Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2021/02590

 

 

 

 

  

 

 

 

2021 12 20 181/ШШ2021/02590

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

нэхэмжлэгч:Н.Н

хариуцагч:г.п

зээлийн гэрээний үүрэгт нийт 57,382,710 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Наранцэцэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх Г.г.пгээс 11,865,340 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлж 57,382,710 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хамгийн анх 15 сая төгрөгийг 5 хувийн хүүтэй 5 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцсон. Үүний дагуу хүү 3,750,000 төгрөг, үндсэн зээл 15,000,000 төгрөг нийт 18,750,000 төгрөгийг анхны гэрээний дагуу хариуцагчаас авах байсан. Энэ зээлийн үндсэн төлбөр болон хүүнээс 10,839,000 төгрөгийг төлсөн. Нийт дүнгээс хасахаар 7,910,660 төгрөг эхний гэрээнээс төлөөгүй өнөөдрийг хүрсэн. Тиймээс гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үнийн дүн болох 7,910,660 төгрөгөөс алданги 50 хувиар тооцож нийлээд эхний гэрээний дагуу Г.г.пгээс 11,865,340 төгрөгийг шаардаж нэхэмжилсэн.

2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 14 сая төгрөгийг 1 сарын хугацаатай тохиролцон зээл өгсөн. Энэ гэрээний дагуу нэг ч төлбөр хийгдээгүй. Гэхдээ хүү тооцоогүй. Харин гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 14 сая төгрөгөөс 7 сая төгрөгийн алданги тооцсон. Ингээд хариуцагч нь 21 сая төгрөгийг өгөхөөр тооцоо гарсан.

Хариуцагчид хамгийн сүүлд 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 17 сая төгрөгийг 12 сарын хугацаатай тохиролцон зээл олгосон. 17 сая төгрөгийн хүү нь 8,160,000 төгрөг болсон. Үндсэн зээл болон хүүнээс 5,643,000 төгрөгийг төлж барагдуулсан. Үндсэн төлбөр болон гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 19,517,000 төгрөг байна. Гэрээнд заасны дагуу алданги 9,750,000 төгрөг болсон. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болон алданги нийлээд 29,275,500 төгрөг болж байна.

Ингээд Г.г.пгийн төлөх ёстой төлбөр нь 62,140,840 төгрөг болсон. Хариуцагч болон түүний нөхрийг байлцуулж байгаад бид 2019 оны 02 дугаар сард 3 гэрээг нийт үнийн дүнгээр тооцож, Г.г.п нь өдөр бүр 36,570 төгрөгийг хийхээр харилцан тохиролцсон. Энэ тохиролцооны дагуу 2019 оны 02 дугаар 16-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх 1 жилийн хугацаанд энэ үүргээ гүйцэтгэж ирсэн. 36,570 төгрөгийг 1 жилийн хугацаанд тооцохоор 4,758,780 төгрөгийг төлсөн. Хамгийн сүүлд 300,000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн ба энэ 1 жилийн хугацаанд төлсөн 4,758,780 төгрөгийг үндсэн зээлээс хасахаар Г.г.пгийн гүйцэтгээгүй үүргийн нийт үнийн дүн 57,382,710 төгрөг байна. Тооцоогоор 62,140,840 төгрөгийн тооцоо гарсан боловч талууд 60 сая төгрөгөөр тохиролцсон.

2020 оны 02 дугаар сараас хойш нэг ч төлөлт хийгдээгүй тул 2020 оны 9 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх дээр Г.г.п өөрөө шүүх хуралдаанд оролцдоггүй.

Хариуцагч талаас бидний тооцоолж гаргаж өгсөн баримтууд, хасагдаж байгаа үнийн дүнгийн талаар ямар нэгэн татгалзал, үл хүлээн зөвшөөрсөн баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй.

Хавтаст хэргийн 26-90 дүгээр хуудсанд Г.г.пгийн төлсөн гээд байгаа үнийн дүнг хассан 64 хуудас баримт байгаа. Энэ хассан дүн болон тооцоолол буруу байна гэж хариуцагч талаас маргасан зүйл баримт байхгүй. Бид шударгаар бүх хуулгаа гаргаж өгөөд, бүх төлбөрийг нь бүрэн гүйцэд хасаад энэ төлбөр гарсан. Тиймээс зээлийн гэрээний дагуу хариуцагчаас 57,382,710 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч талаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбарыг гаргаж байна. Бидний хувьд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах гэдэг асуудал яригдах байх, 3 төрлийн зээлийг авсан талаар манай үйлчлүүлэгч ямар нэгэн зүйл хэлээгүй. Баримтгүй учир бид хүлээн зөвшөөрөхгүй.

Хариуцагч төлөгдөөгүй зээлийг 60 сая төгрөг дээр тохиролцсон гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Гал тогооны тавилга авсан, гэхдээ гал тогооны тавилга, машин зэрэг нь тусдаа харилцаа, тусдаа ажил гүйцэтгэх гэрээгээр хийгдэж дууссан энэ харилцаанд хамааралгүй.

Скайтелийн 5 ширхэг дугаар авсан талаар мэдэхгүй, манай үйлчлүүлэгч энэ талаар ямар нэгэн зүйл хэлээгүй. Энэ хүмүүс бие биенээ таньдаг. Автомашин түрээсэлсэн асуудал бол байгаа, энэ нь мөн тусдаа харилцаа. Гэхдээ зээлийн асуудалтай огт хамааралгүй гэж хэлсэн. Зээлийн гэрээнээс хасагдах үнийн дүн, харилцаа холбоо байхгүй.

