Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/02452

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/02452

 

 

Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 181/ШШ2018/02046 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Эм даблью ти эс ҮЦХ ХХК-д холбогдох

 

Монголын хөрөнгийн биржийн гишүүн компани болох Эм даблью ти эс ҮЦХ ХХК-аас гишүүнчлэлийн хөлс 3 762 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Эм даблью ти эс ҮЦХ ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ю.Энхбатын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн: Б.Баярцэцэг, П.Ундрах-Эрдэнэ

Хариуцагчийн төлөөлөгч: Ю.Энхбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн захиргаа, санхүүгийн газрын захирал Н.Дөл-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Эм даблью ти эс ҮЦК ХХК нь 2014 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Монголын хөрөнгийн бирж ТӨХК-д гишүүнээр элсэж, хамтран ажиллах гэрээ байгуулж, өнөөдрийг хүртэл гишүүний харьяалалтай байгаа. Монголын хөрөнгийн бирж ТӨХК нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу өөрийгөө зохицуулах байгууллага болохын хувьд уг хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасны дагуу гишүүнчлэлийн журам батлан мөрдүүлж, уг хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3, 72 дугаар зүйлийн 72.2.5-д заасны дагуу хөрөнгийн бирж нь гишүүний төлбөр хураамжийг тогтоож, гишүүн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээний дагуу гишүүн компани нь жил бүр гишүүнчлэлийн төлбөр хөлс төлөх үүргийг хүлээдэг. Эм даблью ти эс ҮЦК ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний 2.4.5-д заасан гишүүний жилийн хураамжийг холбогдох журамд заасны дагуу улирлаар төлөх ба төлбөрийг улирал бүрийн эхний 10 хоногт багтаан тус тус төлөх, 2.4.6-д заасан бусад үйлчилгээний төлбөрийг тухай бүрт нь төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд Эм даблью ти эс ҮЦК ХХК-ийн төлбөл зохих төлбөр 2015 оны төлбөр 2 500 000 төгрөг, 2016 оны 1 500 000 төгрөг, 2017 оны төлбөр 1 012 500 төгрөг, нийт 3 762 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Эм даблью ти эс ҮЦК ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ю.Энхбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хамтран ажиллах гэрээний 5.2-т заасны дагуу ...гишүүний эрх цуцлагдсан ба брокер дилерийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл хүчингүй болсон, эсхүл хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр цуцлагдана, Монголын хөрөнгийн бирж төрийн өмчит хувьцаат компанийн гишүүнчлэлийн журмын 5.2.4.4-т заасан ...6 сар үнэт цаасны харилцаанд оролцоогүй, 5.2.5.2-т заасан ...гишүүний эрхийг түдгэлзүүлснээс хойш 3 сарын хугацаанд эрхээ сэргээлгэх талаар арга хэмжээ аваагүй, 5.2.5.6-д заасан ...аливаа төлбөр хураамж, хөлсийг тогтоосон хугацаанд төлж барагдуулалгүй 6 сар болсон бол автоматаар хасагдахаар тогтоосон журам нийтэд үйлчилдэг. 2015 оны эхний 2 улиралд хөрөнгийн биржийн арилжааны идэвх суларсан, арилжааны банкууд хувьцааны арилжаанд оролцох болсон, МХБ-д нэвтрүүлсэн Лондонгийн хөрөнгийн биржийн программ Монголын хөрөнгийн зах зээлийн орчин нөхцөлтэй уялдаагүй, Монголын хөрөнгийн зах зээлд нийцүүлэх ажил хийгдээгүй хирнээ МХБ-ээс төлбөр хураамжийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн нь үйл ажиллагаагаа санхүүжүүлэх, зардлаа нөхөх боломжгүй болгосон учраас 2015 оны эхний зургаан сарын гишүүнчлэлийн хураамж төлөгдөөгүй, гишүүнчлэлээс хасагдсан. Үүнээс хойш Монголын хөрөнгийн биржээс ямар нэгэн үйлчилгээ аваагүй, арилжаанд ороогүй, мэдээлэл аваагүй учраас гишүүнчлэлийн хөлс 3 762 500 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.9-т заасныг баримтлан хариуцагч Эм даблью ти эс ҮЦК ХХК-иас 3 762 500 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Монголын хөрөнгийн бирж ТӨХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 75 150 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч Эм даблью ти эс ҮЦК ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 75 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Монголын хөрөнгийн бирж ТӨХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Эм даблью ти эс ҮЦХ ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ю.Энхбат давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүух хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байна. Шүүх хурал зарласан цагт нь очсон боловч хурал хаана болж байгаа нь мэдэгдээгүй, туслах нь өрөөндөө байгаагүй, утсаар нь мессеж бичээд түүнийг хүлээж байх хооронд хурал хийсэн байсан. Шүүх хуралд биечлэн оролцож тайлбар гаргах, мэтгэлцэх боломжоор хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Анхан шатны шүүх гишүүнчлэлийн хөлс болох 3 762 500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж дүгнэхдээ уг гэрээний харилцаа ямар хугацаанд үргэлжилсэн, хэзээ дуусгавар болсон талаар дүгнээгүй. Талуудын хооронд 2014 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээний 5.2-т тодорхой нөхцөл хангагдсан тохиолдолд гэрээ автоматаар цуцлагдахаар зохицуулсан байна. Нэхэмжлэгч Монголын Хөрөнгийн Бирж нь үнэт цаасны арилжаанд оролцогч нарт зориулсан гишүүнчлэлийн журмыг өөрөө баталж мөрдүүлдэг. Энэхүү журмын 5.2.5.6-д энэ журмын 3.3.1 зүйл болон Гишүүнчлэлийн гэрээнд заасан аливаа төлбөр, хураамж хөлсийг тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй 6 сар болсон бол Монголын хөрөнгийн бирж нь гишүүнчлэлийн эрхийг хасах талаар гэж зохицуулсан. 2015 онд монголын үнэт цаасны зах зээл уналтанд орсон, Монголын хөрөнгийн бирж ТӨХК нь үнэт цаасны арилжааны системийг бүхэлд нь өөрчилсөн зэрэг бодит шалтгааны улмаас ямар ч арилжаа хийгдээгүй, брокер дилерийн компанийн үйл ажиллагаагаа бараг зогсон алдагдалд орсны улмаас хөрөнгийн биржийн "үйлчилгээний хөлс" гэх төлбөрийг 2015 оны сүүлийн 2 улирал төлж чадаагүй. Ингээд гишүүнчлэлийн журмын дагуу манай компанийн гишүүнчлэлийн эрх хасагдаж, бид Монголын хөрөнгийн биржээс 2016-2017 онд ямар ч үйлчилгээ аваагүй, ямар ч арилжаанд оролцоогүй. Түүнээс гадна Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон брокер дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 23-нд дууссан. Ийнхүү хамтран ажиллах гэрээний харилцаа 2015 онд дуусгавар болсон байхад үүнээс хойших хугацаанд гишүүнчлэлийн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Түүнээс гадна Монголын хөрөнгийн биржээс баталсан гишүүнчлэлийн журамд үйлчилгээний хөлс нь улирал тутам 375 000 буюу жилд 1 500 000 төгрөг гэж заасан байхад 2015 оны үйлчилгээний хөлс 2 500 000 төгрөг гэж хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Монголын хөрөнгийн бирж ТӨХК нь хариуцагч Эм даблью ти эс ҮЦК ХХК-д холбогдуулан гишүүнчлэлийн хөлс 3 762 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч байгууллага эс зөвшөөрөн маргажээ.

