Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2017/01463

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 30 өдөр           Дугаар 182/ШШ2017/01463         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.Ч-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НЗД-д холбогдох,

 

“Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/51 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/90 дүгээр захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь Ерөнхий боловсролын 105 дугаар сургуулийн захирлын албан тушаалд 2013 оны 03 дугаар сарын 25-нд Нийслэлийн Засаг даргын захирамжаар томилогдон ажилласан.

Сахилгын ямар нэг зөрчил гаргаагүй байхад сахилгын шийтгэл ногдуулах тухай Нийслэлийн Засаг даргын Б/51 дүгээр захирамж 2017 оны 03 дугаар сарын 07-нд гарсан байх ба 2017 оны 03 дугаар сарын 28-нд хүнээр дамжуулан уг захирамжийг надад өгүүлсэн. Уг захирамж нь хууль зүйн хувьд үндэслэлгүй тул хүчингүй болгуулахаар хандах гэж байтал ажлаа өг хэмээн шаардаж эхэлсэн.

Ингээд байж байтал сахилгын шийтгэл ногдуулах тухай Нийслэлийн Засаг даргын Б/90 дүгээр захирамж 2017 оны 04 дүгээр сарын 14-нд гарсан талаар надад 2017 оны 04 дүгээр сарын 19-нд мэдэгдэж, мөн өдрөө ажлыг маань хүлээн авсан. Үүнд.

1.Хууль зүйн хувьд үндэслэл болсон заалтууд нь тухайн болж өнгөрсөн үйл явдалд тохирохгүй байх тул хууль хэрэглээний хувьд алдаатай байна. Өөрөөр хэлбэл хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах нөхцөл бүрдээгүй байхад сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм.

2.Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг иш татах ёстой байсан.

Иймд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/51 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/90 дүгээр захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах” гэв.

 

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний адрийн Б/90 тоот захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн захирал Г.Чг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

1.Нийслэлийн боловсролын газрын даргын удирдамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн 2017 оын 03 дугаар сарын 07-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын Б/51 дүгээр захиржмаар Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн захирал Г.Чд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т зааснаар үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.

Нийслэлийн Засаг даргын захирамж буюу сахилгын арга хэмжээ авагдсан тухай тухайн өдөр нь өргөдөл, гомдол гаргагчид болон Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн захирал Г.Чд мэдэгдсэн.

Сахилгын шийтгэл ногдуулсан асуудалд Г.Ч нь ямар нэг гомдол гаргаагүй.

2.Нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн удирдамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2017 оны “Гүнзгийрүүлсэн сургалттай ангийн сургалтын төлбөр 8200.0 мянган төгрөгийг бэлнээр хураан авч зарцуулсан нь Сангийн сайдын 2012 оны 276 дугаар тушаалаар батлагдсан “Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журам”-ын 2.6 “Төсвийн байгууллага үндсэн болон туслах үйл ажиллагаа (бусад орлого)-наас орох орлогыг мөнгөн касстаа бэлнээр хүлээн авч энэхүү орлогыг /түүнийг шууд захиран зарцуулах эрхгүй/ ажлын дараагийн өдөрт багтаан кассын нярав Төрийн сан дахь бүртгэлийн дансанд тушаана”, 3.1 “Төсөвт байгууллага нь Төрийн сангийн бүртгэлийн данснаас байгууллагын төлбөрийн картын дансаар дамжуулан бэлэн мөнгийг байгууллагын касст хүлээн авч зориулалтын дагуу зарцуулах үүргийг хүлээнэ” гэсэн заалтуудыг зөрчсөн, орлогыг санхүүгийн тайлан балансад тусгаагүй, бэлнээр зарцуулсан, байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулж байгаа зэрэг нь захирал өөрийн эрх мэдлээ хэтрүүлсэн гэж дүгнэж байна.

БСШУС, НХХС, Сангийн сайдын 2010 оны 362/112/183 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт”-ийн дагуу сургалтын менежер, багш нарыг хагас жил тутам дүгнэж ур чадварын нэмэгдэл олгох боловч захирлын тушаалаар багш нарт ур чадварын нэмэгдлийг амжилт гаргасан тухай бүр олгож байгаа нь дээрх журамтай нийцэхгүй байна” гэж дүнэнэсэн байна.