Сүүлд төлсөн 4,758,780 төгрөг л хасагдана гэж хэлсэн. Хариуцагч нь 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс өдөр бүр 36,670 төгрөг төлөхөөр тохиролцоод 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд төлж байсан.

Энэ нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, 79 дүгээр зүйлийн 79.7.Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж заасан хуулийн зохицуулалтаар хариуцагчийн хөөн хэлэлцэх хугацаатай холбогдох хэсгийг тайлбарлаж байна. Бидний зүгээс хөөн хэлэлцэх хугацаа тасалдаад, шинээр тоолох үйл баримт 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төлөлт хийснээр үүссэн гэж үзэж байна.

15 сая төгрөг авсан үйл баримтад 2 гэрээ байгаа гэж байна. 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн гэрээ буюу энэ гэрээний дагуу 11,865,340 төгрөг шаардсан. Энэ бол бидний хамгийн анх шүүхэд хандаж нэхэмжилсэн гэрээ.

Сүүлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 зээлийн гэрээг нэмэгдүүлээд, нийт үнийн дүн 57 гаруй сая төгрөг болсон.

Анх шаардсан гэрээг хариуцагч тал байгуулаагүй юм шиг тайлбарлаж байна. Бидний анх гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлд хавсаргаж өгсөн баримтуудаас тодорхой харагдана.

Эхний гэрээний дагуу 10,839,000 төгрөг төлсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн.

Үүнийг сүүлд нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаар шаардаж байгаа 14 сая төгрөгөөс хийсэн төлөлт мэтээр хасаж байна.

Хариуцагчийн дансаар өгсөн мөнгө нь 21,240,780 төгрөг байгаа, А.Наранцэцэгийн данснаас Г.г.п рүү шилжүүлсэн 46 сая төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 15 сая төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 14 сая төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 17 сая төгрөгөөр 3 удаа дансаар шилжүүлж зээлдүүлсэн.

3 тусдаа зээлийн гэрээтэй. Зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Бүгдэд нь эхний гэрээний дагуу 10,839,000 төгрөгийн төлөлт хийгээд, 2016 оны гэрээний дагуу 5,643,000 төгрөгийн төлөлт хийж, хамгийн сүүлд 1 жилийн хугацаанд 4,758,000 төгрөгийг төлсөн. 15 сая төгрөгийн төлөлтийг 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хийгээд, 2019 оны 06 дугаар сар хүртэл төлсөн байх, хамгийн сүүлд бид 60 сая төгрөгөөр тооцоо нийлж хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. Бид амаар ингэж тохиролцсон.

Хариуцагч 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаанд энэ төлөлтийг хийж байна гэдэг нь харилцан тохиролцсон гэдгээ зөвшөөрч байна.

Дарьдулам шүүх дээр ирээд манай нөхөртэй энэ тооцоог нийлсэн гэдэг.

Эхний гэрээний төлбөр 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн гэрээнээс 14 сая төгрөгийн зээлээс нэг ч төлөлт хийгдээгүй. Тиймээс үндсэн зээл 14 сая төгрөг, 14 сая төгрөгийн алданги 7 сая төгрөг, нийт 21 сая төгрөгийг шаардаж байгаа.

2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 15 сая төгрөгийг 5 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлүүлсэн. Хүү 3,750,000 төгрөг, үндсэн төлбөр 15 сая төгрөг нийлээд 18,750,000 төгрөг болсон. Үүнээс талууд маргаагүй үнийн дүн болох 10,839,000 төгрөгийг 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оныг хүртэл төлсөн. Үүнээс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 7,910,660 төгрөг. Үүний 50 хувийн алданги 3,955,330 төгрөг, нийт 11,865,340 төгрөгийг энэ гэрээний дагуу шаардсан.

2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээгээр 17 сая төгрөгийг 12 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн, үүний хүү нь 8,160,000 төгрөг. Энэ гэрээний төлбөрт 5,643,000 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 он хүртэл төлсөн. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг хүү болон үндсэн зээлээс хасахаар 19,517,000 төгрөг. Үүний 50 хувийн алданги нь 9,758,500 төгрөг. Энэ гэрээний дагуу 29,275,500 төгрөгийг шаардаж байгаа.

Энэ 3 зээлийн гэрээний үнийн дүн 62,140,840 төгрөг болж байгаа.

2019 оны 02 дугаар сард уулзаад 60 сая төгрөг болгож, өдөр бүр 36,670 төгрөгөөр төлөлт хийхээр тохиролцоод 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл 4,758,780 төгрөг төлсөн.

Үүнийг нийт үнийн дүн 62 сая төгрөгөөс хасахаар 57,382,710 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хоёр машиныг барьцаалбартаа шилжүүлж авахыг зөвшөөрөхгүй, буцааж өгнө. Машинуудыг унах ямар ч боломжгүй, үнэндээ хүрэхгүй машин байгаа.

Бид барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх байх. Сүүлд байгуулсан гэрээг зөвшөөрч байна. Сүүлийн тохиролцоо нь 2016 оны гэрээнд хамааралтай мэтээр тайлбарлаж байна. Хариуцагч өөрөө биечлэн оролцсон 2 удаагийн шүүх хурал байгаа. Тэр хурал дээр манай нөхөртэй гэрээ хийсэн гээд бид эвлэрэн хэлэлцэх асуудал ярьж байсан. Тэр үед Г.г.п 57 сая төгрөгийг төлөх боломжгүй, бидний зүгээс 48 сая төгрөгийг ч юм уу өгөөд, тавилгын дүнг хасахаар энэ үнийн дүн буурна гэсэн тайлбар гаргасан. Энэ дүнгээр эвлэрнэ гэдэг байдлаар ярьж байсан.