 

Хэрэгт нэхэмжлэгч Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн талаас үйл ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч М.Энхтуяа, хариуцагч Эм даблью ти эс ҮЦК ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхдэлгэр нар 2014 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 2015/19 тоот хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. /хх-ийн 6-10 тал/ Хамтран ажиллах гэрээнд компанийн гүйцэтгэх захирлаар Г.Энхдэлгэр гэж хүн гарын үсэг зурсан байгаагаас үзэхэд Г.Энхдэлгэрийг уг компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гэж үзнэ.

 

Шүүх 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШЗ2018/07354 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн, хариуцагч Эм даблью ти эс ҮЦК ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ю.Энхбат гэх хүнд 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ.

 

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно гэж заасан бөгөөд хариуцагч Эм даблью ти эс ҮЦК ХХК-иас Ю.Энхбатад тус байгууллагыг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах итгэмжлэл олгогдоогүй байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч байгууллагыг Ю.Энхбат нь итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй байхад уг асуудлыг тодруулахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байгаа нь Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэж заасан бөгөөд Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн нэхэмжлэлтэй Эм даблью ти эс ҮЦХ ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд хэргийн оролцогчийн эрх зөрчигдсөн гэж үзнэ.

Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцээх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан үндэслэлээр хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 181/ШШ2018/02046 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 75 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

  ШҮҮГЧИД                           С.ЭНХТӨР

                                                   Ц.ИЧИНХОРЛОО