 дугаар тал/,  харин нэхэмжлэлийн шаардлагыг үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

СХДТХ-ийн 2013 оы 05 дугаар сарын 15-ны өдрийн 342948 дугаар ”Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” актаар хариуцагч “МБДЖ” ХХК-д нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 163 636 300 төгрөгийн зөрчилд 16 363 100 төгрөгийн нөхөн төлбөр, 4 909 100 төгрөгийн торгууль, 1 099 600 төгрөгийн алданги нийт 22 372 400 төгрөгийн төлбөр ногдуулсан 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дотор төлүүлэхээр тогтоосон бичгийн баримт хэрэгт авагджээ. /х.х-ийн 15 дугаар тал/

Татварын ерөнхий хуулийн  11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй” гэж заасан байна.

Иймд дээрх татварын байцаагчийн актаар тогтоогдсон өр төлбөрийг акт хүчин төгөлдөр болсон үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолно. Өөрөөр хэлбэл, 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн актад хариуцагч тал гомдол гаргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан үед буюу 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдсэн өртгийн албан татвар 14 363 100 төгрөг, алданги 1 099 600 төгрөг, торгууль 4 909 700 төгрөг нийт 20 372 400 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт талуудын тайлбар нотолгооны хэрэгсэл болох тул хариуцагчийн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрсөн хэмжээ буюу нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар ногдуулсан 67 755 952 төгрөг, аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангаар ногдуулсан 3 854 998 төгрөг нийт 71 610 950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20 372 400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/02736 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “91 983 350” гэснийu “71 610 950” гэж, “олгосугай” гэснийг “олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20 372 400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтад “617 866” гэснийг “516 005” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийг бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259 812 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                    ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

                                                                                                            Д.БАЙГАЛМАА