Дарьдулам 3 гэрээ байгуулагдсан. 3 гэрээний үүргийн дагуу үүрэг гүйцэтгэх ёстой гэдгээ мөн нэхэмжэлийн үнийн дүнг төлөх юм байна гэдгийг мэдээд байгаа.

Зөвхөн 2016 оны 17 сая төгрөг дээр асуудал байсан бол тавилгын мөнгөө хасуулаад, үлдэгдэл 48 сая төгрөгийг төлбөл төлье, эвлэрэн хэлэлцье гэдэг байдлаар хандаад байсан. Үүний дагуу сар бүр 36,670 төгрөгийн төлөлтийг 1 жилийн хугацаанд хийсэн, Дарьдулам 42 сая төгрөгөөр эвлэрье гэхээр та 50 сая төгрөгөөр эвлэрье гэж байсан. Бид үнийн дүн дээр тохирч чадаагүй.

Өмнө нь 2 гэрээ байхад, сүүлийн гэрээг дүгнэнэ гэж байхгүй. Бүх гэрээг харилцан тохиролцоод яаж гүйцэтгэх вэ? Гэдгээ ярилцаад өдөр бүр төлөлт хийе гэсэн. Бүх үүргийг нэгтгэж дүгнэсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эхнэр нь.

Иймд 3 гэрээний үүрэг байгаа гэдгээ хариуцагч тал илэрхийлж байсан нөхцөл байдлыг харгалзаж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Түрээсийн асуудал байгаа үгүйг мэдэхгүй. Байгаа бол түрээсийн гэрээгээр тусдаа шаардаж болно, Дарьдулам бүх юм баримттай байгаа, өмгөөлөгч аваад баримтуудаа гаргана гэж 7 сард хурал хойшлуулсан. Өнөөдрийн байдлаар хагас жил болж байхад баримтаа гаргаагүй гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 14 сая төгрөгийн гэрээ, 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 17 сая төгрөгийн гэрээ хийсэн. Эхний гэрээ одоогоос 5 жил 7 сарын өмнө, 2 дахь гэрээ одоогоос 6 жил 6 сарын өмнө байгуулагдаж байсан. Одоогоос 5,7 жил, 6,6 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж харагдаж байна.

15 сая төгрөгөөр тохирсон гэж байгааг ойлгохгүй байна. Амаар тохироод 15 сая төгрөг өгөхөөр болсон юм уу? Амаар тохироод 15 сая төгрөг зээлэхээр болсон юм уу? гэдгийг ойлгохгүй байна. 2015 оны 03 дугаар сарн 02-ны өдөр хийсэн гэрээ хууль зүйн үндэслэлээр 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан.

2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дууссан.

Гэтэл нэхэмжлэгч 2020 онд нэхэмжлэл гаргаж, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргасан. Энэ нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д заасны дагуу гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацаа 3 жил байна гэснээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж харахаар байна.

Анх шүүх хуралд орсноос хойш эд зүйл өгсөн, авсан гэж ярьдаг.

2020 оны зун 6 дугаар сард 3 төрлийн эд зүйл өгч авсан гэдэг. Үүний нэг нь 13 сая төгрөгийн үнэ бүхий гал тогооны тавилга байдаг. Хариуцагч нэхэмжлэгчид гал тогооны тавилга хийж өгсөн юм билээ.

Мөн 5 ширхэг Скайтелийн дугаар өгсөн гэсэн. Энэ дугаарыг нэг бүрийг нь 600,000 төгрөгөөр үнэлээд 3 сая төгрөгийн дугаар өгсөн гэдэг.

Мөн 2020 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр буюу 4 сарын хугацаанд нэхэмжлэгч А.Н.Ннь Г.г.пгийн нэр дээр байдаг 19-08 УБУ улсын дугаартай Соната-8 маркийн автомашиныг түрээсэлж унасан. Сарын түрээс 650,000 төгрөг байсан. 4 сарын түрээс нь 2,600,000 төгрөг болсон.

Хурал эхэлснээс хойш эд зүйл өгч авсан гээд байдаг яриа буюу маргаантай асуудал нь энэ 16,200,000 төгрөгийн асуудал юм.

Анхны хурал дээр тавилга авсан гэдгийг хүлээн зөвшөөрч байсан.

Нэхэмжлэгч тал 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 14 сая төгрөгийн зээлээс 7 сая төгрөг авсан. 3,839,340 төгрөг авсан гэдэг. Ингэхээр 3 дугаар сарын 02-ны өдрийн гэрээтэй холбоотойгоор 10,339,340 төгрөг авсан байна.

Дараа нь 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 17 сая төгрөгийн гэрээнээс 8,200,000 төгрөг, 4,758,780 төгрөгийг мөн авсан байдаг.

Сүүлийн гэрээгээр 12,968,780 төгрөгийг авсан байна.

Гэрээтэй холбоотойгоор 31 сая төгрөг зээлсэн болж харагдана, үүнээс 23,808,120 төгрөг нь дансаар төлөгдсөн. Үүн дээр 3 эд зүйл буюу 16,200,000 төгрөг нэмэгдэж байгаа. Ингээд нийт 40,008,120 төгрөг болно.

Мөн 2 гэрээтэй холбоотойгоор нэг бүр нь 20 сая төгрөгийн үнэ бүхий 2 ачааны машиныг барьцаалж мөнгө зээлсэн.

Автомашинуудыг А.Наранцэцэгийн нэр дээр шилжүүлсэн боловч бодитоор Г.г.пд байдаг.

