Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2021/00068

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2021/00068

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: С.Э /РД: ........./-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Ш.Г.Т ХХК /РД: ........./-д холбогдох

 

Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороонд байрлах 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Э, түүний өмгөөлөгч Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, түүний өмгөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие орон сууц захиалах гээд Ш.Г.Т ХХК дээр очиж Г.Х гэх борлуулалтын менежертэй уулзсан. Гэтэл Г.Х гэх хүн намайг туслан гүйцэтгэгч компанидаа зуучлаад н.Б гэх хүний дансыг гэрээндээ бичиж өгнө, уг дансанд мөнгөө хийх юм бол гэрээ хүчин төгөлдөр болно гэж хэлсэн. Ингээд 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, 39,03 м.кв талбайтай 2 өрөө байрыг захиалсан. Уг орон сууц ашиглалтад орох үед очиход Ш.Г.Т ХХК-ийн захирал манай дансанд мөнгөө хийгээгүй учраас түлхүүрийг нь өгөх боломжгүй, туслан гүйцэтгэгч компанитай маргаан байгаа гэж хэлээд байрыг маань өгөөгүй.

Үүний дараа миний бие цагдаагийн байгууллагаар явж, Ш.Г.Т ХХК-тай очиж уулзахад манай байрны түлхүүрийг өгөөд байрандаа ороод байж бай гэж хэлсэн. Байрны бичиг баримтаа хөөцөлдөөд авах гэтэл уг 2 компанийн асуудал шийдэгдээгүй байгаа бичиг баримтыг нь өгөхгүй гэж хэлсэн. Би одоо байрандаа амьдарч байгаа хэдий ч байрны бичиг баримтаа авч чадахгүй байгаа гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр, 196.1.2 дахь хэсэгт гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээ байгуулсанд тооцно гэж заасан. Иймээс С.Э-ийн байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр байх боломжтой гэж үзэж байна. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан. Гэтэл нэхэмжлэгчийн энэ эрх хангагдахгүй байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу С.Э гэрээнд заасан төлбөрийг тодорхой үе шаттайгаар төлөөд дуусгасан. Тус хуулийн 343.2 дахь хэсэгт ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, 343.3 дахь хэсэгт ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасан. С.Э байрны төлбөрийг төлж дуусгасан учраас Ш.Г.Т ХХК байрыг С.Э-т хүлээлгэж өгөх үүрэгтэй. Иймээс хариуцагч талыг хууль зөрчиж байна гэж үзэж байна.

Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд туслан гүйцэтгэгчийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно, 347.2 дахь хэсэгт Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна, 350 дугаар зүйлийн 350.1.6 дахь хэсэгт ажил гүйцэтгэгч захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлнэ гэж заасны дагуу Ш.Г.Т ХХК С.Э-ийн өмнө бүрэн дүүрэн хариуцлага хүлээх үүрэгтэй. Мөн Ш.Г.Т ХХК С.Эийг байранд оруулсан хэдий ч өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа нь үндэслэлгүй байна. С.Этэй байгуулсан гэрээний 3.3 дахь хэсэгт захиалагч нь төлбөрийг хаан банк дахь н.Баттулгын нэр дээрх 5059202549 тоот дансанд шилжүүлнэ. Уг дансанд төлбөр орсноор төлбөрийг төлсөн тооцно гэж заасан.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Э-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь тухайн компанийг төлөөлөх эрхтэй этгээд нь Д.Э гэх хүн байдаг. Харин Г.Х гэх хүнд аливаа этгээдтэй гэрээ байгуулах эрх байхгүй. Иймээс компанийг төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан гэрээ нь хууль зөрчиж байна. Мөн компанийн данс руу мөнгө орох ёстой боловч компанийн данс руу мөнгө ороогүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Компанийн захиралтай гэрээ байгуулсан бол бид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх байсан. Гэтэл С.Э нь компанийг төлөөлөх эрхгүй этгээдтэй гэрээ байгуулсан. С.Э байрны төлбөрийг гуравдагч этгээдийн данс руу шилжүүлэхгүй харин компанийн данс руу шилжүүлнэ гэж хэлэх боломжтой байсан. Иймээс С.Э Г.Х хоёрын хооронд хуйвалдаан явж байна. Хэрэв С.Э мөнгө шилжүүлсэн хүнээсээ үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр мөнгөө буцааж аваад манай компанийн данс руу шилжүүлбэл байрыг өгөхөд татгалзах зүйл байхгүй гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч Ш.Г.Т ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хариуцагч Ш.Г.Т ХХК нь талуудын хооронд байгуулсан гэрээнд компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гарын үсэг зураагүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 18/09/33 дугаартай гэрээ байгуулж, Ш.Г.Т ХХК нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах 2 өрөө орон сууцыг захиалгаар барих, С.Э нь орон сууцны үнэ 37,400,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Нэхэмжлэгч нь Ш.Г.Т ХХК-д байр захиалах гээд очсон. Төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд 1 м.кв нь 990,000 төгрөг гэхээр нь бүрэн төлнө гээд гэрээ байгуулсан. Орон сууц ашиглалтад орсны дараа очиход захирал Д.Э гэж хүн бид туслан гүйцэтгэгч Эй Ти Би Ти ХХК-тай тооцооны маргаантай байгаа гэж байрыг олгохоос татгалзсан. Цагдаагийн байгууллагад өргөдөл өгч шалгуулах явцад буюу 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр намайг захиалсан байранд маань оруулсан. Байрныхаа гэрчилгээг гаргуулж авахын тулд өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж, хариуцагч нь Стандарт гэрээг бол Г.Х байгуулдаг. Харин дамжсан буюу төлбөрийг бусад этгээдэд төлөхөөр заасан гэрээг захирал Д.Э өөрөө байгуулдаг. Орон сууцны төлбөр манай компани дансанд орж ирсэн, мөн Д.Э захирал гэрээ байгуулсан бол бид маргахгүй, харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй байгуулсан хэлцэл тул зөвшөөрөхгүй тус тус тайлбарласан.