Энэ нь Г.Чтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.6-д “Ажилтанд хариуцуулсан эд хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан албан үүргээ хангалтгүй биелүүлж, ажил олгогчоос эрх мэдлийг хэртрүүлсэн нь тогтоогдсон” заасныг зөрчсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д “Ажилт олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлтийг шийдвэр гаргаж ногдуулна”, 131.1.3-д “ажлаас халах” гэж заасныг үндэслэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

Иймээс Г.Чгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Г.Ч нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/51 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/90 дүгээр захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

            Нэхэмжлэгч Г.Ч нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/66 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байсан байх бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/51 дүгээр “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн захирал Г.Чд албан тушаалын үндсэн цалинг нэг сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан, мөн Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/90 дүгээр “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн захирал Г.Чд 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөр тасалбар болгон ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1403/СЗ044 дүгээр хөдөлмөрийн гэрээ, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/51 дүгээр “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамж, 2017 оны 04 дугаар сарын 14-ний өдрийн Б/90 дүгээр “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамж, Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолт, Г.Чгийн Нийгмийн даатгалын дэвтэр зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

            1. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/51 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлагын тухайд:

 

            Нэхэмжлэгч Г.Ч нь Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаанд Нийслэлийн Засаг даргын 2017 оын 03 дугаар сарын 07-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах” тухай Б/51 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.14, 20.2.15, 21 дүгээр зүйлийн 21.2, Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.7, Төрийн албан тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т заасныг тус тус үндэслэл болгожээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Сахилгын ямар нэг зөрчил гаргаагүй байхад сахилгын шийтгэл ногдуулах тухай Нийслэлийн Засаг даргын Б/51 дүгээр захирамж 2017 оны 03 дугаар сарын 07-нд гарсан байх ба 2017 оны 03 дугаар сарын 28-нд хүнээр дамжуулан уг захирамжийг надад өгүүлсэн. Уг захирамж нь хууль зүйн хувьд үндэслэлгүй...” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Нийслэлийн боловсролын газрын даргын удирдамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн 2017 оын 03 дугаар сарын 07-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын Б/51 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн захирал Г.Чд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т зааснаар үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.

Сахилгын шийтгэл ногдуулсан асуудалд Г.Ч нь ямар нэг гомдол гаргаагүй...” гэж маргажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөдмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гаргах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/51 дүгээр захирамжийг эс зөвшөөрч 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр буюу нэхэмжлэлийг шүүхэд хуульд заасан хугацаанд гомдлоо гаргасан байна.

 

Нийслэлийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Гантулгын 2017 оын 01 дүгээр сарын 18-ны өдрийн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн үйл ажиллагааны талаар иргэнээс ирүүлсэн өргөдлийг шалгах ажлын удирдамжийн дагуу ажлын хэсэг тус сургуулийн үйл ажиллагааны талаар иргэнээс ирүүлсэн өргөдлийг үндэслэлтэй эсэхийг тогтоон дүгнэлт гаргаж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулсан болох нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр илтгэх хуудсаар тогтоогдож байна.

 

Дээрх удирдамжийн дагуу 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн үйл ажиллагааны талаар ирүүлсэн гомдлын дагуу шалгалтын илтгэх хуудсаар “...Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн захирал Г.Ч нь ... Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.14..., 20.2.15... захирлын үүргээ хангалтгүй биелүүлсэн байх тул хөдөлмөрийн гэрээний 2.3..., 7.1... Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т зааснаар үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувь хасах сахилгын шийтгэл ногдуулах нь зүйтэй гэж үзэж байна” гэх саналыг ажлын хэсэг гаргасан байх бөгөөд уг илтгэх хуудсны дагуу ажил олгогч сахилгын шийтгэл 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ногдуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогджээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна.” гэж заажээ. Гэтэл Г.Чгийн гаргасан гэх зөрчлийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр илрүүлж илтгэх хуудас гаргасан байхад буюу сахилгын зөрчил илрүүлснээс хойш нэг сар өнгөрснөөс хойш буюу 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Г.Чд үндсэн цалин 1 сарын хугацаатай 20 хувь хасах сахилгын шийтгэл ногдуулсныг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасныг зөрчсөн буюу хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

 

Иймд Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/51 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

2. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/90 дүгээр захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгуулах талаарх шаардлагын тухайд:

 

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/90 дүгээр “Сахилгын шийтгэл ногдуулах” тухай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, 48 дугаар зүйлийн 48.1, Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7, Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.5, 11,6, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Сангийн сайдын 2012 оны 276 дугаар тушаалыг тус тус үндэслэл болгожээ.

 

Ажил олгогч сахилгын шийтгэл ногдуулсан захирамжиндаа “...Гүнзгийрүүлсэн сургалт бүхий ангийн сургалтын төлбөр 8,200,000 төгрөгийг төрийн санд байршуулаагүй, бэлнээр зарцуулсан нь Хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д заасныг зөрчсөн байх тул Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн захирал Г.Чд 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөр тасалбар болгон ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсугай” гэж нэхэмжлэгч Г.Чг ажлаас халжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Нийслэлийн Засаг даргын Б/90 дүгээр захирамж 2017 оны 04 дүгээр сарын 14-нд гарсан талаар надад 2017 оны 04 дүгээр сарын 19-нд мэдэгдэж, мөн өдрөө ажлыг маань хүлээн авсан. Үүнд.

1.Хууль зүйн хувьд үндэслэл болсон заалтууд нь тухайн болж өнгөрсөн үйл явдалд тохирохгүй байх тул хууль хэрэглээний хувьд алдаатай байна. Өөрөөр хэлбэл хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах нөхцөл бүрдээгүй байхад сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм.

2.Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг иш татах ёстой байсан...” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн удирдамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2017 оны “Гүнзгийрүүлсэн сургалттай ангийн сургалтын төлбөр 8200.0 мянган төгрөгийг бэлнээр хураан авч зарцуулсан нь Сангийн сайдын 2012 оны 276 дугаар тушаалаар батлагдсан “Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журам”-ын 2.6, 3.1 гэсэн заалтуудыг зөрчсөн, орлогыг санхүүгийн тайлан балансад тусгаагүй, бэлнээр зарцуулсан, байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулж байгаа зэрэг нь захирал өөрийн эрх мэдлээ хэтрүүлсэн гэж дүгнэж байна.

Г.Чтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.6-д заасныг зөрчсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д 131.1.3-д “ажлаас халах” гэж заасныг үндэслэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан...” гэж маргажээ.

 

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/90 дүгээр захирамжийг нэхэмжлэгч 2017 оны 04 дүгээр сарын 19-нд хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр буюу хуульд заасан хугацаанд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасантай нийцжээ.

 

Ажил олгогч Нийслэлийн Засаг дарга нь ажилтан Г.Чд сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халсан захирамждаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д заасан ажлаас халах тухай ерөнхий заалтыг баримталсан байх бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлүүдийг тодорхойлон заагаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль нэг заалтыг баримтлаагүй, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах хуулийн зохицуулалтыг энэхүү шийдвэрийн үндэслэл болгоогүй тохиолдолд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө хууль зөрчөөгүй, хууль тогтоомжид заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсан гэх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар, гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

Ажилтныг ажлаас халсан захирамж нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан захирамжид баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм.

 

Ажил олгогчийн дээрх Б/90 дүгээр захирамжаар Г.Чг Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн захирлын албан үүргээс чөлөөлсөн захирамжид, түүнийг ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлээ тодорхойлоогүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг зөрчжээ.

 

Мөн ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа ажилтын гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох нь хуульд нийцнэ гэж үзнэ.

 

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2-т “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “... ноцтой зөрчил...”-д дараах зөрчлийг тооцож ажил олгогчийн санаачлагаар гэрээг цуцалж ажлаас хална”, мөн гэрээний 6.2.6-д “Байгууллагын эд хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан, үрэгдүүлсэн, ажил олгогчоос олгосон эрх мэдлээ хэтрүүлсэн нь холбогдох байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон” гэж тус тус заажээ.

 

Г.Ч нь Гүнзгийрүүлсэн сургалт бүхий ангийн сургалтын төлбөр 8,200,000 төгрөгийг төрийн санд байршуулаагүй, бэлнээр зарцуулсан зөрчил гаргасан гэж ажлаас халсан захирамжид дурдсан боловч энэ нь нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх, улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах нөхцөл байдал үүссэн гэх нөхцөл байдлууд баримтаар нотлогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т ”зохигч, түүний төлөөлөгч  нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа  эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д  хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус зохицуулжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргаж татгалздаг боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.

 

Иймд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/90 дүгээр захирамжаар Г.Чг Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн захирлын ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй тул Г.Чг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоов.

 

Ажил олгогчийн захирамж нь цаашид эрх зүйн дагаврыг үүсгэхгүй тул Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн захирамжийг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заажээ.

 

            Нэхэмжлэгч Г.Чг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул түүний урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Г.Ч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нийт 2,769,795 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу … буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно гэж заасны дагуу Г.Чгийн ажиллаж байсан нэг сарын дундаж цалин хөлс нь 1,052,522 төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс нь 48,954 төгрөг болох нь хэрэгт авагдсан Г.Чгийн Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна. Шүүх нэхэмжлэгч Г.Чгийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо түүний бүтэн ажилласан сүүлийн гурван сар буюу 2017 оны 1, 2, 3 дугаар саруудын цалингаас тооцсон болохыг дурдаж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу Г.Чгийн ажилгүй байсан ажлын 50 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговорт 2,447,700 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Г.Чд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 322,095 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт нэхэмжлэгч Г.Чгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасч тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл болон түүнд холбогдох бусад шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгч Г.Чгийн нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэж байгаа тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасантай нийцүүлэн /70,200 төгрөг+54,113.2 төгрөг/ нийт 124,313.2 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/51 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Чг Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

            2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Монголбанкнаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 2,447,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Чд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 322,095 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай

           

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Чгийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгасугай.

           

            4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр  зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Ч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 124,313.2 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

            6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               И.АМАРТӨГС