Нийт авсан мөнгө 62 сая төгрөг болсон.Одоо нэхэмжлэгчээс 57 сая төгрөг нэхэмжилж байна гэсэн. 31 сая төгрөг зээлчихээд хэдэн төгрөг болгож авах гээд байгаа вэ? Мөнгө хүүлдэг байж болно. Арай ийм байж болохгүй байх. Хоорондоо мөнгө өгч, авсан асуудал нь 2020 онд шийдэгдсэн байна.

2018, 2019 онд шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь дууссан байна. Ийм учраас Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч дансаар 31 сая төгрөг зээлж авснаас 23,808,120 төгрөгийг буцаан төлсөн. 3 эд зүйл буюу 16,200,000 төгрөгийн эд зүйлийг нэхэмжлэгч авсан. Авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Ингээд бид нэхэмжлэгчид 40,008,120 төгрөг өгсөн байна.

60 сая төгрөгийн талаар тохиролцоо байхгүй.

Анхны болон нэмэгдүүлсэн шаардлага дээр бичснээр 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 14 сая төгрөгөөс 7 сая төгрөг, 3,839,340 төгрөг, нийт 10,839,340 төгрөг төлсөн. Авсан, өгсөн баримтаар энэ үнийн дүн 2016 онд аль хэдийн төлөгдсөн байсан. Өгсөн баримтууд дээр бичсэн байгаа. 2015, 2016 он хүртэл 2 жилийн хугацаанд мөнгө төлсөн баримт байгаа. 2017, 2018 онд огт төлөлт хийгээгүй, мөнгө өгөөгүй. 2018, 2019 онд шүүхэд хандах хугацаа дууссан байна гэж яриад байгаа нь ийм учиртай.

Гэтэл сая гэнэт 2020 онд ийм мөнгө өгсөн, үүнийгээ хүлээн зөвшөөрсөн гэдэг зүйл ярьж байна. Би шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг ярьж байна. Үнийн дүнг нэхэмжлэх шаардлагатай байсан бол энэ цаг хугацаанд нэхэмжлэл гаргах шаардлагатай байсан. 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 14 сая төгрөгийг шаардах эрхээ алдсан.

2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээгээр 15 сая төгрөг өгсөн гэдэг. Энэ зээлийн гэрээг огт хараагүй юм байна. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээ байгуулаагүй гэж үзэж байгаа. Анх тохиролцсон гэж ярьж байсан. Одоо болохоор гурвуулаа зээлийн гэрээтэй гэж байна. Бичгээр зээлийн гэрээ байгуулаагүй. Мөнгө авсан талаар мэдэхгүй. Мөнгө дансанд орсон талаар болон 15 сая төгрөгийг огт мэдэхгүй байна. Г.г.п, Дарьдулам нарын дансаар мөнгө ороогүй. 15 сая төгрөгийн зээл дансанд нь орсон зүйл байхгүй. 15 сая төгрөгийн зээлийг төлсөн зүйл байхгүй. Үүнийг огт мэдэхгүй байна.

Сая 15 сая төгрөгийг бөөнөөр нь хийсэн гэж ярьсан. Тийм зүйл огт байхгүй. Бид 14 сая төгрөг, 17 сая төгрөг, нийт 31 сая төгрөгийн асуудал байгаа. 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 17 сая төгрөгийг нэхэмжлэгч тал өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Гэрээнд 4 дүгээр сарын 04-ний өдөр гэж байгаа.

Нэхэмжлэгч тал цаг хугацааг алдаатай яриад байна.

17 сая төгрөгийн зээлийн гэрээ хийсэн. Үүнээс 8,210,000 төгрөгийг буцаан авсан гэж ярьдаг. Дараа нь 4,758,780 төгрөг төлсөн. 4,758,780 төгрөг нь 2019 онд төлсөн мөнгө. 2020 оны 01 дүгээр сард төлсөн 300,000 төгрөг нь 2019 оны хамгийн сүүлийн мөнгө, 2020 оны 01 дүгээр сард төлсөн гэж тухайн үед төлсөн 300,000 төгрөгийг ярьж байгаа. Түүнээс биш 10,839,840 төгрөг, 17 сая төгрөгийн 8,210,000 төгрөг 2016 онд төлөгдсөн дүн. Түүнээс хойш 2017, 2018 онд юу ч төлөгдөхгүй байж байгаад 2019 онд 4,758,780 төгрөг төлсөн. 2015 онд зээл авсан, 2016 онд 17 сая төгрөгийн зээлийг авсан. 2015, 2016 онд төлбөр төлөгдөж байсан. Энэ нь миний яриад байгаа 2015 оны 14 сая төгрөг, 2016 оны 17 сая төгрөгийн төлөлт.

2017, 2018 онд ямар ч мөнгө төлөөгүй. Эднийх ажил төрөлгүй болсон, нэг нь өгч чадахгүй нөгөө нь авч чадахгүй болсон гээд хоорондоо тохиролцоод 2-3 жил явсан юм билээ. Энэ цаг хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Нэхэмжлэгч талаас гаргасан баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 15 сая төгрөгийн гэрээ хийсэн байна гэсэн. Миний тайлбарлаад байгаа цаг хугацаа, мөнгө өгсөн байдлын хувьд 2015 оны 03 дугаар сарын 02, 05 дугаар сарын 04-ний өдрийн аль ч гэрээ нь байсан 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Ингээд 2016 онд нийт 19,049,340 төгрөгийг төлөөд дууссан.