 

Мөн, хариуцагч нь Баттулга нь хариуцагч Ш.Г.Т ХХК-ийн туслан гүйцэтгэгч Эй Ти Би Ти ХХК-ийн захирал Б.Анхтуяагийн нөхөр гэж тайлбарласан болохыг дурьдах нь зүйтэй.

Ш.Г.Т ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тус компани нь нэг гишүүнтэй Д.Э нь тус компанийн гүйцэтгэх захирал болох нь тогтоогдож байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээнд Ш.Г.Т ХХК-ийг төлөөлж тус компанийн борлуулалтын менежер Г.Х гарын үсэг зурсан байх бөгөөд Г.Хд Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээг Д.Э байгуулах эрх олгосон баримт хэрэгт авагдаагүй боловч Ш.Г.Т ХХК-ийн орон сууц захиалагч нартай байгуулсан гэрээнд компанийг төлөөлж борлуулалтын менежер гарын үсэг зурж, гэрээг байгуулдаг талаар хариуцагч маргаагүй. Харин, гуравдагч этгээдийн дансанд мөнгө шилжүүлэхтэй холбоотой гэрээг гүйцэтгэх захирал байгуулдаг гэж тайлбарлах атлаа уг үйл баримтыг баримтаар нотлоогүй байна.

 

Ш.Г.Т ХХК нь өөрийн борлуулалтын менежер борлуулалтын албан захирлаар ажиллаж байсан этгээд Г.Хд компанийг төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг өгч, уг этгээд Ш.Г.Т ХХК-ийг төлөөлж С.Э нь Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ нэртэй гэрээг байгуулсан үйлдэлд С.Э буруугүй тул дээрх нөхцөл байдал нь талуудын хооронд байгуулагдсан 18/09/33 дугаартай Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээг хууль зөрчсөн гэрээ гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Дээрх гэрээний 3.2-д зааснаар 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр буюу гэрээ байгуулахад 30,000.000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр үлдэх 7,400,000 төгрөгийг Баттулгын Хаан банк дахь 5059202549 тоот дансанд төлөхөөр тохиролцож, нэхэмжлэгч нь 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 10,000,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 3,000,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 4,400,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 20,000,000 төгрөг төлсөн болох нь баримтаар тогтоогдож байна. /ХХ-ийн 10-11 дэх тал/

 

Ш.Г.Т ХХК нь Эй Ти Би Ти ХХК-тай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ-ний хөлсөнд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Да хүрээ гудамж 55а байрны 33 тоот, 39,3 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг өгөхөөр тохиролцсон болох нь баримтаар нотлогдож байна.

 

Хариуцагч нь манай компанид мөнгө орж ирээгүй гэж тайлбарлах боловч маргаан бүхий Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Да хүрээ гудамж 55а байрны 33 тоот, 39,3 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үнийг гэрээний 3.3-д зааснаар Баттулгын Хаан банк дахь 5059202549 тоот дансанд төлсөн үйл баримт нь Ш.Г.Т ХХК-д байрны үнийг төлсөн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ. гэж заажээ.

 

Нэхэмжлэгч нь орон сууцны үнийг бүрэн төлсөн байх тул Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Да хүрээ гудамж 55а байрны 33 тоот, 39,3 м.кв талбайтай 2 өрөө орон сууны өмчлөгчөөр тогтоох үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Да хүрээ гудамж 55а байрны 33 тоот, 39,3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууны өмчлөгчөөр С.Эийг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Г.Т ХХК-иас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Эт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХБАЯР