Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2018/02046

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2018/02046

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: МХБ ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э ҮЦК ХХК-д холбогдох,

МХБ гишүүн компани болох Э ХХК-иас гишүүнчлэлийн хөлс 3 762 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, П., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч МБХ ТӨХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 36.2-д брокерийн компани нь харьяалах хөрөнгийн биржийн гишүүнчлэлтэй байх, түүний дүрэм журмыг дагаж мөрдөхөөр заасны дагуу Э ХХК ҮЦК ХХК нь 2014 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр МБХ ТӨХК-д гишүүнээр элсэж Хамтран ажиллах гэрээ байгуулж, өнөөдрийг хүртэл гишүүний харьяалалтай байгаа билээ.

МБХ ТӨХК нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 69-д заасны дагуу өөрийгөө зохицуулах байгууллага болохын хувьд уг хуулийн 72.1.1-д заасны дагуу Гишүүнчлэлийн журам баталж мөрдүүлж, уг хуулийн 49.3, 72.2.5-д заасны хөрөнгийн бирж нь гишүүний төлбөр хураамжийг тогтоож, гишүүн байгууллагуудтай Хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээний дагуу гишүүн компани нь жил бүр Гишүүнчлэлийн төлбөр хөлс төлөх үүргийг хүлээдэг. Э ХХК ҮЦК ХХК-тай байгуулсан Хамтран ажиллах гэрээний 2.4.5-д Гишүүний жилийн хураамжийг холбогдох журамд заасны дагуу улирлаар төлөх ба төлбөрийг улирал бүрийн эхний 10 хоногт багтаан тус тус төлнө, 2.4.6-д Бусад үйлчилгээний төлбөрийг тухай бүрт нь төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байгаа тул шүүхээр шийдвэрлүүлэхээс өөр аргагүй байдалд хүрээд байна. Иймд Э ХХК ҮЦК ХХК-ийн төлбөл зохих төлбөр 2015 оны төлбөр 2 500 000 төгрөг, 2016 оны 1 500 000 төгрөг, 2017 оны төлбөр 1 012 500 төгрөг, нийт 3 762 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Э ХХК ҮЦК ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: МБХийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлага МБХ-ийн гишүүн компани болох Э ХХК ҮЦК ХХК-иас гишүүнчлэлийн хөлс болох 3 762 500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй танилцаад уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь хамтран ажиллах гэрээ 2015/19 гэрээний 5.2-т заасны дагуу ...гишүүний эрх цуцлагдсан ба брокер дилерийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл хүчингүй болсон, эсхүл хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр цуцлагдана, МБХ төрийн өмчит хувьцаат компанийн гишүүнчлэлийн журмын 5.2.4.4-т заасан ...6 сар үнэт цаасны харилцаанд оролцоогүй, 5.2.5.2-т заасан ...гишүүний эрхийг түдгэлзүүлснээс хойш 3 сарын хугацаанд эрхээ сэргээлгэх талаар арга хэмжээ аваагүй, 5.2.5.6-д заасан ...аливаа төлбөр хураамж, хөлсийг тогтоосон хугацаанд төлж барагдуулалгүй 6 сар болсон бол автоматаар хасагдахаар тогтоосон журам нийтэд үйлчилдэг.

2015 оны эхний 2 улиралд хөрөнгийн биржийн арилжааны идэвх суларсан, арилжааны банкууд хувьцааны арилжаанд оролцох болсон, МХБ-д нэвтрүүлсэн Лондонгийн хөрөнгийн биржийн программ Монголын Хөрөнгийн зах зээлийн орчин нөхцөлтэй уялдаагүй, таараагүй, Монголын хөрөнгийн зах зээлд нийцүүлэх ажил хийгдээгүй хирнээ МХБ-ээс төлбөр хураамжийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн нь үйл ажиллагаагаа санхүүжүүлэх, зардлаа нөхөх боломжгүй болгосон учраас 2015 оны эхний зургаан сарын гишүүнчлэлийн хураамж төлөгдөөгүй, гишүүнчлэлээс хасагдсан. Үүнээс хойш МБХээс ямар нэгэн үйлчилгээ аваагүй, арилжаанд ороогүй, мэдээлэл аваагүй учраас гишүүнчлэлийн хөлс 3 762 500 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч МБХ ТӨХК нь хариуцагч Э ХХК ҮЦК ХХК-д холбогдуулан гишүүнчлэлийн хөлс 3 762 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь МБХийн нэвтрүүлсэн Лондонгийн хөрөнгийн биржийн программ Монголын Хөрөнгийн зах зээлийн орчин нөхцөлтэй уялдаагүй, таараагүй, Монголын хөрөнгийн зах зээлд нийцүүлэх ажил хийгдээгүй хирнээ төлбөр хураамжийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн нь үйл ажиллагаагаа санхүүжүүлэх, зардлаа нөхөх боломжгүй болгосон учраас 2015 оны эхний зургаан сарын гишүүнчлэлийн хураамж төлөгдөөгүй, гишүүнчлэлээс хасагдсан. Үүнээс хойш МБХээс ямар нэгэн үйлчилгээ аваагүй, арилжаанд ороогүй, мэдээлэл аваагүй учраас гишүүнчлэлийн хөлс төлөх үндэсгүй гэж маргасан.