2017-2018 онд огт төлөгдөөгүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй явсаар 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 36,640 төгрөг төлсөн. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа бид яриад гэрээний хүүг 2 хувь болгож тохирлоо. Сар бүр 36,640 төгрөг авахаар боллоо гэж бичсэн. Энэ нь цаг хугацааны хувьд 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээ 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр дуусч байна. Гэхдээ ярьж тохирсноороо 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 36,640 төгрөг төлсөн. 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 17 сая төгрөгийн гэрээтэй холбоотойгоор тохиролцсон гэдэг нь үүнээс харагдана. Энэ бол тасалдсан байна. 2016 оны гэрээг зөвшөөрч байгаа. Өмнө гаргасан тайлбараа дэмжиж, 17 сая төгрөгтэй холбоотойгоор 29 сая төгрөгийг зөвшөөрч байна.

Тэгэхээр 2015 оны 2 гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Хамгийн сүүлийн байдлаар 60 сая төгрөгөөр тохиролцсон гэж худал хэлж байна. 60 сая төгрөг байхаар үнийн дүн гарч ирэхгүй байна.

Хариуцагч анх тавилгын үйлдвэр ажиллуулдаг байсан. Одоо бол ажиллуулахгүй байгаа. 2016 оны гэрээний 17 сая төгрөгийг зөвшөөрч байгаа юм чинь тодорхой хэмжээний төлбөр гарна. Эднийх үйл ажиллагаа явуулаагүй учир мөнгө төлөх боломж байхгүй. Барьцаалж авсан машинаа авсан үнийн дүнгээр нь шилжүүлж авах тохиролцоо байж болно. 2 машин барьцаалж авсан. Тус бүр нь 20 сая төгрөгийн үнэ бүхий 40 сая төгрөгийн 2 машин барьцаалсан. Би 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээн дээр нийт нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгө 29 сая төгрөг гэсэн. Бидний шилжүүлсэн гэж байгаа 13 сая төгрөгийн тавилга, унаа машин унаж түрээсэлсэн 2,6 сая төгрөгийг зөвшөөрдөг. Энэ мөнгө 16,200,000 төгрөг болж байна. Энэ мөнгө 29 сая төгрөгтөө хүрэхгүй байгаа учраас би машин гэж яриад байгаа юм. Түүнээс 2 машинаа өгье гэж яриагүй. 16,200,000 төгрөг болоод хамгийн сүүлийн гэрээний 29 сая төгрөгийн үнэд хүрэхгүй байгаа учраас барьцаалсан машины үнийн дүнгээр тохиролцож болох юм. Нэхэмжлэгч тал 14 сая төгрөгийн барьцаанд энэ машиныг авснаар бид ямар нэгэн байдлаар хохирохгүй юм байна гэж хүлээн зөвшөөрөөд барьцаалсан. Ингэхээр 14 сая төгрөгийн машин бидний яриад байгаа 16,200,000 төгрөгийг нэмэхээр 30 сая төгрөг болж байгаа. Тиймээс хамгийн сүүлийн 29 сая төгрөг ингээд хаагдах боломжтой гэж харж байна.

Шүүх хурал дээр гал тогооны тавилга авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Өнөөдийн хурал дээр өмгөөлөгч нь зөвшөөрч байна. Мөн машин түрээсэлсэн асуудал байдаг. Гал тогооны тавилга 13 сая төгрөг, тус бүр нь 600,000 төгрөгийн үнэтэй Скайтелийн 5 дугаар 3 сая төгрөг, Соната-8 маркийн автомашиныг нэхэмжлэгч 4 сар түрээсэлж унасан. Сарын түрээс нь 650,000 төгрөг буюу 2,600,000 төгрөг. Машин түрээслэхтэй холбоотой энэ асуудлыг хүлээн зөвшөөрдөг. Ингэхээр энэ мөнгө 16,200,000 төгрөг болж байгаа. 14 сая төгрөгийн үнэтэй барьцаалсан машинаа оруулахаар 30,200,000 төгрөг болж байгаа. Сүүлийн гэрээний 29 сая төгрөгийн үүргийг ингэж тохиролцоод дуусгах боломжтой.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 16 сая төгрөгийн асуудлыг тусдаа харилцаа. Зээлийн гэрээний үүрэгт хамааралгүй гэж байна. Энэ бол худлаа. Зээлийн үүргээс тусдаа харилцаа гэдгийг өөрсдөө нотолж чадахгүй байгаа. Нотолсон баримт байхгүй. Авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг тул скайтелийн дугаарыг хасаж болно. Нэхэмжлэгч талаас сая машин түрээсэлсэн асуудал байдаг юм билээ гэсэн. Хамааралгүй гэж байгаа бол түүнийгээ нотлох ёстой. Нэхэмжлэгч тал хамааралтай, авсан нь үнэн гэдгийг шүүх хурал дээр хүлээн зөвшөөрч байгаа. Тиймээс нотлогдоно гэж үзэж байна. Нэхэмжлэгч өөрөө 4 сарын хугацаанд сарын 650,000 төгрөгөөр түрээсэлж унасан. Нэхэмжлэгчийг төлөөлж байгаа өмгөөлөгч нь түрээсэлсэн байхыг үгүйсгэхгүй гэж зөвшөөрч байгаа. Тийм учраас хүлээн зөвшөөрсөн үйлдэл гэж үзнэ.

Энэ хүн машин түрээсэлснийг мэдэж байгаа гэж хэлсэн. Түрээсэлсэн байхыг үгүйсгээгүй.