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

Зохигч талуудын хооронд 2014 оны 01 сарын 23-ны өдөр 2015/19 дугаартай хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байх бөгөөд үнэт цаасны арилжаа эрхлэх болон түүний гишүүн компаний эрх, үүргийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулагчид болон харилцагчдад үйлчлэх, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах... ажил дээр хамтран ажилласан болох нь тэдгээрийн тайлбар, хэрэгт авагдсан гэрээ, гишүүнчлэлийн журам, үйлчилгээний хөлс зэрэг бичгийн баримтаар нотлогдож байна.

Энэхүү гэрээ болон гишүүнчлэлийн журам, үйлчилгээний хөлсний талаар талууд маргаагүй боловч хариуцагч нь гишүүнчлэлээс хасагдсан, ямар нэгэн үйлчилгээ аваагүй, арилжаанд ороогүй, мэдээлэл аваагүй учраас гишүүнчлэлийн хөлс төлөхгүй гэж маргаж байна.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т Брокер нь хууль тогтоом, Хороо болон харьяалах хөрөнгийн бирж, үнэт цаасны арилжааны төлбөр, тооцоо, хадгаламжийн байгууллага зэрэг гишүүнчлэл бүхий өөрийгөө зохицуулах байгууллагаас баталсан дүрэм, журмыг үйл ажиллагаандаа дагаж мөрдөх үүрэгтэй гэсэн заалтын дагуу хариуцагч Э ХХК ҮЦК ХХК нь МБХ ТӨХК-ийн гишүүнээр элсэж, гэрээг байгуулсан гэж үзнэ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан гэрээ байгуулагдсан байна. Мөн хуулийн 478 дугаар зүйлийн 478.9-т Гэрээний тал бүр аливаа оролцогч талаас гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардаж болно гэж зохицуулжээ.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар МБХ ТӨХК нь өөрийгөө зохицуулах байгууллага ба тус хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т гишүүнээр элсүүлэхэд тавих шаардлага, гишүүнчлэлийн хураамж, гишүүнчлэлийг түдгэлзүүлэх, гишүүнээс хасах журам-ыг баталж, мөрдүүлсэн, уг дүрэм, журмыг гишүүд заавал дагаж, мөрдөх үүрэгтэйн улмаас хариуцагч Э ХХК ҮЦК ХХК нь гишүүнчлэлийн хөлс төлөх үүрэг хүлээсэн байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.4.3-т Гишүүнчлэлийн журамд заасны дагуу гишүүнчлэлийн жилийн хөлсийг 4 хувааж, улирал бүрийн эхний 10 хоногт багтаан төлөх, арилжааны системд нэвтрэх эрхийн төлбөрийг улирал бүрийн эхний 10 хоногийн дотор, арилжааны танхимаас МХБ ТӨХК-ийн телефон утас ашиглан арилжаа хийсэн тохиолдолд утасны төлбөрийг дараа сарын 20-ны дотор, торгууль, алдангийг тогтоосон хугацаанд багтаан төлөх гишүүний үүргийг, 5.2-т Энэхүү гэрээ нь гишүүний эрх цуцлагдсан ба брокер дилерийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл хүчингүй болсон, эсхүл хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр цуцлагдана гэж заасны дагуу нэхэмжлэгч МБХ ТӨХК нь шаардах эрхтэй байна.

Хариуцагчийн дээрх татгалзсан үндэслэлийг нь нэхэмжлэгч тал Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 168 дугаартай Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай тогтоол, түүний хавсралт, Санхүүгийн зохицуулах хорооны 330/01 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралт, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Гишүүнээр элсүүлж, суудлын эрх олгосон тухай тушаал, тусгай зөвшөөрлийн 3/53 тоот гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбарууд зэрэг бичгийн нотлох баримтаар няцаасан болно.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т зааснаар нэхэмжлэгч МБХ ТӨХК нь гишүүнчлэлийн журмыг төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 01 тоот тогтоол болон 2015 оны 12 дугаар сарыг 30-ны өдрийн 2015/14 дугаар тогтоолын хавсралтуудад заасан журам, үйлчилгээний хөлсийг баталж, мөрдүүлснийг үндэслэн 2015 оны төлбөр 2 500 000 төгрөг, 2016 оны төлбөр 1 500 000 төгрөг, 2017 оны 1 012 500 төгрөг, нийт 3 762 500 төгрөгийг гаргуулахаар хариуцагчаас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 2015, 2016, 2017 онуудын гишүүнчлэлийн хураамжийн нийлбэрийг нийтэд нь тооцоход 5 012 500 төгрөг болж байх боловч нэхэмжлэгч 3 762 500 төгрөг гэж шаардсан шаардлагын хэмжээнд шүүх тооцох нь хуульд нийцнэ.

Тухайн хэргийг хянан хэлэлцэхэд, хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд тэрээр хуралдаан эхлэхэд ирээгүй ба нэхэмжлэгчийн төлөөлөгч нар хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.9-т заасныг баримтлан хариуцагч Э ХХК ҮЦК ХХК-иас 3 762 500 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч МБХ ТӨХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 75 150 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч Э ХХК ҮЦК ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 75 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч МБХ ТӨХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