30-40 сая төгрөг зээлсэн боловч нэхэж байгаа мөнгө нь хэд нугалсан үнийн дүн байна. Аливаа зүйлд хэмжээ хязгаар, ёс зүй, хүн чанар гэж байна байх. Өгсөн авсан эд зүйл байхад дээр нь нэмээд ийм асуудал ярих нь зохимжгүй байх гэж бодож байна. Хариуцагч талын гаргасан хүсэлтийн дагуу хуульд зааснаар хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж;

2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээ /хх4/, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1511 дугаар тодорхойлолт /хх5/, 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээ /хх24/, 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээ /хх25/, А.Наранцэцэгийн ХААН банкны 5920041207 дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх26-90/ зэрэг баримтуудыг ирүүлсэн нь бичмэл баримтын хуулийн шаардлага хангасан, үнэлэх боломжтой.

Хариуцагч талаас маргаж буй тайлбараа нотолж ямар нэг баримтыг ирүүлээгүй.

Зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нарын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл баримтын хуулийн шаардлага хангасан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Н.Нхариуцагч Г.г.пд холбогдуулан 2015 оны 5 сарын 4-ий өдрийн 15,000,000 төгрөгийн зээлийн үүрэгт 11,865,990 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 3 удаагийн зээлийн гэрээний үүрэгт нийт 45,516,720 төгрөг гаргуулахаар шаардсанаа дэмжин, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд шаардлагаа нэмэгдүүлэн 57,382,710 төгрөг гаргуулахаар шаардаж оролцсон.

Хариуцагч Г.г.пг төлөөлөн 2021 оны 2 сарын 1-ий өдөр 3 жилийн хугацаатай олгогдсон итгэмжлэлээр Н.Дарьдулам хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон ба шүүх хариуцагч талын өмгөөлөгч авах, хэрэг танилцаж, нотлох баримт бүрдүүлэх, хуралдаанд биечлэн оролцох, ар гэрт гачигдал гарсан гэх аман тайлбартаа баримт гаргаагүй хэдий ч хүндэтгэн үзэх шалтгаанд тооцож 6 удаагийн шүүх хуралдааныг хойшлуулж мэтгэлцээнд оролцох боломжийг хангалттай олгосон. Шүүх хуралдааны тов мэдэгдлийг хариуцагч талд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан боломжтой бүх хаяг мэдээллээр хүргэсэн боловч ямар нэг шалтгаангүй хүрэлцэн ирээгүй тул 2021 оны 8 сарын 6-ны өдрийн, холбогдох хэрэг хэлэлцэх шүүх хуралдаанд өөрийн эзгүйд өмгөөлөгч Б.*******ыг дангаар оролцуулах хүсэлтийнх нь дагуу, эзгүйд нь хэргийг хэлэлцэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй бөгөөд шүүх хэргийн оролцогчийн гаргасан тайлбар, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

Талуудын хооронд 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр нэг сарын хугацаатай, 14 сая төгрөгийн, 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 5 сарын хугацаатай, сүүлийн хугацаа 2016 оны 5 сарын 4-ий өдөр хүртэл хугацаа тохирч 15 сая төгрөгийн, 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 12 сарын хугацаатай 17 сая төгрөгийн буюу нийт 3 удаагийн зээлийн гэрээ байгуулагдсан байна.

Гэрээ хэрэгжиж, зээлдэгч Г.г.п 3 удаагийн зээлийн гэрээний үүргийг зохих хувиар гүйцэтгэж зээлийн төлбөрийг төлж байсан байх ба зээлдүүлэгчтэй тохиролцон 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд зээлийн төлбөрийг хэсэгчилсэн дүнгээр төлж байсан үйл баримт бий болсон байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээний шинж агуулга бүхий хүсэл зоригийн илэрхийлэл зээлийн харилцаа бий болсон байна.

Нэхэмжлэгч тал дээрх 3 зээлийн гэрээ, өөрийн дансны хуулгыг үндэслэн шаардлагаа тодорхойлно.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа, 2015 оны 03 дугаар сарын 02, 05 дугаар сарын 04-ний өдрийн гэрээнүүдэд 2016 онд нийт 19,049,340 төгрөгийг төлөөд дууссан, гэрээнүүдийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 5 сарын 4-ний өдөр өнгөрсөн, 2017-2018 онд төлбөр төлөгдөөгүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй явсаар 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 36,640 төгрөг төлсөн нь 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 17 сая төгрөгийн гэрээтэй холбоотойгоор 8,200,000 төгрөг төлөөд, талууд тохиролцон гэрээний хүүг 2 хувь болгож, өдөр бүр 36,640 төгрөг авахаар болсноор 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл өдөрт 36,640 төгрөгөөр 4,758,780 төгрөг нийт 12,968,780 төгрөгийг төлсөн, энэ бол тасалдсан тул 2016 оны гэрээний үүрэгт 29,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, хамгийн сүүлийн байдлаар 60,000,000 төгрөгөөр тохиролцсон зүйл байхгүй, нэхэмжлэгч хариуцагчаас тус бүр нь 20,000,000 төгрөгийн үнэ бүхий 40,000,000 төгрөгийн 2 машин барьцаалсан, 13,000,000 төгрөгийн тавилга, 4 сарын хугацаанд сарын 650,000 төгрөгөөр машин түрээсэлж унасан 2,600,000 төгрөг нийлээд 16,200,000 төгрөг болж байгаа нь 29,000,000 төгрөгтөө хүрэхгүй байгаа учраас нэхэмжлэгч 14,000,000 төгрөгийн барьцаанд энэ машиныг 14,000,000 төгрөгөөр үнэлж хүлээн зөвшөөрөөд барьцаалсан тул 14,000,000 төгрөг дээр 16,200,000 төгрөгийг нэмэхээр 30 сая төгрөг болж, 29 сая төгрөгийн үүргийг ингэж тохиролцоод дуусгах боломжтой, нэхэмжлэгч тал эдгээрийг зээлийн гэрээний үүрэгт хамааралгүй гэж байгаа ч түүнийгээ нотлоогүй, 30-40,000,000 төгрөг зээлсэн боловч нэхэж байгаа мөнгө нь хэд нугалсан тул үндэсгүй гэж тайлбарлан маргана.

Хариуцагч тал 2021 оны 2 сарын 01-ий өдрөөс үндсэн ба нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авснаас хойш шүүхээс тогтоосон хугацаанд болон одоог хүртэл хариу тайлбар, нотлох баримт гаргаж ирүүлэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож ирсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.гэж тус тус заасан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай гэж үзэх үндэстэй.

Хариуцагч тал гэрээнүүдэд зурагдсан гарын үсэг, гэрээ байгуулагдсан эсэхэд маргаагүй.

Иймд нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл болгож ирүүлсэн нотлох баримт, талуудын тайлбарт дүгнэлт хийсэн болно.

Нэхэмжлэгч А.Наранцэцэгийн ХААН банкны 5920041207 дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар, хариуцагч Г.г.пгээс 2015 оны 8 сарын 15-ны өдрөөс 2016 оны 6 сарын 19-ий өдрийг хүртэл, үүний дараа 2019 оны 2 сарын 16-ны өдрөөс 2020 оны 1 сарын 29-ий өдөр хүртэл хугацаанд зээлийн төлбөрийг хэсэгчлэн хийж байсан/хэргийн 26-90дэх тал/ байна.

2017, 2018 онуудад зээлийн үүрэг төлөгдсөн баримтгүй байна.

Харин талууд зээлийн гэрээнүүдийн үүргийг ямар нэг баримтаар ялгасан зүйлгүй, энэ гэрээний үүрэгт тэд төлөгдсөн гэх баримтыг ирүүлээгүй болно.

Талууд энэ баримтыг үндэслэн тайлбар гаргаж байх тул гэрээ тус бүрийн шаардах эрхийн үндэслэлийг хуульд нийцүүлэн тооцох үндэслэл болж байна.

2015 оны 3 дугаар сарын 02-ны гэрээ нэг сарын хугацаатай тул 2015 оны 4 сарын 3-ны өдрөөс, 2015 оны 5 дугаар сарын 04-ний гэрээ 5 сарын хугацаатай, сүүлийн хугацаа 2016 оны 5 сарын 4-ий өдөр хүртэл хугацаа тохирсон тул 2016 оны 5 сарын 5-ы өдрөөс гэрээний хугацаа дууссан ба нэхэмжлэгчийн дансны хуулгаар 2016 оны 6 сарын 19-ий өдрийг хүртэл хугацаанд зээлийн төлбөр төлөгдөж байсан байх тул төлбөр төлөөгүй 2016 оны 6 сарын 20-ны өдрөөс тус тус шаардах эрх үүссэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно.гэж тус тус зааснаар дээрх 2 гэрээгээр 2016 оны 6 сарын 20-ны өдрөөс 2019 оны 6 сарын 21-ий өдөр хүртэл тус тус шаардах эрхтэй байсан байна.

Нэхэмжлэл шүүхэд 2020 оны 10 сарын 29-ий өдөр ирүүлсэн ба энэ хугацаанд үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан болон шаардлага гаргах эрх бүхий этгээд шүүхэд хандах боломжгүй байсан зэрэг хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, мөн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх нөхцөл байдлыг нотлосон зүйлгүй, тогтоогдохгүй байх тул шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, шаардах эрхгүй байна.

3 дахь гэрээ болох 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээгээр 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 17,000,000 төгрөгийг 2017 оны 2 сарын 25-ны өдөр хүртэл 12 сарын хугацаатай, нэг сарын 4 хувийн хүүтэй, зээл төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгээс 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон байх ба гэрээний доод хэсэг зээлдэгчийн гарын үсгийн бичвэр гаргацгүй, харагдахгүй байгаа, нэхэмжлэгч зээлийн хөрөнгийг олгосноо нотлоогүй хэдий ч хариуцагч тал зээл авснаа хүлээн зөвшөөрч, үгүйсгэж маргалгүй үндсэн зээл, сарын 4 хувийн хүүг тохиролцон сард 2 хувь болгон бууруулж тохирсон, мөн алданги нийт үүргийн үлдэгдэл төлбөрийг барьцаа хөрөнгө болон бусад тохиролцсон үүргээр нөхөн төлөх тухай тайлбар гаргасан тул гэрээг байгуулсан, талуудын тохиролцоо хийгдсэн гэж үзсэн.

Нэхэмжлэгчийн дансны хуулгаар зээлдэгч Г.г.пгээс 2015 оны 8 сарын 15-ны өдрөөс 2016 оны 6 сарын 19-ий өдрийг хүртэл, үүний дараа 2019 оны 2 сарын 16-ны өдрөөс 2020 оны 1 сарын 29-ий өдөр хүртэл хугацаанд зээлийн төлбөрийг хэсэгчлэн төлж байсан байх ба үүнээс 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээний төлбөр гэдэг нь тооцох боломжгүй харагдахгүй байна.

Энэхүү гэрээгээр 2017 оны 2 сарын 26-ны өдөр гэрээний хугацаа дууссан байна.

Нэхэмжлэгч тал 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээний үүрэгт үндсэн зээл 17,000,000 төгрөг, үндсэн хүү 8,160,000 төгрөг, үүнээс 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 он хүртэл хугацаанд төлсөн 5,643,000 төгрөгийг хасч, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд 19,517,000 төгрөг, түүний 50 хувийн алданги нь 9,758,500 төгрөг нийт 29,275,500 төгрөгийг шаардсан.

Хариуцагчийн өмгөөлөгч энэ гэрээний үүрэгт 8,200,000 төгрөг төлөөд, талууд 2019 оны 2 сард тохиролцон гэрээний хүүг 2 хувь болгож, өдөр бүр 36,640 төгрөг авахаар болсноор 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл өдөрт 36,640 төгрөгөөр 4,758,780 төгрөг нийт 12,968,780 төгрөгийг төлсөн гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгч талын дансны гүйлгээг үндэслэн гаргасан тайлбар үгүйсгэгдэхгүй байна гэж үзэж, 2016 онд төлөгдсөн дүнг 5,643,000 төгрөгөөр тооцох үндэстэй байна.

Талуудын тохиролцоогоор 2020 оны 1 сарын 29-ий өдөр хүртэл хугацаанд зээлийн төлбөр хэсэгчлэн 4,758,780 төгрөг төлөгдсөн байх тул 2020 оны 1 сарын 30-ны өдрөөс шаардах эрх үүссэн болно.

Нэхэмжлэгчийн тооцож тодруулсан дансны гүйлгээгээр 2017 он хүртэл хугацаанд 5,643,000 төгрөг, 2019 оны 2 сарын 16-ны өдрөөс 2020 оны 1 сарын 29-ий өдөр хүртэл хугацаанд гүйлгээний утга зарим гүйлгээ ком тавилга, Дарьдулам гэсэн нэршилтэй байх хэдий ч үүнийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч байх тул,4,758,780 төгрөг тус тус төлсөн, бүгд 10,401,780 төгрөг төлөгдсөнийг гэрээний төлбөрт тооцов.

2017, 2018 онд төлбөр төлөгдөөгүй хэдий ч дараа нь 2019 оны 2 сард талууд харилцан зөвшилцөж гэрээний үүрэг төлөх хэмжээ хугацааг өөрчлөн, зөвшилцсөн байгаа нь энэ хугацааг хэтрүүлсэнд хариуцагчийг буруутгах үндэсгүй гэж үзлээ.

2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээний үндсэн үүрэг болох үндсэн зээл 17,000,000 төгрөг, үндсэн хүү 8,160,000 төгрөг, бүгд 25,160,000,000 төгрөгийг зээлдэгч Г.г.п хариуцан төлөхөөс, гэрээний хугацаанд төлсөн болон талуудын сайн дурын тохиролцоогоор үргэлжилсэн 2019 оны 2 сарын 16-ны өдрөөс 2020 оны 1 сарын 29-ий өдөр хүртэл хугацааг хэтрэлтэд тооцох үндэсгүй тул төлөгдсөн 10,401,780 төгрөгийг үндсэн үүргээс хасч тооцон, 14,758,220 төгрөгийг үлдсэн үүрэгт хариуцуулах үндэстэй.

2020 оны 1 сарын 30-ны өдрөөс 2020 оны 10 сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргах хүртэл 8 сар 30 хоногийн хугацаагаар гэрээний үлдэгдэл төлбөр 14,758,220 төгрөгийг төлөх үүргээ хэтрүүлсэн буруутай хариуцагчид гэрээнд заасан алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т заасанд нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн 50 хувь болох 7,379,110 төгрөгийг нэмж хариуцуулан, 22,137,330 төгрөгийг нэхэмжлэгч нь гэрээний үндсэн үүргийн гүйцэтгэлд шаардах эрхтэй байна.

Хариуцагч тал тайлбартаа, 13 сая төгрөгийн гал тогооны тавилга өгсөн гэснийг нэхэмжлэгч тал тавилга авсан асуудал зээлийн төлбөрт хамаарахгүй, өөр тусдаа үүргийн гүйцэтгэл, гэрээний үүрэгт тооцогдохгүй гэж тайлбараар үгүйсгэж байх ба хариуцагч үүргийн гүйцэтгэлд тооцож гал тогооны хэрэгсэл олгосон болохоо нотлох баримт ирүүлээгүй, хэзээ ямар эд зүйл өгсөн нь тодорхойгүй, мөн автомашинаа түрээсэлсэн гэж тайлбарлаж байгаа ч тайлбартайгаа холбогдуулан ямар нэг баримтыг ирүүлээгүй тул нотлогдохгүй, гэрээний үүрэгт тооцох үндэслэл тогтоогдохгүй байна. Хариуцагчийн өмгөөлөгч скайтелийн 5 дугаар шилжүүлсэн гэсэн тайлбар гаргаснаасаа татгалзсан болно.

Хариуцагч тал мэтгэлцээнд оролцох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, энэ асуудал нотлогдохгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж хэлэлцүүлээгүй тул шүүх зээлийн үүргийн гүйцэтгэлээс хасаж тооцох үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иймд 22,137,330 төгрөгөөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хуульд заасан үндэслэлгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар талуудад тус тус хариуцуулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4., 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118-р зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4., 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1.-д заасныг баримтлан хариуцагч Г.г.пгээс 22,137,330/хорин хоёр сая нэг зуун гучин долоон мянга гурван зуун гуч/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Наранцэцэгт олгож, нэхэмжлэлээс үлдэх 35,245,380 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 590,360 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хариуцан төлөх хураамжид 268,637 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Наранцэцэгт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, оролцоогүй зохигчид хуульд зааснаар хүргүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